Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2022/01103

 

 

 

 

 

Т- ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2022/00667 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т- ХХК-ийн хариуцагч Б.М-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 8,188,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, түүний өмгөөлөгч А.З, хариуцагчийн өмгөөлөгч Э.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Б.М- нь Т- ХХК-тай зээл болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж, 3,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Тоёота камри маркийн 28-87 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Зээлийн эргэн төлөх хуваарийг талууд тохиролцож хавсралтаар баталсан боловч зээлдэгч уг хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй өнөөдрийн байдлаар үндсэн зээл 3,000,000 төгрөг, хүү 3,688,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг, нийт 8,188,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Би нэхэмжлэгчтэй 3,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүрэг хүлээсэн. Зээлийн гэрээний төлбөр болох 3,000,000 төгрөгийг төлнө. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан хуулийн заалтаар гүйцэтгээгүй үнийн дүн 3,000,000 төгрөгийн 50 хувь болох 1,500,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Нийт 4,500,000 төгрөгийг буюу зээлийн төлбөр 3,000,000 төгрөг, түүний анз болох 1,500,000 төгрөгийн хамт төлөх үүрэгтэй гэж би ойлгож байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт зааснаар анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх багасгаж болно гэж заасан байх тул илт хууль зөрчин нэхэмжилж байгаа үнийн дүнг багасган шийдэж өгөхийг хүсье гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б.М-аас 8,188,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т- ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг удирдлага болгож нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М-аас 145,960 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т- ХХК-д олгож, Тоёота камри маркийн, 28-87 УНЛ улсын дугаартай автомашиныг өмчлөх эрх /шууд бус эзэмшил/-ийг Б.М-д буцаан шилжүүлэхийг Т- ХХК-д даалгаж шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дараах байдлаар хэрэг хянан шийдвзрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, хэргийн оролцогчдын хуулиар олгосон эрхийг хязгаарласан. Анхан шатны шүүх 2022 оны 3 сарын 29-ний өдрийн 09 цаг 00 минутад хэргийг хэлэлцэхээр шүүх хуралдааны товыг зарласан боловч шүүх хуралдааны товыг мөн өдрийн 16 цаг 00 минут болгож өөрчилсөн, тус шүүх хуралдаанд хариуцагч миний бие болон өмгөөлөгчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүйгээс талуудын мэтгэлцэх зарчим ноцтой зөрчигдсөн байдаг. Мөн шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж буюу зээлийн гэрээний хугацааг гэрээнд тусгайлан заасан байхад гэрээний хугацаанаас хэтэрсэн хугацааны хүүг гаргуулж шийдвэрлэсэн байна. Тодруулбал талуудын хооронд 2019 оны 06 дугаар сарын 07-ны зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч нь зээлдэгчид 3,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 1 сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлэхээр, зээлдэгч нь хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-иар алданги тооцож төлөх нөхцөлтэйгээр харилцан тохиролцсон байдаг. Мөн уг гэрээний хавсралт болгож сар бүр төлөх хүүгийн хэмжээг тодорхойлж 12 сарын хугацаанд 3,000,000 төгрөгийн хүү нийт 780,000 төгрөг байхаар баталгаажуулсан байхад шүүх 3,688,000 төгрөгийн хүү гаргуулахаар шийдвэрлэснээр хариуцагчаас үндэслэлгүйгээр 2,908,000 төгрөгийн илүү хүүг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Хэдийгээр давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж үндэслэлгүйгээр гаргуулахаар шийдвэрлэсэн хүүд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой ч нэгэнт анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан алдааг зөвтгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Шүүхээс хурлын товыг зарлаж, мэдэгдсэн бөгөөд хариуцагч тал шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Иймд бидний зүгээс хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргасан. Хариуцагч зээл авснаас хойш эргэн төлөлт хийгээгүй. Барьцаа хөрөнгө болох автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар хэлэхэд автомашинаа нуудаг, хаана байгааг бид тогтоож чадаагүй. Б.М- 2 жил гаруй хугацаанд зээлийг төлөөгүй, төлсөн бол уг мөнгө дараагийн зээлдэгчдээ очоод эргэлтэд ордог. Б.М-ын буруутай үйл ажиллагаанаас үүдэн манай компанид хохирол учирсан. Иймд хариуцагчаас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч Т- ХХК нь хариуцагч Б.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 8,188,000 төгрөг гаргуулахаар шаардсаны зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Зохигчид 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Т- ХХК нь 3,000,000 төгрөгийг, нэг сарын 4 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0,5 хувиар алданги тооцох нөхцөлтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэх, хариуцагч Б.М- нь зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээ зэргээр тогтоогдсон байна. /хх-6-р тал/

Мөн өдөр талууд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж, хариуцагч Б.М- нь өөрийн өмчлөлийн 28-87 УНЛ улсын дугаартай, Тоёота камри маркийн автомашиныг нэхэмжлэгч Т- ХХК-ийн өмчлөлд шилжүүлжээ. /хх-8-10-р тал/

4.Нэхэмжлэгч Т- ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг болох нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон байна. /хх-ийн 4-р тал/. Иргэний хуульд зээлдүүлэгч буюу субьектээс нь хамаарч зээлийн гэрээний төрлийг тодорхойлсон бөгөөд барьцаалан зээлдэх журмаар олгох зээлийн харилцааг Иргэний хуулийн 286 дугаар зүйлд тусгайлан зохицуулсан, уг зээлийн харилцаа нь мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт хамаардаг тул анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон гэж үзнэ.

4.а.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул талуудын хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх учиртай.

4.б.Талууд зээлийн эргэн төлөлтийн хуваариар сард төлбөл зохих мөнгөн дүнг тохиролцсон байх боловч хариуцагч Б.М- нь эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээл, хүүг хугацаанд нь төлөөгүй үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх-ийн 7-р тал/

4.в.Харин зээлийн гэрээний хугацаа 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр дуусч, уг хугацаанаас хойш талууд гэрээний хугацааг сунгасан талаарх баримт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгч Т- ХХК нь хариуцагч Б.М-аас үндсэн зээл 3,000,000 төгрөг, хүү 3,688,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг, нийт 8,188,000 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсгийг зөв тайлбарлан хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

Тодруулбал, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт зааснаар хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулах журамтай тул нэхэмжлэгч Т- ХХК нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацааны хүүг нэхэмжлэх эрхгүй, энэ агуулгаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй. Иймд үндсэн зээл 3,000,000 төгрөг, 12 сарын хүү, 1,440,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг, нийт 5,940,000 төгрөгийн үүрэг хариуцагч Б.М-д үүссэн байх тул хариуцагч Б.М-аас нийт 5,940,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т- ХХК-д олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

5.Түүнчлэн, анхан шатны шүүх фидуцийн гэрээний зүйл болох автомашиныг хариуцагч Б.М-ын өмчлөлд буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгч Т- ХХК-д даалгаж шийдвэрлэхдээ хууль хэрэглээгүй, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байгааг залруулах шаардлагатай.

5.а.Иргэний хуулийн 235 дугаар зүйлд зааснаар талууд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулах эрхтэй боловч мөн хуулийн 286 дугаар зүйлийн 286.4 дэх хэсэгт зааснаар барьцаалан зээлдэх газрын хувьд барьцааны зүйлийг өмчлөх эрхгүй.

Гэтэл нэхэмжлэгч нь фидуцийн гэрээгээр барьцааны зүйлийг өмчлөлдөө шилжүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул мөн зүйлийн 56.5 дах хэсэгт зааснаар хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах үүргийг тодорхойлсон хуулийн заалтыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад оруулах байдлаар өөрчлөлт оруулав.

6.Хариуцагч нь давж заалдах гомдолдоо шүүх хариуцагч талын шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхийг хангаагүй гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэргийг шийдвэрлэх журамтай. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хэргийг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр шийдвэрлэсэн байна. /хх-ийн 13-р тал/

Энэ хугацаанд шүүх зохигчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан танилцуулж, хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох хариуцагч талын эрхийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулж байсан үйл баримт тогтоогдсон, мөн хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Иймд хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсгийг зөрчөөгүй гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2022/00667 дугаар шийдвэрийн тогоох хэсгийн

1 дэх заалтын ... 282.1 ... гэснийг 282.3 гэж, ... 8,188,000 ... гэснийг 5,940,000 гэж, ... олгосугай. гэснийг олгож, нэхэмжлэлээс 2,248,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дах заалтын ... 56.1... гэснийг 56.2 гэж, ... хариуцагч Б.М-аас 145,960 төгрөг ... гэснийг хариуцагч Б.М-аас 109,990 төгрөг гэж

3 дах заалтын Тоёота камри ... гэсний өмнө Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 гэж нэмж, тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,960 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ Г.ДАВААДОРЖ