Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 316

 

Г.Б-ын нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий

газрын даргад холбогдох захиргааны

хэргийн тухай

       Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

       Даргалагч, шүүгч:         Ч.Тунгалаг

       Шүүгчид:                       М.Батсуурь                 

                                             Х.Батсүрэн

                                             Д.Мөнхтуяа

       Илтгэгч шүүгч:              Г.Банзрагч

       Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/910 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож урьд эрхэлж байсан Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын мөрдөн шалгах ажиллагаа хариуцсан чиглэлийн ахлах мөрдөгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, Цагдаагийн хошууч цолыг сэргээлгэх, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2020/0153 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 272 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2020/0153 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.1, 37.1.7, Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.1.12, 69 дүгээр зүйлийн 69.1, 69.1.2, 81 дүгээр зүйлийн 81.3, 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1, 97 дугаар зүйлийн 97.1-д заасныг баримтлан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/910 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын мөрдөн шалгах ажиллагаа хариуцсан чиглэлийн ахлах мөрдөгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, Цагдаагийн хошууч цолыг сэргээлгэх, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэгч Г.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 272 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 153 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “Нэхэмжлэгч Г.Б нь Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын мөрдөн шалгах ажиллагаа хариуцсан чиглэлийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байхдаа хамт ажилладаг алба хаагчийн гуйлтаар иргэн н.П-той зүй бусаар харьцаж, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж үзэн цагдаагийн албанаас халж, цагдаагийн хошууч цолыг хураах шийтгэл оногдуулсан Цагдаагийн ерөнхий газрын даргын Б/910 дугаар тушаалын Г.Б-д холбогдох хэсэг хууль зөрчөөгүй” гэж дүгнэснийг эс зөвшөөрч байна.

4. Цагдаагийн ерөнхий газрын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/910 дугаар тушаал нь хууль тогтоомжуудыг ноцтой зөрчсөн тул хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бус тушаал гаргасан гэж үзэхээр байна. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасныг ноцтой зөрчсөн бөгөөд нэхэмжлэгчийн тайлбар болон саналыг харгалзан авч үзэлгүйгээр албанаас халах тушаалыг гаргасан буюу сонсох ажиллагаа явуулаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийхгүй байх тохиолдолд хамаарахгүй, шалтгаанаа нотолсон баримт байхгүй байхад нэхэмжлэгч Г.Б-ын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна.

5. Анхан болон давж заалдах шатны шүүхээс албаны шалгалтыг нэхэмжлэгч Г.Б-д танилцуулсан болох нь “2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн албаны шалгалт явуулсан дүнг танилцуулсан тухай тэмдэглэл”-ээр тогтоогдож байх тул Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгдээгүй, албаны шалгалтын материалыг нэхэмжлэгчид танилцуулаагүй гэж үзэх үндэслэлгүй гэх гомдлыг хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн. Гэтэл Захиргааны ерөнхий хуульд тодорхойлсноор сонсох ажиллагаа гэж захиргааны актыг батлан гаргахын өмнө оролцогчоос тайлбар, санал авах ажиллагаа гэж заасан байх ба шүүхээс 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Албаны шалгалт явуулсан дүнг танилцуулсан тухай тэмдэглэл”-ээр сонсох ажиллагааг хийсэн гэж дүгнэж байгааг нэхэмжлэгчийн зүгээс хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэж байна.

6. Мөн түүнчлэн захиргааны байгууллага актыг гаргахдаа “Хууль дээдлэх”, хуулийг нэг мөр хэрэглэх зарчмыг баримтлахгүй юм бол тухайн захиргааны акт бүхэлдээ хүчингүй болох хууль зүйн үндэслэл бүрдсээр байтал анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж Г.Б-ын үйлдлийг бүрэн дүүрэн тогтоогоогүй байна, тушаал нь хууль зөрчсөн гэж үзэж байна, гэхдээ төрийн албан хаагч ёс зүйтэй байх ёстой хэмээн хуулийг биш ёс зүйг баримтлан шийдвэр гаргасанд гомдолтой.

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “Цагдаагийн ерөнхий газраас явуулсан уг шалгалтаар цагдаагийн хошууч Г.Б нь хамтран ажилладаг алба хаагчийн гуйлтаар иргэн Ц.П-ийг албан өрөөндөө ирүүлэн бусдын мөнгийг төлүүлэх талаар шаардсан, эхнэрийг дуудан ирүүлж мэдүүлэг авахаар чирэгдэл учруулсан, албан тушаалын байдлаа ашиглан дарамталсан, харьяаллын бус маргаанд оролцож Төрийн албаны болон Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/129 дүгээр тушаалаар батлагдсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн болох нь тогтоогджээ” хэмээн дүгнэснийг эс зөвшөөрч байна.

8. Учир нь Г.Б-д Илрүүлэлт-Оргодол-Шийдвэрлэлт нэгдсэн арга хэмжээний хүрээнд шүүхээс эрэн сурвалжлагдсан гэх иргэн Ц.П-ийг цагдаа нар барьчихсан аваад ирсэн хэмээн илтгэх хуудас дээр гарын үсэг зуруулаад хүлээлгэж өгсний дагуу өөрийнхөө хариуцан авсан чиг үүргийн дагуу 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 776 дугаартай шийдвэрээр эрэн сурвалжилж байсан иргэн Ц.П-ийг Цагдаагийн албаны тухай хуулийн 38-д “Цагдаагийн байгууллага дараах хүн, эд зүйлийг олох зорилгоор эрэн сурвалжлах ажиллагааг шүүхийн шийдвэр, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн даалгаврын дагуу, эсхүл өөрөө санаачлан явуулна” гэж заасны дагуу тухайн ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу явуулсан байдаг. Уг эрэн сурвалжилсан шийдвэр нь цагдаагийн мэдээллийн санд зарлагдсан байсан бөгөөд мэдээллийн санд бүртгэгдсэн тохиолдолд цагдаагийн албан хаагч чиг үүргийнхээ дагуу тухайн иргэний хувийн байдал болон оршин суух хаягийг тодруулах үүрэгтэй байдаг.

9. Үүний дагуу иргэн Ц.П-оос оршин суух хаяг болон хувийн байдлыг тодруулсан тухайгаа албаны шалгалт болон шүүхийн хэлэлцүүлгийн үед тайлбар гаргасан. Гэтэл Цагдаагийн ерөнхий газраас Г.Б нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглан дарамтлан Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн болох нь тогтоогдсон хэмээн үзэж албанаас халсан нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар захиргааны актын агуулга нь ойлгомжтой, тодорхой байх ёстой байтал хууль бус захиргааны акт гаргасан нь Захиргааны ерөнхий хуульд заасан хэлбэрийг хангаагүй, хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна.

10. Мөн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 4432 тоот Баянзүрх дүүргийн прокурорын газрын “хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын “Г.Б нь иргэн Ц.П-ийг эрүүдэн шүүсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болох нь тогтоогдохгүй байна” гэж үзэж хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан шийдвэр гаргасан ба энэ нь хуулийн хүчин төгөлдөр хэвээр байгааг анхан болон давж заалдах шатны шүүхээс үнэлж дүгнээгүй.

11. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны Б/910 дугаар тушаалд нэхэмжлэгчийн гомдол гаргах эрхийг заагаагүй зөрчил байх боловч энэ үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй” хэмээн дүгнэжээ. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд “Захиргааны үйл ажиллагааны зарчим”-ыг тусгаж өгсөн бөгөөд 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэсэн үнэт зарчмыг хангаагүй байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Цагдаагийн ерөнхий газраас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа эрх ашиг, сонирхол нь зөрчигдөж буй нэхэмжлэгч Г.Б-д урьдчилан мэдэгдэлгүйгээр, оролцогчийн эрхийг нь хангалгүйгээр ажлаас халсан, ажлаас халсан тушаалд гомдол гаргах эрхээр нь хангаагүй, эрхийг нь хязгаарласан үйлдэл гаргасан байна гэж үзэж байгаагаа дурдмаар байна.

12. Шийдвэрийн тогтоох хэсэгт: “Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.1, 37.1.7, Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.1.12, 69 дүгээр зүйлийн 69.1, 69.1.2, 81 дүгээр зүйлийн 81.3, 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1, 97 дугаар зүйлийн 97.1-д заасныг баримтлан Цагдаагийн ерөнхий газрын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/910 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, Цагдаагийн хошууч цолыг сэргээлгэх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож тогтоон шийдвэрлэсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт заасан хууль зүйн үндэслэлийг авч үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, нөхцөл байдлуудыг бүрэн дүүрэн авч үзээгүй, захиргааны акт гаргах ажиллагаанд оролцоог бодитой хангаагүй байж хангасан мэтээр тогтоож, илт хууль бус шийдвэр гаргаж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөнд гомдолтой байна.

13. Шийдвэр, магадлалыг бүхэлд нь авч үзвэл шүүхийн зүгээс нотлох баримтуудыг бүхэлд нь бүрэн дүүрэн бодитой үнэлж, дүгнээгүй, маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй байгаа нь илэрхий тогтоогдсоор байхад зөвхөн төрийн албан хаагчийн ёс зүйг баримтлан шүүхийн шийдвэрийг гаргасан нь Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудад заасан эрх зүйт ёсны хамгийн чухал зарчим болох “...хууль дээдлэх зарчим болоод зөвхөн хуульд заасан үндэслэл журмын дагуу бусдын хууль ёсны эрх ашиг сонирхлыг хязгаарлаж болно...” хэмээх холбогдох зохицуулалт, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн шийдвэр, захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг огтхон ч хангаагүй байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

14. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

15. Маргаан бүхий акт болох хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/910 дугаар тушаалаар нэхэмжлэгч Г.Б-ыг “хамтран ажиллаж байгаа алба хаагчийн гуйлтаар иргэн “П”-г албан тушаал, байгууллагын нэрээр эрхшээлдээ оруулж, зүй бус харьцсан, харьяаллын бус хэрэг, маргаанд оролцож, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7, 37.1.18, Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь заалт, “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2.2.2, 2.3.3, 2.3.6, 2.4.2 дахь хэсгийг тус тус зөрчсөн” гэж үзэн Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д “өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн” гэснийг баримтлан цагдаагийн албанаас халж, цагдаагийн хошууч цолыг хураасан нь үндэслэлтэй талаарх шүүхүүдийн дүгнэлт зөв байна.

16. Учир нь, нэхэмжлэгч Г.Б нь маргаан бүхий актад заасан “ёс зүйн ноцтой зөрчил”-ийг гаргасан болохыг анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн зөв дүгнэжээ.

17. Тодруулбал, “... Г.Б нь өөрт олгогдоогүй чиг үүрэг хэрэгжүүлж хуулиар харьяалуулаагүй асуудлаар цагдаагийн алба хаагчид хориглосон үйл ажиллагаа явуулж хууль, журам, ёс зүйн дүрмийг зөрчсөн болох нь албаны шалгалтаар тогтоогдсон, иргэн П-г эрэн сурвалжилж байгаа шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг даалгасан болон уг этгээдтэй холбоотой гомдол мэдээлэл тус цагдаагийн газарт бүртгэгдээгүй, харьяалуулсан хэрэг, маргаан байхгүй байхад хамт ажилладаг алба хаагчийн гуйлтаар түүнийг албадан ирүүлж, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөн ажиллагаа явуулсныг хууль зөрчсөн гэж үзсэн хариуцагчийн шийдвэрийг буруутгах боломжгүй...” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт, мөн “...хэдийгээр иргэн П-г шүүхийн шийдвэрийн дагуу эрэн сурвалжилж байсан болох нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 776 дугаар шийдвэр, ...-ээр тогтоогдож байх боловч нэхэмжлэгч Г.Б-ын иргэн “П”-г хүлээн авч уулзсан 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар эрэн сурвалжлах ажиллагаа дууссан болох нь хэрэгт авагдсан .... баримтаар тогтоогдсон, ... “Илрүүлэлт-Оргодол-Шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээ нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үйлдэгдсэн эзэнгүй гэмт хэрэг, яллагдагчаар татагдвал зохих этгээд болох нь тогтоогдоогүй гэмт хэргийг илрүүлэхтэй холбоотой үйл ажиллагаа болох нь .... тогтоогдож байна...” гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

18. Иймд,  “...нэхэмжлэгч нь Илрүүлэлт-Оргодол-Шийдвэрлэлт нэгдсэн арга хэмжээний хүрээнд эрэн сурвалжилсан шүүхийн шийдвэрийн дагуу ажиллагаа явуулсан, тухайн шийдвэр нь цагдаагийн мэдээллийн санд бүртгэгдсэн тохиолдолд цагдаагийн албан хаагч чиг үүргийнхээ дагуу тухайн иргэний хувийн байдал болон оршин суух хаягийг тодруулах үүрэгтэй, үүний дагуу иргэн Ц.П-оос оршин суух хаяг болон хувийн байдлыг тодруулсан, гэтэл хариуцагч нь Г.Б-ыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглан дарамтлан Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн болох нь тогтоогдсон хэмээн үзэж албанаас халсан нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийг зөрчсөн..., шүүх хуулийг буруу тайлбарласан...” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 7-10-т заасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй, өөрөөр хэлбэл, маргаан бүхий актын агуулга ойлгомжтой, тодорхой байна.

19. Мөн “...Хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулаагүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэж, албаны шалгалтын дүнг танилцуулсныг “сонсох ажиллагааг явуулсан” гэж хуулийг буруу тайлбарласан, мөн хариуцагч гомдол гаргах эрхийг заагаагүй байхад “энэ үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжгүй” хэмээн Захиргааны ерөнхий хуульд заасан “хуульд үндэслэх”, “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг зөрчиж, илт хууль бус шийдвэр гаргасан...” гэх /Тодорхойлох хэсгийн 4-6, 11-13/ хяналтын гомдлыг хангах боломжгүй.

20. Учир нь, хариуцагч маргаан бүхий актын үндэслэл болсон албаны шалгалтын дүнг танилцуулснаар нэхэмжлэгч нь ёс зүйн зөрчил гаргасан гэдэгт буруутгагдаж байгаа, иймд холбогдох хариуцлага хүлээх талаараа мэдсэн байх тул урьдчилан мэдэгдэх, сонсгох ажиллагааг огт явуулаагүй гэж үзэх боломжгүйгээс гадна хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа нэгэнт тогтоогдож байх тул “сонсох ажиллагаа явуулсан бол маргаан бүхий акт гарахгүй байсан” гэх үндэслэл тогтоогдохгүй, мөн актад гомдол гаргах эрхийг заагаагүйгээс нэхэмжлэгч гомдол, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаагаа алдах зэргээр эрх нь зөрчигдөөгүй учир энэхүү шийдвэр гаргах ажиллагааны алдаа нь маргаан бүхий актын эрх зүйн үр дагаварт нөлөөлөхгүй, иймд гомдлын энэ үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох боломжгүй юм.

 21. Түүнчлэн, Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д “өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн” гэсэн үндэслэлээр цагдаагийн албанаас халахаар заасан, энэ  үндэслэлээр маргаан бүхий акт гарсан байх тул “...төрийн албан хаагч ёс зүйтэй байх ёстой хэмээн хуулийг биш, ёс зүйг баримтлан шийдвэр гаргасанд гомдолтой...” гэх /Тодорхойлох хэсгийн 6/ хяналтын гомдол ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна.

22. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2020/0153 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 272 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ч.ТУНГАЛАГ

 ШҮҮГЧ                                                                   Г.БАНЗРАГЧ