Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 154

 

                                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзийгөөр хөтлүүлж

Улсын яллагч: Б.Батсайхан

Хохирогч: Н.Н, Н.М, Н.М

Хохирогч нарын өмгөөлөгч Б.Эрдэнэсувд

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэцогт

Шүүгдэгч: Д.С нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овгийн Д-н С-д холбогдох 201603000526 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г овгийн Д-н С /РД:  /

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

С нь 2016 оны 07 дугаар сарын 20-ны, 2016 оны 08 дугаар сарын 20-ны орчим 2 удаагийн үйлдлээр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын  Хануй багийн нутаг Бор өлөн гэх газар оршин суух иргэн Н.Ноос хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 21 тооны үхрийг шилжүүлэн авч 16.500.000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 08 дугаар сарын 20-ны орчим  Архангай аймгийн Өндөр-Улаан сумын  Хануй багийн нутаг Бор өлөн гэх газар оршин суух иргэнН.Маас хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 43 тооны хонь 14 тооны адуу, 10 тооны үхэр шилжүүлэн авч 18.600.000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны  7дугаар сарын 20-ны, 2016 оны 08 дугаар сарын 20-ны орчим 2 удаагийн үйлдлээр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын  Хануй багийн нутаг Бор өлөн гэх газар оршин суух иргэн Н.М-оос хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 20 тооны үхэр шилжүүлэн авч 13.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед: 

 

Хохирогч Н.Нийн өгсөн: Би хохирол болох 9.200.000 төгрөгөө бүрэн авсан одоо гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг

ХохирогчН.Мын өгсөн: 18.600.000 төгрөгийг хохиролд тооцож өнөө өглөө авсан, өмнө нь наймаа хийж байсан яг хэдэн онд гэдгээ санахгүй байна гэсэн мэдүүлэг

Хохирогч Н.Мын өгсөн: хохирол төлбөртөө 7.000.000 төгрөг авсан одоо гомдол саналгүй гэсэн мэдүүлэг

 

Мөрдөн байцаалтын үед:

 

Хохирогч Н.Мын өгсөн: Би 2016 оны 07 дугаар сарын 20-дын үеэр С гэх хүнд монголын нас нийлсэн 5 үнээг нэг бүрийг нь 650.000 төгрөгөөр бодож, монголын соёолон болон нас нийлсэн 6 шарыг нэг бүрийг нь 850.000 төгрөгөөр бодож, монголын эр шүдлэн үхрийг 500.000 төгрөгөөр, сарлагийн нас нийлсэн шарыг 550.000 төгрөгөөр тус тус зарсан  нийт 9.4 сая төгрөг болсон. Үүний дараа 2016 оны 08 дугаар сарын 20-дын үеэр монголын нас нийлсэн 3 үнээ, монголын хязаалан соёлон насны 4 шарыг тус бүрийг нь 650.000 төгрөгөөр бодож зарсан...Үүнээс 2016 оны 09 дүгээр сарын үед 3.4 сая төгрөг, 2016 оны 10 дугаар сарын үед 1.5 сая төгрөг, 2016 оны 12 дугаар сарын үед 1.3 сая төгрөг, 30 шуудай хивэгийг 345.000 төгрөгөнд бодож авсан. Мөн 55.000 төгрөг авсан...ямар нэгэн гэрээ байгуулаагүй, амаараа ярьж тохиролцоод малаа зарж борлуулсан. С надад хандаж мал идээгээ зарж борлуулчихаад мөнгө төгрөгийг чинь өгнө гэдэг байсан сүүл рүүгээ мөнгө төгрөг орж ирэхгүй байна мөнгө төгрөг орж ирэхээр чиний мөнгийг өгье гэдэг байсан. Тэгээд утсаа авахаа болиод алга болсон...2008 оноос таньдаг болсон С нь манайхаас мал идээ авдаг байсан ба мөнгө төгрөгийг нь цаг тухай бүрд нь өгдөг байсан. Тийм учраас л түүнд итгээд мал идээгээ зартал намайг залилчихлаа... Соос 7 сая төгрөгөө нэхэмжилж байна...гэх мэдүүлэг / 1 хх-ийн 144 хуу/

Хохирогч Н.Нийн өгсөн...Би Сид 2016 оны 07 сарын 20-дын үеэр монголын нас нийлсэн 5 шарыг тус бүрийг нь 850.000 төгрөгөөр, монголын нас нийлсэн 2 тооны үнээг тус бүрийг нь 650.000 төгрөгөөр, сарлагын нас нийлсэн 2 тооны шарыг тус бүрийг нь 550.000 төгрөгөөр зарсан. 2016 оны 08 дугаар сарын 20-дын үеэр нас нийлсэн асман монгол үхэр нэгийг 400.000 төгрөгөөр , монголын нас нийлсэн 6 тооны шарыг тус бүрийг нь 700.000 төгрөгөөр, монголын хязаалан соёолон 5 тооны шарыг 650.000 төгрөгөөр тус тус зарсан. Би С-с мөнгө төгрөг цувуулж авсан. Одоо түүнээс нийт 9.7 сая төгрөгийг авах ёстой...манай хүүхдүүд болох М, М нар  намайг Сид мал зарах үед буюу 2016 оны 07 дугаар сарын 20-дын үеэр, 2016 оны 08 дугаар сарын 20-дын үеэр тус тус Сид мал зарсан...гэх мэдүүлэг /1 хх-ийн 146 хуу/

Хохирогч Н.М-ын өгсөн...надад өмнө нь мал авахаараа цаг тухайд нь өгдөг байсан одооноос 3-4 жилийн өмнөөс наймаа хийж харилцаж эхэлсэн...би С-д 2016 оны 08 дугаар сарын 20-дын үеэр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг Бор өлөнт гэх газар 43 тооны нас бие гүйцсэн тарган эр хонь, 14 тооны нас бие гүйцсэн тарган морь, монголын шар 3, хайнагийн шар 1, монголын 6 тооны үнээ зэргийг 19 сая гаруй төгрөгөнд бодож зарсан...2016 оны 09 дүгээр сарын 10-нд 10 сая төгрөг, үлдэгдэл 10 сая төгрөгийг 2016 оны 10 сард өгнө гэж тохирсон боловч өгөөгүй. Мөнгө төгрөгөө авъя гэхээр өгнө л гэдэг байсан сүүл рүүгээ утсаа авахаа байгаад хаана байгаа нь мэдэгдэхгүй болсон...одоо түүнээс 19.8 сая төгрөг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг / 1 хх-ийн 25, 148 хуу/ 

Гэрч Ц.А-н өгсөн...С нь 2016 оны 07 дугаар сарын сүүлээр шиг санагдаж байна надтай ирж уулзаад Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багаас мал ачих гэсэн юм чи явах уу гэж байсан...Тэгээд Хануй багийн нутагт очиж 30 гаруй адуу ачаад Улаанбаатар хот оруулж Эмээлт зах дээр буулгасан. Мөн Б гэх хүн өөрийнхөө машинд С-ийн малыг ачаад надтай хамт явсан. Б бид хоёр хоёулаа л С-ийн малыг Эмээлт дээр буулгасан...Мөн сүүлд нь 2016 оны 08 дугаар сарын үед Архангай  аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг болох өмнө нь мал ачиж байсан газраасаа С дахиж үхэр мал аваад Улаанбаатар хот оруулж Эмээлт зах дээр буулгуулсан. Тухайн үед надтай хамт С гэх жолооч хамт явсан ба С машин дээрээ үхэр ачсан би ч үхэр ачсан. Нямдорж, М,  гэх хүмүүс бол нилээн арвин мал зарсан тухайн хүмүүсээс л мал аваад байсан. Мөн нутгийн хүмүүс ч гэсэн  С-д мал идээ зараад байсан...гэх мэдүүлэг / 1 хх-ийн 156 хуу/

Гэрч Б.С-ын өгсөн...2016 оны 07-08 дугаар сарын үед шиг санагдаж байна Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутгаас С мал авсан надтай хамт Ойлоо /Алтангэрэл/ гэх хүн автомашинтайгаа явсан...миний машин дээр 38-39 орчим тооны үхэр ачсан...тэгээд Эмээлт зах дээр очиж буулгасан...гэх мэдүүлэг / 1 хх-ийн 158 хуу/ 

Гэрч Д.Б-ийн өгсөн... 2016 оны 7 дугаар сарын 20-дын үеэр шиг санагдаж байна Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутгаас мал ачсан...би тухайн малыг С нь хэрхэн яаж цааш нь зарж борлуулсан талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /  1 хх-ийн 160 хуу/ 

Гэрч М.Х-ын өгсөн...Д.С нь зээлээ төлөхөө болиод үүнээс болж манай байгууллага Архангай аймгийн сум дундын иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шийдвэр нь 2016 оны 04-05 дугаар сарын үед гарсан санагдаж байна. Д.С нийт 26 сая төгрөг төлөх шийдвэр гарсан. Тухайн үед Д.С уг мөнгөө бага багаар төлсөөр байсан...Д.С нь 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1.456.000 төгрөг, 2 сарын 2-ний өдөр 1.590.000 төгрөг, 7 дугаар сард 1.000.000 төгрөг тус тус зээлд төлсөн байна. Үүнээс хойш 2017 ондоо ганц нэг сард зээлээ бага хэмжээгээр төлж байгаад 2018 оны 01 дүгээр сард ирээд үлдэгдэл 22 орчим сая төгрөгийн зээлээ бүгдийг нь хаагаад явсан. Одоо манай байгууллагад өр төлбөр зээлгүй болсон байгаа... гэх мэдүүлэг / 2 хх-ийн 87 хуу/ 

Д.С-ийн сэжигтнээр өгсөн...тухайн малнуудаа Улаанбаатар хот руу ачиж яваад борлуулсан. Эмээлт зах дээр очиж нядлуулаад Хүчит шонхор зах дээр зарсан...Тэгээд тухайн үедээ мөнгө төгрөгнөөс бага багаар нь өгсөн...эхэлж авахдаа цувуулж өгнө гэсэн болохоор л тухайн үед нь мөнгө төгрөгийг нь өгөөгүй юм. Бага багаар өгч байсан уг махнуудаа нэг өдөрт бүгдийг нь зарж чаддаггүй бага хэмжээгээр борлуулж байсан учраас мөнгө нь хурдан бөөгнөрдөггүй байсан... би тухайн мөнгөөрөө банкны зээл болон бусад өөрийн хэрэгцээ зэрэг зүйлсэд зарцуулсан нарийн тооцоо гаргаагүй. Мөн мал ачсан жолооч нарын хөлс мөнгөнд өгсөн...гэх мэдүүлэг  / 1 хх-ийн 167 хуу/

Д.С-ийн яллагдагчаар өгсөн...би мах зарсан мөнгөөрөө махаа ийш тийш нь зөөх тээврийн зардал, зогсоолын зардал, тэрэгчний мөнгө гэх мэтийг төлсөн, үлдэгдэл мөнгийг нь хувийн хэрэгцээндээ хэрэглэсэн банкны мөнгөндөө бага хэмжээний мөнгийг нь зарцуулсан мөн машин тэрэгний шатах тослох материал болон машины мотороо засуулахдаа зарцуулсан...би өмнө нь энэ төрлийн бизнес хийж байгагүй учраас алдаа гаргасан...би М, М, Н нарт мал идээгээ хямдхан өгчихлөө их шатлаа гэдгээ хэлсэн...тухайн үедээ нөхцөл байдал муугаар эргээд алдагдалд ороод тухайн мөнгөөрөө буюу М, М, Н нарт өгөх ёстой мөнгөөрөө дахин Эмээлтээс мал аваад ахиад шатсан тэгээд л мөнгө төгрөгийг нь өгөөгүй байсан...гэх мэдүүлэг / хх 1-ийн 171 хуу/...би дээрх гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо барагдуулна...гэх мэдүүлэг / 1 хх-ийн 237 хуу/ ...би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна ойлгож байна... гэх мэдүүлэг / 2 хх-ийн 48, 53, 59 хуу/

Шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны  өдрийн 157 дугаар дүгнэлтээр: малын үнэлгээг нийт 48.300.000 төгрөгөөр тогтоосон дүгнэлт  / 2 хх-ийн 33 хуу/

Иргэний үнэмлэхийн лавлагаа / 1 хх-ийн 176 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / 1 хх-ийн 177-178 хуу/

Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 129/шш2017/00197 дугаар шийдвэрийн хуулбар / 1хх-ийн 182-183 хуу/ 

Хас банкны 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №1140044612 дугаартай зээлийн гэрээний хуулбар / 2 хх-ийн 184-186 хуу/

Хас банкны 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №1140014647 дугаартай зээлийн гэрээний хуулбар / 2 хх-ийн 194-195 хуу/ 

Махны үнийн судалгаа / 2 хх-ийн 95 хуу/ 

Д.С-с хохиролд тооцож 29.000.000 /хорин есөн сая/ төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хохирогчН.Мын ХААН банкин дахь 5141060687 дугаарын дансанд шилжүүлсэн тухай орлогын мэдүүлэг / 2 хх-ийн 173 хуу/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон  хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.С-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.С нь  2016 оны 07 дугаар сарын 20-ны, 2016 оны 08 дугаар сарын 20-ны орчим Архангай аймгийн Өндөр-Улаан сумын  Хануй багийн нутаг Бор өлөн гэх газар оршин суух иргэн Н.Ноос 16.500.000 төгрөгийн үнэ бүхий 21 тооны үхрийг,  2016 оны 08 дугаар сарын 20-ны орчим  Архангай аймгийн Өндөр-Улаан сумын  Хануй багийн нутаг Бор өлөн гэх газар оршин суух иргэн Н.Маас 18.600.000 төгрөгийн үнэ бүхий 43 тооны хонь, 14 тооны адуу, 10 тооны үхрийг,  2016 оны  7дугаар сарын 20-ны, 2016 оны 08 дугаар сарын 20-ны орчим Архангай аймгийн Өндөр-Улаан сумын  Хануй багийн нутаг Бор өлөн гэх газар оршин суух иргэн Н.Моос 13.200.000 төгрөгийн үнэ бүхий 20 тооны үхрийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж шилжүүлэн  авсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Д.С нь хохирогч нараас авсан малын тоо, шинж чанар болон үнэлгээний талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч Н.Н, Н.М, Н.М, гэрч Ц.А, Д.Б, Б.С нарын мэдүүлгээр нотлогджээ.

Хохирогч нар өмнө нь шүүгдэгчид малаа зарж байсан Д.С нь тухай бүр мөнгийг нь өгч байсан учраас итгэж малаа зарсан гэх бөгөөд Д.С нь дээрх байдлыг нь ашиглан тэднээс 2016 оны 7, 8 дугаар саруудад малыг нь шилжүүлэн авсан нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан гэж үзэх үндэслэлтэй байна.

Д.С нь 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Хас банкнаас 23.300.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хас банкнаас 31.500.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай авсан бөгөөд уг зээлүүдийн төлбөрийг төлөхгүй 56-315 хоног хэтрүүлж байгаа гэсэн үндэслэлээр Хас банкнаас нэхэмжлэл гаргаж Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 129/шш/2017/00197 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж Д.С-с 26.190.232 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд гэрч М.Хнь...Тухайн үед Д.С уг мөнгөө бага багаар төлсөөр байсан...Д.С нь 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1.456.000 төгрөг, 2 сарын 2-ний өдөр 1.590.000 төгрөг, 7 дугаар сард 1.000.000 төгрөг тус тус зээлд төлсөн байна. Үүнээс хойш 2017 ондоо ганц нэг сард зээлээ бага хэмжээгээр төлсөн...гэж / 2 хх-ийн 87 хуу / мэдүүлэг өгчээ.

Энэ нь Д.С-ийн өгсөн... би тухайн мөнгөөрөө банкны зээл болон бусад өөрийн хэрэгцээ зэрэг зүйлсэд зарцуулсан нарийн тооцоо гаргаагүй... гэх / 1 хх-ийн 167 хуу/ мэдүүлгийг нотлож байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Н-д 16.500.000 төгрөгийн, хохирогч Н.Мт 13.200.000 төгрөгийн, хохирогчН.Мт 18.600.000 төгрөгийн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр / 2 хх-ийн 33 хуу/ тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь эдгээр хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна гэж үзлээ.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.С-ийн бусдаас нийт 48.300.000 төгрөгийн малыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийн урвуулан ашиглаж шилжүүлэн авсан үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.С-ийг залилах гэмт хэргийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийн урвуулан ашиглаж  өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, үйлдсэн гэм буруутайд тооцон, шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлуудын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.С нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон   

                                            

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г овгийн Д-н Сийг залилах гэмт хэргийг, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Д.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3 . Шүүгдэгч Д.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдсугай. 

 

4. Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хохирогч, шүүгдэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

6. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.С-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ОДХҮҮ