Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2026/ДШМ/352

 

2026           03              26                                                                        2026/ДШМ/352

  О.Б-т холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Билгүүтэй,

шүүгдэгч О.Б-ийн өмгөөлөгч Х.Даваахүү,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2026/ШЦТ/2758 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Нандин-Эрдэнийн бичсэн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 04 дүгээр эсэргүүцлээр О.Б-т холбогдох эрүүгийн 2503000001033 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

А- овгийн О-ийн Б- /РД: ИО-/, .......,

Урьд, Завхан аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 681 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.

Шүүгдэгч О.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1/нэг/ жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2025 оны 09 дүгээр сарын 14-ний шөнийн 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын замд “Toyota Prius” маркийн О- УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Шүүгдэгч О.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч О.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 681 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн 637 хоног буюу 01 жил, 09 сар, 02 хоногийн нэмэгдэл ялыг нэмж нэгтгэн нийт тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассаныг 4 /дөрөв/ жил, 09 /ес/ сар, 02 /хоёр/ хоногийн хугацаагаар тогтоож, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах болон 3,000,000 /гурван сая/ төгрөгийн торгох ялыг тус тусад нь эдлүүлж, шүүгдэгч О.Б-т шийтгэсэн 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял болон 3,000,000 /гурван сая/ төгрөгийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б- торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 8 /найм/ сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-т шийтгэсэн 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б- зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, мэдэгдэж, Эрүүгийн 2503003720734 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч О.Б- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч О.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Прокурор Г.Нандин-Эрдэнэ бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүхийн тогтоолтой танилцаад шүүхийн шийдвэр эрүүгийн хуулийг зөрчсөн гэж үзэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно.” гэж заасан байна. Гэтэл шийтгэх тогтоолд шүүгдэгч О.Б-т оногдуулсан эрх хасах ялыг хэзээнээс оногдуулж эхлэх нь ойлгомжгүй эргэлзээтэй байна гэж үзэж байна. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/2758 дугаартай шийтгэх тогтоолын "Тогтоох" хэсэгт өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор М.Билгүүтэй тус шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Прокурор Г.Нандин-Эрдэнийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. ...” гэв.

Шүүгдэгч О.Б-ийн өмгөөлөгч Х.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч О.Б- нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 681 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан эрх хасах нэмэгдэл ялын хугацаа дуусаагүй байхад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Toyota Prius” маркийн О- УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон 2025 оны 09 дүгээр сарын 14-ний шөнийн 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын замд замын хөдөлгөөнд оролцсон болох нь:

“...Од-Сэрийн Б-... драйгер багаж ашиглан шалгахад 2,58 % тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэсэн мэдээлэлтэй жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 4/,  

“...шүүхийн шийдвэрээр эрх хасагдсан...” гэсэн мэдээлэлтэй Цагдаагийн ерөнхий газрын жолоодох лавлагаа, мэдээлэл /хх-ийн 63/,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ийн тээврийн жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/681 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар/хх-ийн 49-50/,

Шүүгдэгч О.Б-ийн “...гэртээ айраг уусан...тэгээд ШТС-руу явж байтал нэг хүн цагдаа дуудсан... үлээлгэхэд 2.58 хувь гарсан...” гэх яллагдагчаар өгсөн мэдүүлэг/хх-ийн 14/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч О.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн...согтуурсан... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...” гэмт хэргийн шинжийг хангах талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол …” гэж уул гэмт хэргийн шинжийг тодорхойлсон бөгөөд “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэдгийг согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж ойлгохоор хуульчилсан тайлбар хийсэн байна.

Хуулийн зохицуулалтаас үзэхэд дээрх гэмт хэргийг үйлдсэн хүн өмнө нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3-т заасан үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл хүлээсэн эсвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдон тээврийн хэрэгсэл эрх хасах ял шийтгүүлж, уг ял болон шийтгэлийн хугацаа дуусаагүй байхад дахин энэ төрлийн зөрчил болон гэмт хэргийн шинжийг хангах үйлдлийг хийсэн бол гэмт хэрэгт тооцогдохоор байна.

Шүүгдэгч О.Б- нь урьд нь буюу 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдон 2/хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан бөгөөд энэ нэмэгдэл ялын хугацаа дуусаагүй байхад дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тул түүний энэ удаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах эсвэл өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн болно.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, энэ гэмт хэргийг давтан үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийн хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Прокуророос “...шийтгэх тогтоолд шүүгдэгч О.Б-т оногдуулсан эрх хасах ялыг хэзээнээс оногдуулж эхлэх нь ойлгомжгүй эргэлзээтэй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулгатай эсэргүүцэл давж заалдах шатны шүүхэд гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно.” гэж заасан.

Анхан шатны шүүх шүүгдэгч О.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3/гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1/нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн бөгөөд 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 9 /ес/ сар 2 /хоёр/ хоногийн хугацааг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял дээр нэмж, нийт эдлэх ялын хугацааг 4/дөрөв/ жил 9/ес/ сар 2/хоёр/ хоногоор тогтоон, хоёр шийтгэх тогтоолын торгох болон зорчих эрхийг хязгаарлах ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дээрх хоёр шийтгэх тогтоолоор шүүгдэгчид торгох болон зорчих эрхийг хязгаарлах ялууд буюу хорихоос өөр төрлийн ял оногдуулсан байх бөгөөд энэ 2 ялын алийг нь оногдуулсан үеэс эхлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хугацааг тоолох дээр тодорхойгүй хууль зүйн асуудал үүсжээ.

Анхан шатны шүүх энэ 2 тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл хасах ялуудыг нэмж нийт эдлэх ялын хэмжээг тогтоосон тул сүүлд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тээврийн хэрэгсэл хасах ялын хугацааг үргэлжлүүлэн тоолох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрх хасах ялын хугацаа тоолох зохицуулалтад нийцэхээр байна.

Түүнчлэн, 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч О.Б- оногдуулсан торгох ялын хэмжээ, биелүүлэх хугацаа болон шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд үүсэх хууль зүйн үр дагаврын талаар тодорхой тусгасан заалтыг тогтоох хэсэгт нь оруулсан байх тул дахин энэ талаар шийтгэх тогтоолд тусгах хууль зүйн шаардлага үүсэхгүй юм.

Иймд, дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын 3 дахь заалтын “...1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах болон 3,000,000 /гурван сая/ төгрөгийн торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй...” гэснийг “...торгох болон зорчих эрхийг хязгаарлах ялуудыг тус тусад нь эдлүүлсүгэй...” гэж өөрчлөн, торгох ялтай холбоотой заалтуудыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.” гэсэн нэмэлт заалтыг оруулж прокурорын эсэргүүцлийг хүлээн авч тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Мөн шийтгэх тогтоолын 8 дахь заалтын “...Эрүүгийн 2503003720734 дугаар хэрэгт...” гэснийг “...Эрүүгийн 2503000001033 дугаар хэрэгт...” гэж хэргийн дугаарыг зөвтгөн  өөрчилсөн болно.

Шийтгэх тогтоолыг өөрчлөх хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй боловч прокурорын яллах дүгнэлт, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд үйл баримтын талаар дүгнэлт хийхдээ “...шүүгдэгч О.Б- нь 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон гэмт хэрэг үйлдсэн...” мэтээр бичсэн алдаа гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх үйл баримтыг хэргийн хүрээний дотор өөрчлөн дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/2758 дугаар шийтгэх тогтоолын:

3 дахь заалтын “...1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах болон 3,000,000 /гурван сая/ төгрөгийн торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй...” гэснийг “...торгох болон зорчих эрхийг хязгаарлах ялуудыг тус тусад нь эдлүүлсүгэй...” гэж, 8 дахь заалтын “...Эрүүгийн 2503003720734 дугаар хэрэгт...” гэснийг “...Эрүүгийн 2503000001033 дугаар хэрэгт...” гэж тус тус өөрчлөн, 4, 5 заалтыг хүчингүй хэсгийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4/дөрөв/ жил 9/ес/ сар 2/хоёр/ хоногийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.” гэсэн нэмэлт заалтыг оруулж,  бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Г.Нандин-Эрдэнийн эсэргүүцлийг хүлээн авсугай.

2.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.МӨНХӨӨ

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

                                    ШҮҮГЧ                                          Г.МӨНХТУЛГА