| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2018/0129/Э |
| Дугаар | 145 |
| Огноо | 2018-07-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 145
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Н.Цогтбаяр
Шүүгдэгч: Ц.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Цын Гд холбогдох 1812001820130 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Б овогт Ц-ын Г
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ц.Г нь 2018 оны 03 дугаар сарын 25-ны орой 21 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Арслан цохионы 07-19 тоотод Д.Этай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
* Эрүүгийн 1812001820130 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
* Хохирогч Д.Эгийн өгсөн:
“...2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг, Арслан цохионы 07-19 тоотод хаягтай Д гэдэг айлынд сууж байтал гаднаас Г, найз Д гэдэг залуутай хоёулаа орж ирсэн. Би орж ирэхэд нь баруун талын орон дээр сууж байсан. Би хэд ойр зуурын юм ярьсан. Тэгээд намайг Г гүйдэг улаанаа, чи хаа явсан газраа дандаа гүйж явах юмаа гээд байсан. Би миний гүйх та нарт ямар хамаатай юм. Би ажлаа амжуулахын тулд гүйж явдаг гэж хэлсэн. Г миний сандал дээр сууж байсан. Тэгсэнээ шууд баруун гараа атгаад миний нүүр рүү нэг удаа цохьсон. Тэгсэн хамраас цус гарч, гадаа гараад цусаа цэвэрлэхэд Д гар дээр ус хийж өгөөд цусаа тогтоогоод Д эгчийнд буцаж ороход Г, Д хоёр гараад явсан. Урьд өдөр нь Д эгчийнд ороход Д, Г нар ирсэн байсан. Тэр өдөр Г надад хэлэхдээ Д сайн залуу ш дээ, Дтай найзалвал яасан юм бэ гэж хэлсэн. Тэгэхэд би чи юу яриад байгаа юм бэ? та нар миний дүү шиг хүүхдүүд шүү дээ, би нөхөр 2 хүүхэдтэй гээд уурлаж загнаад гэр рүүгээ явсан. Миний нүүр рүү Г гэх залуу баруун гараа атгаад нэг удаа цохьсон. Тэр үед цус их гарсан. Маргааш нь нүүр хамар хэсгээр хөндүүрлэж өвдөөд, нүүр хөхөрсөн байсан. Өөр хүн цохиогүй. Шалтгаан гэх зүйл байхгүй. Бид хоёрын хооронд маргалдаж хэрэлдсэн зүйл байхгүй. Д гэх айлынд орж гарахад намайг найзалсангүй л гэж бодож намайг зодсон байх л гэж бодож байна. Намайг цохиж авахыг бодоход жаахан юм уусан байх гэж бодож байна. Би сайн анзаараагүй. Тэр үед Г, Д хоёр байсан. Өөр хүн байгаагүй. Г бид хоёрын хооронд өс хонзон болон өр авлагын асуудал байгаагүй. Өмнө нь хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Би гомдолтой байна. Миний гоо сайхан болох нүүр рүү цохьсон. Нүүрээ янзлуулмаар байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар тал/,
* Хохирогч Д.Эгийн дахин өгсөн:
“...Г гэх залуу намайг гүйдэг улаанаа гэж хочлож дуудаад байсан. Хаа явсан газраа дандаа гүйж явдаг гэж хэлээд инээгээд байсан. Үүнийг би намайг доромжлоод байна гэж ойлгож байгаа. Би Д эгчид л хэлсэн. Тэр үед Д эгч нөхрийнхөө хоол цайг өгөх гээд гарсан байсан. Тэгээд Д эгч гэртээ ирэхээр нь би хэлсэн. Д эгчийн охин гараад явсан байсан. Хаашаа явсанг нь мэдэхгүй. Д байсан. Ямар ч мөнгө төгрөг болон эм тариа өгөөгүй. Гомдолтой байна, эм ч авч өгөөгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар тал/
*Гэрч С.Дгийн өгсөн:
“...2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Арслан цохионы 07-19 тоот хашаанд байх Д гэх айлд найз Гын хамт орсон. Гыг Г гэж дууддаг. Д гэх айлд Г бид хоёр байнга орж гардаг. Тэр өдөр Д эгчийнд ороход Э сууж байсан. Г бид хоёр Этай ойр зуурын юм яриад сууж байсан. Тэгсэн Г Эг гүйдэг улаанаа, нөхөр дээрээ очооч гэж хэлж байсан. Тэгсэн Э Гг наалдангаа гэж хочлож дуудаад байсан. Тэгсэн чинь Г Эгийн нүүр рүү баруун гараа атгаад нэг удаа цохьсон. Тэгсэн Эгийн хамраас цус гараад, би Эгийн гар дээр ус хийж өгсөн. Цус нь тогтохоор нь бид хоёр Д эгчийнд орчихоод гараад явсан. Би Г болон Э нарыг танина. Г манай найз. Э, Д эгчийнд орж гарч харагддаг. Тэгээд таньдаг болсон. Хоорондоо ямар холбоотой гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Г, Эгийн нүүр рүү баруун гараа атгаад нэг удаа цохьчихсоныг би харсан. Тэгээд Гыг боль гэж хэлсэн. Тэгсэн Эгийн хамраас цус гараад гадаа гарцгаасан. Д эгчийнд зодоон болсон зүйл байхгүй. Г Эг гүйдэг улаанаа гэж хочлож байсан. Э Гыг наалдангаа гэж дуудаад байсан. Гыг Э наалданг гэж хочоор дуудахад Г уурлаад Эгийн нүүр рүү цохьсон гэж бодож байна. Г Эгийн нүүр рүү цохиход хамраас нь цус их гарсан. Маргааш нь Д эгчийнд ороод Эг ирэхэд нь харсан чинь нүүр нь хөхөрчихсөн, нүд нь улаачихсан харагдаж байсан. Д.Эг өөр хүн цохиж, зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар тал/
*Гэрч Л.Дгийн өгсөн:
“...2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 19 цагийн үед манайд Д.Э, Г, Д, П, манай охин нар байсан. Би нөхөр уурын зууханд ажилладаг учраас нөхрийнхөө хоол цайг өгөх гээд гэрээсээ гарахад манайд Д.Э, Г, Д, П нар үлдсэн. Тэгээд би нөхрийнхөө цай хоолыг өгчөөд ирсэн чинь Д.Э манай охин хоёр байсан. Д.Э намайг ороход миний толгой өвдөөд байна гэсэн. Яасан юм бэ гэж асуухад Г миний нүүр рүү цохьчихсон гэж хэлсэн. Г, Э нарыг танина. Манайхаар орж гардаг хүүхдүүд байгаа. Г нь манай хамар хашааны хүүхэд. Г Эг юунаас болж цохьсон талаар мэдэхгүй. 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 23 цагийн үед Г манайд орж ирээд Г надад Эг би цохьчихсон гэж хэлсэн. Би тэгэхээр нь эмэгтэй хүний нүүр рүү цохиж яаж байгаа юм гэж загнахад харин тиймээ би Эгаас уучлалт гуйсан гэж хэлж байсан. Тухайн үед Г болон Э нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Г зан аашийн хувьд томоотой залуу гэж боддог. Хүнд их тусархуу надад түлээ мод бэлдэж, ус авч өгдөг. Даруухан хүүхэд л гэж боддог...” гэх мэдүүлэг/хх-ийн 11 дүгээр тал/
*Гэрч Б.Пийн өгсөн:
“...Д гэх эмэгтэй 2017 оны 09 дүгээр сард манай хашаанд гуйж буусан. 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 21 цагийн үед манай хашаанд байх Д гэх айлд Г, Э, Даймай гэх залуучууд ирсэн. Эдгээр залуучууд манай хашаанд байх Д гэх айлд хөзөр тоглож байсан. Би гадуур гарах гээд гэрээсээ гарч ирсэн чинь Эгийн хамраас цус гарчихсан нойлын цаас барьчихсан зогсож байсан. Би яагаад цус гарсан юм бэ гэж Эгаас асуухад Г нүүр рүү цохьчихсон гэж хэлсэн. Би Ц.Г, Д.Э нарыг танина. Манай хашаанд байх Д гэх айлынд орж гарч харагддаг. Ц.Г нь манай хойд талын гудамжинд байдаг. Хоорондоо ямар холбоотой гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Намайг Дгийнд ороход охин нь байсан. Д нөхөртөө цай хоолыг нь өгөх гээд гарсан байсан. Би Дгийн охинтой хамт хөзөр тоглож байхад Ц.Г, Д, Э нар хоорондоо бие бие рүүгээ муухай хараад байсан. Бие биенийхээ үгийг сөрөөд хэрүүл маргаан хийх гээд л байсан. Зодоон хийсэн зүйл байгаагүй. Намайг гараад явсанаас хойш юу болсонг мэдэхгүй. Ц.Г манайд 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 23 цагийн үед орж ирээд надад хэлэхдээ би Д.Эгийн нүүр рүү гараараа нэг цохьчихсон гэж хэлж байсан. Яг хаана, яаж цохьсонг би хараагүй. Ц.Г надад хэлэхдээ намайг Э наалданг гэж хочоор дуудаад тэгэхээр нь миний уур хүрээд нүүр рүү нь нэг удаа гараа атгаж байгаад цохьчихсон гэж хэлсэн. Иймхэн шалтгааны улмаас эмэгтэй хүнийг хамаагүй нүүр рүү нь цохиж зодлоо гэж Ц.Гыг загнасан чинь гараад явсан. Маргааш нь манайд орж ирээд Д.Эгаас уучлалт гуйчихлаа гайгүй байх гэж ярьж байсан. Д.Э гэх эмэгтэй хамраас нь цус гарсан харагдаж байсан. Намайг гэрээсээ гарч ирэхэд хамрынхаа цусыг цэвэрлэж байсан. Маргааш нь манай хашаанд байх Д гэх айлд ирэхэд нь харсан чинь нүүр нь хөхөрчихсөн, нүд нь улаачихсан хөндүүрлээд байна гээд ёолоод байсан. Д.Э гэх эмэгтэйг өөр хэн цохьсонг мэдэхгүй, хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/
*Яллагдагч Ц.Гын өгсөн:
“...2018 оны 03 дугаар сарын 25-ны орой 19 цагийн орчим би Отгон гэдэг айлд очиход тэр айлын Отгонцэцэг болон Д.Э хоёр хамт байсан. Ороод аяга цай уучихаад жоохон маргалдахад Д.Этай жаахан маргалдахад Д.Э миний төмсөг рүү өшиглөхөөр нь би зөрүүлээд түүний нүүр орчим руу 1 удаа цохьсон. Тэгтэл Д.Эгийн хамраас цус гарахад манай найз Д ус хийж өгч цусыг нь угааж өгсөн. Тэгээд би тэндээсээ гараад шууд гэр рүүгээ явсан. Д.Э бид хоёр ер нь таарахаараа байнга хоёр биенээ шоглож явдаг. Тэр Отгон гэдэг айлд намайг цай уугаад дуусахад Д.Э намайг наалданг Г хаагуур яваад байна гэхээр нь би зөрүүлээд гүүдэг улаан хаагуур яваад байгаа гээд жаахан маргалдахад миний төмсөг рүү өшиглөхөөр нь би зөрүүлж түүнийг цохьсон. Би нэг удаа гараараа нүүр орчим хэсэгт цохьсон. Өөр цохьж зодсон зүйл байхгүй. Тоглоод хоорондоо марзагнаж үл ойлголцож байсан удаа байдаг. Бид хоёрын хооронд өс хонзон, өр авлагын асуудал байхгүй. Би буруугаа хүлээн зөвшөөрч ойлгож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар тал/
* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 158 дугаартай дүгнэлтэнд:
“...Д.Эгийн биед хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 16 дугаар тал /
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31-32 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
2018 оны 03 дугаар сарын 25-ны орой 21 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Арслан цохионы 07-19 тоотод иргэн Д.Э нь бусдад нүүрэн тус газраа цохиулан түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ц.Г нь үйлдсэн болох нь хохирогч Д.Эгийн “...Тэгсэнээ шууд баруун гараа атгаад миний нүүр рүү нэг удаа цохьсон. Тэгсэн хамраас цус гарч, гадаа гараад цусаа цэвэрлэхэд Д гар дээр ус хийж өгөөд цусаа тогтоогоод Д эгчийнд буцаж ороход Г, Д хоёр гараад явсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Дгийн”... Тэгсэн Э Гг наалдангаа гэж хочлож дуудаад байсан. Тэгсэн чинь Г Эгийн нүүр рүү баруун гараа атгаад нэг удаа цохьсон. Тэгсэн Эгийн хамраас цус гараад, би Эгийн гар дээр ус хийж өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Д.Дгийн”... . Д.Э намайг ороход миний толгой өвдөөд байна гэсэн. Яасан юм бэ гэж асуухад Г миний нүүр рүү цохьчихсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, Б.Пийн “...Би гадуур гарах гээд гэрээсээ гарч ирсэн чинь Эгийн хамраас цус гарчихсан нойлын цаас барьчихсан зогсож байсан. Би яагаад цус гарсан юм бэ гэж Эгаас асуухад Г нүүр рүү цохьчихсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 158 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож шүүгдэгч Ц.Гын бусдын биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Гын бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар түүний гэм буруу хангалттай тогтоогдож байх тул шүүхээс шүүгдэгч Ц.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Э нь гомдол саналтай, хохирол төлбөр аваагүй талаараа мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн боловч нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Г нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд эрүүгийн хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулан шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ц.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ц ын Г ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гыг 300/гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол ажлын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ц.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хохирогч Д.Э нь өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР