| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 160/2018/0168/Э |
| Дугаар | 182 |
| Огноо | 2018-09-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.М |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 182
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дөлгөөнөөр хөтлүүлж
Улсын яллагч: Б.Мээпам
Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Б-н Бд холбогдох 1812000000165 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т овгийн Б-н Б /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Б нь Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй эмийн сангийн гадна 2018 оны 06 сарын 04-ний өдрийн 14 цагийн орчим М.Б-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний зүүн өгзөг хэсэгт хутгалж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч М.Б-ийн өгсөн: ...2018 оны 06 сарын 04-ний өдөр 12 цагийн орчим сумын эмнэлэг дээр ирээд хүүхэдтэйгээ уулзах гээд орох гэтэл эмнэлгийн гадна Б.Б гэдэг хүнтэй таарсан. Гэтэл Б.Б намайг би чамайг шоронд явуулаагүй шүү, эхнэр чинь шоронд явуулаад өг гэж гуйж явуулсан шүү гэхээр нь би гэр бүлийн хооронд битгий яс хаяад бай, цагдаа дээр хоёулаа очъё гээд чирэхэд явахгүй байхаар нь орхичихоод явсан. Би цагдаа дээр ирээд цагдаа байхгүй болохоор нь гэртээ хариад эхнэр хүүхдэдээ тариа авахаар эмийн сан орсон. Тэр үед Б.Бгийн эхнэр хэл ам нь мэдэгдэхгүй над руу уурлаад байхаар нь Б.Бг эхнэрээ аваад яваач гэтэл Б чамайг би ална, эсвэл миний дүү нар чамайг ална гэхээр нь хүн алах юм бол өөрөө л зовно биз гэтэл Б машинаасаа бууж ирэхдээ хутга харагдахаар нь эргээд зугтаахад араас гуяа руу хатгасан. Би түүнд та хатгачихлаа шүү дээ гэхэд намайг гүйцээнэ гээд хөөгөөд байсан. Тэр үед эмнэлгийн машин таарч эмнэлэг дээр ирж цэвэрлүүлж оёо тавиулсан. Би лав эрүүл байсан, харин Б архи уусан эсэхийг мэдэхгүй байна. намайг Б гэдэг хүн зүүн талын хонго бөгс орчим руу хутгаар нэг удаа хатгасан. Тэрнээс цохиж зодсон зүйл байхгүй... Би маш их гомдолтой байна. Хуулийн дагуу шийдүүлмээр байна. Одоогоор нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 хуу/
Гэрч Н.П өгсөн: ...Би 2018 оны 06 сарын 14-ний өдөр гэртээ байж байтал манай нөхөр өдөр 12 цагийн орчим гэртээ ирээд хүүхдэд тариа өгье гээд бид хоёр эмийн сан явсан юм. Эмийн сангийн гадаа очоод би эмийн сан руу ороод манай нөхөр эмийн сангийн гадаа үлдсэн. Би тариагаа аваад гарах гэтэл гадаа хүн орилохоор нь гараад иртэл манай нөхөр Б зүүн тийшээ гүйгээд түүний араас Б гуай хөөж байсан. Тэгсэнээ Б буцаад эмийн сан руу ойртож ирээд намайг хутгалчихлаа гэхэд Б гуай нэг мөсөн гүйцээчихье гээд байсан. Тэгсэн Б гуай над руу чи нөхрөө шоронд явуулаад өг гэсэн биз дээ гэхээр нь юу яриад байгаа юм бэ та нар чинь гэж маргалдсан. Тэр үед эмнэлгийн машин таарч Б эмнэлгийн машинд сууж эмнэлэг ороод би араас нь мотоциклиор эмнэлэг орсон. Эмч нар үзээд зүүн бөгс хонго орчим рүү нь хутга 10 см орчим гүн орсон байна гэж хэлсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн юм. Тухайн үед Б гуай эхнэртэйгээ, манай нөхөр Б нар байсан. Манай нөхөр эрүүл байсан. Харин Б гуайг архи уусан эсэхийг сайн мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 хуу/
Гэрч Б.О-н өгсөн: ...2018 оны 06 сарын 04-ний өдрийн 14 цагийн үед манай Эрүүл мэндийн газарт зүүн өгзөг хэсэгтээ хутгалуулсан гэсэн шархтай ирсэн. Би Б.Бийн биеийн байдлыг үзэхэд биеийн байдал дунд, орчиндоо харьцах харьцаа хэвийн, өгзөгөнд авсан шархнаас цус гарсан байдалтай, шарх нь зүүн өгзөгний дээд хэсэгт 1.5 см хэмжээтэй гүн нь 8 см орчим дээрээс доош хавж орсон байдалтай байсан. Бийн шарханд цэвэрлэгээ хийж, оёдол тавьж боосон. 2018 оны 06 сарын 04-ний өдрийн 10 цагийн үед Б Б хоёр манай эрүүл мэндийн газрын үүдэнд хоорондоо маргалдаад барьцалдаж авсан, ямар зүйлээс болж хоорондоо маргалдсаныг би мэдээгүй. Тэр хоёр барьцалдаж аваад зодоон цохион хийгээгүй салсан юм тэгсэн тэр өдөр нь Б нь Бд хутгалуулсан гээд орж ирсэн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/
Гэрч Б.Д-н өгсөн: ...2018 оны 06 сарын эхээр байсан байх манай төрсөн дүү Б эхнэр Оюунтунгалагийн хамт сумын төв орж ирсэн байсан. Би өдөр 14 цагийн үед сумын төвд Ардчилсан намын байран дотор цайны газар ажиллуулаад сууж байсан чинь манай бэр Оюунтунгалаг гаднаас сандарсан байдалтай гартаа хутга бариад ороод ирсэн, би гайхаад юу болсон талаар асуусан чинь Б Б-т маргалдаад зодоон хийгээд Б Б-г хутгалсан гээд надад барьж явсан хутгаа үзүүлээд, хутга нь энэ байна гээд хагархай хуванцар хар өнгийн иштэй хутга өгсөн. Тэгээд Б дээр очно гээд эргээд гараад явсан. Би юу болсон юм бол гээд араас нь гараад О-н хамт эмнэлэг дээр очиход Б шархаа боолгож байсан. Б эмнэлгийн гадаа сууж байсан. Тэр хутга нь 25 см-ээс 30 см хэмжээтэй хар өнгийн хуванцар иштэй хутга байсан. Тухайн үед дуудлагаар ирсэн цагдаа тэр хутгыг аваад явсан. Тэр хутга нь Бгийн портер маркийн багаажинд байсан гэсэн. Ямар учраас хутгалсан талаар мэдэхгүй байна, Б өмнө нь Бг зодоод ял авч байсан, хоорондоо таарамжгүй харилцаатай байдаг юм билээ, тэр хоёр хоёулаа эрүүл байсан, өөр нэмж ярих зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/,
Б.Б-ийн яллагдагчаар өгсөн: ...2018 оны 06 сарын 04-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын төвд би эхнэр Оюунтунгалагийн хамт эмнэлэг орчихоод гэрч ирсэн М.Бтой таарсан. М.Б өмнө нь намайг зодоод хорих ял авсан юм. Тэгээд өнгөрсөн хавар шоронгоос суллагдаж гарч ирсэн юм. Тэр асуудлаас болж чи намайг шоронд явуулсан гээд өсөрхөөд байхаар нь би чамайг шоронд явуулаагүй шүү дээ гэж хэлтэл намайг заамдаж аваад зодох гээд байсан. Тэгээд манай эхнэр бид хоёрыг салгасан. Би эхнэртэйгээ хамт эмнэлгийн гаднаас машинтайгаа хөдлөөд эмийн сан ороод эм аваад гараад ирсэн чинь Б эмийн сангийн гадаа явж байснаа над дээр дахиж хүрч ирээд хэрүүл хийгээд манай эхнэрийг өрөөл татанхай гээд элдвээр хэлээд миний шанаа руу гараараа цохисон. Тухайн үед би Боос их айсан байсан. Тэгээд машиндаа байсан хар иштэй хутгаар араас нь бөгс рүү нь хутгалсан. Эмнэлгийн гадаа Б бид хоёр зодоон хийгээгүй, эмийн сангийн гадаа Б миний шанаа руу гараараа нэг удаа цохисон, би Бийн бөгсний зүүн хэсэгт нэг удаа хутгалсан, миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй... Машин дотор миний түлхүүр багажны саванд иш нь хагарсан хар иштэй муу хутга байсан юм, тэр хутгаар би Бийг хутгалсан. Би Бид эмчилгээний мөнгийг нь өгч хохирлыг барагдуулсан, би Бтой уулзаж уучлалт гуйсан, бид хоёр хоорондоо эвлэрсэн, Бид ямар нэгэн гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 269 дугаартай дүгнэлт:
1. М.Бийн биед, зүүн хөлийн өгзөгний дотор дээд хэсгээс доош чиглэн хавсан шарх гэмтэл тогтоогдлоо. Уг шархны ёроолд мэс заслын жижиг зүслэг нээлт хийсэн байна.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хатгах, хатгагдах үйлчлэлээр үүснэ.
3. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй ...гэх дүгнэлт /хх-ийн 24 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 36-37 хуу/
Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн засаг даргын тодорхойлолт/хх-ийн 38 хуу/
Б.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35 хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 42-43 хуу/
Хохирогч М.Б-с шүүхэд гаргасан хүсэлт /хх-ийн 66 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Б нь Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутаг дэвсгэрт 2018 оны 06 сарын 04-ний өдрийн 14 цагийн орчим хохирогч М.Бтой маргалдаж түүний зүүн өгзөг хэсэгт нэг удаа хутгалсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Б.Б нь хохирогчийг хутгалсан үйлдэл, хор уршгийн хувьд маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч М.Б, гэрч Н.П, Б.О, Б.Д нарын мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 269 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй тул түүний мэдүүлгийг шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Б.Б нь хохирогч М.Бийн зүүн өгзөг хэсэгт хутгалсан үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд зүүн хөлийн өгзөгний дотор дээд хэсгээс доош чиглэн хавсан шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан болох нь Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 269 дугаар дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Аймгийн Прокурорын газраас Б.Б-ийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогч М.Б нь мэдүүлэг өгөхдөө болон хавтаст хэргийн материал танилцуулах үедээ “нэхэмжлэх зүйл, санал хүсэлт байхгүй” гэж /хх-ийн 12 хуу/ дурдсан, шүүхэд гаргасан хүсэлтэндээ “Б.Б надаас уучлалт гуйж буруугаа хүлээсэн тул иргэн Б.Бгийн энэ байдлыг харгалзан үзэж би гомдолгүй болсон тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэсэн /хх-ийн 66 хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овгийн Б Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг дагуу шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн бариултай хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ