| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 2408046350034 |
| Дугаар | 2026/ДШМ/336 |
| Огноо | 2026-03-25 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Рэгзэдмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2026/ДШМ/336
Х.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Рэгзэдмаа,
шүүгдэгч Х.Б- /цахимаар/,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/2749 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Б-ын гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 2408046350034 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Галбадарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Х- овгийн Х-ын Б-, ........, /РД:ЧХ-/, урьд:
- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 193 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 1000 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр нийт 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 539 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 942 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 22 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 2 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялаар,
- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан.
Шүүгдэгч Х.Б- нь 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Миний сүлжээ” дэлгүүр дотор хохирогч Ж.У-ийн халааснаас түүний өмчлөлийн “Самсунг эс ультра 24” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 4.949.999 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Х.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Х- овогт Х-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Б-ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Х.Б-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Х.Б-ын цагдан хоригдсон 30 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Х.Б-аас 4.949.999 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.У-ьд 118.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ц.Т-т тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Х.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие нь анхан шатны шүүхийн 2025/ШЦТ/2749 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Миний эцэг С- овогтой Х- 2015 оны 7 дугаар сарын 09-нд бүтэн цус харвалтаар насан өөд болсон. Мөн эх минь 2012 оны 2 дугаар сарын 06-нд мөн бүтэн цус харвалтаар насан өөд болсон. Мөн эхнэр болох Б.М- 2016 оны 3 дугаар сарын 13-нд 2кг 850 гр хүү төрүүлж, 2017 оны 2 дугаар сарын 06-нд уушигны сүрьеэ өвчнөөр насан өөд болсон. Одоогоор хүү Т- 9 настай, 4 дүгээр ангид сурдаг. Би өрх толгойлсон эцэг болно. Иймд миний бие хэрэг хийсэн, гэм буруу дээр маргах зүйл байхгүй, хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч Ж.У-ьд учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулах болно. Хавтаст хэргийн 10-18 дугаар хуудсанд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн дэд ахлагч Б- нь миний өмнөөс хуурамчаар мэдүүлэг үйлдэж, гарын үсгийг минь дуурайлган зурсан байж болзошгүй байгааг олж харсан. Тухайн үед мэдүүлэг авахад би согтуу байсныг ашиглан байцаагч энэ байдлыг далимдуулан хуурамчаар мэдүүлэг бичиж, гарын үсгийг минь орлуулан зурсан гэж үзэж байна. Мөн мөрдөн байцаалтын хугацаанд миний өмнөөс мэдүүлгийн агуулгыг өөрөө зохиож бичсэн байж болзошгүй. Иймд миний хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг минь харгалзан үзэж ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү” гэв.
Прокурор Д.Рэгзэдмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Х.Б-д 2025 оны 1 дүгээр сард эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Яллагдагчаар татагдсан хугацаанд мэдүүлэг авахад Б- гэх мөрдөгч, мөн Болорсайхан буюу “М-” гэх хүний талаар дурдсан асуудлаа мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгуулах боломжийг түүнд олгосон. Гэвч шүүгдэгч нь яллагдагчаар мэдүүлэг өгөхөөс татгалзаж, дээрх асуудлуудын талаар огт мэдүүлээгүй бөгөөд энэ байдлаар хэрэг шүүхэд шилжсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч нь тухайн цаг хугацаанд хохирогчийн халааснаас гар утсыг авч явсан нь тогтоогдсон. Харин бусад этгээдтэй хамтран уг гэмт хэргийг үйлдсэн гэх нөхцөл байдал нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй. Иймд анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтад тохирсон хууль зүйн дүгнэлт хийсэн. Мөн эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирол бүрэн нөхөн төлөгдөөгүй байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нөхцөл зэргийг харгалзан хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч Р.Б-ын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шүүгдэгч Х.Б-д холбогдох эрүүгийн 2408 04635 0034 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Х.Б-ын хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцжээ.
Шүүгдэгч Х.Б- нь 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Миний сүлжээ” дэлгүүр дотор хохирогч Ж.У-ийн халааснаас түүний өмчлөлийн “Самсунг Эс ультра 24” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4.949.999 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Ж.У-ийн “...2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 17 цагийн орчим Миний дэлгүүрт байрлах лангуугаа янзалж байхад миний халааснаас Самсунг Эс-24 ултра маркийн гар утсыг үл таних эрэгтэй хулгайлж авсан байсан тухайн үйл явдал хяналтын камерт бичигдсэн байсан. Би Сайн электроникс дэлгүүрээс 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн хавьцаа 5.000.000 төгрөгөөр худалдаж авсан...”, “...2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 17 цагийн үед Саппорогийн Миний дэлгүүрийн цэцгийн лангуун дээр ажлаа хийж байсан...” /хх 11/,
иргэний нэхэмжлэгч Э.Т-ийн “...Нийслэлийн цагдаагийн удирдах газар 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “Дамно үнэлгээ” ХХК-тай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөрөнгийн үнэлгээний үйлчилгээ үзүүлэх тухай 20240203001 дугаартай гэрээ байгуулсан. Уг гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-д Үнэлгээний дүн 0-1.000.0000 байх тохиолдолд үнэлгээний ажлын хөлс үнэгүй хийгдэнэ. 6.1.2-т Үнэлгээний дүн 3.000.000-4.000.000 төгрөг байх тохиолдолд үнэлгээний ажлын хөлс 118.000 төгрөг байх тохиолдолд үнэлгээний хөлс 118.000 төгрөг байхаар тохиолдолд үнэлгээний ажлын хөлс 118.000 төгрөг байхаар тусгасан.” /хх 116-117/ гэх мэдүүлгүүд,
хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 23-24/,
“Дамно үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн НЦУГ-25-211 дугаартай шинжээчийн “...4.949.999 төгрөг” гэх дүгнэлт /хх37-38/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээр дурдагдсан нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан журмыг баримтлан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн байх бөгөөд нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, шүүгдэгчийн гэм буруутайг тогтооход хангалттай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг үндэслэлтэй зөв тогтоожээ.
Түүнчлэн шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Х.Б- гэм буруутай эсэх, үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийн улмаас бусдад бага бус хэмжэээний хохирол учруулсан бол...” энэ зүйл, хэсэгт зааснаар зүйлчлэн ял оногдуулах учиртай.
Шүүгдэгч Х.Б- нь 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Миний сүлжээ” дэлгүүр дотор хохирогч Ж.У-ийн халааснаас түүний өмчлөлийн “Самсунг Эс ультра-24” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хохирогчид мэдэгдэхгүйгээр нууцаар, бусдын өмчлөх эрхэд халдаж хууль бусаар авч 4.949.999 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Х.Б-аас Ц.Б- гэгчид өгсөн, өөр бусад этгээдтэй гэмт хэрэг хамтран үйлдсэн талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, мөн түүний үйлдсэн хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд халдаж эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авснаар төгссөн байна.
Шүүгдэгч Х.Б-аас “...ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
Шүүгдэгч Х.Б- нь хулгайлах гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй, урьд удаа дараа хулгайлах гэмт хэрэг үйлдэн гэм буруутайд тооцогдож эрүүгийн хариуцлага хүлээж, хорих ял шийтгүүлж байсан хувийн байдалтай, төдийгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хорих ял эдлээд суллагдсан тухай тодорхойлолт /хх 133/-оор 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан боловч 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 5 хоногийн дараа дахин хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна. Энэ нь шүүгдэгч Х.Б- нь хулгайлах гэмт зан үйлээ засаагүй, эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг дахин гэмт хэрэг үйлдүүлэхгүй байх, нийгэмшүүлэх зэрэг зорилго хангагдаагүй байгааг илтгэж байгаа юм.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Б-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Харин, анхан шатны шүүх тус хэргийг хянан шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт 118.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ц.Т-т олгохоор шийдвэрлэсэн бөгөөд Ц.Т- нь “Дамно” ХХК хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчөөр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа тул шүүгдэгчээс 118.000 төгрөгийг гаргуулж “Дамно” ХХК-д олгуулахаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх хүртэл цагдан хоригдсон 105 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/2749 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
- 6 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ..., 118.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ц.Т-т олгосугай.” гэснийг,
“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ..., 118.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Дамно” ХХК-д олгосугай.” гэсэн өөрчлөлт оруулсугай.
2. Шүүгдэгч Х.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ын цагдан хоригдсон 105 /нэг зуун тав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР