Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2017/00412

 

Монгол Улсад суугаа БНАСАУ-ын Элчин сайдын яамны Эдийн засаг,

худалдааны төлөөлөгчийн газрын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2016/00868 дугаар шийдвэр,           

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн 242 дугаар магадлалтай,

Монгол Улсад суугаа БНАСАУ-ын Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны төлөөлөгчийн газрын нэхэмжлэлтэй,

“Гранд жэйд” ХХК-д холбогдох,

6.500 ам.доллар буюу 13.079.560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Чимэдсүрэн, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ри Сон Ун шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын төрийн өмчит Рёнхап худалдааны компани нь вольфрамын баяжмал худалдан авах сонирхолтой байсан тул Элчин сайдын яаманд хандаж, вольфрамын баяжмал нийлүүлэх аж ахуй нэгж байгаа эсэх, холбоо тогтоож өгөхийг хүссэний дагуу “Гранд жэйд” ХХК-тай 2012 оны 8 дугаар сарын 06-ны өдөр вольфрамын баяжмал нийлүүлэх гэрээ байгуулсан болно. “Гранд жэйд” ХХК нь вольфрамын баяжмал нийлүүлэх үүргээ хойшлуулсаар байсан бөгөөд 18 тонн баяжмалыг уурхайгаас Улаанбаатарт тээвэрлэж авчрахад шаардлагатай байгаа 10.000 ам.долларыг өгөөч гэсний дагуу 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 10.000 ам.доллар захирал Ч.Чимэдсүрэнд хүлээлгэн өгсөн. Ингэхдээ Ч.Чимэдсүрэн нь санхүүгийн ажилтан гэж танилцуулсан хүний хамт Элчин сайдын яамны байранд биечлэн ирж мөнгө хүлээлцсэн баримт үйлдээд, 2 талаас баримтжуулан гарын үсэг зурж баталгаажуулан авсан. Мөн уг баримтад “Гранд жэйд” ХХК нь 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор вольфрамын баяжмал нийлүүлж чадахгүй бол хүлээн авсан 10.000 ам.долларыг Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Элчин сайдын яаманд буцаан өгөх үүргийг хүлээнэ гэж тусгасан. Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны төлөөлөгчийн газрын чиг үүрэг болох 2 улсын хоорондын худалдааны бүхий л асуудлыг эдийн засаг, худалдааны зөвлөх буюу дипломат албан тушаалтан Ри сон ун нь төлөөлж, хариуцдаг байсан. “Гранд жэйд” ХХК нь огт вольфрамын баяжмал нийлүүлээгүй бөгөөд “Нью гранд фриендшип” ХХК-д вольфрамын баяжмал худалдан авахаар дээрх мөнгийг өгсөн гэх шалтгаанаар мөнгийг эргүүлэн төлөхгүй байгаа болно. Бид удаа дараа нэхэж, шаардлага тавьснаар 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 3.500 ам.долларыг нь буцаан өгсөн болно. Иймд “Гранд жэйд” ХХК-иас 6.500 ам.доллар буюу 13.079.560 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Чимэдсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. 2012 оны 8 дугаар сарын 04-ний өдөр “Гранд жэйд” ХХК болон Рёнхап худалдааны төвийн хооронд гэрээ байгуулагдсан. Гэрээний үндсэн зорилго нь вольфрамын баяжмалыг Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад нийлүүлэх байсан. Дээрх гэрээ нь Рёнхап худалдааны төвийн тодорхойгүй шалтгаанаас болж хэрэгжиж чадаагүй. “Гранд жэйд” ХХК-ийн зүгээс гэрээг хэрэгжүүлэх гэж гэрээнд заасан баяжмалыг бүрдүүлсэн, тус баяжмалыг Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс руу нийлүүлэхдээ “Нью гранд фриендшип” ХХК-тай хамтран ажиллах ёстой байсан. Гэрээний дагуу 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 18 тонн буюу вольфрамын баяжмалыг бэлдэж, гэрээний 6.2, 6.5, 10 дугаар зүйл зэрэг заалтуудыг үндэслэн бичиг баримтын бүрдлийг бүрдүүлэхийн тулд төлбөрийн гүйлгээний баталгааг гэрээнд заасан банкны дансанд байршуулсан эсэхийг, холбогдох банкны гүйлгээний хуулгыг худалдан авагч талаас удаа дараа шаардсан. Шаардлагын хариуд худалдан авагч тал болон Рёнхап компанийн захирал, менежер зэрэг бүрэлдэхүүнийг 2012 оны 9 дүгээр сард багтаан Монгол Улсад хүрэлцэн ирж гэрээний төлбөрийн асуудлыг бүрэн шийдвэрлэх тухай мэдэгдэж байсан болно. Монгол Улсад 2013 оны 2 дугаар сард ирэх болсон тухай бидэнд албан ёсоор мэдэгдсэн ч 2013 оны 5 дугаар сард ирсэн. Гэрээний 11.3 дахь заалт нь гэнэтийн аюул болон бусад болзошгүй нөхцөл байдал 60 хоногоос дээш хугацаанд үргэлжилбэл гэрээний үүрэг бүрэн дуусгавар болно гэж заасныг үндэслэн “Нью гранд фриендшип” ХХК-ийн агуулахад хадгалагдаж байсан бүтээгдэхүүнийг уг компани зээлийн өрийн алдагдлаа бууруулах зорилгоор өөр худалдан авагчид зарж борлуулах болсныг ч мэдэгдсэн болно. Уулзалтын үеэр Рёнхап худалдааны компанид нийлүүлэхээр бэлтгэсэн баяжмалыг гэрээний тодорхойгүй байдлын улмаас 11.3 дахь заалтыг үндэслэн худалдан борлуулсан учир сар хүрэхгүй богино хугацаанд дахин 18 тонн баяжмал бэлтгэх боломжгүй, учир нь хүйтний улирлаас шалтгаалан “Нью гранд фриендшип” ХХК-ийн уурхайн гүний олборлолт бүрэн зогссон тухай тайлбарлан хэлсэн болно. Харин уурхайн талбайд бэлэн 120 гаруй тонн угаагаагүй шороон баяжмал байгаа талаар хэлж, Рёнхап компанийн төлөөлөгчдийг бодлоо илэрхийлсэн. Гэсэн хэдий ч Ри Сон Ун дахин уулзалдаж  ажилд тус хүргэнэ үү хэмээн хүсэлт тавьж, “Нью гранд фриендшип” ХХК-ийн уурхайн талбайд байгаа шороон баяжмалыг баяжмал угаах үйлдвэрт тээвэрлэн авч ирж Рёнхап худалдааны компанийн төлөөлөгчид үзүүлэх талаар санал болгосон. Энэ талаар өмнөх гэрээ дахин үргэлжлэх боломжгүй тул цаашид баяжмал худалдан авах асуудлыг “Нью гранд фриендшип” ХХК-ийн захирал Ж.Дашдэмбэрэлтэй ярилцахыг зөвлөсөн. Ж.Дашдэмбэрэлтэй ярилцах ойлголцох асуудлыг туслахыг хүссэн учир энэ талаар миний бие хүсэлтийг дамжуулж, улмаас Ри Сон Ун-ийн ажилд туслах зорилгоор түүний хүссэний дагуу баяжмалыг Улаанбаатарт зөөн хүргэх тооцоог гаргуулсан болно. “Нью гранд фриендшип” ХХК-ийн зүгээс баяжмал тээвэрлэлтийн зардал 6500 ам.доллар тооцоо гарч байгааг тодорхойлсон бөгөөд зардлыг Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Элчин сайдын яамны эдийн засаг, худалдааны төлөөлөгчийн газраас гарган төлсөн тохиолдолд саналыг хүлээн авч болох тухай мэдэгдсэний дагуу Ри Сон Ун-д уламжлан зохих зардлыг бүрэн хариуцсан тохиолдолд таны саналыг хүлээн авч болохыг хэлсэн болно. “Нью гранд фриендшип” ХХК, Рёнхап худалдааны төвийн хооронд дахин вольфрамын баяжмалыг нийлүүлэх эсэх талаар тохиролцоо явж байсан боловч харамсалтай нь урьдчилгаа төлбөрийн хувьд тохиролцоонд хүрч чадаагүй. “Нью гранд фриендшип” ХХК,  “Гранд жэйд” ХХК-ийн хувьд төлбөрөө цаг хугацаанд хийгээгүй, гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй гэх шалтгаанаар үл ойлголцол үүсч байсан. 244.800 ам.долларын вольфрамын баяжмалыг бэлдэхийн тулд 180.000 гаруй ам.долларын зардлыг гаргасан байсан. Гэтэл тус мөнгийг миний бие “Нью гранд фриендшип” ХХК-д  шилжүүлсний үндсэн дээр вольфрамын баяжмалыг тээвэрлэж ирнэ гэдгийг Ри Сон Ун маш сайн мэдэж байсан бөгөөд мөнгийг буцаан авахгүй гэдгийг ч илэрхийлж байсан. Миний хувьд төлбөрийн баримтад гарын үсэг зурсан учраас хэзээ нэгэн цагт төлбөрийн өр нэхэгдэх нь ойлгомжтой учраас 3.500 ам.долларыг нь авч хадгалж, 6.500 ам.долларын зардал гарсныг нь “Нью гранд фриендшип” ХХК-д шилжүүлж өгсөн. Энэ үйлдэл нь зөвхөн худалдааны төлөөлөгч Ри Сон Ун-д туслах зорилготой байсан юм гэдгийг онцолж хэлмээр байна гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2016/00868 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч “Гранд жэйд” ХХК-иас 13.079.560 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Элчин сайдын яамны эдийн засаг, худалдааны төлөөлөгчийн газарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Элчин сайдын яамны эдийн засаг, худалдааны төлөөлөгчийн газраас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Гранд жэйд” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 223.350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Элчин сайдын яамны эдийн засаг, худалдааны төлөөлөгчийн газарт олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн 242 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2016/00868 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223.350 төгрөгийг буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 242 дугаар магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-ийн 167.1.5, 168.1.3 дахь хэсгийг баримтлан шийдвэрийг хүчингүй болгосон ба магадлалын хянавал хэсэгт үндэслэлээ дурдахдаа:

Давж заалдах шатны шүүхээс хэргийн бодит үйл баримт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу дутуу дүгнэсэн нь дээрх дүгнэлтээс харагдаж байна. Давж заалдах шатны шүүхээс зохигчдын хооронд гэрээ байгуулагдсан гэж ойлгож, “...уг гэрээ хэрэгжээгүй ба гэрээний үүрэгт төлсөн 10.000 ам.долларын үлдэгдэл 6500 ам.долларыг нэхэмжилсэн байна” гэж мөн буруу дүгнэн бичсэн. Уг мөнгийг хэрэгт авагдсан гэрээний үүрэг гүйцэтгүүлэгчийн хувиар үүргийг гүйцэтгүүлэхийн тулд вольфрамны үнэд төлсөн мөнгө биш болохыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулж шүүхэд нэмэлт тайлбар бичгээр гаргахдаа тодорхой дурдсан.

Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хэргийн үйл баримт бүрийг буруу ойлгож, “хариуцагчийн гэрч асуулгах хүсэлтийг шүүх хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна” гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон. Магадлалын үндэслэл болсон ИХШХШТХ-ийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь заалт нь “хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн” гэх хэм хэмжээ байна.

Хариуцагчийн гэрч асуулгах хүсэлт нь шүүхийн шийдвэрт шууд нөлөөлөх үр дагавартай юу гэдгийг хэргийн үйл баримт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэх замаар дүгнэлт өгөх байтал “шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэх нотлох баримт үнэлэхтэй холбоотой заалтыг үндэслэж, өмнө дурдсанчлан хэргийн үйл баримтыг буруу ойлгож, шийдвэрийг хүчингүй болгосон. Төлөөлөгчид ирэх үед буюу 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор баяжмал авчраагүй бол уг мөнгөө буцаан авахаар баримт үйлдсэн. Гэвч худалдан авагч Рёнхап компанийн төлөөлөгчид ирэх үед баяжмал бэлтгээгүй байсан тул тэдний хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй. Ийнхүү “Гранджэйд” ХХК нь нэхэмжлэгчид амалсан ёсоор баяжмал тээвэрлэн авчраагүй байсны зэрэгцээ Рёнхап компани болон “Гранджэйд” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2012 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн гэрээ огт хэрэгжээгүй, дуусгавар болсон. Нэхэмжлэгч нь хариуцагчийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй, хариуцагч ямар нэгэн хариу үүрэг гүйцэтгээгүй тул хариуцагчид өгсөн мөнгөө буцаан шаардсан болно.

“Гранджэйд” ХХК нь 10.000 ам.долларыг авсан болохоо хүлээн зөвшөөрдөг ба 3500 ам.долларыг нь 2015 онд буцаан өгсөн харин үлдэгдэл 6500 ам.долларыг вольфрамны үйлдвэртэй “Ньюгранд фрэйндшип” ХХК-д өгсөн гэж тайлбар гаргадаг. Хариуцагчийн хүсэлтээр “Ньюгранд фрэйндшип” ХХК-ийн захирал Дашдэмбэрэл гэх хүн гэрчээр шүүхэд мэдүүлэг өгч, тиймээ би уг мөнгийг авсан гэх тайлбарыг шүүхэд өгсөн байсан ч энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй юм. Учир нь нэхэмжлэгчээс мөнгө хүлээн авсан этгээд нь “Гранджэйд” ХХК, мөн буцаан төлөх үүргийг тус компани хүлээж, баримт үйлдсэн ба нэхэмжлэгчийн тодорхойлсон хариуцагч нь “Гранд жэйд” ХХК юм.

ИХШХШТХ-ийн 25.2.2-т зааснаар татгалзал, нотлох нотлох баримтаа цуглуулж, анхан шатны шүүх хурлаас өмнө гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл дан ганц гэрч асуулгах хүсэлтийг гаргасан ба үүнийг нь шүүгч 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 182/Ш32016/02520 дугаар захирамжаар шийдвэрлэхдээ гэрчээр асуугдах этгээдийн хаяг тодорхойгүй байхын зэрэгцээ тухайн хүсэлт нь тухайн маргааныг шийдвэрлээд ямар ач холбогдолтой болох нь тодорхойгүй гэх үндэслэлээр хангаагүй орхисон байдаг. Харин давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн хүсэлтээр “Ньюгранд фрэйндшип” ХХК-ийн захирал Ж.Дашдэмбэрэлд 6500 ам.долларыг нь өгсөн гэж анхан шатны шүүхэд гаргасан тайлбараасаа зөрүүтэйгээр тайлбар гаргах болсон. Хариуцагч нь дээр үндэслэлээр буюу 6500 ам.долларыг “Ньюгранд фрэйндшип” ХХК- ийн захирал Ж.Дашдэмбэрэлд өгсөн болохоо нотлуулахын тулд гэрч асуулгах хүсэлт гаргасан уг хүсэлтийг нь шүүх тодорхой үндэслэл зааж хангаагүй орхисон нь шүүхийн шийдвэрт шууд нөлөөлөхөөргүй байх тул хэргийн оролцогчийн гэрч асуулгах эрхийг хангаагүй ноцтой зөрчсөн гэх давж заалдах шатны дүгнэлт үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй  байна.

Нэхэмжлэгч Монгол улсад суугаа БНАСАУ-ын Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны төлөөлөгчийн газар нь хариуцагч “Гранд жэйд” ХХК-с 6.500 ам.доллар буюу 13.079.560 төгрөг шаардахдаа нэхэмжлэлийн агуулгыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...гэрээ БНАСАУ-ын “Рёнхап” худалдааны төвийн буруугаас хэрэгжээгүй” гэсэн тайлбар гаргажээ.

“Гранд жэйд” ХХК болон БНАСАУ-ын “Рёнхап” ХХК-ийн хооронд 2012 оны 8 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан гэрээгээр хариуцагч нь эхний хүргэлтээр 18 тн вольфрамын баяжмал хүлээлгэн өгөх, худалдан авагч нь урьдчилсан ачилтын гүйцэтгэлийг мэдэгдсэний дараа ажлын 5 өдрийн дотор БНАСАУ-ын Элчин сайдын яамны эдийн засаг, худалдааны төлөөлөгчөөр дамжуулан үнийг төлөхөөр харилцан тохирчээ.

Хариуцагч “Гранд жэйд” ХХК нь дээрх гэрээний үүргийг гүйцэтгэхээр БНАСАУ-ын Элчин сайдын яамны эдийн засаг, худалдааны төлөөлөгчийн газраас 2013 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр 10.000 ам.доллар хүлээн авсан ба барааг 2013 оны 5 дугаар сарын 30-ний дотор нийлүүлж чадаагүй тохиолдолд төлбөрийг буцаан төлөхөөр тохирсон боловч барааг нийлүүлээгүй, 3.500 ам.доллар буцаан төлсөн нь тогтоогджээ /хэргийн дугаар 9-10, 26-35 дугаар тал/.

Давж заалдах шатны шүүх “...Нью гранд фрейндшил” ХХК-ийн захирал Ж.Дашдэмбэрэлийг гэрчээр оролцуулах тухай хариуцагчийн хүсэлтийг хангаагүй” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дэх хэсэгт хамаарахгүй, мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

“Гранд жейд” ХХК нь “Рёнхап” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу баяжмал нийлүүлээгүй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн мөнгөө буцаан шаардсан энэ тохиолдолд “Нью гранд фрейндшил” ХХК-ийн захирал Ж.Дашдэмбэрэлээс гэрчийн мэдүүлэг авахуулах нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэнд хөрөнгө шилжүүлсэн тал нь уг зүйлийг олж авсан талаас хөрөнгөө буцаан шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж, хуулийн дээрх зохицуулалтаар нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа хэрэгт авагдсан баримтад тулгуурласан байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн 242 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2016/00868 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 223.350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ