Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2026/ДШМ/332

 

                                                                       

                                  

 

 

 

 

    2026           03            24                                                                                2026/ДШМ/332

 

Г.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

прокурор М.Батзаяа,

шүүгдэгч Г.Б-, түүний өмгөөлөгч Д.Даваа, Ш.Уранчимэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Н-,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан, 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2026/ШЦТ/76 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Б-, түүний өмгөөлөгч Д.Даваа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Г.Б-д холбогдох 2405000000772 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв. 

Ш- овгийн Г-ын Б- /РД: ОГ-/, ....., урьд ял шийтгэлгүй;

Шүүгдэгч Г.Б- нь 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Г- 28 дугаар гудамж, Г- тоот задгай хашаанд байрлах монгол гэрт иргэн Ү.П-г “гэрт архидан согтуурсан” гэх шалтгаанаар галын дэгээ төмрөөр толгой хэсэгт, гараараа нүүрний хэсэгт нь тус тус цохиж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.     

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ш- овогт Г-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ын арван хоёр жил, зургаа сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэсэн 12 жил, 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 84 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн 2405000000772 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, энэ хэрэгт битүүмжпэгдсэн хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.Б- энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Н- гомдолтой гэснийг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Б-гийн эдлэх ялыг 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Б- давж заалдах гомдолд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэрч нарын мэдүүлгүүд их зөрүүтэй байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12  жил, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэнд гомдолтой байна. Байцаагч Г- нь 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарыг хүртэл хэргийг шалгасан. Байцаагч М- хэргийг шилжүүлснээс хойш нэг талыг барьж шалгасан тул үнэн зөвийг олж өгнө үү. Миний бие одоо 44 настай, үлдсэн амьдралаа шоронд өнгөрүүлэхийг хүсэхгүй байгаа тул үнэн худлыг дэнсэлж, намайг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Б-гийн өмгөөлөгч Д.Даваа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Г.Б-гийн ял шийтгүүлсэн Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2024.05.14-ний өдөр болсон хэрэг бөгөөд хэрэг учрал болсон гэх газар аливаа асуудлыг бодитоор, үнэн зөвөөр мэдүүлэх нэг ч эрүүл хүн байгаагүй, бүгд согтуу, архины хамааралтай хүмүүс. Энэ тухай 1-р хавтаст хэргийн 52-57-р талд гэрчээр мэдүүлэг өгсөн Д.О-ын мэдүүлэгт: А-ийн гэрт байсан хүмүүс их архи уусан, бүгд согтолттой байсан гэж мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдоно. Тийм учраас энэ хэргийн гол гэрч болоод байгаа О.У-ыг болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлсэн гэж үзэхгүй байгаа. Шүүх болон прокурорын яллах дүгнэлтээр О.У-ын 1-р хавтаст хэргийн 71-73-р талд өгсөн мэдүүлгийг гол нотлох баримт гэж үзэж байгаа боловч 2024.08.16-ны өдөр У- эрүүл байж мэдүүлэг өгсөн гэдгийг нотлох боломжгүй.

2. Мөн тогтоолын гол үндэслэл болж буй баримт бол:

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024.06.18-ны өдрийн 1900 тоот дүгнэлтэд: Амь хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Haс барахын өмнө 24 цагийн дотор үүсгэгдсэн байх боломжтой гэх, 1-р хавтаст хэргийн 26-р талд авагдсан 2024.05.14-ний өдөр цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд дурдаснаар нас бараад 10-12 цаг орчим болсон байна гэх, энэ цагийн зөрүүний байдал ч анхаармаар асуудал байсан.

3. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол тодорхойлох хэсгийн 3 дахь заалтаар ...Г.Б- нь “гэрт архидан согтуурсан” гэх шалтгаанаар галын дэгээ төмрөөр Ү.П-гийн толгой, нүүр хэсэгт цохиж алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэсэн боловч хавтаст хэргийн 204-р талд авагдсан 2025.01.10-ны өдрийн 490 тоот дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: Төмөр болон шинжилгээнд ирүүлсэн бусад эд зүйлсээс гарын мөр илрээгүй тул цаашид харьцуулсан шинжилгээ хийх боломжгүй гэж дүгнэсэн. Шүүхийн хийсэн дүгнэлт, шинжээчийн дүгнэлтийн заалт 2 зөрүүтэй байгааг юу гэж ойлгож дүгнэх вэ?

4. Гэрч Б-ын А-ийн 2024.05.14-ний өдөр болон 2024.08.13-ны өдөр өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байсан учраас Б.А-ийг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт өмгөөлөгч гаргасан боловч А- нь удаа дараа согтууруулах ундаа хэрэглэсэн ирээд мэдүүлэг өгөх, авах боломжгүй байсан тул 2026.01.06-ны өдрийн шүүх хуралдаанд эрүү мэндийн шалтгаанаар оролцуулах боломжгүй гэж үзээд шүүхийн тогтоол гаргаж түүнийг шүүх хуралдаанд оролцуулаагүй болно. Хувь хүний эрүүл мэндийн шалтгааныг шүүх тогтоох уу? Эсвэл мэргэжлийн байгууллага тогтоох уу? гэдэгт хариулт хэрэгтэй байна. Анхан шатны шүүх шүүх хуралдаанд шинжлэн судласан нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд тэдгээрийг үгүйсгэсэн, няцаасан нотлох баримт байхгүй, түхайн баримтаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж үнэлсэнтэй санал нийлэхгүй байна.

Мөрдөн шзлгах ажиллагааны явцад /Эхний үед/ Г.Б-г бусдын амь нас хохироосон гэх асуудалд үнэхээр эргэлзэцгээж байсан. Учир нь хэрэг учрал болсон гэх газар \гэрт\ эрүүл ухаантай гэрч нэг ч байгаагүй тэднээс мэдүүлэг авахад хүндрэлтэй байсан. О- бол сүүлд А-ийн гэрт орж ирж цагдаа, түргэн дуудсан болохоос хэргийн талаарх ямар нэгэн үйлдлийг хараагүй.

Энэ хэрэг эргэлзээтэй, бусдыг хилс хэрэгт гүтгэх магадлалтай гэж үзсэн учраас прокурор Г.Б-гийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтанд гаргасан. Харин 2025.02-р сард гарсан цусны бүлэг тогтоосон дүгнэлтүүдийн дараа Г.Б-д холбогдуулан бүртгэсэн хэргийг прокурорт шилжүүлж, яллах дүгнэлт үйлдэгдсэн.

Шинжээчийн дүгнэлтээр О.У-, Г.Б- нарын аль аль нь 1-р бүлгийн цустай гэсэн дүгнэлт гарсан. Энэ нь бас л эргэлзээ төрүүлэх үндэслэл болдог.

Шүүгдэгч Г.Б-г согтуу гэрч нарын мэдүүлгээр, бусдын амь насыг хохироосон нь хөдөлбөргүй нотлогдсон гэж үзэх нь хууль зүйн үндэслэлтэй эсэх, хэрэгт цугларсан нотлох баримтууд эргэлзээтэй байх тул 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2026/ШЦТ/76 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан эсэхийг дүгнүүлэхээр гомдол гаргаж байна. ...” гэв.

Шүүгдэгч Г.Б-гийн өмгөөлөгч Ш.Уранчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт холбогдон шийтгэгдсэн шүүгдэгч Г.Б-г уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхэд эргэлзээтэй. Хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд бүгд хоорондоо зөрүүтэй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалган тогтоосны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч болон прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг эргэлзээгүй тогтооно гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна. Г.Б- гэмт хэргийг үйлдэхдээ ямар санаа, зорилго, сэдэлтэй байсан, яагаад амь хохирогчийн амь насыг хохироох болсон эсэхийг зайлшгүй шалгаж тогтоох шаардлагатай байсан. Гэрчүүдийн хувьд тогтвортой мэдүүлгүүд өгдөггүй, бүх мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй. Мөрдөгч гэрчийн мэдүүлгүүдийн зөрүүг арилгах талаас нь ажиллаагүй. Хавтаст хэргийн 204 дүгээр талд 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 490 тоот дүгнэлтийн дүгнэлт хэсэгт “төмөр болон шинжилгээнд ирүүлсэн бусад эд зүйлсээс гарын мөр илрээгүй тул цаашид харьцуулах шинжилгээ хийх боломжгүй” гэж дүгнэсэн. Гэтэл шүүх шинжилгээний дүгнэлтээр амь хохирогчийг битүү гэмтэл, зүрх судасны дутагдлын улмаас амь хохирсон гэж дүгнэсэн. Шүүгдэгч Г.Б-г амь хохирогчийг дэгээ төмрөөр олон удаа зодсон гэж тодорхойлсон. Үүнтэй холбоотой битүү гэмтэл дэгээ төмрийн үйлчлэлээс үүсэх үү гэх асуудал яригдана. Шүүх хуралдаанд шинжээч эмчийг оролцуулах ёстой байсан. Яллах тал шинжээч эмчийг шүүх хуралдаанд оролцуулах талаарх хүсэлтийг тавьсан боловч энэ зөрүүг арилгалгүйгээр шүүх хуралдааныг хийсэнд эргэлзэж байна. Шинжээч эмч энэ эргэлзээг мэргэжлийн хүний хувьд тайлах ёстой байсан. Ийм учраас миний хувьд хэргийн бодит байдлыг тогтоогоогүй учраас прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэж байна. Гэмгүй хүнийг гэм буруутайд тооцож, гэмтэй хүн нь ял завших нөхцөл бүрдэж байна. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Н- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэрчүүд согтуу мэдүүлэг өгсөн гэж тайлбарлаж байна. Янз бүрийн гэмт үйлдлийг хүн согтуу байхдаа харсан тохиолдолд тухай гэрчийн өгсөн мэдүүлэг үгүйсгэгдэх юм уу. Шинжээчийн дүгнэлтээр гэмтэл 24 цагийн дотор үүссэн байх боломжтой гэсэн болохоос 24 цагийн гадна үүссэн гэж дүгнээгүй гэж би ойлгосон. Г.Б- тухайн үйлдлийг санаатай үйлдээгүй байх гэж бодож байна. ...” гэв.

Прокурор М.Батзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаан мэтгэлцээний үндсэн дээр явагдсан. Г.Б- өөрийнхөө талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээгээгүй, түүний өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй байдаг. Шүүх бүрэлдэхүүн болон миний бие хэргийг хөндлөнгөөс уншиж шүүх хуралдаанд оролцсон. Шүүх хуралдаанд би Г.Б-д хандаж “танд итгэе гэхээр таны өгсөн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байна” гэж хэлсэн. Өмгөөлөгч “согтуу хүмүүсээс мэдүүлэг авсан” гэж тайлбарлаж байна. Тухайн хэрэг болох үед 103 болон цагдаагийн бүрэлдэхүүн ирж хэргийн газрын үзлэг хийхдээ О-аас гэрчийн мэдүүлэг авч, бусад хамт байсан гэрчүүдийг цагдаагийн хэлтэс рүү авч явсан нөхцөл байдал тогтоогддог. Дээрх гэрчүүд мэдүүлэг, тайлбараа хуулийн хугацаанд өгсөн. Харин дараагийн удаа дахин мэдүүлэг өгөхөд мэдүүлгийн зөрүү гарч эхэлсэн. Улсын яллагчийн зүгээс Г.Б- таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж гарсан хойно дээрх гэрчүүдэд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй гэж үзсэн. Шүүхийн шийтгэх тогтоолын 9 дүгээр талаас харахад 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн гэрч А-, Б-, Г- нарын мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй байдаг. 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн У-ын мэдүүлгийг мөн дурдсан байсан. Шинжээчийн дүгнэлтээр 24 цагийн дотор гэмтлийг авна гэсэн, цогцосны гадна үзлэгт 10-12 цаг гэж үзсэн байдаг. Цагийг нь тооцоолж үзэхэд, 9-11 цагийн хооронд дээрх гэмтлийг авсан талаар эргэлзээ үүсгэхгүй гэж тайлбарласан. 9-11 цагийн хугацаанд Г.Б- орж ирсэн гэдэг талаар гэрчүүд мэдүүлдэг. Мөн шүүгдэгч Г.Б- энэ талаараа мэдүүлсэн. Б.А-ээс удаа дараа гэрчийн мэдүүлэг авсан. Сүүлд Б.А-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан талаарх баримт хэрэгт авагдсан. Шүүх хуралдаанд Б.А- удаа дараа согтуурсан байдалтай ирсэн тул ойролцоогоор хагас жилийн хугацаанд Б.А-ээс шалтгаалж шүүх хуралдаан хойшилсон. Үүнээс харахад тухайн этгээд шүүх хуралдаанд санаатай оролцохгүй байх зорилготой байсан гэж үзэхээр байна. Сүүлийн шүүх хуралдаанд Б.А- мөн согтуурсан байдалтай хүрэлцэн ирсэн байсан учраас түүнийг оролцуулахгүйгээр үргэлжлүүлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророоос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэж зааснаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Г.Б-гийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.               

Хавтаст хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01/119, 01/118, 490, 01/014, 1251, 1383, 1428 дугаартай дүгнэлтүүд /1-р хх-ийн 180-181, 188-190, 204-205, 214-215, 219-220, 231-232, 238-239/,

гэрч Б.А-ийн: “...2024 оны 5 дугаар сарын 14-ний өглөө Г-, П-, Б-, У- бид тав архи ууж байхад 09 цагийн үед Б-, А- гэдэг залуутай ирсэн. Б- орж ирээд п...д минь би сая найз хүүхэн Баярмаатай зодоон хийж байгаад ирлээ гээд бид нарт агсан тавьж байгаад, галын сэтгүүр төмрөөр Г-ын толгой руу нь цохиж зодсон. Г- ахаа больчих гээд зугтаагаад байсан. Б- талийгаач П-г тэр төмрөөрөө цохиж зодоод байсан. Б- П-гийн хаана, хэдэн удаа цохисныг би хараагүй. ...Орой 16 цагийн үед манай гэрт О- ирээд П-г хараад энэ хүн чинь нас барчихсан юм биш үү, нүүр, уруул нь хөхөрсөн байна гэж хэлсэн. О- цагдаа, болон 103-т дуудлага өгсөн, ...Б- Г-ыг надтай хардаж гэр тойруулаад дэгээ төмрөөр цохиж зодсон, Ү.П- боль гэхэд Б- төмрөөр П-г цохиж зодсон. ...”/1-р хх-ийн 44-46, 103-104/,

гэрч Ч.Б-ийн: “...2024 оны 5 дугаар сарын 14-ний өглөө 09 цагийн үед намайг сэрэхэд А-, Г-, талийгаач нар байсан. Талийгаач гэрийн хоймор хэсэгт унтаж байсан, ойр орчимд ямар нэг цус болсон зүйл байхгүй, царай зүс нь зүгээр байсан. Харин А-, Г- хоёр гэрийн баруун талд байрлах орон дээр байсан. Г- гаднаас 0,75 литрийн архи авчирсан. Г-, А- бид гурав тухайн архиа задлаад хувааж уусан, би нэлээн согтоод 13 цагийн үед тухайн гэрийн хажууд байх өөр гэрт орж унтсан, 15-аас 16 цагийн үед цагдаа нар ирээд намайг сэрээсэн. ...Г- бид хоёр талийгаачтай хэрэлдэж маргасан зүйл байхгүй, архи уучихсан байсан болохоор сайн санахгүй байна. Тэгэхдээ Г- бид хоёроос өөр эрэгтэй хүн тэнд байгаагүй. ...П- надад юу ч хэлээгүй, харин У-, Г- хоёр Б- галын дэгээ төмрөөр цохисон гэж хэлсэн. ...” /1-р хх-ийн 42, 94-95/,

гэрч Г.Г-ын: “...талийгаач П- хоймор хэсэгт зурагтын өмнө баруун зүг рүү толгойгоо харуулаад газарт унтацгаасан. ...Б- А-ийн гэрт 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 12 цагийн үед ирээд “гэр орон архины оромж болголоо” гээд галын сэтгүүр төмрөөр намайг цохиж зодсон. ...А-ээс бусад бүх хүнийг галын сэтгүүр төмрөөр зодсон. Талийгаач П-г яаж, хэдэн удаа цохисныг хараагүй. ...Талийгаач П-гийн хөл, гар руу 2-3 удаа цохисон гэж А- ярьж байсан. ...нэмж хэлэхэд А- Б-д хандаж “Б- муу п... минь чи П-г галын сэтгүүрээр цохио биз дээ” гэж хашхираад байсныг би сонссон. Б- талийгаач П-гийн биед халдаж цохиж зодсон юм болов уу гэж бодож байна. П- 2024 оны 5 дугаар сарын 13-ны өглөө А-ийн гэрт жижиг У-тай хамт ирсэн, тэрнээс хойш тасралтгүй архи уусан...” /1-р хх-ийн 49-50, 77-79/,

гэрч Б.О-ын: “...би А-ийн гэрт очиход тэр хавиар архи ууж харагддаг байсан гурван залуу байсан. Нэг залуу /талийгаач/ нь дээшээ харсан, ухаангүй байдалтай байсан. Нөгөө хоёр залуу маргалдаад байсан, тэр маргалдаад байсан хүмүүсийг болиулаад газар хэвтэж байсан залуу дээр очоод сэрээрэй гэтэл ерөөсөө сэрэхгүй байсан, амьсгалыг нь шалгахад амьсгалахгүй, нүүр ам нь хөх өнгийн туяа орчихсон, ам хэсгээс нь цус мэт хүрэн улаан өнгийн зүйл гоожсон байдалтай байсан. Тэгээд би тэр хүмүүст хандаж энэ хүн нас барсан байна, цагдаа болон эмнэлэг дууд гэж хэлээд би өөрийн 86хххх57 дугаараас түргэн болон цагдаа дуудсан. Намайг гэрт нь ороход цэнхэр өнгийн цамцтай эрэгтэй “А-ийг нас барсан эрэгтэйтэй унтчихсан” гэж Б-д хэлэхэд Б- тэнд байсан хүмүүсийг бүгдийг нь хардаад зодсон гэж хэлж байсан. А-ийн гэрт байсан хүмүүс архи их уусан, бүгд согтолттой байсан. ...” /1-р хх-ийн 52-57/,

гэрч О.У-ын: “...Би архи ууж байгаад согтоод П-гийн хөлд, А-, Г- нар эвхдэг орон дээр, П- зуухны хойно газар унтацгаасан. Б- газар унтсан. Маргааш нь буюу 2024 оны 5 дугаар сарын 14-ний өглөө ...10 цагийн үед Б- ганцаараа орж ирсэн. Б- “харанхуйгийн доод талынхан яагаад манай гэрт байгаад байна’’ гэж хэлээд П- дээр очоод галын дэгээ төмрөөр П-гийн өмдийг тайлаад эрхтэнг нь гаргаад, төмрөөр цохиод, хөлөөрөө П-гийн толгой болон цээжин дээрээс нь дэвсээд, Б- П-г А-тэй хардаад зодоод байсан. Б- П-гийн эрүүн доороос нь гараараа цохисон, амнаас нь цус гарч байсан. Б-г зодож байхад П- сэрэхгүй унтаад юу ч дуугарахгүй байсан, дараа нь Г-ыг тэгээ төмрөөр зодоод байсан. Харин Г- юу ч хэлэхгүй суугаад зодуулсан. Б- дараа нь дэгээ төмрөөр миний зүүн гуянд 5-аас 6 удаа цохисон. Б- бид нарыг зодчихоод гараад явсан, хэсэг хугацааны дараа гаднаас О- орж ирээд П-г хараад энэ хүн чинь нас барсан байна гэж хэлсэн. О- цагдаад дуудлага өгсөн. ...Б- П-г салсан эхнэр А-тэй хардаад зодсон. П-гийн өмдийг Б- тайлаад, дэгээ төмрөөр эрхтнийг нь 2 тийш нь хөдөлгөөд байсан. ...П- газар дээшээ хараад унтаж байсан. Б- бид нарыг 4-5 минут зодсон, ...Б- их согтоогүй байсан. ...” /1-р хх-ийн 71-73/,

гэрч Х.О-ын: “...2024 оны 5 дугаар сарын 14-ний өглөө 08 цагийн үед А-ийн гэрт орсон. Намайг гэрт ороход А- баруун талын орон дээр, газраар Б-, П- нар хэвтэж байсан, гаднаас Г-, жижиг У-, А- нар орж ирсэн, Г- намайг ганц юм аваад өгчих гэхээр нь би 10,000 төгрөг А-т өгч архинд явуулсан, А- дэлгүүрээс нэг шил 0,75 граммтай архи авчирсан, бид нар гэрээс нь гараад хашааны үзүүрт архиа хувааж уусан. П- өндийж ирээд намайг хараад сайн явж ирсэн үү гэхэд нь би сайн явж ирсэн гээд гар барьсан. Харин П- босож ирээгүй, хэвтээд байсан. Би архи уучихаад гэр лүү нь буцаж ороогүй, шууд гэртээ харьсан. ...Би П-г хэнд зодуулсныг мэдэхгүй, намайг ороход П- зүгээр байх шиг байсан. Бид нар хоорондоо хэрүүл маргаан хийгээгүй, намайг байхад ямар ч зодоон болоогүй. ...О-, Б- нар байгаагүй...” /1-р хх-ийн 74-75/,

гэрч Б.А-ын: “...Би 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 11 цагийн үед А-ийн гэрт очсон, би урьд шөнө нь бага зэрэг архи уусан байсан. Намайг А-ийн гэрт ороход О-, О-, Б-, Б-, П-, А- нар 0,75 граммтай архи ууж байсан. А- надад архи хийж өгсөн. Тэд нар хөдөө явж ажил хийсэн талаараа ярьж байсан. Би гэрт нь нэг цаг орчим болоод гарсан. Намайг гэрт нь ороход П- зуухны хойд талд газар унтаж байсан. П- босоогүй, сэрэхгүй байсан, ор луу хажуу тийшээ харсан хэвтэж байсан. Намайг байхад зодоон болоогүй...”/1-р хх-ийн 100-101/,

Г.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг: “...2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 23 цагийн үед Улаанбаатар хотод ирсэн. 2024 оны 5 дугаар сарын 14-ний өглөө 9 билүү 10 цагийн үед намайг унтаж байхад О- А-тай хамт ирээд А-ийн гэрт хүмүүс архи ууж байна, хамт очих уу гэж хэлсэн. Би зөвшөөрөөд хамт гарсан. Бид 3 шууд А-ийн гэрт очиход Г-, жижиг У-, Б-, П- нар бүгд хэвтэж байсан. ...11 цагийн үед би гэрээс нь гараад явсан, тэд нар үлдсэн. ...” /1-р хх-ийн 7-9, 60-62/,

гэрч Д.Б--н: “...өглөө нь 10 цагийн үед Б- А-ийн гэрт очно гээд гэрээсээ гарах гээд байхаар нь би Б-г битгий, А-ийн гэрлүү яв хамт зах явъя гэж хэлсэн, харин Б- надаас мөнгө нэхээд байхаар нь би өгөөгүй, Б- би хойшоо явлаа гээд 11 цагийн үед гэрээс ганцаараа гараад явсан. Б- нэг цагийн дараа гэрт буцаж ирсэн. Орж ирэхдээ жаахан архи уусан байсан. Б- ганц юм уучхаад ирлээ гэж байсан. Б- намайг чи охинтойгоо хамт зах явчих, би жаахан унтлаа гээд хэвтээд өгсөн. ...” /1-р хх-ийн 65-66/ гэсэн мэдүүлгүүд,

Г.Б-гийн галын дэгээгээр зодсон үйл явдал тухайн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 11 цагаас 12 цагийн хооронд болсон талаар мэдүүлсэн гэрч нарын мэдүүлгийг давхар нотолж буй 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 1900 дугаартай шинжээчийн “...Дээрх гэмтлүүд нь нас барахаас өмнө 24 цагийн дотор үүсгэгдсэн байх боломжтой. ...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 146-149/, 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 22 цаг 13 минутад  цогцосны гадна биед үзлэг хийсэн “...Нас бараад 10-12 цаг орчим болсон байна...” /1-р хх-ийн 33/ гэх тэмдэглэл,

гэрч Б.А-ийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “...талийгаач Ү.П-г Г.Б- нь галын төмрөөр цохисон...” гэх гэрчээр мэдүүлсэн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2-р хх-ийн 28-30/,

 Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 1900 дугаартай: “...Шинжилгээгээр амь хохирогч Ү.П-гийн цогцост их тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэн, зүүн талын бөмбөлгийн суурийн дэлбэнгийн хатуу хальсан доор цусан хураа, баруун духны дэлбэнгийн аалзан хальсан доорх голомтот цус харвалт, уруул, зүүн ташаанд няцарсан шархтай, цээж гуя, баруун өвдөг, шилбэнд цус хуралт, цээж зүүн шилбэ, баруун өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удА-н үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь нас барахаас өмнө 24 цагийн дотор үүсгэгдсэн байх боломжтой. Амь хохирогч нь тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан байна. Амь хохирогч нь элэгний архаг үрэвсэл, зүрхний булчингийн эмгэгшил өвчтэй байна. 1-р бүлгийн цустай байна...” /1-р хх-ийн 146-149, 150-155/ гэсэн шинжээчийн дүгнэлт,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 829 дугаартай: “...Г.Б- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Г.Б- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Урьд сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл байхгүй байна. Г.Б- нь хэрэг хариуцах чадвартай байна. Гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан жолоодох чадвартай байсан байна. Г.Б- нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна...” /1-р хх-ийн 174-175/ гэсэн шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар,

шүүгдэгч Г.Б-гийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Г- 28 дугаар гудамж, Г- тоот задгай хашаанд байрлах монгол гэрт иргэн Ү.П-г “гэрт архидан согтуурлаа” гэх шалтгаанаар, галын дэгээ төмрөөр болон дэвсэх зэргээр  хүч хэрэглэн цохиж зодсон, тус зодолтоос авсан гэмтлийн шалтгаантайгаар  иргэн Ү.П- нас барсан үйл явдал нотлогдон тогтоогдсон байна.  

2. 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр, өмнөх 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр амь хохирогч Ү.П- нь хэн нэгэн хүн муудалцсан болон зодолдсон, Ү.П-д гэмтэл учирсан байсан талаар амь хохирогч Ү.П-тай хамт байсан гэрчүүд мэдүүлээгүй байх ба харин 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Г.Б- гаднаас орж ирэн “архидлаа” гэх шалтгаанаар тухайн гэрт байсан хүмүүсийг галын дэгээ төмрөөр цохиж зодсон, мөн Ү.П-г ч зодсон ба Г.Б-д зодуулснаас хойш Ү.П- босоогүй талаар харилцан зөрүүгүйгээр мэдүүлсэн байна. Гэрч нарын мэдүүлсэн “...Г.Б-д амь хохирогч Ү.П- зодуулаад босоогүй, амь нас нь хохирсон...” байсан талаарх мэдүүлгүүдэд зөрүүтэй байдал байхгүй байна.

Түүнчлэн, Г.Б-гийн иргэн Ү.П-г хэрхэн зодсон талаар Ү.П-гийн хөлд унтаж байсан О.У-ын гэрчээр мэдүүлсэн: “...Би архи ууж байгаад согтоод П-гийн хөлд, А-, Г- нар эвхдэг орон дээр, П- зуухны хойно газар унтацгаасан. Маргааш нь буюу 2024 оны 5 дугаар сарын 14-ний өглөө ...10 цагийн үед Б- ганцаараа орж ирсэн. Б- “харанхуйгийн доод талынхан яагаад манай гэрт байгаад байна’’ гэж хэлээд П- дээр очоод галын дэгээ төмрөөр П-гийн өмдийг тайлаад эрхтэнг нь гаргаад, төмрөөр цохиод, хөлөөрөө П-гийн толгой болон цээжин дээрээс нь дэвсээд, Б- П-г А-тэй хардаад зодоод байсан. Б- П-гийн эрүүн доороос нь гараараа цохисон, амнаас нь цус гарч байсан. Б-г зодож байхад П- сэрэхгүй унтаад юу ч дуугарахгүй байсан, дараа нь Г-ыг тэгээ төмрөөр зодоод байсан. Харин Г- юу ч хэлэхгүй суугаад зодуулсан. Б- дараа нь дэгээ төмрөөр миний зүүн гуянд 5-аас 6 удаа цохисон. ...П-гийн өмдийг Б- тайлаад, дэгээ төмрөөр эрхтнийг нь 2 тийш нь хөдөлгөөд байсан. ...П- газар дээшээ хараад унтаж байсан. Б- бид нарыг 4-5 минут зодсон, ...Б- их согтоогүй байсан. ...” /1-р хх-ийн 71-73/ гэх мэдүүлэг нь цагдА-н бие бүрэлдэхүүний хэргийн газрын үзлэг хийхдээ бэхжүүлэн авсан “...амь хохирогчийн өмд шувтарсан, бэлэг эрхтэн нь гарсан байдалтайгаар нас барсан байгаа...” гэрэл зураг /1-р хх-ийн 28-29/-аар нотлогдож байна.

Иймд 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр иргэн Ү.П- нь Г.Б-д зодуулсан гэмтлийн шалтгаанаар амь нас хохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд, шүүгдэгч Г.Б-гийн үйлдлийн талаар хийсэн анхан шатны дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгч Г.Б-гийн  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргээр зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Б-, түүний өмгөөлөгч Д.Даваа нарын гаргасан “...Г.Б-гийн үйлдэл хөдөлбөргүй нотлогддоггүй, хэрэгт цугларсан нотлох баримтууд эргэлзээтэй...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял...” оногдуулахаар заасан.

Анхан шатны шүүх, Г.Б-д 12 жил 6 сар жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж, тус хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.

4. Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх чиг үүрэг бүхий шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага байхад хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасан өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулахаар шийдвэрлэв. 

5. Шүүгдэгч Г.Б-гийн шийтгэх тогтоол гарсан 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нийт 77 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2026/ШЦТ/76 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, ...” гэснийг “...Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. ...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Б-, түүний өмгөөлөгч Д.Даваа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-гийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 77 /далан долоо/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                               

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т.ШИНЭБАЯР

            ШҮҮГЧ                                                                 С.БОЛОРТУЯА

ШҮҮГЧ                                                      Д.ОЧМАНДАХ