| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 2510050221716 |
| Дугаар | 2026/ДШМ/382 |
| Огноо | 2026-03-31 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2026/ДШМ/382
2026 03 31 2026/ДШМ/382
Б.З-, Г.Ш-, Г.А- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга, даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Сүрмандах,
шүүгдэгч Б.З- /цахим/, Г.Ш- /цахим/, Г.А- /цахим/, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Уранчимэг
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2026/ШЦТ/142 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.З-, Г.Ш-, Г.А- нарын гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 2510050221716 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Галбадарын илтгэснээр хянан хэлэлцэв.
1.А- овогт Б-гийн З-, /РД:СБ-/, Монгол Улсын иргэн, ......., хэрэг хариуцах чадвартай.
2. Г- овогт Г-гийн Ш-, /РД:НГ-/, Монгол Улсын иргэн, ........., хэрэг хариуцах чадвартай.
3. А- овогт Г-ийн А-, /ВГ-/, ......, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч Б.З-, Г.А-, Г.Ш- нар нь бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1., 2.4 дэх заалтанд заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.З-, Г.Ш-, Г.А- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.З-, Г.Ш-, Г.А- нарыг бүлэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалтай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.З-, Г.Ш-, Г.А- нарт 1 /нэг/жил, 1/нэг/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, 1 ширхэг, тусгай түлхүүрийг устгахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах, ууттай зэсийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар худалдан борлуулж, орлогыг улсын орлогод оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.З-ын эзэмшлийн NHГ-0 арлын дугаартай, Г- УБС улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг хураан авч улсын орлого болгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.З- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2026/ШЦТ/142 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ц- “... “камерын бичлэгээс харахад шуудайтай зүйлийг ганц хүн өргөөд машинд ачиж байгаа байдал нь их хөнгөн зүйл байлаа. Үүнийг манай үйлдвэрийн үнэт зүйл түүний эд болох ноолуурыг хулгайлсан гэж үзэж байна гэж андуурч мэдүүлэг гомдол өгсөн байсан ба авсан зэс нь манайд ашигладаггүй өөр өнгөтэй жижиг шуудайтай байсан.” гэж мөн андуу ташаа гомдол, мэдүүлэг өгсөн байсан. /хх22/ Энэ мэдүүлэг нь гэрч Ц.Г-ийн “...шөнө миний Г- утсанд дуудлага ирээд зэс авах уу гэхэд авна гээд хаягаа зааж өгсөн. Үүний дагуу 1 залуу ирээд шуудайтай зэс цөөхөн хөнгөн цагаан авахыг санал болгосон. Зэс нь 16-17 кг, хөнгөн цагаан 5-6 кг байсан, тэгээд 300.000 төгрөг бэлнээр өгөөд худалдан авсан. Тухайн залуу хэд хоногийн дараа зарсан зэсээ буцааж авна гэж ирсэн, би буцааж өгсөн...” /хх74-76/ гэх гэх мэдүүлгээр няцаагдаж байна. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ц- “...2025 оны 09 дүгээр сарны 13-наас 14-нд шилжих шөнө манай “Г-” ХХК-ийн ноолуурыг анхан шатны боловсруулалт хийдэг үеэс тус цехийн 3 ажилтан нь үйлдвэрийн цонхоор нэвтэрч дотор нь эд зүйлс хулгайлсан үйл баримт байгаа.” гэж мэдүүлжээ. /хх64-67/ Гэтэл энэ мэдүүлэг нь гэрч Ш.Э-гийн “... дахин хяналтын бичлэгийг шүүж үзэхэд тухайн цонхноос 02 цаг 47 минутад 1 хүний толгой цухуйгаад, тэгээд хөл унжиж орж ирээд цонхноос үсэрч бууж байгаа дүрс бичлэг харагдсан.” гэх мэдүүлэг /хх70-73/, ХХХбабаймөн камер шүүсэн тухай танилцуулах нь гэсэн тэмдэглэлд “ ...16-ны өдөр ээлжиндээ ирээд угаах цехийг цонхны хамгаалалтын төмрийг шалгахад хамгийн урд талын цонх /өөрөөр хэлбэл/ уг 3 машин зогссоны онгойдог хамгаалалтын төмөр нь сул онгойсон байсныг тодруулахад удаж байгаа засвар хийж байгаад ийм болгосон.” гэсэн тайлбар өгсөн. Танилцуулга бичсэн Ш.Э- гэжээ. /хх 20/ Эдгээр баримтуудаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ц-ын 3 ажилтан нь үйлдвэрийн цонхоор нэвтэрч дотроос нь эд зүйл хулгайлсан үйл баримт байгаа юм гэсэн мэдүүлэг няцаагдаж байна. Миний цонхоор орсон үйлдэлд Ш-, А- 2 огт хамааралгүй юм. Манай байгууллагын цонх дулааны улиралд дотор талдаа бүгчим агааргүй байдаг тул онгорхой байдаг бөгөөд тухайн үед би цонхоор орохдоо хаалттай байж магадгүй гэж бодож Т хэлбэрийн 8-ийн түлхүүрийг ашиглая гэж бодсон боловч ашиглах ямар ч шаардлагагүй цонх онгорхой байсныг мөрдөгчид хэлсэн боловч эд мөрийн баримтаар тооцсон болно. Би тухайн үед түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх хаалга, түгжээг эвдэх, цоож цуургыг сугалах байдлаар цонхоор ороогүй бөгөөд цонх онгорхой байсан болно. Үүнийг цонхыг эвдэлж нэвтэрсэн гэж үзэж байгаад гомдолтой байна. Г.Ш-, Г.А- бид 3-ыг хулгайлах гэмт хэргийг үйлдэхээр ямар нэгэн зүйл дээр санаатай нэгдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад огт нотлогдон тогтоогдоогүй зүйлээр буруутгасан. Хэрвээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7-д “бүлэглэн гүйцэтгэх” гэдэг зүйлчлэлээр зүйлчилж байгаа бол гэмт хэрэг гүйцэтгэхдээ хэн нь ямар оролцоотой байсныг тогтоож ялыг ялгамжтай оногдуулах нь шударга ёсонд нийцэхээр байна. Мөн учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан гэж шийтгэх тогтоолын 4 дүгээр хуудасны тогтоох хэсэгт дүгнэсэнд гомдолтой байна. Учир нь тухайн үед байгууллагын харуул согтуу байсан тул хашаанаас гарахад ямар нэгэн шалгалтгүй ямар нэгэн саад учрахаар нөхцөл байдал бий болоогүй байсан. Машинаа унаж явсан болохоороо машиныхаа багажинд хог хаягдалтай тул ямар нэгэн зүйл бодолгүй хийсэн болно. Шийтгэх тогтоолын 9 дүгээр хуудсанд гэмт хэрэг үйлдэж ашигласан тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Б.З-ын эзэмшлийнх байх тул улсын орлого болгох нь зүйтэй гэж дүгнэжээ. Ингэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлд заасныг баримтлан “... гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулна.” гэжээ. Би машинаа өөрийнхөө хөдөлмөрөөрөө хөдөлмөрлөж олсон болохоос гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө биш юм. Мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээ нь 301.000 төгрөг болсон бөгөөд хохирлоо бүрэн төлсөн болно. Тухайн үед байгууллагын харуул хамгаалалтын ажилтан согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан бол мөн гэрэлтүүлэгтэй байсан бол хууль дүрмийнхээ дагуу ажилласан бол миний бие тухайн хог хаягдал болох зэс хөнгөн цагааныг байгууллагын хашаагаар авч гарах боломжгүй байсан байх гэж бодож байна. Яг тэр үед ар гэрт маань гачигдал гарсан, цалин буух болоогүй байсан тул тухайн хог хаягдал болох зэс хөнгөн цагааныг байгууллагад хэрэггүй, ашиглагдахгүй зүйл гэж бодож хууль эрх зүйн мэдлэггүйгээсээ болж хэрэгт холбогдсондоо, одоо хоригдож байгаадаа маш ихээр харамсан гэмшиж байна. Эдгээр нөхцөл байдлуудыг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэж үнэн зөв бодитой шийдэж өгөөсэй гэж хүсч байна. Мөрдөн байцаалтын шатанд өөрийн эхнэр хүүхдээ бодож дүү А-г 2 дахь мэдүүлэгтээ “...би биш А- цонхоор орсон түүнд 100.000 төгрөг өгсөн гэж...” мэдүүлсэн нь худлаа бөгөөд миний эхний сэжигтнээр өгсөн мэдүүлэг үнэн болно. Би Ш-ид 150.000 төгрөг өгөөд өөрөө үлдсэнийг нь авсан. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж надад холбогдох үйлдэл холбогдлыг хүндрүүлэн зүйлчилснийг эргэн харж хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэн хянан харгалзаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Г.Ш- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2026/ШЦТ/142 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Миний бие тухайн өдөр Б.З-, Г.А- нартай ПС тоглосон. Тэр орой машиндаа утсаараа тоглоод гэртээ харих гэсэн нойр хүрээд байсан. З- бид хоёр манай ажил дээр олон жил болсон зэс, төмөр, хөнгөн цагаан гэх хаягдлуудыг энд хог болгож байхаар янзлаад авахыг нь аваад хаяхыг нь хаячих уу гэж 1 өдөр З-т хэлсэн чинь “тэгсэн ч яахав” гээд бид 2 янзалж бэлдээд шуудайнд хийсэн байсан. Тэр өдөр З- нь харуул согтуу унтаж байна, нөгөө зэсээ авч заръя гэхээр “яасан ч яахав” гээд би машиндаа утсаараа тоглоод сууж байсан З- цехийн цонх дулаан үед онгорхой байдаг болохоор өөрөө ороод шуудайтай зэс хөнгөн цагаанаа цонхоор шидээд өөрөө үсрээд бууж ирсэн. Тэгээд харуул гэрэл асаасан, жоохон байж байгаад унтарсан. Тэгээд бид нар явсан. Тухайн зэс хөнгөн цагааныг З- зарсан гээд маргааш нь надад 150.000 төгрөг бэлнээр өгсөн би баярлалаа гээд авсан. Миний бие цонхоор нэвтэрч ороогүй бөгөөд харин өөрийн санамсар болгоомжгүй, хэнэггүй зангаасаа болж хулгайн хэрэгт холбогдож орон гэрийнхнээ зовоож хоригдож байгаадаа маш их харамсан гэмшиж байна. З- сэжигтнээр “... дүү А-д 2 ах нь хүнтэй уулзах ажилтай чи түрүүлээд явж бай гэж хэлээд явуулсан. Учир нь Ш- бид хоёр гэрэлтүүлэг муу унтраастай байхаар нь ажил дээр байгаа зэсийг авчихья гэж хоорондоо ярилцсан байсан юм. Манай цех нь маш халуун учраас ер нь цонхнуудаа дулааны улиралд дандаа онгорхой байлгадаг бөгөөд зөвхөн хаалтыг нь авч байгаад миний бие ганцаараа дотогш нэвтэрч орсон, энэ цонхны тавцангаас үсрээд буучихсан юм.” гэсэн мэдүүлэг /хх-104/, мөн хохирогч, гэрчүүдийн мэдүүлэгт хэн нь хэрхэн яаж нэвтэрсэн эсэх талаар тодорхой мэдүүлдэггүй бөгөөд анх байгууллагын зүгээс ноолуур хулгайд алдлаа гэж андуу ташаа бодож гомдол гаргасан байсан. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогч бүрийн үүрэг оролцоо нарийвчлан тогтоолгүй нийтэд нь бүлэглэн гүйцэтгэсэн гэж ял халдаасан нь бодит үнэн, шудрага ёсонд нийцэхгүй байгаад гомдолтой байна. Бид хоёрын уг үйлдэлд А- огт хамааралгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, дээрхи нөхцөл байдлууд болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судалж миний үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилж хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэн хянан харгалзаж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Г.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2026/ШЦТ/142 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. “...Тухайн өдөр би найз охинтойгоо үл ялих зүйлээс болж бага зэргийн маргаантай байсан учраас ПС тоглож хонохоор шийдсэн байсан. 2025 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Ш-, З- ах нартай яармагт байрлах Апекс нэртэй ПС тоглоомын газар тоглож байгаад ажлын зогсоол дээр оройхон ирсэн юм. Гэхдээ би автомашины зогсоол руу очоогүй, шууд
ПС тоглоомын газар руу тоглохоор явсан. Тэр үед З- ах намайг машинаа үлдээчих, явж ПС тогло гэж хэлсэн. Тэгээд би явсан хэсэг, хугацааны дараа З- ах над руу залгаж ахын дүү машинаа аваарай гэж хэлсэн. Тэр үед шөнийн 2, 3 болж байсан байх. Би З- ахад жоохон байж байгаад авья гэхэд З- ах гялс хүрээд ир машинаа авчих гэсэн. Тэгээд би ПС-нээс гарч ажлын зогсоол дээр ирж байхад З- ах АПУ-ын урд талд намайг хүлээж байсан, бид хоёр ажлын зогсоол руу алхаж очоод би Э- УКР дугаартай Т.Приус-50 маркийн машиныг аваад явсан, харин З- ах өөрийнхөө машиныг унаад бид хоёр салаад явсан. Би шууд ПС рүүгээ явсан, өөр зүйл болоогүй байгууллагын цонхоор З- ах орж зэс гууль хөнгөн цагаан авсан болохоос миний бие цонхоор ороогүй болно. З- ах 1 удаа эхнэр хүүхдээ өрөвдөөд байна, яанаа миний дүү гээд байхаар бид хоёр ярьж байгаад сэжигтнээр өгсөн мэдүүлэгт би цонхоор орсон 100.000 төгрөг З- ах өгсөн гэж худлаа мэдүүлсэн болно. Ийм зүйл болоогүй бөгөөд бид хоёрын эхний мэдүүлгүүд үнэн зөв болно. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрч хохирогчийн мэдүүлгүүдээр миний бие байгууллагын цонхоор нэвтэрч орсон зүйл нотлон тогтоогддоггүй бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж миний үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нарыг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн. Өөрөөр хэлбэл нэвтэрч, бүлэглэж үйлдсэн гэж үзсэн. Шүүгдэгч нарын хэн нь нэвтэрсэн бэ гэдэгтэй холбоотой анхан шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй. Хавтаст хэргийн 22 дугаар талд хохирогч Ц-ын мэдүүлэг бий. Прокурор сэжигтэн Г.А-н хоёр дахь удаа Б.З-ын гуйлтаар өгсөн өөрийнх нь мэдүүлгээр түүнийг яллаж байгаа талаараа тайлбарлаж байна. Гэтэл бусад нотлох баримтаар хэрхэн няцаагдаж байгаа юм бэ гэдэг хавтаст хэрэгт авагдсан. Тухайлбал хавтаст хэргийн 22 дугаар талд байх хохирогч Ц-ын мэдүүлэгт “камерын бичлэгээс харахад шуудайтай зүйлийг ганц хүн өргөөд машинд ачиж байгаа байдал нь хөнгөн зүйл байсан, үүнийг манай үйлдвэрийн үнэт зүйл болох ноолуурыг хулгайлсан гэж үзэж байна” гэсэн байдаг. Үүгээр няцаагдаж байна. Мөн хавтаст хэргийн 70-73 дугаар талд гэрч Э-гийн мэдүүлгээр мөн няцаагдаж байгаа. Үүнд “дахин камерын бичлэгийг шүүж үзэхэд тухайн цонхноос 02 цаг 47 минутад нэг хүний толгой цухуйж, хөл унжиж орж ирээд цонхноос үсэрч бууж байгаа дүрс бичлэг харагдсан юм” гэсэн байдаг. Гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тухайн цонхноос нэг л хүн үсэрч буусан нь харагдсан. Мөн камерын бичлэгээр тэгж харагддаг. Гэтэл шүүгдэгч нарыг бүгдийг нь нэвтэрсэн гэж үзэж ял халдааж байгаа нь үндэслэлгүй юм. Сэжигтэн Г.Ш-ийн мэдүүлэг хавтаст хэргийн 115 дугаар талд авагдсан. Үүнд “...Б.З-, Г.А-г ПС тоглоомын газар руу явуулсан, Б.З- бид хоёр гэрэл унтраастай байсан учраас барилгын цонхоор ороод зэсээ авах талаар ярьсан. Б.З- барилгын цонхоор орсон. Б.З-ыг би тавцан руу өргөж өгсөн. Харин Б.З- цонхны хаалгыг онгойлгоод дотогш нэвтэрч орсон юм” гэж мэдүүлсэн байдаг. Хавтаст хэргийн 104 дүгээр талд авагдсан сэжигтэн Б.З-ын мэдүүлэгт “диспетчер харуулын байранд хүрээд ирсэн. Тэгэхээр нь би “сандраад цонхны тавцангаас үсрээд буучихсан юм” гэсэн байдаг. Шүүгдэгч Б.З-ын мэдүүлэг нь сэжигтэн болон хохирогчийн мэдүүлэгтэй нийцэж байгаа. Үүнээс харахад шүүгдэгч Г.А-, Г.Ш- нарыг нэвтэрсэн гэж үзээд ял халдааж байгаа нь хууль бус юм. Хавтаст хэрэгт байгаа баримтуудтай харьцуулж үзэх юм бол шүүгдэгч нар үндэслэл бүхий давж заалдах гомдлыг гаргасан. Хавтаст хэргийн 104 дүгээр талд өгсөн мэдүүлэгтээ шүүгдэгч Б.З- өөрөө нэвтэрсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгч Г.А-н эхний мэдүүлэгт шүүгдэгч Б.З-ыг орсон гэж хэлдэг. Энэ хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой нотлон тогтоогоогүй буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.7 дугаар зүйлд заасан ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгээгүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолж тогтоогоогүй. Ийм асар зөрүүтэй мэдүүлгүүд, нотлох баримтууд авагдсан байхад шүүгдэгч нарыг бүгдийг нь нэвтэрсэн гэж ял халдааж, хүндрүүлж ялласан нь хуулийг зөрчсөн үйлдэл. Хавтаст хэргийн 72 дугаар талд гэрч Э-гийн мэдүүлэг бий. Үүнээс харахад Даваасүрэн гэх хүн байсан байдаг. Тухайн этгээд согтуу, машинтай байсан талаар хэлдэг. Энэ хүнээс яагаад мэдүүлэг аваагүй вэ. Энэ мэтээр мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн. Өөрөөр хэлбэл энэ хүний үүрэг оролцоог шалгаагүй. Тухайн этгээд мөн тээврийн хэрэгсэлтэйгээ байсан байна шүү дээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэдгээ шүүгдэгч нар хүлээн зөвшөөрч байгаа. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар “манай байгууллагын олон жил хог хаягдал болсон зэс байдаг учраас түүнийг хэрэггүй гэж бодоод тушаасан, ингэхдээ 301.000 төгрөгөөр тушаасан” гэж тайлбарладаг. Энэ талаарх шинжээчийн дүгнэлт нь хүртэл хэрэгт авагдсан байдаг. Хохирол төлбөрөө шүүгдэгч нар төлсөн. Гэрч Э-гийн мэдүүлгээр нэг зүйл тодорхой болсон. Өөрөөр хэлбэл тухайн өдөр цонхыг нь очоод шалгахад онгорхой байсан талаар гэрчилсэн. Тухайн ажилчдаас асуухад “тухайн цонх онгорхой удаж байгаа, манай цех халуун учраас цоожгүй онгорхой байдаг” гэж хэлсэн. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан. Эрүүгийн хуульд ямар тохиолдолд нэвтэрсэн гэж үзэх талаар маш тодорхой тайлбар байдаг. Тухайн үед харуул хамгаалалтын ажилтан согтуу байсан. Харин шүүгдэгч нар ПС тоглоомын газар тоглож байгаад ажлынхаа хашаа руу орсон байдаг. Хуулийн тайлбарт “хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй, эсхүл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсхүл хориг саадтай болохыг анхааруулсан тэмдэг тэмдэглэгээтэй байх бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах, объектыв болон субьектив нөхцөл байдлын үндэслэл болно” гэж тайлбарласан байдаг. Мөн “тусгайлан хамгаалсан байр агуулахад хууль бусаар нэвтрэх үйлдлийн тухайд тухайн байр, агуулахыг хамгаалах үүрэг хүлээсэн этгээдийн зөвшөөрөлгүйгээр харуул, хамгаалалтын ажилтныг төөрөгдүүлэн хуурч мэхэлсэн идэвхтэй үйлдлээр нэвтэрсэн үйлдлийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бус нэвтэрсэн гэх шинжид хамаатуулан хүндрүүлэн зүйлчлэх нь зүйтэй боловч харуул хамгаалалтын ажилтан харуулын дүрмийн дагуу ажиллаагүй, ажлын хариуцлага алдаж нэвтрэх сонирхолтой этгээдийн зүгээс төдийлөн идэвхтэй үйлдэл хийлгүйгээр нэвтрэлт явагдсан бол хэдийгээр нэвтрэх эрхгүй байсан ч энэ бүрэлдэхүүнээр хүндрүүлэн зүйлчлэхгүй. Энэ тохиолдолд хамгаалагч наад зах нь нэвтэрч буй этгээдийн бичиг баримтыг шалгаж, тухайн байгууламжид нэвтрэх зөвшөөрөлтэй эсэхийг нягталж шаардлагатай тохиолдолд нэгжийн удирдлагаас тодруулах ёстой байсан боловч зүс үзсэн төдий хүнийг саадгүйгээр нэвтрүүлсэн нь шүүгдэгчийг буруутган эрх зүйн байдлыг дордуулах, хүндрүүлэх нөхцөл байдал болох ёсгүй” гэж тайлбарласан. Гэрч Э-гийн мэдүүлэгт “Тухайн үед би харуулын байран дээр очоод машин дотор нэг хүн байх шиг байна, хэний машин юм бэ гэж харуулаас асуухад Г.Ш-ийн машин юм шиг байна, манай ажилтан гэж хэлсэн. Залгахад Г.Ш- машин дотроо байсан” гэж мэдүүлсэн. Үүнээс харахад шүүгдэгч Г.Ш- тухайн цонхоор нэвтрээгүй гэдэг нь харагдаж байна. Шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байгаа учраас зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд тооцож өгнө үү. Нэвтрэх үйлдлийн тухайд бүлэглэн санаатай нэгдсэн зүйл огт байхгүй. Энэ нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй. Шүүгдэгч Б.З- өрх толгойлсон эцэг ба хоёр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь салаад Солонгос улс руу явсан. Тиймээс түүний бага насны хоёр хүүхэд асран хамгаалагчгүй болсон ба түүний эгчийнд амьдарч байгаа. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэв.
Прокурор Б.Сүрмандах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч нар 2025 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 14-ний шилжих шөнө өөрсдийн ажилладаг “Э-” ХХК-ийн үйлдвэрийн агуулахаас эд зүйл авъя гэдгээ урьдчилан ярилцаж тохирсон талаарх үйл баримт тогтоогдсон. Үүнээс шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэх санаа зорилгоо нэгтгэсэн болох нь харагдаж байна. Тухайн өдрийн 01 цагийн орчим агуулахын цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлж зарж борлуулаад мөнгөө хувааж авсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Шүүгдэгч Г.А- гаргасан давж заалдах гомдолдоо “би гэмт хэрэгт оролцоогүй, Г.Ш-, Б.З- нар гэмт хэрэгт оролцсон” гэж тайлбарлаж байна. Мөн шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад гэмт хэрэгт хэн хэрхэн оролцсон, ялыг ялгамжтай байдлаар өгсөнгүй талаар дурдаж байна. Үүнтэй холбоотой тайлбар хэлье. Шүүгдэгч нар тухайн үед ПС тоглоомын газар байсан ба ажил тараад шөнийн 12 цаг өнгөрсөн байсан. Шүүгдэгч нарын ажлын цаг тарсан байсан буюу өөрөөр хэлбэл шүүгдэгч нар ажилдаа эргэж очих шаардлага байгаагүй. Үүнээс харахад шүүгдэгч нар тухайн эд зүйлсийг авъя гэдэг талаар ярилцаад очсон гэдэг нь харагдаж байна. Шүүгдэгч нар анхнаасаа санаа зорилгоо нэгтгээд ярилцсан. Тухайн үйл явдлыг харсан Э- гэх камер хянагчийн өгсөн гэрчийн мэдүүлэг бий. Үүнд “дүрс бүрэлзээд байсан, модны навч хаасан, мөн замын машины гэрлүүд гялбуулаад байсан учраас яг хэн байсныг нь таниагүй” гэж мэдүүлсэн. Гэвч хүн нэвтэрч, эд зүйлс авч гарсан талаар мэдүүлдэг. Мөн машиндаа ууттай эд зүйлсийг аваачиж хийсэн талаар тодорхой мэдүүлсэн. Хэдийгээр хэргийн газар байсан гэрч шүүгдэгч нарын үйлдлийг тодорхой таньж мэдүүлээгүй боловч тухайн хэргийн газар байсан шүүгдэгч нарын мэдүүлгээр Г.А- агуулах руу орсон нь тодорхой болсон. Орохдоо цонхыг онгойлгоод хаалтыг нь эвдэж дотогш орсон гэх үйл баримтаа мэдүүлдэг. Харин гэрч цонх онгорхой, тор нь унжсан байсныг харсан байдаг. Э- гэрч эргэж очиж, өөрийн нүдээрээ харсан байдаг ба энэ талаараа гэрчилдэг. Үүгээр давж заалдах гомдолд дурдагдаж буй тухайн цонх удаан хугацаанд онгорхой байсан, онгорхой байдаг гэх нөхцөл байдал үгүйсгэгдэнэ. Дотроос авсан зэс, гуулийг гаргаж дамжуулсан байдаг ба шүүгдэгч Б.З- машинаа ойртуулсан байдаг. Хэргийн үйл баримтаас харахад шүүгдэгч Б.З-ын машин анхнаасаа тухайн байгууллагын гадаа байсан ба шүүгдэгч нар хар болон цагаан өнгийн өөр машинаар буцаж ажил дээрээ ирсэн байдаг. Камерын бичлэгт хар болон цагаан өнгийн машин дагалдаад тухайн үйлдвэрт орсон байдаг. Хэрхэн орсон бэ гэвэл чип харуулаас авсан байдаг ба энэ талаар камерын дүрс бичлэгт бичигдсэн байдаг. Ингэж орсны дараа шүүгдэгч Б.З- өөрийн зогсоолд байсан машиныг үйлдвэрийн хашааны хана руу ойртуулж тавьсан байдаг ба энэ талаар камерын дүрс бичлэгт мөн үлдсэн байдаг. Нэвтэрч орсон хүн шуудайтай зүйл гаргаад өгөхөд нь гаднаас нь аваад шүүгдэгч Б.З- өөрийн ойртуулсан машины багажид ачиж байгаа үйл баримт мөн камерын дүрс бичлэгт үлдсэн. Ингээд гурван машин дагалдаад үйлдвэрийн хашаанаас гарсан. Энэ үйл баримтаас дүгнэхэд давж заалдах гомдолд дурдагдаж буй Г.Ш-ийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна гэж зүйлчлэх үндэслэлгүй. Мөн шүүгдэгч Г.А-н давж заалдах гомдолд дурдсан “гэмт хэрэг үйлдэх үед би тухайн газар байгаагүй, би ПС тоглоом тоглоод явсан байсан, хэсэг хугацааны дараа намайг дуудаад чи машинаа авчих гэж хэлсэн, тэгээд би машинаа авсан” гэх үйл баримт нотлогдохгүй. Хэрэгт авагдсан баримтаар хэргийн газар шүүгдэгч Г.А- байсан гэдэг нь нотлогдож байгаа. Шүүгдэгч Б.З- давж заалдах гомдолдоо “Г.А- цонхоор ороогүй, миний өмнө нь өгсөн мэдүүлэг худлаа” гэж тайлбарлаж байна. Мөн энэ талаар шүүгдэгч Г.А- мөн давж заалдах гомдолдоо дурдаж байна. Энэ нөхцөл байдал үгүйсгэгдэнэ. Тиймээс шүүгдэгч Г.А-г хэргийн газар байгаагүй, энэ үйлдэлд оролцоогүй гэж хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж тэнсэх эрх зүйн боломжгүй гэж үзэж байна. Хэргийн нөхцөл байдлаас харахад шүүгдэгч нар сэдэл, санаа зорилгоо нэгтгэж үйлдлээ хийсэн. Камерын бичлэгт хэн орсныг нь таньж мэдэх боломжгүй байгаа боловч өөрсдийнх нь өгсөн мэдүүлгээр шүүгдэгч Г.А- орж шуудайтай зүйлийг дамжуулсан нь тогтоогдсон. Улмаар Б.З-ын машинд ачиж яваад зарж борлуулсан үйлдэл хангалттай тогтоогдсон. Шүүгдэгч нарын давж заалдах гомдолд дурдаж буй үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, зүйлчлэлийг хөнгөрүүлж тэнсэх боломжгүй байна. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлээд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэсэн. Учир нь шүүгдэгч нар хохирлоо төлсөн байсан. Шүүгдэгч нар анхан шатны шүүх хуралдаанд өөрсдийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Энэ талаар анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан. Гэвч өнөөдөр би ороогүй, аваагүй гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан байна. Анхан шатны шүүх хохирлоо төлсөн болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хорих ялыг 1 жил, 1 сарын хугацаагаар тогтоосон. Шүүгдэгч нар бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн учраас ижил төрлийн ял оногдуулсан нь хуульд нийцсэн. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шүүгдэгч Б.З-, Г.Ш-, Г.А- нарт холбогдох эрүүгийн 2510 05022 1716 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Б.З-, Г.Ш-, Г.А- нарын хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцжээ.
Шүүгдэгч Б.З-, Г.Ш-, Г.А- нар нь бүлэглэн 2025 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулах болох “Г-” ХХК-ийн үйлдвэрийн байрны цонхоор зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар нэвтэрч, улмаар 5 кг хөнгөн цагаан, 11.5 кг зэсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан Г- УБС улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн авч явж, бусдад 301.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ц-ын “...Манай Г- ХХК нь Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг билээ. Манай компани нь тус газар худалдаа, үйлдвэрлэл чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Ингээд 2025 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-ний өдрийг шилжих шөнө манай Г- ХХК-ийн ноолуурын анхан шатны боловсруулалт хийдэг цехээс тус цехийн 3 ажилтан нь үйлдвэрийн цонхоор нэвтэрч дотроос нь эд зүйлс хулгайлсан үйл баримт байгаа юм. Тухайн 3 залуу нь компанийн баруун талын автомашины зогсоол дээр машинуудаа байрлуулан, цонхоор нэвтрэн орж, дараа нь гарч байгаа нь хяналтын камерын бичлэгээр тогтоогдож байгаа юм. Мөн эдгээр 3 залуу нь үйлдвэр дотроос хөнгөн цагаан, зэс, гууль хулгайлсан гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрдөг юм” /хх 66-67/,
гэрч Ш.Э-гийн “...Миний бие Г- ХХК-д диспетчерийн албан тушаалд 2024 оны 12 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Би 2025 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 09 цагаас мөн оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 09 цаг хүртэл ээлжийн диспетчерийн үүрэг гүйцэтгэж ажилласан юм. ...миний бие албан ажлынхаа үүргийн хувьд 2 дугаар постны харуул руу хяналтын камераар хяналт тавьсан, тэр үед автомашины зогсоол дээр 4 машин байрлаж байсан бөгөөд шөнө хөдөлгөөнгүй, ажил зогссон байхад машины хөдөлгөөн оруулах шаардлагагүй байдаг. Ингээд би шөнө 00 цаг өнгөрч байхад хоногийн мэдээ тайлангаа хийчихээд хяналтын камер харах үед 1 хар өнгийн машин автомашины зогсоол руу орж байсан юм. Ингээд хяналтын камерыг хараад байхад араас нь дахин 1 машин 00 цаг 24 минутанд орж ирсэн байдаг. Тэгээд би харуултай утсаар холбогдох гэсэн боловч холбогдож чадаагүй. Мөн харуулын байрны гаднах орчны гэрэлтүүлэх үүрэгтэй гэрэл нь унтраастай байсан. Уг нь миний бие харуулд биечлэн 21 цагийн үед гэрлийг асаах талаар үүрэг өгсөн юм. Гэвч намайг шөнө харахад гэрэлтүүлэг унтраастай байсан. Тэгээд би 00 цаг 40 минутын үед очиход харуул харуулын байран дотроо унтаж байсан. Тэгээд би харуултайгаа хэрүүл хийгээд ямар учиртай машин орсон юм бэ яагаад унтаад байгаа юм бэ гэж хэрүүл хийсэн. Тэгтэл харуул надад манай ажлын ажилчдын машин байлгүй дээ чиптэй болохоор хаалтаар орж ирнэ шүү дээ гэж хэлсэн. Гэхдээ тухайн үед харуул яг хэний машин гэдгийг нь мэдэхгүй байсан. Тэгээд би тухайн машинуудын эздийг мэдэхгүй болохоор машинуудын дугаар болон утасны дугааруудыг нь утсаараа зургийг нь дарсан. Үүний дараа харуул нь өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас миний бие харуулын дарга болох Ц-ыг дуудсан юм. ...би ажлынхаа байран дээр очоод байж байхад Ц- над руу залгаад “энэ нэг машинд нь нэг хүн байна шүү дээ” гэж хэлсэн. Уг нь намайг тухайн машинуудын зургийг нь авч байхад дотор нь ямар нэгэн хүн байгаа шинж байгаагүй. Тэгээд би Ц-аас “хэн байна, надтай яриулаадхаач” гэж хэлэхэд Угаах цехийн машин баригч Ш- байсан. Би Ш-той утсаар ярихад Ш- нь надад “би ПС тоглодог юм уу эсвэл машиндаа унтдаг юм билүү” гэж тайлбарыг хэлсэн. ...миний бие хяналтын камерын бичлэгийг дахин сайн сууж байгаад ухрааж үзэхэд автомашины зогсоол дээр З-ын Г- УБС улсын дугаартай цагаан өнгийн приус-20 загварын машин анхнаасаа байсан. Тэгтэл Ш-, З- нар 1 цагаан өнгийн машинтайгаа хаалтан дээр ирсэн. Дотроос З- гарч ирээд машинаасаа хаалтны чип аваад харуулын хажуугаар яваад чипээр уншуулдаг газар нь очиж уншуулж Ш-ийн машиныг нэвтрүүлсэн. Араас нь бас өөр нэг хар өнгийн Ц- УБУ улсын дугаартай машин 00 цаг 24 минут орчимд орж ирсэн. Энэхүү машиныг өөр гуравдагч этгээд жолоодож орж ирсэн юм. Энэхүү хоёр машин нээх удалгүй 5, 5 минутын зайтай орж ирсэн. Энэхүү хоёр машин нь барилгын хажууд модны доор тавьсан. Харин З- нь сүүлийн хар машин орж ирэхээс өмнөх нь машинаа асаагаад барилгын цонхны харалдаа машинаа байрлуулсныг камераар харсан. Тэгээд камераар сүүлд орж ирсэн хар машины жолооч болох гуравдагч этгээд цаашаа мод руу ороод огт харагдахгүй болсон. Харин Ш-ийн унаж ирсэн машин дотор гар утасны гэрэл асч унтраад байсан. Харин намайг харуулын байранд 00 цаг 40 минутын орчимд очиж гэрэл асаах үед З-ын машины ард талд нэг хүн огцом нуугдаад доошоо сууж байгаа дүрс бичлэг харагдсан. Ингээд би цааш нь бичлэгийг лавшруулж үзсэн байдаг юм. Тэгээд ер нь шөнө байсан болохоор үзэгдэх орчин маш муу байнгын машины хөдөлгөөн байсан учраас гялбаад харагдахгүй бас өргөн том модны мөчрүүд хаагаад байсан учраас сайн харж чадаагүй. Тэгээд би өөрийн биеэр тухайн цонхыг байгууллагын дотор талаас шалгахаар очиход цонх нь онгорхой, сараалж төмөр нь хагас унасан байдалтай байсан. ...дахин хяналтын бичлэгийг шүүж үзэхэд тухайн цонхноос 02 цаг 47 минутанд хүний толгой цухуйгаад, тэгээд хөл унжиж орж ирээд цонхноос үсэрч бууж байгаа дүрс бичлэг харагдсан юм. Тэгээд 5 минутын дараа харуулын постны хойд талаар яг гаднаас орж ирж байгаа мэт 2 хүн алхаж орж ирсэн. Тэр хоёр хүний нэг нь З-ын машин руу явсан. Нэг нь хар машин руу явсан. Тэр үед Ш-ийн машин нь байрлалаа сольж харуулын постны өөдөөс хараад зогссон байсан бөгөөд З- нь тухайн машин руу хандаж нэг юм хэлээд байсан. Харин З-тай хамт ирсэн хүн нь хар өнгийн машин руу явсан. З- нь эхлээд өөрийнхөө машин руу очсон. Дараа нь хар өнгийн машин руу очиж нэг зүйл хэлсэн бөгөөд тэр хар машинд суусан хүн харуулын байр руу очиж харуултай юм ярьсан. Тэр хооронд З- нь машиныхаа арын араар очиж арын хаалгыг онгойлгоод нэг зүйл хийж байгаа бичлэг бичигдсэн байсан. Тэгээд машиндаа суугаад түрүүлээд автомашины зогсоолоос гарч явсан” /хх 70-73/,
гэрч Ц.Г-ийн “...сар гарангийн өмнө шөнө унтаж байхад миний Г- дугаарын утсанд дуудлага орж ирсэн. Тэгээд зэс худалдаж авах уу гэхээр нь авна гээд өөрийн ажлыг хаягыг зааж өгсөн. Үүний дагуу 1 залуу ирээд надад шуудайтай зэс, мөн цөөхөн хэдэн хөнгөн цагаан худалдаж авахыг санал болгосон. Тухайн зэс 16-17 кг жинтэй. , хөнгөн цагаан нь 5-6 кг байсан. Тэгээд шөнө болж байсан тул мөнгөний хэрэгтэй хүн явж байгаа байх гэж бодоод татгалзаж чадаагүй 300.000 төгрөг бэлнээр тоолж өгөөд худалдаж авсан. Дараа нь тухайн залуу нэлээд хэд хоногийн дараа зарсан зэсээ буцааж авна гэж ирсэн юм. Тэгэхээр нь би буцааж авч болно гээд зэсийг нь өгч явуулсан. Харин хөнгөн цагааныг нь би цааш нь зарсан байсан тул өгч чадаагүй” /хх 75-76/ гэх мэдүүлгүүд,
хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 23-33, 34-37/,
хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 38-40/,
тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 41-45/,
дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, зурган үзүүлэлтэндГранд “...2025 оны 9 дүгээр сарын 14-ны өдрийн 02 цаг 47 минут 06-07 секундэд цагаан өнгийн пүүзтэй хүн үйлдвэрийн цонхоор бууж байгаа бичлэг бичигдсэн байна. 2025 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 02 цаг 47 минут 13 секундэд тус цонхоор бууж ирсэн хүн цааш мод руу орж байгаа бичлэг бичигдсэн байна. ...Бичлэгэнд байх цагаан өнгийн пүүз, хар өнгийн өмдтэй хүн нь сэжигтэн Г.А-, цагаан өнгийн өмдтэй хүн нь сэжигтэн Г.З-, саарал өнгийн байршил нь солигдсон тээврийн хэрэгсэлд сэжигтэн Г.Ш- байгаа болохыг дурьдаж байна” гэх тэмдэглэл /хх 46-57/,
Г- ХХК-ийн шинжээчийн хөрөнгийн үнэлгээний тайлан “...Үнэлгээний дүн: 301.000 төгрөг” /хх 85-88/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүх хэрэгт авагдсан дээр дурдагдсан нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан журмыг баримтлан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн байх бөгөөд эдгээр нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, шүүгдэгчийн гэм буруутайг тогтооход хангалттай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг үндэслэлтэй зөв тогтоосон байна.
Түүнчлэн шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч нарын үйлдэл тус бүрийн оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон төрөл хэлбэр, гэм буруутай эсэх, үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтанд зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Б.З- “...Миний цонхоор орсон үйлдэлд Ш-, А- хоёр огт хамааралгүй юм. ...цонхыг эвдэлж нэвтэрсэн гэж үзэж байгаад гомдолтой байна ...бүлэглэн гүйцэтгэх гэдэг зүйлчлэлээр зүйлчилж байгаа бол гэмт хэрэг гүйцэтгэхдээ хэн нь ямар оролцоотой байсныг тогтоож ялыг ялгамжтай оногдуулах нь шударга ёсонд нийцмээр байна. ...би машинаа өөрийнхөө хөдөлмөрөөрөө хөдөлмөрлөж олсон болохоос гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө биш юм. ...А-г 2 дахь мэдүүлэгтээ би биш А- цонхоор орсон түүнд 100.000 төгрөг өгсөн гэж мэдүүлсэн нь худлаа ...надад холбогдох үйлдэл холбогдлыг хүндрүүлэн зүйлчилснийг эргэн харж хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1.1-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-т зааснаар тэнсэн хянан харгалзаж өгнө үү” гэх агуулгаар,
шүүгдэгч Г.Ш- “...анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогч бүрийн үүрэг оролцоог нарийвчлан тогтоолгүй нийтэд нь бүлэглэн гүйцэтгэсэн гэж ял халдаасан ...бид хоёрын уг үйлдэлд А- огт хамааралгүй ...миний үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1.1-д зааснаар зүйлчилж хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-т зааснаар тэнсэн хянан харгалзаж өгнө үү” гэх агуулгаар,
шүүгдэгч Г.А- “...хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрч хохирогчийн мэдүүлгүүдээр миний бие байгууллагын цонхоор нэвтэрч орсон зүйл нотлон тогтоогддоггүй бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж миний үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэх агуулгаар тус тус давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хулгайлах гэмт хэргийн шинжийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэж тодорхойлсон бөгөөд энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч; учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол хүндрүүлэх шинжид хамааруулахаар хуульчилжээ.
Хэдийгээр шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэгдсэн “Г-” ХХК гэх хуулийн этгээдэд ажилладаг, хөдөлмөрлөх чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор байгууллагын үйл ажиллагаа явуулах зориулалттай үйлдвэрийн байранд нэвтрэх эрхтэй этгээдүүд боловч тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд буюу 2025 оны 9 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө байгууллагын үйл ажиллагаа явуулах байранд нэвтрэх эрх хязгаарлагдсан, тодруулбал шөнийн цагаар харуул тавьж, диспетчер камерын давхар хяналт хэрэгжүүлж тусгайлан хамгаалдаг болох нь гэрч Ш.Э-гийн мэдүүлэгт тодорхой дурьдагджээ. Хууль бусаар нэвтэрсэн гэх ойлголт нь заавал хаалга, цонхыг эвдэлж нэвтэрсэн байхыг шаардахгүй бөгөөд эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч орсон үйлдлийг мөн ойлгодог. Гэрч Ш.Э-гийн “...би өөрийн биеэр тухайн цонхыг байгууллагын дотор талаас шалгахаар очиход цонх нь онгорхой, сараалж төмөр нь хагас унасан байдалтай байсан. ...дахин хяналтын бичлэгийг шүүж үзэхэд тухайн цонхноос 02 цаг 47 минутанд хүний толгой цухуйгаад, тэгээд хөл унжиж орж ирээд цонхноос үсэрч бууж байгаа дүрс бичлэг харагдсан юм” гэх мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар “Г-” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогджээ.
Хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ машин механизм ашиглах нь үйлдлээ хялбарчлах, хөнгөвчлөх, хэргийн газраас хурдан хугацаанд зайлан холдох, хулгайлж авсан эд зүйлийг нуун далдлах, овор хэмжээ ихтэй эд зүйлийг хэргийн газраас хурдан хугацаанд авч зугтаах зэрэг боломж нөхцөлийг олгож буйгаараа хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинжийг ихэсгэдэг тул хууль тогтоогч уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулсан байдаг.
Шүүгдэгч Б.З-, Г.Ш-, Г.А- нар нь “Г-” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах зориулалттай байрнаас хулгайлж авсан 5 кг хөнгөн цагаан, 11.5 кг зэсийг Б.З-ын өмчлөлийн Г- УБС улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслээр хэргийн газраас авч явж буй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтанд заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Мөн гэмт хэрэгт хамтран оролцсон талаар шүүгдэгч Б.З-, Г.Ш-, Г.А- нар нь хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр үйлдлээрээ болон ухамсраараа санаатай нэгдэж, гэмт хэрэг үйлдэх талаар мэдэж байсан боловч хулгайлах гэмт хэргийг үйлдэхээр санаатай нэгдэж, бүлэглэн гүйцэтгэж гэмт хэрэгт хамтран оролцсон нь дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Ш.Э-гийн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ц-ын мэдүүлэг болон шүүгдэгч Б.З-ын яллагдагчаар мэдүүлсэн “...өөрийн хийсэн үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа, сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ бүгдийг үнэн зөв мэдүүлсэн байгаа” /хх 124-125/, шүүгдэгч Б.З- сэжигтнээр мэдүүлсэн “...зорилго нь урьд өмнө мотор задалж дотроос нь гаргаж авсан зэс, бас бус хөнгөн цагаантай 1 шуудайг авах байсан юм. ...үйлдвэрийн цонхоор дотогш А-г оруулсан. А- нь цонх руу өөрөө дамжин дотогш нэвтэрсэн. Харин би тэр үед А-гийн Приус 50 загварын машинд байсан. Ш- ч мөн адил миний машин дотор байсан юм. А- нь дотроос шуудайтай зэс болон хөнгөн цагааныг цонхоор дамжуулж, харин би шуудайг авсан. Би авсан шуудайтай зэс, хөнгөн цагааныг өөрийнхөө мөнгөлөг саарал өнгийн приус 20 загварын машины ар талын багажинд хийсэн. Яг тэр үед диспетчер эгч алхаад ирж байсан. Тэгэхээр нь цонхны хаалтыг хийгээгүй байсан учраас А-г цаашаа ор гээд хэлсэн. ...А- рүү залгаж “одоо цонхоо хаагаад гараад ир” гэж хэлсэн юм. Тэгээд А- цонхыг хаагаад гарч ирсэн бөгөөд бид хоёр хамтдаа хойд зүгээс ирж байгаа болж автомашины зогсоол руу алхаж орж ирсэн” гэх мэдүүлгүүд /хх 110-111/, шүүгдэгч Г.Ш-ийн яллагдагчаар мэдүүлсэн “...Өөрсдийнхөө хийсэн хэргийг хүлээн зөвшөөрч байна. Маш их гэмшиж байна. Дахиж ийм алдаа гаргахгүй” /хх 128-129/, шүүгдэгч Г.А-гийн “...Ер нь бол хийсэн хэргээ хүлээж байгаа. Сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ би бүгдийг үнэн зөв ярьсан болно” /хх 132-133/, шүүгдэгч Г.А- сэжигтнээр мэдүүлсэн “...З- ах, Ш- ах хоёр надад “ахын дүү цонхоор ороод шуудайтай зэсийг авчих” гэж хэлсэн юм. Тэрний дагуу би цонхоор ороод шуудайтай зэсийг цонхоор доош нь унагаасан. Тэгээд гарах гэтэл диспетчер эгч хүрээд ирсэн байсан учраас би цонхоор буцаад бууж чадаагүй. Ямартай ч үйлдвэр дотор сууж байсан юм. ...Диспетчер эгч явсны дараа цонхоор буцаж гараад цонхны хаалтыг хийсэн. Дараа нь модон дундуур З- ахтай яваад хойд зүгээс ирж байгаа мэт автомашины зогсоол руу алхаж ирцгээсэн” гэх мэдүүлэг /хх 120-121/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдоно. Шүүгдэгч нарын өөрийнхөө эсрэг сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэлд хамаарахгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй гэж заасан боловч шүүгдэгч Б.З-, Г.Ш-, Г.А- нарын мэдүүлэг нь гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлгээс гадна хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр давхар нотлогдон тогтоогдож байна.
Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлж шийдвэр гаргахдаа харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлж шүүгдэгч нарын үйлдэл оролцоо, гэмт хэрэг үйлдсэн арга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, хэн ямар үүрэг оролцоотойгоор хамтран оролцсон зэргийг тогтоож шүүгдэгч Б.З-, Г.Ш-, Г.А- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1., 2.4 дэх заалтанд зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Иймд шүүгдэгч Б.З-, Г.Ш- нараас гаргасан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх, энэ хэрэгт шүүгдэгч Г.А- оролцоогүй тухай, шүүгдэгч Г.А-гөөс гаргасан хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй тул цагаатгаж өгнө үү гэх агуулга бүхий давж заалдах гомдолд дурьдагдсан үндэслэлүүд няцаагдаж байна.
Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас “Г-” ХХК-д 301.000 төгрөгийн хохирол учруулсан, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 381.000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцэхийн зэрэгцээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх учиртай.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.З-, Г.Ш-, Г.А- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтанд заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1., 2.4 дэх заалтанд зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт нь шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах шүүхэд эрх хэмжээ олгосон зохицуулалт юм.
Анхан шатны шүүх хуралдаанд болоод мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүйн зэрэгцээ хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна.
Хэдийгээр шүүгдэгч Б.З-, Г.Ш- нар нь хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийн талаар, шүүгдэгч Г.А- нь хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцоогүй, гэмт хэрэг үйлдээгүй гэж давж заалдах гомдол гаргаж байгаа боловч анхан шатны шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарын гаргасан тайлбар, мэдүүлэг зэрэгт үндэслэн хуулиар шүүхэд олгогдсон эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Б.З-, Г.Ш-, Г.А- нарт тэднийг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1., 2.4 дэх заалтанд заасан хорих ялын доод хэмжээ болох 2 жилээс доогуур хугацаагаар 1 жил 1 сарын хорих ял шийтгэснийг буруутгах үндэслэлгүй юм.
Шүүгдэгч Б.З-аас ялыг ялгамжтай оногдуулах талаар гомдол гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна гэж хуульчилсан. Шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахад шүүгдэгч Б.З-, Г.Ш-, Г.А- нар нь шүүхийн хэлэлцүүлэгт 100.000 төгрөг тус бүр авсан талаар мэдүүлснээс гадна шүүгдэгч Г.Ш- “...Засвар хийж байх хугацаанд шуудайнд хийгээд тавьчихсан байсан. Гурвуулаа хамт хийсэн” гэж, шүүгдэгч Б.З- “...Тэрийг авах зорилгоор биш моторын хогонд хаяхдаа зэсийг нь аваад үлдчихье гэж бодсон, “...хар машин унаж яваа хүн нь би. Өөрийнхөө машин руу явж байна гэдэг нь А- байсан” гэж /хх 214-218/ тус тус мэдүүлсэн байхын зэрэгцээ анхан шатны шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудтай харьцуулан дүгнэхэд шүүгдэгч нар нь үйлдвэрийн тоног төхөөрөмжөөс гарсан зэс, хөнгөн цагаан зэргийг урьдаас ялгаж бэлтгэсэн, шүүгдэгч Г.А- нь үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад цонхоор нь дамжин хууль бусаар нэвтэрсэн, Б.З- нь тухайн зэс, хөнгөн цагаан зэргийг өөрийн тээврийн хэрэгсэлд ачиж хэргийн газраас зугтааж холдсон зэрэг үйл явдлын өрнөл, дараалал, гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн, санаа зорилгоо хэрэгжүүлсэн, үүрэг оролцоог хуваарилсан зэрэг нөхцөл байдлуудад анхан шатны шүүх зөв үнэлэлт дүгнэлт өгсөн гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэнсэх зохицуулалтууд нь хорих ялын дээд хэмжээг 5 жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарах бөгөөд шүүгдэгч Б.З-, Г.Ш-, Г.А- нарыг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1., 2.4 дэх заалтанд заасан гэмт хэрэг нь 2-8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр зохицуулсан хүнд гэмт хэрэг тул тэнсэх зохицуулалт хэрэглэх боломжгүй юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус хуульчилсан байна.
Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээний хүрээнд хураан авах хөрөнгийг жагсаан бичсэн ба хууль зүйн техникийн хувьд таслал хооронд байгаа утга нь бүтээц доторх өөр бусад утгатай заавал холбогдохгүйгээр дангаар хууль хэрэглэх нөхцөлийг бий болгодог. Энд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл гэж хууль тогтоогч хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх нөхцөлийг ямар нэгэн салаа, хоёрдмол утгагүйгээр тодорхой бичсэн. Мөн хохирол төлөхөд зарцуулж илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж мөн зүйлийн 3 дахь хэсэгт хуульчилсан. Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх нь хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хэрэглэхгүй байх нөхцөл болохгүй бөгөөд илүү гарсан хэсгийг улсын төсөвт шилжүүлнэ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.З-ын эзэмшлийн NHГ-0 арлын дугаартай, Г- УБС улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг хураан авч улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Иймд шүүгдэгч Б.З-, Г.Ш-, Г.А- нарын давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2026/ШЦТ/142 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-, Г.Ш-, Г.А- анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх хүртэл 78 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2026/ШЦТ/142 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.З-, Г.Ш-, Г.А- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-, Г.Ш-, Г.А- нарын цагдан хоригдсон 82 /наян хоёр/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР