Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/01135

 

 

 

Г- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2022/01734 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г- ХХК-ийн хариуцагч Э.Э-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 17,802,683.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Э.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Зээлдэгч Э.Э- нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Г- ХХК-тай зээл болон барьцааны гэрээ байгуулж 10,400,000 төгрөгийг, жилийн 22,8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Мөн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Г- ХХК-тай кредит картын гэрээ байгуулж 500,000 төгрөгийг бэлэн мөнгө авсны хүү сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2,0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2,0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1,0 хувь, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй тус тус авсан. Бусад нөхцөл шаардлагыг гэрээнд тусгасан болно. Зээлдэгч нь дээрх зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ хугацаандаа төлөөгүй, 1049 хоног, кредит картаа гэрээний дагуу сар бүл төлөлт хийгээгүй 34 сар хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 9,684,981.77 төгрөг, хүү 6,443,225.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 237,216.05 төгрөг, нийт төлөх дүн 16,365,423.37 төгрөг болсон. Зээлдэгч нь зээл төлөх талаар санаачилга гаргаагүй, эргэн төлөх талаар банктай уулзаж байгаагүй. Мөн өнгөрсөн цаг хугацаанд ковид гарсантай холбогдуулан нэмэгдүүлсэн хүүг бага хэмжээгээр тооцсон, дэлхий нийтээр цар тахалтай үед шүүх нэхэмжлэлийг авахгүй байсан зэрэгтэй холбоотой оршин суух хаягийг тогтоосон даруйд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй юм. Кредит картын зээлийн гэрээний үүрэгт хугацаа хэтрэлт 34 сар, зээлийн үндсэн төлбөр бэлэн гүйлгээнд 328,517.38 төгрөг, бэлэн бус гүйлгээнд 195,450 төгрөг, зээлийн үндсэн хүүнд бэлэн гүйлгээний 391,627.87 төгрөг, бэлэн бус хүүд 132,089.66 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний хүү 195,292.18 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 194,282.74 төгрөг, нийт 1,437,259.83 төгрөг нэхэмжилж байна. Иймд 2 гэрээний үүрэгт нийт 17,802,683.20 төгрөгийг Э.Э-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие хувиараа бизнес эрхлэх явцдаа нуруу нугасны архаг өвчнөө сэдрээж хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон, үүнээс болоод зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Энэ хугацаанд Г- ХХК-ийн эдийн засагчид байнга учир байдлаа хэлж байсан. Гэтэл 2020 оны 09 дүгээр сард намайг оршин суух хаягтаа байдаггүй тул Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байна гээд миний 33 жил амьдарсан, одоо ч амьдарсаар байгаа Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 2Б хэсэг, 65а тоотод шүүхийн шийдвэрийг цагдаа надад танилцуулаад гарын үсэг зуруулсан. Тэгэхэд цагдаагийн ажилтан нь таныг 13,800,000 төгрөгийн нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагчаар татаж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна гэж хэлсэн боловч намайг хаанаас ч дуудаагүй байж байгаад 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шүүхээс дуудаж, 17,802,683.02 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг гардуулж өгсөн. Цагдаагийн байгууллага 2020 оны 10 дугаар сард миний оршин суух хаягийг тогтоосон байхад нэхэмжлэгч нь тэр даруй нэхэмжлэлээ гаргахгүй байж байгаад 2022 оны 02 дугаар сард буюу 14 сарын дараа, 420 хоногийн дараа нэхэмжлэл гаргаж, их хэмжээний хүү нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Банкнаас нэхэмжилсэн 17,802,683.02 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, өнөөдрийн байдлаар бага насны 3 хүүхэдтэй, зөвхөн нөхрийн цалин хөлсөөр амьжиргаагаа залгуулж байна. Банкнаас авсан зээлээ төлөх нь үнэн, зээлийн гэрээний тухайд маргах зүйлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас цалингийн зээлэнд 12,900,000 төгрөг, кредит картын зээлэнд 900,000 төгрөг, нийт 13,800,000 төгрөгийг зөвшөөрч байна, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Э.Э-ээс 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 14,136,483 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 1,047,684.91 төгрөг, нийт 15,184,167.91 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,618,516 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Э.Э-ээс улсын тэмдэгтийн хураамжид 233,870 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г- ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 246,964 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

4.а.2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний 2.2-т зээлдэгч нь зээл авсан өдрөөс эхлэн түүнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэлд зээлийн гэрээний хугацаа дууссанаас үл хамааран зээлийн хүүг төлнө, 2.9-т Зээлдэгч энэхүү гэрээний эргэн төлөлтийн графикт хугацаанд зээлийн зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараах өдрөөс эхлэн энэхүү гэрээний 2.1.1-д заасан зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөх-өөр тус тус заасан байдаг. Мөн зээлийн гэрээний 3.1.5-д оршин суух хаяг, холбоо барих утас, ажлын байр солигдсон бол тухай бүр банканд мэдэгдэх үүрэгтэй гэж заасан байдаг бөгөөд хариуцагч нь ут үүргээ биелүүлэлгүй бөгөөд банк хариуцагчийг идэвхтэйгээр хайж байсан. Шүүхэд анх 2020 онд нэхэмжлэх үед БЗД 10-р хороо 2б хэсэг төмөр зам гудамж 65а тоот хаягаар нэхэмжилсэн бөгөөд тухайн хаягт оршин суудаггүй тодорхойлолтыг 10-р хорооны Засаг дарга 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн байсан тул банк тухайн харилцагчийг уг хаяг дээр байдаггүй гэдэгт итгэн, эрэн сурвалжлуулах захирамж гаргуулан хайсаар байсан. Гэтэл цагдаагийн хэлтсээс хаягийг олж тогтоосон бичгээр мөн дээрх хаягт оршин суудаг гэж тодорхойлж өгсөн байсан. Иймд адил хаяг байсан тул хаягаар болон бусад харилцагчийг олж болох нөхцөлүүдээр банкны зүгээс идэвхтэй хайсаар байсан.

4.б.Кредит картаас 389,574,92 төгрөг хассан тухайд зээлийн гэрээний 3.5-т заасны дагуу зээлийн эрхийн хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд сарын 2,0 хувиар тооцно гэсэн заалтын дагуу зээлийн эрх хэтрүүлсний хүүд 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш нийт 195,292.18 төгрөгийн хүү, 3.6-т заасны дагуу зээлийн төлбөрийг сар бүрийн 15-наас өмнө төлнө гэсэн заалтыг зөрчсөн тохиолдолд эргэн төлөх доод хэмжээнээс хугацаа хэтрүүлсний хүү сарын 1,0 хувиар тооцно гэсэн заалтын дагуу 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш зээлийн хугацаа хэтрүүлсний хүүд нийт 194,282.74 төгрөгийн хүү тус тус бодогдсон тул гэрээний дагуу бодогдсон дээрх 2 хүүг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч нь зээлээ төлөх өдөр хүртэл гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна. Зээлдэгч нь зээлийн талаар банкинд огт хандаагүй, зээлдэгчид Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасан гэрээнээс татгалзах эрх нь байсаар байтал ийнхүү зөвхөн зээлдүүлэгч зээлийн төлбөрийг шаардах эрхээ хэрэгжүүлэлгүй гэж үзэж байгаа нь хэт наг талыг баримталж байгаа шийдвэр гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга: 2019 оны 01 дүгээр сараас манай компани татан буугдаад ажлын байргүй болсны улмаас нэхэмжлэгч байгууллагаас зээлсэн зээлээ төлөх чадваргүй болсон. Бизнес эрхэлж байтал нурууны өвчин сэдэрч, ажил хийх боломжгүй хэвтэрт орсон. Тухайн үед Г- ХХК-ийн эдийн засагчтай холбогдон шалтгаан нөхцөлөө хэлж байсан. Зээлсэн зээлээ төлөөгүй нь миний буруу, зээлээ төлнө. 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр миний 33 жил оршин сууж буй хаягт Баянзүрх дүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэсээс эрэн сурвалжилсан, энэ хаягт оршин суудаг гэдгээ нотолсон. Г- ХХК энэ өдрөөс хойш холбогдоогүй байж байгаад 2022 оны 05 дугаар сард шүүхэд өгсөн байсан.Үндсэн зээл мөн 18 сарын нэмэгдүүлсэн хүү шаардсан. Г- ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 13,800,000 төгрөгийг нэхэмжилсэн баримтад гарын үсэг зуруулсан. Нэхэмлэгч байгууллага нь цар тахлын хүнд нөхцөлд харилцагчдаа зээлийн дарамт үүсгэхгүй үүднээс харилцагчтайгаа холбогдоогүй гэх тайлбар ирүүлсэн байсан. Тухайн нөхцөлд надад мэдэгдээгүй атлаа 2,700,000 төгрөг нэхэмжилсэн нь асар их дарамт. Тиймээс нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндсэн зээл 13,800,000 төгрөгийг төлнө гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч Г- ХХК-ийн хариуцагч Э.Э-ээс 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 16,365,423.37 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн кредит картын гэрээний үүрэгт 1,437,259.83 төгрөг, нийт 17,802,683.2 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Зохигчид 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Г- ХХК 10,400,000 төгрөгийг, жилийн 22,8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлдүүлэх, хариуцагч Э.Э- нь зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөхөөр харилцан тохиролцсон байна. Нэхэмжлэгч нь гэрээний үүргийг биелүүлж, зээлийн мөнгөн хөрөнгө болох 10,400,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, зээл болон барьцааны гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 7-р тал/

4.Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө болон хүүг буцаан төлөх үүрэгтэй гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаас гадна талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.1.1, 3.1.1-т хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг, хэмжээний талаар нарийвчлан тохиролцсон байх тул зээлдэгч нь уг хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.

4.а.Хариуцагч Э.Э- нь дээрх зээлийн гэрээний үүрэгт нийт 1,657,427.54 төгрөг төлж, 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байх тул Г- 225 225.1 , үүргийг .

4.б.2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээл 9,684,981.77 төгрөг, хүү 6,443,225.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 237,216.05 төгрөг, нийт 16,365,423.37 төгрөгийн үүрэг хариуцагч Э.Э-т үүссэн болох нь хүү тооцооллын хүснэгтээр тогтоогджээ. /хх-ийн 13-р тал/. Анхан шатны шүүх хүүг багасгаж шийдвэрлэхдээ гэрээний агуулгыг буруу тайлбарлан хэрэглэсэн буюу талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.3.4 дэх заалт нь зээлдүүлэгчийг үүрэгжүүлсэн агуулгатай биш байна.

Өөрөөр хэлбэл, зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөнд зээлдүүлэгч буруутай мэтээр дүгнэж, хүүгийн хэмжээг багасгаж шийдвэрлэсэн нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995 оны/ 24 дүгээр зүйлийн 24.3 дах хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасанд нийцээгүй байна.

4.в.Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт нийт 16,365,423.37 төгрөгийг хариуцагч Э.Э-ээс гаргуулж, нэхэмжлэгч Г- ХХК-д олгох нь зүйтэй.

5.2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн кредит картын гэрээний үүрэгт 1,437,259.83 төгрөг гаргуулах шаардлагын тухайд зохигчид 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр кредит картын гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Г- ХХК нь 500,000 төгрөгийн зээлийн эрхтэй, кредит картыг 2 жилийн хугацаатай, бэлэн бус гүйлгээний сарын хүү 2 хувь, бэлэн мөнгө авсны сарын хүү 3,5 хувиар ашиглуулах, хариуцагч Э.Э- нь кредит картад үүссэн зээлийн зарцуулалт, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү болон картын ерөнхий нөхцөлд заасан шимтгэл, хураамжийг гэрээнд заагдсан хугацаа, нөхцөлийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож, хариуцагч нь 500,000 төгрөгийн эрхтэй кредит картыг эзэмшиж, ашигласан болох нь талуудын тайлбар, кредит картын гэрээ зэргээр тогтоогджээ. /хх-ийн 10-12-р тал/. Анхан шатны шүүх дээрх гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

5.а.Нэхэмжлэгч Г- ХХК нь дээрх кредит картын гэрээний үүрэгт үндсэн төлбөр 523,967.38 төгрөг, хүү 523,717.53 төгрөг, эрх хэтрүүлсний болон хугацаа хэтрүүлсний хүү 389,574.92 төгрөг, нийт 1,437,259.83 төгрөг нэхэмжилсэн.

5.в.Кредит картын гэрээний 2.1-д Зээлийн эрхийн хэмжээнээс хэтрүүлж зээл авсан тохиолдолд хэтэрсэн хэсэгт бодогдох зээлийн хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь гэж заасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт заасантай нийцээгүй байх тул нэхэмжлэгч Г- ХХК-д нэмэгдүүлсэн хүү шаардах эрх үүсээгүй гэж үзнэ. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

5.г.Анхан шатны шүүх дээрх кредит картын гэрээний үүргийг зөв тодорхойлж, хариуцагч Э.Э-ээс 1,047,684.9 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г- ХХК-д олгож, эрх хэтрүүлсний болон хугацаа хэтрүүлсний хүү гэх 389,574.92 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч Э.Э-ээс нийт 17,413,108.28 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 389,574.92 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2022/01734 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... 453.1 ... гэсний дараа , 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт гэж нэмж, ... 14,136,483 ... гэснийг 16,365,423.37 гэж, ...15,184,167.91 ... гэснийг 17,413,108.28 гэж, ... 2,618, 516 ... гэснийг 389,574.92 гэж,

2 дах заалтын ... 233,870 ... гэснийг 245,016 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,847 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Г.ДАВААДОРЖ