Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2026/ДШМ/365

 

                       

 

  2026             03            27                                       2026/ДШМ/365


Г.М, Г.Ү нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Намуун,

шүүгдэгч, хохирогч Г.Ү-ийн өмгөөлөгч О.Анхбаяр,

шүүгдэгч, хохирогч Г.М-ын өмгөөлөгч С.Эрдэнэбат, 

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2026/ШЦТ/335 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, хохирогч Г.Ү-ийн өмгөөлөгч О.Анхбаярын гаргасан давж заалдах гомдлоор Г.М, Г.Ү нарт холбогдох эрүүгийн 2405041411837 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. А овгийн Г.М, ..............................................................., /РД:.........................../,

2. Б овгийн Г.Ү, .................................................................. /РД:.............................../;

Шүүгдэгч Г.М нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байхдаа зам хааж зогслоо гэх шалтгаанаар хохирогч Г.Ү-той маргалдаж улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Г.Ү нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний дүрэм зөрчлөө гэх шалтгаанаар хохирогч Г.М-тай маргалдаж улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.Ү-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Г.Ү-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Г.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ү-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Г.М-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ын цагдан хоригдсон нийт 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй дүйцүүлэн нийт 15.000 төгрөгийг түүнд энэ тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаас хасаж тооцон Г.М-ын эдэлбэл зохих торгох ялын хэмжээг 435 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 435.000 төгрөгөөр торгох ял гэж тогтоож, шүүгдэгч нар нь торгох ялыг 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч, хохирогч Г.Ү-ийн өмгөөлөгч О.Анхбаяр давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс яллагдагчаар татах гэдэг нь гэмт этгээд яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцсаныг ойлгох бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа ч мөн адил тогтоолтой танилцсан тэр мөчөөс эхлэн тоологдохгүй зогсооно хэмээн мэтгэлцсэн байдаг. Харин прокурорын зүгээс яллагдагчаар татах тогтоол үйлдэгдсэн тэр мөчөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсооно гэх байр суурийг илэрхийлдэг. Анхан шатны шүүхээс энэхүү зөрүүтэй хоёр өөр үндэслэлүүдийн аль нэгийг сонгон авахдаа яагаад прокурорын үндэслэл байр суурийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон талаар тайлбарлаагүй. Гэтэл эрх зүйд “Lex non promulgata non obligat” буюу “мэдэгдээгүй шийдвэр эрх зүйн үр дагавар үүсгэхгүй” гэх зарчим байдаг бөгөөд аливаа албан тушаалтны шийдвэр бусдад мэдэгдэн танилцуулагдаж, зарлагдаж, олон нийтэд тунхаглагдах ёстой буюу тухайн шийдвэрийн үйлчлэлд өртөж байгаа этгээд шийдвэрийг ойлгож, мэдсэний дараа үр дагавар үүсгэх тухай суурь ойлголт юм. Ийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг яллагдагч гэнэ.” гэж заасан. Үүнийг харвал тогтоолтой танилцсаны дараа сэжигтэн этгээд яллагдагч болно гэх туйлын тодорхой утгыг агуулж байна. Хууль тогтоогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлд “эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол танилцуулах, гардуулан өгөх” дэлгэрэнгүй процессжуулсан журам бичсэнээс үзэхэд тогтоолыг танилцуулах нь чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болох нь илэрхий байна. Гудамжинд хоёр эмэгтэй бие биедээ гэмтэл учруулсан гэх тодорхой үйл баримт бүхий хэргийг бүтэн 1 жилийн хугацааны турш шалгаж, хуульд заасан эрхээ хэрэгжүүлэлгүй хойрго хандсан нь иргэнийг мөрдөн шалгах дархан эрхтэй албан тушаалтнуудын буруу юм. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Ү-д холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч, хохирогч Г.М-ын өмгөөлөгч С.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Яллагдагчаар татсан тогтоолыг Г.М-д 20 хоногийн дараа гардуулсан нь түүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд даруй гардуулах талаар заасан бөгөөд энэхүү даруй гэх ойлголтыг боломжит хугацаанд, сааталгүйгээр гүйцэтгэх ёстой гэж ойлгоно. Гэтэл 20 хоногоор хэтрүүлсэн нь хуульд нийцэхгүй, мөн боломжит хугацаа гэх ойлголтын агуулга тодорхойгүй. Хэрэгт авагдсан баримтаар прокурор 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар татах тогтоол үйлдсэн атлаа яллагдагчид 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр танилцуулсан. Энэ хугацаанд 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр мөрдөгчөөс таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол болон хувийн баталгаа гаргуулахтай холбоотой шийдвэрүүдийг миний үйлчлүүлэгчид танилцуулж, гарын үсэг зуруулсан. Энэ нь яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулаагүй атлаа түүнтэй холбоотой процессын ажиллагааг үргэлжлүүлсэн зөрчилтэй нөхцөл байдлыг илтгэж байна. Мөн мөрдөгч 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр яллагдагчаар татах саналаа гаргаж, прокурор 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар татсан нь 1 хоногийн хугацаанд хийгдсэн ажиллагаа бөгөөд энэ хугацаанд хэргийн бодит байдлыг иж бүрэн шалгах, дүгнэх боломж хангалттай байсан эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Түүнчлэн яллагдагчид холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулах хугацаа 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж, 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр дууссан байхад дээр дурдсан процессын алдаа хугацаа тооцоололд нөлөөлж, хуулийн шаардлагыг зөрчсөн. Хэдийгээр хугацааны зөрүү нь тоон дүнгээр бага мэт харагдаж болох ч энэ нь Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэлд хамаарах бөгөөд эрх зүйн үр дагавар үүсгэх ач холбогдолтой юм. Иймд үүссэн эргэлзээ бүхий нөхцөл байдлыг шүүгдэгчид ашигтайгаар тайлбарлах “in dubio pro reo” зарчмыг баримтлах нь зүйтэй. Нөгөөтэйгүүр, яллах дүгнэлтийг шүүхээс хүчингүй болгосон тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа тасалдахгүйгээр үргэлжилсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд уг нөхцөл байдлын улмаас хэргийг дахин шүүхээр хэлэлцэх үед хөөн хэлэлцэх хугацаа дууссан нь тогтоогдож байна. Иймд дээр дурдсан процессын зөрчил, хууль хэрэглээний алдааг харгалзан үзэж, Г.М-д холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, мөн эргэлзээтэй нөхцөл байдлыг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Прокурор Э.Намуун шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 11 дугаартай тогтоол болон хэрэгт авагдсан баримтуудыг дурдаж “Прокурор хөөн хэлэлцэх хугацааны дотор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна. Харин шүүгдэгч нараас өөрсдөөс нь шалтгаалж 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр буюу эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсанаас хойш даруй танилцуулах тогтоолыг түүнээс хойш хэд хоногийн дараа танилцуулсан. Энэ нь хэрэгт авагдсан баримтууд буюу эрэн сурвалжлагдсан тогтоол, утасны жагсаалт зэргээр нотлогдон тогтоогдож байна” гэж дүгнээд шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гаргасан саналыг хүлээн аваагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тооцохоор хуульчилсан. Харин гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах тогтоолыг сэжигтэн, яллагдагчид гардуулж өгснөөр эсхүл танилцуулснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно гэсэн агуулгаар бичигдээгүй. Яллагдагчаар татах хүртэл буюу прокуророос шийдвэр гарах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолно. Хэрэгт авагдсан баримтуудаар гэмт хэрэг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр үйлдэгдсэн ба прокуророос 2025 оны 10 сарын дугаар сарын 01-ний өдөр буюу хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас 3 хоногийн өмнө эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч, хохирогч Г.Ү-ийн өмгөөлөгч О.Анхбаярын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

хохирогч Г.М-ын “...шаардлага тавихад жолооч нь бууж ирж миний машиныг гараараа цохиж элдвээр доромжилж байсан. Намайг буугаад ир гэж машины шил цохиод байхаар нь бууж очиход шууд үсдэж авч миний цээж рүү хөлөөрөө 2-3 удаа өшиглөж үсдэж сэгсэрч нүүрэн тус газарт гараараа цохиж халдсан...” (хх 24-25),

хохирогч Г.Ү-ийн “...би машинаасаа буугаад чи яаж яваад байгаа юм бэ, би хүүхэдтэйгээ, жирэмсэн хүн явж байна, чи дүрэм зөрчөөд байна гэж хэлсэн. Бас дахин над руу гараараа дунд хуруу гаргаад бөгсөөрөө олсон мөнгөөрөө авсан машинаа аваад зайл гэх мэтээр намайг хэл үгээр доромжилсон. Тэгээд би тэрний машины урд зогсож байхад намайг машинаараа мөргөөд байсан. Тэрнээс болоод миний өвдөг гэмтсэн. Чи жирэмсэн хүн мөргөөд байна шүү дээ гээд би машиных нь хамар дээр цохисон. Гэтэл миний машиныг цохилоо гээд ирээд цохисон. Тэгээд намайг үсдээд өшиглөөд, миний биеийн бүх хэсэг рүү гараараа, хөлөөрөө цохисон. Тэгээд манай аав хүрч ирээд одоо боль өнөө маргаашгүй төрөх гэж байгаа хүнийг зодоод яаж байгаа юм бэ гээд болиулсан...” (хх 82-86),

гэрч О.У-ын “...тэнд очиход манай эхнэрийн машиныг нэг эмэгтэй хүн машинтайгаа хаагаад зогссон хажууд нь нэг эрэгтэй хүн зогсож байсан. Харин манай эхнэр хүүхэд хоёр машиндаа сууж байсан. Би очоод эхлээд эхнэрээсээ юу болсон талаар асуухад “хараагүйчүүдийн замд явж байхад араас нэг машин сигналдаад гэрлээ анивчуулаад урсгал сөрөөд орж ирээд машин хааж зогсонгуутаа хэрүүл хийгээд эхэлсэн гэж байсан. Тэрнээс болоод хэрүүл маргаан болоод манай эхнэрийн нуруу, хамар, нууран тус газар болон цохиогүй газар байхгүй гэж байсан. Би эхнэрээсээ болсон асуудлыг гэж байсан асуучхаад хэрүүл үүсгэж маргалдсан гэх эмэгтэйд очиход уг эмэгтэй ганцаараа машиныхаа арын суудалд суусан танай хүн чинь намайг ийм болгосон гэж байсан. Хацар нь арчсан цустай өвдөг нь шалбарсан байхаар нь би гайхаад, эхнэр маань ийм болгосон болов уу гэж бодоод эхнэр дээр ирээд чи яаж байгаа юм бэ жирэмсэн хүнийг ийм болгохдоо яадаг юм гэхэд манай эхнэр над руу үгүй ээ хайраа тийм юм болгоогүй, би тэр хүний ямар ч газар нь халдаагүй” гэж байсан тухайн хэрэг болж байхад манай охин бичлэг хийсэн байсан ба тэр бичлэг дээр уг хэрүүл үүсгэсэн эмэгтэй хүн өөрийнхөө машиндаа суутал биед нь ямар нэгэн шарх сорви байгаагүй өөдөөс бичлэгээ хийгээд манай эхнэрийг хэл амаар доромжлоод орсон байсан. Үүнээс болоод манай эхнэр болон охины сэтгэл зүйн хямарсан байсан. Манай эхнэр 2 дугаар сард зулбасан байсан үүний шалтгаан нь сэтгэл зүйн хямралд орсон байсан гэж дүгнэсэн...” (хх 32) гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 13223 дугаартай “...Г.М-ын биед хүзүүний С6/7 нугалам хоорондох мөгөөрсөн цагирагийн урагдал, бүсэлхийн 14/5, 15/51 нугалам хоорондох мөгөөрсөн цагирагийн урагдал, СЗ/4, С5/6, С6/7, 14/5, 15/51 нугалам хоорондох жийргэвч мөгөөрсний цүлхийлт, дух, эрүү, зүүн гарын сарвуу, зүүн чихний дэлбэнд зулгаралт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулд зулгаралт, баруун зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна...” (хх 34-36),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 13225 дугаартай “...Г.Ү-ийн биед баруун өвдөгт шарх, цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулд зулгаралт, баруун гарын эрхий хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн (хх 39-40) шинжээчийн дүгнэлтүүд,

Медтраума эмнэлгийн дүрс оношилгоо шинжилгээний хариу (хх 37) зэргийг харьцуулан шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.М, Г.Ү нар нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байхдаа зам хааж зогссон, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх тус тус шалтгаанаар маргалдан харилцан зодолдож, Г.М нь Г.Ү-ийн биед халдаж эрүүл мэндэд нь “...баруун өвдөгт шарх, цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулд зулгаралт, баруун гарын эрхий хуруунд зулгаралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Г.Ү нь Г.М-ын биед халдаж эрүүл мэндэд нь “...хүзүүний С6/7 нугалам хоорондох мөгөөрсөн цагирагийн урагдал, бүсэлхийн 14/5, 15/51 нугалам хоорондох мөгөөрсөн цагирагийн урагдал, СЗ/4, С5/6, С6/7, 14/5, 15/51 нугалам хоорондох жийргэвч мөргөөрсний цүлхийлт, дух, эрүү, зүүн гарын сарвуу, зүүн чихний дэлбэнд зулгаралт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулд зулгаралт, баруун зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал...” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд шүүгдэгч Г.М, Г.Ү нарын гэмт үйлдэлийг бодитой тогтоосон байна.

Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан обьектив болон субьектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.

Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн болон хүндэвтэр гэмтэл учирсан байхыг шаарддаг.

Монгол Улсын Үндсэн хуулиар хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, эрх чөлөөг баталгаажуулсан бөгөөд хууль бусаар хүний эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэрэгт тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Г.М-ын хохирогч Г.Ү-ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Г.Ү-ийн хохирогч Г.М-ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч, хохирогч Г.Ү-ийн өмгөөлөгч О.Анхбаяр “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Ү-д холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу тоолдог ба ийнхүү тоолохдоо мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хугацааг тоолж эхэлсэн минут, цаг, хоногийг оруулан тооцдоггүй болно. Энэ үндэслэл, журмын дагуу шүүгдэгч Г.Ү-ийн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэмт хэрэг үйлдсэний дараагийн өдрөөс буюу 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 00 цагаас эхлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тоолно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу хэргийн хөөн хэлэлцэх хугацааг нэг жилээр тооцох ба дээр дурдсан 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 00 цагаас эхлэн хугацааг тоолоход 2025 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 24 цагт дуусгавар болох юм.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Г.Ү-д холбогдуулан 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр буюу хуульд заасан хөөн  хэлэлцэх хугацаа дуусахаас 3 хоногийн өмнө түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдсэн (хх 85-88) байна.

Энэ нь прокурор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол үйлдсэнээр хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй зогсох бөгөөд үүнээс хойш эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд явагдах процессийн шинжтэй зохицуулалт үйлчилнэ. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг прокуророос хүлээн авсан даруй дуудан ирүүлсэн сэжигтэнд танилцуулж, хувийг гардуулан өгөх ажиллагаа нь хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татагдсаны дараа хийгдэж буй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа юм.

 Хэрэгт, прокуророос яллагдагчаар татсан тухай тогтоолыг даруй танилцуулж, яллагдагчаас мэдүүлэг авах ажиллагаа явуулахыг мөрдөгчид даалгасан байх ба мөрдөгч үүний дагуу ажиллагаа явуулж, яллагдагчаар татах тогтоолыг танилцуулах зорилгоор Г.М, Г.Ү нартай холбогдох ажиллагааг удаа дараа хийсэн байх боловч холбогдож чадаагүй, улмаар эрэн сурвалжилсан гэх баримтууд авагдсан байх тул шүүгдэгч нараас шалтгаалж олон хоногийн дараа тогтоолыг танилцуулсныг уг тогтоолыг үйлдээгүй байсан гэж үзэх үндэслэл болохгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч  “Lex non promulgata non obligat” ” буюу “мэдэгдээгүй шийдвэр эрх зүйн үр дагавар үүсгэхгүй” гэх зарчимыг зөрчсөн гэх агуулгыг давж заалдах гомдолдоо тусгажээ.

Үүнтэй холбоотойгоор “Lex non promulgata non obligat” ” буюу “мэдэгдээгүй шийдвэр эрх зүйн үр дагавар үүсгэхгүй” гэх зарчимын шинжтэй томъёололд хэл зүйн тайлбар хийхэд “Lex non promulgata non obligat” гэдэг нь “олон нийтэд мэдээлэгдээгүй хууль нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй буюу хүчин төгөлдөр бус” гэсэн ойлголт юм. Энгийнээр ойлгоход олон нийтэд таниулж түгээгээгүй хуулийг хэрэгжүүлэх нь шударга бус учир дагаж мөрдөхгүй. Энэ хэргийн хувьд ямар нэг байдлаар хууль зүйн үр дагавар үүсгэх шинэ нөхцөл байдал үүсээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Тиймээс давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Ү-ийн өмгөөлөгч О.Анхбаярын гаргасан “яллагдагчаар татах гэдэг нь гэмт этгээд яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцсаныг ойлгох бөгөөд тогтоолтой танилцсан тэр мөчөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацаа ч тоологдохгүй зогсоно” гэсэн, шүүгдэгч Г.М-ын өмгөөлөгч С.Эрдэнэбатын гаргасан “яллагдагчаар татсан тогтоолыг Г.М-д 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр буюу тогтоол гарснаас 20 хоногийн дараа гардуулсан, яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулаагүй байж 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр мөрдөгч хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, процесс ажиллагааг үргэлжлүүлсэн” гэсэн тайлбарууд хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.Ү-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг бичээгүй орхигдуулсан алдааг засах нь зүйтэй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч, хохирогч Г.Ү-ийн өмгөөлөгч О.Анхбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2026/ШЦТ/335 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ү-г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,

- шүүгдэгч Г.М-ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг

“...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ү-г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч, хохирогч Г.Ү-ийн өмгөөлөгч О.Анхбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Б.ЗОРИГ

 

       ШҮҮГЧ                                              Л.ДАРЬСҮРЭН

 

                               ШҮҮГЧ                                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ