Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 157/ШШ2026/00217

 

 

 

 

 

 

 

2026 04 13 157/ШШ2026/00217

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 1 дүгээр багт хаягтай, ******* ХК-ийн Бор-Өндөр тооцооны төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 3 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******ад холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 18,233,871.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2026 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК-ийн Бор-Өндөр тооцооны төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн ******* овогтой ******* нь ХасБанкны Бор-Өндөр тооцооны төвөөс 2025 оны 7 сарын 03-ны өдөр 1430093310 дугаартай өрхийн хэрэглээний Зээлийн гэрээ байгуулан 20,000,000 /хорин сая төрөг/ төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 16,8 хувийн хүүтэй авсан. Банк нь 2025 оны 07 сарын 03-ны өдөр зээлдэгч Э.*******ын ХасБанк дахь 5005797088 тоот дансанд 20,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн төлбөрт 2,719,730.37 төгрөг, зээлийн хүү 1,411,673.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,356.61 төгрөг төлсөн байна.

Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1430093310 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 87 хоног хугацаа хэтрүүлээд байна. ХасБанк нь удаа дараа зээлийн телбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлага:

1/Иргэн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1430093310 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн төлбөр 17,280,269.63 төгрөг, 2026 оны 04 сарын 07-ны өдрийн байдлаарх хүү 943,397.26 нэмэгдүүлсэн хүү 10,204.16 төгрөг нийт 18,233,871.05 төгрөгийг зээлдэгч Э.*******-р гаргуулах,

2/Зээлдэгч нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхийл ажиллагаг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү,

Жич: Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь Зээлийн гэрээнд зааснаар тооцон шаардагдах тэмдэгтийн хураамжийг төлж нэмэгдүүлэн нэхэмжлэх болно. гэжээ.

 

Хариуцагч Э.******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Э.******* миний бие нь Хас банкны нэхэмжилсэн 18,233,871.5 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Энэ зээлийн хугацаа алдсан төлбөрийг 5 сарын 20-ны дотор төлж цаашид хуваарийн дагуу төлөлт хийнэ. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК-ийн Бор-Өндөр тооцооны төв нь хариуцагч Э.*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,233,871.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Э.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...Хас банкны нэхэмжилсэн 18,233,871.05 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. гэж заасан.

 

Иймд хариуцагч Э.*******ын нэхэмжлэлийн шаардлага болох 18,233,871.05 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ******* ХК-ийн Бор-Өндөр тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 249,119 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 249,119 төгрөгийг тал хувиар бууруулж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Э.*******аас 124,559.5 төгрөг, Төрийн сангийн орлогоос 124,559.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-ийн Бор-Өндөр тооцооны төвд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн Бор-Өндөр тооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Чухбалбатад холбогдох зээлийн гэрээний үүрэг 18,233,871.05 (арван найман сая хоёр зуун гучин гурван мянга найман зуун далан нэгэн төгрөг таван мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн Бор-Өндөр тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 249,119 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Э.*******аас 124,559.5 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос 124,559.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-ийн Бор-Өндөр тооцооны төвд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Э.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ