Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 213/МА2022/00015

 

Т.*******ийн хүсэлттэй

 иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч  В.Цэцэнбилэг, Н.Насанжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 131/ШШ2022/00178 дугаар шийдвэртэй,

Хүсэлт гаргагч Т.*******ийн хүсэлттэй

“Ж.*******ыг сэтгэцийн өвчний улмаас эрх зүйн чадамжгүйд тооцуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хүсэлт гаргагч Т.*******ийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Т.******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х. Дамбажав нар оролцов.

Хүсэлт гаргагч Т.******* анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний охин Жаргалсайхан овогтой ******* 1997 оны 12 сарын 24-нд Баянхонгор аймгийн төрөх тасагт төрсөн, одоо 23 настай. Охин маань 8 сартай байхдаа менингит энцефалитари гэдэг өвчнөөр өвдөж байсан. Тухайн үед эмч нар нугасны ус авах шаардлагатай гээд надаас гомдолгүй гэсэн гарын үсэг зуруулж авч байсан. Нугасны ус авсны дараа эмч нь нугасны ус уг нь тунгалаг байх ёстой. Танай охиных өөрчлөлттэй байна гэж надад хэлж байсан. Нугасны ус авхуулсны дараа охин эмнэлэгт гурав хоног ухаангүй байсан. Охины өвчний оношийг анх 3 настай байхад нь тухайн үеийн Эх нялхсын эрүүл мэндийн төв дээр очиж тогтоолгож байсан бөгөөд хоёр чихний сонсгол чимээ сонсохгүй. Үүнээсээ болоод хэл ярианы хөгжил нь муу хөгжсөн. 2011 онд охиноо эмнэлгээр авч явж байхад ДЦП буюу халдварын шалтгаантай тархины бүтцийн үлдэцийн өөрчлөлт гэдэг онош тогтоогдсон. 2018 онд охин маань шөнө унтахгүй, хараа нь маш хурц болсон тул сэтгэцийн эмчид үзүүлэхэд органик өөрчлөлттэй унтах, сэрэх хэм алдагдалтай гэсэн онош тогтоож, эмийн эмчилгээ хийлгэж байсан. Мөн 2019 оны 01 сарын 10-нд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэц наркологийн кабинетийн эмчид үзүүлэхэд гэмтлийн гаралтай тархины эмгэгшлийн үйл ажиллагааны хямралтай зан төрхийн өөрчлөлттэй гэж онош тогтоож, эмчилгээ хийлгэж байсан болно. Охин маань 16 насанд хүртлээ миний байнгын асаргаанд байж байгаад 2014 онд иргэний үнэмлэх авах болоход Последетствие вирусной энцефалит нейросенсорни тугоухость (2-3 степ) өвчний учир хөдөлмөрийн чадвар алдалтын 60 хувиар тогтоож, 2014 оны 01 сарын 09-нд группт орсон. 2014 онд охин 10-н жилээ төгссөн. Охин маань багаасаа зураг зурах болон гарын ур дүйтэй байсан тул оноо нь хүрэхгүй байсан ч би аймгийн Боловсролын хэлтэс дээр очиж шалгалтын комиссын хүмүүст үнэн учраа хэлж, гуйж байгаад охиноо хар зургийн шалгалтад оруулсан. Миний охины биеийн байдлыг сургуулийн захиргаа, багш нар нь мэддэг байсан тул ШУТИС-д Дизайны багц хөтөлбөрөөр суралцах хуваарь авч өгсөн боловч өвчний учир чөлөө авч явсаар 2017 онд сургуульдаа орсон. Охиноо сургуульд орсон намар нь би ээлжийн амралтаа авч сургуульд нь хүргэж өгч сургуулийн захиргаа, багш нар, оюутны зөвлөл, бичиг хэрэг, канон, цайны газрууд, оюутны байрны захиргаа гээд бүх хүмүүст охиныхоо биеийн байдлын талаар хэлж захиж, охиноо дагуулж явж орчинтой нь дасгаж 10 сарын 11-н хүртэл охинтойгоо хамт хотод байсан.

Би охины хамт 2019 оны 11 сард Орхон аймаг руу шилжсэн боловч охин Ж.******* 2020 оны 04 сарын 1-ний орой 20 цагийн үед ээж би гараад амттан аваад ирье гэж хэлж 20.000 төгрөг аваад гарсан боловч тэр чигтээ УБ хот явсан байсан. Тухайн үед гэрээс гарахдаа надад мэдэгдэлгүйгээр миний утасны мобайл банкийг ашиглаж ХААН банк дахь миний 5246257520 дугаартай тэтгэврийн данснаас 200.000 төгрөгийг ХААН банк дахь өөрийн 5225479423 данс руу шилжүүлж, аваад явсан байсныг нь би сүүлд мэдсэн. Охины дугаар руу залгахаар утсаа авдаггүй, мессеж бичихээр хариу бичдэг байсан боловч 4 сарын 20-ноос хойш хариу бичихээ больсон. Охиноо хайж 2020 оны 04 сарын 15-нд хот орсон боловч олоогүй тул 7 хоноод буцаж ирсэн. Баянхонгорт байж магадгүй гээд 2020 оны 05 сарын 01-нд Баянхонгор явсан боловч олдоогүй тул 15-ны үед буцаж ирсэн. Аргаа бараад 2020 оны 06 сарын 09-нд Орхон аймгийн цагдаагийн газарт охиныг минь олж өгөөч гээд өргөдөл өгсөн. Миний өргөдлийг хошууч Эрдэнэхүү аваад Согоот багийн хэсгийн төлөөлөгч Ундрахбаярт цохолт хийж өгсөн боловч Ундрахбаяр нь охины аавтай нь ярьсан. Аавтайгаа хамт байгаа гэсэн. Аавтайгаа хамт байгаа хүнийг цагдаа эрэн сурвалжлахгүй гэж надад хэлсэн. Аав Жаргалсайхантай нь утсаар ярихаар энд надтай хамт байгаа гэж хэлдэг байсан. Гэтэл фэйсбүүкээр харилцаад байдаг залуугийндаа Баянхонгор аймагт байгааг нь сүүлд мэдсэн. Охин маань 2017 оны 02 сард судсаа ханаж, амиа хорлох оролдлого хийж байсан. Тухайн үед би өөрийн найз Нарантуяад энэ тухай хэлж байсан ба Нарантуяа манай гэрт ирж охиныг тайвшруулж, түүнтэй ганцаарчлан уулзаж байсан болно. Мөн би энэ талаар өөрийн төрсөн дүү Т.Чимгээгийн охин Ц.Цэрэннадмидад хэлж байсан. Ц.Цэрэннадмид ч санаа нь зовж, манай гэрт ирж охинтой уулзаж байсан. Дараа нь 2018 оны 02 сард гэрийн хаалгаа тайлж өгөлгүй удаж байж хаалгаа тайлж өгөхөд манай гэрт фэйсбүүкээр танилцсан гэх залуу сууж байсан. Тэр залууг гараад явсны дараа үхнэ гээд гэрээсээ гарч, Түйн гол руу гүйсэн. Тухайн үед би найз Нарантуяагийн хамт гэртээ ирж байсан ба бид хоёр түүнийг гүйцэхгүй байсан тул таксинд сууж гүйцэж очиж гэртээ авчирч байсан. Мөн 2018 оны 8 сард хүүхэд гаргана, спиралиа авхуулна гэж уурлаж, толгойгоо хагалж үхнэ гэж төмөр авч арын байшиндаа гүйж орох гэхэд нь би болиулж байсан. Тухайн үед би ганцаараа гэртээ байсан. Би охиноо амиа хорлох сонголт хийхэд хүргэсэн хүнд нөхцөл, дарамтад байлгаж байгаагүй болно. Охин маань 2021 оны 02 сард амаржсан. Одоо Баянхонгор хот, Баянхонгор сумын 5-р баг, Амьчуулын 11 гудамжны 1147 тоотод оршин сууж байгаа болно. Охин маань аливаа асуудлыг хэтрүүлж үнэлдэг хурц ааш, зантай бөгөөд удаа дараа амиа хорлох үйлдэл хийж байсан байдал нь цаашид өөрт нь болоод өрөөл бусдад хор уршиг учруулж болзошгүй эрсдэлтэй гэж бодож байна. Иймд охин Ж.*******аа сэтгэцийн өвчний улмаас эрх зүйн чадамжгүй гэж тооцуулахаар хүсэлт гаргаж байна. Тайлбар: Охины биед үзлэг хийж байсан эмч нар тухайн үед үзлэг хийсэн тэмдэглэлдээ эмчийн тамга, тэмдгээ дараагүйгээс охины өвчний оноштой холбоотой зарим баримтуудын канондсон хуулбарыг хүсэлтдээ хавсаргасан болно.

Миний охин Ж.******* бол бага байхаас биеэ авч явах чадваргүй, зайлшгүй асаргаа шаардлагатай тул миний бие албан ёсоор Баянхонгор сумын Засаг даргын захирамжаар асран хамгаалагчаар тогтоогдсон юм. Асран хамгаалагчаар тогтоогдсон хугацаа 2020 онд дуусгавар болсон. Гэхдээ миний бие түүний төрсөн эхийн хувьд хүүхдээ асран хамгаалах, харгалзан дэмжих ёстой гэж үздэг юм. Түүний аав Жаргалсайханаас миний бие салаад олон жил болж байна. Шүүхэд хандсан гол шалтгаан бол миний охин бусдын ятгалгад орж өөрийн асаргааны болон хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжийн мөнгийг намайг авч өөртөө ашигласан мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, шаардаж байгаа тул түүнийг сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй, бие дааж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тогтоолгох шаардлагатай байгаа юм. Одоогоор миний охин Баянхонгор аймагт найз залуугийндаа байгаа бөгөөд би ойрын үед уулзаагүй байна. Нэг хүүхэд төрүүлсэн түүнийгээ өөрөө асарч байгаа гэсэн. Би Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын гаргасан шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эдгээр эмч нар нь миний охиныг өөрийн хяналтад эмчилж байсан, сэтгэцийн өвчтэй гэдгийг сайн мэдэх хүмүүс атал одоо сэтгэцийн өвчингүй мэтээр дүгнэлт гаргасныг ойлгохгүй байна. Би хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Гуравдагч этгээд Ж.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ээж *******ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Намайг эрх зүйн чадамжгүй болгож өгнө үү гэсэнд гомдолтой байна. Би ээжийнхээ хүчирхийлэлд байсан учир 18 нас хүрээд өөрийн аавыгаа сонгож аавтайгаа хамт амьдарч байгаа. Ээжийн ийм нэхэмжлэл гаргаж байгаа зорилго нь бол хариуцлага хүлээхгүй байх гэсэн санаа. Хүчирхийллийн төвд хандан эрхээ хамгаалуулж ээжээсээ халамжийн байгууллагаас өгсөн группийн мөнгө, компьютер, оёдлын машин гаргуулах нэхэмжлэл гаргаж одоо энэ хэрэг нь Орхон аймгийн шүүхэд байгаа. Би хоёр чихний сонсгол сул өвчний улмаас эмчийн хяналтад байж хөгжлийн бэрхшээлтэй халамжид байдаг нь үнэн. Түүнээс биш бусдын асаргаанд байх шаардлагатай хүн биш. Би өдөр тутам өөрөө бие дааж амьдрах чадвартай. Өөрөө бие дааж хичээл сургуульдаа явдаг. ШУТИС-ийн дизайнерын сургуульд сурдаг. Сүүлийн 2 жил цахимаар сургалтдаа сууж байгаа. Дараа жил сургуулиа төгсөх юм. Ээж надаар оёдол хийлгэж мөнгө олдог байсан. Би одоо төрөөд 2 сар гаран болж байгаа ба хүүхдээ өөрөө өсгөж бойжуулж байна. Ийм байхад намайг эрх зүйн чадамжгүй гэж тооцно гэж байгаад гомдолтой байна гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.3-д заасныг баримтлан Ж.*******ыг сэтгэцийн өвчний улмаас эрх зүйн чадамжгүйд тооцуулахыг хүссэн Т.*******ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 д заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч Т.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулж, төвлөрсөн төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хүсэлт гаргагч Т.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын 2022 оны 02 сарын 15-ны өдрийн 05 дугаартай дүгнэлт Шүүхийн шинжилгээний тухай хуульд нийцээгүй нь тухайн дүгнэлт үндэслэлтэй, үнэн зөв гарсан гэж үзэх боломжгүй байдалд хүргэж байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17.3-т "Шинжээчийн дүгнэлтийг шинжээчийн хувийн болон байгүуллагын тэмдгээр баталгаажуулснаар хүчинтэйд тооцно". Мөн зүйлийн 17.6-д “Шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийлгэсэн тохиолдолд шинжээчийн дүгнэлтийг тухайн байгууллагын тэмдэг, шинжээчийн гарын үсгээр баталгаажуулна” гэж тус тус заасан. Иймд Нэгдсэн эмнэлгийн тэмдэг дарагдаагүй 05 дугаартай шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэлээ болгож хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Шинжээчийн дүгнэлтэд шинжилгээ хийсэн шинжээчийн талаарх мэдээлэл, овог, нэр, боловсрол, мэргэжил, ажилласан жил, эрдмийн зэрэг, цол, албан тушаал зэргийг тусгаагүй нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18.1.4-т заасантай нийцээгүй.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 26.2-т “Шинжээч сэтгэцийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа сэтгэцийн үзлэг, шинжилгээний дүн материалаас гадна урьд нь тухайн этгээдийн эмчлүүлж, шинжлүүлж байсан эмнэлгийн баримт бичгийг үндэслэнэ” гэж заасан. Хэрэгт амбулаторийн картын хуулбар авагдсан байхад урьд нь Ж.*******ын эмчлүүлж байсан эмнэлгийн баримт бичиг, амбулаторийн карт зэргийг огт үндэслээгүй.

Шинжээч эмч ямар, ямар асуулт тавьсан, түүнд хэрхэн хариулсан зэрэг шинжээчийн дүгнэлтэд хавсаргах ёстой баримтуудыг шүүхэд ирүүлээгүй нь шинжээчийн дүгнэлт үнэн зөв гарсан гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байна.

2. Хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн тухай:

Шүүх хуралдаан эхлэхэд миний бие өмгөөлөгч сонгон авсан тухайгаа хэлж, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ гаргасан. Гэтэл хүсэлтийг минь хүлээн авалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг шийдвэрлэсэн нь иргэний Үндсэн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн. Мөн, хэргийн материалтай намайг танилцуулаагүй болно.

Дээр дурдсан зөрчлүүд нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байх тул анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 131/ШШ2022/00178 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Т.******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхэд цахимаар оролцохдоо өмгөөлөгчтэй оролцуулна гэснийг маань хүлээж аваагүй өмгөөлөгчгүйгээр оролцуулсан. Мөн манай охин багаасаа авхуулаад миний асаргаанд байдаг эрүүл хүүхэд биш эмч нарын дүгнэлт, тодорхойлолтоор тодорхойлогддог. Баянхонгор аймгийн эмч нар дүгнэлтийг буруу гаргасан оношийг эрүүл гэж гаргасанд би гомдолтой байгаа гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу Давж заалдах шатны шүүх нь хүсэлт гаргагч Т.*******ийн   давж заалдах журмаар бичсэн гомдлын үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд  нь хянахад:

 Хүсэлт гаргагч Т.*******ийн хүсэлттэй төрсөн охин Ж.*******ыг сэтгэцийн өвчний улмаас эрх зүйн чадамжгүйд тооцуулахыг  хүссэн  хүсэлтийг   хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан   Т.*******ийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх  хуулийн үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.

Мөн анхан шатны шүүх  хавтаст хэрэгт  хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хүсэлт гаргагч Т.******* нь “...миний охин Ж. ******* 23 настай. Охин маань 8 сартай байхдаа менингит энцефалитари гэдэг өвчнөөр өвдөж байсан.... 2018 онд ...органик өөрчлөлттэй унтах, сэрэх хэм алдагдалтай гэсэн онош тогтоож, эмийн эмчилгээ хийлгэж байсан. ... 16 насанд хүртлээ миний байнгын асаргаанд байж байгаад ...өвчний учир хөдөлмөрийн чадвар алдалтын 60 хувиар тогтоож, 2014 оны 01 сарын 09-нд группт орсон. 2014 онд охин 10-н жилээ төгссөн.... Охин маань 2021 оны 02 сард амаржсан. ...Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар ...сэтгэцийн өвчингүй мэтээр дүгнэлт гаргасныг ... хүлээн зөвшөөрөхгүй гэж,

Гуравдагч этгээд Ж.*******”... . Би ээжийнхээ хүчирхийлэлд байсан учир 18 нас хүрээд өөрийн аавыгаа сонгож аавтайгаа хамт амьдарч байгаа.. Хүчирхийллийн төвд хандан эрхээ хамгаалуулж ээжээсээ халамжийн байгууллагаас өгсөн группийн мөнгө, компьютер, оёдлын машин гаргуулах нэхэмжлэл гаргаж одоо энэ хэрэг нь Орхон аймгийн шүүхэд байгаа. Би хоёр чихний сонсгол сул өвчний улмаас эмчийн хяналтад байж хөгжлийн бэрхшээлтэй халамжид байдаг нь үнэн. Түүнээс биш бусдын асаргаанд байх шаардлагатай хүн биш. Би өдөр тутам өөрөө бие дааж амьдрах чадвартай. Өөрөө бие дааж хичээл сургуульдаа явдаг. ШУТИС-ийн дизайнерийн сургуульд сурдаг. Сүүлийн 2 жил цахимаар сургалтдаа сууж байгаа. Дараа жил сургуулиа төгсөх юм. Ээж надаар оёдол хийлгэж мөнгө олдог байсан. Би одоо төрөөд 2 сар гаран болж байгаа ба хүүхдээ өөрөө өсгөж бойжуулж байна. Ийм байхад намайг эрх зүйн чадамжгүй гэж тооцно гэж байгаад гомдолтой байна...” гэж тус, тус маргаан үүсгэсэн байна.

Хавтаст хэрэгт авагдаж, анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцүүлсэн “......Ж.******* нь сэтгэцийн хувьд эрүүл, өөрийн үйл ажиллагааны учир холбогдлыг ойлгох, өөрийгөө зөв удирдах чадвартай, сэтгэцийн хувьд одоогийн байдлаар F ангилалд харъяалагдах эмгэг илрээгүй.. “ гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн  21.4 дүгээр зүйл. Шинжээч зориуд худал дүгнэлт гаргах зохицуулалтыг анхан шатны шүүхээс шинжээч нарт сануулсаныг,  ойлгосон талаар гарын үсгээ зурж дүгнэлт гаргасан мэргэжлийн эмч нарын 2022 оны 02 сарын 15-ны өдрийн 05 дугаар  дүгнэлт,

“...дуу хүлээн авах хэлбэрийн 2 чихний дүлий...,... өвчний учир хөдөлмөрийн чадвар 80 хувь алдсан тухай    хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0013513 дугаар акт,     “...Ж.******* нь  чих хамар хойлойн эмчийн хяналтанд байдаг бөгөөд  хөдөлмөрийн чадвар алдалт 80 хувьтай, ар гэрийн байнгын асаргаанд байх шаардлагагүй, оюуны бэрхшээл, сэтгэцийн ямар нэгэн өөрчлөлтийн улмаас сэтгэцийн эмчийн хяналтанд байхгүй болно...” гэх Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2021 оны 6 дугаар  сарын 02-ны өдрийн 427 дугаар  албан бичиг зэрэг нотлох баримтуудаар Ж.*******ыг сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон гэж үзэх үндэслэл  үгүйсгэгдсэн талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна./ хавтаст хэргийн 42-43, 48, 55-58 дугаар тал/

Мөн түүнчлэн “... би биеэ даан эцгийн амьдардаг, 2021 оны 2 сард  хүүхэд төрүүлж  өөрөө асарч байгаа, Шинжлэх ухаан техникийн их сургуульд  суралцдаг ...” гэх Ж.*******ын анхан шатны шүүхэд гаргасан тайлбар болон дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул Т.*******ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж  шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Т.*******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон тул   түүний  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70.200 төгрөгийг    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн  56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасны дагуу төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1.1-т  заасныг удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 131/ШШ2022/00178 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагч Т.*******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг тус тус  баримтлан  хүсэлт гаргагч  Т.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг   төвлөрсөн төсвийн дансанд  хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан  анхан болон давж заалдах шатны шүүх  хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл  зохигч талууд  давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол  гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

        ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ

                        В.ЦЭЦЭНБИЛЭГ