| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2510000001431 |
| Дугаар | 2026/ДШМ/358 |
| Огноо | 2026-03-27 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Өлзийжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2026/ДШМ/358
2026 03 27 2026/ДШМ/358
Х.Г-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, Ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Өлзийжаргал,
шүүгдэгч Х.Г-, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2026/ШЦТ/250 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2510000001431 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овогт Х-гийн Г-, ......,
Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 178 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 100 /нэг зуу/ цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2006 оны 08 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болсон,
Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2008 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хорих ялын хугацаа дуусч, суллагдсан, /РД:СХ-/;
Шүүгдэгч Х.Г- нь 2025 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д болсон тоглолтын үеэр ариун цэврийн өрөөнд үйлчлүүлэхээр дараалалд зогсч байсан хохирогч Ц.Э-гийн эзэмшлийн “iPhone 12 pro” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 987.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: Х.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б- овогт Х-гийн Г-ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Х.Г- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би 2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан. Түүнээс хойш ямар нэгэн гэмт хэргийн шинжтэй болон бусдад гэм хор учруулах үйлдэл хийгээгүй. Анхан шатны шүүх намайг 20 жилийн өмнө ижил төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан хэмээн дүгнэж, хэт нэг талыг барьж хорих ял оногдуулсан. Би гэм буруу дээрээ маргаагүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчийн гар утсыг буцаан өгч, хохирогчоос уучлалт гуйсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буруу шийдвэр гарган бусдын эд хөрөнгөнд халдсан нь буруу байсныг ойлгосон. Цаашид дахин ийм үйлдэл гаргахгүй гэдгээ амлаж байна. Хоригдож байх хугацаандаа их зүйлийг ойлгож, хайртай ээж болон эхнэрээ гомдоосонд харамсаж байна. Би төрсөн эхтэйгээ, ам бүл хоёулаа амьдардаг. Ээж маань 71 настай, асаргаанд байдаг, эхнэр маань бие давхар, анх удаа аав болох гэж байгааг минь харгалзан надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х.Г- нь гэм буруу дээрээ маргадаггүй. Тэрээр сүүлд 2008 онд ял шийтгэгдсэн ба энэ удаад холбогдсон хэргийг нь анх удаа гэж үзэж болохоор байна. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, утсыг буцаан өгсөн. Анхан шатны шүүх хуралдаанд прокурор 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан хүрээнд 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж өгнө үү.” гэв.
Прокурор Б.Өлзийжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан. Гэвч шүүхээс Х.Г-ын үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн хор аюул, шинж чанар зэргийг харгалзан түүнд 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Х.Г-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ түүний гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Х.Г- нь 2025 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д болсон тоглолтын үеэр ариун цэврийн өрөөнд үйлчлүүлэхээр дараалалд зогсч байсан хохирогч Ц.Э-гийн эзэмшлийн “iPhone 12 pro” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 987.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Ц.Э-гийн “...21:00 цагийн орчим найзаасаа салаад, бие засах газар орох гээд дараалалд зогсч байгаад, хүмүүсийн дундуур гарахад миний гар утас байхгүй байсан. Хажууд байсан хүнээ “миний гар утас руу залгаад өгөөч” гээд залгуулахад холбогдох боломжгүй байсан. Миний гар утас “iPhone 12 pro” загварын, 128 гб багтаамжтай, хөх өнгөтэй гар утас байсан ба 2025 оны 08 дугаар сард “Теди” худалдааны төвөөс лизингээр 950.000 төгрөгөөр авч байсан. ...” /хх 20-21/,
Х.Г-ын яллагдагчаар өгсөн “... “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д 22:00 цагийн орчимд очсон. ...гар утсыг халааснаас нь аваад, өөрийн халаасанд хийгээд, 00 орохоор явсан. 00-оос гарч ирэх үед энгийн хувцастай хоёр цагдаатай таарсан. ...Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. ...” /хх 80-81/ гэсэн мэдүүлгүүд, “Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх 38-41/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-8/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Х.Г-ын хохирогч Ц.Э-гийн гар утсыг халааснаас нь авч хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Х.Г- нь “гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй ба харин хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.
Шүүхээс ял оноохдоо тухайн хэргийн хор аюул, хууль зөрчсөн байдлын түвшин, хэмжээ, яллагдаж буй этгээдийн засрах боломж зэргийг харгалзана.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж хуульчилжээ.
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Х.Г-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон 70 настай эхийн хамт амьдардаг зэрэг хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг 6 сарын зорчих эрх хязгаарлах ял болгон өөрчилж, шүүгдэгчийн оршин суух Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалт тогтоож, энэ талаар гаргасан шүүгдэгч гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Х.Г- нь 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл нийт 64 хоног цагдан хоригдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон эдлэх ялаас хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2026/ШЦТ/250 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. ...” гэж өөрчилж,
шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож,
шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногт тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Г-д сануулсугай. ...”,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-ын 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 64 /жаран дөрөв/ хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон эдлэх ялаас хасаж тооцсугай. ...” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Х.Г- нь 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл нийт 64 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН