| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2018/0135/Э |
| Дугаар | 140 |
| Огноо | 2018-07-05 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Б.Батсайхан
Шүүгдэгч: Ү.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Үийн Гт холбогдох 1812002860167 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: , Х овогт -Үийн Г
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ү.Г нь 2018 оны 05 дугаар сарын 08-ны орой Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар баг, Тээгийн 4-5 тоотод иргэн Д.Дгийн нүүрэн тус газарт хагалсан түлээний модоор цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
* Эрүүгийн 1812002860167 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
* Хохирогч Д.Дгийн өгсөн:
“...Би 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн нутаг Тээг хорооллын 4-5 тоотод Гын гэрт Г, С, Гын эхнэр бид 5 суугаад эхлээд 2.5 литрийн пиво хувааж уусан, дараа нь нэг шил архи хуваагаад ууж дуусах гэж байхад гаднаас 17 цаг өнгөрч байх үед эхлээд Дуламсүрэн, дараа нь Г орж ирсэн. Тэгэхэд Г согтуу байсан. Гийг Дуламсүрэн утсаар дуудсан гэж байсан. Тэгээд бүгдээрээ сууж байхад Г, Г нар нь хоорондоо бага зэрэг муудалцах аятай хоорондоо юм ярьж байсан. Удаагүй Г нь гэрээс гарч явсанаа эргэж орж ирээд түлээний дөрвөлж дотроос хагалсан түлээ барьж аваад шидсэн. Тэгсэн тэр түлээ нь миний нүүрийг онож гэмтэл учруулсан. Тэгээд би Гаар эмнэлэгт хүргүүлсэн. Эмч үзээд намайг яаралтай хот явах шаардлагатай гэсэн. Би Гтой маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Гтой Гаас өөр муудалцсан хүн байхгүй, муудалцсан ч гэж сүртэй зүйл болоогүй. Г нь архи уучихсан, их согтуу гаднаас орж ирсэн. Түлээг маргалдаад байсан Г руу авч шидсэн байх гэж бодож байна. Хамар болон хацарны орчмоор язарсан шархтай, эмч хамар цөмөрсөн, олон тооны жижиг хугаралтай байна гэж байсан. Улаанбаатар хот руу явж үзүүл гэсэн түүний зардал мөнгө, эмчилгээ хийлгэхэд гарах зардал мөнгийг гаргуулж авна. Хуулийн дагуу шалгаж шийдүүлэх хүсэлттэй байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-6 дугаар тал/,
* Гэрч Н.Гын өгсөн:
“...Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн нутаг Тээг хорооллын 4-5 тоот хашаанд байх манай гэрт Г, Д, Б, манай эхнэр С бид 5 хүн байсан. 2 шилтэй архи байсныг хувааж уусан. Тэгсэн гаднаас Г согтуу манай гэрт ганцаараа орж ирсэн. Тэгээд Г манайд унтаж байхад нь шууд очоод нүүр рүү нь цохиод авсан, тэгэхээр нь би чи унтаж байгаа хүнийг яаж байгаа юм гэхэд чамд ямар хамаатай юм гээд намайг цохиж авахаар нь би барьж аваад гэрээс чирээд гаргачихсан. Тэгсэн эргэж гэрт орж ирээд түлээний дөрвөлж дотор байсан түлээнээс барьж аваад манайд байсан хүмүүс рүү хэн рүү нь шидсэнийг мэдэхгүй шидсэн чинь Дгийн нүүрийг онож, гэрээр дүүрэн цус болсон. Г мод шидчихээд гэрээс гараад явчихсан. Тэгээд бид нар Дг аваад эмнэлэгт хүргэж өгсөн. Согтуу гаднаас орж ирчихээд Гийг цохиж аваад байхаар нь би чирээд гаргачихсан юм. Г манай гэрт хүмүүстэй муудалцсан зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 дүгээр дугаар тал/
* Гэрч Ц.Гийн өгсөн:
“...Би 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 17 цагийн үед байх гэж санаж байна. Н.Гын гэрт Б, Г, Д, Гын эхнэр, З.Нарантуяа бид нар пиво уугаад юм яриад сууж байхад гаднаас Ү.Г их согтуу орж ирээд сууж байгаа харагдсан. Би тухайн үед ангийн хүүхэд Бтай хууч хөөрөөд сууж байсан болохоор анзаараагүй байсан. Тэгсэн гэнэтхэн Д.Дгийн нүүрнээс цус гарчихсан нүүрээ дарчихсан байхаар нь юу болсонг асуухад Ү.Гийг Н.Г дараад барьчихсан Ү.Г Д.Дг цохьчихлоо гэж хэлсэн. Тэгээд бужигнаад Д.Дг эмнэлэг аваад явахаар нь би гэр рүүгээ явсан. Сүүлд Н.Гын эхнэрээс юу болсон талаар асуухад Ү.Г түлээний хайрцагнаас хагалсан түлээ аваад шидэж Д.Дг цохьсон гэж байсан. Би тухайн үед буруу хараад Бтай юм яриад сууж байсан болохоор хараагүй. Ү.Г хүнтэй маргалдсан муудалцсан асуудал миний мэдэхийн болоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 13-16 дугаар тал/
*Гэрч С.Бгийн өгсөн:
“...Би 2018 оны 05 сарын 08-ны өдөр 16 цагийн үед Н.Гын гэрт хүмүүстэй пиво уугаад сууж байхад гаднаас Ү.Г согтуу орж ирчихээд Гтай муудалцаад байсан. Г орон дээр хэвтэж байсан. Тэгсэн Ү.Г очоод өшиглөөд авсан тэгээд тэр хоёр барилцаад авахаар нь Н.Г салгасан. Тэгээд Ү.Г хагалсан түлээ авч шидсэн нь Дг цохьчихсон. Би бодохдоо Г руу авч шидсэн гэж бодсон. Тухайн үед Ү.Г их согтуу байсан. Ямар шалтгаанаас тэр хоёр муудалцсаныг би сайн мэдэхгүй байна. Гэрийн үүдэнд байсан түлээний хайрцагнаас хагалсан түлээ авч гэрийн баруун талын орон дээр байсан Д.Дг цохьсон. Г гэрийн хойморт гудсан дээр хэвтэж байхад нь Ү.Г түлээ авч шидсэн. Өмнө нь орон дээр хэвтэж байхад нь очиж өшиглөж аваад Ү.Г өөрөө эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-20 дугаар тал/
*Яллагдагч Ү.Гийн өгсөн:
“...Би 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр найз Нтой нэг шил 0.75 литрийн архи хувааж уучихаад салсан. Тэгээд Тээг хороололд гудамжинд явахад Гын хашаанд хүмүүс шуугилдаад байхаар нь яваад орсон. Тэгэхэд тэднийд хүмүүс нийлчихсэн архи ууж байсан. Тэгээд би тэд нартай нийлж суугаад байж байхад Г надад хандаж чи яасан олон авгайтай юм гэхээр нь би чи юу яриад байгаа юм бэ гэхэд Б та хоёр ямар харьцаатай юм гэсэн. Тэгэхэд Б Г чинь манай хамаатан гэж хэлэхэд Г дуугүй болчихсон. Тэгээд сууж байхад гэнэт Г намайг цохиод авахаар нь би чи яасан гэж зүгээр байгаа хүнийг цохьдог юм гээд түлээний хайрцаг дотроос хагалсан түлээний мод байхаар нь барьж аваад Г руу шидсэн тэгэхэд ард нь байсан Дг оночихсон. Би тухайн үед их согтсон байсан болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна. Г намайг гараараар нүүр рүү нэг удаа цохиж, хөлөөрөө нэг удаа өшиглөсөн, би яагаад намайг цохьсонг мэдэхгүй байна. Цохьсон газар нь бага зэрэг хавдчихсан байсан. Өөр гэмтэл бэртэл байхгүй байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй. Тухайн үед хагалсан түлээний мод авч шидэхэд Д гэрийн баруун талын орон дээр суучихсан байсан санагдаж байна, бусад хүмүүс нь тэгээд гэрийн хоёр талаар тойроод суучихсан байсан. Дг цохиж гэмтээсэн модыг хаана байгааг мэдэхгүй, гэрийн эзэн нь гаргаад хаячихсан гэж байсан. Би Д, Г, Гын эхнэр Сараа, Г, Б, Г, Дуламсүрэн нар байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-45 дугаар тал/
* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 220 дугаартай дүгнэлтэнд:
“...Д.Дгийн биед баруун талын дух, нүдний ухархайн дээд хана гайморовын/хоншоорын/ хөндийн өмнөд, ар хана, хамар яс, хамрын таславч дайрсан хугарал, тархи доргилт, баруун зовхины дотор буланд язарсан шарх, баруун зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Тархи доргилт, баруун зовхины дотор буланд язарсан шарх, баруун зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 28 дугаар тал /
*Хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед гаргасан хүсэлт/хх-ийн 57-58 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47-48 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2018 оны 05 дугаар сарын 08-ны орой Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар баг, Тээгийн 4-5 тоотод иргэн Д.Д нь нүүрэн тус газартаа хагалсан түлээний модоор цохиулан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ү.Г үйлдсэн болох нь хохирогч Д.Дгийн “...Тэгээд бүгдээрээ сууж байхад Г, Г нар нь хоорондоо бага зэрэг муудалцах аятай хоорондоо юм ярьж байсан. Удаагүй Г нь гэрээс гарч явсанаа эргэж орж ирээд түлээний дөрвөлж дотроос хагалсан түлээ барьж аваад шидсэн. Тэгсэн тэр түлээ нь миний нүүрийг онож гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг, гэрч Н.Гын”... Тэгээд Г манайд унтаж байхад нь шууд очоод нүүр рүү нь цохиод авсан, тэгэхээр нь би чи унтаж байгаа хүнийг яаж байгаа юм гэхэд чамд ямар хамаатай юм гээд намайг цохиж авахаар нь би барьж аваад гэрээс чирээд гаргачихсан. Тэгсэн эргэж гэрт орж ирээд түлээний дөрвөлж дотор байсан түлээнээс барьж аваад манайд байсан хүмүүс рүү хэн рүү нь шидсэнийг мэдэхгүй шидсэн чинь Дгийн нүүрийг онож, гэрээр дүүрэн цус болсон. Г мод шидчихээд гэрээс гараад явчихсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Гийн ”... Тэгсэн гэнэтхэн Д.Дгийн нүүрнээс цус гарчихсан нүүрээ дарчихсан байхаар нь юу болсонг асуухад Ү.Гийг Н.Г дараад барьчихсан Ү.Г Д.Дг цохьчихлоо гэж хэлсэн. Тэгээд бужигнаад Д.Дг эмнэлэг аваад явахаар нь би гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Бгийн”... Би 2018 оны 05 сарын 08-ны өдөр 16 цагийн үед Н.Гын гэрт хүмүүстэй пиво уугаад сууж байхад гаднаас Ү.Г согтуу орж ирчихээд Гтай муудалцаад байсан. Г орон дээр хэвтэж байсан. Тэгсэн Ү.Г очоод өшиглөөд авсан тэгээд тэр хоёр барилцаад авахаар нь Н.Г салгасан. Тэгээд Ү.Г хагалсан түлээ авч шидсэн нь Дг цохьчихсон...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Ү.Гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан талаар гарсан Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 220 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, шүүгдэгч Ү.Г нь хүний эрүүл мэндэд халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ү.Гийн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Шүүгдэгч Ү.Г нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.5 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Ү.Ганзоигийн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ү.Г нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан эрүүгийн хуульд заасан торгох ял оногдуулан, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ү.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч Д.Д нь биеийн байдлаас хамаарч цаашид эмчилгээ хийлгэх асуудлыг шүүгдэгчтэй ярилцаж тохирсон талаар тайлбар ирүүлсэн тул цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Үийн Гийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Гийг 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Г нь шүүхээс оногдуулсан 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5/тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ү.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хохирогч Д.Д нь цаашид эмчилгээтэй холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ү.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР