| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2018/0163/Э |
| Дугаар | 168 |
| Огноо | 2018-08-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.М |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 168
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Г даргалж
Улсын яллагч: Б.Мээпам
Шүүгдэгч: Ц.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Цын Тт холбогдох 1812000000217 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: С овогт Цын Т
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ц.Т нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Хасу” худалдааны төвд 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 18 цаг 30 минутын орчим Ц.Гыг зодож, биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
* Эрүүгийн 1812000000217 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
* Хохирогч Ц.Гын өгсөн:
“...Би Хасу нийтийн худалдааны төвд хувиараа лангуу ажиллуулдаг. 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 18:30 цагийн үед Архангай аймаг Эрдэнэбулган сумын 1-р баг Хасу нийтийн худалдааны төв дээрх лангуу дээрээ бараагаа зараад зогсож байтал Т гэх эмэгтэйтэй маргалдсан. Учир нь 7 хоногийн өмнө манай түрдэг тэргийг бараагаа татчихаад буцаагаад өгье гэж аваад буцаагаад байранд нь тавиагүй байсан. Тэгсэн тэр тэргийг манай ах Б аваад контенартаа хийсэн байсан. Тэгсэн намайг тэрэгний хулгайч гэлээ гээд миний сууж байсан сандлаар баруун талын дал хэсэг рүү нэг удаа цохисон. Дараа нь дахин сандал шидсэн чинь толгой хэсэг рүү шүргээд гарсан. Ц.Т нь баруун талын дал хэсэг рүү сандлаар нэг удаа цохиж, мөн ахиж сандал шидэхэд толгой хэсэгт хавдсан. Намайг түлхэхэд газар унасан. Тэрнээс болж баруун гуя хөхөрсөн байсан. Намайг сандлаар цохиход би хөлөөрөө тийчлэхэд Ц.Тын гуя руу хөлөөрөө цохисон байж магадгүй. Тэрнээс зодсон зүйл байхгүй. Ц.Тыг танина. Зах дээр олон жил хамтдаа наймаа хийж байна. Хасу худалдааны төв дээр байсан болохоор олон хүн хажууд байсан. Намайг Ц.Таас өөр хүн цохиж зодоогүй. Намайг сандлаар цохисон болохоор гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар тал/,
*Хохирогч Ц.Гын дахин өгсөн:
“...2018 оны 08 сарын 02-ны өдөр Ц.Т нь намайг хулгайч гэлээ гээд толгой хэсэг рүү сандлаар цохисон мөн баруун талын дал хэсэг рүү сандлаар тус тус нэг удаа цохиж, газар түлхэж унагаасан. Ц.Т нь толгой болон баруун дал хэсэг рүү нэг удаа цохисоноос өөр газар цохиогүй. Надад учирсан хохирол болон эмчилгээний зардалтай холбоотой баримт надад байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/
* Гэрч Д.Дгийн өгсөн:
“...2018 оны 08 сарын 02-ны өдөр 18:30 цагт би Хасу худалдааны төвд бараагаа зараад зогсож байтал хүн орилох дуу чимээ гараад тэгээд чимээ гарсан зүг харсан чинь Т нь Гтой хэрэлдээд, Т нь Гыг газар дараад авсан дээр нь гарсан байдалтай байсан. Тэгээд энэ хоёр зодоон хийж байна гэж бодоод бараа авсан хүнд мөнгөний хариулт өгч байтал ахиад хүн орилох дуу чимээ гарсан тэгээд харсан чинь Т нь сандал барьчихсан харагдаж байсан. Зах хаагаагүй байсан учир их хөл хөдөлгөөнтэй байсан. Хүмүүс болиоч гэж хашгираад тэгээд Г, Т нар зодооноо больсон. Яг зодоон хийснийг нь хараагүй, Т нь Гыг алгадчихлаа тэгээд сандлаар цохьчихлоо гэж байсан. Т, Г 2 нь хоёулаа зах дээр зогсдог. Хоорондоо яг ямар харилцаатайг нь мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/
* Гэрч Б.Бгийн өгсөн:
“...2018 оны 08 сарын 02-ны өдөр 18:30 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р багт байрлах Хасу худалдааны төв дээр бараагаа зарж байтал Т Г нар түрдэг тэрэгнээс болж хэрүүл маргаан хийгээд байсан. Түрдэг тэргийг өгсөнгүй гэж хоорондоо хэрүүл маргаан хийж эхэлсэн. Тэгсэн Т нь Гыг сандал дээр сууж байхад түлхэж арагш савуулж унагасан. Тэгээд босч ирээд хэрэлдсэнээ чамайг ална гээд Т нь Гын нуруу дал хэсэг рүү сандлаар цохиод дараа нь толгой руу цохиход тэнд байсан хүмүүс салгасан. Би хараад байж байсан. Т нь Гыг түлхэж унагаагаад дараа нь сандлаар дал хэсэг рүү, дараа нь толгой хэсэг рүү цохиод, чамайг ална гээд дайраад байсан. Т нь биеэрхүү учраас Г дийлэхгүй байсан. Т, Г хоорондоо яг ямар харилцаатай гэдгийг нь сайн мэдэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/
* Гэрч О.Бгийн өгсөн:
“...2018 оны 08 сарын 02-ны өдөр 18:30 цагийн үед Архангай аймаг Эрдэнэбулган сумын 1-р багт байрлах Хасу худалдааны төв дээр бараагаа зарж байтал Т Г нар хэрүүл маргаан хийгээд байсан яг юунаас болж хэрүүл маргаан хийгээд байсныг мэдэхгүй. Т нь Гыг сандлаар цохисон яг хаана нь цохисоныг нь хараагүй тэгээд газар унагачихсан дээр нь гарчихсан байснаа жаахан байж байгаад хартал босоод зогсчихсон байсан. Би тэр үед бараа зараад байж байсан. Т, Г нар хэрүүл маргаан хийж зодоон үүсгэсэн. Т нь Гыг түлхэж унагасан, дараа нь сандал далийчихсан байсан. Яг хаана цохисоныг хараагүй. Т, Г нар нь хааяа маргалдаж л харагддаг. Дараа нь зүгээр болчихсон байдаг. Нэг дор зах дээр олон жил зогсож байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/
* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 358 дугаартай дүгнэлтэнд:
“...Ц.Гын биед тархи доргилт, дагзны хуйханд, баруун дал орчим, баруун гуяны гадна дунд хэсэгт, баруун шилбэний гадна гадна дунд хэсэгт, зүүн шилбэний гадна дунд хэсэгт зөөлөн эдийн няцралт гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох 4-5 удаагийн үйлчлэлээр үүсчээ. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох заавар*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 27 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 18 цаг 30 минутын орчим Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Хасу” худалдааны төвд Ц.Г нь бусдад зодуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ц.Т үйлдсэн болох нь хохирогч Ц.Гын”... Тэгсэн намайг тэрэгний хулгайч гэлээ гээд миний сууж байсан сандлаар баруун талын дал хэсэг рүү нэг удаа цохисон. Дараа нь дахин сандал шидсэн чинь толгой хэсэг рүү шүргээд гарсан. Бараа зөөдөг тэргийг аваад буцааж байдаг байранд нь тавиагүй байсан. Тэгсэн намайг тэрэгний хулгайч гэх шалтгааны улмаас зодсон. Ц.Т нь баруун талын дал хэсэг рүү сандлаар нэг удаа цохиж, мөн ахиж сандал шидэхэд толгой хэсэгт хавдсан. Намайг түлхэхэд газар унасан. Тэрнээс болж баруун гуя хөхөрсөн байсан. Намайг сандлаар цохиход би хөлөөрөө тийшлэхэд Ц.Тын гуя руу хөлөөрөө цохисон байж магадгүй...” гэх мэдүүлэг, гэрч Д.Дгийн“...2018 оны 08 сарын 02-ны өдөр 18:30 цагт би Хасу худалдааны төвд бараагаа зараад зогсож байтал хүн орилох дуу чимээ гараад тэгээд чимээ гарсан зүг харсан чинь Т нь Гтой хэрэлдээд, Т нь Гыг газар дараад авсан дээр нь гарсан байдалтай байсан. Тэгээд энэ хоёр зодоон хийж байна гэж бодоод бараа авсан хүнд мөнгөний хариулт өгч байтал дахин хүн орилох дуу чимээ гарсан тэгээд ахиад харсан чинь Т нь сандал барьчихсан харагдаж байсан. Зах хаагаагүй байсан учир их хөл хөдөлгөөнтэй байсан. Хүмүүс болиоч гэж хашгираад тэгээд Г, Т нар зодооноо больсон. Яг зодоо хийснийг нь хараагүй, Т нь Гыг алгадчихлаа тэгээд сандлаар цохьчихлоо гэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бгийн “...Түрдэг тэргийг өгсөнгүй гэж хоорондоо хэрүүл маргаан хийж эхэлсэн. Тэгсэн Т нь Гыг сандал дээр сууж байхад түлхэж арагш унагасан. Тэгээд босч ирээд хэрэлдсэнээ чамайг ална гээд Т нь Гын нуруу дал хэсэг рүү сандлаар цохиод дараа нь толгой руу цохиход тэнд байсан хүмүүс салгасан...” гэх мэдүүлэг, гэрч О.Бгийн”...Т нь Гыг сандлаар цохисон яг хаана нь цохисоныг нь хараагүй тэгээд газар унагачихсан дээр нь гарчихсан байсан. Би тэр үед бараа зараад байж байсан. Т, Г нар хэрүүл маргаан хийж зодоон үүсгэсэн. Т нь Гыг түлхэж унагасан, дараа нь сандал далийчихсан байсан ...” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хүнд хохирол учирсан талаар гарсан Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 358 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Ц.Тын бусдын биед халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Шүүгдэгч Ц.Т нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Ц.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Т нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд эрүүгийн хуульд заасан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ц.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Цийн Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тыг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ц.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР