Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2022/01148

 

 

 

 

М- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2022/00840 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М- ХХК-ийн хариуцагч Ч.А-д холбогдуулан гаргасан зөөврийн компьютер 1 ширхэг, худгийн паспорт 3 ширхэг, 2020, 2021 оны байгаль орчны менежментийн тайлан, төлөвлөгөөг файл болон эх хувиар гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, дутуу олгосон цалин нийт 21,571,402 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, түүний өмгөөлөгч С.Я, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: М- ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ч.А-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, түүнийг байгаль орчны мэргэжилтнээр ажиллуулж эхэлсэн. Гэвч тэрээр 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ажлаасаа гарч байгаагаа мэдэгдсэн. Тухайн үед ажлаасаа буухдаа өөрийн албан хэрэгцээнд хэрэглэж байсан албаны зөөврийн компьютер, худгийн паспорт 3 ширхэг /эх хувь/, байгаль орчны тайлан, төлөвлөгөөг эх хувь болон файл хэлбэрээр дур мэдэн авч явсан. Ч.А-тай утсаар холбогдож албаны эд зүйлийг авъя гэсэн боловч тэрээр үлдэгдэл цалин өг, тэгвэл өгнө гээд албаны эд зүйлийг өгөөгүй. Иймд хариуцагч Ч.А-гаас М- ХХК-ийн өмч болох зөөврийн компьютер 1 ширхэг, 3 ширхэг худгийн паспорт, 2020, 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг файл болон бичгийн эх хувиар, 2020 оны байгаль орчны тайланг файл болон бичгийн эх хувиар тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагч Ч.А-гийн эзэмшилд М- ХХК-ийн өмч болох зөөврийн компьютер байгаа, энэ талаар маргахгүй. Харин Ч.Аптанзулаа нь 2021 оны 02 дугаар сард ажлаас гарахдаа 3 ширхэг худгийн паспорт, 2020, 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг файл болон бичгийн эх хувиар, 2020 оны байгаль орчны тайланг файл болон бичгийн эх хувиар авч яваагүй. Албаны зөөврийн компьютерийг М- ХХК-ийн ажилтан Ч.Бямбабат нь хэрэглэж байгаад 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Ч.А-д өгсөн бөгөөд тэр үед компьютерт ажлын холбогдолтой баримт файлууд огт байгаагүй. Ч.А-гаас гаргуулахаар нэхэмжилсэн худгийн паспорт 3 ширхэг, байгаль орчны тайлан, төлөвлөгөөний эх хувиудыг хариуцагч аваагүй учир уурхайд байх бичиг баримтын бүрдэлд эдгээр баримтууд нь эх хувиараа үлдсэн. Мөн Ч.А- нь файл хэлбэрээр ямар ч баримт аваагүй. Байгаль орчны мэргэжилтнүүдийн дундын суурин компьютерт Ч.А-гийн хийсэн байгаль орчны холбогдолтой бүх баримтууд файл хэлбэрээрээ үлдсэн байгаа гэжээ.

 

3.Сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Ч.А- нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр М- ХХК-ийн Элстэй уурхайд байгаль орчны мэргэжилтэн гэсэн албан тушаалд томилогдсон. М- ХХК-д ажилд ороход Ч.А- болон түүнтэй хамт томилогдсон бүх ажилчид Найрамдал хаан ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Учир нь Найрамдалт хаан ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн М- ХХК-тай хийсэн ажиллах хүч, ханган нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх 08/01 тоот гэрээний дагуу тус гэрээний хавсралт 1-д заасан ажилчдыг албан тушаалд томилсон. Өөрөөр хэлбэл гэрээний дагуу Найрамдалт хаан ХХК нь ажиллах хүчийг олж, М- ХХК нь ажиллуулдаг байсан. Иймд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Найрамдалт хаан ХХК-ийн гүйцэтгэх захирал нь дээрх гэрээний хавсралт 1-д заасан Ч.А- болон бусад 19 ажилчдын ажилд томилох тухай тушаалыг гаргасан. Ч.А-г 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр анх ажилд ороход М- ХХК-ийн санал болгосон цалин нь 1,800,000 төгрөг, 2019 оны 6 дугаар сараас 2020 оны 6 дугаар сарыг хүртэл 2,000,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сараас 2021 оны 02 дугаар сар хүртэл 2,500,000 төгрөг болж цалингийн хэмжээ өөрчлөгдсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ч.А- нь М- ХХК-д 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сар хүртэл ажиллах хугацаанд хөдөлмөрийн хөлс болох нийт 56,175,000 төгрөг авах байснаас 31,076,000 төгрөг авсан. Авах ёстой цалингийн үлдэгдэл болох 25,099,000 төгрөгийг өдийг хүртэл М- ХХК нь өгөөгүй, нэхэмжлэгч талын өгсөн баримтаар бол 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Ч.А-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэхэд л аваагүй цалингийн үлдэгдэл 22,923,281 төгрөг болж байгаа гэж үзээд дараах сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Үүнд: Ч.А- нь М- ХХК-аас 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний дагуу тухайн өдөр гэрээ байгуулсан гэж үзэхэ/ 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сар хүртэлх цалингийн нийт үлдэгдэл 15,985,671.5 төгрөг, алданги 5,585,730.5 төгрөг, нийт 21,571,402 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагч Ч.А-гийн ажилласан цагийн цалинг түүний Хаан банк, Хас банк-ны данс руу тус тус шилжүүлдэг байсан. 2021 оны 02 дугаар сарын 3,023,121 төгрөгийн үлдэгдэл цалингийн тооцоо байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А-г 2019 оны 9, 10, 11, 12 дугаар сар, 2020 оны 4, 11, 12 дугаар саруудын цалинг болоод бусад саруудын үлдэгдэл цалинг аваагүй мэтээр тооцоо гаргасан. Үнэн хэрэгтээ Ч.А- нь 2019 оны 11 дүгээр сар, 2020 оны 4, 11, 12 дугаар саруудад ажиллаагүй бөгөөд ажилласан хоног цагийн бүртгэл байдаггүй. Харин 2019 оны 09 дүгээр сард 9 хоног ажиллаж 736,720 төгрөгийн цалин бодогдож, 2019 оны 10 дугаар сард 15 хоног ажиллаж 1,297,500 төгрөгийн цалин бодогдож, 2020 оны 08 дугаар сард 25 хоног ажиллаж 2,765,010 төгрөгийн цалин бодогдсоноос үлдэгдэл 765,010 төгрөг тус тус бодогдсон байсныг 2021 оны 02 дугаар сарын 01-нд нийт 2,799,230 төгрөгийн цалинг Ч.А-гийн Хаан банкны 5495496654 тоот дансанд шилжүүлсэн. Мөн 2020 оны 9 дүгээр сарын урьдчилгаа цалин болох 850,000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 30-нд Ч.А-гийн Хаан банкны 5495331135 тоот данс руу шилжүүлсэн. 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 2021 оны 01 дүгээр сарын үлдэгдэл цалин болох 466,500 төгрөгийг Хас банкны Э.Балжиннямын 5002665031 тоот дансанд шилжүүлсэн. Энэ нь Ч.А-гийн арилжааны банкуудын дансны хуулга болоод манай компанийн санхүүгийн нэгдсэн тооцоонуудаар нотлогддог. 2019 оны 11 дүгээр сар, 2020 оны 04 дүгээр сар, 2020 оны 11, 12 саруудад Ч.А- нь ажиллаагүй, ажилласан хоноггүй тул цалин олгоогүй. Хариуцагчийн зүгээс цалинг хэрхэн боддог, олгодог болохыг ойлгох хэрэгтэй. Ч.А-гийн нэг өдрийн цалин 2019 оны 01-3 сар хүртэл 71,429 төгрөг, мөн оны 4-7 сар хүртэл 75,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сар хүртэл 90,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сараас 2021 оны 02 дугаар сар хүртэл 125,000 төгргийн цалинтай ажиллаж байсан. Тиймээс тухайн саруудад ажилласан хоногт хуульд заасан үндэслэл журмын дагуу нэг өдрийн ногдох цалинг нь бодож олгодог. Ажилласан хугацааны цалинг тухай бүр олгосон тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.А-гаас зөөврийн компьютер 1 ширхэгийг гаргуулан М- ХХК-д олгож, М- ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 3 ширхэг худгийн паспорт, 2020, 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө, 2020 оны байгаль орчны тайланг файл болон бичгийн эх хувиар Ч.А-гаас гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 128 дугаар зүйлийн 128.1.11, 141 дүгээр зүйлийн 141.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан М- ХХК-аас 15,985,671.5 төгрөгийг гаргуулан Ч.А-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272,600 төгрөгийг улсын орлогоос Ч.А-д буцаан олгож, нэхэмжлэгч М- ХХК-иас 298,428 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдлыг гаргаж байна. Манай компанийн зүгээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан үндэслэлээр эрхийнхээ хүрээнд хариуцагч Ч.А-гаас өөрийн компаний эд зүйлсийг нэхэмжилсэн болно. Гэтэл шүүх хариуцагчийн тайлбарыг үндэслэн зөөврийн компьютерыг гаргуулж, бусад бичиг баримтыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч нь ажлаа орхин явахдаа 1 сарын цалингийн барьцаа болгож, зөөврийн компьютерийг гаргуулж, бусад бичиг баримтыг албан тушаалын байдлаа ашиглан уурхайн бүсээс гарахдаа компанийн эд зүйл бичиг баримтыг авсан нь нотлох баримтуудаар тогтоогдож байхад шүүх хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийн тухайд 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд ажилласан гэх боловч манай компанийн зүгээс 2021 оны 02 дугаар сарын цалинг хүлээн зөвшөөрсөн ба бусад урд онуудын цалинг олгосон. Мөн цалингаа өөрийн дансаар бус хүүхдийнхээ болон цаг тухай бүрд нь өөр хүний дансаар авдаг байсан. Иймд олгогдсон цалинг дахин авахаар нэхэмжилсэн шүүхийн шийдвэр өөрөө үндэслэлгүй, нотлох баримтуудыг үнэлж дүгнэхдээ хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах үндэслэл болж байна гэж үзэж байна. Мөн цалинг нэмэгдүүлж байсан талаарх нотлох баримт байхгүй, компаний эрх бүхийн албан тушаалтны шийдвэр гараагүй байхад хариуцагч Ч.А-гийн тайлбарыг үндэслэн шийдвэрлэсэн шүүх шийдвэрийнхээ үндэслэл хэсэгт компаний талаас нотлох баримтыг үнэлж дүгнээгүй хэрнээ хариуцагч талын гаргасан нотлох баримтуудыг үнэлж дүгнэснээс тодорхой харагдаж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

7.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч талаас үндсэн 3 агуулгатай гомдол гаргасан гэж үзэж байна. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч талаас гомдол гаргасан. Хэрэгт авагдсан баримтаар худгийн паспорт, тайлан төлөвлөгөө гэх баримтууд Ч.А-д байгаа гэдэг нь тогтоогдоогүй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан. Ч.А-гийн хууль бус эзэмшилд худгийн паспорт, тайлан төлөвлөгөө байгаа гэдгийг нотолж чадаагүй. Гэрч Ч.А-г тухайн худгийн паспорт, тайлан төлөвлөгөө аваад явсан гэх үйл баримтыг нотлоогүй. Тухайн баримт бичгийг хариуцдаггүй байсан талаар гэрч тодорхой мэдүүлсэн учир анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн. Олгосон цалинг давхардуулж нэхэмжилж байна гэх агуулгаар нэхэмжлэгч тал гомдол гаргасан. 2 талаас өнгөрсөн 8 сарын хугацаанд олгосон цалин, авсан цалингийн талаарх дансны хуулгыг харилцан шүүхэд гаргаж өгсөн. Шүүхээс тус баримтуудыг шинжлэн судалж, үндэслэлтэй шийдвэрлэсэн. Ч.А- болон түүнтэй хамаарал бүхий этгээдэд цалин олгосон бол шилжүүлсэн дансны хуулгаа гаргаж өгөх бүрэн боломжтой байсан. Цалин нэмэгдүүлж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй гэх агуулгыг гомдолдоо тусгасан. Нэхэмжлэгч болон хариуцагч тал цалин өссөн талаарх үйл баримтад маргаагүй. Нэхэмжлэгч талын зүгээс цалинг амаар үнэлж явсан гэх асуудалд маргаагүй, энэ талаар гэрч Х.Билэгбадрах тодорхой мэдүүлсэн. Хэрэгт авагдсан цалин олгосон нөхцөл байдлыг авч үзвэл манай талаас гаргасан тайлбартай нөхцөл байдал нь таардаг. Шүүх шийдвэр гаргахдаа техникийн шинжтэй алдаа гаргасан. 2019-2020 оны цалингийн асуудал яригдаж байгаа, хөдөлмөрийн хөлсөө одоог хүртэл аваагүй, нэхэмжлэгчийн эрх зөрчигдөж байгаа учир зохих журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч М- ХХК нь хариуцагч Ч.А-д холбогдуулан зөөврийн компьютер, худгийн паспорт, байгаль орчны тайлан, төлөвлөгөөг файл болон эх хувиар гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зөөврийн компьютерээс бусад хэсгийг эс зөвшөөрч дутуу олгосон цалин хөлс болон алдангид нийт 21,571,402 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3.Хариуцагч Ч.А- нь нэхэмжлэгч М- ХХК-д 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн байгаль орчны мэргэжилтнээр ажиллаж, талууд 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх бөгөөд хариуцагч Ч.А- нь 2021 оны 02 дугаар сарыг дуустал нэхэмжлэгч М- ХХК-д байгаль орчны мэргэжилтнээр ажилласан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх-ийн 9-12-р тал/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Ч.А- нь ажлаас чөлөөлөгдөхдөө албаны хэрэгцээнд ашиглаж байсан зөөврийн компьютер, худгийн паспорт, байгаль орчны тайлан, төлөвлөгөөг файл болон эх хувиар ажил олгогчид буцааж өгөөгүй гэсэн агуулгаар тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч зөөврийн компьютерээс бусад эд зүйл болон баримт бичгийг аваагүй гэж тайлбарлажээ.

 

3.а.Хариуцагч Ч.А- нь зөөврийн компьютерийг өөрийн эзэмшилд байгаа талаар тайлбарласан байх тул анхан шатны шүүх хариуцагч Ч.А-гаас зөөврийн компьютерийг гаргуулж нэхэмжлэгч М- ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

3.б.Харин худгийн паспорт, байгаль орчны тайлан, төлөвлөгөөг файл болон эх хувиар гаргуулах шаардлагыг хариуцагч татгалзаж байгаа тохиолдолд нотлох үүргийн хуваарилалтын дагуу дээрх бичиг баримтуудыг анх хариуцагч Ч.А-д өгсөн гэдгээ нэхэмжлэгч нотлох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч М- ХХК нь хариуцагч Ч.А-г анх ажилд ороход албаны хэрэгцээнд ашиглах зорилгоор дээрх бичиг баримтуудыг хүлээлгэн өгсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

3.в.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр нэхэмжлэгч М- ХХК-ийн бичиг хэргийн ажилтан Ж.Баярчимэгээс дээрх үйл баримтыг тодруулахаар гэрчийн мэдүүлэг авсан байх боловч гэрч Ж.Баярчимэг нь нэхэмжлэгч М- ХХК-д ажиллаж байгаа, тухайн гэрчийн мэдүүлэг нь өөр баримтаар давхар нотлогдоогүй зэрэг нөхцөл байдлыг харьцуулан дүгнэвэл гэрчийн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан үнэн зөв, эргэлзээгүй гэж дүгнэх боломжгүй байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй. /хх-ийн 219, 221, 2хх-11-р тал/

 

Иймд хариуцагч Ч.А-гаас худгийн паспорт, байгаль орчны тайлан, төлөвлөгөөг файл болон эх хувиар гаргуулах тухай нэхэмжлэгч М- ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр мөн үндэслэлтэй.

 

4.Дутуу олгогдсон цалин, хөлс 15,985,671.5 төгрөг, алданги 5,585,730.5 төгрөг, нийт 21,571,402 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн тухайд анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

Тодруулбал, хариуцагч Ч.А- нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сар хүртэлх хугацааны олгогдоогүй цалин хөлсийг алдангийн хамт 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжилсэн. /1-р хх-ийн 31-р тал/ Хөдөлмөрийн тухай хуулийн /1999.05.14/ 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан.

 

4.а.Хариуцагч Ч.А- нь олгогдоогүй цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлээ дээрх хуулийн зохицуулалт ёсоор 3 сарын дотор холбогдох байгууллагад гаргасан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

Хэдийгээр хариуцагч Ч.А- нь хуульд заасан хугацааг хэтрүүлэн нэхэмжлэлээ гаргасан байх боловч нэхэмжлэгч М- ХХК нь сөрөг нэхэмжлэлээс 3,023,121 төгрөгийг зөвшөөрсөн тайлбар гаргасан тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээнд хангаж, нэхэмжлэгч М- ХХК-аас 3,023,121 төгрөг гаргуулж хариуцагч Ч.А-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 18,548,281 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох байдлаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. /1-р хх-ийн 75-р тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2022/00840 дугаар шийдвэрийн тогоох хэсгийн

2 дах заалтын ...128 дугаар зүйлийн 128.1.11, 141 дүгээр зүйлийн 141.3 дахь ... гэснийг 129 дүгээр зүйлийн 129.1 дэх гэж, ... 15,985,671.5 ... гэснийг 3,023,121 гэж, ... олгосугай. гэснийг олгож, сөрөг нэхэмжлэлээс 18,548,281 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

3 дах заалтын ... 272,600 төгрөгийг улсын орлогоос Ч.А-д буцаан олгож, нэхэмжлэгч М- ХХК-иас 298,428 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай. гэснийг 272,600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч М- ХХК-аас 63,320 төгрөг гаргуулж, хариуцагч Ч.А-д олгосугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч М- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,355 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ Г.ДАВААДОРЖ