Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2026/ДШМ/359

 

2026            03            27                                                                        2026/ДШМ/359

 

Б.А-, А.М-, Д.О- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, Ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ундрах,

шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Н.Баатардорж,

шүүгдэгч-хохирогч А.М-, түүний өмгөөлөгч Д.Батбаяр,

шүүгдэгч Д.О-, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг,

            нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2026/ШЦТ/59 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Н.Баатардорж, шүүгдэгч А.М-, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, шүүгдэгч Д.О-, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.А-, А.М-, Д.О- нарт холбогдох эрүүгийн 2405000000394 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 1. Б- овогт Б-ийн А-, .........,

Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 119 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн  239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 770 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр дуусгавар болсон,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 505 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон, /РД:ЧБ-/;

2. З- овогт А-ийн М-, ......, ял шийтгэлгүй, /РД:УА-/;

3. С- овогт Д-гийн О-, ...........,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялын хугацаа 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр дуусч, суллагдсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 739 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2.000.000 төгрөгөөр торгох ялаар, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж, торгох ялын шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр тус тус дуусгавар болсон, /РД:ЧД-/;

Шүүгдэгч Д.О- нь 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Д- байрны Д- тоотод А.М-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүр рүү нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Д.О-, Б.А-, А.М- нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэж, 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 49 дүгээр байрны Д- тоотод М.Г-ийг зодож, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Д.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.Д- зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Д.О-, Б.А-, А.М- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч С- овогт Д-гийн О-, Б- овогт Б-ийн А-, З- овогт А-ийн М- нарыг “хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж, онц харгис хэрцгийгээр үйлдсэн” гэмт хэрэгт, мөн Д.О-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.О-, Б.А-, А.М- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11 дэх заалтад зааснаар 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Д.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.Д- зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Д.О-т оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 15 /арван тав/ жил, 3 /гурав/ сарын хорих ялаар тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, шүүгдэгч Д.О-ын цагдан хоригдсон 183 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, Д.О-т авсан хувийн баталгаа гаргах, А.М-, Б.А- нартай уулзахыг хориглох, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг, Монгол Улсын хилээр гарахыг тус тус хязгаарлах хязгаарлалт тогтоох, Б.А-, А.М- нарт авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус хүчингүй болгож, цагдан хорьж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-, Д.О-, А.М- нараас оршуулгын зардалд нийт 9.471.310 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүрээс 3.157.103 төгрөг, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 99.000.000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн 33.000.000 төгрөг гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ц-д олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр аав М.Г-ийг нас барсныг мэдсэн. 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө би Д.О-, Б.А-, талийгаач нарын хажууд байгаагүй. Д.О- нь талийгаач М.Г-той огт хэрүүл маргаан хийгээгүй нь худлаа болох нь 2024 оны 03 дугаар сарын 29-ний шөнийн 03:49 цагт 4 минут утсаар ярьсан бичлэгээр нотлогдоно. ...Д.О- нь талийгаач аавыг минь зодсон буруугаа над руу чиглүүлж, өөрийн буруутай үйлдлээ нуун дарагдуулах зорилгоор утсан дээрээ санаатайгаар бичлэг хийсэн. Шинжээчийн мэдүүлгээр амь хохирогчид учирсан гэмтлүүд нь 90 гр жинтэй хөөс, үйсэн материалтай тавчикаар үүсгэгдэхгүй гэсэн ба энэ нь миний гэм буруугүйг нотлож байна. Би урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, 16 настай өсвөр насны охины хууль ёсны асран хамгаалагч, өрх толгойлсон эмэгтэй. Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2024 оны 03 дугаар сарын 29-ний өглөө 08:00 цаг өнгөрч байхад Д.О- нь А.М-, түүний аав М.Г- нарыг манайд дагуулан ирж, архи ууж байхдаа “миний хайрыг хүчинддэг хэн бэ, охиноо хүчиндсэн” гэх шалтгаанаар амь хохирогчийн гарыг скочдож, бөгс рүү нь 2 удаа өшиглөж, толгой руу нь дэвсэж байхад нь би “гарынх нь цус нь боогдлоо, боль” гэж хэлээд, скоч болон дотоожийг нь хайчилж, цэвэрлэж өгсөн. Хамгийн сүүлд дахин зодох гэж дайрахад нь биеэрээ хааж, “гэр оронд хэрүүл, зодоон хийгээд, гал голомт бузарлалаа” гэж уурлан, “нэг бол намайг зодчих” гэж хэлээд 4-5 удаа салгаж, болиулсан. Би талийгаачийг охиноо хүчиндсэнийг нь сонсоод жигшиж, хуванцар саваагаар хоёр удаа гуя руу нь шавхардсан. Өөр цохиж зодсон нэг ч асуудал байхгүй. Орой Д.О-ыг хүлээж байхдаа М.Г- ахтай нэг алим хувааж идэж байхад “чи л намайг өмөөрч, хамгаалсан” гэж хэлээд, баярлаж байсан. Д.О- нь өөрийн үйлдсэн гэмт үйлдлээ ойлгож ухамсарлахгүй, хүлээн зөвшөөрөхгүй, бусад руу буруугаа чихэж, намайг үйлдсэн мэтээр тохож байгаад харамсалтай, маш их гомдолтой байна. А.М- миний найз охин биш тул надад хардаж, харамлах, “аавдаа хүчиндүүлсэн” гэх шалтгаанаар М.Г- гэх хүнийг зодож, цохих ямар ч үндэслэл, шалтгаан, шаардлага байхгүй. Өмгөөлөгч нарын байр суурь, хэргийн үнэн зөвийг гэрчилсэн гар утасны ярианы бичлэг, гэрч нарын мэдүүлэг, миний болон А.М-гийн 2-3 дахь мэдүүлгийг авч хэлэлцэхгүй байгаад гомдолтой байна. ...Д.О- нь А.М-, бид хоёрыг харддаг байсан гэж А.М- надад ярьж байсан. Иймд Д.О- А.М-, бид хоёрт эртнээс өс санаж, манай гэрт зориудаар архи уух нэрээр хүн зодож, найз гэсэн нэрийн дор цаагуураа өширхөж, хорсож байсан нь тодорхой. ...Д.О- нь 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдөр А.М-г эрүү рүү нь 2-3 удаа цохиж, цээж, өвчүү, хавирга руу нь өвдөглөж зодсон хэрэгт нь 3 сарын ял оногдуулах атлаа А.М-г аавыгаа тавчикаар 2-3 удаа цохисонд нь, миний талийгаачийг хуванцар саваагаар 1 удаа шавхардаж, Д.О-ыг болиулж, салгасны төлөө 15 жил, 36 сая төгрөгийн ял оноож байгаа нь асар зөрүүтэй, хэлмэгдүүлсэн гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтээр талийгаачид учирсан гэмтлүүд нь нас барахаас 48 цагийн өмнө үүссэн гэж байх тул тэдгээр гэмтлийг бид гуравтай уулзахаас өмнө авсан байх боломжтой. М.Г- нь баруун гар талын шатны өөдөө 4-5 дахь гишгүүр дээр уначихсан байхад 5 дахь гишгүүр дээр урт нь 30 см, өргөн нь 15-20 см хүрээтэй цус тунчихсан, Д.О- хаалганы хажуу талд хараад зогсч байхад гаднаас 1 охин орж ирээд хажуугаар нь зөрж, дээшээ гарсан. Тухайн охиныг олж, мэдүүлэг авах талаар байцаагчдаа хэлэхэд Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны камерын бичлэг хадгалах хугацаа нь дууссан шалтгаанаар олдоогүй. ...А.М- нь урьд ял шийтгэл эдэлж, байцаалт өгч байгаагүй, буруу зөрүү хольж ярьж, айж балмагдаж, сандарч, тэвдэж, шарталттай, сэтгэл санааны хувьд үйл явдлыг шууд мэдүүлэх боломжгүй. А.М- нь архины албаданд нэг бус удаа хамрагдаж байсан ба сэтгэцэд нь тодорхой хэмжээний өөрчлөлт орчихсон байсан. Д.О- нь өмгөөлөгчтэй болж, өмгөөлөгчөөсөө тусгай мэдлэг авч, А.М- бид хоёрыг буруутан болгож, илт худал ярьж, М.Г-ийг шатны өөдөө, уруу унасныг унаагүй болгож байгаа нь хардлага төрүүлж байна. ...А.М- болон миний 2, 3 дахь мэдүүлгийг үгүйсгэж, А.М- нь намайг нотлож байхад авч хэлэлцээгүй, миний мэдүүлэг, А.М-тай бичсэн чат, шатан дээрх цус зэргийг үл ойшоож байна. Д.О- нь А.М- бид хоёрыг бүлэглэж, онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэгт түлхэж, чирж байна. ...Д.О- нь миний хэлснийг өөрөө хэлсэн болгож, өөрийнхөө үйлдлийг намайг үйлдсэн болгож хэлсэн.  ...Д.О-тай үгээ нийлүүлж, тохиролцсон юм байхгүй. Талийгаач үүдний баруун гар талын шат өөдөө унасан, дараа нь гарч явахдаа шатны уруу унасан нь үнэн. ...Д.О-, А.М-, М.Г- нарын хэрүүл маргаан, зодооны асуудлууд миний амьдралд хамааралгүй. Гэр орондоо, гал голомтондоо хөгшин настай хүнийг Д.О-тай нийлж зодох ухамсар надад байхгүй. Би нэг ч цохиж, өшиглөөгүй. ...Амь хохирогч нь “түргэнээр явах тэнхэл алга, жаахан унтаж байгаад явъя, унтаж амармаар байна” гэхээр нь хүн чанар зулгааж, буцаж оруулаад хэвтүүлээд, хоол хийж өгч, хөлийн шөрмөс татаад байна гэхээр нь хөлөнд нь иллэг хийж өгсөн. Энэ болгонд харж хандсаны төлөө ял оноож байгааг хүлээн зөвшөөрөхгүй, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...Д.О- нь А.М-г Төрийн тусгайд ажилладаг залуутай хардаад, тухайн залууг унагааж, толгой руу нь 2 удаа өшиглөхөд нөгөө залуу хэвтэж байгаад гараад явсан. Дараа нь би найз охинтойгоо гараад явсан ба тэр залуу цагдаа дуудаад, эргээд ирсэн гэсэн. Манай цагдаа хуурай дүү Дэмбээ дуудлага дээр нь очиж, юу болсон талаар асуухад “би яагаа ч үгүй, Б.А- зодчихоод яваад өгсөн” гэж хэлсэн байсан. Хэд хоногийн дараа би Д.О-т “манай дүүд намайг зодсон гэж хэлсэн юм уу?” гэхэд “үгүй, тийм юм яриагүй” гэсэн. Тэгэхээр нь “чи яах гэж толгой руу нь өшиглөсөн юм бэ?” гэхэд “би өшиглөөгүй, чи л өшиглөсөн юм биш үү?” гэсэн утгатай, над руу бухсан өнгө аятай ярьж байсан. Тэр үед би Д.О- өөрийнхөө зодсоныг намайг зодсон болгох юм байна даа гэж бодсон. 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Д.О- А.М-г буудалд 4 залуутай хэрхэн байж байсныг харуулсан бичлэгийг надад үзүүлэх гэхэд нь би “ийм юм үзмээргүй байна, надад хамаагүй” гэж хэлээд “ер нь А.М-гаас сал, та хоёр больсон нь дээр, ингэж байгаад нэг юм болно шүү” гэхэд Д.О- тоохгүй байсан. Удалгүй “Мартын 8”-ны баяраар юу ч болоогүй мэт ууж байгаад А.М-г манай гэрт цохиж, зодож эхэлсэн. Зодож байхад нь би болиулж, хөөж гаргасан. 2024 оны 03 дугаар сарын 29-ний өглөө 07:00 цаг өнгөрч байхад Д.О- над руу залгаад “танайд яваад очъё” гэж хэлэхэд нь би “хэнтэй, ямар хүмүүстэй явж байгаа юм?” гэж асуухад “А.М- бас аавтай нь явж байна” гэж хэлсэн. Д.О- нь тухайн өдрөөс 21 хоногий өмнө буюу “Мартын 8”-ны өдөр А.М-г манай гэрт дагуулж ирж, зодож байсан болохоор би ирүүлэх дургүй, ирүүлмээргүй байсан. Тухайн үед би “та хоёртой дахиж архи уухгүй, гэр оронд хэрүүл зодоон хийдэг” гэж уурлаж байсан. Мөн 29-ний шөнө би “Д.О-, аав хоёр чинь тасраад унтаад өглөө, Д.О-, та хоёртой архи уухаар зовлонтой, гэр оронд хэрүүл зодоон хийж байх юм, дахиж цуг уухгүй” гэсэн мессежүүд бичихэд А.М- нь “харин тийм ээ ах аа, уучлаарай” гэсэн мессэж бичиж байсан. Д.О-ыг А.М-гийн аавтай явж байгаа юм чинь аавынх нь хажууд А.М-г зодож, янз бүр болохгүй байх гэж бодоод гэртээ ирүүлсэн. Гэтэл төсөөлснөөс тэс өөр үйл явдал болоод, хүчиндсэн барьсан гээд цохиж зодоод, асуудал үүсэхэд би аль болох учрыг нь олчих санаатай, яриа, үйлдлийг нь сонсож, харж, учрыг нь тунгааж, 2 гөлгөн нохойг үүрэнд нь хийж, баас, шээсийг нь цэвэрлэж байхад Д.О- М.Г-ийг зодоод байхаар нь салгаж, болиулж, эв зүйг нь олчих санаатай үзээд болохгүй болохоор нь дундуур нь орж, М.Г- ахыг биеэрээ хааж зогсоод, “нэг бол намайг зодчих” гэж хэлээд болиулсны төлөө Д.О- яаж ичихгүй, улаан цагаан “би өс санаагүй, хардаагүй, яагаа ч үгүй” гээд “Б.А-, А.М- нар цохиж зодсон” гэж гүжирдэж байгааг гайхаж байна. Д.О- А.М-г аавынхаа дээр гарч, тавчикаар цохиход хүргэж, зориуд, санаатайгаар, нууцаар бичлэг хийж, бид хоёрыг хорлох гэж байсан нь илт байна. ...Д.О- тархи толгой, цээжин дээр нь дэвсэж, нүүр рүү нь 4-5 удаа цохиж, 2-3 удаа цээж, хавирга руу нь өвдөглөж, 3 удаа бөгс рүү нь өшиглөж, 2 удаа бөгс рүү нь хуванцар саваа чихэх гэж байсан. ...Талийгаачид түргэн тусламж дуудаагүйдээ үнэхээр их харамсч байна. ...Нэг талыг барьж, намайг мөн адил цохиж зодсон гэж дүгнэж, хүнд гэмт хэрэгт хэлмэгдүүлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, эсэргүүцэж байна, асар их гомдолтой байна. Би М.Г- ахын дээр нэг ч суугаагүй, нэг ч цохиогүй, нэг ч өшиглөөгүй, нэг ч өвдөглөөгүй, зодоогүй. Гуя руу нь нэг удаа хуванцар саваагаар ороолгосон минь бөөгийн ёсоор муу юмыг нь жигшиж, муу зүйлсийг нь гаргах зорилготой. Миний бие бөө болоод 15-16 жил болж байна. Эдгээрийг 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр бичсэн гомдол дээрээ нэмж бичиж өгч байгаа болно. (2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гаргасан нэмэлт тайлбар)

            Талийгаач хотод ирэхээсээ өмнө хөдөө ууланд мод хийж байхдаа модонд даруулж унасан, мөн мориноос унаж, хавиргануудаа хугалж байсан зэрэг асуудлуудыг А.М-, З.Ц-, М.Ц-, М.А- нараас асууж, тодруулах хүсэлтэй байна.  Д.О-, А.М-, Д.А- бид гурвыг хүн алах гэмт хэргийг бүлэглэн, онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэсэн ба бид гурав үйлдээгүй, алаагүй, бүлэглээгүй. А.М- дээр нь суучихсан 2-3 удаа цохиж байсан. Би араас нь хаалганы тэндээс харж байсан болохоор тавчикаар цохисныг нь мэдээгүй, сүүлд бичлэгээс харж мэдсэн. Д.О- найз охиныг нь аав нь хүчиндсэнийг мэдээд, “миний хайрыг хүчинддэг хэн бэ, азарга хүртэл унага дээрээ гишгэдэггүй юм” гэж хэлээд, гар утсаар хэрэлдэж, муудалцаж, ална тална гэж заналхийлснээс болж зодохдоо хэлж, ярьж, асууж, байцаалт авч байгаа мэт зодсон. ...Анхан шатны шүүхийн ажиллагаа түргэн шуурхай, прокурорын ялласны дагуу явагдсан. Прокурорыг сольж, түүнээс татгалзах хүсэлтэй байна. Д.О- бид хоёр талийгаачийг сэрээх гэхэд сэрэхгүй, өөд болсныг мэдээд Д.О- тэрхэн хооронд хэсэг хугацаанд уйлсан. Хүнийг үхэлд хүргэж, харамсч, гэмшсэндээ уйлаагүй. Харин одоо шоронд орлоо гэж харамсч, гэмшиж, өөрийгөө бодож уйлсан. Би сандарч, Д.О-ыг тайвшруулж, тамхи татуулж, цагдаад дуудлага өгсөн. (2026 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гаргасан нэмэлт тайлбар)

Дан ганц Д.О-ын мэдүүлгээр нотлогдож байгаа гэж үзсэн нь үндэслэлгүй. Нотлогдоогүй бол гэм буруугүйд тооцох зарчмыг зөрчиж байна. ...Д.О-аас сэтгэл санааны хохирол, өмгөөлөгчийн зардал болох 9.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Асар их хохирол, гомдолтой байна. Иймд хэргийн бодит байдлыг ялгаж салган, үнэн зөвөөр шийдвэрлэн, зөрчигдсөн эрхийг минь сэргээж, холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Чин сэтгэлээсээ гуйж байна. ...Д.О- нь далан дээр явж байгаад нуруугаа гэмтээсэн, би хөдөлж чадахгүй байна гээд байгаа. Д.О-ын нуруу зүгээр байсан. Би 10 гаруй жилийн өмнө шүхрээр бууж байгаад нуруугаа гэмтээгээд, 2004 оны 0Д- сарын 01-ний өдөр нурууныхаа зургийг авахуулж, оношлуулахад нуруу баруун тийшээгээ муруйлттай, суулттай, диск нь гажсан гэж оношилсон. А.М-, Д.О- хоёртой би уулзах болгондоо “нуруу өвдөөд байна” гэж хэлдэг байсан ба баруун хөл рүү янгинаж өвддөг, сууж босоход мөн өвддөг. Үүнийг л Д.О- нь над дээрээс жишиж яриад байна. Д.О- шөнийн 12:00 цаг өнгөрч байхад намайг дуудахад ирсэн. Би талийгаач, Д.О- хоёрыг “гараад яв, ээж ирэх гээд байна” гэхэд явахгүй удаад байсан. Тэгээд 02:00 цаг өнгөрч талийгаач 00-ын суултуурын гадуур нь хүндэрчихээд, гэрээс гарч явахдаа хөл нүцгэн гарч явах гээд байсан. Тэгэхэд нь би “Д.О- аа, наадах чинь хөл нүцгэн гарч явах гээд байна шүү дээ, гутлыг нь өмсүүлээч ээ” гэхэд гутлыг нь өмсүүлээд, үүднээс аваад гарсан. Тэр хооронд би талийгаачийн 00-ны гадуур хүндэрснийг нь цэвэрлээд зогсч байхад “пид” гээд дуугарсан. Намайг очоод харахад талийгаач шатан дээр уначихсан, цус тунчихсан, Д.О- хажууд нь хараад зогсч байсан. Д.О- худал мэдүүлж байгаа. Шатны өөдөө унаад, дараа нь босч ирээд, доошоо унахад нь би Д.О-ыг “олигтой түшээд яваач ээ, чи” гэж хэлж байсан. Тэгээд би явж очоод, Д.О-тай нийлж, хоёр талаас нь өргөж босгоод харахад талийгаачийн хамар, амнаас нь цус гарчихсан байсан. “Түргэн дуудъя” гэхэд талийгаач “Түргэнээр явах тэнхэл алга, жаахан унтаж амармаар байна, ах нь энэ байтугай л бэртэж гэмтэж байсан, зүгээр” гэж хэлсэн. Тэгэхэд би талийгаачид үнэхээр итгээд, гэрт буцаад орсон. Д.О-ыг би талийгаачийг цохиж зодож, өшиглөх гэж байхад нь болиулж байсан. Би 6 том нохойтой, 2 гөлгөн нохой үүрнээсээ гарчихсан, энд тэнд шээгээд, баагаад яваад байсан болохоор баас, шээсийг нь арчаад явж байх хооронд Д.О- талийгаачийг яаж цохиж, өшиглөснийг сайн анзаараагүй, мэдэхгүй. Хилс хэрэгт хэлмэгдэж байгаадаа асар их гомдолтой байна.” гэв.

Шүүгдэгч Д.О- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эргүүлийн ахлах Б- нь тус гэмт хэргийг надад тулгаж, миний зүүн шанаа руу хүчтэй алгадаж, “нөгөө хоёр чинь чиний эсрэг мэдүүлэг өгөхөд чи дуусна” гэж дарамталсан. ...Шинжээч Б.Г- “...тархинд учирсан гэмтэл нь нас барахаас өмнө 48 цагийн дотор үүссэн бөгөөд дээд хязгаар нь 48 цаг гэж ойлгоно. Харин уг гэмтэл нь гэмт хэрэг гарахаас өмнө үүссэн байна. ...” гэж ойлгомжгүй дүгнэлт гаргасныг тодруулах шаардлагатай. ...Намайг ганцааранг нь хорьж, А.М-, Б.А- нарыг хориогүй нь тэдгээрт давуу байдал бий болгож, үгсэн хуйвалдах, мэдүүлгээ өөрчлөх нөхцөлийг бүрдүүлсэн. Эхний удаа А.М-  намайг талийгаачийг цохисон гэж худал мэдүүлсэн, дараа нь Б.А-, А.М- нар үгээ нэгтгэн, намайг талийгаачийн цээжин дээр дэвссэн гэж худал мэдүүлсэн. Б.А-, А.М- нарын худал мэдүүлэгт үндэслэн, ямар ч нотлох баримтгүйгээр миний эрх зүйн байдлыг дордуулсан тул хэргийн бодит байдлыг дахин шалгаж өгнө үү. ...Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл зөрүүтэй. Д.О- миний хэлж ярьснаас өөрөө бичигдсэн нь уг хэргийг дараа дараагийн шатанд хянан хэлэлцэхэд нөлөөлж байгаа. Мөрдөн шалгах ажиллааны явцад өгсөн яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлэг хоорондоо их зөрүүтэй. Энэ зөрүүтэй байдлыг прокурор, мөрдөгч нар арилгаагүй. Хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй, үүнээс болж хохирогч талаас нэхэмжилсэн оршуулгын зардал, сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөр зэрэг нь төлөгдөөгүй байгаа. Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүгийн мөрдөгч н.Б- миний гарган өгсөн дүрс бичлэгийг засварлаж, өөрчилж, нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн үйлдлийг шинжлэн судлуулах хүсэлтэй байна. Би хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд байгаагүй.” гэв.

Шүүгдэгч Д.О-ын өмгөөлөгч Ш.Бадмаараг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Талийгаач М.Г-ийн цогцост 2024 оны 03 дугаар сарын 30-ны орой 18 цаг 40 минутад үзлэг хийхэд нас бараад 24 цагаас дээш хугацаа өнгөрсөн гэж тогтоосон ба гэмт хэрэг гарсан цаг хугацааг “2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө” гэж тодорхойлсон. Д.О-, А.М- нар талийгаач М.Г-ийг алсан гэх дээрх цаг хугацаанд хамт байгаагүй. Талийгаач М.Г-ийн биед үүссэн гэмтлүүд нь хэзээ, хаана, хэний үйлдлийн улмаас, эсхүл механизмын үйлчлэлийн улмаас үүссэн эсэх нь нотлогдоогүй. Шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 670 дугаар дүгнэлтэд “М.Г-ийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, дарах, шахах, нидрэгдэх, доргих механизмаар үүсгэгдэнэ” гэж тогтоосон тул талийгаачийг зодож алсан гэж үзсэн нь үндэслэлгүй. ...Шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 99.000.000 төгрөгийг гаргуулсан. Улсын дээд шүүхийн 2023 оны 25 дугаар тогтоолд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар хэрэв хохирогч нас барсан бол сэтгэцэд учирсан хор уршгийн зардлыг гэр бүлийн гишүүнд олгоно гэсэн. М.Г- нь М.Ц-ийн гэр бүлийн гишүүн биш болох нь М.Ц-ийн өгсөн мэдүүлгээр нотлогддог. Тиймээс сэтгэцэд учирсан хор уршгийн зардал, оршуулгын зардлыг гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. ...” гэв.

Шүүгдэгч А.М-гийн өмгөөлөгч Д.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...зөвхөн Б.А-, Д.О- нарын мэдүүлгээр нотлогдсон гэж үзсэн нь үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасан. Шинжээчийн мэдүүлэгт амь хохирогчийг тархи, цээжний хэсэгт авсан хавсарсан гэмтлийн улмаас шоконд орж нас барсан бөгөөд дээрх хоёр гэмтлүүд нь дангаараа биш, нийлээд буюу хавсарч үхэлд хүргэсэн гэдэг. Б.А-, А.М- нарын мэдүүлгээр хохирогч М.Г-ийг цохиж зодож, толгой болон цээжин хэсэгт нь дэвсэж, өшиглөсөн хүн нь Д.О-. А.М-гийн үйлдлээс амь хохирогч нас бараагүй гэж үзэх үндэслэлтэй. Учир нь А.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт “...Би өөрөө аавыг зодож байгаа дүр эсгэж, болиулах санаатай, ягаан өнгийн углаашаар баруун талын чихний дээд хэсэгт нь нэг удаа цохисон” гэж тодорхой дурдсан. Уг мэдүүлэг нь гэмт хэрэг үйлдэх санаа сэдэлгүй, болиулах зорилготой үйлдэл байсан, ганц удаагийн, хөнгөн нөлөөлөлтэй үйлдэл болохыг илтгэнэ. 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 670 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “их тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун тал бөмбөлгийн духны суурийн эдийн няцрал, их тархины баруун чамархай, бага тархины оройн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, мөн толгой, цээж, хавирга, биеийн олон хэсэгт олон тооны гэмтэл учирсан” гэж дүгнэсэн. Миний үйлчлүүлэгчийн мэдүүлснээр баруун талын чихний дээд хэсэгт ганц удаа углаашаар цохисон гэсэн бол шинжээчийн дүгнэлтэд “их тархины зүүн талын бөмбөлөг, олон хэсэгт тархмал, давтамжтай хүчтэй нөлөөллөөс үүсэх гэмтлүүд тогтоогдсон” гэж дүгнэсэн. Эдгээр гэмтлүүд нь ганц удаагийн, углаашаар цохиж учруулсан нөлөөллөөс үүсэх боломжгүй, олон удаагийн давтамжтай, хүч хэрэглэж үйлдэгдэх гэмтэл бөгөөд А.М-гийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоогүй байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, А.М-д холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...Харин шүүгдэгч Д.О-ын А.М-д хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь нотлогдсон байх тул Д.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.Д- зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулсан шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ” гэв.

Шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Н.Баатардорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 670 дугаартай дүгнэлт болон мэдүүлэгт “тархинд учирсан гэмтэл нь нас барахаас өмнө 48 цагийн дотор үүссэн” гэдэг. Мөн шинжээч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээрээ эдгээр гэмтлийг авсан хүн үхэлд хүрэх хүртлээ идэвхтэй хөдөлгөөн хийх боломжтой гэж мэдүүлдэг. Дээрх шинжээчийн дүгнэлтээс талийгаач М.Г- нь 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр үхэлд хүрэх гэмтлийг авчихаад, Б.А-ын гэрт ирсэн байх боломжтой. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.М- гэрчээр мэдүүлэг өгөхдөө талийгаач нь Б-т мод бэлтгэж байгаад мориноос унаж бэртсэн тухай мэдүүлдэг. Тиймээс талийгаачийн биед үүссэн гэмтлүүдийн аль нь Б.А-ынд үүссэн гэмтэл эсэхийг зааглан тогтоох шаардлагатай. Шүүх шинжилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Дахин шинжилгээ хийхэд анхдагч, эсхүл нэмэлт шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан шинжээчийг оролцуулахыг хориглоно” гэж заасан байхад 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 1378 дугаартай дүгнэлт гаргасан шинжээч Б.Г- нь 2025 оны 04 дүгээр сарын 30-нд дахин 670 дугаартай дүгнэлтийг гаргасан нь илэрхий хууль бус байна. Шинжээчийн дүгнэлт нь нотлох чадвараа хууль зүйн хувьд алдсан байхад түүнд үндэслэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй. Анхан шатны шүүх хоорондоо эсрэг сонирхолтой, хуулиар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээгээгүй яллагдагч нарын мэдүүлгүүдийг шийдвэрийнхээ үндэслэл болгож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэсэнтэй зөрчилдөж байна. Ялангуяа яллагдагч Д.О-ын мэдүүлгийг дэмжсэн нэг ч нотлох баримт байхгүй. Шүүх хуралдааны үед гэрч Б.А-ийн мэдүүлгийг дундаас нь зогсоосон нь хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг тогтооход саад учруулсан. Шүүгч хуралдааны дэгийг сахиулах эрхтэй болохоос гэрчийн мэдүүлгийг таслах эрхгүй. Иймд анхан шатны шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт  нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шинжээчийн дүгнэлтүүд нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 39.Д- зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан үндэслэлээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шинжээчийн дүгнэлтэд амь хохирогч хавсарсан олон гэмтлийн улмаас өвдөлтийн шоконд орж нас барсан, 24 цагийн өмнө нас барсан гэж тусгагдсан. Мөн шинжээч эмч Б.Г- нь шүүхийн хэлэлцүүлэгт нас барсан цаг хугацаа болон цогцост үзлэг хийсэн цаг хугацаатай холбоотой нөхцөл байдлуудыг тодруулсан байсан. Амь хохирогч гэмт хэрэг гарахаас 48 цагийн өмнө гэмтэл авсан гэх өмгөөлөгч нарын тайлбар үндэслэлгүй . Шинжээч нь тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлтээ гаргаж, мэдүүлгээ өгсөн. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэдэг асуудал гомдолд дурдагдсан байна. Шинжээч өөрөө тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлтээ гаргасан, үүнтэй холбоотойгоор мэдүүлэг, тайлбараа өгсөн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаад, нотлох баримтуудыг хооронд нь харьцуулаад шийдвэр гарсан байхад эргэлзээтэй, эргэлзээгүй гэдэг асуудал яригдах нь илүүц гэж үзэж байна. ...М.Ц- амь хохирогчийн төрсөн эгч нь, амь хохирогч өөрөө ганц охинтой, охин нь шүүгдэгч гэж явж байгаа, өөр хүн байхгүй. Энэ утгаараа М.Ц- хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон. Шүүх сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудад дурдагдсан асуудлууд бүгд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт яригдсан, хэлэлцэгдсэн, мэтгэлцсэн асуудлууд байна. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдлууд харагдахгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Б.А-, А.М-, Д.О- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Н.Баатардорж, шүүгдэгч А.М-, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, шүүгдэгч Д.О-, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Д.О- нь 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Д- байрны Д- тоотод А.М-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүр рүү нь цохиж, эрүүл мэндэд зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч А.М-гийн “...Д.О-ын найз Б.А-ын гэрт орсон. Д.О- “өчигдөр чи 4 эрэгтэй хүнтэй буудалд хамт байсан” гэж хэлээд найзынхаа хажууд миний зүүн хацар руу нэг удаа цохисон. ...Өмнө нь олон удаа биед халдаж байсан. ...” /2-р хх 61-62/,

гэрч Х.Э-гийн “...2024 оны 03 дугаар сарын 08-ны орой гэртээ очиход ээжийн найз Д.О- согтуу сууж байсан. Ээжийг харсан чинь цамц нь цус болчихсон, нүүр нь хавдаад, дагз хэсгийнх нь үс халцарсан байсан. Би айсандаа “дэлгүүр гарлаа” гэж хэлээд, шууд цагдаагийн газар ирсэн. ...” /2-р хх 67/,

Д.О-ын яллагдагчаар өгсөн “...надад маргах зүйл байхгүй. 2024 оны 03 дугаар сарын 07-ны шөнө А.М- согтуу 4 залуутай зочид буудлын өрөөнд шалдан, бусадтай бэлгийн харьцаанд орсон байдалтай байхад нь очиж авсан. Маргааш нь энэ асуудлаас болж Б.А-ын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа хэрүүл маргаан үүсгэж, А.М-гийн зүүн хацар руу нэг удаа алгадсан. ...” /2-р хх 44-45/ гэсэн мэдүүлгүүд,

            “...А.М-гийн биед хөнгөн гэмтэл учирсан. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 3907 дугаар дүгнэлт /2-р хх 80-81/,  гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх 50-56/ зэрэг нотлох баримтуудаар;

шүүгдэгч Д.О-, Б.А-, А.М- нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэж, 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 49 дүгээр байрны Д- тоотод шүүгдэгч Д.О- нь хохирогч М.Г-ийг толгой хэсэгт  цохих, толгой дээр нь дэвсэх, саваагаар цохих, шүүгдэгч Б.А- нь мөн хохирогчийн дээр нь суух, өшиглөх, өвдөглөх, хөл хэсэгт нь цохих, шүүгдэгч А.М- нь М.Г-ийн дээр нь суух, толгой болон биеийн хэсгүүдэд нь цохих зэргээр зодож, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун тал бөмбөлгийн духны суурь хэсгийн эдийн няцрал, их тархины баруун чамархай, бага тархины орой хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун ухархайн дээд ханын цөмөрсөн зөрөө бүхий хугарал, зөөлөн эдийн хавчуулагдалт, баруун зүүн чамархайн булчин хуйхны дотор гадаргуугийн цус хуралт. Өвчүү, баруун, 2-р хавирга, зүүн 2, 6, 7, 8, 9, 10-р хавирганы хугарал. Хоёр зовхи, хэвлийн зүүн доод хэсэг, цавины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нүдний салстын цус харвалт, хамар, эрүү, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, зулгаралт, дух, баруун хөмсөг, зүүн хацар, шанаа, хоёр чамархайн хуйх, хоёр чих, хөхлөг, баруун шанаа, уруулын доор, хүзүү, цээж, баруун шуу, зүүн тохой, зүүн ташаа, гуя, баруун гуя, шилбэ, баруун тавхай, нуруунд зулгаралт, цээжинд цус хуралт бүхий хавсарсан олон гэмтэл учруулж, дээрх хавсарсан олон гэмтлийн улмаас шокоор нас барсан буюу онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ц-ийн “...миний төрсөн дүү М.Г-ийн төрсөн охин А.М- Улаанбаатар хотод амьдардаг. Аавыгаа “ирээч, энд зуслангийн байшингийн дээвэр янзлах гэсэн юм” гээд дуудаад байсан. Тэгээд дүү маань нутгийн залуу болох З.Ц- гэх хүнтэй хамт модонд яваад, ажлын хөлс гэж 100.000 төгрөгтэй Улаанбаатар хот руу 2024 оны 03 дугаар сарын 27-ны өглөө Б- сумаас явсан. Тухайн өдрийн орой 21:00 цаг өнгөрч байхад дүү рүүгээ залгахад “би кино үзээд хэвтэж байна” гэж хэлсэн. Шөнийн 00 цагийн орчим дахин залгахад утсаа авахгүй байсан. 2024 оны 03 дугаар сарын 29-ний өглөө дахин залгахад утсаа авахгүй байхаар нь дүүтэй хамт явсан З.Ц-ээс асуухад “зээ охин нь надад Э- гэсэн дугаарыг өгсөн, та энэ дугаар луу залгаад асуучих” гэж хэлсэн. Тухайн дугаар луу залгахад А.Г-той өмнө хамт амьдарч байсан Алтаатай холбогдсон. Би түүнээс дүүгээ асуухад “мэдэхгүй, нүдний булайнууд, архи уугаад хоорондоо зодолдоод, нил цус нөж болоод сууцгааж байгаа сурагтай байна” гэсэн. Тэгээд би санаа зовоод дүүгийнхээ утас руу дахин, дахин залгахад утсаа авахгүй байхаар нь А-тай яриад “чи өөрөө очоод үзээд өгөөч” гэж хэлэхэд “би охиныхоо 5  настай хүүхдийг хараад байж байна, очиж чадахгүй” гэж хэлсэн. 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 14 цаг 40 минутаас 19 цаг 30 минутын хооронд надад А.М-гийн нөхрийнх нь дугаар болох 90634243 гэсэн дугаарыг явуулж “холбогдоорой, би одоо нөгөө айл руу очлоо, ёстой гайтай юм аа, би цагдаа дээр байна, А.М-тай нөгөө залуу зодоод аймаар юм болсон байна, чи арц уугиулаад, зул асаачихаарай, юмыг яаж мэдэх вэ” гэсэн утгатай мессэжүүдийг А-гаас явуулсан байсан. Маш их гомдолтой, сэтгэл санаа маш хүнд байна. ...Дүү маань гэрээсээ гарч явахдаа биед нь ямар нэгэн бэртэл, шарх сорви гэх зүйл огт байхгүй, зүгээр явсан. ...” ” /1-р хх 88-89, 91/,

гэрч М.А-ийн “...М.Г-ийн төрсөн эгч М.Ц- над руу залгаад, “манай дүү хот руу охинтойгоо уулзана гээд явсан, утас нь холбогдохгүй байна” гэж хэлсэн. ...А.М- 20:00 цагийн үед гэртээ ирсэн бөгөөд Х.Э- над руу залгаад, “одоо санаа зоволтгүй, ээж гэртээ ирчихсэн, харин Д.О- найз Б.А-тойгоо нийлээд М.Г- өвөөг зодсон байна, ээж надад энэ талаар хэллээ” гэж хэлсэн. ...Сүүлд би охин Х.Э-гээс болсон үйл явдлын талаар дэлгэрэнгүй сонсоход М.Г-, А.М-, М.Г-ийн дагуулж ирсэн эрэгтэй гурав А.М-гийн гэрт архи ууж байхад Д.О- А.М- руу залгахад М.Г- А.М-гийн утсыг авч, Д.О-тай ярихад Д.О- М.Г-ийг “ална, тална” гэж хоорондоо яриад байсан, дараа нь Д.О- гаднаас орж ирээд, А.М-г дагуулаад гарах гэхэд М.Г- Д.О-т охиноо өгч явуулахгүй, “чи манай охиныг зоддог гэсэн биз дээ, гурвуулаа цуг явъя” гээд А.М-, М.Г-, Д.О- гурав хамт гарч явсан гэсэн. ...” ” /1-р хх 119, 121-122/,

гэрч Д.Д-ийн “...2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн барагцаагаар 11:00-12:00 цагийн хооронд А.М- надруу залгаад “та хаана байгаа юм бэ, би аав М.Г-той айлд байна, завтай бол ирж аваад гэрт хүргээд өгөөч” гэхээр нь 13:00-14:00 цагийн хооронд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Д- дүгээр байрны гадна очоод, утсаар залгаад, “чи гараад ирэх үү?” гэхэд А.М- тавчиктай, согтуу гарч ирсэн. Тэгээд “дотор манай аав М.Г-ийг Улаанаа хочтой Д.О- зодоод байна, та бид хоёрыг аваад явчих, эсвэл цагдаа дуудмаар байна” гэхээр нь би “ойрхон цагдаагийн газар байгаа биз дээ” гэж хэлээд, дагуулаад явж байсан чинь нэг их муухай дуу гараад, Д.О- нь орилж гарч ирээд, А.М-г “чи хаачих гээд байгаа юм бэ?” гээд байхаар нь би  “энэ хүнийг гэрт нь хүргэж өгөх гэж байна” гэхэд “тийм юм байхгүй” гээд над руу их сүртэй уурлахаар нь би бас жаахан эмээж, айгаад “за за” гэсэн. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй. Ингээд би А.М-гийн охин Х.Э-д “ээж чинь нөгөө Улаанаа гэдэг хүнтэй айлд байгаа юм байна, чи цагдаа дуудаад ээжийгээ аваарай, өвөөг чинь хүн зодоод байна” гэж хэлсэн. ...Тэр үед А.М- түрүүлж ирээд, “ах аа, та миний гар утсыг аваад явчих, тэгэхгүй бол Д.О- аваад өгөхгүй” гээд надад өгөхөөр нь би утсыг нь авч яваад, сүүлд охинд нь өгсөн.” /1-р хх 124-125/,

гэрч З.Ц-ийн “...2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр би Улаанбаатар хот орж, эвдэрхий машинаа авна гэхэд М.Г- ах надтай хамт хот орж, охин дээрээ очиж, надаас авсан мөнгөө өгье гэж хэлээд, бид хоёр хамт явсан. Төмөр замд байх охиных нь гэрт очсон. Бид хоёрыг очиход охин нь гэх эмэгтэй, мөн зээ охин нь гээд өсвөр насны охин байсан. Бид хоёр тэднийд ороод, хоол, цай идэж уугаад байж байхад М.Г- ахын охин өөрийнх нь найз залуу өөрийг нь зоддог талаар хэлэхэд М.Г- ах “яахаараа чамайг зоддог юм?” гээд уурлаж байсан. Хэсэг хугацааны дараа М.Г- ах охиныхоо утсаар нэг эрэгтэй хүнтэй ярьж, маргалдаж байсан. Яриаг нь сонсоход М.Г- ах “чи яахаараа зоддог юм, чамайг ална аа” энэ тэр гээд байсан. Тэгэхэд нөгөө хүн нь бас мөчөөгөө өгөхгүй тэр хоёр маргалдаад байхаар нь би тухайн залуутай утсаар ярьж, “чи яахаараа хөгшин хүнийг ална, тална гэдэг юм?” гээд М.Г- ахыг өмөөрч, утсаар хэсэг ярьсан. Бид 3 ойролцоогоор 2-3 шил архи хувааж уусан. Нэг мэдсэн чинь гаднаас үл таних эрэгтэй орж ирсэн байсан ба тухайн залуу охиных нь найз залуу байсан юм билээ. М.Г- ахын охиныг дагуулж явна гэхэд М.Г- ах “би охиноо ганцаараг нь явуулахгүй, явбал хамт явна” гээд тэр 3 хамт гарсан. ...М.Г- ахад ямар нэгэн гэмтэл, шарх сорви гэх зүйл байгаагүй, зүгээр байсан. ...” /1-р хх 133-134/,

гэрч А.А-ийн “...А.М-гийн төрсөн аав  нь Д.О-тай танилцахаар ирээд, тэр хэд Д.О-ын найзынх нь гэрт хамт архи ууцгаасан гэж хэлсэн. ...Д.О-ын хувьд бараг эрүүл шахуу байсан, А.М- дунд зэргийн согтолттой байсан ч уг хоёр хүн тухайн үед болж буй үйл явдлыг бүрэн гүйцэд санах хэмжээний согтолттой байсан. 03 дугаар сарын 29-ний өдөр намайг А.М-, Д.О- нарыг Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Барилгын Д- байрны гаднаас очиж барьж авахад тэр хоёр хоорондоо нэлээн дотно, аз жаргалтай гэмээр харилцаатай байсан. Яагаад гэхээр тэр хоёр сугадалцаад, хоорондоо юм яриад, инээлдээд байж байсан. ...” /1-р хх 136-137/,

гэрч Х.Э-гийн “...2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр өвөө М.Г- танихгүй эрэгтэй хүнтэй хамт ирсэн. Би 20:00 цагийн үед найзындаа хонохоор гэрээс гарч явсан. Би найзындаа очоод, орой 22:00 цагийн үед ээжтэй утсаар холбогдоход “ээж нь гэртээ байна, өвөө нь хамт архи ууя гэхээр нь жаахан архи уучихлаа” гэж хэлж байсан. Тэр шөнөдөө би найзындаа хоноод, өглөө сэртэл ээж үүрийн 04:00 цагт миний гар утас руу 4-5 удаа залгасан байхаар нь эргээд залгасан боловч ээжийн гар утас холбогдох боломжгүй байсан. Тэгээд би өглөө 09:00 цагийн үед гэртээ очиход М.Г- өвөө, ээж хоёр гэрт байхгүй, өвөөтэй хамт ирсэн эрэгтэй хүн манай гэрт ганцаараа согтуу унтаж байсан. Тэгэхээр нь би тэр хүнийг сэрээгээд, “та манайхаас одоо яваарай, эмээ ирж байна” гэхэд сэрээд гэрээс гарч явсан. ...Тухайн үед над руу ээжийн хуурай ах гэгддэг Дэлэг гэдэг хүн залгаад, “ээж чинь өөрийгөө Төмөр замын гурван угсармал байрнаас ирээд аваач гэхээр нь яваад очтол ээж чинь согтуу, тавчиктай ганцаараа гарч ирээд, өөрийнхөө аавтай айлд архи ууж байтал хамт архи ууж байсан хоёр хүн аавыг нь зодоод байна, та цагдаа дуудаад өгөөч гэхээр нь ээжийг чинь дагуулаад явж байтал найз залуу Д.О- нь гарч ирээд, “хаачих гэж байгаа юм” гээд буцаагаад дагуулаад явчихлаа” гэж хэлсэн. Миний санаж байгаагаар Дэлэг ах над руу залгахад 15:00 цаг болж байсан. ...Хэсэг хугацааны дараа А.А-ь байцаагч над руу залгаад “А.М-, Д.О- хоёрыг бариад авчихлаа, чи ээжийгээ ирж батлан даалтанд аваарай” гэхээр нь би цагдаагийн газар ирж, ээжийгээ аваад, бид хоёр гэртээ харьж хоносон. Ээж гэртээ хариад огт буцаж гараагүй, унтаж амраад, маргааш нь буюу 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ээж эрүүл болоод, бид хоёр гэртээ байж байхад 14:00 цагийн үед Д.О- ах манай цонхыг тогшоод, “М-, М-” гээд ээжийг дуудаад, цонхны хаА-р дээш авирч, цонхыг онгойлгох гээд байсан. Ээж бид хоёр тухайн үед ямар нэгэн чимээ гаргахгүй байсан учраас Д.О- ах цонх тогшиж байгаад яваад өгсөн. ...М.Г- өвөө тухайн үед ирэхдээ биед нь ямар нэгэн гэмтэл, шарх сорви гэх зүйл байхгүй, зүгээр байсан. ...” /1-р хх 139-140/,

Б.А-ын яллагдагчаар өгсөн “...би 4-5 удаа Д.О-ын зодох үйлдлийг салгасан. ...А.М- аавдаа хандан “та намайг хүчиндэж байсан биз дээ?” гээд манай гэрийн углаашаар нүүр, хацар, мөр рүү нь 2-3 удаа цохиж, уурлаж байсан. Цагаан хуванцар саваагаар 1-2 удаа гуя энэ тэр лүү нь цохисон. Д.О- ч мөн тэр саваагаар нуруу руу нь цохиод байсан. ...Д.О- тархи, цээжин дээр нь дэвсэж харагдсан. 4-5 удаа нүүр рүү нь цохисон, 2-3 удаа цээж, хавирга руу нь өвдөглөж, бөгс рүү нь 3 удаа өшиглөж, хуванцар савааг бөгс рүү нь чихэх гэж дайрсан. ...” /2хх 210-213/,

А.М-гийн яллагдагчаар өгсөн “...тэр үед Д.О- намайг аавын дагуулж ирсэн З.Ц- гэх хөдөөний хүнтэй хардаж, маргаан үүссэн. Тэр маргаанаас үүдэлтэйгээр Б.А-ын гэрт нь байхад зодсон. Аавыг зодох үйлдэлд би хамаагүй. Д.О- аавыг удаан хугацаагаар зодоод байсан учраас би болиулах гэхэд “чи яагаад өмөөрөөд байгаа юм бэ?” гээд над руу дайрсан. Тэгэхээр нь би өөрөө аавыг зодож байгаа дүр эсгэж, ягаан өнгийн углааш буюу тавчикаар баруун талын чихний дээд хэсэгт нь нэг удаа цохисон. Өөр зодож цохисон зүйл байхгүй. Д.О- аавын толгой дээр нь маш хүчтэй дэвссэн, цээжин дээр нь 3 удаа дэвсэж өшиглөсөн, бөгс рүү нь 3 удаа өшиглөсөн. Нохой сургадаг цагаан өнгийн хуванцар саваагаар 3 удаа гуя, бөгс рүү нь шавхуурдаж цохисон. ...Миний санаж байгаагаар Д.О- нь талийгаачийг 20-30 минут зодсон байх. ...” /3хх 1-4/,

Д.О-ын яллагдагчаар өгсөн “...А.М- бид хоёр буйдан дээр суусан, Б.А- талийгаач ах хоёр эсрэг талд өөдөөс хараад суучихсан, юм яриад, шивнэлдээд ууцгаасан. Тэр үедээ тэр хоёр шорон орон яриад, атмаан энэ тэрийг танина гээд байсан. Тэгснээ юу болсон юм бүү мэд Б.А-, талийгаач ах хоёр маргалдаад байгаа, тоглоод байгаа нь мэдэгдэхгүй ноцолдоод, зууралдаад байсан. Тэгээд талийгаач ах өөрөө эхэлж Б.А-од “би хүн амины хэрэг үйлдсэн, чамайг бол яаж ч чадна шүү” гэх мэтээр занаад байсан. Тэр үед А.М- аавдаа “чи муу лалрын хар п****, чи намайг хүчиндсэн биз дээ, өөр хүнтэй намайг унтуулдаг биз дээ” гэсэн. Тэр үед Б.А- талийгаач ахын хойно нь сууж байгаад хойноос нь татаж, газарт зууралдаж байгаад хоёр гарыг нь хойно нь зөрүүлж барьснаа намайг “чи цаанаас скоч аваад өг” гэсэн. Скоч аваад өгөхөд Б.А- түүнийг скочдоод, талийгаач ах хажуу тийшээ хараад хэвтэж байхад цаана нь газарт суугаад, гутлаа өмсөж байхдаа “би энэ гутлаараа олон хүн өшиглөсөн, амбаардсан” гэж хэлээд, талийгаачийн өгзөг хэсэгт хоёр удаа өшиглөж, зүүн талын хавирга хэсэг рүү нь нэг удаа өвдөглөж, цагаан өнгийн нарийн хоолойгоор өгзөг, гуя хэсэгт нь цохиод байсан. ...А.М- тэр үед согтуу орилж босч ирээд, аавынхаа дээр суугаад “одоо намайг яамаар байна, алмаар байна уу?” гээд толгойн тус газар нь 3-4 удаа цохисон, мөн Б.А- толгойн тус газар нь 1 удаа өшиглөж байсан. ...Би талийгаачийн зүүн мөрний булчин хэсэгт хоёр удаа дуудсан маягаар зөөлөн алгадсан. Өөрөөр гар хүрсэн зүйл байхгүй. ...А.М- талийгаачийг газарт сууж байхад нь хойш нь түлхэж унагаад, дээр нь гарч суугаад, 3-4 удаа хоёр гараа савж цохисон. Тэгээд би “боль, боль” гээд гар утсан дээрээ бичлэг хийгээд болиулсан. ...Цагдаагийн байгууллагад дуудлага өгчихөөд цагдаа ирэхийг хүлээгээд байж байхад Б.А- “хоёулаа үгээ нийлүүлье, цагдаа дээр очоод хэлэх үгээ нэг болгоё, шөнө талийгаач явах гэж байгаад шатны уруу унасан, ойчсон гэж хэлье” гэхээр нь би мэдүүлэгтээ шөнө шатны уруу унасан гэж мэдүүлсэн. Тийм зүйл огт болоогүй, тухайн үед Б.А-ын үгэнд орж хэлсэн нь миний буруу. ...” /2хх 160-161, 182-183/,

шинжээч эмч Б.Г-ийн “...амь хохирогч нь тархи, цээжний хэсэгт авсан хавсарсан гэмтлийн улмаас шоконд орж нас барсан бөгөөд дээрх хоёр гэмтэл нь дан дангаараа биш, нийлээд буюу хавсарч үхэлд хүргэсэн. ...Эдгээр гэмтлийг авсан хүн үхэлд хүрэх хүртлээ идэвхтэй үйлдэл, хөдөлгөөн хийх боломжтой байдаг. ...Дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд нь бүгд шинэ гэмтлүүд байна. Нас барсан хугацааг цогцост илрэх эрт үеийн өөрчлөлт болох цогцосны хөрөлт, хөшилт, толбо зэргээр баримжаалж тодорхойлдог. ...” /2-р хх 22-23/ гэсэн мэдүүлгүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн “...амь хохирогчийн толгой тачир үстэй, орой хэсэгт улаан хүрэн өнгийн цус хуралттай, духанд хуучин тав тогтсон жижиг зулгаралтуудтай, баруун нүдэнд 3х3 см улайлт, хөхрөлттэй, зүүн нүдэнд 4х3 см хөхрөлттэй. ...Өрөөний зүүн талын хананд, хаалганы хажууд хаалганаас 6 см, газраас дээш 23 см-т цус мэт хүрэн улаан өнгийн зүйл ханыг бохирлон доош урсаж хатсан байв. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 32-33/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд 1-р хх 142-146/,

“...талийгаачид тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, дарах, шахах, нидрэгдэх механизмаар үүсгэгдэнэ. Үхлийн шалтгаан болсон тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Талийгаач нь дээрх хавсарсан олон гэмтлийн улмаас гэмтлийн шокоор нас баржээ. Дээрх гэмтэлтэй хүн идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. 2024 оны 03 дугаар сарын 30-ны 20:00 минутын цогцост хийсэн анхны үзлэгээр нас бараад 24 цаг болсон байжээ. Үхлийн шалтгаанд нөлөөлөх өвчингүй байна. Талийгаачийн цусанд спиртийн зүйл илрээгүй. Тэмцэлдсэн гэх шинж тогтоогдохгүй байна. Дээрх гэмтэлтэй хүн эмнэлгийн зохих тусламж үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой.” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1378 дугаар дүгнэлт /1-р хх 150-156/,

“...Цогцост хийсэн шинжилгээгээр тогтоогдсон зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хурааны шинж чанар, эд эсийн шинжилгээний хариу зэргээс дүгнэхэд цочмог цусан хураа буюу нас барахаас өмнө 48 цагийн дотор үүсгэгдсэн байна. Тусламж үйлчилгээ үзүүлээгүй тохиолдолд гэмтлийн шокийн үе шат, эмгэг жам, хувь хүний онцлог, архи согтууруулах ундааны хэрэглээ зэргээс хамаарч харилцан адилгүй хугацаанд амьдрах боломжтой. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 670 дугаар дүгнэлт /3-р хх 8/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн:

Шүүгдэгч Д.О-ын хохирогч А.М-г зодож эрүүл эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.Д- зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Б.А-, А.М-, Д.О- нарын бүлэглэж, амь хохирогч М.Г-ийг зодож, олон тооны шарх бүхий гэмтэл учруулж алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.11 дэх заалтад тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.Д- зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-т 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д тус тус зааснаар шүүгдэгч Б.А-, А.М-, Д.О- нарт тус бүр 15 жилийн хорих ял оногдуулж, шүүгдэгч Д.О-т оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 15 жил 3 сарын хорих ялаар тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Б.А- “...хүнийг алах гэмт хэрэг үйлдээгүй, Д.О- нь талийгаачийг зодож, үхэлд хүргэсэн, ...А.М-гийн тавчикаар цохисон, миний саваагаар цохисон үйлдлээс талийгаачийн амь нас хохироогүй, ...Д.О-ыг талийгаачаас салгаж, талийгаачид тусалж байсан, ...талийгаач тухайн гэмтлийг мод бэлтгэж, мориноос унахдаа авсан байх боломжтой, ...амь хохирогч шатнаас унасан, ...Д.О- нь миний хэлсэн үг, үйлдлийг өөрөө хэлж, үйлдсэн мэтээр мэдүүлсэн, ...Д.О-тай үгээ нийлүүлж, тохиролцоогүй, ...Д.О- гүтгэж байна. ...”,

шүүгдэгч А.М- “...хүнийг алах гэмт хэрэг үйлдээгүй, Д.О- талийгаачийг зодож үхэлд хүргэсэн, ...миний тавчикаар цохисон үйлдлийн улмаас талийгаачийн амь нас хохироогүй. ...” ,

шүүгдэгч Д.О- “...хүнийг алах гэмт хэрэг үйлдээгүй, шүүгдэгч нарын мэдүүлэг зөрүүтэй, ...мөрдөгч уг хэргийг надад тулгаж, гаргаж өгсөн бичлэгийг өөрчилсөн, ...хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд би байгаагүй, ...амь хохирогч гэмтэл аваад 48 цаг болсон гэсэн нь ойлгомжгүй, ...Б.А-, А.М- нар гадуур шалгагдаж, үгсэн хуйвалдсан. ...” ,

шүүгдэгч Д.О-ын өмгөөлөгч Ш.Бадмаараг “...Д.О-, А.М- нар нь талийгаачийг алсан гэх цаг хугацаанд байгаагүй, ...талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нь шинжээчийн дүгнэлтээр механизмын улмаас үүссэн гэж тогтоосон, ...М.Ц- нь амь хохирогчийн гэр бүлийн гишүүн биш тул сэтгэл санааны хохирол гаргуулсан нь үндэслэлгүй. ...”,

шүүгдэгч А.М-гийн өмгөөлөгч Б.Батбаяр “...А.М-гийн үйлдлийн улмаас талийгаачийн амь нас хохироогүй. ...”,

шүүгдэгч Д.О-ын өмгөөлөгч Н.Баатардорж “...талийгаач дээрх гэмтлүүдийг өмнө авсан байх боломжтой, ...өмнө дүгнэлт гаргасан шинжээч дахин дүгнэлт гаргасан нь хуульд нийцээгүй, ...харилцан эсрэг сонирхолтой шүүгдэгч нарын мэдүүлгийг үндэслэн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. ...” гэх агуулгаар давж заалдах гомдлууд гаргажээ.

1.Шүүгдэгч Б.А-, А.М-, Д.О- нарт холбогдох хэргийг мөрдөн шалгах болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах, хязгаарлах замаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлж болох ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг бодитой сэргээн тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан байна гэж үзэв.

Шүүгдэгч болон өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн гэмт хэргийн нотлогдсон байдлыг судалж үзэхэд шүүгдэгч Б.А-, А.М-, Д.О- нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, бүлэглэн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Д- дүгээр байрны Д- тоотод амь хохирогч М.Г-ийг цохих, өшиглөх, цээжин дээр нь өвдөглөх зэргээр зодож улмаар их тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун тал бөмбөлгийн духны суурь хэсгийн эдийн няцрал, их тархины баруун чамархай, бага тархины орой хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун ухархайн дээд ханын цөмөрсөн зөрөө бүхий хугарал, зөөлөн эдийн хавчуулагдалт, баруун зүүн чамархайн булчин хуйхны дотор гадаргуугийн цус хуралт. Өвчүү, баруун, 2-р хавирга, зүүн 2, 6, 7, 8, 9, 10-р хавирганы хугарал. ...олон тооны зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл учруулж, дээрх хавсарсан олон гэмтлийн улмаас гэмтлийн шокоор нас барсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд, шинжээч эмчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг үндэслэлтэйгээр үгүйсгэх, дээр дурдсан нотлох баримтуудыг хууль зөрчиж бэхжүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Тодруулбал, шүүгдэгч нар нь яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй, амь хохирогчид гэмтэл учирсан үйл баримтын талаар мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт эрс зөрүүтэй мэдүүлгүүд өгч харилцан бие биеэ хохирогчийн үхэлд буруутгаж буй хэдий ч мөрдөгч, прокурорын зүгээс тухайн хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлэг өгч болох хүмүүсийг гэрчээр асуух, мөн хэргийн газарт үзлэг хийх замаар шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоог тодруулах, амь хохирогчид учирсан гэмтлийн шинж чанар, нас барсан шалтгааныг тогтоох зорилгоор шинжээчийн дүгнэлтийг хоёр удаа гаргуулж, нэр бүхий шинжээчээс гаргасан дүгнэлттэй нь холбогдуулан тайлбар авах, мөрдөн шалгах ажиллагаатай холбогдуулан оролцогчдын гаргасан хүсэлт, баримтат мэдээллийг хянаж шийдвэрлэх зэргээр нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байна.

Шүүгдэгч Б.А-, А.М-, Д.О- нар нь санаа зорилго болон үйлдлээрээ нэгдэж, нэг цаг хугацаа, орон зайд хохирогч М.Г-ийг бүлэглэн зодож амь насыг нь санаатайгаар хохироох гэмт хэрэг үйлдэх үед хохирогчийг үхэлд хүргэсэн хавсарсан гэмтлийг хэн учруулсан нь тэднийг яллагдагчаар татсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2., 2.11-д заасан “хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, бүлэглэж үйлдсэн” гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.

Мөн анхан шатны шүүхийн “...шүүгдэгч Д.О- нь амь хохирогч М.Г-ийн толгой хэсэгт  цохих, толгой дээр нь дэвсэх, биеийн хэсгүүдэд нь гараараа болон хуванцар саваагаар цохих, Б.А- нь амь хохирогчийн дээр сууж, өшиглөх, өвдөглөх, хөл хэсэгт нь цохих, А.М- нь амь хохирогчийн дээр нь сууж, толгой болон биеийн хэсгүүдэд нь гараараа болон хуванцар саваагаар цохих зэргээр зодсон тэдний бүлэглэн хүч хэрэглэсэн үйлдлүүдийн улмаас амь хохирогчийн биед олон тооны гэмтэл учирсан, мөн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, дарах, шахах, нидрэгдэх механизмаар үүсгэгдсэн хавсарсан олон тооны гэмтэл бөгөөд эдгээр гэмтлийн улмаас амь хохирогч гэмтлийн шокоор нас барсан шалтгааныг шинжээч эмч тогтоосон байна. Шинжээчийн “амь хохирогч нь тархи болон цээжний хэсэгт авсан хавсарсан гэмтлийн улмаас шоконд орж нас барсан бөгөөд эдгээр гэмтлүүд нь дангаараа бус, харин хавсарч үхэлд хүргэсэн, түүнчлэн дээрх гэмтлийг авсан хүн үхэлд хүрэх хүртлээ тодорхой хугацаанд идэвхтэй хөдөлгөөн, үйлдэл хийх боломжтой байдаг, бүх гэмтлүүд нь шинэ гэмтэл” гэсэн мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Д.О-, Б.А-, А.М- нарын тус бүрийн дээрх үйлдлүүд болон хохирогчийн амь нас хохирсон үр дагаврын шалтгаант холбоо бүрэн тогтоогдсон байна. ...” гэсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Түүнчлэн гэрч нараас мэдүүлэг авах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаж, тэдэнд эрх, үүргийг нь танилцуулж, худал мэдүүлсэн тохиолдолд хүлээх хариуцлагын талаар сануулсны үндсэн дээр мэдүүлэг авсан байна.

2.Энэ хэрэгт хоёр удаа шинжээчийн дүгнэлт гаргуулсан байх бөгөөд 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 670 дугаар бүхий нэмэлт шинжилгээ хийсэн дүгнэлтээр “...Цогцост хийсэн шинжилгээгээр тогтоогдсон зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хурааны шинж чанар, эд эсийн шинжилгээний хариу зэргээс дүгнэхэд цочмог цусан хураа нас барахаас өмнө 48 цагийн дотор үүсгэгдсэн байна. Тусламж үйлчилгээ үзүүлээгүй тохиолдолд гэмтлийн шокийн үе шат, эмгэг жам, хувь хүний онцлог, архи согтууруулах ундааны хэрэглээ зэргээс хамаарч харилцан адилгүй хугацаанд амьдрах боломжтой. ...” хэмээн дүгнэж, шүүх хэрэгт авагдсан шинжээчийн мэдүүлэг, үүнтэй холбоотой бусад баримт сэлттэй харьцуулан хянан үзсэний үндсэн дээр үнэлж, нотлох баримтаар тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлд заасныг зөрчөөгүйгээс гадна Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гаргасан шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж, шинжээчид өөрсдийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан ба эдгээр дүгнэлтүүдэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Г- нь 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1378 дугаар дүгнэлтийг гаргаж, мөрдөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Нэмэлт шинжилгээ хийлгэх тухай” тогтоолыг үндэслэн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 670 дугаар бүхий нэмэлт шинжилгээ хийсэн нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т Нэмэлт шинжилгээг анхдагч шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан болон гаргахад оролцсон шинжээчээр хийлгэж болно.” гэж заасныг зөрчөөгүй байна.

Үүнээс гадна хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ц-ийн “...дүү маань 28-ны өдөр гэрээсээ гарч явахдаа биед нь ямар нэгэн бэртэл, шарх сорви гэх зүйл огт байхгүй, зүгээр байсан. ...”, гэрч З.Ц-ийн “...М.Г- ахад ямар нэгэн гэмтэл, шарх сорви гэх зүйл байгаагүй, зүгээр байсан. ...”, Х.Э-гийн “...М.Г- өвөө тухайн үед ирэхдээ биед нь ямар нэгэн гэмтэл, шарх сорви гэх зүйл байхгүй, зүгээр байсан. ...” гэж гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө амь хохирогчийн биеийн байдал хэвийн байсан талаар мэдүүлснийг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Нөгөөтэйгүүр, амь хохирогчид учирсан зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цочмог хураа нь нас барахаас өмнө дээд хязгаар нь 48 цагийн дотор үүсгэгдсэнийг тодорхойлсон талаар шинжээч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлжээ. /4хх-140 тал/ 

Мөн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 670 дугаар дүгнэлтээр “...амь хохирогчид үүсгэгдсэн зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цочмог цусан хураа нь нас барахаас өмнө 48 цагийн дотор үүсгэгдэж, тусламж үйлчилгээ үзүүлээгүй тохиолдолд гэмтлийн шокийн үе шат, эмгэг жам, хувь хүний онцлог, архи согтууруулах ундааны хэрэглээ зэргээс хамаарч харилцан адилгүй хугацаа                                            нд амьдрах боломжтой. ...”, 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1378 дугаар дүгнэлтээр “...2024 оны 03 дугаар сарын 30-ны орой 20:00 цагт цогцост хийсэн үзлэгээр нас бараад 24 цаг болсон. Дээрх гэмтэлтэй хүн идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. ...” гэснээс дүгнэхэд амь хохирогч нь шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг авснаас хойш тухайн хүний биологийн онцлогоос шалтгаалан харилцан адилгүй цаг хугацаанд идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой байсан байх ба нас барсан цаг хугацаанд А.М-, Д.О- нар байгаагүй гэх тайлбар нь шүүгдэгч нарын гэм бурууг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт хамтран оролцох ойлголт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт хамтран оролцогчдын төрөл, энэ зүйлийн 3 дахь хэсэгт хамтран оролцох хэлбэр болон 3.7 дугаар зүйлд гэмт хэрэг бүлэглэн гүйцэтгэх талаар тус тус тодорхой заасан байна.

Гэмт хэрэгт хамтран оролцох нь үүргээ хуваарилах ба хуваарилахгүйгээр нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрсдийн хүсэл зорилгоор гэмт үйлдлийг гүйцэтгэж байгаа хоёр болон түүнээс дээш хүний үйл ажиллагааны нэгдэл.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, хэргийг зөв зүйлчлэх, ялыг ялгамжтай оногдуулахад ач холбогдолтой.

Энэ хүрээнд гэмт хэрэгт хамтран оролцогчдын хооронд бодит тохироо буюу нэг зорилгод хүч нэгтгэн, үүргээ хуваарилан хүрэх эрмэлзэлтэй байсан эсэх, энэ тухайгаа хоорондоо хэлэлцэн тохиролцсон эсэхийг мөрдөн шалгах болон шүүх хуралдааны явцад зайлшгүй нотлох ёстой.

Тодорхой гэмт хэрэг үйлдэхээс өмнө дээр дурдсан тохиролцоог хийгээгүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл төдийгүй үзэл бодол, сэдэлт зорилгоороо нэгдсэн байвал гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзнэ.

Энэ тохиолдолд гэмт хэрэг үйлдэхэд хоёр ба түүнээс дээш хүн оролцож, гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талыг хамтран хэрэгжүүлсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх хангалттай үндэслэл болно.

Анхан шатны шүүхийн тогтоосон үйл баримтаар шүүгдэгч Б.А-, А.М-, Д.О- нар нь бусдыг алах гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдэх, хэн ямар үүрэгтэй оролцох, учирч болох бэрхшээлийг хэрхэн туулах, ул мөрийг нуух, баллах зэрэг асуудлаар урьдчилан хэлэлцэж тохиролцоогүй боловч шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нарын хэн аль нь амь хохирогчийг цохиж унагаах, унасан байхад нь өшиглөх, цээжин дээр нь өвдөглөх зэргээр түүний биед халдан зодсоны улмаас нас барсан болох нь нотлогдсон бөгөөд тэдгээрийг хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

4.Шүүгдэгч Б.А- нь ”...Амь хохирогч нь шөнийн 02:00 цагийн үед шатны гишгүүр дээр унаж, хамар, амнаас нь цус гарсан байсан. ...” гэх ба шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “...2024 оны 03 сарын 30-ны 20:00 минутын цогцост хийсэн анхны үзлэгээр нас бараад 24 цаг болсон байна. ...” гэх дүгнэлтээр няцаагдаж байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “хохирогч нас барсан, эсхүл сэтгэцийн, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг” хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож болохоор хуульчилсан.

Амь хохирогч М.Г-ийн хувьд гэр бүлтэй гэх баримт хэрэгт авагдаагүйгээс гадна хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ц-ийн “...М.Г- нь сүүлийн нэг жил над дээр мал маллаж байсан. ...Тэрээр Төв аймгийн Б- сум, Сөгнөгөрийн 3 дугаар багт манайд надтай хамт амьдардаг байсан. ...” /1-р хх 88, 91/ гэсэн мэдүүлгээс үзэхэд тэрээр өөрийн төрсөн эгч Мандалын Ц-ийн хамт амьдардаг байсан болох нь тогтоогдож байх тул хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн эгч М.Ц-ийг тогтоож /1-р хх 86/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь дээрх хуулийн шаардлагад нийцсэн гэж үзнэ. 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчин мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хязгаарласан, нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, мөрдөгч нар зодож, эрүү шүүлт тулган хэрэг хүлээлгэсэн гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаас аль нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах зэргээр үнэлснийг буруутгах боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулагдсан болно.

Тухайлбал, дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг (Хүний амьд явах эрхийн эсрэг), Арван нэгдүгээр бүлэг (Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг), Арван хоёрдугаар бүлэг (Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг)-т... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж заажээ.

Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.2-т “...Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно.”, 2.10-т “Энэ журмын 2.1.1.-2.1.5-д зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтооно.” гэж тус тус зааж тодорхойлсон байна.

Тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт гаргах ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр дээр дурдсан хууль болон журмаар зохицуулсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ц-ийн сэтгэцэд учирсан хор уршиг ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад анхан шатны шүүх сэтгэцийн хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шийдвэрлэснийг хууль ёсны гэж үзэх боломжгүй юм.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ажиллагааг дээр дурдсан хууль болон журамд заасны дагуу гүйцэтгэсний эцэст хохирлыг гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 7 дахь заалтын хүчингүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ц- нь сэтгэцэд учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Түүнчлэн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад шүүгдэгч Д.О-т оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ шүүгдэгчийн нэрийг орхигдуулсан техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг зөвтгөж, шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Н.Баатардорж, шүүгдэгч А.М-, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, шүүгдэгч Д.О-, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 84 хоногийг ял эдлэх хугацаанд нь тус тус оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2026/ШЦТ/59 дүгээр шийтгэх тогтоолын 3 дахь заалтад “...Шүүгдэгч Д.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11 дэх заалтад заасан гэмт хэрэгт оногдуулсан 15 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.Д- зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 90 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 15 (арван тав) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай. ...” гэж өөрчилж,

7 дахь заалтыг хүчингүй болгож,

тогтоох хэсэгт “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ц- нь сэтгэцэд учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай...” гэсэн нэмэлт заалт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Н.Баатардорж, шүүгдэгч А.М-, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, шүүгдэгч Д.О-, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-, А.М-, Д.О- нарын 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл нийт 84 /наян дөрөв/ хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ

 

                                 ШҮҮГЧ                                                           Л.ДАРЬСҮРЭН