| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2018/0140/Э |
| Дугаар | 151 |
| Огноо | 2018-07-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Н.Цогтбаяр
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Д.Ч
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э
Шүүгдэгч: Ц.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Цийн Сид холбогдох 1812001790136 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Б овогт Цийн С
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ц.С нь 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Ануд” худалдааны төвийн гадна иргэн Ц.Хын бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
* Шүүгдэгч Ц.Сийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: Хэрэг гардаг өдөр хүүхэд харчихаад гэр рүүгээ харж явсан юм. Тэр үед талийгаач, эхнэртэйгээ явж байсан. Тэгээд ганц юм дөрвүүлээ өрөөлдөж ууя гэж ярьж тохироод авахаар болсон. Надад 1500 төгрөг байсан учраас өгсөн. Тэгээд бид дөрөв хэмхэрхий уурын зуухны хажууд очоод нэг шил архи хувааж уугаад сууж байсан талийгаач намайг боогоод авахаар нь газраас чулуу аваад баруун талынх нь хацар руу нь цохисон. Өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг
* Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Чын шүүх хуралдаанд мэдүүлсэн: Хэдэн сарын хэдний өдөр байсан гэдгийг мэдэхгүй байна. Нэг өглөө манай бэр болох Б танай ах чинь ухаангүй эмнэлэгт хэвтсэн гэж хэлсэн. Яасан юм бэ гэсэн чинь Ц.Сид цохиулаад ухаангүй байна гэж хэлсэн. Эмнэлэг дээр яваад очсон чинь ухаангүй сэхээн амьдруулах тасагт байсан. Бид нар ээлжилж сахиж байгаад, 7 хоног болоод нас барсан. Талийгаач ямар ч ухаангүй байж байгаад нас барсан. Улаанбаатар хотод хүү нь амьдардаг бөгөөд өмнө нь ирсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд ирж амжаагүй байна. Харин нэг охин нь Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа учир шүүх хуралдаанд ирээгүй байна. Хохирол төлбөрийн хувьд ярих ч юм алга хохирол төлбөр нэхэмжлэхгүй, энэ хүнийг ял эдлүүлээд ч яахав, ял эдлэхгүй гээд ч яахав. Хууль дүрмийнх нь дагуу арга хэмжээ авах байх. Хохирол төлбөртэй холбоотой баримт гаргаагүй. Энэ хүнд зохих арга хэмжээг нь авч өгнө үү...” гэх мэдүүлэг
* Эрүүгийн 1812001790136 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
* Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Чын өгсөн:
“...Талийгаач Х нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бортолгой хорооллын 29-19 тоотод хашаа байшинд Б гэх эмэгтэйтэй амьдардаг. 2018 оны 03 сарын 23-ны өдөр Б над руу утсаар яриад ах чинь эмнэлэгт хэвтсэн гэж хэлсэн. Би аймгийн эмнэлэгт очтол Х ахын биеийн байдал ямар ч ухаангүй, сэхээн амьдруулах тасагт эрчимт эмчилгээнд хэвтэж байсан. Б гэх эмэгтэй надад ярихдаа өчигдөр буюу 2018 оны 03 сарын 22-ны өдөр аймгийн төвийн зах буюу нийтийн худалдааны төв орчимд Х бид 2 хүмүүстэй архи уусан. С гэдэг эмэгтэй Хыг чулуугаар ар дагз хэсэг рүү цохьсон гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй, тэрнээс хойш Х ах аймгийн эмнэлэгт ухаангүй хэвтсээр байгаад 2018 оны 03 сарын 31-ний өглөө 08 цагийн орчимд нас барчихсан. Х нь 1949 оны 06 сарын 07-ны өдөр Архангай аймгийн Булган суманд төрсөн. Бага насаа аав, ээж дээрээ аймгийн төвд өссөн. Аймгийн төвд сургуульд сурч байгаад 8-р анги төгсөж цэргийн албыг 3 жил хааж байсан. Цэргээс ирээд Сэлэнгэ аймагт 3 орчим жил ажиллаж байсан. Архангай аймагт буцаж ирээд модны үйлдвэр, ахуй үйлчилгээнд ажиллаж байгаад тэтгэвэрт гарч байсан. Х ах нь эхнэр нэг хүүхдийн хамт амьдарч байгаад гэр бүл салж ганцаараа амьдрах болсон. Сүүлийн үед архи уух дуртай болчихсон байсан. Б гэдэг хүүхэнтэй сүүлийн 3 орчим жил хамтран амьдарч байгаа. Талийгаач нь амьжиргааны түвшингээс доогуур ядуу амьдралтай хүн байсан. Зан байдлын хувьд хүнтэй яриа хөөрөө сайтай, бусадтай нийцтэй хүн байсан. Би С гэдэг эмэгтэйг зүс таньдаг бөгөөд архи байнга уучихсан орилж чарлаад яваад байдаг хүүхэн. Тэр хүүхэнд маш их гомдолтой байна. Талийгаач ядуу амьдралтай, архи уудаг хүн байсан ч ах дүү, хүүхэд нартаа харагдаад байж байсан бол сайхан байсан. Нэхэмжлэх зүйлээ талийгаачийн буяны ажлын дараа гаргах болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/
* Гэрч Х.Сын өгсөн:
“...2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод ажил дээрээ байж байтал миний аавыг ухаангүй байдалтай эмнэлэгт хэвтэж байна гэж надад хэлсэн. Би 03 сарын 23-ны орой 20 цагийн үед Архангай аймагт ирээд аймгийн нэгдсэн эмнэлэг дээр очиход аавыг сэхээн амьдруулах тасагт хэвтүүлсэн ухаангүй байдалтай байсан. Төрөл садангийн хүмүүстэй уулзаж юу болсон талаар асуутал сүүлийн үед хамтран амьдарч байсан Б гэх хүүхэнтэйгээ хамт явж архи уусан байх үед нь С гэдэг эмэгтэй чулуугаар цохиж гэмтээсэн гэсэн яриа гарсан байсан. Тэр яриа нь үнэн юм шиг байна. Би Б гэдэг эмэгтэйтэй нэгдсэн эмнэлэгт аавыг сахиж байхдаа уулзаж юу болсон юм бэ гэж асуухад С авгай архи ууж байгаад чулуу барьж Хын араас элдэж хөөгөөд чулуугаар хоёр ч удаа цохьсон гэж надад хэлсэн. Хаана нь цохиж зодсон талаар хэлээгүй. Талийгаачийн зүүн хацар дээр их гүн шалбарсан байсан. Миний аав Х нь 1949 оны 06 сарын 07-ны өдөр төрсөн. 1997 оны орчимд аав, ээж 2 гэр бүл салж би ээжийн хамт Улаанбаатар хот руу явж амьдарч аав ганцаараа аймгийн төвд үлдсэн. Тийм болохоор аавынхаа хувийн байдлын талаар сайн мэдэхгүй, гэхдээ цагаан сараар жилд нэг удаа ирж золгодог. Сүүлийн жилүүдэд архинд дуртай болчихсон байсан бөгөөд Б гэдэг хүүхэнтэй хамт амьдарч байсан. Зан байдлын хувьд төлөв даруу хүн байсан. Хэргийг үнэн зөв тогтоож хуулийн дагуу шийдэж өгнө үү гэж хүсэж байна. Гадны нөлөөтэй нас барсан бол гомдолтой байна. Жам ёсоороо нас барсан бол санал хүсэлтгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/
* Гэрч Н.Бийн өгсөн:
“...2018 оны 03 сарын 22-ны үдээс өмнө Х усаа авчихаад 11 цагийн үед бид хоёр хамт зах гараад Х ганц нэг таньдаг хүмүүстэй уулзаад явж байгаад бид хоёр хамт Хын дүү Эийн дэлгүүрт орсон. Гэтэл Х цаасан хайрцаг үзээд хувцас хийвэл зүгээр юм гэсэн чинь дүү нь ав ав гэхээр нь Х бид хоёр хайрцагаа аваад гарсан. Тэрнээс өмнө манай охин таараад надад 20.000 төгрөг өгсөн байсан. Гэтэл Х архи уумаар байна гэхээр нь би 5000 төгрөгөөр 1 шил архи аваад хоёулаа хүмүүсээс жаахан зайдуу гараад жоохон уугаад, би Хт хоёулаа явъя тэгэхгүй бол хүмүүс муу хэлнэ гээд явж байтал Цагаан даваанд байдаг А гэдэг эмэгтэйтэй таараад 3-лаа нөгөө үлдсэн архиа хувааж уучихаад явж байтал Агийн нөхөр нь таараад А нөхөртэйгөө яваад өгсөн. Тэгээд Х бид 2 “Дурсамж” төвийн хойгуур зүүн тийшээ явж байтал С, А, О гэдэг хүний хүүхэд гуравтай тааралдсан. Гэтэл А миний цүнхэнд 2500 төгрөг хийгээд байсан. Миний цүнхэнд 8000 төгрөг байсан. Миний мөнгөнөөс 0.75 гр хэмжээтэй Их монгол гэдэг нэртэй архиа аваад “Сүндэр” зочид буудлын хажуу талд шил авдаг газрын ойрхон тавуулаа архиа хувааж уусан. Тэгээд дахиад нэг 0.75 граммтай шил Шим гэдэг архи уусан гэсэн би тэр архинаас уусан уугаагүйгээ мэдэхгүй байна. Тэгээд явж байгаад Эийн дэлгүүрийн гадна очсоноо мэдэхгүй байна. Тэгээд би орой нь овоо сэргээд байж байтал Х ярихдаа Эээр хүргүүлэх гээд очсон чинь та хоёр архи уусан байна гээд хүргэж өгөөгүй гэсэн. Тэгсэн С ирээд Хын хацарлуу чулуугаар цохиод миний толгой руу бас цохьсон гэсэн. Би тэрийг нь мэдэхгүй байгаа. Маргааш өглөө нь Х толгой өвдөөд байна гээд бас урд өдөр нь ярихдаа бас ярьсан. Х арай бага согтсон юм шиг байна лээ. Тэр шөнө Эрдэнэмандалын У гэдэг хүн манайд хоносон өглөө нь босоод Х ахыг С хацарлуу нь чулуугаар цохьсон би салгасан гэж ярьсан. Х ярихдаа С намайг чулуугаар цохьчихоод надаас уучлалт гуйсан гэж ярьсан. Өглөө 06 цагт сэрээд толгой өвдөөд байна гэхээр нь түргэн дууддаг юм уу гэтэл яах юм бэ чи миний толгойг бариад өг гээд би толгойг нь барьж өгсөн. Өглөө 08 цагт түргэн дуудаад эмч нь бага шиг охин ирээд та согтуу байгаа юм уу гээд Хгээс асуугаад цагдаа дууд гэсэн. Тэгэхээр нь цагдаа дуудаад хэрэггүй гээд цагдаа дуудаагүй. Тэгээд байж байтал жаахан бие нь муудаад байхаар нь би охиныгоо дуудтал манай охин 15 цагийн үед ирсэн. Гэтэл манай охин энэ хүн чинь бөөлжсөн байна гэхээр нь би бөөлжсийг нь цэвэрлээд түргэн дуудсан. Түргэн ирээд аваад явсан эмнэлгээс цагдаа руу дуудлага өгсөн байсан. С, А, Оын баньди гуравтай таарахаас өмнө гурвуулаа 0.5-тай архи уусан. Тэр гуравтай хамт тавуулаа 0.75-тай 2 шил архи уусан. Хыг С чулуугаар цохьсонг би мэдэхгүй, хараагүй. Тэр үед би бараг тасарчихсан байсан. Х болохоор С миний хацарлуу чулуугаар цохьсон тэгээд уучлаарай гээд надаас уучлалт гуйсан гэж ярьж байсан. Улаанай гэдэг залуу ч бас С цохьсон би хараад салгасан гэж ярьж байсан. Хацар дээр нь халцарсан байсан эмч үзээд тархи толгой нь их доргисон байн гэж хэлсэн. Урд өмнө надтай хэрэлдэж маргалдаж байгаагүй. Х С хоёр 1 удаа маргалдаж байсан. Нэг бурханаас л болж маргалдаж байсан. Х, С, бид гурвын дунд ямар нэг асуудал байхгүй. Архи уухаараа л их муухай ааштай янз бүр болоод байдаг. У Эрдэнэмандал сумынх гэж ярьдаг. Эхнэр нь хүнсний зах дотор байдаг гуанзанд ажилладаг гэсэн. С гэдэг хүнд гомдолтой байна. Гаднаас эм тариа авч байгаа ор хоногийн мөнгийг нь өгөөгүй байгаа мөнгө төгрөгний хэрэг их байна. Яаж байна гэж нэг ч удаа асуугаагүй. Охин нь ирж уулзаад явсан өөр нэмж ярих зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 18-22 дугаар тал/
* Гэрч Н.Бийн дахин өгсөн:
“...Х бид хоёр Эрдэнэбулган сумын 4-р баг, Бортолгойн 29-17 тоотод амьдардаг байсан. Х бид хоёр байнга шахам архи уудаг бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр буюу цэргийн баяраас хойш байнга шахам архи уусан санагдаж байна. Х бид 2 гэртээ архи уудаг бөгөөд гадуур гарч их уугаад байдаггүй. 2018 оны 03 сарын 21-ний өглөө Х бид 2 зах орж кардон цаас авч хувцас хийхээр явсан. Зах дээр А гэдэг хүүхэнтэй тааралдаж 999 төвийн урд талд 0.5 литрийн Их монгол нэртэй архи хувааж уусан бөгөөд А гэрлүүгээ явчихсан. Тэгээд Х бид хоёр зах руу явж ороод С, Б, А нартай тааралдсан. Бид нар нийлж архи уухаар болж мөнгө нийлүүлж байгаад 0.75 литрийн архи авч ирээд уугаад байсан. Би тасарчихсан байсан бөгөөд нэг сэртэл гэртээ нөхөртэйгөө хамт унтаж байсан. 2018 оны 03 дугаар сарын 22-ны өглөө 06 цагийн үед Х сэрээд толгой бариад өгөөч гэхээр нь толгойг нь барьж өгсөн. Тэр үед Х надад хэлэхдээ С намайг миний хацар руу чулуугаар цохиж авсан, чамайг бас чулуугаар цохиж авсан гээд байсан. Тэгж байтал Х харвалт өгч байгаа юм уу гэмээр 4 мөч нь татаж, толгойгоо гэдийлгэж татаж эхэлсэн. Би түргэн тусламж дуудтал нэг эмэгтэй эмч ирж тариа хийгээд Хыг эмнэлэг рүү авч явна гэтэл Х явахгүй гээд байсан. Тэгээд эмч нь яваад өгсөн. Х эмчийг явсны дараа гэртээ хэвтэж байгаад шар өнгийн зүйлээр бөөлжөөд байхаар нь дахин түргэн дуудаж эмнэлэгийн машинтай эмнэлэг дээр авч ирсэн. Х өөрөө ярихдаа түргэн дуудаж яах вэ би гэрээсээ явахгүй гээд байсан. Тэгээд аймгийн эмнэлэг дээр ирээд биеийнх нь байдал дээрдэхгүй байж байгаад сэхээний тасагт хэвтээд 2018 оны 03 дугаар сарын 31-ний өглөө нас барсан. У гэдэг залуу шөнө 23 цагийн үед манай гэрт орж ирээд манайд хоноод өглөө түргэн тусламжийн машин ирэхийн өмнө манайхаас явсан. У Х бид хоёрын яриаг сонсож байгаад худлаа ярьсан байх. Би Хын ар гэрийн хүмүүст бид нар архи уусан байсан. Тэр үед би тасарчихсан байсан. Х амьд сэрүүн байхдаа С намайг чулуугаар цохиж авсан гэж ярьж байсан. Тийм болохоор С Хг чулуугаар цохиж зодсон байх гэдэг байдлаар хэлж байсан. Х бид хоёр албан ёсоор гэр бүл батлуулаагүй хамтран амьдрагч байсан. Талийгаач Х бие муутай 70 настай хүн байсан бөгөөд хааяа таталт өгөөд уначих гээд байдаг байсан. Одоогоос 2 жилийн өмнө буюу 2016 онд таталт өгч эмнэлэгт очиж хэвтэж байсан бөгөөд эмнэлэгийн бичиг нь надад байгаа, тэрийг хэрэгт хавсаргуулж болно. Би талийгаачийг гадны нөлөөгүй харвалтын улмаас нас барчихлаа гэж бодож байна. Би Сийг чулуугаар цохиод алчихсан байх гэж ар гэрийнхэн хүмүүст буруу ойлгуулчихсан юм шиг байна. Би талийгаачийн хажууд олон жил байсан болохоор харвалт өгч байсанг мэднэ... гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар тал/
*Гэрч Г.Бы өгсөн:
“...2018 оны 03 дугаар сарын 22-ны орой 17 цаг өнгөрч байсан санагдаж байна. Бортолгойн 50-17 тоотоос дуудлагын эмч С.О Х гэдэг хүнийг авчирч яаралтай түргэн тусламжийн тасгийн ажиглалтын өрөөнд оруулж ирсэн. Тухайн өвчтөн ухаангүй комын байдалтай байсан. Тэгээд уян зүү тавьж, шээлүүр тавьж, хүчилтөрөгч өгч, эход харуулж, рентгэн зураг авахуулаад эрчимт эмчилгээний тасагт оруулсан. Дуудлагын бага эмч Пүрэвсүрэн дуудлагыг хүлээн авсан ухаан алдаж унаад, татаад байна гэж дуудлага өгсөн гэсэн. Дуудлаганд нь эмч О яваад авчирсан. Ирэхдээ тухайн хүн ухаангүй ирсэн. Эмнэлэг дээр авч ирэхэд ар гэрээс нь нэг эмэгтэй хүн ирсэн байсан. Эхнэр нь юм уу ямар хүн гэдгийг нь мэдэхгүй. Тэр эмэгтэй ярихдаа 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр зах дээр С гэдэг хүн чулуугаар хацарлуу нь цохьсон гэж ярьсан. Өөр зүйл яриагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/
*Гэрч О.Бын өгсөн:
“...Би 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хуучнаар зээлийн барилгын хороололд ахындаа байж байгаад үдээс хойш 14 цаг өнгөрч байхад зах руу гарсан. Зах дээр явж байгаад захын урд талд С эгчтэй тааралдсан тэгээд жаахан байж байгаад би хоёулаа цуг дээшээ өгсөх үү гэсэн чинь тэгье гээд явж байтал Х түүний эхнэр хоёртой захын урд талд тааралдсан манай дүү Лийнх С эгчийнхтэй нэг гудамжинд байдаг юм тэгээд би хамт дээшээ явах уу гэж асуусан. Х эхнэртэйгээ цуг халамцуу явж байсан. Надад 1500 төгрөг, С эгчид 1500 төгрөг байсан. Х ах 3000 төгрөг гаргаад 6000 төгрөгөөр 0.75-тай Их монгол гэдэг архи авч захын ард талд байдаг эвдэрхий уурын зуухны хажуу талд нөгөө архиа уусан. Тэгээд бид 4 цуг яваад захын урд талд гарсан тэгээд би захын хойшоо гарч хүнтэй уулзчихаад буцаад захын урагшаа гартал С эгч надад Х намайг боохоор нь би цохьсон гэж ярьсан. Тэгээд харсан чинь Х ахын аль хацар нь билээ санахгүй байна зулгарчихсан ч юм шиг халцарсан ч юм шиг болсон байсан. Тэгсэн Х ахын эхнэр газар уначихсан байхаар нь би өргөж босгож өгчихөөд С эгчтэй дүүгийн эхнэр цөсний хагалгаанд ороод би эмнэлэг дээр явж байтал Х ах эмнэлэгт хэвтсэн байсан. Бид 4 архи ууж байхдаа хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Тэр хоёр юунаас болж маргалдсан болохыг мэдэхгүй. Бид 4 захын урагшаа цуг гараад би хүнтэй уулзах гээд захын хойшоо гарсан байхад хэрэлдэж зодолдсон юм шиг байна лээ. Намайг буцаад очиход С эгч Х намайг боогоод байхаар нь би цохьчихсон гэж надад хэлсэн. Намайг очиход Х ах, С эгч хоёр хоёулаа зогсож байсан. Х ахын эхнэр газар унасан хэвтэж байхад нь би босгосон тэгээд С эгч бид хоёр яваад өгсөн. Аль хацар гэдгийг нь санахгүй байна. Нүднийх нь доод хэсэгт халцарсан гэх юм уу зулгарсан ч юм шиг харагдсан. Өөр янз бүрийн шарх сорви харагдаагүй. С эгч миний хоолойг боогоод гээд хоолойг нь боосон ором гарсан байсан. Өөр цус нөж болсон юм харагдаагүй. Х ахын хацар нь халцарсан өөр харагдах цус нөж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/
*Гэрч О.Бын дахин өгсөн:
“...С эгч Х ахын хажууд зогсоод Х ахтай хэрэлдэж байсан. Би Б эгчийг газраас босгож өгчихөөд Х ахын хацарнаас гарсан байсан бага зэрэг цусыг гараараа арчиж өгчихөөд С эгчийг аваад гэр рүүгээ явсан. С эгч ярихдаа Х намайг боогоод тэгэхээр нь би зөрүүлээд цохьсон юм гэж ярьж байсан. Б эгч байшин налаад газарт уначихсан байсан бөгөөд тасарчихсан байх шиг байсан. Би Х ах, С эгч нарыг хэрэлдэж байхад нь очоод салгаад С эгчийг аваад явсан болохоор тэр газарт чулуу байсан эсэхийг анзаарч хараагүй. Х, Б эгч 2 их согтсон бараг тасарчихсан гэмээр байсан. С эгч бид 2 их согтоогүй байсан. Х ах байнга шахам архи уугаад явж байдаг хүн бөгөөд тухайн өдөр тааралдахад бие өвдөж байна гэж хэлээгүй. Хүнтэй зодолдсон гэж надад хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 дугаар тал/
*Гэрч Ц.Эгийн өгсөн:
“...2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 17 цаг өнгөрч байхад жижүүр хүлээн авах үед яаралтай тусламжийн өрөөнд түргэн тусламжийн машинаар Ц.Х гэх хүн ухаангүй байдалтай хүргэгдэж ирсэн байсан. Тухайн хүнд гэмтлийн эмч, мэдрэлийн эмч нар үзлэг хийж эрчимт эмчилгээний тасагт яаралтай хэвтүүлсэн. Ц.Х нь сэхээн амьдруулах тасагт хэвтэх үед үзлэг хийхэд биеийн байдал маш хүнд ухаангүй, баруун гар, хөл эмх замбараагүй хөдөлгөөн ихтэй, зүүн хацар, нүдний доод хэсэгт өнгөц зулгарсан шархтай байсан. Ц.Хын биед эмчилгээ хийж рентгэн, эход харуулахад толгойд гэмтэлгүй байсан. Ц.Хын ар гэрийн хүн хэлэхдээ хүнд зодуулсан чулуугаар толгойруугаа цохиулсан гээд байсан учир Ц.Хыг гэмтлийн гаралтай тархины цус харвалт, ком гэсэн оноштой хүлээж авч эмчилгээ хийсэн. Ц.Хт эмчилгээ хийж байх явцад 5 дахь өдөр Улаанбаатар хот руу эмч нарын шийдвэрээр авч яваад нарийн шинжилгээ өгүүлье гэхэд ар гэрийн хүмүүсээс Улаанбаатар хот руу явуулахгүй гэж хүсэлт өгөөд явуулаагүй. Тэгээд манай тасагт 9 хоног хэвтээд 2018 оны 03 сарын 31-ний өдөр нас барсан байсан. Ц.Х эмнэлэгт хэвтэх хугацаандаа ухаан орохгүй, ямар нэгэн зүйл идэж уухгүй, эмчилгээ үр дүнгээ өгөхгүй байсаар байгаад нас барсан. Ц.Хын биед үзлэг хийхэд гэмтлийн гаралтай бэртэл гэмтэл гэх зүйл зүүн талын хацарны халцархайгаас өөр олдоогүй. Ц.Хын даралт маш өндөр байсан. Эмчилгээний явцад даралт нь буухгүй байсан. Хуучин даралт ихэс архаг өвчтэй мэт байсан. Тухайн баг, хорооныхоо эмчийн хяналтад ордоггүй хүн шиг байсан. Талийгаачийн ар гэрийн хүмүүс Хыг хүнд чулуугаар цохиулсан гээд байхаар нь гэмтлийн гаралтай гэж онош тогтоосон. Эмчилгээний явцад гэмтлийн гаралтай гэж Хыг дүгнэх үндэслэл муутай байсан бөгөөд даралт ихсээд харвасан байх боломжтой байсан. Талийгаачийн толгойд үүссэн тархины цус харвалт, ком нь гэмтэл болон даралт ихсээд үүссэн гэдгийг тухайн үед тогтоох боломжгүй байсан ч хийгдэх эмийн эмчилгээ нь нэг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр тал/
*Гэрч Б.Хы өгсөн:
“...Х гэх хүн 2018 оны 03 сарын 22-ны өглөө 08 цаг 30 минутад гэртээ татаад байна гэсэн дуудлага ирсэн байсан. Би түргэн тусламжийн машинтай Бортолгой хороололд байх гэрт нь очиж үзлэг хийхэд Х гэх хүн гэртээ эхнэр болох нэг эмэгтэй хүний хамт байсан бөгөөд биеийн байдал дунд байсан. Х өөрөө хэлэхдээ гар хөлийн шөрмөс татаад байна, хамаг бие янгинаад байна гээд архи үнэртэж байсан. Х гэх хүний эхнэр гэх нэг эмэгтэй хэлэхдээ өчигдөр хүнд зодуулсан гэж яриад байсан. Би Хын биед үзлэг хийхэд даралт өндөр байсан учир даралт буулгах эм өгсөн, таталт тавиулах тайвшируулах үйлчилгээтэй тариа хийсэн. Тэгээд Хыг эмнэлэг рүү авч явах гэтэл би араас чинь өөрөө яваад очно гээд байхаар нь гэрт нь үлдээгээд явсан. Хүралбаатарын биед ил харагдах гэмтэл бэртэл гэх зүйл их байхгүй, толгойн зүүн тал хэсэгт бага зэрэг хавдсан юм уу гэмээр харагдаж байсан. Х олон хоног архи уусан гэж ярьж байсан бөгөөд олон хоног архи уусан хүмүүс таталт өгөөд байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар тал/
*Гэрч Д.Эийн өгсөн:
“...2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн үдээс хойш 14 цагийн орчимд Х, эхнэр Б, С нар миний хүүхдийн хувцас зардаг дэлгүүр болох Эрдэнэбулган сумын 3-р багийн нутагт захын зүүн талд байрлах Ануд худалдааны төвийн 2 давхарт орж ирсэн. Манай дэлгүүр дотор С, Х 2 хоорондоо хэрэлдээд байсан. Би юу гэж ярьж хэрэлдэж байсныг нь санахгүй байна. Тэгээд хэрэлдэж байснаа хоорондоо барьцалдаж авсан. Би Сийг Х ахаас салгаж дэлгүүрээс гаргаж явуулсан. Х, Б эгч 2 манай дэлгүүрт байж байгаад Сийн араас гараад явсан. Манай дэлгүүрт хүн орж ирээд би наймаа хийгээд үлдсэн. Тэрнээс хойш Х ахтай уулзаагүй бөгөөд маргааш өдөр нь эмнэлэгт ухаангүй байна гэж сонссон. С, Х 2 манай дэлгүүрт орж ирэхдээ хоорондоо хэрэлдэж орж ирсэн бөгөөд би тэр хоёрыг салгаад гаргасан. Х ахад ямар нэгэн гэмтэл бэртэл харагдаагүй. С, Х, Б нар их согтчихсон харагдаж байсан. Талийгаач гэртээ ганцаараа олон жил амьдарсан бөгөөд Б гэдэг хүүхэнтэй сүүлийн жилүүдэд хамт амьдарч байгаа. Байнга шахам архи уучихдаг хүн байсан бөгөөд 2 жилийн өмнө таталт өгөөд эмнэлэгт хэвтэж байсан. Зан байдлын хувьд цайлган, зан сайтай хүн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар тал/
* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 157 дугаартай дүгнэлтэнд:
“...Ц.Хын биед зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. Өвчний түүхэнд Ц.Х нь тархины эдийн няцрал, хүнд зэрэг, гавлын доторх цусан хураа, тархины аалзан бүрхүүл хальсан доорх цусан хураа байж болзошгүй гэсэн оноштой байна. Ц.Х нь одоогоор комын байдалтай, ухаангүй, артерийн даралт өндөр зүүн гар хөлд саажилттай байгаа нь тархинд цус харвах өвчин, гэмтлийн гаралтай гавал доторх цусан хураа, тархины аалзан бүрхүүл хальсан доорх цус харвалтын аль нь болохыг тогтоох боломжгүй байна. Цаашид 3-р шатлалын эмнэлгийн онош тодруулсан баримт ирвэл дүгнэлтийг нэмэлтээр гаргана...” гэх дүгнэлт /хх-ийн 52-53 дугаар тал/
* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 25 дугаартай дүгнэлтэнд:
“...Талийгаач Ц.Хын биед зүүн зовхины доод хэсэгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Нас барахаас өмнө үүссэн байна. Үхэлд хүргэхгүй. Талийгаач Ц.Х нь артерийн даралт ихсэх өвчний улмаас тархинд цус харвалт амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ. Артерийн даралт ихсэх өвчин ба түүний хүндрэл нь үхлийн шалтгаан болно. Шинжилгээгээр зүрхний зүүн ховдлын булчингийн зузаарал 2 см, зүрхний зүүн ховдлын хөндийн тэлэгдэл, тархины судасны хатуурал, ерөнхий судас хатуурах өвчин 1-2-р зэрэг, бөөрний сорвижилт өөрчлөлт, уушигны дэлбэнгийн архаг наалдацат үрэвсэл, ходоодны салстын архаг үрэвсэл, цөсний элсэрхэг чулуу архаг хууч өвчтэй байна. Удаан хугацааны артерийн даралт ихсэх өвчний улмаас зүрхний булчин зузаарч, зүрхний зүүн ховдлын хөндий тэлэгддэг. Энэ нь ихсэх өвчний дотор эрхтэнд гарах өөрчлөлт болно. Артерийн даралт ихсэх өвчин түүний хүндрэл нь үхэлд нөлөөлнө. Талийгаач нь нас барахын өмнө согтолтгүй байжээ...” гэх дүгнэлт /хх-ийн 57-60 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 136-137 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Ануд” худалдааны төвийн гадна иргэн Ц.Х нь бусдад цохиулан түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ц.С үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Чын”... 2018 оны 03 сарын 23-ны өдөр Б над руу утсаар яриад ах чинь эмнэлэгт хэвтсэн гэж хэлсэн. Би аймгийн эмнэлэгт очтол Х ахын биеийн байдал ямар ч ухаангүй, сэхээн амьдруулах тасагт эрчимт эмчилгээнд хэвтэж байсан. Б гэх эмэгтэй надад ярихдаа өчигдөр буюу 2018 оны 03 сарын 22-ны өдөр аймгийн төвийн зах буюу нийтийн худалдааны төв орчимд Х бид 2 хүмүүстэй архи уусан. С гэдэг эмэгтэй Хыг чулуугаар ар дагз хэсэг рүү цохьсон гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй, тэрнээс хойш Х ах аймгийн эмнэлэгт ухаангүй хэвтсээр байгаад 2018 оны 03 сарын 31-ний өглөө 08 цагийн орчимд нас барчихсан...” гэх мэдүүлэг, гэрч Н.Бийн “...Тэгсэн С ирээд Хын хацарлуу чулуугаар цохиод миний толгой руу бас цохьсон гэсэн. Би тэрийг нь мэдэхгүй байгаа. Маргааш өглөө нь Х толгой өвдөөд байна гээд байсан. Х арай бага согтсон юм шиг байна лээ. Тэр шөнө Эрдэнэмандалын Улаанай гэдэг хүн манайд хоносон өглөө нь босоод Х ахыг С хацарлуу нь чулуугаар цохьсон би салгасан гэж ярьсан. Х ярихдаа С намайг чулуугаар цохьчихоод надаас уучлалт гуйсан гэж ярьсан...”, “...2018 оны 03 дугаар сарын 22-ны өглөө 06 цагийн үед Х сэрээд толгой бариад өгөөч гэхээр нь толгойг нь барьж өгсөн. Тэр үед Х надад хэлэхдээ С намайг миний хацар руу чулуугаар цохиж авсан, чамайг бас чулуугаар цохиж авсан гээд байсан. Тэгж байтал Х харвалт өгч байгаа юм уу гэмээр 4 мөч нь татаж, толгойгоо гэдийлгэж татаж эхэлсэн. Би түргэн тусламж дуудтал нэг эмэгтэй эмч ирж тариа хийгээд Хыг эмнэлэг рүү авч явна гэтэл Х явахгүй гээд байсан. Тэгээд эмч нь яваад өгсөн. Х эмчийг явсны дараа гэртээ хэвтэж байгаад шар өнгийн зүйлээр бөөлжөөд байхаар нь дахин түргэн дуудаж эмнэлэгийн машинтай эмнэлэг дээр авч ирсэн. Х өөрөө ярихдаа түргэн дуудаж яах вэ би гэрээсээ явахгүй гээд байсан. Тэгээд аймгийн эмнэлэг дээр ирээд биеийнх нь байдал дээрдэхгүй байж байгаад сэхээний тасагт хэвтээд 2018 оны 03 дугаар сарын 31-ний өглөө нас барсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Бы”... 2018 оны 03 дугаар сарын 22-ны орой 17 цаг өнгөрч байсан санагдаж байна. Бортолгойн 50-17 тоотоос дуудлагын эмч С.О Х гэдэг хүнийг авчирч яаралтай түргэн тусламжийн тасгийн ажиглалтын өрөөнд оруулж ирсэн. Дуудлаганд нь эмч О яваад авчирсан. Ирэхдээ тухайн хүн ухаангүй ирсэн. Эмнэлэг дээр авч ирэхэд ар гэрээс нь нэг эмэгтэй хүн ирсэн байсан. Эхнэр нь юм уу ямар хүн гэдгийг нь мэдэхгүй. Тэр эмэгтэй ярихдаа 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр зах дээр С гэдэг хүн чулуугаар хацарлуу нь цохьсон гэж ярьсан...” гэх мэдүүлэг, гэрч О.Бын”... Тэгээд бид 4 цуг яваад захын урд талд гарсан тэгээд би захын хойшоо гарч хүнтэй уулзчихаад буцаад захын урагшаа гартал С эгч надад Х намайг боохоор нь би цохьсон гэж ярьсан. Тэгээд харсан чинь Х ахын аль хацар нь билээ санахгүй байна зулгарчихсан ч юм шиг халцарсан ч юм шиг болсон байсан. Бид 4 захын урагшаа цуг гараад би хүнтэй уулзах гээд захын хойшоо гарсан байхад хэрэлдэж зодолдсон юм шиг байна лээ. Намайг буцаад очиход С эгч Х намайг боогоод байхаар нь би цохьчихсон гэж надад хэлсэн. Нүднийх нь доод хэсэгт халцарсан гэх юм уу зулгарсан ч юм шиг харагдсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Эгийн “...2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 17 цаг өнгөрч байхад жижүүр хүлээн авах үед яаралтай тусламжийн өрөөнд түргэн тусламжийн машинаар Ц.Х гэх хүн ухаангүй байдалтай хүргэгдэж ирсэн байсан. Тухайн хүнд гэмтлийн эмч, мэдрэлийн эмч нар үзлэг хийж эрчимт эмчилгээний тасагт яаралтай хэвтүүлсэн. Ц.Х нь сэхээн амьдруулах тасагт хэвтэх үед үзлэг хийхэд биеийн байдал маш хүнд ухаангүй, баруун гар, хөл эмх замбараагүй хөдөлгөөн ихтэй, зүүн хацар, нүдний доод хэсэгт өнгөц зулгарсан шархтай байсан. Тэгээд манай тасагт 9 хоног хэвтээд 2018 оны 03 сарын 31-ний өдөр нас барсан байсан. Ц.Х эмнэлэгт хэвтэх хугацаандаа ухаан орохгүй, ямар нэгэн зүйл идэж уухгүй, эмчилгээ үр дүнгээ өгөхгүй байсаар байгаад нас барсан. Ц.Хын биед үзлэг хийхэд гэмтлийн гаралтай бэртэл гэмтэл гэх зүйл зүүн талын хацарны халцархайгаас өөр олдоогүй...” гэх мэдүүлэг, Ц.Хын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг нотолсон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 157 дугаартай дүгнэлт, талийгаач Ц.Хын нас барсан шалтгааныг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 25 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Ц.Сийн бусдын биед халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Сийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар түүний гэм буруу хангалттай тогтоогдож байх тул шүүхээс шүүгдэгч Ц.Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна
Шүүгдэгч Ц.С нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ч шүүхийн хэлэлцүүлэгт гомдолтой байна, хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч Ц.Сийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ц.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овогт Цийн Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сийг 240/хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сийг өдөрт 4/дөрөв/-өөс дээшгүй цагаар нийтэд тустай ажил хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР