Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 167

 

                                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дөлгөөнөөр хөтлүүлж

Улсын яллагч: Б.Батсайхан

Шүүгдэгч: Б.А, Ө.Б нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ө Б, Б овгийн Б А нарт холбогдох 1812001910147 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овгийн Б-н А /РД:/ 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овгийн Ө-н Б /РД:/ 

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Б.А, Ө.Б нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын эхээр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ар ам” гэх газраас хохирогч Ч.Б  2 тооны үхрийг хулгайлж, түүнд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Мөрдөн байцаалтын үед:

 

Хохирогч Ч.Б өгсөн...2017 оны 12 сарын үеэр яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Орой 18 цагийн үед Сүхээ Алтангэрэл гэдэг 2 хүний гэрийн урд Арам гэх газар манай үхэр байсан. Тэгээд маргааш өглөө нь үхрээ хураатал тэдний хойшоо даваад гол дээр байхаар нь үхрээ бүртгэтэл 2 тооны үхэр байхгүй байсан. Би тэр хавиараа хайгаад олоогүй байж байгаад саяхан цагдаад мэдэгдсэн. Манай үхэр С, А гэдэг айлын гадаа хоносон байсан. Тэр шөнө нь тэр хоёр манай үхрээс аваад нядалсан байсан. С, А хоёр хавар ногоо идэхээр нь ор үхрийг нь өгнө гэсэн одоогоор өгсөн зүйл байхгүй. Нэг нь хязаалан настай эр үхэр халзан зүстэй биеэр том үхэр, нөгөөх нь сарлагийн сувай тарлан үнээ байсан. Би алдсан үхрээ тус бүрд нь 1.000.000 төгрөгөөр үнэлж байна. Миний  хохирлыг барагдуулбал гомдол санал байхгүй ...манай үхэр С, А хоёрын гадаа нь хоносон. Намайг С гэж ахынд очиход С ах гэртээ ганцаараа, А нь бас гэртээ ганцаараа гэрийнхэн нь сумын төв явчихсан гэж байсан. Гэрийнх нь гадаа мал нядалсан цус болон махны үлдэгдэл байгаагүй. Би үхрээ алдсан талаар хэлээд асуухад хоёулаа мэдэхгүй гэж ярьсан. Тэгэхээр нь гэрийн ойролцоо байсан шинээрээ байгаа үхрийн сэвсийг харчихаад энэ юу юм бэ? гэж асуугаад та хоёр хулгайлсан байна гэдгийг хэлсэн. Би С бага гэрт орж үзэхэд улаан халзан зүсмийн эр үхрийн мах болон арьс нь байсан. Ан бага гэрт хар тарлан сарлагийн сувай үнээний мах болон шир, толгой нь байсан. С, А ах хоёр шөнө хоёулаа хамтарч хулгайлан хуваан авсан гэдгээ хэлж хэргээ хүлээсэн...миний хохирлыг Б, А нар барагдуулсан. Одоо ямар нэгэн хохирлын тал дээр маргаан байхгүй сайн дураараа миний хохирлыг барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 5, 7,12 хуу/ 

Гэрч Б.Н...2017 оны 11 дүгээр сарын 20-нд би өглөө нь сумын төв яваад эм тариа аваад шөнө нь ирэхэд 2 үхэр янзалсан байсныг маргааш өглөө нь мэдсэн. Тэгээд чи хаанаас юу хийв гэж асуугаад байж байтал эзэн нь мэдээд ирсэн. Б гэдэг хүн маргааш нь мотоцикльтой ирэхээр нь би Батмөнхийн үхэр гэдгийг мэдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 14 хуу/

Гэрч Д.Н...2017 оны 12 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна. Манай үхэр урд энгэрт “Рам” гэх газарт бэлчээрт байж байгаад өглөө нь өөр газарт очсон байсан. Манай нөхөр Б үхрээ очиж бүртгэж үзэхэд хоёр тооны нэг нь улаан халзан зүсмийн хязаалан насны эр үхэр, нөгөө нь тарлан зүсмийн сарлагийн сувай үнээ байхгүй байгааг мэдсэн. Манай үхэр А, С хоёрын гэрийн ойролцоо байсан болохоор нөхөр Б очиж уулзаад тэр хоёрыг хулгайлсан болохыг олж мэдээд ирсэн. А, С хоёр хохирлоо төлнө гэж яриад одоог хүртэл төлөөгүй л байна...гэх мэдүүлэг /хх-ийн 16 хуу/

Гэрч Н.Б...Намайг аймгийн төвд эмнэлэгт хэвтэж байх хойгуур манай нөхөр А үхэр хулгайлсан хэрэгт холбогдсон байсан. Манайх өөрийнхөө хотод С буюу Б айл байдаг. Бага зэрэг зайтай хоёр айл байгаа. Б нутгийн хүмүүс С гэж нэрлэдэг...гэх мэдүүлэг /хх-ийн 18 хуу/

Гэрч Ч.Ц...2017 оны 12 сарын эхээр Б гэрийнхээ урд талын амнаас үхрээсээ 2 тооны үхэр алдсан талаар дуулсан. Өөрөө яваад хайж байгаад хулгайлсан хүмүүсийг нь оллоо үхэр байсан газарт нутаглаж байгаа Б, А хоёр хулгайлсан гэдгийг Б мэдсэн. Б манайхтай нэг хотонд нутагладаг. Хулгайд алдах үед үхэр нь Арам гэх нэртэй газарт бэлчээрт байсан. Үхэр алдсан газар нь Хөх сүм багт ордог. Төвшрүүлэх сумын 1-р баг гэж тоогоор нэрлэдэг. 1-р баг, Хөх сүм баг хоёр бол нэг баг байгаа юм. Хойд зүгт харсан уулын амыг Ар ам гэж, сүүлдээ нэр нь сунжирсаар Арам гэсэн нэртэй болчихсон...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/ 

Яллагдагч Б.Ан...Би 2017 оны 12 дугаар сарын эхэн үед яг өдрийг нь санахгүй байна, шөнийн 23 цагийн орчимд өөрийн танил Батсүхийн хамтаар нэг тооны хязаалан насны халзан зүсмийн монголын үхэр, нэг тооны тарлан зүсмийн сарлагийн нас нийлсэн үнээ, нийт 2 тооны үхрийг мөнгө олох зорилгоор Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 1 дүгээр багийн нутаг Ар ам гэх газраас хулгайлсан. Уг үхэрнүүдийг ямар им тамгатай байсан талаар санахгүй байна, сайн анзаараагүй. Тарлан үнээ нь хөгшиндүү үнээ байх шиг байсан. Б бид хоёр явганаар явж хулгай хийсэн. Бусдын малыг хулгайлах санааг Б бид хоёр хоорондоо ярилцаж байгаад л хулгай хийсэн. Тухайн үед хулгай хийсэн махаа Архангай аймгийн хүнсний зах дээр ирж танихгүй махны ченжид зарж борлуулсан. Мөнгийг нь хэрэглээд дууссан...гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 хуу/

Яллагдагч Ө.Б...Би 2017 оны 12 дугаар сарын эхэн үед шиг санагдаж байсан, цаг хугацааг  нь нарийн сайн санахгүй байна. Шөнийн 23 цагийн орчимд өөрийн танил Алтангэрэлийн хамтаар Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 1 дүгээр багийн нутаг Ар ам гэх газраас тарлан зүсмийн нас гүйцсэн сарлагийн үнээ, халзан зүсмийн хязаалан насны монголын үхэр зэргийг мөнгөний хэрэг гарахаар нь хулгайлсан. Уг хоёр тооны үхэр нь манай нутгийн Б үхэрнүүд байсан юм байна лээ. Би сүүлд нь мэдсэн. А бид хоёр хоёулаа явган явж хулгай хийсэн. Ямар нэгэн зэвсэг хэрэгсэл тээврийн хэрэгсэл ашиглаагүй. А бид хоёр хэн нэгэнтэй угаасаа тааралдаагүй. Мал хулгайлах санааг А бид хоёр хоорондоо ярилцаж байгаад мөнгө төгрөгтэй болъё гэж ярилцсан...гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 хуу/ 

 

Шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 121 дугаар дүгнэлтээр: алдагдсан гэх үхрүүдийг нийт 1.500.000 төгрөгөөр үнэлгээ тогтоосон дүгнэлт /хх-ийн 25 хуу/

Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 53-84 хуу/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51-52 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 53-57 хуу/

Оролцогч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 90-92 хуу/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгч нарыг яллагдагчаар болон  хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.А, Ө.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.А, Ө.Б нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын эхээр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ар ам” гэх газраас хохирогч Ч.Б  2 тооны үхрийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Б.А, Ө.Б нар нь өөрийн үйлдэл болон хулгайлан авсан малын тооны хувьд маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж мэдүүлэг өгсөн бөгөөд тэдгээрийн мэдүүлэг нь хохирогч Ч.Б,  гэрч Б.Н, Д.Н, Н.Б, Ч.Ц нарын мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нар нь  гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул тэдний мэдүүлгийг шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Б.А, Ө.Б нар нь иргэн Ч.Б 2 тооны үхрийг  хулгайлж авсан үйлдлийн улмаас 1.500.00 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.А, Ө.Б нарын бусдын 2 тооны үхрийг хулгайлсан үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.А, Ө.Б нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан тэдэнд Эрүүгийн хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. 

Хохирогч Ч.Б нь мэдүүлэг өгөхдөө болон хавтаст хэргийн материалтай танилцах үедээ “гомдолгүй” гэж дурдсан /хх-ийн 58 хуу/ тул шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн байна гэж дүгнэв. 

Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов. 

Шүүгдэгч Б.А, Ө.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон   

                                            

ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч Б овгийн Ө Б, Б овгийн Б А нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө., Б.А нарыг тус тус 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

 

3. Шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан нийтэд тусгай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

4. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай. 

 

           5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хохирогч, шүүгдэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

6. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А, Ө.Б нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ОДХҮҮ