Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2026/ДШМ/338

 

2026           03            25                                                                        2026/ДШМ/338

 

Ш.Э-өд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Марал,

хохирогч Б.Л-ын өмгөөлөгч Ц.Батзориг,

шүүгдэгч Ш.Э-, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2026/ШЦТ/91 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.Э-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2503 00752 1025 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.   

Б- овгийн Ш-ийн Э-, ........., ял шийтгэлгүй, /РД: УШ-/;                        

Шүүгдэгч Ш.Э- нь 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 23 цаг 29 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Галданбошигтын гудамж, Цагаан байрны автобусны буудлын гарц дээр “Тоёота приус” маркийн Ш- УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 76 настай, эмэгтэй Б.Л-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ш.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ш.Э-ийг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Э-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Э- нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ш.Э-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг үндсэн ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ш.Э-өөс 12.077.400 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Л-д 7.920.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 4.157.400 төгрөгийг тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, хохирогч Б.Л- нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Ш.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие хохирогч Б.Л-д баримтаар 3.720.000 төгрөг төлсөн бөгөөд тухайн үед түүний хэвтэн мэс засалд орсон “ЭМ БИ ЖИ” эмнэлэг нь даатгалтай гэж байсан гэтэл шүүх хурал дээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 4.157.400 төгрөгийн нэхэмжлэл яригдсан бөгөөд тус байгууллагаас гаргаж шүүхэд өгсөн эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний 2025.10.15-д гаргасан мэдээлэлд /хх 31/ Б.Л- хэрэг болсон өдөр 2025.06.20-ноос өмнөх төлбөрийн мэдээлэл дөрвөн удаа орсон нь мөн ямар төрлийн эмчилгээнд хэдэн төгрөг орсон нь тодорхойгүй эргэлзээтэй байхад намайг анхан шатны шүүхээс Эрүүл мэндийн даатгалын санд 4.157.400 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно.”, мөн хэсгийн 1.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг” гэжээ. Бидний зүгээс хохирогчийн учирсан хохирол бүрэн бодитой тогтоогдоогүй гэж үзэж байна. Иймд дээрх шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байх тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ш.Э-ийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Ш.Э- нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, учирсан хохирлыг нөхөн төлөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Мөн бодит гарсан зардалд 5 сая гаруй төгрөгийг “Эм Би Жи” эмнэлэгт даатгалтай холбоотойгоор төлсөн. Харин 4.157.400 төгрөгийг эрүүл мэндийн даатгалаас нөхөн төлүүлсэн гэх асуудал нь бодит байдалтай нийцэхгүй байна. Учир нь, 10 дугаар сарын 25-ны өдрийн нийгмийн даатгалын мэдэгдэлд 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр, 06 дугаар сарын 19-ний өдөр, 07 дугаар сарын 10-ны өдөр гэх мэт хэд хэдэн хугацаанд үзүүлсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ, хөнгөлөлттэй эмийн зардлууд багтсан бөгөөд эдгээр нь уг хэрэг гарснаас өмнөх үеийн зардлууд байна. Иймд дээрх нөхөн төлбөрийн дүн нь зөвхөн тухайн хэрэгтэй шууд холбоотой бодит хохирлыг бүрэн илэрхийлээгүй, эргэлзээтэй гэж үзэж байна. ... Иймд Нийгмийн даатгалаас нэхэмжилж буй 4.157.400 төгрөгтэй холбоотой асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасны дагуу дүгнэлт нь шүүгдэгчид ял оногдуулахад нөлөөлсөн гэж үзэж байна. Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх хасах нэмэгдэл ялын хэмжээ нь 1-3 жилийн хугацаатай байхад “хохирол төлөгдөөгүй” гэх үндэслэлээр 2 жилийн хугацаагаар эрх хассан нь үндэслэлгүй. Иймд шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялыг 1 жил болгон багасгаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Б.Л-ын өмгөөлөгч Ц.Батзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах талаар гаргасан гомдол нь үндэслэлгүй байна. Нийгмийн даатгалын сангаас нэхэмжилсэн төлбөрийг үндэслэлгүй гэж маргаж буй нь буруу. Тухайлбал 05 дугаар сарын 14-ний хоёр удаагийн эмчилгээ, 06 дугаар сарын 19-ний өдөр нэг удаагийн үйлчилгээний нийт 52.332 төгрөг нь эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр авсан үйлчилгээний үнийн дүнгээс хасагдаж тооцогдсон. Мөн эмчилгээний зардал төлсөн гэх асуудлын хувьд уг төлбөр нь хохирогчид шууд олгогдоогүй, харин эмнэлэг болон холбогдох ажилтнуудад төлөгдсөн байна. Тодруулбал эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний төлбөрт 2.800.000 төгрөг, асаргааны зардалд 500.000 төгрөг, өдөрт 30.000 төгрөгөөр тооцсон 14 хоногийн боолтын зардалд 420.000 төгрөгийг тус тус олгосон байна. Харин үүнээс хойш хохирогчийн эмчилгээ, эмийн хэрэглээ, таяг, тэргэнцэр зэрэг нэмэлт зардлыг огт төлөөгүй. Цаашид бид холбогдох баримтуудыг бүрдүүлж, үлдсэн зардлыг иргэний журмаар нэхэмжлэх боломжтой. Мөн хохирогчид учирсан сэтгэл санааны хохирол болох 7.920.000  төгрөгийг төлөөгүй нөхцөл байдал байгааг шүүх харгалзан үзэх шаардлагатай. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх тул шүүгдэгч Ш.Э-өд оногдуулсан ял шийтгэлийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор А.Марал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтаар хохирогчийн эрүүл мэндэд учирсан, эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол нь 5 удаагийн эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой бөгөөд эдгээр нь даатгалын задаргаатайгаар баримтаар нотлогдсон. Нийт 4.157.400 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ, хөнгөлөлтийг эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон болох нь тогтоогдож, иргэний нэхэмжлэгч хэрэгт оролцон нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхээс иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, уг төлбөрийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Мөн өмгөөлөгчийн зүгээс эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөрийг төлөөгүй байгаатай холбогдуулан эрх хасах нэмэгдэл ялыг үндэслэлгүй оногдуулсан гэж маргаж байна. Уг осол нь явган хүний гарц дээр гарсан бөгөөд шүүх хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь дүгнэж, шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Ш.Э-өд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Ш.Э- нь 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 23 цаг 29 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Галданбошигтын гудамж, Цагаан байрны автобусны буудлын гарц дээр “Тоёота приус” маркийн Ш- УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 76 настай, эмэгтэй Б.Л-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Л-ын “... Би тухайн өдрийн 23 цаг өнгөрч байх үед Баянбүрдийн тойргийн хойд цагаан байрны автобусны буудлын явган хүний зохицуулдаггүй гарцаар зүүнээс баруун тийш чиглэлтэй алхаж явахад миний зүүн талаас нэг машин мөргөөд, би унасан. Ослын дараа их олон хүмүүс ирсэн, мөн түргэний машин ирсэн байсан. ... Би гарцаар гарахын өмнө харахад надад ойрхон автомашин харагдаагүй. ...” /хх 17/,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Э.М-ийн “... Би дээрх тээврийн хэрэгслийг 2017 онд өөрийн нэр дээрээ худалдан авч байсан. Одоо миний нэр дээр бүртгэлтэй боловч миний төрсөн аав Э-ийн эзэмшлийн машин байгаа юм. ... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ... Автомашинд хохирол учраагүй, ... бусдад учирсан хохирлыг төлж барагдуулна. ...” /хх 22, 25/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “... Б.Л-ын биед зүүн сүүжний тогооны урд багананд зөрөөгүй далд хугарал, баруун умдаг ясны дээд, доод салаа зөрүү багатай далд хугарал, зүүн түнх орчмын булчин завсарт цус хуралт, дух, баруун зулайн хуйх, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул ... хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. ...” гэсэн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ЕГ0725/8445 дугаар дүгнэлт /хх 42-43/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...Б-ын Л-ын сэтгэцэд 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр үйлдэгдсэн зам тээврийн ослын улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. ...” гэсэн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ЕГ0825/3611 дугаар дүгнэлт /хх 86-88/,

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх 52-58/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Дэмбэрэлийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 0001448 дугаартай “... “Тоёота приус” маркийн Ш- УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ш.Э- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Б.Л- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. ...” гэсэн мөрдөгчийн магадалгаа /хх 69/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-13/, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын “Тоёота приус” маркийн Ш- УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч ... Э-ийн М-...” гэх лавлагаа /хх 19/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Э-ийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ш.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнд тухайн зүйл, хэсэгт заасан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирчээ.

            Шүүгдэгч Ш.Э-өөс “... эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний 2025.10.15-д гаргасан мэдээлэлд Б.Л- нь хэрэг болсон өдөр буюу 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс өмнөх төлбөрийн мэдээлэл дөрвөн удаа орсон, мөн ямар төрлийн эмчилгээнд хэдэн төгрөг зарцуулсан нь тодорхойгүй, эргэлзээтэй байхад Эрүүл мэндийн даатгалын санд 4.157.400 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй.  

Учир нь, шүүгдэгч Ш.Э-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Л-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч, хохирогч нь 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Эрүүл мэндийн даатгалын сангаас 4.157.400 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авчээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба уг зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй байна.

Хэрэгт авагдсан Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх 31/-ээр хохирогч нь гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө буюу 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 20.000 төгрөгийн үйлчилгээ, 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр “Ази фарма мед” ХХК-иас 4380 төгрөг, 27952 төгрөгөөр 2 удаа хөнгөлттэй эм авсан ба нийт 52.332 төгрөгийн үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас авсаныг дээрх нийт үнийн дүнд оруулан тооцоогүй болохыг дурдах нь зүйтэй. 

Дээрх байдлаар анхан шатны шүүх Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулах хохирлын хэмжээг зөв тооцож, хохирлын хэмжээг тогтоосон тул энэ талаар гаргасан шүүгдэгч Ш.Э-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн удирдлага болгох заалтыг бүрэн баримтлаагүй нь шүүх материаллаг болон процессын хэм хэмжээ, тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх шаардлагад хамаарах тул цаашид энэ талаар анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2026/ШЦТ/91 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ,

 

                        ШҮҮГЧ                                                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                        ЕРӨНХИЙ

 

            ШҮҮГЧ                                                                             Б.ЗОРИГ

 

 

   

 

                        ШҮҮГЧ                                                               М.АЛДАР