Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2026/ДШМ/363

 

                       

 

  2026             03            27                                     2026/ДШМ/363


Ө.М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор З.Өлзийхүү,

шүүгдэгч Ө.М, 

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2026/ШЦТ/353 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ө.М-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2506000000012 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Ө.М, ......................................................................, /РД:......................./;

Шүүгдэгч Ө.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, ... дугаар байрны гадаа хохирогч Э.Э-той тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүний баруун хөмсөгийг хазаж эрүүл мэндэд нь баруун хөмсөгт хазагдсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, сээр нуруунд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ө.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ө.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М-ыг 550 /таван зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял болон хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх биелэгдээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шүүгдэгчийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М-аас 2.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Э-т олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ө.М давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч болон гэрч нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Хохирогчийн буруутай үйл ажиллагаа уг хэрэг гарахад нөлөөлсөн. Хохирогч намайг боож газар унагаасан. Миний ухаан балартаад боолгож байхдаа хазсан байсан. Энэ үйлдэлдээ маш их гэмшиж байна. Миний бие гэмт хэргийн нийгмийн хор аюулыг болон үйлдсэн гэмт үйлдлээ ухамсарлан ойлгож байна. Шүүх хурал болох үед миний бие ажил хөдөлмөр эрхэлдэггүй байсан учир анхан шатны шүүх миний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн. Анхан шатны шүүх хурал болсны дараа би ажилд орж, хохирогчид учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байгаа, цаашид хэрэгт холбогдохгүй болохоо амлаж байна. Иймд надад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар өөрчилж өгнө үү.” гэв.

Прокурор З.Өлзийхүү шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хангалттай нотлон тогтоосон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ажил хөдөлмөр эрхэлдэггүй байсан тул шүүх түүний үйлдсэн хэрэг, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдал, гэмт хэрэгтээ хандаж буй хандлага зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн. Шүүгдэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирол төлбөр төлсөн баримт болон өөрийн хувийн байдалтай холбоотой ажил эрхэлж байгаа гэх баримтуудыг гаргаж өгч байна. Шүүгдэгч нь ажилд орсон байгаа боловч тухайн байгууллагад туршилтын журмаар дадлагажигчаар ажиллаж байгаа юм байна. Энэ нь түүнийг тухайн ажлын байрандаа тогтвор суурьшилтай ажиллана гэх баталгаа биш тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн ноцтой зөрчилгүй.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад,

шүүгдэгч Ө.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, .... дугаар байрны гадаа хохирогч Э.Э-той тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүний баруун хөмсгийг хазаж эрүүл мэндэд нь баруун хөмсөгт хазагдсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, сээр нуруунд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Э.Э-ын “...дуудлага өгсөн хүмүүс дуудлагаа цуцалчих гэхээр нь би “та нар ингэж болохгүй” гэхэд хамт гарч ирсэн залуу нь миний машины баруун талын хаалга хэсэгт цохиод “ядуу ал минь чи зайл” гэх мэтээр доромжлоод байсан. Би “чи юу гээд байгаа юм бэ” гээд машинаасаа буугаад тухайн залуутай маргалдсан. Тэр залуу намайг цохих үед нь би бултаад тухай залуугийн ард гараад боосон. Тэгээд нөгөө залуу ухаан алдсан. Босож ирээд намайг цохисон ба тэр үед би газар унасан. Тухайн залуу миний дээр дараад амаараа баруун хөмсөгнөөс хазаж, зулгаагаад таслаад, тасарсан хэсгийг газар нулимсан...” /хх 16-18/,

гэрч Б.Д-ын “...таксины жолоочийн хажууд сууж байсан согтуу ах М бид хоёрт хандан “яасан удаан хүлээлгэдэг юм” гэх утгатай зүйл хэлсэн. М уг согтуу ахын дургүйг хүргэсэн нэг зүйл хэлэхэд согтуу ах шууд уурлаад машинаас буунгуутаа М-ыг чирээд буулгасан, буулгасныхаа дараа боож газар унагаагаад хоорондоо зууралдаж ноцолдоод байсан, ингэж байхдаа манай найз уг согтуу ахын аль нэг талынх нь хөмсөгийг хазчихсан байсан, ямар ч байсан хөмсөгөнд нь гэмтэл шарх учирсан байсан...” /хх 24-25/,

гэрч З.Т-гийн “...такси дуудсан хүмүүс дуудлагаа цуцалъя гэх утгатай зүйл ярихаар нь манай найз Э “яаруу ажил төрөлтэй байхад такси дуудчихаад, одоо цуцалъя гэдэг чинь ямар учиртай юм бэ” гэхэд уг хоёр хүний эрэгтэй нь “цуцалсан төлбөр тооцоогоо бүгдийг нь төлчихье” гэж хэлээд Э-той маргалдсан. Э нөгөө залуутай ноцолдож, зууралдаад газарт уначихсан. Нөгөө залуу дээр нь байж байсан ба уг залуу босож ирэхдээ Э-ын баруун талын хөмсөгийг нь шүдээрээ хазаад тасалчихсан ба Э-ын хөмсөгнөөс нэлээд их цус гарсан...” /хх 27-28/,

шүүгдэгч Ө.М-ын яллагдагчаар өгсөн “...би хохирогч Э.Э-ой маргалдаж муудалцан биед нь халдаж, түүний баруун хөмсөгийг шүдээрээ хазаж, гэмтэл шарх учруулсан, би ийм асуудал гаргасандаа харамсаж байна...” /хх 48-50/ гэсэн мэдүүлгүүд,

 Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 524 дугаартай “...Э.Э-ын биед баруун хөмсөгт хазагдсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, сээр нуруунд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэгээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 31-32/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Ө.М-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ө.М-ын тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Э.Э-той маргалдан, түүний баруун хөмсөгийг хазаж эрүүл мэндэд нь баруун хөмсөгт хазагдсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, сээр нуруунд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Ө.М “...гэмт үйлдлээ ухамсарлаж, учруулсан хохирлоо төлж барагдуулсан тул нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгон өөрчилж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж хуульчилжээ.

Шүүх, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, үйлдлийн арга, хохирогчид учруулсан хохирол, хор уршиг, цаашдын үлдэц байж болох нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэсэн нь үндэслэлтэй болсон байна.

Анхан шатны шүүх хуралдаанаар 2.500.000 төгрөгийн хохирол төлүүлэхээр шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээр хэрэг хянагдах явцад шүүгдэгч төлж барагдуулсан байгаа учраас түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг багасгах боломжтой гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 550 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Үүнтэй холбогдуулан шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Ө.М-ын “нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солиулах” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2026/ШЦТ/353 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М-ыг 550 /таван зуун тавин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М-ыг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Ө.М нь хохирол төлбөрт 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

         ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

 

       ШҮҮГЧ                                         Л.ДАРЬСҮРЭН

 

                               ШҮҮГЧ                                         Ц.МӨНХ-ЭРДЭНЭ