2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 192/ШШ2025/06742

 

 

 

 

 

 

 

 

     2025            09              02                                           192/ШШ2025/06742                           

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Дани улсын нийтийн өмчит “ИИ” компани / /

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд оршин байх, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

 

Нэхэмжлэлийн шаардлага: ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 0 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгуулах, 0 бүртгэлийн дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулахыг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ММ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагчид холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд: 

Нэг. Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.М 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 0 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоолыг хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах, 0 бүртгэлийн дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Дээрх шаардлагуудын үндэслэл нь: Нэхэмжлэгчийн зүгээс “ММ” ХХК-д зээл олгосон. Энэхүү зээлтэй холбоотой маргааныг Германы арбитрын институт 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр шийдвэрлэсэн. Тус шийдвэрээр “ММ” ХХК-иас 85,350,466.08 долларыг гаргуулж, нэхэмжлэгч “ИИ” компанид олгуулах, мөн 856,450 еврог гаргуулахаар шийдвэрлэсэн.

Арбитрын дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх, тус шийдвэрийг баталгаажуулах тухай Хан-Уул дүүргийн шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлтийг тус шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 00 дугаартай арбитрын шийдвэрийг баталгаажуулах тухай захирамжаар баталгаажуулсан.

Улмаар шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 00 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн. Ингээд Герман улсын арбитрын шийдвэрээр Монгол улсын нутагт дэвсгэрт албадан биелүүлэх хууль зүйн үндэслэл бий болсон. Шүүхийн шийдвэр баталгаажсан учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тухайн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргасан.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас бидний гаргасан хүсэлтийг хүлээн аваад, Хан-Уул дүүрэг-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн өмнө дурдсан 00 дугаар гүйцэтгэх хуудас, мөн шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 00 дугаартай арбитрын шийдвэрийг баталгаажуулах тухай захирамжийг үндэслээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлүүлсэн.

Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 0 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр төлбөр төлөгч “ММ” ХХК-иас 135,721,947,897 төгрөг буюу тухайн үеийн ханшаар 40,567,542 ам.долларыг шийдвэрийн дагуу төлсөн. Энэ төлбөр төлөгдсөний дараа Хан-Уул дүүрэг-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Үүнд итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс гомдол гаргаад явсан. 2024 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 0 дугаартай тогтоолоор тус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Үндэслэл нь сая дурдсан 85,350,466.08 доллар, 856,450 еврогийн асуудал яригдаж, энэ төлбөр бүрэн төлөгдөөгүй байна гэсэн байгаа.

“ММ” ХХК-иас нэхэмжлэгчид зээлийн хүү болгож төлсөн өмнөх 109,000,000,000 төгрөгийг энэ шүүхийн шийдвэрийн дагуу төлөгдсөн гээд хаасан. Энэ нь буруу байсан гэсэн дүгнэлт гарсан тул тухайн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгасан тогтоолыг хүчингүй болгосон.

Гэтэл 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгч дахиад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоол гаргасан. Энэхүү тогтоолыг гаргахдаа өмнө яригдсан 109,000,000,000 төгрөгийг төлөөгүй байна гэдгийг төлбөр төлөгч “ММ” ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал үүсэж байгаа. 109,000,000,000 төгрөг төлчихсөн гээд хаасан байсан аж ахуйн нэгж нэмээд 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр буюу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгосноос 1 хоногийн дараа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд 109,443,842,736 төгрөг буюу 32,357,718 ам.долларыг шилжүүлсэн.

Үүнээс харахад өмнө төлөгдсөн гэж ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл дээр дурдаад байгаа 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2,250 доллароор Хаан банк болон Голомт банкны данснуудаар төлөгдөж байсан 109,000,000,000 төгрөг бол өнөөдрийн яриад байгаа 00 дугаар гүйцэтгэх хуудасны дагуу биелэгдсэн шийдвэр гүйцэтгэгчийн төлбөр биш болох нь тодорхой болсон. Ингээд 109,000,000,000 төгрөг төлөгдөнгүүт ахлах шийдвэр гүйцэтгэгч энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Шүүхийн шийдвэрт заасан төлбөр бүрэн төлөгдсөн байна гэсэн үндэслэлээр дуусгавар болгосон.

Гэтэл төлбөр төлөгчөөс төлсөн 135,721,947,897 төгрөг, 109,443,842,736 төгрөгийг тухайн үеийнх нь долларын ханшаар бодоод үзэхээр 72,925,260 долларыг төлсөн байгаа. 85,350,466.08 ам.доллароос дутуу төлсөн байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 113 дугаар зүйлд шүүхийн шийдвэр бүрэн биелэгдэж, шүүхийн шийдвэрт заасан мөнгө бүрэн төлөгдсөнөөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болно гэсэн зохицуулалт байгаа. Төлсөн мөнгөн дүнгүүдийг нэмээд үзэхээр шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг бүрэн гаргуулсан зүйл байхгүй. Яаруу сандруу, өмнөх тогтоолыг нь хүчингүй болгохоор маргааш нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоол гаргаж байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус байна. Шүүхийн шийдвэрт заасан төлбөл зохих мөнгө бүрэн төлөгдөөгүй байна. Ийм учраас энэхүү төлбөрийг бүрэн гүйцэд гаргуулж өгнө үү гэсэн байр суурьтай нэхэмжлэл гаргасан. 

Хоёр. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдөр нэмэлт тайлбар нотлох баримт гаргаж өгсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна”, 6 дугаар зүйлийн 6.2.3-т “Монгол Улсын олон улсын гэрээнд заасан бол гадаад улсын шүүх, олон улсын шүүх, арбитрын шийдвэр”, 6.2.4-т “шүүхээр баталгаажуулсан цэргийн анги, байгууллагын захирагч /дарга/-ийн эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тухай тушаал, нотариатчийн мэдэгдэх хуудас, арбитрын шийдвэр”, 19 дүгээр зүйлийн 19.1, 20 дугаар зүйлийн 20.1.5-д “төлбөр авагчид олговол зохих төлбөрийн хэмжээ” гэж тус тус зааснаар шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шүүх, арбитрын хүчин төгөлдөр болсон шийдвэр, түүнд үндэслэн олгосон гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, эдгээр гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийн төрөл, хэмжээний дотор төлбөрийг гаргуулах үүрэгтэй.

Энэ үүргээ хариуцагч биелүүлээгүй учир нэхэмжлэгч нь өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай Нью-Йоркийн Конвенцын 2-т “Арбитрын шийдвэр” гэсэн нэр томъёонд тухай бүрт томилогдсон арбитрчдын гаргасан маргааны талаарх шийдвэр ордог.

Арбитрын шийдвэр нь тухайн маргааныг хянан шийдвэрлэсэн арбитрын бүрэлдэхүүний шийдвэр бөгөөд тус хэрэгт төлбөрийг ам.доллароор тооцож, хариуцагчийг төлөхөөр үүрэг болгосон байдаг. Нэгэнт зээлийг ам.доллароор буцаан төлөх үүрэг хүлээлгэсэн Арбитрын шийдвэр болон түүнийг хүлээн зөвшөөрсөн Монголын улсын шүүхийн шүүгчийн захирамжийг өөрчлөх эрх шийдвэр гүйцэтгэх байгууллагад байхгүй.

Конвенцын 3, 5 (1) е, 5 (2) b нь арбитрын шийдвэрийг заавал биелүүлэх эцсийн шийдвэр гэж хүлээн зөвшөөрөх бөгөөд түүнийг биелүүлэхдээ агуулгыг өөрчлөх боломжийг хаасан байдаг. Арбитрын шийдвэрийг биелүүлэхдээ түүнийг үндсэн агуулга, хэлбэрийг өөрчлөхгүйгээр буюу мөнгөн төлбөрийн валютыг тэр хэлбэрээр нь биелүүлэх тухай юм. Хэрвээ дотоодын хууль тогтоомжоор заавал дотоодын валют руу хөрвүүлэх бол тухайн төлбөр шилжүүлэх өдрийн ханшаар тооцох нь ханшны зөрүүний хохирлоос сэргийлэх юм. Гадаадын арбитрын шийдвэрийг биелүүлэх үүрэг хүлээсэн ихэнх улс орнууд шийдвэр дээр заасан валютаар төлдөг нь нэгэнт олон улсын арбитрт хүлээн зөвшөөрөгдсөн практик юм.

“И” банкнаас “ММ” ХХК-д олгосон зээл нь хил дамнасан бүтээн байгуулалтын томоохон төслийг Монгол Улсад санхүүжүүлсэн, гадаадын банкнаас олгосон олон улсын чанартай зээл бөгөөд доллароор зээлээ олгож, зээлээ буцаан авахдаа ч доллароор авах нь зүй ёсны хэрэг юм. Энэ үүргийг зээлийн гэрээгээр баталгаажуулсан байдаг буюу үүнийг нь Монголын шүүх мөн хянан үзээд, хүлээн зөвшөөрсөн. Түүгээр ч үл барам зээлийн гэрээг хэрэгжүүлэхэд учрах аливаа зардлыг ч зээлдэгч хариуцахаар гэрээний 6.3, 10.4, 12.1, 12.5 дахь хэсэгт талууд тусгасан. Мөн гэрээний 20-д валютын ханшийн эрсдэлийн баталгааг хэрхэх талаар тодорхой  зохицуулсан ба уг зохицуулалт зааснаар валютын ханшийн эрсдэлийг зээлдэгч хариуцахаар тохиролцсон байна.

Гэтэл энэхүү зээлийн төлбөрийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй, “ММ” ХХК нь авсан зээлээ буцаагаад доллароор бүрэн төлөх ёстой байтал төгрөгөөр тооцон дутуу төлж, ханшийн зөрүүнээс болж зээлдүүлэгч банкийг ихээхэн хохиролд унагаагаад байгаа нь Монгол улсад гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг эвдэх, дараа дараагийн томоохон хөрөнгө оруулалтыг дэмжихгүй байх нөхцөлийг бүрдүүлж байгааг анхаарах хэрэгтэй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасан хуулийн тухайд: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт “Гадаад валютын ханшийг шүүхийн шийдвэр гарсан өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тодорхойлно” гэж заасныг хариуцагч, гуравдагч этгээд нарын зүгээс Арбитрын шийдвэр гарсан өдрийн ханшаар төлбөр төлж барагдуулна гэж ойлгож тайлбарлаж буй нь илтэд үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйл нь Шийдвэр гүйцэтгэгч бэлэн мөнгө хүлээн авахтай холбоотой заалт бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч тал гадаад валютыг бэлнээр авчирч төлбөрөө төлсөн тохиолдолд түүнийг хүлээн авахдаа мөн зүйлийн 107.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гарсан өдрийн Монгол банкны ханшаар тооцож хүлээн авахтай холбоотой зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь заалт нь гадаад валютыг төлбөр төлөгч бэлнээр өгсөн тохиолдолд хүлээн авч, Монгол банкны ханшаар тооцож авах, бусдад шилжүүлэх буюу гадаадад суугаа (оршин байгаа) төлбөр авагчийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэхэд ашиглах зохицуулалт юм. Харин гадаад валют олгохоор шийдвэрлэсэн Арбитрын шийдвэрийг биелүүлэхэд хэрэглэх зохицуулалт биш юм.

Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйл: “Шийдвэр гүйцэтгэгч бэлэн мөнгө хүлээн авах” гээд 107.1-107.5 хүртэлх зохицуулалтад төлбөр төлөгчөөс бэлэн мөнгө хүлээн авахдаа баримтлах журмыг нарийвчлан зохицуулсан болох нь дараах зүйл заалтаар тогтоогдож байгаа болно. Тодруулбал: 107.1-д “Шийдвэр гүйцэтгэгч төлбөрт бэлэн мөнгө хүлээн авах, түүнийг төлбөр авагчид олгохдоо энэ тухай баримтыг хоёр хувь үйлдэж, үйлдсэн он, сар, өдрийг бичиж, гарын үсэг зуруулан, төлбөр төлөгчид нэг хувийг өгч, нэг хувийг нь хувийн хэрэгт хавсаргана” гэж, 107.2-т “Бэлэн мөнгө хүлээн авах баримт нь нэгдсэн дугаартай, хэвлэмэл маягт байна” гэж, 107.3-т “Бэлэн мөнгө хүлээн авсан баримт нь ямар нэгэн засваргүй байна, 107.4-т “Шийдвэр гүйцэтгэгч нь хүлээн авсан бэлэн мөнгийг төв суурин газарт 24 цаг, хөдөө орон нутагт 72 цагийн дотор төлбөр авагчид олгож, эсхүл шийдвэр гүйцэтгэх газрын дансанд шилжүүлнэ” гэж, 107.5-д “Гадаад валютын ханшийг шүүхийн шийдвэр гарсан өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тодорхойлно” гэж тус тус заасан.

Эдгээр заалтаас үзэхэд шийдвэр гүйцэтгэгч бэлэн мөнгө хүлээн авсан тохиолдолд,  мөн төлбөр төлөгчөөс гадаад валют бэлнээр хүлээн авсан тохиолдолд тухайн гадаад валютыг уг шийдвэр гарсан өдрийн Монгол банкны албан ёсны ханшид шилжүүлж хүлээн авах талаар тус тус зохицуулалтууд юм.

Гэтэл хариуцагчийн өмгөөлөгч 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хурал эхлэхэд бичгээр гаргасан тайлбар, гуравдагч этгээдээс 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд тайлбар ирүүлэхдээ хариуцагч гадаад валютын ханшийг шүүхийн шийдвэр гарсан өдрөөр тооцоолсон нь зөв байна хэмээн тайлбарласан ижил агуулга бүхий тайлбарыг ирүүлсэн. Уг тайлбар нь хариуцагч Ц. 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбараас зөрж байгаа ба хариуцагчийн гаргасан шийдвэрийн үндэслэлийг өнөөдөр түүний өмгөөлөгч, гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгч нар түүний өмнөх тайлбараас өөрөөр тайлбарлах боломжгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй. Мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.1-д зааснаар 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд уг үүргийг даргалагч шүүгч тайлбарласан. Хариуцагчийн төлөөлөгч буюу арбитрын шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан тойргийн шийдвэр гүйцэтгэгч С. өөрийн эрх, үүрэгтэй танилцсаны дараа 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 0 дугаар тогтоолоор үүсгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон хууль зүйн үндэслэл болон уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ямар үндэслэлээр болгосон талаар тодорхой тайлбарласан болно. Иймээс С. 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаан дээр бичгээр болон амаар хэлсэн тайлбарыг үнэн зөв гэж үзнэ.

С. тайлбарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь заалтыг үндэслэсэн талаар тусгаагүй ба уг заалтыг үндэслээгүй болохоо шүүх хуралдаан дээр удаа дараа илэрхийлсэн.

Хариуцагч арбитрын шийдвэрийг биелүүлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэг Төлбөр төлөгчөөс шүүхийн шийдвэрт заасан хөрөнгө, мөнгийг гаргуулснаар төлбөрийг биелүүлсэнд тооцно”, 116 дугаар зүйлийн 116.1 дэх хэсэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаад улсын, олон улсын шүүх, арбитрын шийдвэрийг гүйцэтгэх журмыг энэ хууль, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлно” гэж заасныг тус тус баримтлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах үүрэгтэй ба арбитрын шийдвэрт заасан ам доллар болон еврог төлбөр төлөгчөөс бүрэн гаргуулж төлбөр авагч талд олгох ёстой.

Гэтэл хариуцагч нь хуулиар тодорхой зохицуулж өгсөн харилцааг илтэд буруу тайлбарлан хэрэглэж, “ММ” ХХК-д давуу байдал үүсгэн 12,425,206.3 ам.доллар мөн 856,570.33 еврог дутуу төлсөн байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь үндэслэлгүй.  Иймээс арбитрын шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь хуульд нийцсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь заалтыг “ММ” ХХК-д ашигтай байдлаар хоёр өөрөөр тайлбарлаж байгаа нь “ММ ХХК-д давуу байдал олгох сонирхолтой байгааг харуулж байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.М, хариуцсан тойргийн шийдвэр гүйцэтгэгч С. нар 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 0 дугаар “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай” тухай тогтоол үйлдсэн. Энэхүү тогтоолыг үйлдэхдээ төлбөр төлөгчийн 14 удаагийн үйлдлээр нийт 109,433,842,732 төгрөг буюу 31,666,666 ам.доллар төлөгдсөн гэж тайлбарладаг. Гэвч төлбөр төлөгч нь энэхүү төлбөрийг төлөхдөө 12 удаа 2,250,000 ам.доллар, 2 удаа 2,333,333 ам.доллароор төлсөн бөгөөд энэхүү төлбөрийг шилжүүлэхдээ Олон Улсын Арбитрын шийдвэр гарсан өдрөөр бус харин шилжүүлэг хийсэн өдрийн Монгол банкны зарласан ханшаар тооцож мөнгөн төлбөрөө шилжүүлсэн байдаг. Жишээ нь:

2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр “ММ” ХХК-иас “ИИ” компани руу 7,884,000,000 төгрөг шилжүүлсэн буюу 1 ам.долларыг 3,504 төгрөгөөр тооцон нийт 2,250,000 ам.доллар, 2023 оны 02  дугаар сарын 24-ний өдөр “ММ” ХХК-иас “ИИ” компани руу 7,914,915,000 төгрөг шилжүүлсэн буюу 1 ам.долларыг 3,517.74 төгрөгөөр тооцон нийт 2,250,000 ам.доллар гэх мэтээр шилжүүлж байсан нь хэргийн 169-185 дугаар талд авагдсан баримтаар нотлогдоно. 

Өөрөөр хэлбэл хариуцагч Д.М нар нь 2024 оны 3 дугаар сарын 22-ны  өдрийн 0 дугаар тогтоол, 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 0 дугаартай хоёр тогтоол үйлдэхдээ хуулийг хоёр өөрөөр тайлбарлан хэрэглэж, төлбөр төлөгч “ММ” ХХК-д санаатай давуу байдал үүсгэсэн гэж үзэхээр байна. Хариуцагчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасныг, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйл 8.6.1 дэх хэсэгт “шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа бусдад ялгавартай хандах, хууль бусаар давуу эрх олгох” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзнэ.

Түүнчлэн хариуцагч нь “ММ” ХХК-тай хамтран ажиллаж, түүнд давуу байдал олгож байна гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч бид хардаж байгаа. Энэхүү хардлага нь хариуцагчийн дараах үйлдэл, баримтаар тогтоогдож байгаа билээ. Үүнд:

1/ Хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолтой холбоотой маргаанд анх удаа шүүх хуралдаанд өмгөөлөгч авч оролцож байгаа тухай С. өөрөө хэлдэг.

2/ Шийдвэр гүйцэтгэгч С. нь 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Ө.Б нарыг хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт, мөн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Ч. өмгөөлөгчөөр оролцуулахаар буюу нийт 4 өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан. Гэвч шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчөөр ганц Ч. оролцсон бөгөөд бусад өмгөөлөгч нараас татгалзсан эсэх тодорхойгүй байдаг.

Гэтэл өнөөдрийн байдлаар хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлтээр тодорхойлогдсон Б. нь гуравдагч этгээд “ММ” ХХК-ийн өмгөөлөгчөөр ажиллаж байна. Мөн Ө. нь арбитрын шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааны явцад “ММ” ХХК-ийг төлөөлөн уулзалт хийж байсан хуульч болно. /Энэ нь Ө. ирүүлсэн ... өдрийн цахин шуудангаар тогтоогдоно/ Үүнээс үзэхэд хариуцагч, гуравдагч этгээд нар нь нэг ашиг сонирхолтой бөгөөд хариуцагч нь гуравдагч этгээдэд илт үйлчилж түүнд бусдаас давуу байдал олгож байгаа нь тодорхой харагдаж байна. Мөн хариуцагчийн, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын энэхүү үйлдэл нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан хориглосон үйл ажиллагаа гэдгийг дурдах нь зүйтэй.

Гадаадад оршин байгаа төлбөр авагчид төлбөрийн мөнгийг шийдвэр гүйцэтгэх газрын данснаас банкаар дамжуулан гадаад төлбөр тооцооны журмаар олгох, шилжүүлэх зохицуулалтын тухайд:

Хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т “гадаадад оршин суугаа /оршин байгаа/ төлбөр авагчид төлбөрийн мөнгийг шийдвэр гүйцэтгэх газрын данснаас банкаар дамжуулан гадаад төлбөр тооцооны журмаар олгох бөгөөд шилжүүлэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монгол банкны Ерөнхийлөгчтэй хамтран батална” гэж заасныг үндэслэн Хууль зүйн дотоод хэргийн сайд, Монгол банкны ерөнхийлөгчийн 2017 оны 10 сарын 18-ны өдрийн А/259/А-270 дугаартай хамтарсан тушаалаар ‘Гадаадад оршин байгаа төлбөр авагчид төлбөрийн мөнгийг шийдвэр гүйцэтгэх газрын данснаас банкаар дамжуулан гадаад төлбөр тооцооны журмаар олгох, шилжүүлэх журам’-ыг баталсан. Тус журмын 2 дугаар зүйл 2.5-д ‘Гадаад валютын ханшийг шүүхийн шийдвэр гарсан өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тодорхойлно’ гэж зохицуулсан. Энэхүү зохицуулалт нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107.5, Иргэний хуулийн 217.1 хэсэгтэй нийцсэн болохыг шүүх анхаарч үзэх нь зүйтэй” гэж тайлбарладаг.

Эл журмын зорилго нь гадаадын арбитрын шийдвэрийг биелүүлэх тухай харилцааг зохицуулсан журам биш бөгөөд зөвхөн төлбөр авагч нь гадаадад оршин суугаа тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлөгдсөн төлбөрийг хэрхэн гадаад руу шилжүүлэх харилцааг зохицуулсан журам юм.

Түүнчлэн журмын 2 дахь хэсэгт төлбөрийн мөнгийг шилжүүлэх гэж заасан ба 2.1-д “Гадаадад оршин суугаа /оршин байгаа/ төлбөр авагчид олгох төлбөрийн мөнгийг төлбөр төлөгчөөс бэлэн мөнгөөр гаргуулсан бол төв суурин газарт 24 цаг, хөдөө орон нутагт 72 цагийн дотор шийдвэр гүйцэтгэх газрын дансанд төвлөрүүлнэ” гэж зааснаас үзэхэд мөн журмын 2.5 дахь “Гадаад валютын ханшийг шүүхийн шийдвэр гарсан өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тодорхойлно” заалт нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь заалттай ижил утгаар буюу төлбөр төлөгч шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөхдөө гадаад валют бэлнээр өгсөн тохиолдолд уг гадаад валютын ханшийг шийдвэр гарсан өдрийн ханшаар тооцож авах харилцааг зохицуулсан журам байна.

Гэтэл хариуцагчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээд талаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 болон Хууль зүйн дотоод хэргийн сайд, Монгол банкны ерөнхийлөгчийн 2017 оны 10 сарын 18-ны өдрийн А/259/А-270 дугаартай хамтарсан тушаалаар баталсан “Гадаад оршин байгаа төлбөр авагчид төлбөрийн мөнгийг шийдвэр гүйцэтгэх газрын данснаас банкаар дамжуулан гадаад төлбөр тооцооны журмаар олгох, шилжүүлэх журам”-ын 2.5 дахь заалтыг зориудаар буруу буюу өөрт ашигтай байдлаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

Дани улсын төрийн өмчит “ИИ” компани нь “ММ” ХХК-д холбогдуулан Холбооны Бүгд Найрамдах Германы Арбитрын Институтэд нэхэмжлэл гаргасан. Холбооны Бүгд Найрамдах Германы Арбитрт Институт талуудын хооронд үүссэн маргааныг хянаад 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Арбитрын шийдвэр гаргасан байдаг.

Дээрх шийдвэрээр хариуцагч “ММ” ХХК-иас нийт 85,350,466.8 ам.доллар болон 856,750.33 еврог гаргуулж нэхэмжлэгч Дани улсын нийтийн өмчит “ИИ” компанид олгохоор шийдвэрлэсэн. Арбитрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Аль улсад гаргаснаас үл хамааран арбитрын үндсэн шийдвэрийг заавал биелүүлэх хүчинтэй гэж хүлээн зөвшөөрөх бөгөөд харьяалах шүүхэд өргөдөл гаргаснаар энэ хуулийн 48, 49 дүгээр зүйл болон Гадаадын арбитрын байгууллагын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, гүйцэтгэх тухай 1958 оны Нью Йоркийн конвенцт заасан журмын дагуу арбитрын үндсэн шийдвэрийг гүйцэтгэнэ” гэж, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 183.1, 184.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу Монгол улсын шүүх 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 000 захирамжаар Бүгд Найрамдах Германы Арбитрт Институтийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн арбитрын шийдвэр, 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Арбитрын шийдвэрт засвар оруулсан арбитрын шийдвэрийг баталгаажуулсан байдаг.

Түүнчлэн Монгол улс 1994 оны 5 дугаар сарын 26-ний өдөр нэгдэн орсон Гадаадын арбитрын байгууллагын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, гүйцэтгэх тухай 1958 оны Нью-Йоркийн конвенцын 3 дугаар зүйлд “...Хэлэлцэн тохирогч улс бүр арбитрын шийдвэрийг заавал биелүүлэх шийдвэр гэж хүлээн зөвшөөрөх...” гэж заасны дагуу заавал биелэгдэх учиртай.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д “Төлбөр төлөгчөөс шүүхийн шийдвэрт заасан хөрөнгө, мөнгийг гаргуулснаар төлбөрийг биелүүлсэнд тооцно” гэж, мөн хуулийн 116.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаад улсын, олон улсын шүүх, арбитрын шийдвэрийг гүйцэтгэх журмыг энэ хууль, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлно” гэж заасны дагуу хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон шийдвэр гүйцэтгэгч нь Бүгд Найрамдах Германы Арбитрт Институтийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн арбитрын шийдвэрээр төлбөр төлөгч “ММ” ХХК-иас гаргуулан олгохоор шийдвэрлэсэн 85,350,466.8 ам.доллар болон 856,750.33 еврог гаргуулж нэхэмжлэгч Дани улсын нийтийн өмчит “ИИ” компанид олгох ёстой.

Гэвч өнөөдрийн байдлаар хариуцагч нь төлбөр төлөгч “ММ” ХХК-иас 72,925,260.49 ам.долларыг гаргуулан төлбөр авагчид шилжүүлээд үлдэх 12,425,206.3 ам.доллар болон 856,570.33 еврог төлбөр төлөгчөөс гаргуулж төлбөр авагчид шилжүүлэлгүйгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-д “төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн” гэж заасан үндэслэлээр дуусгавар болгож байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйл, 29 дүгээр зүйлийн 29.1.3, 107 дугаар зүйлийн 107.5, 113 дугаар зүйлийн 113.1, Арбитрын тухай хуулийн 48 дугаар зүйл 48.1 дахь хэсгүүдэд  заасныг зөрчсөн байна.

Хариуцагч шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дээрх заалтууд Монгол улс 1994 оны 5 дугаар сарын 26-ний өдөр нэгдэн орсон Гадаадын арбитрын байгууллагын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, гүйцэтгэх тухай 1958 оны Нью-Йоркийн конвенци болон Арбитрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин төлбөр төлөгч “ММ” ХХК-д давуу эрх олгож гадаадын болон монголын хоёр хуулийн этгээдэд ялгавартай хандсан асуудал хууль шүүхийн байгууллагыг олон улс, хөрөнгө оруулагчдын өмнө Монгол улс, Монголын шүүхийн нэр хүндийг унагах нөхцөл байдлыг үүсгэж байгаа билээ.

Хэрэв хариуцагчийн тайлбарлаж буй шиг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107.5, Иргэний хуулийн 217.1, Журмын 2.5 дахь хэсэгт заасны дагуу “Шүүхийн шийдвэр гарсан өдрийг тодорхойлох” шаардлагатай гэж үзвэл Арбитрын тухай хуулийн 48 дугаар зүйл 48.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйл 185.1 дэх хэсэгт заасны дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 000 дугаар захирамж болон 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 0000 дугаар гүйцэтгэх хуудас гарсан өдрийг шүүхийн шийдвэр гарсан өдөр гэж тодорхойлохоор байна. Гүйцэтгэх хуудас бичигдсэн өдөр Монгол банкнаас 1 ам.долларын ханшийг 3,520 төгрөг гэж зарласан байдаг. 

Гадаад улсын арбитрын шийдвэрийг Монгол улсад шууд шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлэх хууль зүйн боломжгүй. Харин гадаадын арбитрын шийдвэрийг баталгаажуулах хүсэлт шүүхэд ирсэн тохиолдолд шүүх Арбитрын тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу дараах ажиллагааг шалгах тогтоох үүрэгтэй. Үүнд:

Нэгдүгээрт: арбитрын хэлэлцээрийн аль нэг тал эрх зүйн чадамжгүй, эсхүл арбитрын хэлэлцээр нь талуудын тохиролцон сонгосон улсын хуульд зааснаар, эсхүл тохиролцон сонгоогүй бол хуульд зааснаар хүчин төгөлдөр бус эсэх;

Хоёрдугаарт: арбитрын үндсэн шийдвэрээр үүрэг хүлээсэн талд арбитрч томилох, арбитрын ажиллагааны тухай зохих ёсоор мэдэгдээгүй, эсхүл арбитрын ажиллагаанд зохих ёсоор оролцож тайлбар өгөх боломжгүй байсан;

Гуравдугаарт: арбитрын бүрэлдэхүүн үндсэн шийдвэрээ нэхэмжлэлд дурдаагүй, хамааралгүй асуудлаар гаргасан. Арбитрт гаргасан нэхэмжлэлд дурдаагүй, хамааралгүй асуудлаар гаргасан үндсэн шийдвэрийн заалтыг нэхэмжлэлд дурдсан асуудлаар гаргасан шийдвэрээс салгах боломжтой бол холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч гүйцэтгэж болно;

Дөрөвдүгээрт: арбитрын бүрэлдэхүүн, арбитрын ажиллагаа талуудын хэлэлцээрт нийцээгүй, эсхүл тийм хэлэлцээр байгуулаагүй бол арбитрын ажиллагаа харьяалагдах улсын хуульд нийцээгүй;

Тавдугаарт: тухайн үндсэн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байгаа, эсхүл шийдвэр гаргасан улсын шүүхээс, эсхүл уг шийдвэрт хэрэглэгдэх улсын хуулийн дагуу шийдвэр хүчингүй болсон, үндсэн шийдвэрийн гүйцэтгэлийг түдгэлзүүлсэн;

Зургаадугаарт: Монгол Улсын хуулиар уг маргаан арбитрын харьяаллын маргаан биш;

Долоодугаарт: Арбитрын үндсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрч гүйцэтгэх нь Монгол Улсын нийтлэг ашиг сонирхлыг зөрчсөн;

Дээр дурдсан арбитрын шийдвэрийг Монгол улсад хүлээн зөвшөөрч баталгаажуулах, албадан биелүүлэх гүйцэтгэх хуудас бичихээс татгалзах үндэслэл тогтоогдвол уг арбитрын шийдвэрийг баталгаажуулж, гүйцэтгэх хуудас олгохгүй байх журамтай. Иймээс арбитрын шийдвэр баталгаажиж, гүйцэтгэх хуудас бичигдсэн өдрийг шийдвэр гарсан өдөр гэж үзэх үндэслэлтэй.

Энэ ч утгаар тооцвол мөн л шүүхийн захирамж, гүйцэтгэх хуудсанд заагдсан төлбөр бүрэн төлөгдөөгүй байна. Иймд хариуцагч нь хуульд заасны дагуу буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйл 11.1, 11.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Түүнчлэн дээр дурдсан шүүхийн захирамж болон гүйцэтгэх хуудсанд төлбөрийг төгрөгөөр төлж барагдуулах тухай шийдвэрийг агуулга байхгүй болно.  

Хэрэв хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасны дагуу гадаад валютын ханшийг тооцох гэж байгаа тохиолдолд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Арбитрын шийдвэрийг баталгаажуулсан өдрийн ханшаар тооцохоор байна.

Гуравдагч этгээдийн гаргаж өгсөн Улсын дээд шүүхийн тогтоолын тухайд:

Монгол улсын шүүхийн тогтолцоо нь Ром, Германы эрх зүйн бүлд хамаардаг тул Улсын дээд шүүхийн шийдвэрийг жишиг болгон хэрэглэх хууль зүйн үндэслэл байхгүй. Иймд энэ талаар гуравдагч этгээдийн зүгээс 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдөр гаргаж өгсөн нотлох баримт буюу улсын дээд шүүхийн тогтоолыг шүүхэд нотлох баримтаар хүргүүлж тэр талаар тайлбар гаргасан нь Монгол улсын шүүхийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн болон Засгийн газрын гишүүн, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны гишүүн, аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох,нөлөөлөхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Мөн гуравдагч этгээдээс ирүүлсэн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйл 44.2 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно” гэж заасныг зөрчсөн нотлох баримтын шаардлага хангаагүй баримт юм.

Өөрөөр хэлбэл Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 09-ны өдрийн 00 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 00 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 00 дугаар тогтоолтой хэрэгт бид зохигчоор оролцож байгаагүй, түүнчлэн тухайн хэрэгт авагдсан нотлох баримтыг бид үзээгүй тул тухайн хэргийг шийдвэр, тогтоолыг бид нотлох баримтаар үнэлэх, нийтэд илэрхий үйл баримт гэж үзэх боломжгүй юм. Мөн тухайн хэргийн үйл баримтыг харвал гадаадын арбитрын шийдвэр биелүүлэхэд хамаарахгүй буюу дотоодын шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийн маргаанд хамаарч байх тул үүнийг шууд хэрэглэхэд учир дутагдалтай юм. Учир нь гадаадын арбитрын шийдвэр биелүүлэх асуудал нь Монгол Улсын олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүрэгтэй холбогдож буйгаараа эрс ялгаатай болохыг анхаарах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж хэнтэй ч хуваалцахгүй бүрэн эрхийг шүүхэд олгосон байдаг. Гэтэл гуравдагч этгээдийн зүгээс дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг гаргаж өгч байгаа нь шүүхийн дотоод итгэл үнэмшилд илтэд нөлөөлөх гэсэн үйлдэл гэж үзэхээр байна. 

Хэрэв хариуцагч, гуравдагч этгээдийн шийдвэрийг шүүх хэрэглэх тохиолдолд Монгол улсын дээд шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 00 дугаар тогтоолыг анхаарч үзэх шаардлага үүсч байна. Учир нь Монгол улсын дээд шүүхийн 2022 оны 00 дугаар тогтоолын хянавал хэсгийн 13.2 дахь хэсэгт “Хэдийгээр ББ ХХК нь 1,784,924 ам.долларыг “ГБ” ХХК-д төлөхдөө Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулаагүй буюу уг төлбөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар төлөгдөөгүй боловч шүүхийн шийдвэрт заасан төлбөр нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр илэрхийлэгдсэн тул ам.доллараар төлсөн мөнгийг уг мөнгө төлөгдсөн үеийн Монгол банкнаас зарласан ам.долларын төгрөгтэй харьцах ханшаар тооцоход 3,307,558,323.27 төгрөг болсон, энэ нь шүүхийн шийдвэрт заасан хэмжээнд хүрсэн байна” гэж дүгнэн уг хэргийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл шүүх төлбөр төлөгчийн төлсөн гадаад валютыг уг мөнгө төлөгдсөн үеийн Монгол банкнаас зарласан ам.долларын төгрөгтэй харьцах ханшаар тооцохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх гомдлын талаар:

Нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 болон 64 дүгээр зүйлийн 64.2-д “Бичгээр, эсхүл цахим хэлбэрээр олгосон итгэмжлэл нь дараахь шаардлагыг хангасан байвал зохино” заасан шаардлага шалгуурыг хангаж байгаа ба итгэмжлэлийн 9 дэх хэсэгт арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх бүх шатны шүүхэд төлөөх гэж заасан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон хариуцагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхтэй болохыг илтгэж байна.

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөл байдал үүссэн гэж үзэхгүй.

Гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гаргасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 122 дугаар зүйл 122.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйл 13.1, 65 дугаар зүйл 65.1.1, 117 дугаар зүйл 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлтийн тухайд:

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-д “төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн” гэх үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Гэтэл бодит байдал дээр төлбөр төлөгч “ММ” ХХК-иас гаргуулах 85,350,466.8 ам.доллароос 72,925,260.49 ам.долларыг гаргуулан төлбөр авагчид шилжүүлээд үлдэх 12,425,206.3 ам.доллар мөн 856,570.33 еврог гаргуулаагүй учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-д заасан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон учир мөн 29.3-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлахгүй болно. Мөн энэ хэсэгт заасан асуудлаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс 2025 оны 5 дугаар сарын 04-ний шүүхэд дэлгэрэнгүй тайлбар өгсөн байгаа ба тус тайлбараа дэмжиж байгаа болно.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “ИИ” компанийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 0 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, 0 бүртгэлийн дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулахыг хариуцагчид даалгах тухай иргэний хэрэгт дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

Нэг. Гадаадад оршин байгаа төлбөр авагчид төлбөрийн мөнгийг шийдвэр гүйцэтгэх газрын данснаас банкаар дамжуулан гадаад төлбөр тооцооны журмаар олгох, шилжүүлэх зохицуулалтын тухай. 

Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гагцхүү Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар зохицуулдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т “Гадаадад оршин суугаа /оршин байгаа/ төлбөр авагчид төлбөрийн мөнгийг шийдвэр гүйцэтгэх газрын данснаас банкаар дамжуулан гадаад төлбөр тооцооны журмаар олгох бөгөөд шилжүүлэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монгол банкны Ерөнхийлөгчтэй хамтран батална” гэж заасныг үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Монгол банкны ерөнхийлөгчийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/259 /А-270 дугаартай хамтарсан тушаалаар “Гадаадад оршин суугаа /оршин байгаа/ төлбөр авагчид төлбөрийн мөнгийг шийдвэр гүйцэтгэх газрын данснаас банкаар дамжуулан гадаад төлбөр тооцооны журмаар олгох, шилжүүлэх журам”-аар баталсан. Тус журмын 2.5-д “Гадаад валютын ханшийг шүүхийн шийдвэр гарсан өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тодорхойлно” гэж зохицуулсан.

Журмын энэхүү зохицуулалт Шүүхийг шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 болон Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцсэн болохыг шүүх анхаарч үзэх нь зүйтэй.

Түүнчлэн ижил төстэй хэрэг маргааныг шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн тогтоолоор гадаад валютаар илэрхийлэгдсэн шүүхийн шийдвэрийг төгрөгөөр биелүүлсэн үед ханшийн зөрүүг зохицуулсан дээрх заалтыг хэрэглэснийг зөвтгөж шийдвэрлэсэн ба 2021 онд шинэчлэн найруулсан Шүүхийн тухай хуулийн 25.4-д заасны дагуу Улсын дээд шүүх давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан үзэх замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлдэг болохыг дурдах нь зүйтэй.

Тодруулбал, М.Г нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох маргааныг Улсын дээд шүүх 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 00 тогтоолоор шийдвэрлэсэн. Гадаад валют (ам.доллар)-аар илэрхийлэгдсэн шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ валютын ханшийг шүүхийн шийдвэр гарсан 2013 оны ханшаар төгрөг төлж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосонтой холбоотой маргаанд Улсын дээд шүүх: “Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлийг шүүхийн шийдвэрээр 22,646 ам.доллар гаргуулсан байхад төгрөгөөр тооцсон буруу, төлбөр бүрэн барагдаагүй гэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хоёр шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ, гадаад валютын ханшийг шүүхийн шийдвэр гарсан өдрийн зарласан ханшаар тооцох тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасан зохицуулалтыг болон Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-д заасныг маргааны харилцаанд хэрэглэсэн нь буруутгах үндэслэлгүй юм” гэсэн дүгнэлт хийсэн.

Дээрх дүгнэлтийг хийх замаар Улсын дээд шүүх тус хэргийг шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107.5 дахь заалтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дараах дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн. “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зохицуулалт нь гадаад валютын ханшийн өсөлт, бууралтаас сэргийлэх, гадаад валютыг төгрөгт шилжүүлэх тооцох ханшийн тогтвортой байдлыг хангах, төлбөр авагч болон төлбөр төлөгчийн эрхийг хамгаалсан зохицуулалт тул нэхэмжлэгчийн шүүхийн шийдвэрт доллар гаргуулж байж шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж үзнэ гэх тайлбар үндэслэлгүй байна.”

Мөн дээрх Улсын дээд шүүхийн дүгнэлтээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107.5 дахь заалтын талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дараах дүгнэлт мөн хүлээн зөвшөөрөгдөж байна. “...Хариуцагч нь төлбөр төлөгчийн төлөх 22,646 ам.долларыг шүүхийн шийдвэр гарах үеийн ам.долларын ханш буюу 1,400.31 төгрөгөөр тооцож, нийт 66,410,783 төгрөгийг, төлбөр авагчид шилжүүлэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт Гадаад валютын ханшийг шүүхийн шийдвэр гарсан өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тодорхойлно гэж заасанд нийцжээ.”

“Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа хууль зөрчөөгүй, гадаад валютын ханшийг шүүхийн шийдвэр гарсан өдрөөр тооцоолсон нь зөв бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5, Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцсэн байх тул нэхэмжлэгч талын гомдолд заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй болно.” гэжээ.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа хууль зөрчөөгүй, гадаад валютын ханшийг шүүхийн шийдвэр гарсан өдрөөр тооцоолсон нь зөв байна.

Хоёр. Дуусгавар болгосон шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхгүй.  

Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл, арга хэрэгсэл, журам, цаашлаад шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргах эрх хэмжээ, хугацаа зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар нарийвчлан зохицуулжээ.

Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан тодорхой шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд ажиллагааны оролцогч нь ахлах болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах зохицуулалт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.3, 44.4 дүгээр зүйлүүдэд хуульчлагджээ.

Гэхдээ гомдол гаргах тухай дээрх зохицуулалт нь тус хуулийн 44.2-т заасан шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах 18 төрлийн үйл ажиллагаанд хамаарахаар байна. Шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах гэдэгт гүйцэтгэх баримт бичигт заасан ажиллагааг албадан гүйцэтгэх буюу тэдгээрийг бүрэн гүйцэтгэхийн тулд хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд хамаардаг байна (Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.1).

Түүнээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохтой холбоотой харилцаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.3, 44.4-т заасан гомдол гаргах зохицуулалт хамаарахгүй. Өөрөөр хэлбэл тус хуулийн 44.3, 44.4 дүгээр зүйлд заасан гомдол гаргах зохицуулалт нь шийдвэр гүйцэтгэх байгууллагын бүх шийдвэр, үйл ажиллагаанд хамаарахгүй. 

Шийдвэр гүйцэтгэх бусад ажиллагаа (шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нээх, хаах гэх мэт)-ын талаар оролцогч гомдол гаргаж болох эсэх тухай зохицуулалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох хэсгүүдэд мөн заажээ. Тухайлбал, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолын талаар шүүхэд гомдол гаргахгүй гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21.3-т заасан байна. Мөн тус хуулийн 63.4-т хөрөнгө албадан борлуулах ажиллагааны явцад нэг асуудлаар дахин шүүхэд гомдол гаргахгүй байх хязгаарлалтыг тогтоожээ.

Дээрхтэй нэгэн адилаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосонтой холбоотой гомдол гаргах эрхийг хууль тогтоогч зарим талаар хязгаарлажээ. Тодруулбал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болох 9 үндэслэлийг тус хуулийн 29.1 дүгээр зүйлд заасан ба эдгээрээс 5 тохиолдлын хувьд гомдол гаргах эрхгүй байдлаар хуульд заасан (Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29.3). Өөрөөр хэлбэл хууль тогтоогч ямар үндэслэлээр ажиллагааг дуусгавар болгосноос нь хамааран гомдол гаргах буюу гаргахгүй байх эрхийг ялгамжтай хуульчилжээ.

Жишээ нь, 2020 оноос өмнө тус хуулийн 29.1.4 дэх хэсэгт заасан үндэслэл (талууд эвлэрч хүсэлт гаргасан)-ээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон бол тус шийдвэрт талууд гомдол гаргах боломжтой байсан. Харин 2020 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар тус хуулийн 29.3 дахь хэсэгт 29.1.4 гэсэн заалтыг нэмж гомдол гаргах эрхгүй болгосон.

Манай тохиолдолд ахлах шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29.1.3 дахь хэсэгт заасан “төлбөрөө бүрэн төлсөн” гэх үндэслэлээр “ММ” ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Тэжээн тэтгэхтэй холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанаас бусад тохиолдолд уг үндэслэлээр дуусгавар болгосон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрт гомдол гаргахгүй талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29.3-т маш тодорхой заажээ.

Хуульд заасан энэ төрлийн гомдол гаргах эрхгүй шийдвэр гэдэг нь тухайн асуудлын талаарх “эцсийн” шийдвэр гэж ойлгогддог. Эцсийн шийдвэр гарсан байхад түүнийг нь дээд шатны байгууллага болон шүүхийн аль аль нь хянах боломж байхгүй. Харамсалтай нь манай хэргийн хувьд гомдол гаргах эрхгүй тогтоол гарсан байхад шүүгч иргэний хэрэг үүсгэж ноцтой алдаа гаргасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд гарсан бүх шийдвэр (ажиллагааг үүсгэх, албадан гүйцэтгэх, дуусгавар болгох)-т гомдол гаргах эрхтэй гэж үзвэл “гомдол гаргах эрхгүй” гэж тодорхойлсон хууль тогтоогчийн үзэл санааны эсрэг үйлдэл болно.

Дүгнэлт: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиас үзэхэд ажиллагааны үе шатыг “ажиллагааг үүсгэх”, “албадан гүйцэтгэх”, “дуусгавар болгох” гэж гурав ангилан үзэх боломжтой байна. Албадан гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан ихэнх шийдвэр (Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44) нь дээд шатны шийдвэр гүйцэтгэгч болон шүүхийн хяналтад байхаар хуульд зохицуулжээ. Харин шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх (Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21) болон дуусгавар болгох (Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29)-той холбоотой гомдол гаргах эрхийг хууль тогтоогч зориудаар хязгаарласан байна. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон ямар төрлийн шийдвэрт нь гомдол гаргаж болох уу, ямар төрлийн шийдвэр нь эцсийнх байх уу гэдгийг хууль тогтоогч өөрийн бүрэн эрхийн хүрээнд маш тодорхой заагласан. Энэхүү хуулийн зохицуулалтыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд, шийдвэр гүйцэтгэх байгууллага төдийгүй шүүх ч дагах учиртай.

Нэгэнт “ММ” ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29.1.3 дахь хэсэгт заасан “төлбөрөө бүрэн төлсөн” үндэслэлээр ахлах шийдвэр гүйцэтгэгч дуусгавар болсон тул тус хуулийн 29.3-т заасны дагуу шүүх иргэний хэргийг үүсгэх эрхгүй байна.

Гурав. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан.

Иргэний хуульд төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэлээр тодорхойлохоор заасны дагуу “ИИ” компани нь итгэмжлэлээр Г. болон Т. нарт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөн оролцох эрхийг олгосон тул тухайн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь итгэмжлэлд тодорхой заасан эрх, үүргийг “ИИ” компанийн нэрийн өмнөөс хэрэгжүүлнэ. Харин итгэмжлэлд заагаагүй эрхийг хэрэгжүүлэх боломжгүй тул итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь “ИИ” компанийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй байна.  Гэтэл хэрэгт авагдсан нэхэмжлэлд нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. болон Т. нар гарын үсэг зурсан байдаг. Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан үндэслэл тогтоогдож байна гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс шүүхэд гаргасан тайлбартаа: Дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1/ Нэхэмжлэгч арбитрын шийдвэрийг биелүүлэх журмыг буруу тайлбарласан байна. Нэхэмжлэгчийн зүгээс Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай Нью-Йоркийн конвенц (цаашид “Нью-Йоркийн конвенц” гэнэ)-ийн дагуу ам доллароор гарсан арбитрын шийдвэрийг ам доллароор нь төлөх ёстой гэсэн агуулга бүхий тайлбарыг гаргажээ.

Нью-Йоркийн конвенц ийм шаардлага тогтоогоогүй тул дээрх тайлбар бүхэлдээ үндэслэлгүй. Нью-Йоркийн конвенцод өнөөдрийн байдлаар 172 улс нэгдэн орсон ба Монгол Улс тус 1994 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Олон улсын конвенцод нэгдэх орох тухай хуулиар нэгдэж оржээ.

Нью-Йоркийн конвенцын 1 болон 2 дугаар зүйлд заасны дагуу хэлэлцэн тохирогч улс нь конвенцод заасан арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч биелүүлэх үүрэг хүлээсэн. Үүн дээр ямар нэг маргаан байхгүй.

Харин гадаад валютын ханшийг хэрхэн хөрвүүлэх тухай буюу арбитрын шийдвэрийг биелүүлэх журмыг Нью-Йоркийн конвенц өөрөө тогтоогоогүй. Харин тус конвенцын 3 дугаар зүйлд арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч биелүүлэх журмыг хэлэлцэн тохирогч улс өөрөө тогтоох тухай дараах зохицуулалт тусгагджээ. “Хэлэлцэн тохирогч улс бүр арбитрын шийдвэрийг заавал биелүүлэх шийдвэр гэж хүлээн зөвшөөрөх бөгөөд түүнийг өөрийн улсын хэрэг хянан шийдвэрлэх эрхийн хэм хэмжээг баримтлан доорх зүйлүүдэд заасан нөхцөлөөр биелүүлнэ”.

Гадаадын арбитрын шийдвэрийг биелүүлэх хэлэлцэн тохирогч улсын тэрхүү журам нь тухайн улсын дотоодын арбитрын шийдвэрийг биелүүлэх журмаас илүү хүнд нөхцөлтэй байж болохгүй гэх ганц хязгаарлалтыг Нью-Йоркийн конвенц тогтоосон (3 дугаар зүйлийн сүүлийн өгүүлбэр). Түүнээс бусдаар гадаадын арбитрын шийдвэрийг хэрхэн хүлээн зөвшөөрөх, хэрхэн биелүүлэх нь тухайн улсын цэвэр “дотоод”-ын хэм хэмжээгээр зохицуулагдах юм. Конвенцын дээрх агуулгыг дараах байдлаар тайлбарлажээ. “Хэлэлцэн тохирогч улс бүрд хамаарах гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч биелүүлэх нэгдсэн процессын хэм хэмжээг тогтоохоос Нью-Йоркийн конвенцыг батлагчид зайлсхийсэн гэдэг нь түүнийг батлах үеийн баримт бичгээс тодорхой харагддаг. Тиймээс Конвенцоор энэ тухай тодорхой хэм хэмжээг тогтоогоогүй бөгөөд өөрийн нутаг дэвсгэртээ арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч биелүүлэхэд хэрэглэх процессын хэм хэмжээг тогтоох эрхийг Хэлэлцэн тохиролцогч улсад нь үлдээсэн юм”.

Дүгнэж хэлбэл, Герман улсын арбитрын шийдвэрийг Монгол Улсад хэрхэн биелүүлэх журмыг Нью-Йоркийн конвенц бус харин тус конвенц зөвшөөрсний дагуу манай улсын дотоодын хэм хэмжээгээр зохицуулахаар байна. Энэхүү дотоодын хэм хэмжээнд Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль зэрэг хууль тогтоомжууд хамаарах юм. Өөрөөр хэлбэл Монгол Улсын шүүх, арбитраас гарсан шийдвэрийг Монгол Улсад биелүүлэх, Герман улсын арбитраас гарсан шийдвэрийг Монгол Улсад биелүүлэх “журам" нь ижил юм. Тиймээс гадаадын арбитрын шийдвэр гарсан учраас шийдвэрт заасан валют, түүний хэмжээгээр шийдвэр гүйцэтгэгдэх ёстой гэх нэхэмжлэгчийн тайлбар бүхэлдээ үндэслэлгүй.

Нэг улсад гарсан арбитрын шийдвэрийг нөгөө улсад биелүүлэхэд ханшийн асуудал (шийдвэрийг гүйцэтгэх валютын төрөл, ханшийг хөрвүүлэх хугацаа гэх мэт) гарах нь зайлшгүй бөгөөд түүнийг хэрхэн шийдвэрлэх нь арбитрын шийдвэрийг биелүүлэгч улсын хууль тогтоомжоос шалтгаалах юм. Нью-Йоркийн конвенц батлагдсанаас хойш 70 орчим жилийн турш конвенцын гишүүн улсууд ийм зарчмаар арбитрын шийдвэрийг гүйцэтгэсээр иржээ.

2/ Арбитрын шийдвэрийг гүйцэтгэх журам нь Монгол Улсын хууль тогтоомжоор зохицуулагдаж байгаа тул арбитрын шийдвэрийн биелэлтийг “төгрөг”-өөр гүйцэтгэсэн нь үндэслэлтэй.

Дээр дурдсанчлан гадаад валютаар илэрхийлэгдсэн арбитрын шийдвэрийг Монгол Улсад биелүүлэхэд төлбөр гүйцэтгэх мөнгөн тэмдэгтийг тодорхойлох асуудал нь гагцхүү Монгол Улсын хуулиар зохицуулагдана. Энэ асуудлыг Иргэний хуулийн 217.1-т “Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ” гэж нарийвчлан зохицуулжээ. Иргэний хуульд заасан мөнгөн төлбөрийн үүрэг гэдэгт гадаад валютаар илэрхийлэгдсэн арбитр, шүүхийн шийдвэр хамаарах ба шийдвэрт тусгагдсан үүргийг төгрөгөөр төлөх боломжтойг шүүхийн практикт нэг мөр хүлээн зөвшөөрсөн байна. Өөрөөр хэлбэл арбитр, шүүхийн шийдвэрт гадаад валют тусгагдсан нь түүнийг төгрөгөөр гүйцэтгэхэд саад болохгүй юм.

Манай тохиолдолд Герман улсын арбитрын шийдвэр “ам доллар” болон “евро” гэсэн хоёр өөр валютаар илэрхийлэгдэж гарсан. Гүйцэтгэх хуудаст ч дээрх гадаад валют илэрхийлэгдсэн. Харин энэхүү “ам.доллар” болон “евро”-оор илэрхийлэгдсэн арбитрын шийдвэрийг Монгол Улсын мөнгөн тэмдэгтээр илэрхийлж Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэхийг дээрх Иргэний хуулийн 217 дугаар зүйл зөвшөөрсөн байна. Тиймээс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын зүгээс гуравдагч этгээдийн үүргийн гүйцэтгэлийг “төгрөг”-өөр тооцон хүлээн авсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Харин Монгол Улсын нутаг дэвсгэрт явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үүргийг зайлшгүй ам доллар эсхүл еврогоор гүйцэтгэх ёстой гэх шаардлагыг төрийн байгууллагаас шаардах нь дээрх хуульд нийцэхгүй.

Мөн практик талаас нь авч үзвэл арбитрын шийдвэрийн үүргийг гагцхүү тухайн шийдвэрт заагдсантай ижил валютаар гүйцэтгэх ямар ч боломжгүй. Учир нь гадаад валют гэдгийг түгээмэл хэрэглэгддэг “ам доллар”, “евро”-оор хязгаарлан ойлгох боломжгүй. Манай улс нь Нью-Йоркийн конвенцын гишүүн улсынхаа хувьд бусад 171 оронд гарсан арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч биелүүлэх үүрэгтэй.

Тиймээс манай улсын шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын өмнө 171 өөр төрлийн валютаар илэрхийлэгдсэн арбитрын шийдвэр ирэх боломжтой. Тухайлбал Нью-Йоркийн конвенцын гишүүн Албани улсын арбитраас түүний мөнгөн тэмдэгт “албани лек”(ALL)-р гарсан арбитрын шийдвэрийг Монгол Улсад биелүүлэхийн тулд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд “албани лек” шилжүүлэхийг хариуцагчаас шаардах боломжгүй. Харин “албан лек”-ийн төлбөрийн үүргийг “төгрөг”-т хөрвүүлэн Монгол Улсад гүйцэтгэх ба энэ Нью-Йоркийн конвенцод нийцнэ. Ийнхүү хөрвүүлэхдээ ямар ханшийг баримтлах вэ гэдгийг дараагийн хэсэгтээ дэлгэрүүлж авч үзье.

3/ Мөнгөн төлбөрийн үүргийг төгрөгөөр гүйцэтгэхдээ гадаад валютын ханшийг “арбитрын шийдвэр гарсан өдөр”-ийн албан ханшаар тооцсон нь үндэслэлтэй. Нью-Йоркийн Конвенцын 3 дугаар зүйлд заасны дагуу нэг улсын валютыг нөгөө улсад хөрвүүлэх “ханш’’-ийн асуудал нь мөн л “дотоодын” хууль тогтоомжоор зохицуулагдана. Тиймээс гадаад валютаар илэрхийлэгдсэн Монгол Улсын шүүхийн шийдвэрийг төгрөгт хөрвүүлэн биелүүлэх асуудлыг зохицуулсан Монгол Улсын улсын хэм хэмжээ болон практик нь Герман улсын арбитрын шийдвэрийг биелүүлэхэд нэгэн адил үйлчилнэ. Түүнээс гадаадын арбитрын шийдвэр учраас гадаадын арбитрын шийдвэрт заагдсан үнийн дүн л төлөгдөх ёстой гэж асуудлыг ерөнхийлөх хууль зүйн боломж байхгүй юм.

Гадаад валютын ханшийг хөрвүүлэхэд ханшийг “үүрэг үүсэх” үеийн ханшаар тооцох уу эсхүл “үүрэг гүйцэтгэх” үеийн ханшаар тооцох уу гэдэг хууль зүйн асуудал үүсдэг. Энэ тохиолдолд үүрэг үүсэх үеийн ханшаар валютыг хөрвүүлэх нь манай улсын хуульд нийцнэ. Учир нь:

Нэгдүгээрт, гадаад валютын ханшийг “үүрэг гүйцэтгэх” үеийн ханшаар тооцох тухай зохицуулалт манай улсын хуульд огт байхгүй. Тиймээс арбитрын шийдвэрт заасан валютыг түүнийг төлөх үеийн ханшаар тооцох тухай нэхэмжлэгчийн тайлбар хууль зүйн үндэслэл, дэмжлэггүй байна.

Хоёрдугаарт, Иргэний хуулийн 218.1-т төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж заасан. Тиймээс энэхүү ерөнхий зохицуулалтын дагуу арбитрын шийдвэрт заасан үүргийг үүрэг үүсэх буюу арбитрын шийдвэр гарах үеийн ханшаар тооцохоор байна.

Гуравдугаарт, нарийвчилсан хууль буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 107.5-д гадаад валютын ханшийг шүүхийн шийдвэр гарсан өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тодорхойлно гэж заасан. Энэхүү хуулийн зохицуулалт нь бэлэн ба бэлэн бус төлбөрийн гүйлгээг ялгасан гэхээс илүүтэй харин гадаад валютын ханшийг шүүхийн шийдвэр гарсан үеийн ханшаар тооцох уу, эсхүл шийдвэрийг биелүүлэх үеийн ханшаар тооцох уу гэдгийг зохицуулсан. Тиймээс уг зохицуулалтыг банкаар дамжуулан төлсөн гүйлгээнд хэрэглэхийг шүүхийн практикт зөвшөөрсөн байдаг.

Нөгөө талаар бэлэн ба бэлэн бус гүйлгээнээс шалтгаалж гадаад валютын хөрвөх ханшийг хууль тогтоогч ялгаатай тогтоосон гэх үндэслэл, шалтгаан хуулиас огт харагдахгүй байна. Өөрөөр хэлбэл бэлэн мөнгөөр төлбөрийг гүйцэтгэвэл шүүхийн шийдвэр гарсан өдрийн ханшаар харин бэлэн бусаар төлбөрийг гүйцэтгэвэл үүрэг гүйцэтгэх үеийн ханшаар хөрвүүлж тооцох нь бодит байдалд нийцэхгүй. Хэрэв хууль ийм ялгааг илэрхийлсэн гэж үзвэл өндөр үнийн дүнтэй шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ их хэмжээний бэлэн мөнгийг цүнхэнд хийж шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад аваачих шаардлага үүснэ.

Дөрөвдүгээрт, “гэрээний 20-д валютын ханшийн баталгааг хэрхэх талаар тодорхой зохицуулсан” гэж нэхэмжлэгч тайлбартаа дурджээ. Хэрвээ арбитрын шийдвэр биелсний дараах ханшийн эрсдэлийг гэрээгээр зохицуулсан нь үнэн бол уг асуудал нь шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанаас тусдаа асуудал юм. Шийдвэр гүйцэтгэх байгууллага үйл ажиллагаа явуулахдаа Монгол Улсын хуулийг дагахаас бус дээрх гэрээний зохицуулалтыг тайлбарлах боломжгүй ба Монгол Улсын шүүх ч гэрээний буюу ханшийн зөрүүний эрсдэлийн асуудлыг өнөөдөр шийдвэрлэх боломжгүй юм.

4/ Шүүхийн практик 

2021 онд шинэчлэн найруулсан Шүүхийн тухай хуулийн 25.4-д заасны дагуу Улсын дээд шүүх давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан үзэх замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлдэг. Энэ чиг үүргийнхээ хүрээнд гадаад валютаар илэрхийлэгдсэн шүүхийн шийдвэрийг төгрөгөөр биелүүлсэн үед ханшийн зөрүүг зохицуулсан дээрх заалтыг хэрэглэхтэй холбоотой хэрэг, маргааныг Улсын дээд шүүхээс шийдвэрлэсэн. Ингэхдээ  гадаад валютын ханшийг шүүхийн шийдвэр гарсан өдрийн зарласан ханшаар тооцох тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасан зохицуулалтыг болон Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-д заасныг маргааны харилцаанд хэрэглэснийг буруутгаагүй, зөвшөөрсөн байгаа, энэ талаарх шийдвэрийг хэрэгт хавсаргаж өгсөн.  Ийм төрлийн маргааны шийдлийг өөрчилсөн шүүхийн шийдвэр одоог хүртэл гараагүй бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас энэ жишгийг баримталж үйл ажиллагаа явуулж байгаа гэж бид ойлгосон. Нэгэнт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн хэрэглээний нэгдмэл байдлыг Улсын дээд шүүх хангасан тул үүнээс өөрөөр хуулийг тайлбарлаж хэрэглэхийг шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шаардах нь зохимжгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: 0

 

5. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

 

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ММ” ХХК-иас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

 

7. Нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн. Үүнд: 204/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

1. Германы Арбитрын Институтийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Арбитрын шийдвэр, 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Арбитрын шийдвэрт засвар оруулсан Арбитрын шийдвэрээр “ММ” ХХК-иас хугацаа хэтэрсэн болон төлбөрт 67,857,348.35 ам доллар, төлөгдөөгүй хүүд 10,449,648.01 ам доллар, төлөгдөөгүй нэмэгдүүлсэн хүүд 6,612,524.43 ам доллар, төлөгдөөгүй тогтсон нөхөн төлбөрт 430,946.01 ам доллар, арбитрын зардалд 856,570.33 еврог тус тус гаргуулан Дани улсын нийтийн өмчит “ИИ” компани ()-д олгохоор шийдвэрлэжээ. 

 

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 000 дүгээр захирамжаар дээрх арбитрын шийдвэрийг баталгаажуулсан ба 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 0000 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас бичигджээ. 

 

3. Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 0 тоот тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн ба хуульд заасан холбогдох ажиллагааг явуулж эхлүүлсэн байна.  

 

4. Төлбөр төлөгч “ММ” ХХК-иас Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөр барагдуулах дансанд 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 1,361,218,002.00 төгрөг, 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 135,721,947,897.00 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 109,433,842,736.00 төгрөг, буюу нийт 246,517,008,635 төгрөг шилжүүлсэн.

 

5. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр авагч “ИИ” компанийн дансанд 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 137,037,158,058.30 төгрөг буюу гадаад гуйвуулгаар 40,567,542.35 ам.доллар, 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 109,433,842,742 төгрөг буюу гадаад гуйвуулгаар 32,357,718.14 ам.доллар, нийт 72,925,260.49 ам.долларыг шилжүүлсэн, энэ талаар зохигчид маргаангүй. 

 

6. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 0 тоот “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай” тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь заалтыг үндэслэн 0 тоот гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгосныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас хянаад “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 113 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдоогүй атал ...ажиллагааг дуусгавар болгосон” гэсэн үндэслэлээр хүчингүй болгожээ. 

 

7. Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 0 дугаартай, “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол”-оор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь заалтыг үндэслэн 0 тоот гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгосон байна.

 

Хоёр.

 

1. 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Дани улсын нийтийн өмчит “ИИ” компани  нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулж дараах шаардлагуудыг гарган шүүхэд хандсан. Үүнд: 

1/ Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.М 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 0 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах;

2/ 0 бүртгэлийн дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулахыг хариуцагчид даалгах.  

 

2. Дээрх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч талаас “…арбитрын шийдвэрийн дагуу нийт 85,350,466.8 ам доллар, 856,750.33 еврог төлбөр авагч хүлээн авах ёстой, …гэтэл хариуцагч байгууллага 72,925,260.49 ам долларыг төлбөр төлөгчөөс гаргуулсны дараа ажиллагааг ‘төлбөр төлөгдсөн’ үндэслэлээр дуусгавар болгож, төлбөр төлөгчид давуу байдал үүсгэсэн, …үүний улмаас нэхэмжлэгч 12,425,206.31 ам доллар, мөн 856,570.33 еврог авч чадаагүй хохирч байна” гэсэн агуулгаар тайлбарласан.

 

3. Хариуцагчийн зүгээс “...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, дуусгавар болсон” гэх агуулгаар нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн. 

 

4. Төлбөр төлөгч этгээд гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсэгт заасан. 

 

5. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах үндэслэл болсон Германы Арбитрын Институтийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Арбитрын шийдвэр, 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Арбитрын шийдвэрт засвар оруулсан Арбитрын шийдвэр, мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 000 дүгээр захирамж, 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 000 тоот шүүхийн гүйцэтгэх хуудаснуудаас үзэхэд “ММ” ХХК нь хүлээсэн үүргээ биелүүлэхдээ буюу төлбөрийг төлөхдөө банк хоорондын ханшийн эрсдэлийг хүлээх замаар үүргээ биелүүлэх ёстой гэж үзэхээр байна.

 

6. Тодруулбал, гэрээний тал ам долларын зээл авч, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд түүний хүлээх үүргийн хэмжээ монгол төгрөгийн ам доллартой харьцах харьцаанаас шалтгаалан өссөн байх эрсдэлийг үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тал хариуцна. 

 

7. Иймд төлбөр нь авагчийн дансанд арбитрын шийдвэрт тухайлан  заасан төлбөрийг буюу нийт 85,350,466.8 ам доллар болон 856,570.33 евро орж ирснээр төлбөр төлөгч “ММ” ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох ёстой гэж дүгнэх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө”, 113 дугаар зүйлийн 113.1-д “Төлбөр төлөгчөөс шүүхийн шийдвэрт заасан хөрөнгө, мөнгийг гаргуулснаар төлбөрийг биелүүлсэнд тооцно” гэж заасантай нийцнэ. 

 

8. Дээрх үндэслэлээр 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 0 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгуулах, 0 бүртгэлийн дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулахыг хариуцагчид даалгах агуулга бүхий нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэнэ.  

 

9. Нэхэмжлэлийн шаардлагын “…хууль бус болохыг тогтоолгох” хэсэг нь тогтоол хүчингүй болгуулах тухай шаардлагын үндэслэл байх тул тусгайлан шийдвэрлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлд “Шийдвэр гүйцэтгэгч бэлэн мөнгө хүлээн авах”, 107.5-д “Гадаад валютын ханшийг шүүхийн шийдвэр гарсан өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тодорхойлно”, 108 дугаар зүйлийн 108.2-т “Гадаадад оршин суугаа /оршин байгаа/ төлбөр авагчид төлбөрийн мөнгийг шийдвэр гүйцэтгэх газрын данснаас банкаар дамжуулан гадаад төлбөр тооцооны журмаар олгох бөгөөд шилжүүлэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монгол банкны Ерөнхийлөгчтэй хамтран батална” гэжээ.

 

11. Дээрх хуулийн зүйл, заалтууд болон журамд заасан зохицуулалтууд нь талуудын хооронд үүссэн маргааны зүйлтэй хамааралгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.     

 

12. Нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан нөхцөл байдал бий болон тул хэргийг хэрэгсэхгүй болгуулах агуулга бүхий татгалзал үндэслэлгүй.

 

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т “Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно” гэж заасан. Энэ нь аливаа нэхэмжлэлийн үнэ гадаад валютаар тодорхойлогдсон бол гадаад валютын ханшийг нэхэмжлэл гаргах үеийн монгол төгрөгийн ханшаар тооцож, тухайн нэхэмжлэлийн үнийг болон тухайн нэхэмжлэлд урьдчилан төлөгдөх тэмдэгтийн хураамжийг тогтоох тухай заалт болно. 

 

14. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээс бусад тохиолдолд энэ хуулийн 29.1.1, 29.1.2, 29.1.3, 29.1.4, 29.1.8-д заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай шийдвэрт гомдол гаргах эрхгүй” гэж заасан. Энэ заалт нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчийн шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарлахгүй. Мөн нэхэмжлэгч тал  иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гомдол, нэхэмжлэл гаргахдаа  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заасан хугацаа, журмыг зөрчсөн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдоогүй.

 

15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 0 тоот “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоол”-ыг хүчингүй болгож, 0 бүртгэлийн дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                    Н.ХАНГАЛ