Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/01067

 

 

Г.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2022/00885 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Б-ын хариуцагч Б.Л-д холбогдуулан гаргасан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 12,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 4.2 дах заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, урьдчилгаанд төлсөн 8,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б-, түүний өмгөөлөгч Ч.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Г.Б- би 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан, өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн. Өмгөөлөгч Б.Отгонжаргал нь гэрээн дээр гарын үсэг зурсан боловч өмгөөллийн үйл үзүүлж ажиллаагүй ба миний бие Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлэгдсэн нэхэмжлэгч Б.Л-гийн нэхэмжлэлтэй хариуцагч Т- ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон. Миний бие хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргээ биелүүлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн оролцсон. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангуулж заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээсэн байна. Мөн Баянгол дүүргийн цагдаагийн газарт шалгагдаж байсан Б.Л-гийн гомдолтой Т- ХХК-ийн дарга нарт холбогдох хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэн ажилласан. Миний бие удаа дараа өмгөөллийн төлбөрийг нэхсэн боловч хариу өгөхгүй ямар нэг шүүдэл гаргахгүй өнөөдрийг хүрсэн. Иймд гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 12,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Би Баянгол дүүргийн шүүхэд Т- ХХК-ийн хувьцааг нэмэгдүүлэх нэхэмжлэл гаргахаар болсон тухай Г.Б-од хэлж Т- ХХК-ийн 43 хувийн хувьцааг би эзэмшдэг юм. Гэтэл 53 хувийн хувьцаа эзэмшигч талынхан ТУЗ-ийн хурлаар оруулж, хэлэлцэж шийдвэрлэхгүйгээр дур мэдэн эд хөрөнгө машин техникийг зарж үрэгдүүлээд хувьдаа ашиглаж завшаад надад хэлэхгүй нуугаад байна. Энэ талаар цагдаад гомдол гаргасан гэж хэлсэн. Г.Б- нь хууль зүйн туслалцаа үзүүлэхээр болж, найдвартай шийдүүлж чадна наад хэрэг дээр чинь би ажиллая нэхэмжлэл гаргаад хулхийг нь буудгаад өгнө ахаа гэж надад итгэл төрүүлэн үнэмшилтэй ярьсан. Гэтэл Г.Б- нь ярьж байсан шигээ ажиллаагүй. Хэрэг ямар шатандаа явж байгаа талаар ямар ч мэдээлэл өгөлгүй, ирж уулзахгүй алга болдог байсан. Хэргийн эцсийн шат дээд шүүхэд ч гомдол гаргаагүй бас цагдаагийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж шалгуулахад эд хөрөнгийг нь бүрэн сайн шалгуулж тогтоолгоогүй, зөвхөн нягтлан, гүйцэтгэх захирал 2-оос нь мэдүүлэг аваад л хаасан байсан. Г.Б- нь гэрээгээр олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд өөрөө санаачлан үйлчлүүлэгчийнхээ эрх ашиг сонирхолд нийцсэн мэргэжлийн үйл ажиллагаа явуулаагүй, үйл явцын талаар тухай бүрд нь мэдээлээгүй, үйлчлүүлэгчийн мэдээлэл хүссэн үндэслэл бүхий хүсэлтийг хангаж ажиллаагүй. Компанийн тайланг шүүхээс гаргуулах шийдвэрийг л гаргуулсан боловч бүрэн гаргуулаагүй ба тайланг үндэслэж баримтын хяналт шалгалт хийлгээд бусад үрэгдүүлж ашиглаж шамшигдуулсан тоног төхөөрөмж машин техникүүдийн хохирлыг тогтоож гаргуулаагүй, мөн уг компанийн эздийн өмч 569,9 сая төгрөг эргэлтийн хөрөнгө 336 сая хуримтлагдсан ашиг зэргийг хэрхэн яаж үрэгдүүлж ашиглаж завшсаныг тогтоолгож шүүхээр нэхэмжлэл гарган манай талд ногдох хөрөнгийг нэмэгдүүлж 51 хувиас дээш хувьцаа эзэмшигч болгоно гэж амлаж байснаа биелүүлээгүй, огт явж хөөцөлдөөгүй нэхэмжлэл гаргаагүй харин намайг хуурч мэхлэн залилан шүүх цагдаа дээр шовгор орно гээд 20,000,000 төгрөгөөр дүү нь яваад найдвартай дуусгана гэж хуурч 8,000,000 төгрөгийн урьдчилгаа гэж авсанд нь би гомдолтой байна. Мөн гэрээний 4.2 дахь хэсэгт үлдсэн 60 хувь буюу 12,000,000 төгрөгийг шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхэд төлнө гэж заасан байх боловч хэргийг хэрхэн яаж шийдвэрлэгдэж тодорхой ямар нэгэн үр дүнд хүрсэн тохиолдолд үлдэгдэл төлбөрийг төлөх тухай тодорхойгүй байгаа нь иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлаа хийж гүйцэтгээгүй, гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй мөн хуульд заасан дүр үзүүлсэн хэлцэл байгуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Г.Б- нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан нэг ч ажил үйлчилгээг хийж гүйцэтгээгүй бөгөөд хууль зүйн туслалцаа хүссэн миний эрх ашгийг хангаж ажиллаагүй. Б.Л- нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлд заасан ноцтой төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн. Г.Б- нь анх гэрээ байгуулахдаа гэрээний ач холбогдлыг тайлбарлаж өгөөгүй, гэрээнд заасан ажил бүрэн биелэх боломжтойгоор тайлбарлан өгч төөрөгдөлд оруулан урьдчилгаанд 8,000,000 төгрөг авсан. Иймд Иргэний хуулийн 58 дугаар зүйлд заасны дагуу хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 4.2 дахь хэсэгт заасан үлдэгдэл 12,000,000 төгрөгийг хэргийг эцэслэн шийдвэрлэхээр төлүүлнэ гэсэн хэсгийг хүчингүйд тооцуулах мөн урьдчилгаанд төлсөн 8,000,0000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: Эцэслэн шийдвэрлэх гээд байгаа маргаан нь дууссан. Энэ маргаанд гомдол гаргах эрх нь байсан. Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурал дээр хоёр тал хоорондоо ярилцаж дууссан. Миний бие шүүх, цагдаад танилтай гэж ярьсан зүйл байхгүй. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агууга: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Л-гээс 12,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Б-од олгож, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.3, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 4.2-т заасан 60 хувь буюу 12,000,000 төгрөгийг хэргийг эцэслэн шийдвэрлэхээр төлүүлнэ гэсэн хэсгийг хүчингүйд тооцуулах, урьдчилгаанд өгсөн 8,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Г.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөг, хариуцагч Б.Л-гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Л-гээс 206,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Б-од олгуулахаар шийдвэрлэжээ.

 

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заапдах гомдол гаргаж байна.

6.а.Өмгөөллийн туслалцаа хүссэн зорилго нь Т- ХХК-д өөрсдийн эзэмшдэг хувьцааны хувь хэмжээг нэмэгдүүлэх талаар хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх, компанийн тайлан тэнцлийг үнэн зөв гаргуулж, санхүү, нягтлан бүртгэлиин хөндлөнгийн шалгалт хиилгэж магадлуулж, өөрт ногдох ашгийг иргэний шүүхээр шийдвэрлүүлэх, хувьд ногдох ашгийг олгохгүй, компанийн өмч хөрөнгийг бусад хувьцаа эзэмшигчид захиралтай нь хуйвалдаж идэж шамшигдуулж буйг цагдаагийн байгууллагаар шалгуулах, компанид учирсан хохирлыг төлүүлэх зорилготой байсан. Г.Б- нь дангаар ажилласан боловч гэрээнд заасан ажлыг зохих ёсоор бүрэн хийж чадаагүй учир хөлсийг дангаар ганцаар бүрэн авах эрхгүй юм. Тухайлбал, иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх хувьцаа, ногдол ашиг тодорхойлуулж гаргуулахтай холбогдсон асуудлыг шийдвэрлүүлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн илэрхийлж гаргаагүй, тайлан гаргуулах шийдвэр гаргуулчихаад тайлангаар гарч ирсэн тооцооноос Б.Л-, Эрдэнэбилэг нарт ногдол ашгийг тооцуулж олгуулахтай холбоотой асуудлыг дараа нь үргэлжлүүлэн шийдвэрлүүлээгүй, ногдол ашгийг нь олгоогүй шалтгаан, түүнийг хэн юунд зарцуулж үрэгдүүлснийг тогтоолгох ажиллагааг хийлгээгүйгээс шүүхээр тайлан гаргуулахаар шийдвэрлүүлсэн асуудлаа үйлчлүүлэгчийн хүссэн үр дүнд хүргэлгүй дутуу орхисон. Давж заалдах гомдол гаргаад цааш хяналтын шатны шүүхэд гомдол гаргаагүй, бүх шатны шүүхээр бүрэн шийдвэрлүүлээгүй дутуу орхисон. Тэнхлэг-Ус ХХК-ийн захирал болон бусад хувьцаа эзэмшигчид компанийн машин техник өмч хөрөнгийг болон хувьцаа эзэмшигчдэд цагдаагийн байгуулагад гаргаж шийдвэрлүүлэх байтал гомдол гаргаагүй утсаа ч авахгүй цугтаад байсан. Эрүүгийн хэрэгт хохирогчийн өмгөөлөгчөөр ажиллахад бүх талын хууль зүйн туслалцаа үзүүлэх үүргээ бүрэн зохих ёсоор биелүүлээгүй. Т- ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын хэлэлцэх асуудалд компанийн газар дээр барьж ашиглалтад оруулсан үл хөдлөх хөрөнгүүдийг компанийн хөрөнгөд бүртгүүлэх, ногдол хувь нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэх асуудалд оруулж шийдвэрлүүлэх байтал энэ талаар мэргэжлийн ур чадвар гаргаж сайн ажиллаагүй.

 

6.б.Мөн Г.Б- нь хувийн байдлын хувьд хуульчийн ёс зүйг удаа дараа зөрчиж олон үйлчлүүлэгчээ хууран мэхэлдэг, үүргээ зохих ёсоор биелүүлдэггүй, үүнээсээ болж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхээ хасуулсан байсан болох нь хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан шийдвэрлэх тогтоолоор нотлогдож байх бөгөөд энэ тогтоолд дурьдсан ёс зүйн зөрчлийг энэ гэрээг байгуулах, гэрээний үүргээ гүйцэтгэх явцад гаргаж байсан нь Б.Л-гийн хариу тайлбараас тодорхой харагддаг. Энэ талаар үйлчлүүлэгчдээ хэлээгүй. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнийхээ 1.1-т заасан үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлж чадаагүй байхад энэ талаар анхан шатны шүүх нотлох баримтыг бүх талаас нь бодитой, бүрэн зөв үнэлж дүгнээгүйгээс өмгөөллийн хөлсийг бүрэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвзрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Б.Отгонжаргал өмгөөлөгч бид хоёр гэрээ хийсэн, энэ хэрэгт та үргэлжлүүл. Б.Отгонжаргал өмгөөлөгч өөр хэрэгт нь өмгөөллийн үйл ажиллагаа үргэлжлүүлж байгаа. Ийм асуудлыг Б.Л-д хэлсэн. Хувьцаа эзэмшигчийн хурал буюу гэрээнд зааснаас өөр ажиллагаанд оролцсон Эрдэнэбилэг, Г.Б-од итгэмжлэл өгсөн нь гэрээ хийхдээ Б.Л- хийсэн, энэ манай дүү тул чи энийг нь давхар аваад яв гэсэн нөхцлийн хүрээнд би зөвшөөрч, давхар аваад явж болно гэж хэлээд анхан шатанд төлөөлж, компаний хувьцаа эзэмшигчийн хуралд ороод явсан, орхисон асуудал байхгүй. Б.Л- хувьцаа эзэмшигчийн даргалагчаар орох ёстой гэж байр сууриа илэрхийлж, асуудлыг оруулъя гэх хүсэлт нь, хувьцаа эзэмшигчийн олонхийн саналаар дэмжигдээгүй, хуралд орох шаардлагагүй, намайг гаръя гээд гарсан. Хурлын тэмдэглэлээс тодорхой харагдах ёстой. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд үзэхэд нэхэмжлэлийн шаардлагыг тухайн өдөр Б.Л-д танилцуулсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Хүсэл зоригоо илэрхийлээд дураараа нэмэх шаардах боломжгүй. Үүний дагуу шүүхэд гурваас дөрвөн удаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хяналтын гомдлыг хугацаа хэтрүүлсэн гэж ярьсан нь үндэслэлгүй тул хяналтын гомдлыг гаргахгүй гэсэн. Хувьцаа эзэмшигчийн хурлын дараа хяналтын гомдлоо гаргах уу гэж асуусан. Барилга барихаар тохирч байна, тийм учраас гаргаад хэрэггүй ээ гэж тэгвэл миний ажил дууссан уу гэхэд дууссан одоо ингээд хоёулаа больё би төлбөрийг чинь төлж барагдуулна гэсэн. Давж заалдах гомдлыг би гаргаж, улсын тэмдэгтийн хураамжийг нь төлсөн. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, хариуцагч талын гаргасан гомдлыг хангаж, мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

2.Нэхэмжлэгч Г.Б- нь хариуцагч Б.Л-д холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 12,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 4.2 дах заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, урьдчилгаанд төлсөн 8,000,000 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр шаардсан.

 

3.Хариуцагч Б.Л- нь өмгөөлөгч Б.Отгонжаргал, Г.Б- нартай 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр өмгөөлөгч нар нь үйлчлүүлэгч нарыг шүүхэд нэхэмжлэгчээр оролцоход итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөр оролцох, хариуцагч буюу үйлчлүүлэгч Б.Л- нь өмгөөллийн хөлсөнд нийт 20,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байх бөгөөд хариуцагч Б.Л- нь нэхэмжлэгч Г.Б-од гэрээ байгуулсан өдрөө урьдчилгаа 8,000,000 төгрөг төлсөн болох нь зохигчийн тайлбар, Хаан банк-ны шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 5-7, 38-р тал/

 

3.а.Дээрх гэрээнд талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан байх боловч өмгөөлөгч Б.Отгонжаргал нь гэрээнд заасан ажил, үйлчилгээг үзүүлсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, мөн нэхэмжлэлийг Г.Б- дангаар гаргажээ.

 

3.б.Анхан шатны шүүх зохигчийн байгуулсан гэрээг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

3.в.Мөн хариуцагч Б.Л- нь нэхэмжлэгч Г.Б-од 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Т- ХХК-д холбогдох иргэний хэрэгт төлөөлөх итгэмжлэлийг олгож, нэхэмжлэгч нь хариуцагчийг төлөөлөн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Т- ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг хүчингүй болгуулах, тус компанийн 2008-2019 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайланг гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгүүдийг Т- ХХК-ийн өмчид бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан байна. /хх-ийн 9-р тал/

 

3.г.Тус хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэж, Т- ХХК-ийн 2008-2019 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайлан гаргуулах шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс Т- ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хүчингүйд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгүүдийг Т- ХХК-ийн өмчлөлд бүртгэхийг даалгах тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /хх-ийн 10-13-р тал/.

 

3.д.Анхан шатны шүүхийн дээрх шийдвэрт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргаж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 842 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан байх ба магадлал хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 39-43-р тал/

 

3.е.Нэхэмжлэгч Г.Б- нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг үндэслэн, хариуцагч Б.Л-г төлөөлөн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үлдэгдэл 12,000,000 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч Г.Б- нь үйлчлүүлэгчийнхээ ашиг сонирхолд нийцсэн мэргэжлийн үйл ажиллагаа явуулаагүй, хүссэн үр дүнд хүргэж чадаагүй, нэхэмжлэлийг хангуулж чадна гэж итгүүлэн, хууран мэхэлж, урьдчилгаа 8,000,000 төгрөг авсанд гомдолтой гэх агуулгатай тайлбар гарган маргасан. /хх-ийн 30-31-р тал/

 

3.ё.Зохигчийн байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 1.1-т хуульч нь Б.Л-, Д.Эрдэнэбилэг нарын Т- ХХК-д оруулсан хөрөнгө оруулалтыг үнэлүүлэн тус компанийн хөрөнгөд бүртгүүлэх, компанид эзэмших хувьцааг 51 хувь болгоход хууль зүйн туслалцааг бүх талаар үзүүлэх, иргэн, эрүү, компанийн засаглалын талаарх бүх ажиллагаанд оролцох гэж өмгөөлөгчийн гүйцэтгэх ажлыг тодорхой зааж тохиролцсон байх бөгөөд тус гэрээний 2.3-т хуульч нь үйл ажиллагаанд аль болох түргэн шуурхай байх зарчмыг баримтлан, үйлчлүүлэгчийнхээ эрх хууль ёсны ашиг сонирхлыг хуульд үл харшлах бүх арга хэрэгслийг ашиглан, тууштай хамгаалан ажиллах гэж заажээ.

 

3.ж.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргийг зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай. Нэхэмжлэгч Г.Б- нь хариуцагч Б.Л-г төлөөлөн, шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон үйл баримт тогтоогдож байх боловч дээрх гэрээний 1.1-т заасан дээрх ажил, үйлчилгээг бүрэн үзүүлсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Г.Б- нь хариуцагч Б.Л-г төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсоныг гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэх боломжгүй буюу нэхэмжлэгч нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эргэлзээгүй баримтаар нотлоогүй. Иймд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үлдэгдэл төлбөрт 12,000,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

 

4.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ гэрээгээр тохиролцсон ажил, үйлчилгээний талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байх тул хариуцагч Б.Л-д холбогдуулан гаргасан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үлдэгдэл төлбөрт 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

5.Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 4.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, урьдчилгаанд төлсөн 8,000,000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн тухайд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд өмгөөллийн хөлсний талаар тохиролцсон гэрээний 4.2 дах заалтыг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

5.б.Мөн нэхэмжлэгч Г.Б- нь хариуцагч Б.Л-г төлөөлөн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, тодорхой хэмжээний ажил үйлчилгээг гүйцэтгэсэн байх тул урьдчилгаа 8,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай шаардлага үндэслэлгүй. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлд үндэслэл бүхий дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв бөгөөд энэ талаар хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хариуцагч Б.Л-д холбогдуулан гаргасан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үлдэгдэл төлбөрт 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Б-ын нэхэмжлэл болон хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 4.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, урьдчилгаанд төлсөн 8,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2022/00885 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Л-д холбогдуулан гаргасан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үлдэгдэл төлбөрт 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Б-ын нэхэмжлэл болон хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 4.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, урьдчилгаанд төлсөн 8,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 206,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА Г.ДАВААДОРЖ