Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2018/0526

 

2018 оны 09 сарын 27 өдөр

Дугаарh221/МА2018/0526 

Улаанбаатар хот

“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0459 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Ба-н гаргасан давж заалдах гомдлоор, “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0459 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан “О” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхий 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 967 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш шүүхий шийдвэрийг биелүүлж, “О” ХХК-иас өөрийн өмчлөлийн нийтийн дуудлага худалдаанаас худалдан авсан барилгуудын орчны газраа эзэмшихээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх хүсэлт гаргасан газрыг эзэмшүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Б давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхээс Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу манай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бөгөөд үндэслэлээ дуудлага худалдааны анхны үнэ төлөх ёстой гэж үзжээ.

Манай компанийн хувьд нийтийн дуудлага худалдаанаас авсан барилгын орчны газрыг нэмж эзэмшихээр газрын талбайн хэмжээ өөрчлөх хүсэлт гаргасныг шинээр газар эзэмших хүсэлт гаргасантай адилтган үзсэн нь хууль бус гэж үзэж байна. Учир нь манайх дээрх барилгыг дуудлага худалдаагаар авсан цагаас эхлэн орчны газраа эзэмшихээр хүсэлт гаргаж байсан байхад Нийслэлийн Засаг даргаас шийдвэрлэхгүй өнөөдрийг хүрсэн байтал дуудлага худалдааны анхны үнэ төлөх ёстой гэсэн нь үндэслэлгүй.

Нөгөөтэйгүүр дуудлага худалдааны анхны үнийг 2018 оны тушаалаар батлагдсан хэмжээгээр төлөх үндэслэлгүй тухайн үед үйлчилж байсан хэмжээгээр төлөх боломжтой байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй нь хууль бус гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0459 дугаар шийдвэрийг хүчингүй болгож манай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “О” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 967 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш шүүхийн шийдвэрийг биелүүлж, “О” ХХК-иас өөрийн өмчлөлийн нийтийн дуудлага худалдаанаас худалдан авсан барилгуудын орчны газраа эзэмшихээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх хүсэлт гаргасан газрыг эзэмшүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл  гаргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/979 дүгээр захирамжаар нэхэмжлэгч “О” ХХК-ийн дуудлага худалдаагаар худалдан авсан Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх Хайлаастын 150 хүний эмнэлгийн барилгын барилгын суурь 986 м.кв газрыг тус компанид үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэн, гэрчилгээ олгожээ.

Улмаар “О” ХХК-иас Нийслэлийн Газрын албанд хандаж 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах талбайн хэмжээ өөрчлөх тухай” 03 дугаар, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Эзэмшил газрын талбайн хэмжээг өөрчлөх тухай” 11 дүгээр, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Газрын талбайн хэмжээг өөрчлөн эзэмшүүлэх тухай” 111 дүгээр албан бичгүүдээр өөрийн өмчлөлийн барилгын орчны 1607,1 м.кв газрыг эзэмших хүсэлт гаргасан байна.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ...” гэж зааснаас үзвэл дээрх хүсэлтийг Нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэхээр зохицуулжээ.

Энэ талаар Нийслэлийн Газрын албаны 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 03/4870 дугаар, 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 02-09/2960 дугаар албан бичгүүдэд дурдаж, хүсэлтүүдэд хариу өгсөн байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “... анхан шатны шүүх нийтийн дуудлага худалдаанаас барилга худалдан авсан цагаас хойш орчны газрыг нэмж эзэмших хүсэлт гаргаж байсныг шинээр газар эзэмших хүсэлт гаргасантай адилтган үзэж дуудлага худалдааны анхны үнэ төлөх ёстой гэж үзсэн нь буруу” гэх гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “... анхан шатны шүүх дуудлага худалдааны анхны үнийг 2018 оны тушаалаар батлагдсан хэмжээгээр төлөх үндэслэлгүй, тухайн үед үйлчилж байсан хэмжээгээр төлөх боломжтой байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй нь хууль бус байна” гэх гомдлын тухайд анхан шатны шүүх нэхэмжлэгч “О” ХХК-ийн гаргасан “... газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэхдээ дуудлага худалдааны анхны үнийг хэрхэн тооцож төлөх талаар буюу “О” ХХК-ийн хүсэлтийн хариу болох Нийслэлийн Газрын албаны 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 02-09/2960 дугаар албан бичигт дурдагдсан асуудлаар дүгнэлт хийгээгүйг буруутгах үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0459 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Б-н гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

    ШҮҮГЧ                                                                    Э.ХАЛИУНБАЯР

    ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ

    ШҮҮГЧ                                                                   Б.ТУНГАЛАГСАЙХАН