Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 18 өдөр

Дугаар  2026/ДШМ/313

 

 

   2026           03             18                                        2026/ДШМ/313

 

О.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Л.Галбадар, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Хулан,

шүүгдэгч О.Д-ын өмгөөлөгч С.Батнасан,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2026/ШЦТ/31 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Д-ын гаргасан давж заалдах гомдлоор О.Д-д холбогдох 2402006860452 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

О.Д, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, 00 дүүргийн замын цагдаагийн хэлтэст зөрчил хариуцсан байцаагч ажилтай, ам бүл 0, эхнэр, 0 хүүхдийн хамт 00 дүүргийн 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000000/,

О.Д нь Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Баянзүрх дүүргийн замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагчаар буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 дэх заалтад заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа: Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэж заасныг,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1-д “Монгол улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэж заасныг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Замын цагдаагийн хэлтсийн байранд зөрчил гаргагч Б.А-ыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, уг торгуулийн мөнгийг Төрийн сангийн дансанд тушаахгүйгээр зөрчил гаргагчаас бэлнээр авч хийх ёсгүй үйлдэл хийн, өөртөө эдийн давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: О.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч О.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч О.Д-ыг нийтийн албанд ажиллах эрхийг /2/ хоёр жилийн хугацаагаар хасаж, /1/ нэг жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-ыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч О.Д давж заалдах гомдолдоо: “...Шийтгэх тогтоолоор намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаатайгаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсэн. Миний бие Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагчаар ажиллаж байх хугацаандаа өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж ирсэн ба тухайн үед зөрчил гаргагч Б.А-ыг Зөрчлийн тухай хуульд зааснаар 400,000 төгрөгөөр торгосон. Гэвч Б.А нь архины хамааралтай этгээд байсан тул түүнийг дахиж алга болохоос нь урьдчилан сэргийлж торгуулийн мөнгийг нь бэлнээр хүлээн авсан боловч ажлын ачааллаас болж төрийн санд тушаагаагүй орхигдуулсан байсан. Шүүхээс дээрх нөхцөл байдлыг тодруулалгүйгээр буюу гэмт хэрэг үйлдсэн субьектив санаа, зорилгыг тогтоолгүйгээр намайг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй шийдвэр болсон. Миний ажилдаа хайнга хандсан үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бөгөөд харин Төрийн албаны тухай хууль болон Цагдаагийн байгууллагын тухай хуулиар хариуцлага хүлээлгэж болохуйц асуудал байх тул надад холбогдох хэргийг хянан хэлэлцэж, намайг цагаатгаж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч О.Д-ын өмгөөлөгч С.Батнасан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч О.Д-ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгч уг албан тушаалд ажиллах байхдаа 60 гаруй зөрчлийн хэрэгт зөрчилд холбогдогч, хохирогч нараас мэдүүлэг авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан. Ажлын ачааллын улмаас материалыг хольж, сольсон асуудал байдаг. Зөрчилд холбогдогч этгээдийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, гэртээ харьдаггүй, дуудсан цаг ирдэггүй хувийн байдлаас нь болж 400.000 төгрөгийн торгуулийг бэлнээр хүлээж авсан. Материал солигдож, андуурсны улмаас шийтгэлийн хуудсыг хавсаргаж явуулсан. О.Д 400.000 төгрөгийг өөрийн эзэмшилд авч, захиран зарцуулсан болох нь тогтоогдоогүй. Тиймээс О.Д-ын гаргасан тайлбар, үндэслэлийг буруутгах боломжгүй байна. ...” гэв.

            Прокурор Ц.Хулан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч О.Д-ын мэдүүлэг тогтворгүй байдаг. Шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд “бэлнээр мөнгө аваагүй” гэж, анхан шатны шүүх хуралдаанд “би бэлнээр мөнгө авсан, тухайн үед банк дээр очиж, өөрийн биеэр тушаасан” гэж тайлбарладаг. Шүүгдэгчээс “Банкин дээр очиж мөнгө тушаасан юм бол баримт нь хаана байгаа вэ” гэж асуухад “баримтаа олохгүй байгаа” гэж хариулсан. Шүүгдэгч давж заалдах гомдолдоо “бэлнээр мөнгө авсан, гэхдээ ажлын ачааллаас болж Төрийн сангийн дансанд тушааж чадаагүй” гэж бичсэн байна. Үүнээс үзэхэд мөнгийг огт тушаагаагүй гэж ойлгохоор байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч “ажлын ачааллаас болж баримт солигдсон” гэж тайлбарлаж байна. Хэрэгт авагдсан баримтуудаар баримт солигдоогүй болох нь нотлогдон тогтоогддог. Тухайлбал, 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Б.А-т шийтгэл оногдуулж, 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Б.А, н.Ч нар торгуулийн мөнгийг бэлнээр О.Д-д өгсөн гэдгээ мэдүүлсэн. Б.А, н.Ч нарын мэдүүлэг дансны хуулгаар нотлогддог. 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр иргэний гаргасан гомдлын дагуу О.Д-д холбогдуулан албаны шалгалт хийж, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр О.Д тайлбар гаргаж, тайлбар өгсний маргааш нь хохирогч н.М-д 420.000 төгрөг өгч, 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр О.Д-ын найз н.Т-ийн данснаас “А торгууль” гэх утгаар Төрийн сангийн дансанд 400.000 төгрөгийг тушаасан. Хэрвээ үнэхээр андуурсан бол гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллээр шалгагдаж эхлэхээсээ өмнө, албаны шалгалт явагдаж байх хугацаанд андуурагдсан гэж байгаа баримтыг солих боломжтой байсан. Энэ нь хавтаст хэргийн 142-143 дугаар талд авагдсан гэрч н.Халиуны мэдүүлгээр нотлогдон тогтоогддог. Гэрч н.Х “О.Д ирээд би баримтыг андуурсан байна. Би авч яваад солиод ирье” гэж хэлэхэд нь андуурсан гээд байгаа баримтаа аваад ир, би яг одоо чиний нүдэн дээр солиод өгье гэж хэлсэн боловч яваад өгсөн. Түүнээс хойш холбогдоогүй” гэж мэдүүлсэн. Гэрчийн мэдүүлгээр шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдол, тайлбар няцаагддаг. Мөн шүүгдэгч мэдүүлгийн эх сурвалжаа зааж чаддаггүй, төлбөр төлсөн баримт хэрэгт авагдаагүй. Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар  батлагдсан “Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам”-ын 2.15-д “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь оногдуулсан шийтгэлийн мөнгийг Төрийн сангийн дансанд тушаана” гэж заасныг зөрчиж, иргэнээс торгуулийн мөнгийг бэлнээр авч, өөртөө зарцуулсан нь тогтоогдсон. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч “мөнгөний зарцуулалтыг шалгаж, тогтоогоогүй” гэж байна. Мөнгийг бэлнээр авсан гэдгийг тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч бэлнээр авсан 400.000 төгрөгөө юунд зарцуулсан болохыг тогтоох боломжгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь

   Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-ын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв,

1. Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч О.Д нь Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Баянзүрх дүүргийн замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагчаар буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 дэх заалтад заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа: Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэж заасныг,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1-д “Монгол улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэж заасныг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Замын цагдаагийн хэлтсийн байранд зөрчил гаргагч Б.А-ыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, уг торгуулийн мөнгийг Төрийн сангийн дансанд тушаахгүйгээр зөрчил гаргагчаас бэлнээр авч хийх ёсгүй үйлдэл хийн, өөртөө эдийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Тээврийн цагдаагийн албаны дүн шинжилгээ, үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн албан шалгалт явуулсан дүнгийн тухай танилцуулга /1хх 31-35/,

Ж.М-с /Тээврийн хэрэгслээ мөргүүлсэн хүн/ тайлбар авсан тухай тэмдэглэлд: “...Машинаа жолоодож явж байхад хажуугаас машин ирээд мөргөсөн. ..Цагдаад дуудлага өгсний дагуу зөрчил хариуцсан байцаагч О.Д шалган шийдвэрлэсэн. ...Миний машинд үнэлгээгээр 2.330.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд би тухайн мөргөсөн машины эзэмшигч Ч.Ч-той 2.000.000 төгрөгөөр тохиролцсон. ...Тэгээд миний машиныг мөргөсөн жолооч Б.А 1.600.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. ...Тэгээд би Ч.Ч руу холбогдоход цагдаагийн дэслэгч О.Д торгуульд 400.000 төгрөг авсан гэж хэлсэн. ..Тэгээд би О.Д-тай уулзахад “би торгуулийн хуудсаа мөнгөө тушааж байж авдаг учир торгуульд 400.000 төгрөг авсан та прокурорын байгууллагад гомдол гаргаж болно” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /1хх 07/,

Ж.М гэрчээр /Зөрчил гарах үед хохирсон машины жолооч/ “...Машинаа бариад явж байтал эсрэг урсгалаас машин ирээд миний машиныг мөргөсөн. ...Тэгээд тухайн зөрчил нь зөрчлийн байцаагч О.Д-д цохогдож очсон байсан. ...Би өөрийн тээврийн хэрэгсэлд хохирлын үнэлгээ хийлгэхэд 2.330.000 төгрөгийн үнэлгээ гарсан. Миний машиныг мөргөсөн тээврийн хэрэгслийн эзэмшигч Ч гэх хүн надтай ирж уулзаад бид хоорондоо тохиролцож, би 2.000.000 төгрөг авахаар болсон. ...2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Ч надад 1.600.000 төгрөг өгсөн. ...Тэгээд би Ч-т “яагаад тохирсноороо 2.000.000 төгрөг хийсэнгүй вэ” гэхэд цагдаагийн байцаагч О.Д 400.000 төгрөгийг зөрчлийн хуулиар торгож байгаа гээд авсан. Тийм учраас тан руу 1.600.000 төгрөг шилжүүлсэн гэж хэлсэн. ...Тэгэхээр нь би О.Д байцаагчтай яриад “чи яагаад хохирсон иргэний мөнгийг бүрэн төлүүлэхгүй дундаас нь торгуулийн мөнгө авчхав аа” гэхэд О.Д надад “би ахаа шийтгэлийн хуудсыг авахдаа мөнгийг нь тушааж байж дараагийн шийтгэлийн хуудсаа авдаг юм” гэж ойлгуулсан. Намайг тайлбар өгсний маргааш нь 2024.08.16-ны өдөр зөрчлийн байцаагч О.Д намайг ажил дээрээ дуудаж 420.000 төгрөгийг бэлнээр өгсөн. ...” гэх мэдүүлэг /1хх 101/,

О.Д-аас тайлбар авсан тухай тэмдэглэлд “...Зөрчил гаргасан жолоочид би “1.600.000 төгрөгийг нь хохирогч машины жолоочид өгчих, үлдсэн 400.000 төгрөгийг торгуульд тушаачих гэж хэлсэн. ...Би Зөрчлийн тухай хуулийн 14.7.1-т зааснаар зөрчил гаргагч Б.А-т 400.000 төгрөгөөр торгох шийтгэх оногдуулсан. Б.А нь /зөрчил гаргагч/ үлдэгдэл 420.000 төгрөгийг 08 дугаар сарын эхэн үеэр манай ажлын гадаа ирээд Ж.М-ийн /хохирсон жолооч/ хохирлын 420.000 төгрөгийг надад өгсөн. ...Үүний дараа 08.09-ний өдөр гомдол гаргахаар нь 08.16-ны өдөр Ж.М-ийг дуудаж Б.А-ын надад үлдээсэн 420.000 төгрөгийг өгсөн. ... Тухайн үед манай хэлтэс шийтгэлийн хуудасгүй болоод шийтгэлийн хуудас дээр бичигдсэн бичвэр нь бүдэг гарсан байсан учраас нэр усыг нь андуураад 200.000 төгрөгийг баримт өгчихсөн байна лээ” /1 хх 13, 15-16/,

гэрч Б.А /зөрчил гаргасан жолооч/: “...Машинаа жолоодож яваад иргэн Ж.М-ийн машиныг мөргөсөн. ...Уг зөрчлийг О.Д байцаагч шалгасан. ...Ж.М-тэй уулзаж хохиролд 2.000.000 төгрөг өгөхөөр тохиролцсон. ...Тэгээд О.Д-тай уулзаж, журмын хашаанаас тээврийн хэрэгслээ хүлээн авах зөвшөөрлийн бичгээ авах гэтэл намайг 400.000 төгрөгөөр торгоно гэсэн. ...Тэгээд М-д 1.600.000 төгрөгийг өгч, О.Д-ын ажлын өрөөнд нь 400.000 төгрөгийг бэлнээр өгсөн. ..Шийтгэлийн хуудсан дээр 400.000 төгрөгөөр торгосон гээд надаар гарын үсэг зуруулсан. ...Т гэх хүнээр төрийн санд мөнгө тушаалгасан асуудал байхгүй. ...Хохирогч М-ийн үлдэгдэл 400.000 төгрөгийг өгөөгүй. ...” гэх мэдүүлэг /1хх 106-107/,

гэрч Ч.Ч: “.../зөрчил гаргагч Б.А-ын жолоодож явсан машины эзэмшигч/: “...М-ийн машинд үнэлгээгээр 2.330.000 төгрөгийн хохирол учирсан. ...Тэгээд М-тэй тохиролцож 2.000.000 төгрөг өгөхөөр болсон. ...Тэгээд М-д 1.600.000 төгрөг өгсөн. ... М-ийн 2.000.000 төгрөгийг төлж барагдуулъя гэж бодсон. ...Гэтэл байцаагч Д нь “А торгуулийн мөнгөө төлж байж тээврийн хэрэгслийг журмын хашаанаас гаргана” гээд байсан учраас М-ийн хохиролд 1.600.000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл 400.000 төгрөгийг Д-д бэлнээр өгсөн. ...Д нь А-аар шийтгэлийн хуудсан дээр гарын үсэг зуруулсан. ..Төгөлдөр гэх хүнээр дамжуулан А-ын торгуулийн мөнгийг төлсөн асуудал байхгүй. ...” гэх мэдүүлэг /1хх 110-112/,

гэрч А.О /Тээврийн цагдаагийн албаны нягтлан бодогч/: “..Зөрчлийн байцаагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа торгуулийн мөнгийг бэлнээр авч болохгүй. ...О.Д нь хяналт шалгалтын ажиллагаа явуулж байгаа гээд надаас шийтгэлийн хуудасны хуулбар, орлогын баримтыг авсан. ...Уг баримтыг харахад 2024.05.31-ний өдөр иргэн Р.М “торгууль” гэх утгаар 200.000 төгрөг тушаасан байсан. ...Мөн 2024.08.23-ны өдөр иргэн Төгөлдөр “А торгууль” гэх утгаар 400.000 төгрөг тушаасан байсан. Шийтгэлийн 823209 дугаартай хуудсаар эрх бүхий албан тушаалтан О.Д нь иргэн Б.А-ыг 2024.05.21-ний өдөр 400.000 төгрөгөөр торгосон хуудас байсан. Дээрх шийтгэлийн хуудасны дагуу торгууль гэх утгаар төрийн сангийн дансыг шүүж үзэхэд 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр иргэн Р.Мөнхдоржоос торгууль гэх утгаар 200.000 төгрөг тушаасан баримт гарч ирсэн. ...” гэх мэдүүлэг /1хх 117-118/,

Р.М гэрчээр: “...Зөрчлийн байцаагч О.Д нь намайг жолооны эрхгүй хүнд жолоо шилжүүлсэн гэх үндэслэлээр 200.000 төгрөгөөр, манай дүү Р.М-ыг жолооны эрхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон гэх үндэслэлээр 200.000 төгрөгөөр тус тус торгосон. ..Торгуулийн мөнгийг тус тусад нь төлсөн. ..Яагаад Б.А гэх хүний шийтгэлийн хуудсанд миний торгууль төлсөн баримт байгааг мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /1хх 139/,

0823209 дугаартай шийтгэлийн хуудас /1хх 135/,

Р.М 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Торгууль гэсэн утгатайгаар 200.000 төгрөг шилжүүлсэн баримт /хх 92/,

Р.М-ийн торгуулийн мөнгийг А-ын шийтгэлийн хуудасны ард /шүүгдэгч О.Д/ хавсаргасан /1хх 94-95/,

шүүгдэгч О.Д нь 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр өөрийн найз Э.Т-ийн данс руу 410.000 төгрөгийг шилжүүлж, Э.Т нь 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр зөрчил гаргагч нарын торгуулиа төлдөг Төрийн сангийн тоот дансанд “А Торгууль” гэсэн утгатайгаар 400.000 төгрөгийг төлсөн баримт /1хх 98/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

2. Хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

3. Шүүгдэгч О.Д-ын зүгээс  “...Б.А нь архины хамааралтай этгээд байсан тул түүнийг дахиж алга болохоос нь урьдчилан сэргийлж торгуулийн мөнгийг нь бэлнээр хүлээн авсан боловч ажлын ачааллаас болж төрийн санд тушаагаагүй орхигдуулсан. ... миний ажилдаа хайнга хандсан үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй тул цагаатгаж өгнө үү. ...” гэж агуулга бүхий гомдлыг гаргажээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”,

Дөчин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч ... Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж ард түмнийхээ тусын тулд, иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллана” хэмээн заасан бөгөөд Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, нийтлэг эрх, үүргийг тодорхойлсноос гадна Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд төрийн албан хаагч албан тушаалынхаа бүрэн эрхийн дагуу асуудал боловсруулж шийдвэрлэхдээ хууль бусаар аль нэг хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, албан тушаалынхаа байдлыг ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх, хууль бусаар ашиг хонжоо олох, бусдад давуу байдал олгох зорилготой бусад үйлдэл хийх зэргээр ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явуулахыг хориглосон билээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч О.Д-ын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа болохыг Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтад тулгуурлан хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Тодруулбал, шүүгдэгч О.Д нь нийтийн албан тушаалтан буюу Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Баянзүрх дүүргийн замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагчаар ажиллаж байхдаа зам тээврийн ослын дуудлага мэдээллийн дагуу Б.А-т холбогдох зөрчлийн хэргийг шалгах ажиллагаа явуулж, зөрчилд холбогдогч Б.А-ыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, уг торгуулийн мөнгийг Төрийн санд тушаалгүйгээр өөртөө бэлнээр авч хийх ёсгүй үйлдэл хийж өөртөө эдийн давуу байдал бий болгосон нь гэрч Г.Ч, Б.А нарын мэдүүлэг болон дансны хуулга, бусад бичгийн нотлох баримтууд зэргээр хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.

Мөн Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хуулийн 4.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтан хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйлийн хадгалалт, хамгаалалтыг хариуцна.” гэж,

2 дахь хэсэгт Эрх бүхий албан тушаалтны энэ хуулийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу гаргасан шийдвэр, зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл. ...хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйлийг зохих журмын дагуу хадгалж, энэ тухай баримтыг зөрчлийн хэрэгт хавсаргана.” гэж,

3 дахь хэсэгт “Хураан авсан үндэсний .....валютыг тусгай дансанд байршуулна.” гэж,

15 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг гаргахдаа зөрчил шалгах ажиллагааны журмын дагуу хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйлийн талаар дараах шийдвэрийн аль нэгийг гаргана.” гэж,

15.3 “Улсын орлого болгох”

17 дахь хэсэгт “Хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйлийг зөрчлийн хэрэгт эд мөрийн баримтаар хадгалах шаардлагатай бол энэ зүйлийн 15.4 дэх заалтад заасан шийдвэрийг гаргана.” гэж эрх бүхий албан тушаалтан зөрчилд холбогдогчоос хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйлийн талаар хэрхэн шийдвэрлэсэн талаараа шийдвэртээ заавал тусгахаар хуульчилсан байна.

Гэтэл шүүгдэгч О.Д-ын хувьд зөрчилд холбогдогч Б.А-аас шийтгэлийн хуудсаар оногдуулсан 400,000 төгрөгийг хэрхэн хураан авсан, хурааж авах болсон шалтгаан нөхцөл байдлын талаар ямар нэгэн тэмдэг, тэмдэглэгээ, баримт үйлдээгүй баталгаажуулаагүй байна.

4. Мөн шүүгдэгч О.Д нь “...ажлын ачааллаас болж төрийн санд тушаагаагүй. ...” гэж гомдолдоо дурджээ.

Авлигын эсрэг конвенцын 28 дугаар зүйлд  “... 28 дугаар зүйл. Ухамсар, санаа, зорилго гэмт хэргийн бүрэлдэхүүн хэсэг болох нь: ...Энэхүү конвенцын дагуу тогтоосон гэмт хэргийн зайлшгүй бүрэлдэхүүн болох ухамсар, санаа, зорилгыг бодит үйл баримтын нөхцөл байдлаас дүгнэн гаргаж болно. ..” гэж заасан.

Өөрөөр хэлбэл авлигын эсрэг гэмт хэрэг нь дийлэнхдээ нуугдмал далд аргаар үйлдэгддэг бөгөөд тухайн гэмт хэргийг шууд нотолсон баримт гэхээс илүүтэйгээр хавтаст хэрэгт авагдсан бусад шаардлагатай бүхий л нотлох баримтуудыг хооронд нь уялдаа холбоотойгоор дүгнэн цэгнэж, харьцуулан шалгасны эцэст тухайн гэмт буруутай этгээдийн сэдэлт санаа зорилгыг тогтоох боломжтой юм.

Зөрчлийн хэрэг нь 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр үйлдэгдэж, шүүгдэгч О.Д-аас 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан байна. 1хх 60

Зөрчлийн шийтгэл оногдуулснаас 6 хоногийн дараа буюу 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр шүүгдэгч О.Д нь зөрчилд холбогдогч Б.А-аас 400,000 төгрөгийг бэлнээр авсан талаар гэрч Б.А, Ч нар тодорхой мэдүүлсэн байна.

Улмаар энэ хэргийг зөрчлийн хэргийн хохирогчийн гаргасан гомдлын дагуу Цагдаагийн байгууллага дотоод хяналт шалгалтын ажиллагаа явуулж 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр холбогдох хүмүүсээс тайлбар мэдүүлэг авах явцад шүүгдэгч О.Д нь 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр өөрийн найз н.Т-ийн данс руу 410,000 төгрөгийг шилжүүлсэн /1хх 98/ даруйд түүний найз н.Т нь Төрийн сангийн дансанд “А Торгууль” /1хх 97/ гэсэн утгатайгаар 400,000 төгрөгийг тушаажээ.

Шийтгэлийн 823209 хуудсаар шүүгдэгч О.Д нь зөрчилд холбогдогч Б.А-ыг 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 400,000 торгосон гэх торгуулийн хуудас 1 дүгээр хавтас хэргийн 17 дахь талд авагдсан байна.

Гэтэл дээрх 823209 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан мөнгөн дүн нь 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр иргэн Р.М-ийн “Торгууль” гэсэн утгаар 200,000 төгрөг шилжүүлсэн /1хх 95/ болох нь гэрч А.О, Р.М нарын мэдүүлэгт тодорхой тусгагдсан байна.

Түүнчлэн гэрч Б.Х /Тээврийн цагдаагийн албаны нярав ажилтай/: “...2024 оны намар зөрчил хариуцсан байцаагч О.Д нь манай өрөөнд уулзаад шийтгэлийн 823209 дугаартай хуудас болон уг хуудсанд хавсаргасан торгууль төлсөн баримтыг авмаар байна. ...Шийтгэлийн хуудсанд өөр хүний торгууль төлсөн баримтыг андуурч хавсаргасан байна. ...Би шийтгэлийн хуудас, торгууль төлсөн баримтыг авч яваад солиод ирье. ...гэхэд нь би О.Д-д “...тооцоо нийлсэн учраас одоо уг баримтыг өгч явуулж болохгүй. ....Хэрвээ солигдсон гэж байгаа бол андуурагдсан гээд байгаа торгууль төлсөн баримтаа аваад ир. ...чиний нүдэн дээр би солиод өгье. ...” гэсэн чинь явууд өгсөн. ...Түүнээс хойш дахиж холбогдоогүй. ...” гэх мэдүүлэг 1 дүгээр хавтас хэргийн 142-143 дахь талд авагджээ.

Дээрхээс үзэхэд шүүгдэгч нь тухайн үед ажлын ачааллаас болж андуурагдсан, төрийн санд тушаагаагүй гэх хэдий ч андуурагдсан баримт байгаа эсэх талаараа нотолж чадаагүй, тухайн торгуулийн мөнгийг төрийн санд тушаасан баримтыг дотоод хяналт шалгалт болон холбогдох нярав, нягтланд гаргаж өгөөгүй байх тул түүнийг ажлын ачааллаас болж баримтыг андуурсан, төрийн санд тушаагаагүй гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.

5. Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч О.Д-ын үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаалах ялаар шийтгэсэн нь үндэслэл бүхий болсон түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

            Иймд дээрх үндэслэлүүдээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2026/ШЦТ/31 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Д-ын гаргасан “...цагаатгаж өгнө үү. ...” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            5. Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 14 дэх хуудас, 2 дугаар хавтас хэргийн 89 дүгээр талд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах нэмэгдэл ялыг торгох үндсэн ял оногдуулсан үеэс буюу шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй. ...” гэж дүгнэсэн нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгох ноцтой үндэслэлд үл хамаарах хэдий ч цаашид шийтгэх тогтоол бичихдээ үг, үсэг, найруулга зэрэгт ямагт анхаарч нягт нямбай ажиллах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2026/ШЦТ/31 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Д-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.     

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                               Л.ГАЛБАДАР

ШҮҮГЧ                                                               Д.МӨНХӨӨ