| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 2503 00000 1381 |
| Дугаар | 2026/ДШМ/383 |
| Огноо | 2026-03-31 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Э.Намуун |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2026/ДШМ/383
2026 03 31 2026/ДШМ/383
А.М-од холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга, даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Намуун,
шүүгдэгч А.М- /цахим/, түүний өмгөөлөгч Э.Ундраххэрлэн,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 2026/ШЦТ/297 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ундраххэрлэнгийн гаргасан давж заалдах гомдлоор А.М-од холбогдох эрүүгийн 2503 00000 1381 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Галбадарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Х- овгийн А-ийн М-, ....., ял шийтгэлгүй, /РД:ПА-/.
Шүүгдэгч А.М- нь 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2025 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 23 цаг 05 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Баянбүрдийн тойрог 50 дугаар сургуулийн урд замд, А- УНК улсны дугаартай “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухай ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй,...согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: А.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Х- овогт А-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.М-од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-од оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж, шүүгдэгч А.М-ын урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.М-ын өмгөөлөгч Э.Ундраххэрлэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх шүүгдэгч А.М-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон буюу гэмт хэргийн шинж чанар, хор уршгийн хэр хэмжээ, согтолтын зэрэг өндөр буюу 2.61 %-ийн спиртийн агууламжтэй байсан болон түүний өмнө нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож 2 удаа буюу 2020 оны 11 дугаар сарын 30-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан, мөн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан зэрэг хувийн байдлыг харгалзан үзээд хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилго болон мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна" гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнээд шүүгдэгч А.М-од 10 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоожээ. Мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал” гэсэн заалтын дагуу А.М-ын хувийн байдлыг бүрэн гүйцэт тогтоогоогүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Учир нь А.М- нь “А-” ХХК-тай хөлсөөр ажиллах гэрээ байгуулан заслын ажил гүйцэтгэн тус компаниас А.М-ын Хаан банкны дансанд 2025.07.30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025.08.29-ний өдөр 300,000 төгрөг, 2025.10.06-ны өдөр 8,200,000 төгрөг, 2025.11,05-ны өдөр 7,404,000 төгрөгийн тус тус ажлын хөлсийг шилжүүлж байсан Хаан банкны дансны хуулга, 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс “А-” ХХК-д “Хөлсөөр ажиллах” гэрээ, “А-” ХХК-ийн захирал Д.Б-ын тодорхойлолт зэргээр нотлогдон тогтоогдож байгаа билээ. Жич, шүүгдэгч А.М- нь одоо өөрөө цагдан хоригдож байгаа учир бусад хөлсөөр ажиллаж авсан ажлын хөлс, орлого нотлосон дансны хуулгыг авч чадаагүй болно. А.М- нь хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд тогтсон ажил, орлоготой барилгын засал чимэглэлийн ажил хийж гүйцэтгэдэг, гэр бүлийн хувьд 56 настай ээж Я.Т-ын хамт амьдардаг, ээж нь өндөр насны тэтгэвэрт байдаг астма, зүрхний хавхлагын эмгэг өвчтэй бөгөөд А.М- ээжийгээ асран хамгаалж, тэжээн тэтгэдэг хүү нь юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зүйл анги нь “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэсэн сонгох санкцтай тул шүүгдэгч А.М-ын дээр дурдсан хувийн байдлыг харгалзан үзэжтүүнд анхан шатны шүүхээс оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ялыг өөрчилж хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү” гэв.
Шүүгдэгч А.М- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гэм буруу дээр маргаагүй. Би барилгын засал чимэглэлийн ажил хийдэг. Би цагдан хоригдож байгаа учраас дансны хуулгаа авч чадахгүй байна. Манай компанийн захирал ажлын хөлс шилжүүлсэн гэсэн. Би ээжтэйгээ хамт амьдардаг, манай ээж астма, зүрхний хавхлагын эмгэг өвчтэй асаргаанд байдаг. Би 2 сарын хугацаанд хоригдохдоо хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад боломж олгож хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү, дахиж би согтуугаар машин барихгүй.” гэв.
Прокурор Э.Намуун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс А.М-од 10 сарын хорих ял оногдуулахдаа түүний хувийн байдлыг харгалзсан үндэслэлээ шийтгэх тогтоолдоо тодорхой дурдсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч А.М-ын хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцжээ.
Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Шүүгдэгч А.М- нь 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2025 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 23 цаг 05 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Баянбүрдийн тойрог 50 дугаар сургуулийн урд замд, А- УНК улсны дугаартай “Тоёота Приус “ маркийн тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухай ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй,...согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл “...2.61% тоон үзүүлэлт илэрсэн” /хх 3/,
Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан Жолоочийн овог, нэр: А-ийн М-, зориулалтын багажын заалт 2,61% хувьтай гарсан” гэсэн 91102172 дугаартай “Quen AlcodetectРго” багажийн хэвлэмэл хуудас /хх 5/,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн тамгын газрын 2025 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн №2083 албан тоот, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ЗШ/12002 дугаар шийтгэврийн хуулбар /хх 8-11/,
Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа /хх 25/,
Яллагдагчаар А.М-ын “...Тухайн өдрийн 22 цагийн орчимд найз Б-ын хамт өөрийн эзэмшлийн Тоyota prius маркийн А- УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор сэнгүртэй 0.5 литрийн 6 ширхэг лаазтай пиво 50 дугаар сургуулийн хажууд байдаг зогсоол дээр хуваан уусан. Тэгээд 23 цагийн орчимд хамт уусан найз Б-ыг таксинд суулгаж явуулчихаад дахиад пиво авах гээд ойр байрлах CU явсан. Тухайн зогсож байсан газраас дөнгөж хөдлөөд явж байтал цагдаа нар хяналт шалгалт хийж байсан бөгөөд намайг зогсоогоод драгер багажаар үлээлгэн шалгахад 2.61% согтолттой байсан. Мөн өмнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад жолоодох эрхээ хасуулсан байсан тул Тээврийн цагдаагийн алба руу авч явсан. ...2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явж байгаад цагдаад баригдаж 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр шүүхийн тогтоолоор 1 жил эрхээ хасуулж, 14 хоног баривчилгаанд явж байсан.” /хх 20/,
Цагдаагийн байгууллагын АСАП сангийн лавлагаа /хх 27-34/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ундраххэрлэнгээс “...хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү.” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.
Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас зөрчлийн арга хэмжээ авахуулж, жолоодох эрхээ хасуулсан байх үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох нь бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой аюул заналхийлэхээс гадна хэн нэгний амьд явах эрхийг зөрчих хүртэлх хэмжээний хор уршиг ихтэй хууль бус үйлдэл юм.
Хууль тогтоогчоос дээрх нийгмийн аюулыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг гэмт хэрэгт тооцож, Эрүүгийн хуулиар ял шийтгэл оногдуулахаар зохицуулсан.
Шүүгдэгч А.М- нь урьд 1.73 хувийн согтолттойгоор тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ЗШ/12002 дугаар шийтгэвэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан байтал дахин 2025 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр согтолтын зэрэг 2.61 хувь байхад автомашин жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон байна.
Тэрээр өмнөх хууль бус, нийгэмд аюул заналхийлж буй үйлдэлдээ дүгнэлт хийж ухамсарлаагүй, дахин энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил гаргахгүй байхаар хүмүүжил олоогүй байх ба түүний 2.61 хувь буюу хүнд зэргийн согтолттойгоор (урьд зөрчлийн арга хэмжээ авагдахдаа 1.73 хувь байсан) тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлд оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ял нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчим, үйлдсэн гэмт хэргийн шинжид бүрэн нийцсэн байна.
Мөн цагдаагийн байгууллагын АСАП сангийн лавлагаатай танилцахад шүүгдэгч А.М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг байнга зөрчиж хариуцлага хүлээсэн хувийн байдалтайн дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тус тус согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлүүдээ эрх бүхий албан тушаалтны болон шүүхийн шийтгэвэрээр хариуцлага хүлээж байсан бөгөөд уг хууль бус үйлдэлдээ дүгнэлт хийлгүй, давтан зөрчил гаргасаар байна.
Хэдийгээр шүүгдэгч А.М- нь гэм буруу дээр маргаагүй, бусдад төлөх төлбөргүй, эрхэлсэн тодорхой ажилтай, урьд гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх хэдий ч эдгээр нь шүүгдэгч өөрийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэлийг биеэр эдлэхэд саад болохгүйн зэрэгцээ түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 2026/ШЦТ/297 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч А.М- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх хүртэл 62 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 2026/ШЦТ/297 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.М-ын өмгөөлөгч Э.Ундраххэрлэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М- нь 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 62 /жаран хоёр/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР