Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2026/ДШМ/364

 

                       

 

  2026             03            27                                         2026/ДШМ/364


З.М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Цэндмаа,

шүүгдэгч З.М, түүний өмгөөлөгч Л.Амартогос, 

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2026/ШЦТ/203 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.М-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2405006751708 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш овгийн З.М, ......................................................, /РД:.............................../, урьд,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1481 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 15.000.000 төгрөгөөр торгох ялаар,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 548 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан;

Шүүгдэгч З.М нь 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хооронд “М” ХХК-д Баянгол дүүргийн 3, 4 дүгээр хороолол, Сонгинохайрхан дүүргийн бүс хариуцсан худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа тус компанийн орлогыг хувьдаа завшиж 8.264.355 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: З.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч З.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/1481 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 15.000.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцож 1000 хоног буюу 2 жил 9 сарын хорих ялыг, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/548 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож 37 хоног буюу 1 сар 7 хоногийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 3 жил 10 сар 7 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 8.264.355 төгрөг гаргуулж хохирогч “М” ХХК-д олгож, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хүүхдүүд болох П.И, П.М нарын асрамж, тэжээн тэтгэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тоолж  шийдвэрлэжээ.

Шүүгдэгч З.М давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Учир нь, ижил төрлийн гэмт хэрэгт хоёр тусдаа эрүүгийн хариуцлага оногдуулж давхар яллаж байгаа нь хуульд нийцэхгүй. Хууль зүйн мэдлэг дутмагаас болж өмгөөлөгчгүй шүүх хуралд орж ял авсан. Улмаар миний эрх зүйн байдал дордсон болно. Мөн миний хүүхдүүд болох П.И, П.М нар нь 9 болон 5 настай, харж хандаж, халамжлах хүн байхгүй. Бага охин П.М бөөрний дутагдалтай эмчийн хяналтад байдаг. Иймд дээрх хувийн эрх зүйн байдлыг харгалзан үзэж ял хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч З.М-ийн өмгөөлөгч Л.Амартогос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нь анхан шатны шүүх хуралдааны дараа хохирогчид учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Манай үйлчлүүлэгч  урьд 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шүүхийн шийдвэрээр 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 2023 онд 15.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан ба торгох ялыг биелүүлж дуусаагүй байхдаа дахин гэмт хэрэг үйлдэж хоригдсон. З.М-ийн ар гэрийнхэн түүний төлөх ёстой торгох ялыг төлж дуусгах саналтай байна гэх хүсэлтийг өмгөөлөгчид гаргасан. Өмгөөлөгчийн зүгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт дээрх асуудлаар хандахад “ялтан шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар торгох ял биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгасан боловч тухайн хугацаанд мөн биелүүлээгүй тул одоо торгох ялыг төлөх боломжгүй” гэх хариуг өгсөн. Өнөөдрийн байдлаар манай үйлчлүүлэгчийн нийт эдлэх ялын хэмжээ нь 3 жил 10 сар 7 хоног байна. Иймд шүүх бүрэлдэхүүн хэргийг шийдвэрлэхдээ миний үйлчлүүлэгчийн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, бусад учруулсан хохирлоо төлсөн, бага насны хоёр хүүхэдтэй, ар гэрийн гачигдал зэрэг нөхцөл байдлуудыг нь харгалзан үзэж нийт эдлэх ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Прокурор Ч.Цэндмаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч З.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдсон тул шүүхээс хэрэгт авагдсан баримт, прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэж, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулсан. Шүүгдэгч нь урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байсан ба шүүх өмнөх шийтгэх тогтоолоос биелүүлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх ялыг 3 жил 10 сар 7 хоногоор тогтоосон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд З.М-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

хохирогч “М” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч П.Э-ы “...2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр М гэх эмэгтэй надтай уулзаж ярилцлагад орсон. 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс гүйцэтгэх захирлын тушаалаар бүс хариуцсан худалдааны төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн. Хөдөлмөрийн, нууцын, эд хөрөнгийн гэрээ байгуулсан. Үндсэн цалинг 1.000.000 төгрөгөөр, үндсэн цалин дээр урамшууллын 1.000.000 төгрөг бодогдож ажилласан. Ажлын эхний өдрөөс тус байгууллагын шууд удирдлага буюу супервизор О-ыг дагалдуулан 5 хоног явуулсан. М нь 5 хоногийн дараагаас бие даан бүс хариуцаж ажиллаж эхэлсэн. М манай ерөнхий нягтлан солигдсон байгаа гэж хэлээд хүүхдийнхээ дансаар компанид орох ёстой мөнгийг авч, мөн дэлгүүрүүдээр орж өгөх ёстой мөнгөнийхөө талыг хийчих, миний цалин бодогдохгүй байна гэж худал хэлж мөнгө завшиж байсан. Манай байгууллагын санхүүгийн газар, борлуулалтын хэлтсээс санхүүгийн баримтад дотоод хяналт тавьсан. М-ийн байгууллагад учруулсан хохирол нь 9.195.618 төгрөг болсон...” (хх 60-61),

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ын “...М нь 2023 оны 10 дугаар сард худалдааны төлөөлөгчөөр ажилд ороод 2 сар ажиллаж байгаад компанийн хөрөнгө завшсан асуудлаар ажлаасаа гарсан. Аудитын шинжээчийн дүгнэлтээр гаргасан 8.264.355 төгрөгийг нэхэмжилж байна...” (хх 109),

гэрч Б.О-ын мэдүүлэг (хх 80),

шүүгдэгч З.М-ийн яллагдагчаар өгсөн “...Би худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа байгууллагад өгөх байсан мөнгийг өөрөө захиалгаа авахдаа очиж өөрийн хувь дансаар шилжүүлэн авч мөрийтэй тоглоом тоглоод алдчихсан юм...” (хх 137) гэсэн мэдүүлгүүд,

“Хүлэгтхүннү аудит” ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2025/01 дугаартай “...З.М нь өөрийн хүүхдийн данс болох 5925177370 тоот дансанд 45 удаагийн гүйлгээгээр 8.264.355 төгрөгийг дамжуулан завшсан байна. 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр “М” ХХК-ийн борлуулалтын ахлах ажилтан Б.О-ын гэрчийн мэдүүлэгт тусгагдсан 9.156.006 төгрөгөөс 8.265.355 төгрөг нь П.И-ын дансны гүйлгээнээс илэрсэн бөгөөд зөрүү тооцоо болох 891.651 төгрөгийг З.М нь бэлнээр авсан тул бүрэн нотлох боломжгүй байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх 98-102) зэргийг харьцуулан шинжлэн судлахад,

Шүүгдэгч З.М нь “М” ХХК-д Баянгол дүүргийн 3, 4 дүгээр хороолол, Сонгинохайрхан дүүргийн бүс хариуцсан худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа тус компанийн орлогыг өөрийн хүүхдийн банкны дансаар авч, компанийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хувьдаа завшиж, 8.264.355 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба эдгээр нь хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чаджээ.

Итгэмжлэн хариуцсан этгээд гэдэгт аливаа аж ахуй нэгж, байгууллага, иргэдийн өмчийг албан тушаалын хувьд хариуцсан, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгодог.

 

Хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгүүд болон “М” ХХК-ийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Ажилд авах тухай” тушаал, ажлын анкет, хөдөлмөрийн гэрээ (хх 37, 41, 42-45) зэрэг баримтуудаар З.М нь хохирогч “М” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажилд орж, бие даан бүс хариуцаж бараа бүтээгдэхүүнийг борлуулж, орлогыг хүлээн авч, ажиллаж байсан тул түүнийг бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд гэж үзнэ.

Анхан шатны шүүх шүүгдэгч З.М-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хохирогч “М” ХХК-ийн борлуулалтын орлогыг харилцагч байгууллагуудаас өөрийн хүүхдийн дансаар шилжүүлэн авч завшсан санаатай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны хувьд, прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ “2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл” гэж тодорхойлсон боловч тэрээр анхан шатны шүүх хуралдаанд оролцож гэм буруугийн дүгнэлтээ танилцуулахдаа “2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хооронд” хэмээн өөрчилж, анхан шатны шүүх “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ын “...З.М нь 2023 оны 10 сард ажилд ороод 2 сар ажиллаж байгаад...” гэх мэдүүлэг (хх 109), шинжээчийн дүгнэлт (хх 98-102) зэргээр гэмт хэрэг гарсан хугацаа нь 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөр тогтоогдож байх тул Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч З.М-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн хугацааг “...2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл” гэж алдаатай бичсэнийг зөвтгөж шийдвэрлэлээ” гэжээ.

Гэтэл хэрэгт авагдсан гэрч П.Э-ы “...тэгээд 2023 оны 12 дугаар сарын 01-нээс эхлэн М нь ажилдаа ямар нэгэн мэдэгдэл өгөхгүйгээр ажил тасалж алга болоод...” (хх 65) гэсэн, гэрч Б.О-ын “...2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан... (хх 80) гэсэн мэдүүлгүүд болон “Хүлэгтхүннү аудит” ХХК-ийн дүгнэлтээр З.М нь 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд өөрийн хүүхдийн 5925177370 тоот дансанд нийт 45 удаагийн гүйлгээгээр 8.264.355 төгрөгийг дамжуулан завшсан болох нь нотлогдож байх тул гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг прокурорын яллах дүгнэлтэд дурдсан байдлаар тогтоох нь зүйтэй.

Шүүгдэгч З.М “...ижил төрлийн гэмт хэрэгт хоёр тусдаа эрүүгийн хариуцлага оногдуулсан нь эрх зүйн байдлыг дордуулсан, хүүхдүүд харж хандах хүнгүй тул ял хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, шүүгдэгч нь урьд “А” ХХК-д байрлах “Э” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 82.559.290,60 төгрөгийн орлогыг завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/1481 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 15.000.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн (хх 120-132) байх ба тухайн шийтгэх тогтоол гарахаас өмнө “М” ХХК-д хохирол учруулсан байх боловч хохирогчоос гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг 2025 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гаргаж (хх 27), Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ (хх 1).

Иймд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулах байдлаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүх шүүгдэгчийн “М” ХХК-ийн эд хөрөнгийг хувьдаа завшиж, 8.264.355 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хувийн байдалд нь тохирсон байна.

Мөн шүүх шүүгдэгчийн насанд хүрээгүй хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ тухайн хүүхдүүд амьдарч байгаа (хх 76) газрын буюу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Гэр бүлийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч З.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж  хуульчилсан тул шүүх хэд хэдэн төрлийн ялыг нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэх эрхийг шүүхэд олгосон байна.

Анхан шатны шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэхдээ бүгдийг хорих ялд дүйцүүлэн тооцож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/548 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаас тусад нь эдлүүлэх боломжтой гэж үзлээ.

Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/1481 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 15.000.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцож 1000 хоног буюу 2 жил 9 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 3 жил 9 сараар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлэхтэй холбоотойгоор шүүгдэгч нь хорих ялыг эдэлж дуусмагц 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч З.М нь шийтгэх тогтоол гарсан 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл нийт 70 хоног цагдан хоригдсон байгааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Давж заалдах шатны шүүхээр хэрэг хянан хэлэлцэгдэх явцад шүүгдэгч нь хохирогч “М” ХХК-д  8.264.355 төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2026/ШЦТ/203 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.М-д энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/1481 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 15.000.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцож 1000 хоног буюу 2 жил 9 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 3 жил 9 хоногоор тогтоосугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.М-д Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/548 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ял эдэлж дууссаны дараа эдлүүлэхээр тогтоосугай.”,

- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.“ гэсэн нэмэлт заалтуудыг оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.М-ийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл нийт 70 (дал) хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч З.М нь хохирогч “М” ХХК-д 8.264.355 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

6. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Б.ЗОРИГ

 

       ШҮҮГЧ                                              Л.ДАРЬСҮРЭН

 

                               ШҮҮГЧ                                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ