Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2026/ДШМ/08

 

Д.Ганбаатарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

  Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч Л.Хишигдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

  Прокурор О.Мөнхтуяа,

  Шүүгдэгч Д.Ганбаатар,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл нарыг оролцуулан,  Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуугийн   даргалж хийсэн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2026/ШЦТ/30 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Д.Ганбаатарын давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.Ганбаатарт холбогдох эрүүгийн 2515003890315 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Хишигдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Тавд овогт Доржийн Ганбаатар, Булган аймгийн Дашинчилэн суманд 1977 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Булган аймгийн Дашинчилэн сумын 3 дугаар баг “Доргонт Зүрхийн хөндлөн” гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, регистрийн дугаар: ГД77042777,

урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 195 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял,

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан.

 

Шүүгдэгч Д.Ганбаатар нь урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/214 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлж уг ялын хугацаа дуусаагүй байх хугацаандаа дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэн амьсгал дахь спиртийн агууламж 1.31 хувийн согтолттой байх үедээ буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а дахь заалтыг зөрчин Булган аймгийн Дашинчилэн сумын Сүүж 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр улсын дугааргүй, Эверест загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогджээ.

 

 Булган аймгийн Прокурорын газраас Д.Ганбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

 Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2026/ШЦТ/30 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Тавд овогт Доржийн Ганбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ганбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жилийн  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  заасныг баримтлан Д.Ганбаатарыг хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, 02 сар 07 хоногийн хяналтын хугацаа тогтоож, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ХМШЗ/78 дугаартай захирамжийг хүчингүй болгож, түүний эдлээгүй үлдсэн 02 сар 07 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Ганбаатарын өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ сар 7 /долоо/ хоногийн хорих ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 /хоёр/ жилийн  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж,

Шүүгдэгч Д.Ганбаатарын өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ сар 7 /долоо/ хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Д.Ганбаатарыг Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, хэрэв хориглосон бүсээс гарахаар бол эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих үүргийг  хүлээлгэж, тус ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,

Шүүгдэгч Д.Ганбаатарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацааг хорих ял эдэлж дуусан, түүнд цахим бугуйвч зүүлгэсэн өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Ганбаатарт өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 08 сар 17 хоногийн ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хассан ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хугацааг  5 жил 08 сар 17 хоногоор тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ганбаатарт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил 08 сар 17 хоногийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс тоолж эхэлж,

Шүүгдэгч Д.Ганбаатар нь баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдэж,

Шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ганбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд цагдан хорьж,

Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Ганбаатар давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар холбогдсон хэрэгт 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Булган аймгийн анхан шатны шүүхээр гэм буруугаа шүүлгэж 2 жилийн хугацаагаар бугуйн цаг зүүхээр шийтгүүлсэн. Би хөдөө мал малладаг тул зорчих эрх хязгаарлах ялыг хөнгөлж өгнө үү. Би гэм буруугаа ойлгосон. Дахин ийм үйлдэл хийхгүй” гэв.

 

Прокурор О.Мөнхтуяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:Шүүгдэгч Д.Ганбаатарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хэлэлцэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор ялыг оногдуулсан. Шүүгдэгчийн хувьд өмнө нь энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байсан нөхцөл байдал, хийсэн хэрэгтээ гэмшихгүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа үйлдэлд анхан шатны шүүхээс шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Ганбаатарт холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэсэн.

2.Шүүгдэгч Д.Ганбаатар нь урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/214 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлж уг ялын хугацаа дуусаагүй байх хугацаандаа дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэн амьсгал дахь спиртийн агууламж 1.31 хувийн согтолттой байх үедээ буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а дахь заалтыг зөрчин Булган аймгийн Дашинчилэн сумын Сүүж 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр улсын дугааргүй, Эверест загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал нь: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларсан

- Мөрдөгчийн Д.Ганбаатарын согтолтын зэргийг шалгахад “...1,31 хувь...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 4 дэх тал/

- Гэрч Б.Пүрэвбатын “... 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ...Дашинчилэн суманд хяналт шалгалт хийж байх хугацаанд сумын төвд мотоциклтой 2 хүн явж байхаар нь дэлгүүрийн гадна зогсохоор нь очиж шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм шиг байдалтай байхаар нь Дашинчилэн сумын Цагдаагийн хэсэг дээр аваачиж драйгер багаж үлээлгэн шалгахад согтолтын зэрэг нь 1,31 хувь гарсан. Тэгээд Д.Ганбаатарын жолоодох эрхийг шалгахад эрхээ хасуулсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дахь тал/

- Мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 14-15-р тал/

- Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/214 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 39-44 дэх тал/

- Д.Ганбаатарын ялын тооцооны хуудас /хх-ийн 69 дэх тал/-аар тус тус нотлогдож байна.

 

3.Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүйгээс гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

4.Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2026/ШЦТ/30 дугаартай шийтгэх тогтоолоор Д.Ганбаатарыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

5.Шүүгдэгч Д.Ганбаатар нь урд нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах” болон “зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгүүлсэн байх бөгөөд зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаандаа хуулиар хүлээлгэсэн үүргийг удаа дараа биелүүлээгүйн улмаас Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 08 дугаартай захирамжаар  түүний эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 10 сар 23 хоногийг хорих ялаар сольж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 78 дугаартай захирамжаар Д.Ганбаатарыг хорих ялаас хугацааны өмнө суллаж, эдлээгүй үлдсэн хорих ялын хугацаатай тэнцүү буюу 02 сар 07 хоногийн хяналтын хугацаа тогтоон, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан байна.

 

 6.Шүүгдэгч Д.Ганбаатар нь хорих ялаас хугацаанаас өмнө суллагдан, хяналт тогтоон, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан  хугацаанд мөн Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/214 дугаартай шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасуулсан хугацаанд буюу 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь тогтоогдож байна.

 

 7.Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх заалтад “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ”, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж хуульчилсан.

 

 8.Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Ганбаатарыг хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, 02 сар 07 хоногийн хяналтын хугацаа тогтоож, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ХМШЗ/78 дугаартай захирамжийг хүчингүй болгож, түүний эдлээгүй үлдсэн 02 сар 07 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр,

 

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ганбаатарын өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ сар 7 /долоо/ хоногийн хорих ял, 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 /хоёр/ жилийн  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр,

 

        Шүүгдэгч Д.Ганбаатарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацааг хорих ял эдэлж дуусан, түүнд цахим бугуйвч зүүлгэсэн өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Ганбаатарт өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 08 сар 17 хоногийн ялыг 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хассан ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хугацааг  5 жил 08 сар 17 хоногоор тогтоож,

 

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ганбаатарт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил 08 сар 17 хоногийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс тоолж эхлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

        9.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд юм.

 

 Хуульд заасан дээрх үндэслэл, зарчим болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон анхан шатны шүүх шүүгдэгч Д.Ганбаатарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын / ... хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/ хүрээнд 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчимд нийцнэ

 

  10.Иймд шүүгдэгч Д.Ганбаатарын “анхан шатны шүүх хэргийг үндэслэлгүй шийдсэн зорчих эрхийг хязгаарлах ялыг багасгаж өгнө үү” гэсэн агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Шүүгдэгч Д.Ганбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2026/ШЦТ/30 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

 2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Ганбаатарын цагдан хоригдсон 61 /жаран нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

 3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Д.АЗЖАРГАЛ

 

 

                               ШҮҮГЧИД                                Л.АРИУНЦЭЦЭГ  

 

 

                                                                               Л.ХИШИГДЭЛГЭР