Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 189

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж 

          Улсын яллагч: Б.Батсайхан  

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э 

Хохирогч: Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Яийн Дд  холбогдох 1812000700104 тоот хэргийг хэлэлцэв. 

 

Шүүгдэгч:  Б овогт Яийн Д

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Я.Д нь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 13-15 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Амтлаг” нэртэй бейкериний газрын хөргөгчийн 2 ширхэг шилийг хагалж гэмтээсний улмаас иргэн Б.Бад 789.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

 

*  Хохирогч Б.Бын шүүх хуралдаанд мэдүүлсэн “...Хэрэг болсноос хойш нөхцөл байдал ямар байгаа бэ гэхээр Дгийн хувьд сэтгэцийн өвчтэй гэж харагдах боловч манай байгууллагаар үйлчлүүлээд гардаг хөдөөний хүмүүсийг орж ирээд гарах хооронд бүтэн овог нэрийг нь хэлээд, тухайн хүнийг хэдэн онд төрөөд ямар хүүхэд гаргасан талаар нь бүгдийг нь мэддэг. Би тэр хүнийг ой тогтоолт сайн хүн байна гэж ойлгодог. Ярьж байгаа зүйлийг  нь сонсоод суумаар ч юм байна, сонсоод суумааргүй ч юм байна, миний хувьд юунд эмзэглэдэг вэ гэхээр манайхаар үйлчлүүлж байгаа ихэнх хүмүүс нь дандаа хүүхдүүд байдаг. Үйлчилгээний газрын аюулгүй байдлыг хангах үүрэг нь манай байгууллагад байдаг. Гэтэл Дгийн хувьд манай үйлчлүүлэгч мэт орж ирчихээд манай үйлчлүүлэгч нарыг дарамталдаг. Ямар нэгэн байдлаар тэдгээр хүмүүст хохирол учрах магадлал өндөр байдаг. Манай байгууллагад үйлчлүүлж байгаа иргэн хохирох юм бол бид болох удирдлагууд арга хэмжээ авахуулдаг. Дг ороод ирэхээр аргадаж, кофе цай хийж өгөөд аргадаад гаргадаг, хааяа шаардлага тавьдаг. Хүн ихтэй үед Д эгчээ та дараа орж ирээрэй, одоо ингээд явж болох уу гэх мэтээр эвийг нь олж хэлдэг. Бид үйлчилгээний байгууллага учраас нэг ширээн дээр хүн суулгаад орлого оруулахыг бодно шүү дээ. Гэтэл Д манайд орж ирэхээрээ ширээ сандал эзлээд 2-3 цаг сууж, үүрч явсан цүнхнээсээ нойлын цаас өөр юу байдгийн бүгдийг гаргаж ирж суугаад тэр ойр орчимоор нэг хөглөрүүлж хаядаг, тэр хөглөрүүлж хаясан нойлын цаас хогийг нь манай байгууллага цэвэрлэдэг. Манайд орж ирчихээд үйлчлүүлэгч нарын идэж байгаа зүйлийг булаадаг, мөнгө нэхдэг, идэх зүйл өгөхгүй бол хэл амаар доромжилдог, энэ байдал нь маш хүнд байна. Түүний энэ байдалтай манай байгууллага сүүлийн 3-4 жил эвлэрээд явж байна. Д гэх хүнийг асарч хамгаалаад яваад байгаа хүн нь хаана байна, юу хийгээд яваад байна. Энэ хүн чинь өөрөө асаргааны мөнгө авдаг гэж байгаа, тэр мөнгөний төлөө тэр хүмүүс асаргаандаа авчихаад байгаа юм уу, энэ тохиолдолд төрөөс яаж миний болон миний үйлчлүүлэгч нарын эрх ашгийг хамгаалах юм бэ. Нэг үйлчлүүлэгч орж ирээд, нөгөө үйлчлүүлэгчээ дарамталдах энэ байдлыг яаж нэг мөр болгох уу, энэ гаргалгааг хэлээд, хийгээд өгөх хүн байна уу. Энэ үнэхээр асуудал болоод байна. Энэ хурлын дараа Д чөлөөтэй яваад, манайхаар үйлчлүүлээд, нөгөө гаргадаг ааш авираа гаргаад яваад байх юм уу. Энэ тохиолдолд би яах уу, миний үйлчлүүлэгчийн эрх ашиг зөрчигдөөд байна, би 4 жил ийм байдалтай явж байгаа учраас би аргаа бараад цагдаад гомдол гаргасан. Ганцхан энэ удаагийн өргөдлөөр би юуг шийдэх гээд байгаа юм бэ гэхээр үйлчлүүлэгч нарын минь хохирол зөндөө байгаа, би тэр талаар бичээгүй, би хөргүүрээ хагалуулсан ч  гэсэн түр хөргүүр тийм үнэтэй биш. Би хөргүүртээ шилэн нүүр авчихсан ч гэсэн нөгөө хөргүүрт айлын нялх хүүхдүүд орж ирээд хөргүүр онгойлгох юм уу гар хуруугаа хүргэхэд гараа эсгэнэ. Тэр эрсдэлээс айгаад би 5 хөргүүр авсан 45.000.000 төгрөгөөр авсан байгаа. Эргээд бодохоор үнэлэмж нь өөр  байгаа юм. Миний үйлчлүүлэгч болон надад маш их эрсдэл дагуулаад байна. Та нарын суудал дээр хүн орж ирээд шээгээд гараад явбал яах уу, тэр хүн манайд орж ирж үйлчлүүлээд сандал дээр шээгээд гараад явдаг. Энэ байдал байнга тохиолдог. Шээнэ, хүндрэхээс наагуур болдог. Д цүнхнээсээ жижиг хэмжээтэй мэс хутга гаргаж ирээд талхаа зүсдэг. Яаж мэдэх юм бэ миний үйлчлүүлэгч нарын нэгийг нь гэмтээчих юм бол бид яах юм бэ. Д эгчийг хүүхэд байхаасаа мэднэ, энэ хүнийг мэддэг болохоороо би өдий хүртэл тэвчиж ирсэн. Би хэн нэгний өмнөөс хариуцлага хүлээгээд явмааргүй байна. Зөрчлийн хууль гэж гарсан, би тэр хуулиас айж байна,цаашид үнэхээр тэвчиж чадахгүй юм байна...” гэх мэдүүлэг, 

 

* Эрүүгийн 1812000700104 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

* Хохирогч Б.Бын өгсөн:  

“...Би ажил дээрээ байж байтал манай амтлаг бейкеригийн 1 дүгээр салбарын худалдагч Б надруу залгаад Заяа ирээд бужигнуулаад хөргөгчний шил хагалчихлаа гэсэн. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгчихөөд яваад очиход Д гараад явчихсан манай бекейригийн шалаар дүүрэн шил болчихсон байсан. Д нь манай 2 салбараар өдөрт 2-3 удаа орж ирдэг. Манай нөхрийг харахаараа хэл ам хийхгүй шууд гараад явчихдаг. Нөхрийг байхгүй үед орж ирчихээд гарахгүй 2-3 цаг сууна.  Манайд үйлчлүүлж байгаа иргэд рүү дайраад идэж байгаа зүйлийг нь гуйх, эсвэл элдвийн юм чанга дуугаар ярьж үйлчлүүлж байгаа иргэдийн тав тухыг алдагдуулах явдал байнга давтагддаг. Бид аргадаж гуйгаад кофе цай өгч байж гаргадаг. Хэрвээ юм өгөхгүй бол хүн юм өгөхийг хүлээгээд хэдэн цагаар ч хамаагүй суучихдаг. Хэвтээ хөргөгчийг 2014 онд 1,450.000 төгрөгөөр худалдаж авсан 1.5м х 1м харьцаатай малтлагатай шилэн нүүртэй хөргөгчний гадна талын нүүр шил, 0.6м х 1.4м харьцаатай босоо хөргөгчний дотор талын шил хагарсан. Энэ 2 хөргөгч нь хоёулаа Хятад улсад үйлдвэрлэгдсэн 4 жил хэрэглэж байгаа хөргөгчнүүд байгаа. Дгийн хагалсан 2 хөргөгчний нүүр шилийг хийлгэхэд 390.000- 460.000 төгрөг болох юм билээ. Би хөргөгчний нүүр шиллүүлэх үнийг нэхэмжилнэ..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар тал/, 

*Хохирогч Б.Бын дахин өгсөн: 

“...Би тухайн үед хаалганы шил хагалсан байна гэж ойлгоод өргөдөл дээрээ бичсэн юм. Би яг хэрэг болох үед байгаагүй бөгөөд сүүлд нь ирсэн. Тэгээд юу болсоныг ажилчдаасаа асуухад хаалганы шилийг хагалаагүй өөрөө хаагдаж нээгдэхдээ хагарсан гэсэн. Тийм учраас л хаалганы шилний талаар урьд өмнө нь мэдүүлэг өгөхдөө мэдүүлээгүй. 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ойролцоогоор 13-15 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Амтлаг нэртэй бейкири дотор Д нь хогийн шүүрээр хөргөгчний нүүрэн шилнүүдийг цохиж хагалсан байсан. Д нь бейкерийд байнга орж ирдэг. Идэж уух юм өгөхгүй бол уурладаг, ажилчид болон үйлчлүүлэгч нараас юм гуйдаг. Тэгээд гарах талаар шаардлага тавихаар ажилчдыг харааж дормжилдог, уурладаг. Тухайн үед мөн л дээрх үйлдлээ гаргасан байсан. Ажилчид шаардлага тавихад уурлаж хөргөгчний нүүр шилнүүдийг хагалсан байсан. Хэрэг болох үед байгаагүй учраас нарийн зүйлийг нь сайн ойлгоогүй байхдаа өргөдөл бичсэн. Харин сүүлд нь ажилчдаас лавлаад асуутал хогийн шүүрээр цохиж хагалсан байсан. Хогийн шүүр нь муудсан, солих болсон шүүр байсан учраас хаясан. Угаасаа манай байгууллага нэг шүүрийг 6 сар ашиглаад сольдог юм. Уг хугацаа нь болсон байсан. Би хохирол болох 789.900 төгрөг, үүн дээр үнэлгээ хийлгэхэд зарцуулсан 30.000 төгрөг, нийт 819.900 төгрөгийг нэхэмжилж байна, түүнд гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/ 

 

* Гэрч С.Бгийн өгсөн: 

“...Би амтлаг бейкерид худалдагч хийдэг. Д гэж сэтгэцийн өвчтэй хүн манайхаар байнга орж ирээд манай ширээн дээр суучихаад идэх юм гуйгаад байдаг.  Манайхаар үйлчлүүлж байгаа иргэд наад хүнээ гаргаач гээд бухимдаад байдаг юм. Тэр эгчээс өөрөөс нь маш эвгүй үнэр үнэртдэг. 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр орж ирчихээд гарахгүй манайд үйлчлүүлж байсан иргэдээс идэх юмыг нь гуйгаад байхаар нь Заяа эгчээ гараарай гээд жаахан ширүүхэн хэлчихсэн чинь гарах гэж явсанаа гэнэт үүдэнд байсан шалны шүүр аваад хэвтээ хөргөгчний нүүрний шилийг цохиод хагалаад, босоо хөргөгчний хаалгыг хүчтэй саваад дотор талынх нь шилийг хагалсан. Тэгээд гараад явахдаа манай хаалгыг модоор цохиод шилийг нь хагалсан. Энэ хүн манайхаар байнга орж ирж үйлчлүүлж байгаа хүмүүсээс юм гуйх, идэж байгаа зүйлийг нь булааж иддэг.  Манайхаар 3 жилийн өмнөөс эхлээд орж ирдэг болсон. Бид нар ороод ирсэн үед нь аргадаж гуйгаад гаргадаг. Тэр өдөр гарахгүй болохоор нь жаахан ширүүхэн дуугарчихсан чинь уурлаад хамаг юм хагалаад хаячихсан. Бид сэтгэцийн өвчтэй гэдгийг нь мэддэг болохоор аль болох уурыг нь хүргэхгүй байхыг хичээдэг. Босоо болон хэвтээ 2 хөргөгчний нүүр, дотор талын хаалганы шилийг тус тус хагалсан... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/ 

 

*Гэрч Б.Дын өгсөн: 

“...Д нь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шиг санагдаж байна, өдрийн 13-15 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Амтлаг нэртэй бейкерид орж ирсэн юм. Тэгээд хоёр худалдагч эмэгтэй түүнээс гарахыг шаардахад уурлаад 2 хөргөгчний нүүрэн 2 шилийг шүүрний ишээр цохиж хагалсан. Тухайн үед бол Амтлаг бейкерид дотор үйлчлүүлэгч нар болон Б Ж, Б, Г бид нар байсан. Үйлчлүүлэгч нарыг танихгүй. Д нь өдөр бүр Амтлаг бейкерид орж ирээд хүмүүсээс юм гуйдаг, өгөхгүй бол янз бүрээр хэлдэг, худалдагч нараас байнга юм нэхэж доромжилдог. Хэрэг болох үед Б Г бид гурав цехэд юм хийж байгаад сайн хараагүй. Харин Б Ж хоёр маш сайн харсан. Манай үүдний шилийг миний мэдэхээр 3 удаа хагалж байсан. Угаасаа байнга л Амтлагт орж ирдэг. Ирэхээр идэх уух юм нэхээд л маш хэцүү байдаг. Түүнээс маш эвгүй үмхий үнэр үнэртдэг бөгөөд үйлчлүүлж байгаа хүмүүс болон бид нараас түүнийг гаргахыг шаарддаг. Түүнтэй эвээр л ярьж хэлж гаргахгүй бол ажилчдыг доромжилж эд зүйл эвдэж гэмтээчих гээд байдаг. Д нь гадуур гудмаар ганцаараа ярьсан, орилсон, хашхирсан байдалтай явдаг. Одоо хогийн шүүр иш байхгүй. Тухайн үед хогийн шүүрийг үүдэнд л тавьсан. Угаасаа хогийн шүүрийг үүдэнд тавьдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/ 

*Гэрч Ч.Бийн өгсөн: 

“...Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутагт байрлах Амтлаг бейкерид 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 14-15 цагийн орчимд орж ирээд идэж уух юм нэхээд, эвгүй үнэртүүлээд үйлчлүүлэгч нарын дургүйг хүргээд байсан. Ингээд түүнээс гарахыг манай худалдагч Б Ж хоёрын нэг нь шаардтал Д гадагшаа гараад буцаж орж ирээд 2 хөргөгчний нүүрний 2 шилийг хагалсан. Юугаар хагалсныг нь би хараагүй. Шил хагарах чимээ гарахаар нь заал руу ортол хөргөгчний шил хагарсан байсан. Д гараад явж байсан. Би гарт нь юу байгааг хараагүй. Мод чулуугаар л хагалсан байх. Д заримдаа мод чулуу барьчихсан явж байдаг юм. Тухайн өдөр юу барьж байсныг нь анзаараагүй. Ингээд цагдаагийн байгууллагад манай захирал Бхандсан.  Тухайн үед Ж. Б, С, Г бид нар байсан. Мөн бид нараас гадна үйлчлүүлэгч нар байсан. Ямар хүмүүс байсан гэдгийг нь мэдэхгүй. Дг шил хагалахыг  Ж Б нар маш сайн харсан байх ёстой. С Г бид гурав цехь дотор ажлаа хийж байсан. Д нь өдөр бүр Амтлаг бейкерид орж ирээд хүмүүсээс янз бүрийн зүйл нэхнэ, худалдагч нараас идэх уух юм, мөнгө төгрөг нэхдэг, юм өгөхгүй бол уурлаад орилж хашхираад байдаг. Гадуур гудмаар байнга л орилж , ганцаараа ярьж, хүмүүсээс юм гуйж явдаг хүн байгаа юм. Иймэрхүү байдалтай болоод нилээдгүй удаж байна. Урьд өмнө нь бол хаалга үүдний шилийг хагалж байсан асуудал байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/ 

*Гэрч Г.Гийн өгсөн: 

“...Д нь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ойролцоогоор 13-15 цагийн орчимд миний ажилладаг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Амтлаг нэртэй Бейкерид орж ирсэн. Тэгээд Д нь үйлчлүүлж байгаа хүмүүсийн дургүйцлийг хүргэж, муухай үнэр үнэртүүлээд яваад байсан бөгөөд үйлчлүүлж байгаа хүмүүс бид нарт хандаж энэ хүнээ гаргаач гэсэн шаардлагыг тавьсан. Үүнийх нь дагуу Дд хандаж та гар гэхэд уурлаж буцаж орж ирээд 2 хөргөгчний хоёр ширхэг нүүрний шилийг нь хагалсан. Юугаар хагалсныг нь сайн анзаараагүй, санахгүй байна.  Д манай Амтлаг бейкерид өдөр бүр орж ирээд үйлчлүүлэгч нарын амгалан тайван байдлыг алдагдуулж бид нараас идэх, уух юм нэхдэг, үйлчлүүлэгч нарт хандаж юм аваад өгчих гэж нэхдэг, ширээн дээр хог үлдээгээд гараад явчихдаг, шаардлага тавихаар уурлаж, ажилчдын өөдөөс доромжилдог. Бид нар түүнтэй эвээр л харьцдаг. Д байнга л гадуур орилж хашгарч ганцаараа ярьж явдаг. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэд сайн мэдэх байх. Хэрэг болох үед худалдагч Б, Ж, С, Б бид нар байсан ба Б Ж хоёр Дгийн хажууд байсан учраас сайн харсан байх. Шил хагарах чимээ гарахаар нь цехь дотроос С Б бид гурав гарч ирэхэд хөргөгчний шил хагалчихсан байсан. Тухайн үед үйлчлүүлэгч нар байсан. Үйлчлүүлэгчдийн нэр хаягийг нь мэдэхгүй байна. Д нь уг шилнүүдийг юугаар цохьсон талаар сайн мэдэхгүй байна. Хогийн шүүр ч гэлүү, чулуу, тоосго ч гэлүү нэг юм яриад байсан санахгүй байна. Хаалганы шилийг урьд өмнө нь 3-4 удаа хагалж байсан. Тухайн үед нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/ 

* Гэрч Ч.Жавхлангийн өгсөн: 

“...Д нь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ойролцоогоор 13-15 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Амтлаг бейкерид ганцаараа орж ирсэн. Тэгээд Б бид хоёроос болон үйлчлүүлж байсан хүмүүсээс идэх уух юм нэхээд байсан. Түүнээс маш эвгүй үнэр үнэртэж байсан бөгөөд үйлчлүүлж байгаа хүмүүс дургүйцээд байхаар нь би түүнд хандаж гараач, хүмүүс уурлаад байна гэж шаардлага тавихад надруу аяга, тооны машин зэргийг авч шидээд байсан. Тэгээд эргээд Амтлагаас гарах шиг болсноо буцаж ирээд хогийн шүүрний ишээр 2 хөргөгчний нүүрэн 2 шилийг хага цохьсон. Ийм л зүйл болсон. Хөргөгчний нүүр хагалах үед  Б бид хоёр хажуугаас нь маш сайн харсан. Харин цехь дотор С, Б, Г нар байсан. Эдгээр хүмүүс харсан эсэхийг мэдэхгүй байна. Шил хагалсаны дараа  бүгд гарч ирсэн. Дг Амтлаг дотор байгааг мэдэж байсан. Д Амтлаг дотор чанга чанга яриад л байдаг. Гудамжаар орилж хашгарч, ганцаараа ярьж явдаг. Б, Б, С Г бид нар мөн үйлчлүүлж байсан хүмүүс байсан. Уг хүмүүсийг  танихгүй. Өдөрт маш олон хүн орж гардаг. Намайг ажилд орохоос өмнө үүдний шил хагалж байсан гэж ажилчид ярьцгаадаг. Ажилд орсноос хойш энэ удаа л дээрх 2 хөргөгчний шилийг хагалж байна. Д шүүрний ишийг нь хуга цохьсон учраас хаячихсан. Одоо шинэ шүүртэй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 дугаар тал/ 

*Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн магадлагаа

*2018 оны 01 сарын 29-ний өдрийн 69 дугаартай “Уламбаяжихуй” ХХК-ийн Архангай аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-ийн 4-р тал/

* Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-р тал/

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100-101 дүгээр тал/

*Шинжээч Г.Бын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “...Хүнсний зориулалттай хэвтээ хөргүүрийн матлагтай шил, босоо хөргүүрийн нүүр шилний үнэлгээг 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар 789.000/долоон зуун наян есөн мянга/ төгрөг болохыг тодорхойлов” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 13-15 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Амтлаг” нэртэй бейкериний газрын хөргөгчийн 2 ширхэг шилийг Я.Д нь хагалж гэмтэсний улмаас иргэн Б.Бад 789.900 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Я.Д нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байхдаа үйлдсэн болох нь хохирогч Б.Бын“...Би ажил дээрээ байж байтал манай амтлаг бейкеригийн 1 дүгээр салбарын худалдагч Б надруу залгаад Заяа ирээд бужигнуулаад хөргөгчний шил хагалчихлаа гэсэн. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгчихөөд яваад очиход Д гараад явчихсан манай бекейригийн шалаар дүүрэн шил болчихсон байсан...”, ”... 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ойролцоогоор 13-15 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Амтлаг нэртэй бейкири дотор Д нь хогийн шүүрээр хөргөгчний нүүрэн шилнүүдийг цохиж хагалсан байсан. Д нь бейкерийд байнга орж ирдэг. Идэж уух юм өгөхгүй бол уурладаг, ажилчид болон үйлчлүүлэгч нараас юм гуйдаг. Тэгээд гарах талаар шаардлага тавихаар ажилчдыг харааж дормжилдог, уурладаг. Тухайн үед мөн л дээрх үйлдлээ гаргасан байсан. Ажилчид шаардлага тавихад уурлаж хөргөгчний нүүр шилнүүдийг хагалсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Бгийн”... 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр орж ирчихээд гарахгүй манайд үйлчлүүлж байсан иргэдээс идэх юмыг нь гуйгаад байхаар нь заяа эгчээ гараарай гээд жаахан ширүүхэн хэлчихсэн чинь гарах гэж явсанаа гэнэт үүдэнд байсан шалны шүүр аваад хэвтээ хөргөгчний нүүрний шилийг цохиод хагалаад, босоо хөргөгчний хаалгыг хүчтэй саваад дотор талынх нь шилийг хагалсан. Тэгээд гараад явахдаа манай хаалгыг модоор цохиод шилийг нь хагалсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Дын “...Д нь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шиг санагдаж байна, өдрийн 13-15 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Амтлаг нэртэй бейкерид орж ирсэн юм. Тэгээд хоёр худалдагч эмэгтэй түүнээс гарахыг шаардахад уурлаад 2 хөргөгчний нүүрэн 2 шилийг шүүрний ишээр цохиж хагалсан...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Бийн“...Д нь өдөр бүр Амтлаг бейкерид орж ирээд хүмүүсээс янз бүрийн зүйл нэхнэ, худалдагч нараас идэх уух юм, мөнгө төгрөг нэхдэг, юм өгөхгүй бол уурлаад орилж хашхираад байдаг. Гадуур гудмаар байнга л орилж , ганцаараа ярьж, хүмүүсээс юм гуйж явдаг хүн байгаа юм. Иймэрхүү байдалтай болоод нилээдгүй удаж байна. Урьд өмнө нь бол хаалга үүдний шилийг хагалж байсан асуудал байдаг...” гэх мэдүүлэг, гэрч Г.Гийн”... Д нь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ойролцоогоор 13-15 цагийн орчимд миний ажилладаг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Амтлаг нэртэй Бейкерид орж ирсэн. Тэгээд Д нь үйлчлүүлж байгаа хүмүүсийн дургүйцлийг хүргэж, муухай үнэр үнэртүүлээд яваад байсан бөгөөд үйлчлүүлж байгаа хүмүүс бид нарт хандаж энэ хүнээ гаргаач гэсэн шаардлагыг тавьсан. Үүнийх нь дагуу Дд хандаж та гар гэхэд уурлаж буцаж орж ирээд 2 хөргөгчний хоёр ширхэг нүүрний шилийг нь хагалсан...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Жавхлангийн ”... үйлчлүүлж байгаа хүмүүс дургүйцээд байхаар нь би түүнд хандаж гараач, хүмүүс уурлаад байна гэж шаардлага тавихад надруу аяга, тооны машин зэргийг авч шидээд байсан. Тэгээд эргээд Амтлагаас гарах шиг болсноо буцаж ирээд хогийн шүүрний ишээр 2 хөргөгчний нүүрэн 2 шилийг хага цохьсон...” гэх мэдүүлэг, Шинжээч Г.Бын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын “...Я.Д нь хий үзэгдэл, дэмийрлийн хэлбэрийн шизофрени өвчтэй байна, хэрэг үйлдэх үедээ өөрийнхөө хийж байгаа үйлдлээ ойлгож, удирдан жолоодох чадваргүй байсан. Сэтгэцийн хувьд хий үзэгдэл-дэмийрлийн шизофрени өвчтэй тул хэрэг хариуцах чадваргүй, болсон үйл явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй, түүнд албадан эмчилгээ хийлгэх шаардлагатай...” гэх магадлагаа, Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн “...Я.Д нь 50 настай, Шизофренийн хий үзэгдлийн дэмийрэл хэлбэрийн өвчтэй байнгын солиорлын байдалтай байдаг. Дээрх өвчний учир өөрийн сэтгэцийн байдлыг хянах чадваргүй...” гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Я.Дгийн бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 789900 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, түүний сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байдлыг харгалзан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулах саналтай ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр  шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Я.Дг сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй үедээ бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож, түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна. 

Хохирогч Б.Бнь шүүгдэгчээс 789900 төгрөгийн хохирол болон шинжээчид төлсөн зардлыг нэхэмжилсэн бөгөөд сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй шүүгдэгчийн асран хамгаалагчийг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байна. Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.3 дахь хэсэгт Сэтгэцийн өвчний улмаас иргэний эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг түүний асран хамгаалагч буюу түүнд байнгын хяналт тавих үүрэг бүхий этгээд хариуцан арилгахаар заасан байна. Иймд хохирогч нь өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар түүнийг асран хамгаалагчаас жич нэхэмжлэх эрхтэй болно. 

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүний хувийн байдлын талаар мэдүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүх сэтгэц судлалын магадлагаа, эмнэлгийн тодорхойлолт зэргээр өөртөө эсхүл бусдад аюул учруулах нөхцөл байдал тогтоогдож байх тул шинжээчийн дүгнэлт болон улсын яллагчийн саналыг харгалзан шүүгдэгч Я.Дд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авч, түүнийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн  Шүүх сэтгэц, эмгэг судлалын энгийн клиникт 1 жилийн хугацаагаар албадан эмчилгээ хийлгэх нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч Я.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 19.3 дугаар зүйл,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь хэсэг, 3,4, 5 дахь хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                       ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч Б овогт Яийн Д нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй үедээ бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж 789900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосугай.  

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Яийн Дд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, Сэтгэц Эрүүл мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц, эмгэг судлалын энгийн клиникт 1/нэг/ жилийн хугацаагаар албадан эмчлүүлсүгэй. 

 

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.3-т зааснаар хохирогч Б.Бнь өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйлд зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн тухай шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 7-т зааснаар шүүгдэгч Я.Дд авсан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд хяналт тавихыг Архангай аймгийн Прокурорын газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч Я.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Я.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         П.ГАНДОЛГОР