| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 160/2018/0180/Э |
| Дугаар | 192 |
| Огноо | 2018-09-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхбаяраар хөтлүүлж
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгч: С.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овгийн С Э-д холбогдох 1812003050228 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, И овгийн С-ийн Э /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч С.Э нь 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Суман багийн “Сансар” хорооллын 14-15 тоот хашаанд эхнэр Д.Б-г хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Д.Б-гийн өгсөн: ... 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 19 цагийн үед манай ангийн хүүхдийн эцэг эх болох Г, эхнэр П хамт, Д, Б нар манайд орж ирсэн. Орж ирсэн хүмүүст цай хоол хийж өгөөд 1 шил архи гаргаж задлаж өгсөн. Тэгээд 22 цагийн үед манай гэрт байсан хүмүүсийг гэр гэрт нь хүргэж өгөөд хамгийн сүүлд Д-ыг гэрийнхэн гадаа буулгах гэхэд Д нь манай нөхөр Э бид хоёрыг манайд ороод яв гэж хэлсэн. Тэгээд Д гэрт ороход нөхөр болох М нь 5 хүүхдийн хамт нэг танихгүй эрэгтэй хүнтэй хамт байсан. Тэгээд цай уугаад идээ идээд гарах гэхэд гэрийн эзэн болох Мөнх-Эрдэнэ нь та хоёр түр байж бай би архинд хүн явуулсан гэж хэлсэн. Тэгэхэд би архиар яах вэ явъя гэж нөхөр Эд хэлэхэд Э чи яасан сүртэй юм бэ өдрөөс хойш дарвалзаад байсан үхсэндээ маяглаад байгаа пизда вэ гээд байшингийн гал тогооны өрөөний цонхон талд сууж байсан газраасаа босож ирээд намайг гараараа толгой руу 2 удаа цохиж аваад шууд гарах гээд хаалга руу явахаар нь би араас нь машины түлхүүр өг гээд очтол хаалганы цаанаас машины түлхүүрийг ав гээд өгснийхөө дараа миний зүүн талын мөрний доод талаас угаз татаад чирч хаалгаар гаргаж татаж унагаад зүүн талын хөлний гуяны ар болон урд тал руу 2 удаа хүчтэй өшиглөсөн. Гэтэл гэр дотроос хүмүүс гарч ирээд салгах үед би дээшээ босох гээд өндийтөл зүүн талын хацар руу 1 удаа өшиглөж, миний зүүн талын хацраас цус гарахаар нь доошоо тонгойгоод суусан...бид хоорондоо эвлэрч учраа олсон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 14 дугаар хуу/
Гэрч Д.М өгсөн: ... Э эхнэртэйгээ муудалцаад гэрээс гараад ирсэн байсан. Тэгээд юу болоод байгаа юм гэж хэлээд Эрдэнэсайхныг эхнэрээс нь салгах үед эхнэрийнхээ нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Манай гэрт зодоон хийх үед би гэртээ байгаагүй гадаа хүнтэй юм хийж байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуу/
Гэрч Ж.Д-н өгсөн...Э эхнэр Бгийн хамт манайд орж ирж идээ цай уугаад сууж байгаад манай нэг дарс задлахаар байж байх үед Эрдэнсайхан эхнэртэйгээ манайд муудалцаад байсан тэгэж байснаа Э эхнэрийнхээ толгой руу цохиод авах шиг болсон хүүе юу болоод байна гэж хэлэхэд Б нөхрөөсөө түлхүүр өг гэж хэлсэн би тэр үед нь нүд өвдөөд хүйтэн жин тавиад байж байсан гадаа зодоо хийгээд байх шиг байхаар нь гарсан чинь Б багшийн зүүн хацраас нь цус гарч байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 17 хуу/
Гэрч С.Н-ийн өгсөн: ... Манай дүү Э янз бүрийн зан ааш зангүй, хүнд тусархуу Тариат сумынхан бүгд мэднэ худлаа хэлээд байдаггүй хэлсэндээ хүрдэг их шударга хүн байгаа юм. Цагаан цайлган сэтгэлтэй хүн чанартай, жудагтай хүн гэж манай сумын хүмүүс ярьдаг. Манай аав Санжрагчаа гэдэг хүн ч гэсэн тийм хүн байсан. Хүмүүс юм гуйгаад очиход нь байхгүй гэж хэлдэггүй байгаа юм аа өгөөд л явуулдаг нутаг усандаа нэр хүндтэй хүн. Би дүүгээ архи уудаггүй гэж хэлэхгүй хааяа баяр ёслол, найз нөхөдтэйгээ таарсан үедээ архи бага уудаг нь үнэн гэхдээ архи уусан үедээ агсам согтуу тавиад хүнтэй зодоон цохион хийгээд байдаг хүн биш. Ямар асуудлаас болж эхнэртэйгээ маргалдсан зодож цохьсон талаар нь мэдэхгүй. Манай дүү эхнэртэйгээ өнгөрсөн намар санагдаж байна хот явж хоёулаа эмчилгээ хийлгэсэн манай бэр судасны бүдүүрэлтэй судас нь хагарахаараа биеийнх нь тэр хэсэг хөхрөөд хүрэн болчихдог. Судас залгах хагалгаанд орох гэхээр манай бэр айгаад байна гээд ардын уламжпалт талаар явж эмчлүүлээд их таарч байгаа гэж ярьж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 152 дугаартай дүгнэлт:
1. Д.Б-н биед, тархи доргилт, нүүрний зөөлөн эдэд няцралт, зүүн нүдний эргэн тойронд, алимны салстад цус хуралт, зүүн хөлийн гуяны урд дээд хэсэгт, дотор дунд хэсэгт зөөлөн эдэд няцралт, цээжний баруун дээд хэсэгт, баруун гарын бугалга шуугаар жижиг жижиг, зүүн гарын бугалганы дотор дээд хэсэгт, урд дунд хэсэгт, шууны гадна дунд хэсэгт, гадна доод хэсэгт олон тооны том жижиг цус хуралтууд, хамрын зүүн талд босоо чиглэлтэй зулгаралт, цээжний баруун дээд хэсэгт ташуу чиглэлтэй, зурагдсан мэт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь шинж байдлаараа тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, ирмэгтэй зүйлийн шүргэх, нидрэгдэх, олон удаагийн үйлчлэлээр үүснэ.
4. Тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцралт, зүүн нүдний эргэн тойронд, алимны салстад цус хуралт, зүүн хөлийн гуяны урд дээд хэсэгт, дотор дунд хэсэгт зөөлөн эдэд няцралт гэмтлүүд нь тус тусдаа * Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд, цээжний баруун дээд хэсэгт, баруун гарын бугалга шуугаар жижиг жижиг, зүүн гарын бугалганы дотор дээд хэсэгт, урд дунд хэсэгт, шууны гадна дунд хэсэгт, гадна доод хэсэгт олон тооны цус хуралтууд, хамрын зүүн талд босоо чиглэлтэй зулгаралт, цээжний баруун дээд хэсэгт ташуу чиглэлтэй, зурагдсан зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа * Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*- ын 2-6-д зааснаар биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 46 дугаар хуу/
С.Э яллагдагчаар өгсөн: ...Манай эхнэр Д.Б ЕБСургуульд бага ангийн багшаар ажилладаг. 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ажлын өдөр байсан шиг санаж байна манай гэрт манай эхнэрийн ангийн хүүхдүүдийн эцэг эхчүүд ирж байж байгаад явцгаасан. Манайд Д гэдэг хүн үлдсэн гэтэл Д нөхөр М утсаар яриад байсан юу ярьсныг мэдэхгүй. Тэгээд Д гэрт нь хүргэж өгөхөөр манай эхнэр Б, Д, бид гурав М-н гэр рүү явсан. Тэнд очиход Батаа гэдэг хүн бүтэн нэрийг нь мэдэхгүй байна эхнэртэйгээ хамт, Д гэдэг эмэгтэй байсан. Тэгээд М хүмүүс орж ирлээ гээд шил архи задалсан тэрийг нь уугаад байж байтал манай эхнэр хүмүүсийг чи бага уулаа, чи уусангүй энэ тэр гээд цохиж аваад байхаар нь би уурлаад чи жаахан эвтэйхэн байгаач хүн цохиод зүгээр бай гэтэл миний энгэр заамнаас зуураад цамцны энгэр ураад цамцнаас барьж авах гээд миний цээжийг хумсаараа урна гэхээр нь гараад гадаа байж байтал М миний араас гарч ирээд одоо гайгүй байлгүй хө тайвширчихна ор гээд байхаар нь дагаад гэрт нь ортол манай эхнэр намайг хараад янз бүрээр дуудаад байхаар нь би сууж л байсан. Гэтэл манай үхсэн эцгийн нэрийг дуудаад тэрний шээсээ зайл гэхээр нь би босоод нүүр рүү нь нэг удаа цохьсон, өөр надад цохиж зодсон зүйл байхгүй. Манай эхнэр болон хамт байсан хүмүүс их согтуу байсан. Тухайн үед манай эхнэрийн ангийн хүүхдүүдийн эцэг эхчүүд цуглаад манайд ирсэн юм шиг байна лээ тэрнээс хэд хоногийн өмнө сургуулийн хонхны баяр болон үсэглэлийн баяр болсон тэр үеэр уулзаж чадаагүй гээд ирсэн байсан. Миний үхсэн эцгийн нэрийг дуудаад тэрний шээсээ гээд байхаар нь би нүүр рүү нь нэг удаа цохьсон, өөр цохиж зодсон зүйл байхгүй. Миний цохьсоноос болж эхнэрийн зүүн талын нүд хөхөрсөн. Өөр бэртэл гэмтэл байхгүй. Одоо манай эхнэрийн бие зүгээр ажлаа хийгээд явж байгаа түүнээс хойш эхнэр бид хоёр дахин маргалдаагүй. Хуулийн дагуу арга хэмжээ авахад татгалзах зүйл байхгүй. Эхнэр бид хоёр дахижщн маргалдаагүй учраа олсон болохоор надад холбогдох хэргийг хурдан хугацаанд шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар хуу/
Архангай аймаг Улсын бүртгэлийн хэлтэсийн тодорхойлолт/ хх-ийн 63 дугаар хуу/
С.Э иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 64 дүгээр хуу/
Архангай аймгийн Тариат сумын Суман багийн засаг даргын тодорхойлолтууд /хх-ийн 65-66 дугаар хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 67 дугаар хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 78-79 дүгээр хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч С.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч С.Э нь 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Суман багийн “Сансар” хорооллын 14-15 тоот хашаанд эхнэр Д маргалдан зодож түүний биед тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцралт, зүүн нүдний эргэн тойронд, алимны салстад цус хуралт, зүүн хөлийн гуяны урд дээд хэсэгт, дотор дунд хэсэгт зөөлөн эдэд няцралт, цээжний баруун дээд хэсэгт, баруун гарын бугалга шуугаар жижиг жижиг, зүүн гарын бугалганы дотор дээд хэсэгт, урд дунд хэсэгт, шууны гадна дунд хэсэгт, гадна доод хэсэгт олон тооны цус хуралтууд, хамрын зүүн талд босоо чиглэлтэй зулгаралт, цээжний баруун дээд хэсэгт ташуу чиглэлтэй, зурагдсан зулгаралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч С.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Д.Б, гэрч Д.М, Ж.Д, С.Н нарын мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 05 дугаар нарын 29-ний өдрийн 252 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийн хувьд маргаагүй тул түүний мэдүүлгийг шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч С.Э нь хохирогч Д.Бг зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлүүдээс тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцралт, зүүн нүдний эргэн тойронд, алимны салстад цус хуралт, зүүн хөлийн гуяны урд дээд хэсэгт, дотор дунд хэсэгт зөөлөн эдэд няцралт бүхий гэмтлүүд нь хөнгөн гэмтэлд хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 252 дугаар дүгнэлтэнд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Аймгийн Прокурорын газраас С.Э үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.
Яллагдагч болон хохирогч нараас хялбаршуулан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч хүлээн зөвшөөрч /хх-ийн 80-81, 83 дугаар хуу/ гарын үсэг зуржээ.
Хэрэгт цуглуулсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан байх бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заажээ.
Иймд шүүгдэгч С.Эыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогч Д.Б нь мэдүүлэг өгөхдөө болон хавтаст хэргийн материал танилцуулах үедээ “гомдол, санал хүсэлт байхгүй” гэж /хх-ийн 78 дугаар хуу/ дурдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч С.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овгийн С Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг дагуу шүүгдэгч С.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч С.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ