| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 101/2022/00415/И |
| Дугаар | 210/МА2022/01069 |
| Огноо | 2022-06-03 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2022/01069
Л.Ч-, Ж.А- нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2022/01068 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Ч-, Ж.А- нарын хариуцагч Н-т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/00924 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1419 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 001/ХТ2021/00098 дугаар тогтоолоор Л.Ч-аас 129,007,807 төгрөгийг гаргуулж Даймонд-Очир ББСБ ХХК-нд олгож, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Н-т даалгаж шийдвэрлэсэн. Ийнхүү Н- нь шинжээч томилон, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн үнэлгээ нь зах зээлийн бодит үнээс хэт доогуур, эд хөрөнгийн байршил үйл ажиллагааны онцлог давуу талыг бодитоор үнэлээгүй гэж үзэж байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу шинжээчийн үнэлгээнд гомдолтой байгаа тул зах зээлийн бодит үнээс хэт доогуур үнэлгээ хийсэн шинжээчийн үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Төлбөр төлөгч Л.Ч-д шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл гардуулсан боловч төлбөрийг төлөөгүй. Иймд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн хурааж, үнийн саналыг авахад төлбөр төлөгч Л.Ч- нь орон сууцыг 200,000,000 төгрөгөөр, өмчлөгч Ж.А- нь газар, хувийн сууцыг 210,000,000 төгрөгөөр үнэлж, үнийн саналыг бичгээр гарган өгсөн. Ийнхүү талуудын гаргасан үнийн санал зөрчилдсөн тул шинжээч томилох тогтоолоор Файн-Эстимэйт ХХК, Голден пэйж аудит ХХК-ийг тус тус шинжээчээр томилоход хувийн сууц, газрыг 171,545,000 төгрөгөөр, 76 м.кв талбайтай орон сууцыг 161,816,867.00 төгрөгөөр тус тус үнэлэгдсэнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу талуудад гар утсаар болон баталгаат шуудангаар мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасныг үндэслэн, нэхэмжлэгч Л.Ч-, Ж.А- нарын гаргасан хариуцагч Н-т холбогдох Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, 48г байр, 75 тоот хаягт байрлах Ү-2204095751 тоот улсын бүртгэлийн дугаартай 76 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн наран 14 дүгээр гудамж, 87 тоот хаягт байрлах Г-2205002233 тоот улсын бүртгэлийн дугаартай 431 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн наран 14 дүгээр гудамж, 87 тоот хаягт байрлах Ү-2205031279 тоот улсын бүртгэлийн дугаартай 324 м.кв талбайтай хувийн сууцыг тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгч Л.Ч-ын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Голден пэйж аудит ХХК нь миний өмчлөлийн 3 өрөө орон сууцыг 161,816,867 төгрөгөөр үнэлсэн. Миний бие анх үнэлгээтэй танилцсан үеэс эхлэн хэт багаар үнэлсэн гэдгээ илэрхийлж хариуцагчид гомдол гаргаж байсан. Тухайн үеэс хойш олон улсын эдийн засгийн байдал хурцадсан, цар тахлын нөлөө буураагүй, импортын барааны ачаа тээвэрлэлтийн үнэ, шатахууны үнэ улам өсөж байна. Энэ бүгдээс шалтгаалан барилгын материалын үнэ өсөж, үүнийгээ дагаад шинээр баригдаж байгаа 2022-2023 онд ашиглалтанд орох шинэ орон сууцны барилгуудын үнэ өссөн. Миний хувьд барилгын салбарт ажилладгийн хувьд өөрийн биеэр бодит үнийн судалгаа хийсэн бөгөөд ... Баянзүрх цогцолбор хороолол АЗ-р блок, Баянзүрх дүүрэг, автобусны буудлын урд байршилтай, 2023 оны 3, 4-р улиралд ашиглалтад орох орон сууцны үндсэн үнэ 2,500,000 төгрөг, ашиглалтад орсны дараах үнэ 3,200,000 төгрөг, Ийст вилла, Баянзүрх дүүрэг 13-р хороолол, Сүнжин грандын баруун талд байршилтай, 2022 оны 3 дугаар улиралд ашиглалтад орох орон сууцны үндсэн үнэ 2,400,000 төгрөг, ашиглалтад орсны дараах үнэ 2,500,000 төгрөг, офицер хороолол, Баянзүрх дүүрэг, 13-р хороо, Амгалан амаржихын чанх урд байршилтай, 2023 оны 1-р улиралд ашиглалтад орох, үндсэн үнэ 2,400,000 төгрөг, ашиглалтад орсны дараах үнэ 2,600,000 төгрөг, дундаж үндсэн үнэ 2,683,000 төгрөг, ашиглалтад орсны дараах үнэ 2,889,000 төгрөг /хх-ийн 207-208-р талд хавсаргагдсан/. Орон сууцны үнийг гаргахдаа тухайн барилгын үндсэн хийц, ашиглалтанд орсон огноо, байрны онцлог давуу талыг заавал тусгаж харьцуулан үнийг гаргах ёстой байдаг. Миний өмчлөлийн байрны хувьд 2016 онд ашиглалтанд орсон 80 хувийн бүрэн цутгамал тухайн барилгынхаа 100 хувь бүрэн цуттамал хэсэгт байршдаг, баруун болон зүүн тийш харсан 3 цонхтой, хувцасны тусдаа өрөөтэй, 2 цонх нь 180x190 харьцаатай хийгдсэн том цонхтой, ашшлалтанд орох тухайн үед Кореа китчен ХХК-д 3,500,000 төгрөгөөр захиалгаар хийлгэж байсан гал тогооны тавилгатай, үзэгдэх орчин сайтай нар байнга тусдаг дулаахан барилга юм. Баянзүрх дүүрэгт байршилтай ижил төрлийн байруудыг unegui.mn сайтаас судалж үзэхэд дундаж м.кв нь 3,060,760 төгрөг байна. Л.Ч- би өөрийн өмч хөрөнгийг зах зээлийн бодит үнэлгээнд тулгуурлан дуудлага худалдаанд оролцуулахыг хүлээн зөвшөөрөх бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны томилж, үнэлгээ хийсэн Голден пэйж аудит ХХК-ийн үнэлгээг эс зөвшөөрч, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шинжээчийн үнэлгээг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан байдаг. Харин тус шүүх зах зээлийн бодит үнэлгээ нөхцөл байдлыг судлахгүйгээр дан ганц хариуцагчийн гаргасан бичиг баримтад тулгуурлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдсэнд гомдолтой байна. Иймд иргэн миний хийсэн судалгаа болон үнэлгээг судалж үзэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг цуцалж, шинжээчийн үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгч Ж.А-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Хөрөнгийн үнэлгээний Файн-Эстимэйт ХХК нь Ж.А- миний өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 324 м.кв талбай бүхий хувийн сууцыг 171,545,000 төгрөгөөр үнэлсэн. Миний бие анх үнэлгээтэй танилцах үеэс эхлэн хэт багаар үнэлсэн гэдгээ илэрхийлж, хариуцагчид гомдол гаргаж өөрийн үнэлгээг өгч байсан. Үл хөдлөх эд хөрөнгийн үнийг гаргахдаа тухайн барилгын үндсэн хийц, ашиглалтанд орсон огноо, байрны онцлог давуу талыг заавал тусгаж харьцуулан үнийг гаргах ёстой байдаг. Миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд хар зам дагуу хүнсний дэлгүүрийн нэрээр такси зогсдог тогтвор суурьшилтай хүнсний дэлгүүр ажиллаж байгаа газар юм. Мөн дахин төлөвлөлтөд 2016 оноос орсон одоо урд талаасаа барилгажаад явж байгаа үнэ цэнэтэй газар юм. Барилгын компаниудаас газрыг 50 м.кв 2 өрөө байр, 1 ш, үйлчилгээний талбай 80 м.кв -ийг солилцох санал ирсэн. Баянгол дүүрэгт 10, 11-р хороо буюу ойролцоо байршилтай ижил төрлийн обьектуудыг судалж үзэхэд 200,000,000 төгрөгөөс дээш үнэтэй байна. /Эх сурвалж unegui.mn/. Ж.А- би өөрийн өмч хөрөнгийг зах зээлийн бодит үнэлгээнд тулгуурлан дуудлага худалдаанд оролцуулахыг хүлээн зөвшөөрөх бөгөөд үнэлгээ тогтоосон Файн-Эстимэйт ХХК-ийн үнэлгээг эс зөвшөөрч, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шинжээчийн үнэлгээг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан байдаг. Харин тус шүүх зах зээлийн бодит үнэлгээ нөхцөл байдлыг судлахгүйгээр дан ганц хариуцагчийн гаргасан бичиг баримтад тулгуурлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдсэнд гомдолтой байна. Иймд иргэн миний хийсэн судалгаа болон үнэлгээг судалж үзэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг цуцалж, шинжээчийн үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад тэдгээрийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.
2.Нэхэмжлэгч Л.Ч-, Ж.А- нар нь хариуцагч Н-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн байна.
4.Төлбөр авагч Даймонд очир ББСБ ХХК нь Л.Ч-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 133,040,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, тус хэрэг гурван шатны шүүхээр хянагдан, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 001/ХТ2021/00098 дугаар тогтоолоор Л.Ч-аас 115,259,989 төгрөг гаргуулж, Даймонд очир ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 17,780,010 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх-ийн 50-60-р тал/
4.а.Төлбөр төлөгч Л.Ч- нь шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх бөгөөд төлбөр авагч Даймонд очир ББСБ ХХК-ийн хүсэлтээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 379 дугаар гүйцэтгэх хуудас олгосон байна. /хх-ийн 48-р тал/
4.б.Хариуцагч Н- нь дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн, 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, барьцаа хөрөнгө болох нэхэмжлэгч Л.Ч-ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, 48г байр, 75 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204095751 дугаарт бүртгэлтэй, 76 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, нэхэмжлэгч Ж.А-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн наран 14 дүгээр гудамж, 87 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2205002233 дугаарт бүртгэлтэй, 431 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205031279 дугаарт бүртгэлтэй, 324 м.кв талбайтай хувийн сууц зэргийг 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр битүүмжилж, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хураажээ. /хх-ийн 61, 75-77, 79-81-р тал/
4.в.Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох зорилгоор талуудаас үнийн санал авахад нэхэмжлэгч Л.Ч- нь өөрийн өмчлөлийн 3 өрөө орон сууцыг 200,000,000 төгрөгөөр, нэхэмжлэгч Ж.А- нь өөрийн өмчлөлийн газар болон хувийн сууцыг 210,000,000 төгрөгөөр тус тус үнэлж, үнийн санал өгсөн байна. /83-84-р тал/.
4.г.Хариуцагч Н- нь нэхэмжлэгч Ж.А-ийн өмчлөлийн газар, хувийн сууцыг үнэлүүлэхээр 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Файн-Эстимэйт ХХК-ийг, нэхэмжлэгч Л.Ч-ын өмчлөлийн орон сууцыг үнэлүүлэхээр 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Голден пэйж аудит ХХК-ийг тус тус шинжээчээр томилжээ. /хх-ийн 87, 120-р тал/
4.д.Хөрөнгийн үнэлгээний Файн эстимэйт ХХК нь нэхэмжлэгч Ж.А-ийн өмчлөлийн газар, хувийн сууцыг нийт 171,545,000 төгрөгөөр, Голден пэйж аудит ХХК нь нэхэмжлэгч Л.Ч-ын өмчлөлийн орон сууцыг 161,816,867 төгрөгөөр тус тус үнэлснийг хариуцагч байгууллага нь хуульд заасан хугацаанд талуудад мэдэгдсэн байна. /хх-ийн 91-107, 113-114 ,122-135-р тал/
5.Эд хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргах хугацааг хуулиар тусгайлан зохицуулсан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар талууд үнэлгээг мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргах журамтай. Үнэлгээний мэдэгдлийг нэхэмжлэгч Л.Ч- нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр, нэхэмжлэгч Ж.А- нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тус тус хүлээн авсан атлаа 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд гомдол гаргаж, дээрх хуульд заасан хугацааг хэтрүүлсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Нөгөө талаар, шинжээчийн дүгнэлт хуульд нийцээгүй гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, мөн нэхэмжлэгч нар нь анхан шатны шүүх хуралдаанд үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул энэ талаарх нэхэмжлэгч нарын тайлбар, гомдол үндэслэлгүй.
6.Иймд хариуцагчийг төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэх ажиллагааг явуулахдаа хууль зөрчөөгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасанд нийцсэн байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2022/01068 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Г.ДАВААДОРЖ