| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 160/2018/0165/Э |
| Дугаар | 171 |
| Огноо | 2018-08-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 171
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дөлгөөнөөр хөтлүүлж
Улсын яллагч: Б.Батсайхан
Шүүгдэгч: Н.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М овгийн Н Г холбогдох 1812001060198 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 36-22 тоотод оршин суух урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, М овгийн Н Г /РД:А/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Н.Г нь 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 21 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Түшиг” хүнсний дэлгүүрийн гадна Д.Ш-г хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Насанд хүрээгүй хохирогч Б.Ш-н өгсөн: ...2018 оны 02 дугаар сарын 15-ны орой 21 цаг 30 минутын орчим Булган ууланд зул өргөхөөр явах замдаа 12-р дэлгүүрийн урд талд байдаг Түшиг хүнсний дэлгүүрээс нэгж авахаар ороход уг дэлгүүр дотор манай дээд ангийн Г, Ц, О, Ц нар байсан. Тэгсэн чинь Г намайг энэ их урт хошуутай пизда байгаа юм гараад ир гээд дагуулаад гарсан. Тэгтэл намайг Гхамар руу цохиод доошоо тонгойход хүзүү орчим руу өшиглөхөд хамт явсан найзууд нь боль гээд Г дагуулаад яваад өгсөн. Тэгэхээр нь би аав руугаа залгаад уг дэлгүүрийн гадаа дуудсан. Тэгээд эмнэлэгт очиж үзүүлээд маргааш өглөө нь зураг авч үзүүлээд мэс заслын тасагт 7 хоног хэвтээд гарсан. Тэгэхэд аав цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн байсан...Миний хувьд гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/
Н.Г-н яллагдагчаар өгсөн: ...Д.Ш нь манай доод анги байсан. Би 2017 онд 3-р сургуулийг төгссөн. Намайг 3-р сургуульд суралцаж байх үед Д.Ш миний талаар багш нарт хов зөөсөн байсан. Тухайн үед мэдсэн боловч би дуугүй өнгөрөөгөөд Өвөрмонголын Шилийнгол аймагт суралцахаар явсан. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 23-ны үед Архангай аймагт ирсэн. 2018 оны 02 дугаар сарын 15-ны орой би Ц Ц, О гэх 3 найзынхаа хамтаар Булган ууланд зул өргөхөөр явж байгаад Түшиг нэртэй дэлгүүр рүү гар утасны нэгж авах гээд ортол Д.Ш-тай таарсан. Тэгээд би Д.Ш-г дуудаж гаргаж ирээд Түшиг дэлгүүрийн гадаа хамар руу нь гараараа нэг удаа цохьсон. Тэр үед манай найз нар намайг татаад одоо боль боль наадахтайгаа дахин таарах биш одоо хая хая гээд намайг салгаад аваад явсан. Тухайн үед Д.Ш доошоо тонгойгоод л үлдсэн... Уг гэмтлийг би учруулсан. Уг гэмтэл намайг Д.Шыг нэг удаа гараараа хамар руу нь цохих үед үүссэн гэмтэл... гэх мэдүүлэг /хх-ийн 40 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 97 дугаар дүгнэлт:
1. Б.Ш-н биед тархи доргилт, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
3. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар дээрх гэмтэл тус бүр биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 25 хуу/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 26-27 хуу/
Өвчний түүхийн хуулбар / хх-ийн 50-60 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 47-48 хуу/
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт/хх-ийн 41 хуу/
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 42 хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 61-62 хуу/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э болон насанд хүрээгүй хохирогч Б.Ш, яллагдагч Н.Г нараас гаргасан хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх-ийн 64-65 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Г холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Н.Г нь 2018 оны 02 дугаар сарын 15-ны орой 21 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Түшиг” хүнсний дэлгүүрийн гадна Д.Ш хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүр, хүзүүн тус газар нь цохиж, өшиглөсөн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Н.Г нь хохирогчийг зодсон үйлдэл болон гэм буруугийн хувьд маргаагүй хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч Б.Ш мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний 97 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул түүний мэдүүлгийг шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Н.Г нь насанд хүрээгүй хохирогч Б.Ш н нүүр, хүзүүн тус газар цохиж, өшиглөсөн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд тархи доргилт, хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 97 дугаар дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Аймгийн Прокурорын газраас Н.Г үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.
Яллагдагч болон хохирогч нараас хялбаршуулан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч хүлээн зөвшөөрч /хх-ийн 64-65, 66, 71 хуу/ гарын үсэг зуржээ.
Хэрэгт цуглуулсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Иймд шүүгдэгч Н.Г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Насанд хүрээгүй хохирогч Б.Ш нь мэдүүлэг өгөхдөө болон хавтаст хэргийн материал танилцуулах үед ”гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Н.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овгийн Н Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Н.Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Н.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Н.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ