Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/01137

 

 

Б.Д-, В.А- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2022/01455 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Д-, В.А- нарын хариуцагч Б.Б-од холбогдуулан гаргасан хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, орон сууцны урьдчилгаа болон засварын зардалд нийт 91,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Б.Д- миний бие өөрийн хөрөнгөөр үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2204042096 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, Ногоон төгөл 99В байр, 1004 тоот хаягт байрлах 108,6 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 2012 онд ашиглалтанд ороход нь худалдан авч өөрийн охин В.А-ын хамт өнөөдрийг хүртэл өмчилж байгаа. Бид тус орон сууцандаа амьдрахгүй, өөр газар амьдрах болсон тул өөрийн төрсөн ах Б.Б-ыг өөрсдийн орон сууцандаа түр амьдарч байхыг зөвшөөрч, түүнийг 2017 оноос хойш амьдруулж байгаа. Бидний хувьд өөрсдийн өмчлөлийн 3 өрөө орон сууцаа худалдан борлуулах шаардлага үүссэн тул тус орон сууцанд түр амьдарч байгаа ах Б.Б-ыг чөлөөлж өгөхийг удаа дараа хэлж, шаардсан. Гэвч ах Б.Б- нь бидний орон сууцыг чөлөөлж өгөхгүй, бидний өмчлөлийн орон сууцнаас гарахгүй хүндрэл учруулж байгаа тул арга буюу шүүхэд хандаж байна. Иймд Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, Ногоон төгөл 99-В байр, 1004 тоот хаягт байрлах 108,6 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг Б.Б-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие дүүгийнхээ нөхцөл байдлыг харгалзан туслахаар шийдэн, өөртөө байр авахаар хадгалж байсан 14,000 долларыг дүүдээ өгч байсан. Миний бие 2016 онд орон сууцаа томруулахаар байр хөөцөлдөж байсан ба улмаар төрсөн дүүтэйгээ ярилцаж Б.Д-гийн 140,000,000 төгрөгөөр худалдахаар санал болгосны дагуу миний бие 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тус байранд нүүж амьдрах болсон. Ингээд ярилцаж тохиролцсоны дагуу 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Б.Д-гийн Хас банкны 5001689268 тоот дансанд 3 өрөө орон сууцны урьдчилгаа болох 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Орон сууцанд засвар хийх шаардлагаа гарсан тул 2018 оны намар 10 дугаар сард засварын баригад хөлсөлж бүх өрөөний дотор засал /уналттай тааз, цахилгааны бүрэн засвар, хананы обой наах, балкон шиллэх, паркетлах, сантехникын засвар үйлчилгээ, ачаа тээврийн зардал, ажилчдын хөлс гэх мэт/ өөрийн хөрөнгө, санхүү, хүч хөдөлмөр, гарган бүрэн засвар хийсэн. Энэхүү засварт нийт 60 орчим сая төгрөг зарцуулсан юм. Энэ баримтаас харахад нэхэмжлэгчийн хууль бус өмчлөл гэсэн нь үгүйсгэгдэж байна. 3 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах хэлцлийн дагуу зохих ёсоор урьдчилгаа төлбөрийг нь төлөөд амьдарч байгаа учир нэхэмжлэлийн шаардалгыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

 

3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие орон сууцыг Б.Д-гаас 140,000,000 төгрөгөөр худалдаж авахаар болж, 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр нүүж орсон. Улмаар 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр байрны урьдчилгаа болох 50,000,000 төгрөгийг Б.Д-гийн Хас банкны дансанд байрны төлбөр гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлж байсан. Бид худалдаж авсан байрандаа 2017-2018 оны хооронд тухайн үеийн ханшаар 40,000,000 орчим төгрөгөөр иж бүрэн засварыг хийж гүйцэтгэсэн. Бид уг байрыг 140,000,000 төгрөгөөр худалдан авах, үнийг төлөхдөө ах дүүс учир уян хатан байдлаар боломжоороо төлөхөөр тохиролцсоныг түүний нөхөр Г.Амартүвшин болон миний хамтран амьдрагч Т.Энхцацрал нар мэдэж байгаа. Тухайн үед орон сууц худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулж амжаагүй шалтгаан нь нэгдүгээрт төрсөн ах дүү нар учраас би түүнд итгэж байсан, хоёрдугаарт үнийн уян хатан нөхцөлтэй тохирсон байсанд ба гэрээг иргэний хуульд заасны дагуу бичгээр байгуулж нотариатаар батлуулж амжаагүй байхдаа дүүтэйгээ үл ойлголцож улмаар шүүхдэлцэх дээрээ хүрээд байна. Одоо дүү маань ярилцаж тохиролцсоноосоо буцаж, түүгээр ч зогсохгүй төрсөн ахыгаа шүүхэд илт гүтгэж бодит байдлыг нууж, намайг байранд нь түр амьдарна гэж гуйж орчоод гарахгүй байгаа мэтээр бичиж байгаад гайхаж байна. Дүүдээ итгэж байсан учраас гэрээг бичгээр байгуулж, нотариатаар батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлээгүйдээ одоо хохирч байх шиг байна. Хэдий бичгээр гэрээ байгуулаагүй ч талууд тус байрыг худалдаж, худалдан авахаар хүсэл зоригоо илэрхийлж аман хэлцэл байгуулсны дагуу урьдчилгаа төлбөр төлж, байранд засвар хийсэн учир Б.Д- одоо намайг байрнаас гаргах гэж байгаа бол байрны урьдчилгаанд төлсөн 50,000,000 төгрөг, байрны засварт зарцуулсан 41,000,000 төгрөг нийт 91,000,000 төгрөгийг надад буцаан төлөх ёстой гэж үзэж байна. Иймд Б.Д-, В.А- нараас орон сууцны урьдчилгаанд төлсөн 50,000,000 төгрөг, тус байранд засвар үйлчилгээ хийсэн 41,000,000 төгрөг нийт 91,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн тайлбар татгалзлын агуулга: Нэхэмжлэгч Б.Д-гийн дансанд хариуцагчаас өгсөн гэх 50,000,000 төгрөг орсон тул түүнийг буцаан өгөхийг хүлээн зөвшөөрнө. Харин орон сууцанд засвар хийсэн гэх 41,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тус орон сууцанд засвар хийхгүй бол зориулалтын дагуу ашиглах боломжгүй, зайлшгүй засвар хийх шаардлагатай байгаагүй бөгөөд шинээр ашиглалтанд орсон, шинэ байр байсан. Хариуцагч их засвар хийх тохиолдолд зайлшгүй өмчлөгчөөс зөвшөөрөл авахаар хуульчилсан бөгөөд талууд тохиролцож засварын ажил гүйцэтгэж, төлбөрийг хэн хариуцах талаар тохирсон байх ёстой боловч тохирсон зүйл огт байгаагүй, засвар хийх шаардлага ч байгаагүй. Хэрэв нэхэмжлэгч орон сууцаа хөлсөлж, түрээсэлсэн бол хөлсөлсөн, түрээсэлсэн хэмжээний хохирол шаардах байсан боловч ах дүүс харилцан хохирол, үр дагавар шаардах нь зохимжгүй юм. Гэвч хариуцагч нь өөрийн дураар орон сууцны хийцлэлийг өөрчилж засвар хийсэн атлаа засварын мөнгийг нэхэмжлэгчээс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 41,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2204042096 дугаартай, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам 99-В байр 1004 тоот хаягт байрлах 108.6 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагч Б.Б-ын хууль бус эзэмшлээс чөлөөлөөлж, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлээс 50,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулж хариуцагчид олгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул 41,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 612,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамж 407,950 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

6.Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүх нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс маргаан бүхий байранд түр амьдрахаар гуйж орсон биш харин худалдаж авахаар тохиролцож төлбөрийг төлж хамгийн гол нь хэлцлийн талууд харилцан тохиролцож байрны эзэмшлийг шилжүүлж авсан гэж маргадаг. Байрыг өмчлөгчөөс хүлээн авч урьдчилгаа төлбөрийг төлсний дараа Б.Б- миний бие уг байрыг хууль ёсны дагуу эзэмшиж байна гэж ойлгон засвар үйлчилгээ хийсэн. Гэтэл дээр дурдсаны дагуу нэхэмжлэгчийн зүгээс байрны төлбөрийг хүлээн авч, байраа хүлээлгэн өгсөн хэр нь одоо анхнаасаа хууль бусаар, өмчлөгчийн ямар ч зөвшөөрөлгүйгээр эзэмшсэн мэтээр тайлбарлаж байгааг, шүүхийн зүгээс гэрээ бичгээр байгуулах хуулийн шаардлага хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус учир засварын зардал болох 41,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 491.1, 493 дугаар зүйлийн 493.5 дахь заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад талуудын хооронд маргаан бүхий байрны өмчлөл эзэмшлийн асуудлаар талууд хоорондоо харилцан тохиролцож нэг талаас байрны үнийг төлөх нөгөө талаас байрыг хүлээлгэн өгөх талаар тохиролцож үүнийхээ дагуу хүсэл зоригоо илэрхийлж байраа хүлээлгэж өгч байрны урьдчилгаа төлбөрийг хүлээж авсан үйл баримтууд нотлогддог ба нэхэмжлэгчийн шаардаж буйгаар зүгээр түр хугацаагаар үнэгүй байлгахаар тохирсон гэх үйл баримт тогтоогдоогүй. Нөгөө талаар хариуцагчийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч хэн болох эд хөрөнгийн өмчлөл шилжсэн эсэхэд маргаагүй харин талууд харилцан тохиролцож байрны урьдчилгаа төлж, хууль ёсны эзэмшил үүссэн байсан учир түүнд засвар үйлчилгээ хийх эрхтэй гэж ойлгон зардал гаргасан, одоо нэгэнт үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдах авах гэрээний нотариатаар батлуулах бичгээр байгуулах шаардлагыг хангаагүй өмчлөл дээр огт маргаагүй зэрэг нөхцөл байдлыг шүүх анхаараагүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 41,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хууль зүйн заалтыг буруу тайлбарласан гэж үзэж байгаа ба талуудын хоорондох хэлцлийн нөхцөл, маргаан бүхий байрыг өмчлөгчөөс нь эзэмшлийг шилжүүлж авахдаа тэдгээрийн хүсэл сонирхлын илэрхийлэл байсан эсэх, тухайн засвар үйлчилгээг хийх үед эзэмшил нь шударга байсан эсэхэд анхаарах ёстой байсан. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ 90 дүгээр зүйлийн 90.1 дэхь хэсэгт Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж заасныг үндэслэн бидний зүгээс маргаан бүхий байрыг бид шударгаар эзэмшиж байсан эзэмшигч гэж үзэж байгаа ба энэ талаар Улсын дээд шүүх Иргэний хуулийн 10, 11 дүгээр бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай шүүхийн 2009 оны 06 сарын 15-ны өдрийн №17 тоот тогтоолын 3.1 дэхь хэсэгт Иргэний хуулийн 90.1 дэх хэсэгт заасан шударга эзэмшигч гэдэгт мөн зүйл, хэсэгт заасан этгээдээс гадна өөрийн эзэмшлийг хууль ёсны гэж ойлгож, эзэмшлээ хууль бус болохыг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан хууль бус эзэмшигчийг хамааруулж болно гэсэн тайлбараас өөрийн төрсөн дүүтэйгээ байрыг худалдан авахаар үнийг нь тохирч, байрыг нь өөрсдөөс нь албан ёсоор хүлээн авч амьдран, байрныхаа урьдчилгааг төлсөн хүний хувьд өөрийн эзэмшлээ хууль ёсны байсан гэсэн тайлбар нь хууль зүйн үндэслэлтэй. Тиймээс Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3 дах хэсэгт Шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа түүнийг хадгалах, арчлах, засан сайжруулах зэрэгт зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй гэж заасны дагуу маргаан бүхий байранд хийсэн засварын мөнгө болох 41,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн эд зүйлээ шаардсан. Хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргахдаа засвар хийсэн гэх 41,000,000 төгрөгийг шаардсан. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.6 дахь хэсэгт өмчлөгч энэ зүйлд заасан эрхээ бусдад шилжүүлж болох бөгөөд эрх шилжүүлэн авсан этгээд эд юмсыг өмчлөгчийн зөвшөөрсөн зориулалт, өөрийн үйл ажиллагааны зорилго, дүрмийн дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгчээс тухайн орон сууцанд засвар хийх талаар ямар нэгэн зөвшөөрөл аваагүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч талаас тухайн орон сууцыг худалдан авахаар тохирсон гэдэг боловч нэхэмжлэгч Б.Д-, В.А- нартай худалдан авахаар тохиролцоогүй. С.Рэгзэдмаа, Б.Ганболд нар нь тус орон сууцыг худалдан борлуулах талаар шахалт өгч байсан нь гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Тухайн орон сууцыг нэхэмжлэгч нар хариуцагчтай худалдан борлуулахаар хэлэлцэн тохирсон, гэрээ байгуулсан үйл баримт болоогүй. Хамгийн бага хүү нь болохоор тухайн орон сууцыг ахдаа өг гэх шахалтыг үзүүлж байсан. Нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр тухайн орон сууцанд засвар хийсэн гэх мөнгөө шаардаж байгаа нь үндэслэлгүй. Тухайн орон сууцанд засвар хийсэн талаарх баримтаа гаргаж өгч нотлоогүй. Хөрөнгийн үнэлгээний төв гэх байгууллагаар хийлгэсэн дүгнэлтийг гаргаж өгсөн болохоос анхан шатны баримт бичгүүдийг хариуцагч талаас гаргаагүй. Иймд сөрөг нэхэмжлэлтэй холбоотой давж заалдах гомдол үндэслэлгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

 

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.Нэхэмжлэгч Б.Д-, В.А- нар нь хариуцагч Б.Б-од холбогдуулан хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч орон сууцны урьдчилгаа болон засварын зардалд нийт 91,000,000 төгрөг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн байна.

4.Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13374/, Нарны зам 99-В байр, 1004 тоот хаягт байрлах, 108.6 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204042096 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцны өмчлөгч нэхэмжлэгч Б.Д-, В.А- нар болох нь зохигчийн тайлбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр тогтоогджээ. /хх-6-р тал/

4.а.Нэхэмжлэгч Б.Д- нь өөрийн төрсөн ах Б.Б-ыг дээрх орон сууцанд түр амьдрахыг зөвшөөрч 2017 онд эзэмшлийг шилжүүлсэн, өмчлөлийн зүйлээ чөлөөлүүлэхээр удаа дараа шаардсан боловч чөлөөлж өгөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон бол хариуцагч Б.Б- нь тус орон сууцыг худалдан авахаар урьдчилгаанд 50,000,000 төгрөг төлсөн, орон сууцыг хууль бусаар эзэмшээгүй, мөн амьдарч байх хугацаандаа 41,000,000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн гэж тайлбарласан байна.

4.б.Хариуцагч Б.Б- нь нэхэмжлэгч Б.Д-д 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр байрны төлбөр гэх гүйлгээний утгатай 50,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, Худалдаа хөгжлийн банк-ны дансны хуулга зэргээр тогтоогджээ. /хх-ийн 21-р тал/. Үүнээс үзвэл талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй. Гэвч талууд үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх хэлцлийг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дах хэсэгт заасан журмын дагуу хийгээгүйгээс мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.10 дах хэсэгт зааснаар хэлцэл хүчин төгөлдөр бус болох талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

4.в.Нэхэмжлэгч Б.Д-, В.А- нарын өмчлөх эрх Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлээр баталгаажсан байх бөгөөд уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул маргаан бүхий орон сууцыг хариуцагч Б.Б-ын эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.

5.Орон сууцны урьдчилгаа болон засварын зардалд нийт 91,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн тухайд 50,000,000 төгрөгийг буцаан төлөхийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн. Харин засварын зардал гэх 41,000,000 төгрөг нь Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасан буцаан шаардах шаардлагад хамаарахгүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн боловч шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.5 дах хэсэг гэж техникийн шинжтэй алдаа гаргасныг залруулан дүгнэв.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Д-, В.А- нараас 50,000,000 төгрөг гаргуулж, хариуцагч Б.Б-од олгож, сөрөг нэхэмжлэлээс 41,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2022/01455 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 363,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН Г.ДАВААДОРЖ