| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2024/05300/И |
| Дугаар | 191/ШШ2025/09962 |
| Огноо | 2025-11-17 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 191/ШШ2025/09962
2025 11 17 191/ШШ2025/09962
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:*******/,
Хариуцагч: тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн /рд:/ нарт холбогдох,
34,320,728 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* Трейд ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С. нь нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
******* Трейд ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс ******* ******* (РД:*******)-тэй худалдах, худалдан авах гэрээг амаар, 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр "Хамтран ажиллах гэрээ" -г бичгээр байгуулж, гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаанд Г.гийн мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан.
2021 оны 6-р сарын 30-ны өдөр амаар байгуулсан гэрээгээр хиам, мах, махан бүтээгдэхүүн аваад борлуулаад төлбөрийг буцаагаад манай компанийн данс руу төлөхөөр тохиролцсон. Харин 2021 оны 8-р сарын 19-ний өдөр дээрх хамтран ажиллах нэртэй гэрээг бичгээр байгуулсан юм.
Гэвч А.******* нь 2021 оны 06 дугаар 30-ны өдрөөс эхлэн 2022 оны 06 дугаар сарын 16-ныг хүртэл хугацаагаар ажиллуулахад уг салбар дэлгүүр маань хүлээн авсан бүтээгдэхүүнийхээ төлбөр тооцоогоо бүрэн барагдуулахгүй, ашиггүй ажиллаад байсан тул татан буулгах шийдвэрт хүрч талууд тооцоо нийлсэн акт үйлдсэн.
А.*******тэй 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг дуустал хугацаагаар тооцоо нийлсэн бөгөөд Тооцооны үлдэгдлийн баталгаа"-аар дээрх хугацаанд 109,287,990 төгрөгийн мах авсан, үүнээс борлуулалтын хөнгөлөлтийг хасаад 75,480,311.89 төгрөгийн тооцоо хийж, үлдэгдэл 36,307,681.11 төгрөг, 346,778,591.80 төгрөгийн хиам болон мах махан бүтээгдэхүүн авснаас 334,098,771.79 төгрөгийн тооцоо хийж, үлдэгдэл 16,572,321.89 төгрөг, нийт 52,880,000 төгрөгийн өртэй талаар тооцоо нийлсэн.
Тооцоо нийлснээс хойш махны тооцоо 36,307,681.11 төгрөгөөс 2022.10.31-ний өдөр 2,000,000 төгрөг, 2022.11.12-ны өдөр 500,000 төгрөг тус тус төлснийг хасахад 33,807,678.11 төгрөг, хиамны тооцоо 16,572,321.89 төгрөгөөс 2022.10.17-ны өдөр 2,000,000 төгрөг, 2022.11.07-ны өдөр 500,000 төгрөг, 2022.11.16-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023.03.10-ны өдөр 392,501.88 төгрөг тус тус төлснийг хасахад 12,679,820.01 төгрөг, нийт 46,487,498.12 төгрөгийн үлдэгдэлтэй болсон.
Тэрээр үлдэгдэл төлбөр тооцоогоо төлнө, барьцаанд бүртгүүлсэн үл хөдлөх хөрөнгийг минь хураалгүй төлбөрөө төлөх боломж олгооч, орлогогүй тул өр төлбөрөө төлөх боломжгүй байна, ажил олгооч гэх хүсэлтийг удаа дараа гаргасан тул гүйцэтгэх захирал Р.Сансармаа хүсэлтийг нь хүлээн авч 2023 оны 01 дүгээр сараас мах савлагчаар, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс худалдааны төлөөлөгч ажлын байранд дагалдуулан, 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс худалдааны төлөөлөгчөөр жинхлэн ажиллуулсан.
Түүний тус компанид хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байх хугацаандаа 65,016,513.33 төгрөгийн авлага үүсгэсэн байснаас үлдэх 15,377,880.63 төгрөгийг нэхэмжилсэн боловч үүнээс татгалзсан.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно, 13.4-т Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулна гэж заасны дагуу хэрэгт авлагын дэлгэрэнгүй цахим тайлангаа хавсаргасан.
Худалдааны төлөөлөгчөөр ажиллахдаа А.******* нь сар бүрийн цалин хөлснөөс тодорхой дүнгээр авлага барагдуулсан, нягтлан бодох бүртгэлд А.*******ийг харилцагч гэж бүртгэсэн, 2023.03.01-ний өдөр хиамны 12,679,820.01 төгрөг, 2023.08.01-ний өдөр махны 33,807,678.11 төгрөгийн авлагыг тус тус бүртгэсэн, тэрээр ажиллаж байх үедээ 17,221,918.68 төгрөгийг суутгуулан үлдэгдэл нь 34,320,728.48 төгрөг болсон.
Иймд А.*******ээс үлдэгдэл төлбөр 34,320,728.48 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг Г.гийн орон сууцаар хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
2. Хариуцагч А.*******, Г. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. татгалзлынхаа үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
А.******* нь 2021 оны 8 сарын 19-ний өдөр ******* ******* ХХК-тай хамтран ажиллах гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан. аймагт нэрийн барааны дэлгүүр ажиллуулж эхэлсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.5-т Нийлүүлэгч тал нь борлуулагч талд бараа бүтээгдэхүүн борлуулсны урамшуулалд хиамны борлуулалтанд 10 хувь, мах, хагас боловсруулсан бүтээгдэхүүний борлуулалтанд 10 хувь тооцож олгоно гэж тохиролцсон байдаг. Гэвч урамшуулал тооцож байгаагүй.
Худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулсан зүйл байхгүй, 2021 оны 06 сарын 30-ны өдрөөс 2022 оны 06 сарын 16-ны өдөр Өвөрхангайн нэрийн барааны дэлгүүрт нэрийн бараг борлуулж, борлуулалтын орлогыг буцааж тушаадаг байсан, тэгээд дэлгүүрийг татан буулгаад талууд 2022 оны 09 сарын 09-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, үлдэгдэл 52,880,000 төгрөг болсон.
Уг төлбөрийг талууд тооцоо нийлж төлж явсаар нэхэмжлэгчээс ирүүлсэн хэргийн 115 талд авагдсан авлагын дэлгэрэнгүй тайланд 2023 оны 03 сарын 01-ний өдрийн байдлаар 12,679,820 төгрөгийн үлдэгдэлтэй гэж бүртгэсэн байсан, үүнийг тэрээр тус компанид ажиллаж байхдаа цалингаасаа төлж дуусгасан.
А.******* нь 2023.01.13-ны өдрөөс тус компанид мах савлагчаар, 2023.03.01-ний өдрөөс дадлагажигчаар, 2023.04.01-ний өдрөөс 2024.04.30-ны өдрийн хооронд худалдааны төлөөлөгчөөр тус тус ажиллаж байсан бөгөөд энэ хугацааны тооцоо 65,061,513 төгрөг болохыг нийлсэн акт, харилцагч нартай байгуулсан гэрээ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, энэ хугацааны тооцоо дууссан.
Гэтэл 2023 оны 8-р сарын 01-ний өдрийн тооцоо гээд 33,807,678 төгрөгийг Өвөрхангайн салбарынх гээд нэмж авлагад бүртгээд нэхэмжилж байх боловч энэ үед ******* ******* ХХК-ийн ажилтан байсан.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодорхойлохдоо зөвхөн Өвөрхангай аймагт байсан зүйлийг нэхэмжилж байгаа гэх боловч энэ нь А.*******ийн ******* ******* ХХК-д ажиллаж байх үеийн төлбөр байгаа учир хариуцах үндэслэлгүй. Тодруулбал энэ тооцоо нь 2024.04.01-ний өдрөөс 2024.04.30-ны өдөр хүртэлх тооцоо нийлсэн актад орсон дүн, өөрөөр хэлбэл давхар авлага үүсгэсэн бичилт хийсэн, санхүүгийн алдаа гэж үзэж байна.
Иймд А.*******, Г. нараас 34,320,728 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ******* Трейд ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримт болох:
3а. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024.06.04-ний өдөр Г. олгосон 1 жилийн хугацаатай итгэмжлэл, ************** ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021.08.19-ний өдрийн № тоот Хамтрах ажиллах гэрээ, № дугаартай Барьцааны гэрээ, 2021.08.19-ний өдрийн Г.гаас А.*******т олгосон итгэмжлэл, 2022.09.09-ний өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа, ******* ******* ХХК-иас 2024.08.22-ны өдрийн дугаартай С.д олгосон итгэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, А.*******ийн ажилтны анкет, 2023.01.13-ны өдрийн 2023/01-05/15 дугаартай, 2023.03.02-ны өдрийн 2023/01-01/66 дугаартай, 2023.04.07-ны өдрийн №2023/01-01/99 дугаартай, 2024.07.08-ны өдрийн №2024/01-01/377 дугаартай Тушаал, А.*******ийн бичгээр гаргасан өргөдөл, 2023.01.13-ны өдрийн № дугаартай, 2023.03.01-ний өдрийн № дугаартай, 2023.04.01-ний өдрийн № дугаартай Хөдөлмөрийн гэрээ, 2023.03.01-ний өдрийн № дугаартай Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ, 2024 оны ******* ******* ХХК-ийн Борлуулалт түгээлтийн үйл ажиллагааг хянах журам, хавсралт, авлагын дэлгэрэнгүй тайлан, 2024.05.13-ны өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа, 2024.04.01-2024.04.30-ны өдрийн тайлант хугацаатай Авлагын товчоо тайлан, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, **************-ний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2024 оны 5 сарын тайлан, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, тайлбар, үнийн санал, Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн дүгнэлт, авлагын дэлгэрэнгүй тайлан, Бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ, байгууллагын дотоод журам, хаан банкны дансны хуулга, хүсэлт, 22000 Хүнсний аюулгүй байдлын стандартын баталгаажилтын гэрчилгээ, ISO 22000 стандартын гэрчилгээ, Тохирлын гэрчилгээ, тайлбар, нэхэмжлэл бууруулсан шаардлага, /1 хх 1-12, 33-89, 104-181, 2 хх 130-142, 215-220/,
3б. Хариуцагч нараас ирүүлсэн: А.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, А.*******ийн хариу тайлбар, А.*******ээс 2024.08.05-ны өдөр, Г.гаас 2024.08.21-ний өдөр Т.ад олгосон итгэмжлэл, хариу тайлбар, авлагын дэлгэрэнгүй тайлан, ******* ******* ХХК-ийн 2024.04.01-2024.04.30-ны өдрийн Авлагын товчоо тайлан, 2022.07.25-ны Эд хөрөнгө хүлээлцсэн жагсаалт, Хаан банкны тоот дансны хуулга, харилцагч байгууллагуудтай тооцоо нийлсэн акт, Бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээнүүд, Авлагын дэлгэрэнгүй тайлан, зарлагын падаан, шилжүүлгийн мэдээлэл, /1 хх 22, 28, 31-32, 92-101, 186-236, 2 хх 1-112, 222-225, 234-237/,
3в. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Хаан банк ХК-иас ирүүлсэн А.*******ийн тус банк дах 5753735454 тоот дансны 2021.06.30-2022.12.31-ний өдрийн, 2023.03.01-2025.01.13-ны өдрийн хугацааны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 хх 143-214/ зэрэг хэрэгт авагдсан баримтыг бүхэлд нь шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* Трейд ХХК нь хариуцагч А.*******, Г. нарт холбогдуулан 35,060,045 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 15,377,880.63 төгрөгөөр ихэсгэж, 50,437,925.63 төгрөг болгосон, уг шаардлагыг 34,479,153.47 төгрөг болгож багасгасан, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад 158,425 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, 34,320,728 төгрөг болгож, энэхүү шаардлагаа дэмжсэн болно. /1хх 34-36, 2 хх 218-220/
2. Хариуцагч эс зөвшөөрч маргасан.
3. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
4. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.
4а. Хэрэгт, ******* Трейд ХХК болон А.******* нарын хооронд 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан № тоот Хамтран ажиллах гэрээ авагдсан байх ба уг гэрээгээр нийлүүлэгч ******* Трейд ХХК нь өөрийн хүнсний бүтээгдэхүүнийг захиалгын дагуу цаг тухайд нь тасралтгүй нийлүүлэх, бүтээгдэхүүний талаар нарийвчилсан мэдээллээр хангах, сургалт явуулах, зарлагын падаан дээр бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ, үнийг бичиж хүлээлгэн өгөх,
Борлуулагч А.******* нь хиаман бүтээгдэхүүний захиалгыг 5 хоногийн өмнө, махан бүтээгдэхүүний захиалгыг 7 хоногийн өмнө өгөх, захиалгын дагуу нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ, нэр төрөл, бүрэн бүтэн байдал, он сар, шошго зэргийг нарийвчлан шалгаж хүлээн авч, зориулалтын хөргүүртэй хөргөгч, агуулахад хадгалах, борлуулах, өдөр тутмын борлуулалтын орлогыг нийлүүлэгч талын дансанд өдөр бүр шилжүүлэхээр хийхээр тохиролцсон байх ба гэрээнд оролцогчид гарын үсэг зурсан.
4б. Гэрээний 5.1-т аль нэг тал хүсэлт гаргаж, хоёр тал харилцан зөвшөөрсөн тохиолдолд гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгоно, 5.2-т хугацаа дуусахад аль нэг тал гэрээг сунгах хүсэлт гаргаагүй бол нэг жилээр сунгагдана гэж тусгасан. /хх 6-7/
5. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т:Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна, 198.2-т :Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж заасны дагуу талууд гэрээг Хамтран ажиллах гэрээ гэж нэрлэсэн боловч зохигчийн тайлбар, гэрээний агуулгаас үзэхэд нэхэмжлэгч нь өөрийн нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг хариуцагчид нийлүүлэх, хариуцагч нь хүлээн авсан хүнсний бүтээгдэхүүнийг худалдан борлуулж, үнийг нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсон үйл баримт тогтоогдож байх ба зохигч үүнтэй маргаагүй.
5а. Зохигч нь тогтоогдож буй дээрх үйл баримтын хувьд маргаагүй тул тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д:Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
5б. Талууд дээрх гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн №БГ- тоот барьцааны гэрээгээр хариуцагч Г.гийн өмчлөлийн, тоот хаягт байршилтай, 33 мкв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээ байгуулжээ. /1 хх 8-10/
5в. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т: Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2-т:үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлнэ, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т: Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ, 12.3-т Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан.
5г. Талууд үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, мөн өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байгааг дээр дурдсан хуульд нийцсэн гэж үзнэ.
Үүнээс үзэхэд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан, үүрэг гүйцэтгүүлэгч нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-т заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний үүрэгт барьцаалсан барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй гэж үзнэ.
6. Нэхэмжлэгч нь ...талууд 2022.09.09-ний өдөр тооцоо нийлж, 52,880,000 төгрөгийн өртэй болохыг харилцан баталгаажуулсан, ийнхүү баталгаажуулснаас хойш махны тооцоо 36,307,681.11 төгрөгөөс 2,500,000 төгрөг төлснийг хасч 33,807,678.11 төгрөг, хиамны тооцоо 16,572,321.89 төгрөгөөс 3,892,501.88 төгрөг төлснийг хасч 12,679,820.01 төгрөг, нийт 46,487,498.12 төгрөгийн авлага үүсгэснээс 17,221,918.68 төгрөгийг цалингаас төлсөн, үлдэх 34,320,728.48 төгрөгийг төлөөгүй гэж тодорхойлсон.
7. Хариуцагч нь ... талууд үлдэгдэл төлбөр 52,880,000 төгрөг болохыг баталгаажуулсан, үүнээс хойш төлсөн төлбөрийг хасч тооцсон, 2023.03.01-ний өдрийн байдлаар 12,679,820 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг авлагын дэлгэрэнгүй тайланд бүртгэсэн, уг төлбөрийг цалингаас төлж дуусгасан байтал 2023.08.01-ний өдөр 33,807,678 төгрөгийн авлагыг бүртгэсэн нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хугацааны 65,016,513.33 төгрөгийн тооцоонд орсон дүнг давхар авлага үүсгэн бичилт хийн нэхэмжилснийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
8. Талууд 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хамтран ажиллах гэрээг дүгнэж, 2021.07.01-ний өдрөөс 2022.09.09-ний өдрийг дуусталх хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр талд хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн тооцоо нийлж, тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт үйлдэж, А.******* нь 52,880,000 төгрөгийн өртэй болохыг харилцан баталгаажуулсан байх ба энэ баримтыг талууд үгүйсгэж маргаагүй. /1хх 11/
8а. Хариуцагч А.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс нэхэмжлэгч ******* Трейд ХХК-д мах савлагч ажлын байранд туршилтын хугацаагаар, 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс худалдааны төлөөлөгч ажлын байранд туршилтын хугацаагаар, 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс худалдааны төлөөлөгч ажлын байранд жинхэнэ ажилтнаар ******* Трейд ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2024/01-01/377 тоот тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэлх хугацаанд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан, ажил олгогчоос цалин хөлсийг ажилтанд олгож байсан нь цалингийн дэлгэрэнгүй лавлагаа, Худалдаа хөгжлийн банк ХК-ийн тодорхойлолт, ******* Трейд ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2024 оны 5 сарын тайлан, шимтгэл ногдуулалт, А.*******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байна. /1хх 37-42, 81-88/
8б. Хэрэгт, нэхэмжлэгчээс ирүүлсэн ******* Трейд ХХК-ийн 2021.01.01-2024.04.30-ны өдрийг дуусталх хугацааны авлагын дэлгэрэнгүй тайлан авагдсан, энэхүү тайланд А.******* нь хиамны 16,572,321.89 төгрөгөөс 2022.10.17-ны өдөр 2,000,000 төгрөг, 2022.11.07-ны өдөр 500,000 төгрөг, 2022.11.16-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023.03.10-ны өдөр 392,501.88 төгрөг тус тус төлсөн, үлдэгдэл 12,679,820.01 төгрөгийг 2023.03.01-ний өдөр,
махны 36,307,681.11 төгрөгөөс 2022.10.31-ний өдөр 2,000,000 төгрөг, 2022.11.12-ны өдөр 500,000 төгрөг тус тус төлсөн, үлдэгдэл 33,807,678,11 төгрөгийг 2023.08.01-ний өдөр авлага нэгтгэв мах-с 33,807,678.11 гэж тус тус тусгагджээ. /1хх 115-116, 128, 135/
9. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээг 2022.09.09-ний өдөр дүгнэж тооцоо нийлж, А.******* нь 52,880,000 төгрөгийн төлбөртэй болохыг баталгаажуулсан, тэрээр 2022.09.09-ний өдрөөс 2023.03.10-ны өдөр хүртэлх хугацаанд 6,392,501.88 төгрөг, 2023.03.01-ний өдрөөс 2024.07.31-ний өдөр хүртэлх хугацаанд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах хугацааны цалин хөлснөөс 17,819,955 төгрөг, нийт 24,212,456.88 төгрөг төлсөн, үлдэх 28,667,543 төгрөг төлөөгүй болох нь тогтоогдож байна.
10. Хариуцагч нь хөдөлмөрийн гэрээний хугацаанд үүсгэсэн 65,016,513.33 төгрөгийн тооцооны дүнг 2023.08.01-ний өдөр авлага үүсгэн давхар бичилт хийсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.
11. Иймд хариуцагч А.*******ээс гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр болох 28,667,543 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* Трейд ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,563,185 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
12. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-т зааснаар хамтран ажиллах гэрээний үүргийг хангах арга болгож барьцааны гэрээгээр барьцаалсан хариуцагч Г.гийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн мкв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байх тул хариуцагч А.******* нь дээрх гэрээний үүргийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар албадан дуудлагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.
13. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч хариуцах үүрэгтэй тул хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 28,667,543 төгрөгт ногдох 301,228 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагад ногдох 70,200 төгрөг, нийт 371,488 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 638,289 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасантай нийцнэ. /1хх 2-3, 89/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч А.*******ээс 28,667,543 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* Трейд ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,653,185 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан хариуцагч А.******* нь 28,667,543 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцагч мкв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч А.*******, Г. нараас 371,488 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* Трейд ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 638,289 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ