Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2026/ДШМ/331

 

                                                                

                                           

 

 

 

 

    2026           03            24                                                                                2026/ДШМ/331

 

П.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:    

прокурор П.Итгэл,

шүүгдэгч П.Э-, түүний өмгөөлөгч Н.Чимэдрэгзэн,

хохирогч Б.Н-,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,   

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2026/ШЦТ/77 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Э-ы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2503002401137 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв. 

У- овгийн П-ийн Э-, /РД: УП-/, .....,

урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан;

Шүүгдэгч П.Э-ы 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Жанцангийн уулзварын замд Toyota Prius загварын П- УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14. “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Б.Н-гийн жолоодож явсан Toyota Crown загварын П- УЕУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж уг тээврийн хэрэгслийн жолооч Б.Н-гийн эрүүл мэндэд хүзүүний 6-р нугалмын зүүн талын эвэр зөрүүтэй хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: П.Э-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч У- овогт П-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялыг  хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Э-аас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролд 350,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 5,280,000 төгрөг, тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 6,878,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Б.Н-д, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар 174,682 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус олгохоор, хохирогч Б.Н- нь цаашид гарах эмчилгээний зардал бусад хохирол, хор уршгийн зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжпэх эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.Э- давж заалдах гомдолдоо: “...Миний бие гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байсан нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч П.Э-ы өмгөөлөгч Н.Чимэдрэгзэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч П.Э- барилга дээр ажилладаг. Тухайлбал: Өмнөговь аймагт барилга дээр ажиллаад 10 гаран хоногийн хугацаа өнгөрч байгаа. Би шүүх хуралдааны өмнө хохирогчид хохирол төлбөр төлж барагдуулна гэдэг талаараа хэлсэн. Шүүгдэгч П.Э- хоёр сарын дараа барилгын цалингаа авах бөгөөд энэ талаар хохирогчтой ярьж тохиролцсон. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасныг үндэслэн ялыг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. ...” гэв. 

Хохирогч Б.Н- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би шүүгдэгч П.Э-д хохирол төлөх тодорхой хугацаагаа хэлчих гэж хэлсэн. Би хохиролгүй болмоор байна. ...” гэв. 

Прокурор П.Итгэл шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор ялыг оногдуулсан гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлага хуульд зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд тохирсон байхаар заасан. Шүүгдэгч П.Э-ы хувьд тодорхой орлого байхгүй. Тиймээс торгох ял түүнд оногдуулах боломжгүй. Шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх ёстой. Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш шүүгдэгч хохирол төлсөн, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж буй нөхцөл байдал байхгүй байна. Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч П.Э-д холбогдох эрүүгийн 2503002401137 дугаартай хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

1. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч П.Э-ы 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Жанцангийн уулзварын замд Toyota Prius загварын П- УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14. “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчин Б.Н-гийн жолоодож явсан Toyota Crown загварын П- УЕУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, уг тээврийн хэрэгслийн жолооч Б.Н-гийн эрүүл мэндэд хүзүүний 6-р нугалмын зүүн талын эвэр зөрүүтэй хугарал гэмтэл гэсэн хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-17/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21/,

хохирогч Б.Н-гийн: “...Тухайн өдөр би П- УЕУ улсын дугаартай машинаа жолоодоод ...уулзвар дөхөх үед гэрлэн дохио шар өнгөөр асаж байсан ба улаан гэрэл асахаар нь би уулзвар нэвтрэлгүй зогссон. Гэтэл 5-10 орчим секундийн дараа ардаас нэг машин мөргөсөн. ...Осол болохоос өмнө би 40-50 км цагийн хурдтай явж байгаад гэрлэн дохио шар өнгөөр асахыг хараад л хурдаа хассан. Уулзвар дөхөх үед шар өнгийн гэрэл асаж байхад би голын толиндоо харахад миний ард ойрхон машин явж байгаа харагдаагүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн ЕГ0725/3830 дугаар “...Б.Н-гийн биед хүзүүний 6-р нугалмын зүүн талын эвэр зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” /хх-ийн 41-42/, 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1356 дугаар “...Б-ын Н-д 2025 оны 2 дугаар сарын 27-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. ...” /хх-ийн 47-49/ гэсэн шинжээчийн дүгнэлтүүд,

“Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3-1103 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ: “...Toyota crown загварын П- УЕУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан “тормосны компьютер, хойд бүфер, мэдрэгч, агаарын сетка, багажны тагны гэрэл, буферийн тогтоогч зам, багажны таг, гэрлийн доод тогтоогч зам, зүүн хойд крыло, гэрлийн ар суурь, багажны ар тал, будах зардал” нийт 6,295,000 төгрөг...” /хх-ийн 63-66/,

Тээврийн цагдаагийн албаны 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1385 дугаар “...Жолооч Б.Н- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна, жолооч П.Э- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14. “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөлөөр тогтоогдож байна. ...” гэсэн мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 83/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

2. Шүүгдэгч П.Э-ы Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14, 12.3 заалтуудыг зөрчин Б.Н-гийн жолоодож явсан Toyota Crown загварын П- УЕУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, уг тээврийн хэрэгслийн жолооч Б.Н-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан...” гэсэн шинжийг бүрэн агуулсан байна.

Анхан шатны шүүхийн хэргийн талаар хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн П.Э-ы гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилжээ.  

3.  Анхан шатны шүүх хавтаст хэрэг авагдсан баримтын хүрээнд гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, төлбөрт шүүгдэгч П.Э-аас:

хохирогч Б.Н-гийн эрүүл мэндээ эмчлүүлэхэд зарцуулсан 350,000 төгрөгийг болон сэтгэцэд учирсан “хоёрдугаар зэрэглэл”-ийн хор уршигт 5,280,000 төгрөгийг,

 тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын төлбөрт 6,878,000 төгрөгийг буюу нийт 12,508,000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Н-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.  

Мөн  хохирогч Б.Н-гийн цаашид гарах гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял...”-ыг оногдуулахаар заасан.

Шүүгдэгч П.Э-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон 480 цагийн хугацаагаар оногдуулсан нь түүний хохирлоо төлөөгүй хувийн байдал, түүний үйлдсэн Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж урдаа явсан тээврийн хэрэгслийн ардаас мөргөсөн хэргийн нөхцөл байдал, хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанарт тохирсон байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Э-ы гаргасан ял хөнгөрүүлэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2026/ШЦТ/77 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Э-ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.ШИНЭБАЯР

     ШҮҮГЧ                                                           С.БОЛОРТУЯА

                            ШҮҮГЧ                                                          Д.ОЧМАНДАХ