Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 188

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дөлгөөнөөр хөтлүүлж

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгч: Ё.Б нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овгийн Ё-н Б-д холбогдох 1812001890193 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ж овгийн Ё Б /РД:/

 

                   Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Ё.Б нь 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Туулант баг, Цагаан толгой гэх газар өөрийн эхнэр М.Т-н бие махбодид халдан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Мөрдөн байцаалтын үед:

 

    Хохирогч М.Т-н өгсөн: ... 2018 оны 03 сарын 25 ны өдөр үдээс хойш 18 цагийн үед нөхөр бид хоёр малын хашаагаа цэвэрлэж байхдаа ламд үзүүлсэн талаар ярилцаад маргалдсан. Тэгээд гадаа харанхуй болоод гэр рүүгээ орсон. Нөхөр уурлаад авдарнаас 500 граммын архи гаргаж уугаад согтоод гарч явна гээд байхаар нь хориглотол миний нүд рүү цохьсон. Би гарч зугтаад эгч рүүгээ утсаар холбогдож хэлсэн. Тэр үед эгч цагдаад дуудлага өгсөн байсан. Манай нөхөр намайг 2017 оны 12 сард зодож байсан. Би тухайн үед нь цагдаад хандаж, нөхрийг маань зөрчилийн тухай хуулиар 10 хоног баривчилсан. Тухайн үед өөр хүн гэрт байгаагүй. Манай нөхөр архи уугаад надад гар хүрсэн одоо бид хоёр эвлэрсэн. Надад өөр ярих зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 5 хуу/

 

    Гэрч Б.А-н өгсөн: ...2018 оны 03-р сарын 27-нд Туяа гэгч иргэн толгой өвдөөд байна. Амаа том ангайхаар өвдөөд юм идэж болохгүй байна. Ил харагдах байдал нь зүүн нүд хөхөрсөн хавдартай, дээд доод уруул нь хавдаад дотор талдаа хөхөрсөн, хүзүүний зүүн талд  шалбарсан, цээжний зүүн талд хөхний дээд хэсгээр хөхөрсөн байдалтай байсан. Өөр шарх сорив байхгүй байсан. Зодуулаад хоёр хоносон байсан ба өвчин намдаах эм бичиж өгсөн хүйтэн жин тавьж дээд шатлалд үзүүлэхийг зөвлөсөн. Нөхөр согтуудаа зодсон гэж хэлсэн өөр зүйл яриагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 11 хуу/ 

 

Гэрч М.Т-н өгсөн: ...2018 оны 4 дүгээр сарын эхэн үед байсан шиг санагдаж байна яг хэднээр байсанг би сайн санахгүй байна.Тэр өдөр гэртээ унтаж байсан чинь шөнө 03 цаг өнгөрч байхад манай дүү Туяа надруу залгаад ажа цагдаа дуудаад өгөөч нөхөр намайг зодоод байна гэхээр нь би тэр өдөр эхлээд Цэцэрлэг сумын хэсгийн төлөөлөгчийн утас руу залгасан чинь утас нь дуудаад авахгүй байхаар нь 102 дугаарын утасруу залгаад Архангай аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн утсыг аваад залгаж дуудлага өгөөд дараа нь манай дүүгийн амьдарч байгаа сумын цагдаагийн утасны дугаарыг нь авч залгаад ярьсан чинь хүргэн Б манай дүү хоёроос мэдүүлэг авсан байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/

 

Ё.Б-н яллагдагчаар өгсөн: ...2018 оны 02 дугаар 20-ны үед манай эхнэр Туяа  эгч аймгаас дуудаад ажилд ор гээд байна би аймгийн төв явлаа гээд аймгийн төв яваад долоо хоноод гэртээ ирсэн. Тэгээд бид хоёр нүүдэл хийгээд хаваржаанд буугаад малынхаа хашааг цэвэрлэж байхдаа би эхнэрээсээ аймаг явсан ажил юу болов гэсэн чинь шалгалт өгөөд тэнцсэнгүй, лам хард үзүүлсэн чинь чамайг наад хүн чинь заяаны чинь хань биш байна гэж хэлж байна гэхээр нь би гурван хүүхэдтэй 10 хэдэн жил амьдарсан заяаны ханийг чинь тэгэж хэлэх лам гэж юу байдаг юм ямар лам тэгсэн юм гэхэд эхнэр хэлэхгүй тэр чамд ямар хамаатай юм гэхээр нь би тийм лам гэж ямар юм байдаг юм гээд уурлаад гэртээ ороод хэвтсэн. Тэгээд шөнө нойр хүрэхгүй босоод сууж байтал авдар дээр нэг шил архи байхаар нь аваад нэг аяга хийгээд уухад эхнэр шилтэй архийг аваад цааш нь тавихдаа дахиад нэг хийж өгсөн. Тэгээд би согтоод тэр лам чинь ямар хүн байдаг юм тэр лам дээр чинь очье гэсэн чинь эхнэр явуулахгүй дараад ноцолдож байгаад намайг орхисон гэсэн би сайн санахгүй тасарчихсан байсан. Өглөө сэрсэн чинь эхнэрийн нүд хөхөрсөн уруул  нь хавдсан байсан. Би яасан юм гээд асуусан чинь  чи унтахгүй чамайг унтуулах гэсэн ийм болчихлоо гэж байсан. Бид хоёрын дунд би хөдөө байх гээд манай эхнэр болохоор хотод байх гээд санаа зөрөлдөөд байдаг. Манай эхнэр хот, аймаг явна гээд яваад хэд хоногоор алга болчихдог.Тэгээд хөдөө гэртээ ирэхээрээ янз янзын юм яриад ирдэг. Түүнээс нь болж бид хоёр хэрүүл маргаан хийдэг. Би гэртээ унтах гээд нойр хүрэхгүй байхаар нь авдар дээр байсан шилтэй архинаас том шаазан аягаар хоёр хийж уусан. Аймгийн төв явж ирээд ламд үзүүлсэн чинь чамайг миний заяаны хань биш гэж хэлсэн бас өмнө нь намайг адуунд явсан хойгуур нэг залуу ирээд манайд архи ууж байхдаа манай эхнэрт, танай нөхөр чинь хотод авгайтай би хотод очихоороо зааж өгье гэсэн гээд энэ мэтийн асуудлаас хэрүүл маргаан үүссэн. Би Туяаг цохьсоноо сайн санахгүй байна тухайн үед архи уугаад тасарчихсан байсан өглөө сэрээд Туяагийн нүд хөхөрсөн уруул  нь хавдсан байхаар нь чи яасан юм бэ гэж асуухад чи гар хөлөөрөө саваад миний нүүр рүү тохойгоороо цохьсон гэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 38 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 164 дугаартай дүгнэлт:

1. М.Т-н биед зүүн нүдний зовхи, хамрын нуруу, уруулын дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 

3. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 25 хуу/

 

Ё.Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35  хуу/

Ё.Б-н 2017 оны мал тооллогын баримтын хуулбар  /хх-ийн 42-44 хуу/

Ё.Б, М.Т нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 55 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 60-61 хуу/ 

Хавтаст хэргийн материалыг  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 66-67 хуу/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон  хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ё.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ё.Б нь согтуугаар 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Туулант баг, Цагаан толгой гэх газар өөрийн эхнэр М.Т маргалдан түүний нүүрэнд цохиж зүүн нүдний зовхи, хамрын нуруу, уруулын дээд хэсэгт цус хуралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Ё.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч М.Т, гэрч Б.А, М.Т нарын мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 164 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нь  гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй тул түүний мэдүүлгийг шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.  

  Шүүгдэгч Ё.Б нь хохирогч М.Тн  нүүрэнд цохьсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд зүүн нүдний зовхи, хамрын нуруу, уруулын дээд хэсэгт цус хуралт  бүхий хөнгөн гэмтэл учирсан болох нь Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 164 дугаар дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

Аймгийн Прокурорын газраас Ё.Бын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад  эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан байх бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заажээ.

 

Иймд шүүгдэгч Ё.Б-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан  торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 / нэг/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.  

Хохирогч М.Т нь мэдүүлэг өгөхдөө болон хавтаст хэргийн материал танилцуулах үедээ “гомдол, санал хүсэлт байхгүй” гэж  /хх-ийн 66 хуу/ дурдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ё.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Ё.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.   

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                             

                                                     ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Ж овгийн Ё-н Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Б-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг дагуу шүүгдэгч Ё.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Ё.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг  хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ё.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг  шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

7. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

 

                                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ОДХҮҮ