Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 3

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                                                                                                             Хэргийн индекс: 114/2016/0079/З

Дархан-Уул аймаг  дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Энхтуяа би нэхэмжлэгч Б.******* хариуцагч  Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн 

1.Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/179 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах;

2. Өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах;

3. Ажилгүй байсан хугацааны албан тушаалын үндсэн цалин болон холбогдох нэмэгдлүүдийг гаргуулах;

4.Эрүүл мэнд, нийгмийн даатгын шимтгэлүүдийг нөхөн төлүүлэх шаардлагатай захиргааны хэргийн оролцогч нэхэмжлэгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхсайхан нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан буулт хийж эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхсайхан нар 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр харилцан тохиролцон байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

            Нэхэмжлэлийн 1, 2 дахь шаардлагын тухайд:

 А.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/179 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлагаас татгалзаж, хариуцагч тал нэхэмжлэгч Б.*******ыг эзэмшсэн мэргэжлийн дагуу /аймгийн ЗДТГ-т бус/  төрийн  байгууллагад, төрийн  жинхэнэ албан тушаалд хууль тогтоомжийн дагуу  томилуулах /түр биш/  арга хэмжээг  гэрээг байгуулснаас хойш 30 хоногийн дотор багтаан

шийдвэрлэх буюу шийдвэрлүүлнэ.

            Б.Дээр дурьдсан А заалтын дагуу нэхэмжлэгч Б.*******ыг ажлаар хангахдаа хариуцагч нь түүний саналыг сонсож, зөвшилцөн шийдвэрлэнэ.

            В.Нэхэмжлэгч Б.******* нь өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах шаардлагаас татгалзаж, хариуцагчтай харилцан тохиролцсоны дагуу хариуцагчаас нэхэмжлэгчийг ажиллуулахаар шийдвэрлэсэн болон шийдвэрлүүлсэн холбогдох ажил, албан тушаалд ажиллана.

            Нэхэмжлэлийн 3 дахь шаардлагын тухайд:

            А.Хариуцагч нь нэхэмжлэгч Б.*******ын цалин хөлс, нэмэгдлийн асуудлыг хууль тогтоомжийн дагуу өмнө эрхэлж байсан албан тушаалын ангилал зэрэглэлийн дагуу тооцож, бүрэн олгоно.

            Б.Хариуцагч нь нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдлийг олгохдоо 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн холбогдох төрийн байгууллагад шинээр ажилд томилогдсон тухай шийдвэр албан ёсоор гарсан өдрийн өмнөх өдрийг хүртэлх хугацаанд тооцож, шинээр ажилд томилогдсон шийдвэр гарсан өдрөөс хойш 30 хоногийн дотор ХААН банкин дахь нэхэмжлэгчийн эзэмшлийн 5046336011 тоот дансанд шилжүүлнэ.

            Нэхэмжлэлийн 4 дэх шаардлагын тухайд:

            А. Хариуцагч нь нэхэмжлэгч Б.*******ын ажилгүй байсан хугацаанд тасарсан даатгалуудын хураамж,  шимтгэлийг 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн шинээр ажил, албан тушаалд томилогдсон шийдвэр албан ёсоор гарсан өдрийг хүртэлх хугацаанд тооцож, томилсон шийдвэр гарсан өдрөөс хойш 30 хоногийн дотор бүрэн нөхөн төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Энэхүү захиргааны хэргийн оролцогч нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан буулт хийж,  эвлэрлийн гэрээг байгуулсан байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “ ...хариуцагчтай эвлэрэх”, 21 дугаар зүйлийн 21.1.1-д “ ...нэхэмжлэгчтэй эвлэрэх”, 28 дугаар зүйлийн 28.2.5-д “эвлэрэх” гэж зааснаар эвлэрлийн гэрээ байгуулж, энэхүү эвлэрлийн гэрээ нь мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т “нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна” гэж  заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т “нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын байгуулсан  эвлэрлийн гэрээ нь дээрх хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул эвлэрлийн гэрээг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

            Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тохиолдолд талууд эвлэрлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй бөгөөд  шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т  “...шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ” гэж зааснаар захирамжийг албадан биелүүлэх  журамтай болохыг мэдэгдэх нь зүйтэй.

            Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан буулт хийж хоорондоо тохиролцож талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эвлэрлийг баталж, нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаар хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.  

 

ШҮҮГЧ                                           З.ЭНХТУЯА