Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 141

 

                                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дөлгөөнөөр хөтлүүлж

Улсын яллагч: Б.Батсайхан

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э 

Шүүгдэгч П.Д нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн Б овгийн П Д-д холбогдох 1812001640105 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овгийн П-н Д /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

П.Д нь 2017 оны 07 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 03-01 тоотод байх О.Э байшингийн цонхоор нь хууль бусаар нэвтэрч гагнуурын аппарат, 10 килограмм зэс, 10 метрийн урттай зэс гол утсыг хулгайлан авч 950.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уулын 27-03 тоотод байх Ц.Б байшингийн цонхоор нь хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга 3 ширхэг, дунд гарын зэс аяга, Самсунг маркийн гар утас, чулуун хөөрөг 2 ширхэг, зургийн аппаратыг хулгайлан авч 652.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 04 дүгээр сарын 07-ны 08-22 цагийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 30-05 тоотод байх Н.Э байшинд цонхоор нь хууль бусаар нэвтэрч нөөтбүүк 2 ширхэг, үхрийн цул мах 5 кг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, үхрийн хярамцаг 5 кг, дэлгэц нь хагарсан гар утсыг хулгайлан авч 889.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 29-17 тоотод байх Н.Б байшинд цонхоор нь хууль бусаар нэвтэрч эмэгтэй хүний дээл, жижиг цагаан төмпөн, шар өнгийн сав, 18 литрийн сав, алтан тариа гурил 5 кг, орны бүтээлэг, хоолны халуун сав хулгайлан авч 73.500 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргүүдэд холбогджээ.  

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Мөрдөн байцаалтын үед:

 

Хохирогч О.Э өгсөн: ...2017 оны 07 дугаар сарын 08-наас 07 дугаар сарын 09-ний шилжих шөнө би өөрийн гэр болох Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг 4 дүгээр сургуулийн зүүн хойд 01-03 тоотод оршин суух байшингаасаа гагнуурын аппарат, 10 кг зэс зэрэг зүйлсийг хулгайд алдсан юм. Хулгай хийсэн хүн манай байшингийн зүүн талын жижиг цонхны цоожийг эвдэж вакум цонхоор орж ирээд хулгай хийсэн байсан. Уг хэрэг тухай үедээ илрэхгүй байгаад байсан юм. Тэгтэл 2018 оны 03 дугаарын 17-ны шөнө манай байшингийн дээвэр дээгүүр нэг хүн гүйгээд байхаар нь гараад хартал Ж хочтой Д гэдэг залуу байсан. Ж барьж аваад яагаад байшингийн дээвэр дээгүүр гүйгээд байна гэж асуутал цайр хулгай хийх гэж явна гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд цагдаа ирэх хооронд Жоохноотой юм яриад зун алдсан гагнуурын аппаратыг хэн хулгайлсан талаар мэдэх үү гэж асуутал би А гэдэг залуутай хамт хулгай хийсэн юм гэж хэлсэн Ж хамт хулгай хийсэн А гэдэг залуу нь манайд түлээ шуудайлах ажил хийж байсан болохоор зүс таньдаг юм. Тийм болохоор би Д, А 2-ыг манай гагнуурын аппарат, зэс утсыг хулгайлсан гэж мэдээд гомдол гаргаж байна. 2017 оны 07 сарын 08-наас 09-нд шилжих шөнө 10 кг зэс, нэг кг нь 10.000 төгрөг нийт 100.000 төгрөг, гагнуурын аппарат нь 3 толгойтой 100 метр урт зэсэн голтой урт утастай байсан бөгөөд уг утас нь дангаараа 400.000 төгрөг, гагнуурын аппарат нь 600.000 төгрөгийн үнэтэй байсан. 2018 оны 03 дугаар сарын 17-ны шөнө Д хулгай хийх гээд дээвэр дээгүүр гүйж байгаад баригдсан юм. манайх тэр үед ямар нэгэн эд зүйлс алга болоогүй. Цагдаагийн байгууллагын ажилтануудаас гагнуурын аппаратаа хүлээн авсан. Одоо гагнуурын аппаратны 100 метр урт утас, 10 кг зэс утас зэрэг зүйлсийг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 хуу/

Гэрч О.О өгсөн: ... 2017 оны 07 сарын 08-наас 09-нд шилжих шөнө манай гэрийн залгаа байдаг дэлгүүрийн зориулалттай барьсан байсан байшингийн цонхны төмөр хаалтыг эвдэж вакум цонхоор нь хүн ороод гагнуурын аппарат 100 метр урт утасны хамт, 10 кг зэс зэрэг зүйлс хулгайлсан байсан юм. Тухайн үедээ эрж хайсан боловч хулгай хийсэн хүн нь олдохгүй байсан. Тэгтэл 2018 оны 03 дугаар сарын 17-ны шөнө 00 цагийн үед унтаж байтал байшингийн дээвэр дээр хүн яваад байх чимээ гараад байсан. Нөхөр Э унтаж байгаад хувцасаа өмсөөд гараад гүйтэл манайд төмөр тушаагаад байдаг Ж хочтой Д бариад оруулаад ирсэн. Ж нь өөрөө хэлэхдээ 2017 оны 07 сард танай дэлгүүрийн цонхоор орж гагнуурын аппарат авсан гэж ярьж байсан...Гагнуурын аппарат 100 метр урт утастай алга болсон. Манайх машиныг төмөрт худалдан аваад гагнуурын аппаратаар тастаж тайрдаг болохоор 100 метр урт утас гагнуурын аппаратандаа холбосон байсан юм. Бас 10 кг зэс алга болсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/

Гэрч Ү.А өгсөн: ... 2018 оны 03 сарын 18-ны орой гэртэй байж байтал Э нь эхнэрийнхээ хамт манай гэрт орж ирээд чи манай гагнуурын аппаратыг хулгайлж авсан байна гэж хэлсэн. Би юун гагнуурын аппарат мэдэхгүй гэдгээ хэлээд гаргасан. Харин Д нь Э намайг гагнуурын аппарат хамт хулгайлсан гэж хэлсэн байсан. Би Дтой хамт гагнуурын аппарат хулгайлж байгаагүй, ямар ч гагнуурын аппарат мэдэхгүй. Д худал хэлсэн гэдгээ надад хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/

Гэрч Т.Э өгсөн: ...2017 оны 09 дүгээр сарын сүүлээр санагдаж байна яг өдрийг нь тодорхой сайн санахгүй байна. Би эхнэр Эрдэнэцэцэгийн хамт гэртэй байж байтал өдрийн 15 цагийн орчимд Д нь О гэдэг залуутай хамт ирээд та гагнуурын аппарат авах уу, эргүүлдэг юм нь шатчихсан байгаа гэж хэлсэн. Би Д эвдэрсэн юм авахгүй гэж хэлтэл та гагнуур хийдэг юм чинь энийг янзлаад авчих гээд надад үлдээгээд 8000 /найман мянган/ төгрөг аваад явсан Тэр гагнуурын аппарат ямар ч утасгүй дөрвөлжин хар өнгийн төмөр л байсан. Би тухайн гагнуурын аппаратыг ашиглах гэж үзээгүй гэрийнхээ хаяанд тавьчихсан байсан. Тэгтэл 2018 оны 03 сарын 17-ны шөнө гэртэй унтаж байтал Д нь цагдаатай хамт ирээд би хулгайлсан гагнуурын аппаратаа энд үлдээсэн гээд гэрийн хаяанд байсан гагнуурын аппаратыг аваад явсан... Гагнуурын утсыг хайчаар тастаж авсан бололтой байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/

Гэрч С.Э өгсөн: ...2017 оны 09 дүгээр сарын 20-ын үеэр хүүхдүүдийн хичээл ороод нэлээн удчихсан байхад Д нь манай гудамжны урд талд байдаг Ойжоо гэдэг залуутай хамт ирээд манай нөхрийг гагнуурын аппарат авчих гээд гуйгаад байсан. Миний нөхөр Э хулгайн юм биш биз дээ гэж асууж байгаад хэдэд зарах юм гэж асуутал нэг шил архины мөнгөнд өгнө гэхээр нь 8000 төгрөг Дид өгсөн. Тэр гагнуурын аппаратыг нөхөр гэрийнхээ хажууд тавьсан юм. Тэгтэл 2018 оны 03 сарын 17-ны шөнө буюу цэргийн баярын өмнө шөнө Д нь цагдаатай хамт ирээд би хулгайлсан гагнуурын аппаратаа энд үлдээсэн гээд гэрийн хаяанд байсан гагнуурын аппаратыг аваад явсан. Тийм л зүйл болсон. Тухайн гагнуурын аппарат хар өнгөтэй, ямар ч утасгүй дээрээ 2 ширхэг бариултай, доороо төмөр хөлтэй гагнуурын аппарат байсан. Хажуу талд нь бичиг байсан би анзаарч хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/

Гэрч Н.Б өгсөн: ...2017 оны намар санагдаж байна яг сарыг нь сайн санахгүй байна. Манай гудамжны арын гудамжинд байдаг Д ахынх /утас 98297074/ гэр, байшингаа хурааж Цагаан даваа хороолол руу нүүхээр болсон юм. Би Д ахын байшинг нураалцаж өгсөн бөгөөд нурааж дуусаад байшингийнх нь модыг машинд ачиж явуулж дуусгаад нураасан байшингийн хажуу талын хоосон хашаанд байдаг жижиг шавар амбаарт ортол хар өнгийн гагнуурын аппарат байж байсан. Тухай үед байшин буулгаж байх үед ганц нэг пиво уусан байсан болохоор нэмж пиво уумаар санагдаад байхаар нь тэр гагнуурын аппаратыг Дтой хамт Эрдэнээ гэдэг ахад өгөөд 8000 төгрөг авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/

Гэрч Н.М өгсөн: ...Д нь миний 5 хүүхдийн хамгийн бага хүүхэд бөгөөд 1995 онд Архангай аймагт төрсөн, багаасаа сургууль, цэцэрлэгт яваагүй гэртэй, ах, эгч нартайгаа өсөж том болсон бөгөөд таарсан ажлаа хийж амьдардаг юм. Д нь зан байдлын хувьд архи уухгүй бол зөөлөн сэтгэлтэй, хүнд тусархуу хүүхэд байгаа юм. Архи уухаараа буруу зүйл хийгээд байдаг бөгөөд хулгайн хэрэг хийчихсэн байдаг юм. Өмнө нь архи ууж хулгай хийгээд 2 удаа шоронд явж байсан. Энэ удаа бас архи уугаад хулгай хийсэн байна лээ. Д нь архи уусан согтуу байхдаа айл руу өдрийн цагаар орж хулгай хийгээд авсан зүйлээ барьж яваад цагдаа нарт баригдсан байсан. Би ямар зүйл хаанаас хулгайлж авсныг нь мэдээгүй. Д хулгайлсан зүйлээ зараагүй бүгдийг нь буцааж өгсөн гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/

П.Д яллагдагчаар өгсөн: ...Би 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ойролцоо буюу цэргийн баярын үеэр санагдаж байна яг өдрөө тодорхой сайн санахгүй байгаа. Би шөнө 12 цагийн үед Э ахын байшин дээр гарч хашаан дотор хүн байна уу гэж харах гээд байшингийн дээвэр дээр гартал Э ах гэрээсээ гарч ирээд намайг бариад авсан. Э ах намайг хулгай хийж байна уу, юу авсан бэ гэж асуухаар нь би хулгай хийгээгүй. Харин 2017 оны 7 сард буюу наадмын үед танай дэлгүүрийн байшингийн цонхоор орж гагнуурын аппарат авсан. Тэр гагнуурын аппарат чинь одоо байгаа гэж үнэнгээ хэлсэн. Удалгүй цагдаа нар ирж надтай уулзахаар нь миний зун Э ахын байшингаас авсан гагнуурын аппарат одоо байгаа гэж хэлээд цагдааг дагуулан явж гагнуурын аппаратыг Бортолгой хороололд байдаг Эркаа ахын гэрийн гаднаас гаргаж ирээд цагдаа нарт өгсөн. Би хийсэн хэргээ үнэн зөвөөр нь мэдүүлж байна... Би 2017 оны 07 сард ганцаараа Э ахын байшинд орсон бөгөөд байшингийнх нь төмөр хаалттай цонхыг эвдэж цонхоор нь дотор ороод гагнуурын аппарат хулгайлж гараад Э ахын гэрийн хажууд байдаг голын гүүрэн доогуур хийгээд маргааш өглөө нь ирээд авах гэтэл тэр гагнуурын аппарат алга болчихсон байсан. тэгээд Бортолгой хороололд байдаг Ойжоо гэдэг ахтай хамт Бортолгой хорооллын эзэнгүй байшинд ортол тэр гагнуурын аппарат байж байхаар нь Ойжоо ах бид 2 ярилцаж байгаад Эркаа ахад уг гагнуурын аппаратыг аваачиж өгсөн юм. Би тэр гагнуурын аппаратыг хулгайлж авчихаад гүүрэн доор хийчихсэн байсан чинь алга болчихсон байсан тэгээд гэнэт манай гэрийн тэр хавьд байдаг нэг эзэнгүй байшин дотор орчихсон байсан. тэр эзэнгүй байшин дотор гагнуурын аппаратыг хэн хийснийг би мэдэхгүй. Би гагнуурын аппаратын зэс утсыг зарах гэж хулгайлсан юм. Би ганцхан гагнуурын аппарат хулгайлсан өөр зэс утас болон урт утас аваагүй, гагнуурын аппарат дангаараа байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 хуу/

Хохирогч Ц.Б өгсөн:... Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутагт байрлах Цогт-Уул хорооллын 27-03 тоотод орших хашаа байшинд эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг юм. 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 12 цагийн үед би байшингаа түгжээд гадуур гарсан юм. Гадуур хэсэг явж ажил амжуулж байгаад өдрийн 14 цагийн орчимд гэртэй иртэл манай байшингийн урд хэсэгт харсан вакум цонхны порчиг хэсэг онгойсон байхаар нь гэртэй ороод хартал гэрийн доторх зүйлс эмх цэгцгүй, ундуй сундуй болгосон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирж хэргийн газрын үзлэг хийгээд явсан. Манай байшингийн жижиг унтлагын өрөөн дотор авдарт байсан 3-н мөнгөн аяга, зурагтны тавиур доор байсан 2, ширхэг хөөрөг, зургийн аппарат, гар утас зэрэг зүйлс алга болсон байсан бөгөөд удалгүй цагдаагаас над руу утсаар яриад таны алдсан зүйлсийг оллоо гэж хэлсэн. Цагдаагийн байгууллагад иртэл цагаан өнгийн торон уут дотор манай гэрээс алдагдсан 3-н ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг зэсэн түрхмэл аяга, самсунг маркийн гар утас, Фүжиплим маркийн зургийн аппарат цагаан өнгийн чулуун хөөрөг, ногоон өнгийн чулуун хөөрөг зэрэг зүйлс бүгд байж байсан. Цагдаа нар хэлэхдээ Доос уг зүйлсийг хураан авсан гэж хэлсэн. Би өөрийнхөө гэрт байгаа эд зүйлсээ бүртгэж үзсэн бөгөөд өөр зүйл алга болоогүй байсан. 3-н ширхэг мөнгөн аяга нь том гарын, дунд гарын, бага гарын гэсэн 3 янз байсан бөгөөд том аяга 150.000 төгрөг, дунд гарын аягыг 120.000 төгрөг, бага гарын аягыг 100.000 төгрөг, түрхмэл зэс аягыг 15.000 төгрөг, Самсунг маркийн маркийн гар утас, жижиг гар утас 40.000 төгрөг, Фүжифилм маркийн зургийн аппарат 150.000 төгрөг, цагаан чулуун хөөргийг 50.000 төгрөг, ногоон өнгийн чулуун хөөргийг 50.000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Би гомдолтой байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 87-88 хуу/

Гэрч Э.Т өгсөн: ... 2018 оны 04 сарын 17-ны өдөр 14 цаг 10 орчим минутын үед нөхөр Б над руу утсаар яриад манай гэрт хулгай орсон байна гэхээр нь би ажил дээрээсээ гэртэй яваад очтол манай байшингийн вакум цонхны порчигийг түлхэж онгойлгоод хулгайч ороод гэрийн доторх зүйлсийг бүгдийн ухаж үзээд авдарт байсан 3-н мөнгөн аяга, зурагтын тавиур доор байсан 2, ширхэг хөөрөг, зургийн аппарат, гар утас зэрэг зүйлс алга болсон байсан. Удалгүй цагдаагаас дуудахаар нь очиж уулзтал Д гэдэг залуу манайхаас хулгайлсан гээд цагаан өнгийн торон дотор манай гэрээс алга болсон зүйлсийг хийчихсэн байж байсан. Манай гэрээс алга болсон эд зүйлс бүгд бүрэн бүтэн олдсон учир надад гомдол санал байхгүй. 3-н мөнгөн аяга нь томоос жижиг болсон, доороо хээтэй, ногоон шигтгээтэй, 2 ширхэг хөөрөг нь жирийн чулуун хөөрөгнүүд байсан, зургийн аппарат нь хар өнгөтэй эвийн ажиллагаатай байсан, гар утас нь жижиг Самсунг маркийн утас байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 89-90 хуу/

П.Д яллагдагчаар өгсөн: ...2018 оны 4 сарын дундуур санагдаж байна. Эрдэнэбулган сумын 3-р баг Цогт-Уулын 27-р гудамжинд амьдардаг Баттөр ахын байшингийн цонхыг түлхэж ороод авдар дотроос нь 3 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг гар утас, нэг ширхэг зургийн аппарат зэрэг зүйлсийг хулгайлж аваад гэрийнхээ хажуугийн айлд хулгайлсан эд зүйлтэйгээ байж байтал цагдаа ороод ирсэн. Би хулгай хийсэн зүйлээ хохирогчид бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 98-99 хуу/

Хохирогч Н.Э өгсөн: ...Би 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө 08 цаг 30 минутын үед Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгойн 30-05 тоот хашаанд байх байшингаа цоожлоод мөн хашааны хаалгаа цоожлоод спорт сургууль руу тэмцээнд орохоор явсан юм. Тэгээд орой тэмцээнд дуусаад 22 цаг 30 минутын үед Эрдэнэбулган сумын 4-р баг Бор толгойн 30-05 тоот хашаанд охин Хонгорзул, охин Алтанзул нарын хамт ирээд хашааны хаалгаа онгойлгоод байшингийнхаа хаалгыг мөн түлхүүрээр нь онгойлгоод ортол гэрийн эд зүйлсийг бусниулсан унтлагын өрөөний баруун тийшээ харсан цонх хагарсан мөн унтлагын өрөөнд байх авдрын нүүрийг нь онгойлгоод доторх эд зүйлсийг гаргаж хаясан байдалтай байхаар нь байшинд байсан эд зүйлсээ бүртгэж үзтэл том өрөөнд орон дээр байсан жижиг ягаан өнгийн нөтбүүк, унтлагын өрөөнд байсан авдар дотроос 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, мөн гал тогооны өрөөнд байсан эвдэрсэн хөлдөөгчин дотроос Dell маркийн нөтбүүк, хөргөгчин дотроос үхрийн мах 5 кг, үхрийн хярамцаг 5 кг, жижиг дэлгэц нь хагарсан гар утас зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Тухайн үед Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгойн 26 дугаар гудаманд байх Жоохноо гэх хүнийг сэжиглэсэн юм. Учир нь өмнө нь манай нөхөр Мөнх-Эрдэний хамт модны грүшигэнд явдаг байсан манайхыг мэддэг. Уг Жоохноо гэх хүн нь өмнө айл ухаж орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан талаар би хүнээс сонссон юм. Тэгээд 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгойд байх манай хадам ээж Дэжидмаатай төрөл садангийн холбоотой Алтанбагана гэх залуугаас мэдээлэл авч Жоохноо гэх хүн нь 2 ширхэг нөтбүүк хар цүнхэнд хийгээд зарах гэж явсан талаар хэлсэн юм. Тэгээд би Бор толгойд байх Жоохноо гэх залуугийн очиж 2 ширхэг нөтебүүкээ олж авсан юм... би өөрийн алдагдсан эд зүйлсийн талыг нь олж авсан юм. Ягаан өнгийн мини нөтбүүкийг 350.000 төгрөгөөр, саарал өнгийн ОеН маркийн нөбүүкийг 300.000 төгрөгөөр, 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга 1 ширхгийг нь 160.000 төгрөгөөр нийтэд нь 320.000 төгрөгөөр, жижиг дэлгэц нь хагарсан гар утас 40.000 төгрөгөөр, үхрийн мах нийт 5 кг байсан 1 кг 7000 төгрөг нийтэд нь 35.000 төгрөгөөр, үхрийн хярамцаг 5 кг нийт 10.000 төгрөгөөр, хагарч, эвдсэн цонх 100.000 төгрөгөөр дээврийн цоолсон шифр 40.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Би гомдолтой байна. Олж аваагүй эд зүйлсээ үнэлгээний дагуу нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 115-117 хуу/

Гэрч Ч.А өгсөн: ...2018 оны 04 дүгээр сарын дундуур би 4-р баг Бор толгойн 28-07 тоотод байх гэртээ байж байтал Д 2 ширхэг нөтбүүк тэвэрчихсэн 1 цагаан өнгийн, гар утас барьчихсан орж ирээд эднийг зарж Алтанбагана ахад архи авч өгнө гэхээр нь ахдаа нөтбүүкээ өгчих гэхэд нэг жижиг нөтбүүкийг нь өгсөн. Гэтэл төрсөн эгч Мөнгөнсайхан наад нөтбүүкийг нь буцааж өг гэхээр нь би буцаагаад өгсөн. Тэгээд тэр үед эгч Мөнгөнсайхан Дийг тухайн үед хөөгөөд гаргасан. Тэгээд Д яваад өгсөн. Дид саарал өнгийн том Dell  гэсэн бичигтэй нөтбүүк, жижиг ягаан өнгийн нөтбүүк, дэлгэц нь хагарсан цагаан өнгийн гар утас байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 118-119 хуу/

Гэрч Ү.М өгсөн: ...2018 оны 04 сарын эхээр санагдаж байна. Би гэртэй дүү Алтанбаганын хамт байж байтал гаднаас Д 2 ширхэг нөтбүүк тэвэрсэн, цагаан өнгийн гар утас бариад орж ирсэн. Д нь тэр нөтбүүкийг зарчихмаар байна гэж хэлсэн бөгөөд би Дийг хулгай хийсэн эд зүйлсээ зарах гэж байгаа байх гэж бодоод Дид уурлаад авч ирсэн юмнуудаа манай гэрээс аваад гар гээд Дийг гэрээсээ явуулсан. 2 ширхэг нөөтбүүк, нэг ширхэг нүүр нь хагарсан цагаан өнгийн ухаалаг мэдрэгчтэй утас бариад орж ирсэн. Өөр эд зүйлс барьж орж ирээгүй. Би хар өнгийн цүнх хараагүй. Манай амбаар дээр цүнх байсан эсэхийг би мэдэхгүй байна. Д манайд орж ирэхдээ цүнхгүй нөтбүүкээ тэврээд орж ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 122-123 хуу/

П.Д яллагдагчаар өгсөн: ...Би одоо сар өдрийг нь сайн санахгүй байна. 2018 оны 04 сард Бор толгойн 30-р гудамжинд байдаг айл руу өдрийн цагаар байшингийн цонхыг хагалж ороод 2 ширхэг нөтбүүкээ хулгайлж аваад буцаж гэрээс нь гарсан. Би өөр зүйл аваагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 131-132 хуу/

Хохирогч Н.Б өгсөн: ... 2018 оны 04 сарын 16-ны өдөр 15 цагийн үед би охин Хулангийн хамт Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бортолгойн хорооллын 29-17 тоот гэртэй очтол манай байшинд Жоохноо хочтой Д орчихсон зогсож байсан. Д нь манай байшингаас хоолны жижиг төмөр халуун сав, 5 кг гурил алтан тариа нэртэй гурил, үйтэн хуаран эмэгтэй дээл, ус хийж байсан 20 литрийн багтаамжтай цагаан, шар өнгөтэй 2 ширхэг сав, цагаан өнгөтэй хөнгөн цагаан жижиг сав зэрэг зүйлсийг гаргаад хажуу айлын эзэнгүй байшинд оруулаад овоолж тавьсан байсан. Хэрэв би охинтойгоо гэртэй хариагүй байсан бол байшингаас хуучин хөргөгч, төмөр ор зэрэг зүйлсийг авах гэж байсан юм шиг байна лээ. гэхдээ хуучин хөргөгч, төмөр ор зэрэг зүйлс нь байшин дотор байж байсан...Намайг байшиндаа ороход Жижгээ ганцаараа байж байсан...Би гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 151-152 хуу/

Насанд хүрээгүй гэрч Ж.Х өгсөн: ...2018 оны 04 сарын нэг өдөр ээж бид 2 Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг Бор толгойн 29-17 тоотод байдаг хашаа байшингаас эргэхээр очсон. Хашааны хаалгыг онгойлгоод ортол манай байшингийн 3 цонхны голын цонхны шил нь хагарсан байшингийн хаалга цоожтой байсан. Бид 2 цонхоор шагайсан чинь урдаас жоохон биетэй залуу гараад ирсэн. Тэгэхээр нь би тэр залууг бариад авсан. Тэгээд хүний утсаар цагдаа дуудсан. Цагдаа ирэх хооронд тэр залуу Бор толгойн гудамжны араар байдаг хадны тийшээ зугтаагаад явсан. Тэр залуу энэ хавиар 2 залуу яваад байсан. Танай хажуугийн хоосон байшинд байгаад байгаа би зүгээр яасан бол гэж үзэж орж ирсэн юм гэж ярьсан. Хэзээ аваад, буцааж тавьсныг мэдэхгүй. Манай усны сав, төмөр сав, дээл, 5 кг гурил, орны бүтээлэг зэрэг эд зүйлүүдийг манай хажуу талын хашаанд байдаг эзэнгүй байшинд оруулаад тавьчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 153-154 хуу/

П.Д яллагдагчаар өгсөн: ...Би мөрдөн байцаагч дээр хулгайн хэрэгт шалгагдаж байгаад өдрийн цайндаа явсан бөгөөд 2018 оны 04 сарын 10-ны үеэр өдрийн цагаар Бь эгчийн байшинд цонхоор нь орсон юм. Бь эгчийн гэр Бор толгой хороололд манай гэрийн ойролцоо байдаг юм. Намайг очиход хаалга нь цоожтой, цонх нь хагарсан байсан. Хагарсан цонхоор нь байшин дотор ороод байж байтал байшингийн хаалгаар Бь эгч охинтойгоо ороод ирсэн. Намайг зугтах гэтэл Бь эгчийн охин намайг бариад авсан. Би гараад зугтах гэсэн боловч чадаагүй юм. Тэгж байгаад тэр охины гараас мултарч байшингаас гараад гүйтэл миний араас ирээд дахиад намайг бариад авсан. Удалгүй цагдаа ирээд намайг авч явсан...Тэдний байшинд сүүлийн үед хүнгүй, цоожтой байх болсон. Би Бь эгчийн байшингаас  дээл, түмпэн, хөнгөн цагаан сав, хоолны халуун сав, усны шар өнгийн сав зэргийг зөөгөөд хажуугийн байшинд оруулсан. Тэр зүйлсийг хохирогч нь хүлээгээд авсан...би Б эгчийн байшингаас дээр хэлсэн эд зүйлийг зөөж хажуугийн эзэнгүй байшинд оруулж тавьсан нь үнэн...гэх мэдүүлэг /хх-ийн 162-164 хуу/

 

Шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 78 дугаар дүгнэлтэнд: 10 кг зэс утсыг 100.000 төгрөгөөр, ВХ6-315 маркийн гагнуурын аппаратыг 450.000 төгрөгөөр, гагнуурын аппаратын 100 м урттай, 3 голтой зэс утсыг 400.000 төгрөгөөр тогтоосон ...  дүгнэлт /хх-ийн 26 хуу/

Шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 143 дугаар дүгнэлтэнд: Их гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга, дунд гарын зэс аяга, Самсунг маркийн гар утас, фүжиплим маркийн зургийн аппарат, цагаан чулуун хөөрөг, ногоон чулуун хөөрөг зэргийн үнэлгээг нийт 652.000 /зургаан зуун тавин хоёр мянга/ төгрөг болохыг тодорхойсон дүгнэлт /хх-ийн 92 хуу/

Шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 127 дугаар дүгнэлтэнд: мини нөөтбүүк, Делл маркийн нөөтбүүк, үхрийн цул мах, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, дэлгэц нь хагарсан гар утас, үхрийн хярамцаг 5 кг, 1мх1.5м-ийн хэмжээтэй модон цонх, дээврийн шифр зэргийн үнэлгээг 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар 934.000 /есөн зуун гучин дөрвөн мянга/ төгрөг болохыг тодорхойлсон  дүгнэлт /хх-ийн 125 хуу/

Шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 137 дугаар дүгнэлтээр: Модон рамтай давхар шилтэй цонх, эмэгтэй хүний хуучин үйтэн хуаран дээл, жижиг цагаан төмпөн, 25 литрийн багтаамжтэй шар өнгийн сав, 18 литрийн багтаамжтай хуванцар сав, 5 кг алтан тариан гурил, орны хуучин бүтээлэг, жижиг төмөр хоолны халуун савны үнэлгээг 2018 оны 04 дүгээр сарын байдлаар 109.000 /нэг зуун есөн мянга/ төгрөг болохыг тодорхойлсон дүгнэлт /хх-ийн 156 хуу/

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 77-78, 138-141, 143 хуу/

Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 5, 82, 111 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6, 41, 79-80, 83, 109-110, 112, 142, 144  хуу/

Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 47 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 48-49 хуу/

Шийтгэх тогтоолын хуулбарууд / хх-ийн 53-71 хуу/

ХААН банк, Төрийн банкны 2018 оны 07 дугаар сарын 05, 06-ны өдрийн орлогын мэдүүлгийн баримт  зэрэг нотлох баримтууд болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон  хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч П.Дид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч П.Д нь 2017 оны 07 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 03-01 тоотод байх О.Э байшинд нэвтэрч гагнуурын аппаратыг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 08-22 цагийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 30-05 тоотод байх Н.Э байшинд нэвтэрч зөөврийн комьпютер 2 ширхэг, гар утас 1 ширхэгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч 565.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 29-17 тоотод байх Н.Б байшинд нэвтэрч эмэгтэй хүний дээл, жижиг цагаан түмпэн, шар өнгийн усны сав, 18 литрийн сав, алтан тариа гурил 5 кг, орны бүтээлэг, хоолны халуун савыг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч 73.500 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уулын 27-03 тоотод байх Ц.Бийн байшинд нэвтэрч  мөнгөн аяга 3 ширхэг, дунд гарын зэс аяга, Самсунг маркийн гар утас, чулуун хөөрөг 2 ширхэг, зургийн аппаратыг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч 652.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч П.Д нь хохирогч О.Э байшингаас 10 кг зэс, 100 метр зэс утас, хохирогч Н.Эгийн байшингаас үхрийн цул мах 5 кг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, үхрийн хярамцаг 5 кг  зэргийг хулгайлж аваагүй гэж мэдүүлэг өгсөн бөгөөд түүний энэ мэдүүлгийг няцаасан, үгүйсгэсэн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй  байх тул П.Дид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс 2017 оны 07 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 03-01 тоотод байх О.Эы байшингаас 10 килограмм зэс, 100 метрийн урттай зэс голтой утсыг хулгайлан авсан, 

2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 08-22 цагийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 30-05 тоотод байх Н.Эгийн байшингаас үхрийн цул мах 5 кг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, үхрийн хярамцаг 5 кг хулгайлан авсан гэх үйлдлүүд нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдохгүй буюу П.Д нь дээрх эд зүйлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан гэм буруутай үйлдэл  нь тогтоогдоогүй, өөрөө хэлбэл гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйл / Гэмт хэргийн ойлголт, шинж/ ийн 1 дэх хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.

2 дахь хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж тус тус заажээ.

 

Шүүгдэгч П.Д нь 2017 оны 07 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 03-01 тоотод байх О.Эы байшинд нэвтэрч гагнуурын аппаратыг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 08-22 цагийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 30-05 тоотод байх Н.Э байшинд нэвтэрч зөөврийн комьпютер 2 ширхэг, нэг ширхэг гар утсыг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч 565.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 29-17 тоотод байх Н.Б байшинд нэвтэрч эмэгтэй хүний дээл, жижиг цагаан төмпөн, шар өнгийн сав, 18 литрийн сав, алтан тариа гурил 5 кг, орны бүтээлэг, хоолны халуун савыг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч 73.500 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уулын 27-03 тоотод байх Ц.Б байшинд нэвтэрч  мөнгөн аяга 3 ширхэг, дунд гарын зэс аяга, Самсунг маркийн гар утас, чулуун хөөрөг 2 ширхэг, зургийн аппаратыг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч 652.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч О.Эрдэнсайхан, Ц.Б, Н.Э, Н.Б, гэрч О.О, Н.Б, Т.Э Э.Т, Ү.А, Ү.М, насанд хүрээгүй гэрч Ж.Х нарын мэдүүлэг,эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн  дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч П.Д нь хохирогч Н.Э гэрээс гар утас хулгайлж аваагүй гэж мэдүүлэг өгсөн боловч  түүний энэ мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургууд  /хх-ийн 111,112 хуу/ гэрч Ч.Алтанбаганын өгсөн: ...2018 оны 04 дүгээр сарын дундуур би 4-р баг Бор толгойн 28-07 тоотод байх гэртээ байж байтал Д 2 ширхэг нөтбүүк тэвэрчихсэн 1 цагаан өнгийн, гар утас барьчихсан орж ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 118-119 хуу/ гэрч Ү.Мөнгөнсайханы өгсөн: ... гаднаас Д 2 ширхэг нөтбүүк тэвэрсэн, цагаан өнгийн гар утас бариад орж ирсэн...2 ширхэг нөөтбүүк, нэг ширхэг нүүр нь хагарсан цагаан өнгийн ухаалаг мэдрэгчтэй утас бариад орж ирсэн.../хх-ийн 122-123 хуу/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар няцаагдан үгүйсгэгдэж байна.

Шүүгдэгч нь хохирогч нарын байшинд цонхны шилийг нь  хагалах, түгжээг нь онгойлгох зэргээр нэвтрэн орж хулгайн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Дийн хохирогч О.Э, Ц.Б, Н.Э, Н.Бь нарын байшинд нэвтэрч бусдын  хөрөнгийг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан үйлдлийг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч П.Дийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, учруулсан хохирлоо төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1  дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих оногдуулахаар шийдвэрлэв.

Хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгчийн хохирогч О.Эы байшингаас хулгайлж авсан гагнуурын аппарат, хохирогч Ц.Б байшингаас хулгайлж авсан мөнгөн аяга 3 ширхэг, дунд гарын зэс аяга, Самсунг маркийн гар утас, чулуун хөөрөг 2 ширхэг, зургийн аппарат, хохирогч Н.Э байшингаас хулгайлж авсан зөөврийн комьпютер 2 ширхэг,  гар утас 1 ширхэг  зэргийг мөрдөгч хохирогч нарт буцаан хүлээлгэж өгсөн, хохирогч Н.Б байшингаас хулгайлж авсан эмэгтэй хүний дээл, жижиг цагаан төмпөн, шар өнгийн сав, 18 литрийн сав, алтан тариа гурил 5 кг, орны бүтээлэг, хоолны халуун сав зэргийг хохирогч өөрөө  авсан, шүүгдэгч П.Д нь гэмт хэрэг үйлдэх үедээ хохирогч Н.Бь, Н.Э нарын цонхны шилийг хагалсны улмаас учирсан хохирол болох нийт 80.000 төгрөгийг хохирогч нарт төлж барагдуулсан нь шүүх хуралдааны үед шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн ХААН, Төрийн банкнуудын орлогын мэдүүлгийн баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь 2017 оны 07 дугаар сараас 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 4 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч хулгайн гэмт хэрэг үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан журмаар ял оногдуулах талаар санал гаргасныг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Шүүгдэгч П.Дийн 2018 оны 04 сарын 19-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон 78 /далан найм/ хоногийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон   

                                            

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б овгийн Пн Д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс П.Д нь 2017 оны 07 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн ,, тоотод байх О.Э байшингаас 10 килограмм зэс, 100 метрийн урттай зэс голтой утсыг хулгайлан авсан, 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 08-22 цагийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн ,,, тоотод байх Н.Э байшингаас үхрийн цул мах 5 кг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, үхрийн хярамцаг 5 кг хулгайлан авсан гэх хэргүүдийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Б овгийн П Д хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасны дагуу шүүгдэгч П.Д 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

4. Шүүгдэгч П.Д оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

5. Шүүгдэгч П.Д нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдаж,  түүний 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон 78 /далан найм/ хоногийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хохирогч, шүүгдэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Д урьд нь авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ОДХҮҮ