Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2022/01149

 

 

 

И- ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2022/00566 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч И- ХХК-ийн хариуцагч А- ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болон хохиролд нийт 15,736,708 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, түүний өмгөөлөгч А.М/зүүмээр/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Зохигчид 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, барилгын дотор заслын ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Ажил гүйцэтгэх ерөнхий хугацаа 80 хоног бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс өрлөгийн ажил дууссаны дараа гэрээнд заасан давхрын дотор заслын ажлыг хийж гүйцэтгэх боломжтой болно. Гэвч захиалагч тал гэрээний үүргээ зөрчиж өрлөгийн ажлыг удаашруулан бараа материалыг хугацаанд нь нийлүүлээгүй шалтгааны улмаас бидний ажил эхлэх хугацааг хойшлуулсан. Хугацаа хожимдож эхэлсэн хэдий ч гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэж эхэлсэн. Харин хариуцагч А- ХХК гэрээний 4.4-т заасан гүйцэтгэсэн ажлыг байнга хяналт тавьж шалгаж хүлээн авч хөлсийг саадгүй төлөх үүргээ биелүүлээгүй. Улмаар захиалагч гүйцэтгэсэн ажлын хөлсөө цаг тухайд төлөхгүй байснаас гэрээний үүргээ биелүүлээгүй тул ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэхээс татгалзсан. Ингээд А- ХХК-ийг төлөөлөн гэрээ байгуулсан У.О-, Ерөнхий инженер О.Я-, талбайн инженер техникийн ажилчидтай гэрээ дүгнэсэн акт үйлдэж, хийсэн ажлыг дүгнэж, төлөх ажлын хөлсийг тооцоо нийлсэн. Энэхүү тооцоо нийлсэн актын дагуу А- ХХК-аас гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 10,400,000 төгрөг байгааг баталгаажуулсан ч өнөөдрийг хүртэлх хугацаанд нэг ч төгрөг төлөлгүй манай байгууллагыг хохироож байна. Бид ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэхийн тулд ажилчдын цалин хөлс, бригадын ажлын хөлс, бусад үйл ажиллагааны зардал төлөх зорилгоор Амар капитал ББСБ ХХК-аас 20,000,000 төгрөгийн зээлийг 9 сарын хугацаанд сарын 3,4 хувийн хүүтэйгээр зээлж авсан байсан. А- ХХК гэрээний үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалан зээлийн эргэн төлөлтийг хийх санхүүгийн боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Бид энэхүү хохирлыг гэрээний 6.2 -т зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирлыг гэм буруутай тал нь хохирогч талдаа нөхөн төлөх үүрэгтэй гэж заасны дагуу гэрээнээс учирсан хохирол гэж үзэж байгаа учир нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Иймд хариуцагч А- ХХК-аас ажлын хөлс 10,400,000 төгрөг, зээлийн гэрээний төлбөр 5,336,708 төгрөгийг гэрээнээс учирсан хохиролд тооцон нийт 15,736,708 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: А- ХХК талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ тухай бүр бүрэн биелүүлж, барилгын ажил гүйцэтгэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, материалаар цаг тухайд нь хангаад зогсохгүй барилгын ажлаа гүйцэтгэхэд шаардлагатай бүхий л нөхцөл боломжийг бүрдүүлж, гүйцэтгэсэн ажлуудыг нь цаг тухайд хянаж шалган хүлээн авч, гүйцэтгэсэн ажилд ноогдох ажлын хөлсийг олгож ирсэн. Талуудын байгуулсан гэрээний 3.5-т зааснаар нийт үнэ 100,000,000 төгрөг бөгөөд хяналтын инженерийн дүгнэлтийг үндэслэн хөлсийг төлөхөөр заасан. Гэтэл нэхэмжлэгч тал гэрээгээр тохирсон ажлыг дутуу, чанарын доголдолтой хийсэн. Улмаар манай талд урьдчилж мэдэгдэлгүйгээр ажлыг орхиж явсан. Дутуу, чанаргүй гүйцэтгэгдсэн ажлуудыг дахин нурааж өөр компаниар дахин гүйцэтгүүлсэн. Энэхүү дурдсан нөхцөл байдлуудаас үүдэн манай компани цаг хугацаа төдийгүй хөрөнгө мөнгөний багагүй хэмжээний алдагдал хүлээсэн. Гэтэл тус компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, ажил гүйцэтгэх гэрээний хүрээнд бий болсон хамтын ажиллагааны итгэлцлийг эвдсэн хариуцлагагүй үйлдэл гаргаад зогсохгүй манай барилгын ажилд төлөвлөөгүй саад учруулж, нилээдгүй хэмжээний нэмэлт зардлуудыг гаргаж хохирсон байтал нэхэмжлэгч өөрсдийнхөө гэм буруутай, хариуцлага алдсан үйлдлийг нуун далдалж манай компанийг буруутай мэтээр тайлбарлаж нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй. Мөн ажлыг хийж гүйцэтгэхийн тулд зээл авч, зээлийн хүүг хохиролд тооцон өөрийн ажилчдын цалин, үйл ажиллагааны зардалд зориулж зээлсэн мөнгөө манай компаниас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасныг баримтлан А- ХХК-аас 10,400,000 төгрөг гаргуулж, И- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,336,708 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 236,634 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 181,350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрээс 10,400,000 төгрөгийг хагаж шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.а.Нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дуусах үед гэрээт ажлыг бүрэн дуусгаагүй, 7, 8, 9 давхруудын тортой хар замаск, шаврын ажлыг л хагас дутуу хийж гүйцэтгэсэн байдаг. Манай компанийн зүгээс гүйцэтгэгч байгууллага буюу нэхэмжлэгчид дотор заслын ажлын гэрээний дагуу манайд хүлээлгэж өгсөн ажлын хөлсөнд нийт 21,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд ямар нэг өр төлбөр байхгүй талаар анхан шатны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбарласан ба мөн үүнийгээ нотлох баримтуудыг ч өгсөн байдаг. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй буюу гэрээт ажлын хэд хэдэн давхруудад ямар хэмжээний ажил гүйцэтгэсэн, ямар байдлаар хүлээлгэж өгөх эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй байхад ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 10,400,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

4.б.Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчим буюу хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зохигч шаардлага, татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй гэж заасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон нэг ч хууль ёсны баримт гаргаж өгөөгүй. Мөн хэргийн материалд байгаа тооцоо нийлсэн гэх хуулбар баримт нь нотлох баримтын шаардлагыг хангахгүй баримт байгаа төдийгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллаагааны явцад асуугдсан гэрч нарыг дарамтлаж гарын үсэг зуруулсан. Мөн хууль бус баримтан дээр үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг ноцтой зөрчсөн хууль бус шийдвэр болсон байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс 10,400,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч И- ХХК нь хариуцагч А- ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болон хохиролд нийт 15,736,708 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4.Зохигчид 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч И- ХХК нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай, 15 давхар зоорьтой, барилгын 7, 8, 9, 10, 11-р давхрын дотор заслын ажлыг гүйцэтгэж, 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээлгэн өгөх, хариуцагч А- ХХК нь гүйцэтгэх ажлын чанарыг шалгаж, хүлээн авсны дараа ажлын хөлсийг төлөхөөр тохиролцсон болох нь талуудын тайлбар, ажил гүйцэтгэх гэрээ зэргээр тогтоогджээ. /хх-ийн 4-6-р тал/

4.а.Анхан шатын шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Тус гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг тул талуудын хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.

4.б.Дээрх ажил гүйцэтгэх гэрээ 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр цуцлагдсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байх бөгөөд талууд ажлын хөлсний үлдэгдлийн талаар маргасан.

4.в.Хэргийн 41 дүгээр талд ажлын гүйцэтгэлийг давхар бүрээр дүгнэж, нийт 10,400,000 төгрөг олгох боломжтой талаар бичсэн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хуулбар баримт авагдсан боловч тус баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

4.г.Нэхэмжлэгч И- ХХК нь ажлын хөлсний үлдэгдэл 10,400,000 төгрөгийг талууд баталгаажуулж гарын үсэг зурсан, тус баримтын эх хувь хариуцагч А- ХХК-д байгаа гэж тайлбарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх баримтын эх хувийг гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн боловч хариуцагч нь тус баримт байхгүй талаарх тайлбарыг шүүхэд ирүүлжээ. /хх-ийн 40, 44, 55-р тал/

4.д.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр дээрх хуулбар баримтад гарын үсэг зурсан гэх хариуцагч А- ХХК-ийн 3 ажилтнаас гэрчийн мэдүүлэг авахад:

Гэрч З.Оюунтуяа нь 2019 оны 06 сараас 09 сар хүртэл А- ХХК-ийн заслын инженерээр ажилласан, 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр И- ХХК-тай акт үйлдэж, гарын үсгээ зурсан, хэргийн 41 дүгээр талд байгаа баримт дээр заасан тоо хэмжээний ажлыг нэхэмжлэгч компани гүйцэтгэсэн гэж, гэрч О.Я-, У.О- нар нь нэхэмжлэгч компани нь ажлын талбай дээр ирж саад болоод байсан учраас тухайн баримтад хүчээр гарын үсэг зурсан, мөн үүнтэй холбоотойгоор ажлаас чөлөөлөгдсөн талаар мэдүүлжээ. /хх-ийн 125-127, 145-148, 164-166-р тал/

4.е.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт зааснаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг нь нотолгооны хэрэгсэлд хамаардаг бөгөөд ажлын хөлсний үлдэгдэл 10,400,000 төгрөг байгаа гэх нэхэмжлэгч талын тайлбар нь дээрх гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдсон гэж үзэх үндэслэлтэй.

Хэдийгээр хэргийн 41 дүгээр талд авагдсан баримт хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байх боловч 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэрээний талууд ажлын хөлсний үлдэгдэл 10,400,000 төгрөгийг баталгаажуулж баримт үйлдсэн үйл баримтын талаар гэрч мэдүүлсэн, хариуцагч А- ХХК нь гэрчийн мэдүүлгийг үгүйсгэж, няцаасан баримтыг шүүхэд гаргаагүй байна.

5.Анхан шатны шүүх талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хариуцагч А- ХХК-аас 10,400,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И- ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

6.Анхан шатны шүүх нэхэмжлэлээс хохирол гэх 5,336,708 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгах боломжгүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй. Иймд иргэний эрх зүйн диспозитив зарчмын хүрээнд гомдол гаргаагүй асуудлаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Дээр дурдсан үндсэлэээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2022/00566 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Г.ДАВААДОРЖ