Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 187

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дөлгөөнөөр хөтлүүлж

Улсын яллагч: Н.Цогтбаяр

Шүүгдэгч: П.Б нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн П-ын Бт холбогдох 1812002650188 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

   Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овгийн П-ын Б /РД:/ 

 

                   Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч П.Б нь 2018 оны 05 сарын 02-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 40-10 тоотод оршин суух гэртээ өөрийн хүү Б.Ш-ийн бие махбодид халдан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан хүндрүүлэн нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Б.Ш-ийн өгсөн: ...2018 оны 05 сарын 02-ны өдрийн орой гэртээ гаднаас согтуу ороод аавтай маргалдсан чинь манай аав намайг энд архи ууж байхаар явж ажил төрөл хий гээд намайг нэг удаа алгадсан. Алгадуулаад газар унахдаа ширээний хөл мөргөөд унасан хамраас цус гарахыг хараад манай ээж Д цагдаа дуудсан байсан. Эргүүлийн цагдаа нар ирээд аав бид хоёрыг саатуулах байранд авчирч саатуулсан. Миний биеийн нүүр хэсэг рүү нэг удаа алгадсан, миний нүд хөхөрсөн, өөр зүйл болоогүй, хоорондоо эв зүй учраа олсон гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 хуу/ 

 

П.Б-ын яллагдагчаар өгсөн: ...2018 оны 05 сарын 02-ны өдөр би гаднаас гэртээ орж иртэл манай хүү Б.Ш нь гэртээ архи уучихсан согтуу сууж байхаар нь миний уур хүрээд чи энд зүгээр архи ууж суухаар явж ажил төрөл хийгээч гэж хэлээд гараараа нэг удаа хацар руу нь алгадсан. Тэр үед манай хүү сууж байсан сандал дээрээсээ унах үедээ ширээний булан мөргөчихсөн юм. Тэгээд байж байтал цагдаа нар удалгүй ирээд Б.Ш бид хоёрыг цагдаагийн газар руу авч явсан. Би Б.Шг гараараа нэг л удаа хацар руу нь алгадсан. Тэр үед манай хүү сууж байсан сандал дээрээсээ унахдаа ширээний буланг мөргөөд уначихсан. Тухайн үед манай хүү Б.Ш бид хоёр л байсан, өөр хүн байгаагүй. Би эрүүл байсан, манай хүү Б.Ш нэлээн согтуу байсан. Уг гэмтлийг би зодож учруулсан. миний буруутай үйлдлээс болж учирсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 213 дугаартай дүгнэлт:

1. Б.Ш-ийн биед, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун тохойнд жижиг зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүснэ.

3. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун тохойн жижиг зулгаралт нь биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ...гэх дүгнэлт /хх-ийн 14 хуу/

 

П.Б-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 25  хуу/

Хохирогч Б.Ш-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 26 хуу/ 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 27-28 хуу/

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 24 хуу/

 

Хавтаст хэргийн материалыг  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 29-30 хуу/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон  хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч П.Бт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч П.Б нь 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 40-10 тоотод оршин суух гэртээ өөрийн хүү Б.Шгийн нүүрэн тус газарт цохиж, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч П.Б нь өөрийн үйлдэл болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж мэдүүлэг өгсөн, түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Б.Шгийн мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 213 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ. 

Шүүгдэгч П.Б нь Б.Ш-ийн нүүрэнд нь цохьсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 213 дугаар дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

Аймгийн Прокурорын газраас П.Б-н үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үйлдсэн гэж зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад  эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан байх бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заажээ.

Иймд шүүгдэгч П.Б-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан  торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 / жил / 6 / зургаа/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.  

Хохирогч Б.Ш нь мэдүүлэг өгөхдөө болон хэргийн материалтай танилцах үедээ “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн, гэмт хэргийн хохиролтой холбоотой ямар нэгэн баримт ирүүлээгүй байх тул шүүгдэгч П.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч П.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч П.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

 

                                                     ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Б овгийн П-н Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг дагуу шүүгдэгч П.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч П.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/  хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч П.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ОДХҮҮ