| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2506000000568 |
| Дугаар | 2026/ДШМ/346 |
| Огноо | 2026-03-25 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 10.1-1, |
| Улсын яллагч | М.Ханджав |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2026/ДШМ/346
2026 03 25 2026/ДШМ/346
Б.Ө-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Ханджав,
шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2026/ШЦТ/36 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ө-ын өмгөөлөгч Ж.Баяржавхлангийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Ө-д холбогдох 2506000000568 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б.Ө, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ажил эрхэлдэггүй, ам бүл 5 нарын хамт 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000000/;
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 572 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг баримтлан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг 2 сарын хугацаагаар хязгаарлах ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 572 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 04 сар 7 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 01 жил 06 сар 07 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэж байсан хувийн байдалтай.
Шүүгдэгч Б.Ө нь 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 10 цагийн үед Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Овоот 4 дүгээр гудамжны 2 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч Б.Э-тэй маргалдаж, тодорхой шалтаг шалтгаангүйгээр, амь хохирогчийн эрүүл мэндийн эсрэг хүч хэрэглэн халдаж зодох, ахуйн хэрэглээний хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж амь хохирогч Г.Э-ийн цээж баруун өвдөгт 2 удаа хутгалж, өвчүүний зүүн дунд доод талаар цээжний хөндийд нэвтэрч, үнхэлцэг хальс, зүрхний зүүн ховдлын өмнөд ханыг гэмтээн зүрхний зүүн ховдлын ар хананд төгссөн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж, баруун өвдөгт хатгагдаж зүсэгдсэн шарх, чамархай, хацар, шанаа, зүүн чих, баруун сарвуунд зулгаралт зэрэг гэмтэл учруулж бусдыг санаатай алсан,
мөн 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр иргэн О.С-ын эзэмшлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Эмийн ургамлын 8-52 тоот зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч 50 инчийн зурагт 1 ширхэг, гагнуурын аппарат 1 ширхэг, гагнуурын малгай 1 ширхэг, камерын хард төхөөрөмж 1 ширхэг, тасдагч 1 ширхэг, интернэт төхөөрөмж 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлан бусдад 1,040,940 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Ө-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч Б.Ө-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арван/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Өын цагдан хоригдсон нийт 132 /нэг зуун гучин хоёр/ хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.5, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-с нийт 111,354,718 /нэг зуун арван нэгэн сая гурван зуун тавин дөрвөн мянга долоон зуун арван найман мянга/ төгрөгийг гаргуулан, үүнээс амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н-д 111,307,738 төгрөгийг, хохирогч С-т 46,980 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Өын өмгөөлөгч Ж.Баяржавхлан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2026/ШЦТ/36 тоот шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд дараах байдлаар хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Юуны өмнө анхан шатны шүүхээс Б.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Анхан шатны шүүхээс түүнийг ийнхүү гэм буруутайд тооцохдоо “...гэтэл шүүгдэгч Б.Ө-ын хувьд хүндээр доромжлогдсон, бие махбодийн байж боломгүй хүчирхийлэлд өртсөн, өөрийгөө хянах, үйл ажиллагаагаа удирдан жолоодох чадваргүй байдалд орсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тийм үйл явдал болоогүйн дээр өөрийг нь цохисон гэх үл ялиг зүйлээр шалтаглан гадаа сууж байхдаа гэрт орж айлын хэрэглээний хутгыг авч, 2 удаагийн үйлдлээр хохирогчийн биеийн хэсгүүдэд удаа дараагийн үйлдлээр халдаж амь нас хохирч болохыг мэдсээр байж хохирол учруулан хүний амь нас хохироосныг санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж алсан гэж үзэх боломжгүй юм” гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас харахад Б.Ө-ын эрүүл мэндэд амь хохирогч Г.Э нь гэмтэл учруулсан болох, мөн ийнхүү гэмтэл учруулсны улмаас санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсаны улмаас амь хохирогчийн биед хоёр удаагийн үйлдлээр хутгалж амь насыг нь бүрэлгэсэн болох нь нотлогддог. Мөн түүнчлэн Г.Э-ийн дээрх хууль бус үйлдлийн улмаас тус гэмт хэргийг үйлдсэн шалтгаант холбоотой байхад анхан шатны шүүхээс ийнхүү дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Харин түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1,4-т заасны дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2026/ШЦТ/36 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Ө-ын зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү. ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруу дээр шүүгдэгч маргадаггүй. ...” гэв.
Шүүгдэгч Б.Ө тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Амь хохирогч нь миний хамгийн бага хүүхэд байсан. Өглөө 8 цаг 30 минутын үед очоод, 20, 30 минутын дотор л болсон үйл явдал. Шүүгдэгч хүнийг 2 хутгалж, санаатайгаар амь насыг хохироочихоод үхсэн хүн үг хэлэхгүй гэсэн шиг миний толгойг хагалсан, түүнээс болж миний сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж хүний амь нас хохироосон гэж яриад байна. Хүн 2 хутгалсан үйлдлээ санахгүй байна гэдэг атлаа өөрийнхөө толгойг хагарсаныг санаад байдаг. Шүүгдэгч миний хүүг хутгалчихаад гэртээ ороод “би найзыгаа алчихлаа” гэж орсон байсан. Энэ талаар огт ярихгүй байна. Бүхэл бүтэн хүний амь нас хохироосон байхад анхан шатны шүүхээс 14 жилийн хорих ял оногдуулсанд гомдолтой байна. /шүүгдэгч өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан/. Шүүгдэгчийн өмгөөлөгч хохирол барагдсан талаар ярьсан. Надад шүүх хуралдаан болохын урьд өдөр 7.000.000 төгрөг өгсөн. Оршуулгын зардлыг ч бүрэн өгөөгүй. Би эрүүл мэндийн хувьд ч ихээхэн хохирол амссан. Хүүхдээ алдсанаас хойш уналт, таталт өгдөг болсон, байнгын даралтын эм хэрэглэдэг болсон. Өмнөх шүүх хуралдааны өмнө шүүх танхимын гадна ухаан алдаж, шүүх хуралд оролцож чадаагүй. Тухайн үед охин, хүргэн хоёрын хамт очсон бөгөөд азаар эмч таарч, шуурхай тусламж үзүүлсэн. Иймд би маш их гомдолтой байна. Амь хохирогч намайг асарч халамжилдаг ганц хүүхэд минь байсан. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н-гийн өмгөөлөгч Г.Баяржаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад тулгуурлаагүй, хууль зүйн үндэслэлгүй гомдол гаргасан гэж үзэж байгаа. Эрүүгийн эрх зүйн сэтгэл санаа хүчтэй хүчтэй цочрон давчидсан гэх ойлголт нь зөвхөн анагаахын шинжлэх ухааны мэдлэгт тулгуурлагдаагүй бөгөөд хэрэг гарах үед хохирогчийн хууль бус, ёс суртахуунгүй үйлдэл, түүнтэй холбоотой үр дагавартай, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн сэтгэхүйд хэрхэн хортой нөлөөлсөн байдал болохыг тулгуурласан үйл баримт. Гэтэл согтуу хүмүүс согтуураад 4,6 промил согтууралтай хүн, шүүгдэгчийн эсэргүүцэл үзүүлж чадахгүйн улмаас амь насаа алдсан. Шүүгдэгч миний толгойг хагалсан л гэж яриад байгаа болохоос хагалсан баримт хэрэгт байхгүй. Үүнд шүүгдэгчийн өмгөөлөгч үндэслэн сэтгэл сана цочрон давчдаад айл руу орж, хутга авч орж ирээд 2 удаа хутгалж, хүний амь нас хохироосон үйлдэл гэж үзээд байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй гомдлыг болгож, анхан шатны шүүхийн шийтгэл тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Түүнчлэн 1 сар хоригдсон хугацааг нийт цагдан хоригдсон хугацаанд оруулан тооцох боломжтой. ...” гэв.
Прокурор М.Ханджав тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ө-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан, түүнд 14 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч манай үйлчлүүлэгчийн сэтгэл санаа цочрон давчидсаны улмаас хүний амь нас хохироосон, хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдээгүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн талаар ярьдаг. Гэвч тухайн үед хэргийн газарт амь хохирогч болон шүүгдэгч Б.Ө хоёр байсан бөгөөд согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Анхан шатны шүүхээс сэтгэл санаа цочрон давчдах гэдгийг болбол өөрт болон ойр дотнын хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхийг заналхийлсэн, хүндээр доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт этгээдийн санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж, хүнийг алах санаа сэтгэл хоромхон зуур төрсөн бөгөөд сэтгэхүйн хэвийн байдал алдагдсан байдгаараа хүнийг алах гэмт хэргээс ялгаатай байдаг гэж тайлбарласан. Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс амь хохирогч нь шүүгдэгчийн толгой руу цохисон, уг цохилтын улмаас сэтгэл санаа цочрон давчидсаны улмаас манай үйлчлүүлэгч амь хохирогчийг 2 удаа хутгалсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинэчлэн судлагдсан нотлох баримтууд мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг бүхэлд нь тогтоогдсон гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч тодорхой асуусан асуултад “....зарим зүйлийг би санаж байна, зарим зүйлийг санахгүй байна...” гэж хариулдаг. Үүнээс үзэхэд шүүгдэгч өөрт ашигтай зүйлийг санадаг, ашиггүй зүйлийг санахгүй байгаа нь нотлогдож байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-ын өмгөөлөгч Ж.Баяржавхлангийн гаргасан давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
1. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
1.1 Шүүгдэгч Б.Ө нь 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 10 цагийн үед Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Овоот 4 дүгээр гудамжны 2 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч Б.Э-тэй маргалдаж, тодорхой шалтаг шалтгаангүйгээр, амь хохирогчийн эрүүл мэндийн эсрэг хүч хэрэглэн халдаж зодох, ахуйн хэрэглээний хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж амь хохирогч Г.Э-ийн цээж, баруун өвдөгт 2 удаа хутгалж хүнийг санаатай алсан болох нь:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 05-36/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 37-42/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н: “...2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр манай хүүгийн утас руу хуурай ах нь гэх Ө /шүүгдэгч/ удаа дараа залгаад байсан. ...Тэгээд манай хүү “...ээж би ахтай уулзчихаад ирье. ...” гээд явсан. ...Тэгээд орой нь “..би нөгөө ахындаа ирсэн ээж битгий санаа зовоорой байж байгаад залгая.. хүү нь ахынд хоночхоод өглөө эрт очно...” гэж хэлсэн. ...Тэгээд би маргааш нь залгахад утас нь дуудаад авахгүй байсан. ...Тэгтэл найз охин Уянга нь залгаад “...ээжээ Билгээ өнгөрсөн байна. ...” гэж хэлсэн. ...” /1хх 46-47/,
гэрч Б.З /амь хохирогчийн төрсөн эгч/: “...У надад хандаж “...Б өнгөрсөн байна. ..та энэ дугаар луу залгаад асуудаа энэ Ө-ын /шүүгдэгч/ эгч. ..” гэж хэлээд утсаа тасалсан. ...Тэгээд би Ө-ын /шүүгдэгч/ эгч гэх хүн рүү залгаад асуухад “...Э найзтайгаа муудалцаад найз нь Э-ийг хутгалчихлаа. ...тэгээд өнгөрчихлөө. ...” гэж хэлсэн. ...” /1хх 49-50/,
гэрч Б.М /шүүгдэгчийн төрсөн эгч/: “...Гэр лүүгээ ирж явахад манай гудамжны үзүүрт цагаан өнгийн хувцастай хэрэгтэй хүн хэвтэж байсан. ...Тэгээд гэртээ очиход гэрээс Б.Ө гарч ирсэн. ...Ө нь духаа алчуураар дарсан, тэр хавиас нь цус гарчихсан байсан. ...Тэгээд Б.Ө “...түргэн, цагдаа дууд би Б-г /амь хохирогч Э/ хутгалчихсан. ...Намайг Б /амь хохирогч Э/ цохиод толгой хагалчихлаа. ...би Б-ийг хутгалсан. ...” гэж хэлээд байсан. ...” /1хх 61-63/,
гэрч Э.Э /шүүгдэгчийн төрсөн эгч Б.М-ийн нөхөр/: “...Ө 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гэртээ маш сандарсан орж ирсэн. ...Орж ирэхдээ дух нь хагарсан нүүр нь цус болчихсон байсан ба түүнийгээ “....шилээр хүнд цохиулчихлаа. ...” гэж хэлсэн. ...Тэгээд би алчуур авч өгөөд цусыг нь даруулсан. ...Намайг алчуур авч өгөх үед Б.Ө-ын савхины баруун талын халаасанд нь бор өнгийн модон иштэй хутга байхаар нь айгаад хутгыг нь өөрт нь мэдэгдэлгүй гэрээс гарч поошик руу шидчихсэн. ...” /1хх 65-66/,
насанд хүрээгүй гэрч Г.Б: “...Өрөөнийхөө цонхоор харж байхад гудамжинд 2 хүн байсан ба нэг нь хашаа налаад газарт уначихсан нэг гараараа газарт тулаад хэвтчихсэн, нөгөө хүн нь алхаад яваад өгсөн. ...Цаашаа явсан хүн нь хар өнгийн савхин куртиктэй байсан. ...” /1хх 68-69/,
гэрч П.Д: “...манай эхнэр Д “...Ө толгойгоо хагалуулчхаж эгч М руу хэлье. ...” гээд утсаа аваад гарсан. ...Тэгээд түргэн цагдаа ирсэн. ...М, Т, Д нараас юу болсон талаар асуухад “...Ө-той хамт архи уусан хүн нь хутгалуулаад өнгөрсөн байна. ...” гэж хэлсэн ...Тэгээд би 10-20 минутын дараа хогоо хаях гээд поошкинд хийх үед бор өнгийн иштэй цус мэт зүйлээр бохирлогдсон хутга байсан. ...” /1хх 73-74/,
гэрч Б.Э: “...06 цагийн үед Б.Ө нь манай гэрийн хашаагаар багийн найз талийгаач Б.Э-ийн хамт орж ирсэн. ...Тэгээд хоорондоо юм ярьж сууж байгаад Б.Ө талийгаач Б.Э-тэй хамт явлаа гэж хэлээд манай гэрээс гараад явсан. ...Намайг унтаж байхад нэг хүн сэрээгээд манай гэрийн гадаа гарахад амбаарны орчим цус болчихсон байхаар нь гадаа гартал Б.Ө-той хамт манай гэрээс гарсан Б.Э нь нас барсан байдалтай хэвтэж байсан. ...Тэгээд цагдаа нар талийгаач Б.Э хутгалуулсан юм шиг байна гэхээр нь манай гэрт 2 модон иштэй хутга, 1 ширхэг цэнхэр бариултай заазуур, 1 ширхэг маслоны хутга байдгийг хэлсэн. ...Тэгэхээр нь гэртээ байдаг хутга хийдэг шургуулгаа онгойлгоход 2 модон иштэй хутганы иртэй хутга нь алга болсон байсан. ...Манай гэрт байхдаа хоорондоо Б.Ө, Б.Э нар нь маргалдсан зүйл байхгүй. ...” /1хх 77-79/,
гэрч Ц.Б: “...Намайг хамт байхад Б.Ө дагуулж ирсэн залуутайгаа /амь хохирогч/ намайг харж байхад маргалдсан зүйл байхгүй. ...” /1хх 82-84/,
гэрч Б.Б: “...Нар мандаж байсан Ө /шүүгдэгч/, Б /амь хохирогч/ 2 халамцуу Т /гэрч Б.Э-ийн, эдний гэрээс хутгыг авч хутгалсан/ эгчийн гэрт 04-05 цагийн үед ирсэн байх. ...” /1хх 92-95/,
шүүгдэгч Б.Ө яллагдагчаар: “...Тэгээд би талийгаач Б.Э-тэй пиво уугаад сууж байтал “....гадаадад хулгай хийж байгаад ирсэн, хар тамхи ингэж татдаг байсан. ...” гэх мэт зүйл яриад байхаар нь би Э-т хандаж “...чи бид хоёр юугаа чадах вэ дээ. ...” гэсэн чинь миний толгой руу нэг хатуу зүйлээр цохиход оч манарах шиг болсон. ...Тэгээд нэг мэдэхэд гэртээ нүүрээ угаагаад зогсож байсан. ...Тэгээд гэрээс гарахад Д болон хүргэн ах Э нар надад хандаж “...доор түргэн ирчихсэн, бөөн юм болоод байна. ...” гэхээр нь доошоо очиход түргэн ирсэн. ...цуг архи уусан хүн чинь өнгөрчихсөн байна. ..” гэж хэлсэн. ...Э /амь хохирогч/ бид 2 Э эгчийн гадаа хамгийн сүүлд хоёулхнаа үлдээд юм яриад сууж байгаад миний толгой руу хатуу зүйлээр цохихоор нь би зөрүүлээд түүнийг хутгалсан гэж бодож байна. ...Гэм буруутай зүйл хийсэн гэж бодож байна. ...” /1хх 138-141/,
шинжээч эмч Э.Хүрэлсүх: “...Тухайн гэмтэл нь амь насанд шууд үхэлд хүргэх гэмтэл тул эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй. ...” гэх мэдүүлгүүд /4хх 11/,
цогцост хийсэн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн шинжээч эмчийн: Амь хохирогч Б.Э-ийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр цээж, баруун өвдөгт хатгагдаж зүсэгдсэн шарх, чамархай, хацар, шанаа, зүүн чих, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Архаг хууч өвчин тогтоогдоогүй. Амь хохирогч Б.Э нь өвчүүний зүүн дунд доод талаар цээжний хөндийд нэвтэрч, үнхэлцэг хальс, зүрхний зүүн ховдлын өмнөд ханыг гэмтээн зүрхний зүүн ховдлын ар хананд төгссөн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас нас баржээ. ...” гэх дүгнэлт /2хх 25-29/,
сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоосон шинжээчийн эмчийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1213 дугаартай : Г.Н нь сэтгэцэд тухайн гэмт хэргийг улмаас уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч байна. ...Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна. ..” гэх дүгнэлт /2хх 43-45/
шүүгдэгч Б.Ө-ын сэтгэц эмгэг судлалын дүгнэлт: “...Б.Ө нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ..Үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ...Хэрэг хариуцах чадвартай байна. ...” гэх дүгнэлт /2хх 54-55/,
шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд /шүүгдэгч Б.Ө-ын хэрэг гарсан өдөр өмсөж байсан хувцас/ гэмтэлгүй байна гэх шинжээчийн дүгнэлт /2хх 105-106/,
хутга, шүүгдэгч болон хохирогчийн хувцсанд илэрсэн цусанд хийсэн шинжээчийн дүгнэлт /2хх 112-119/ зэрэг баримтуудаар,
1.2 мөн шүүгдэгч Б.Ө нь Б.О, Б.Б нартай бүлэглэн /энэ хэргээс тусгаарлагдсан/ 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр иргэн О.С-ын эзэмшлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Эмийн ургамлын 8-52 тоот зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч 50 инчийн зурагт 1 ширхэг, гагнуурын аппарат 1 ширхэг, гагнуурын малгай 1 ширхэг, камерын хард төхөөрөмж 1 ширхэг, тасдагч 1 ширхэг, интернэт төхөөрөмж 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлан бусдад 1,040,940 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 152-158/,
хохирогч Б.С: “...Зуслангийн байшингийн хөрш Туул залгаад “..танай гэрийн хаалга онгорхой, цонх хагархай байна. ...” гэж хэлсэн. ...Намайг зуслан дээрээ ирэхэд урд цонх, хойд цонх хагархай байсан. ...Манай гэрээс 50 инчийн зурагт, гагнуурын аппарат, интернэт төхөөрөмж, камерын хард диск, мөн тогны утас алга болсон байсан. ...” /2хх 163-164/,
хулгайлагдсан эд зүйлд хийсэн шинжээчийн дүгнэлт, үнэлгээ: “..Нийт хулгайд алдагдсан үнийн дүн 1,040,940 төгрөг /2хх 171-172/,
хулгайлах гэмт хэргийг үйлдэж байхад гар утасны бичлэг хийсэн гэрч М.Ж-ийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 192-203/,
гэрч Ц.Ж: “...Би 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 16 дугаар хорооллын ойр орчимд манай танил дүү Б.Ө 2 найзтайгаа хамт явж байсан. ... Ө над дээр ирээд “...ахаа дүүтэйгээ нэг газар луу очоод юм аваад өгөөч. ...дүү нь бензиний мөнгө өгье” гэж хэлэхээр нь би “...хаашаа явах юм. ...” гэтэл Ө “...БЗД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр болох Хонхор луу. ...” гэж хэлсэн. ...Би зөвшөөрөөд тэр 3-ыг суулгаад “Хонхор” явсан. ...Явж байх замдаа “Хонхор” орохоос наагуур эмийн ургамал гэдэг гудамжаар эргээд ороод явж байтал намайг “...та энд хүлээж бай, гурван дүү нь буугаад айлаас юм авчхаад ирье. ...” гэж хэлээд тэр 3 буусан. ...Тэгээд 10-20 минутын дараа миний машины тээш онгойлгоод юмаа хийчхээд суусан. ...” гэх мэдүүлэг /3хх 21/,
шүүгдэгч Б.Ө: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. ...” гэх мэдүүлэг /5хх 08, шүүх хуралдааны тэмдэглэл 3 дахь хуудас/ болон болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
2. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
3. Прокуророос шүүгдэгч Б.Ө-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянасны үндсэн дээр гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, гэм буруугийн хэлбэрийн талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Ө-ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг үндэслэлтэй тайлбарлан зүйлчилсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.
4. Шүүгдэгч Б.Ө-ын өмгөөлөгч Ж.Баяржавхлан: “...Б.Ө-ын эрүүл мэндэд амь хохирогч Г.Э нь гэмтэл учруулсны улмаас санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсаны улмаас амь хохирогчийн биед хоёр удаагийн үйлдлээр хутгалж амь насыг хохироосон. ...” гэж хэргийн зүйлчлэлийн талаар маргасан гомдол гаргажээ.
Хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудыг харьцуулан судлахад шүүгдэгч Б.Ө нь “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж” амь хохирогчийг алсан нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн шинж, шалгуур шаардлагыг хангахгүй байна.
Тодруулбал, өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсан объектив болон субъектив шинжийн нэгдэл хангагдсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд зааснаар зүйлчилдэг.
Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах хүнийг алах гэмт хэрэг нь хохирогчийн зүгээс гэмт этгээд, түүний ойр дотны хүмүүсийн эсрэг хүч хэрэглэхээр чиглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр хүнд, алдар хүндийг нь гутаан доромжилсон, эрх, эрх чөлөөг нь хязгаарлах, хориглох, аашлах, гүтгэх, эрхшээл дарамтад оруулсан зэрэг хууль бус үйлдлийн улмаас гэмт этгээд гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдан өөрийн ухамсарт үйл ажиллагааг удирдан жолоодох, өөрийгөө хянах чадваргүй байдалд орсон үедээ хохирогчийг алсан шинж бүхий гэмт үйлдлээр илэрдэг материаллаг бүрэлдэхүүнтэй хэрэг юм.
Цочрон давчдах шууд шалтгаан нь хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл бөгөөд уг үйлдэл нь гэмт этгээдийн тэсэхийн аргагүй нөхцөл байдалд хүргэж, улмаар өөрийгөө хянах, үйл ажиллагаагаа зөв удирдан жолоодох чадваргүй байдалд оруулдаг онцлогтой.
Аливаа этгээдийн санаа сэтгэл цочрон давчидсан үед бусдыг алах санаа гэнэт, хоромхон зуур төрдөг бол “хүнийг санаатай” алах гэмт хэргийн хувьд гэмт этгээдийн өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хүсэж үйлдсэн буюу уг хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн шууд болон шууд бус санаатай байдгаараа ялгаатай. [1]
Шүүгдэгч Б.Ө-ын хувьд амь хохирогчид хүндээр доромжлогдсон, бие махбод, сэтгэл санааны байж боломжгүй хүчирхийлэлд өртсөн гэх шалтаг шалтгаан, бусад нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтын хүрээнд нотлогдон тогтоогдохгүй бөгөөд анхан шатны шүүхийн гэм буруугийн талаар хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Мөн шүүгдэгч Б.Ө нь амь хохирогчийг “өөрийг нь цохисон” гэх үл ялих шалтгаан, таарамжгүй харилцаанаас үүдэн Б.Э-ийн гэрт орж, хутга хийдэг шургуулгаас модон иштэй хутгыг авч, амь хохирогчийн биед халдан довтолж, улмаар шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг учруулж, амь хохирогчийг санаатай алсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Түүнчлэн, шүүгдэгч нь амь хохирогч намайг “хатуу зүйл”-ээр цохисон гэж мэдүүлж ирсэн, түүний өмгөөлөгч энэ талаар гомдолдоо дурдсан хэдий ч амь хохирогч нь шүүгдэгчийг хатуу зүйлээр цохиж, гэмтээсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлд “..хатуу зүйл...” гэх хэрэгсэл, эд материал хураагдаагүй, тэмдэглэгдээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд, шүүгдэгч Б.Ө-ын өмгөөлөгч Ж.Баяржавхлангийн гаргасан “...Зүйлчлэлийг хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5. Түүнчлэн анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Ө-ыг “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Б.Ө нь дээрх гэмт хэргийг Б.О, Б.Б нартай бүлэглэн /энэ хэргээс тусгаарлагдсан/ үйлдсэн байх бөгөөд түүний энэхүү үйлдэл холбогдлыг Б.О, Б.Б нартай бүлэглэн үйлдсэн үйлдлээс тусгаарлан, “Хүнийг алах” гэмт хэрэгт нь хамтатган нэгтгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, бусад холбогдогч нарын хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй юм.
Мөн хохирогч О.С2т учирсан 1,040,940 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.Ө, Б.Б, Б.От нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар зааж /1,040,940/3=346,980/, шүүгдэгч Б.Ө2ын хохирогчид төлсөн 300,000 төгрөгийг хасаж, үлдэх 46,980 төгрөгийг түүнээс гаргуулж, хохирогч О.С2т олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
6. Шүүгдэгчийн дээрх хууль бус үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жилийн хорих ял дээр, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 12 жилийн хугацаагаар тогтоож, эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон, эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгод нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
7. Шүүгдэгчийн хувьд 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан /1хх 103/, 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 1 сар цагдан хоригдсон /1хх 190-192/ 30 хоног,
2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл тасралтгүй цагдан хоригдсон /4хх 07-08, 103-107, 130-133, 175-177/ 132 хоног, нийт 164 хоног цагдан хоригдсон байхад анхан шатны шүүх 132 хоног гэж тооцсон нь буруу байх тул зөвтгөв.
Мөн шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүгч Г.Хатанцэцэг гэсэн атлаа тогтоох хэсэгт Д.Хатанцэцэг гэж, шүүх бүрэлдэхүүн өөрчлөн томилсон тухай захирамж дээр Г.Мөнх-Эрдэнэ гэсэн атлаа тогтоох хэсэгт Б.Мөнх-Эрдэнэ гэж зөрүүтэй бичсэн байхыг тэмдэглэж байна.
Иймд, магадлалын тодорхойлох хэсэгт 4 гэж дугаарлагдсан үндэслэлийн хүрээнд шүүгдэгч Б.Ө2ын өмгөөлөгч Ж.Баяржавхлангийн “...зүйлчлэлийг хөнгөрүүлэх. ...” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, 7 гэж дугаарласан үндэслэлийн хүрээнд шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Б.Ө-ын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 90 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2026/ШЦТ/36 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
5 дахь заалтын: “...цагдан хоригдсон 132 хоногийг. ...” гэснийг “...цагдан хоригдсон 164 хоногийг. ...” гэж өөрчилж, тус заалтын бусад хэсэг, шийтгэх тогтоолын бусад заалт хэсгийг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ө-ын өмгөөлөгч Ж.Баяржавхлангийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-ын цагдан хоригдсон 90 /ер/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
[1] УДШ-ийн 2020.05.11-ний №225 тогтоол