Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 134

 

                                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дөлгөөнөөр хөтлүүлж,

            Улсын яллагч: Н.Цогтбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Насанжаргал

Шүүгдэгч: Г.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овгийн Г-ын А-т холбогдох эрүүгийн 1812000620078 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б-н овгийн Г-ын А /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Г.А нь 2017 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  “Баян гол” үйлчилгээний төвийн гадна иргэн Н.Мгийн зүүн нүдэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Мөрдөн байцаалтын үед:

 

Хохирогч Н.М-гийн өгсөн: ... 2017 оны 12 дугаар сарын 27-ны орой Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт баг Зовудын 1-4 тоот хаягт байх гэртээ амарч байхад оройны 22:00 цагийн үед манай найз Болдоо гаднаас хөрөө асууж орж ирэхээр нь би гэрийн зургийнхаа жаазны араас 1 шил архи гаргаж хувааж уучихаад 24:00 цагийн үед Болдоог гаргаж өгөх гээд гэрээсээ гараад явж байтал манай гудамжны үзүүрт байх Баянгол үйлчилгээний төвийн үүдэнд хэсэг залуучууд маргалдаж байсан тэгээд Болдоо бид 2 хажуугаар нь өнгөртөл манай эхнэр Долгормаа араас ирээд намайг харъя гэхээр нь би эхнэртэйгээ хамт буцаад явж байтал Баянгол үйлчилгээний төвийн үүдэнд А гэх таньдаг дүү зогсож байхаар нь би тоглоод чи юундаа архи уугаад солиороод яваад байгаа юм гээд хормой руу нь зөөлөн өшиглөтөл намайг эргэж хараад цохичихсон би тэгээд газарт унасан чинь миний нүднээс цус гараад тогтохгүй байсан тэгээд манай эхнэр намайг сугадаад гэртээ харьсан. Маргааш өглөө нь бостол миний зүүн нүд юм харахгүй байхаар нь сумын эмнэлэгт үзүүлтэл аймгийн төв рүү эмчилгээнд яв гэхээр нь Архангай аймаг орж эмнэлэгт үзүүлтэл намайг та шууд хот руу явж эмчилгээ хийлгэх шаардлагатай гээд бичиг хийж өгөхөөр нь Улаанбаатар хот ороод 1 дүгээр эмнэлэгт үзүүлтэл намайг шууд хэв гээд би тэгээд эмнэлэгт хэвтэж байгаад саяхан Эрдэнэмандал сумын төвд ирсэн тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Б.А намайг өшиглөсөн гээд л цохисон байх. Намайг 1 удаа миний зүүн нүд рүү цохисон. Тэгээд миний нүднээс цус гоожоод би газарт унасан. Юугаар цохисныг нь харж амжаагүй. Гараараа л цохих шиг болсон... Би гомдолтой байна. Хотруу явсан эмчилгээнийхээ зардал мөнгийг төлүүлмээр байна...гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 дугаар хуу/

 

Гэрч Р.Д-ийн өгсөн: ... Би 2017 оны 12 дугаар сарын 27-ны орой 24:00 цагийн үед манай нөхөр Н.М Болдоо гэх найзыгаа гаргаж өгчихөөд ирье гээд гарч яваад орж ирэхгүй байхаар нь араас нь гартал Баянгол гэх үйлчилгээний төвийн үүдэн дээр Болдоотой зогсож байсан. Цаана нь 2, 3 залуучууд хоорондоо маргалдаад байсан. Тэгэхлээр нь би Н.М харья гээд хөтлөөд явж байтал хашааны буланд А гэх залуу зогсож байтал манай нөхөр чи энд юугаа хийгээд архи уугаад явж байгаа юм гээд араас нь зөөлхөн өшиглөтөл А эргэж хараад яаж байгаа пиздаа чинь гээд баруун гараараа нэг удаа цохитол манай нөхөр Н.М газарт унаад нүднээс нь цус гараад явчихсан. Би тэгээд цус нь тогтохгүй байхаар нь 00 цаас нүдэн дээр нь тавиад гэрлүүгээ хөтөлж харьсан. Тэгээд маргааш өглөө нь эмнэлэгт үзүүлээд аймаг авч яваад дараа нь хот руу авч явсан. Тухайн үед харанхуй шөнө байсан болохоор гартаа юм барьсан эсэх нь сайн харагдаагүй. Баруун гараараа нэг удаа хүчтэй манай нөхрийн зүүн нүдэн тус газар цохисон. Манай нөхөр нэг удаа л араас нь хормойруу нь зөөлхөн өшиглөсөн. Манай нөхөр найз Б 1 шил архи хувааж уучихсан жаахан халамцуу байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 дугаар хуу/

 

Гэрч Б.Б-ын өгсөн: ... 2017 оны 12 дугаар сарын 27-ны орой 22:00 цагийн үед өөрийн найз Н.Мгийн гэрт очсон чинь Н.М нэг шил архи гаргаж ирээд хувааж ууцгаасан. Ууж дууссаны дараа 23:40 цагийн үед би явах гээд гарсан чинь Н.М намайг нохойноос гаргаж өгч байгаа гэж хамт гараад бид 2 юм ярьж явсаар байгаад Баянгол үйлчилгээний төвийн үүдэнд ирсэн чинь Н.Мгийн эхнэр Долгормаа араас гарч ирээд Н.Мг аваад цаашаа явсан би жаахан алхаж байгаад эргээд хартал Н.М газарт унасан би буцаад гүйгээд очсон чинь А гэх залуу дэргэд нь зогсож байсан би Аыг чи яаж байгаа юм зүгээр явж байгаа хүнийг цохиод гэсэн чинь юм яриагүй тэгж байтал Д Н.Мг аваад гэрлүүгээ явсан би ч тэгээд гэртээ харьсан. Маргааш өдөр нь Н.М манайд ирээд миний нүд шөнөжин өвдөж хонолоо, нүднээс их цус гарсан, нүд юм харахгүй болчих шиг боллоо гэхээр нь би явж эмнэлэгт үзүүлэхгүй бол болохгүй гээд эмнэлэг рүү явуулсан. Н.М тухайн үед саваад унаж байсан Н.Мг А гэх залуу цохичихлоо гэж бодсон. Би цохихыг нь хараагүй. Маргааш өдөр нь Н.М ярихдаа А цохиод унагасан гэсэн. Ямар ч байсан А гэх залуу байсан. Хамт 3,4 танихгүй залуучууд байсан. Харанхуй байсан болохоор би сайн таниагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуу/

 

Гэрч Ш.А-ын өгсөн: ... Н.М гэх хүнийг нутгийн ах л гэж танина. Нэг их дотно харьцаж байгаагүй. Харин Г.Атай 10 жилд байхдаа нэг ангид сурч байсан. Манай Г.А ер нь төлөв томоотой, даруухан зан ааштай, хааяа жаахан шазруун зантай, архи хааяа уучихдаг, хүнд гэм хоргүй залуу байгаа юм. Тухайн үед ямар учраас Н.М гэдэг хүнийг цохих болсноо надад яриагүй бөгөөд дараа нь намайг цохихоор нь би зөрүүлээд 1 удаа цохичихсон юм гэж ярьж байсан. Уг нь Н.М ах гээд яваад байдаг хоорондоо их сайн харьцаатай хүмүүс байсан ш дээ яагаад маргалдсан юм байгаа мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 11 хуу/

 

Гэрч С.Ц-ын өгсөн: ... Н.М гэх хүнийг зүс л мэднэ. Нэг их дотно харьцаж байгаагүй. Харин Г.Аыг хальт танина. Аав нь Ганболд гээд ах байдаг. Г.А нь аавтайгаа хоёулаа байдаг томоотой л залуу шиг санагдсан. Хүнд их тусархууу залуу байна лээ. Г.А Н.М-ыг цохисон талаар хүнээс л дам сонссон болохоор нарийн сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 12 хуу/

 

Гэрч С.С-ын өгсөн: ... 2017 оны 12 дугаар сарын 27, билүү 28-ны орой урд П гэх найзындаа очиж архи уучихаад ганцаараа харих гээд Баянгол хүнсний дэлгүүрийн үүдэнд явж байтал Г.А, Д.Б 2 халамцуу тааралдсан бөгөөд би Д.Б-тэй юм ярьж байгаад хоорондоо маргалдаж заамдалцаад зогсож байтал Н.М нэг хүнтэй явж байсан бөгөөд нэг Г.Аын араас Н.М ах нэг удаа өшиглөсөн бөгөөд Г.А эргэж хараад зөрүүлээд нэг удаа цохичих шиг болсон би тэгээд ганцаараа цаашаа гэрлүүгээ явсан. Тэрнээс хойш юу болсныг нь мэдэхгүй байна. Н.Мг Г.А нэг удаа гараараа нүүрэн тус газар нь цохисон. Би очиж харалгүй шууд гэрлүүгээ харьсан. Г.А тухайн үед жаахан халамцуу байсан. Н.М Г.Аыг зүгээр зогсож байхад нь араас нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Өөр цохиж байхыг нь хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 13 хуу/

 

Гэрч Б.Э-ийн өгсөн: ... Г.А архи уудаггүй, машин тэрэг засдаг, хүнд тусархуу хүн шиг санагддаг. Ар гэрийн амьдрал нь доогуур түвшинд ордог аавтайгаа амьдардаг. Манай багийн олон нийтийн ажилд идэвхитэй оролцдог, зөрчил дутагдал гаргаж байгаагүй иргэн. Г.А архи уусан үедээ хүнтэй муудалцаж зодолдож байсан асуудал гаргаж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14 хуу/

 

Гэрч Ш.А-ын өгсөн: ... Г.А бид хоёр 10 жилийн нэг ангийн найзууд байгаа юм. Г.А цайлган цагаан гэж боддог хүнтэй муудалцаж зөрчил гаргаж байгаагүй. Ар гэртээ халамжтай аавтайгаа амьдардаг. Хааяа архи уудаг. 10 жилдээ томоотой хүүхэд байсан. Г.А архи уусан үедээ хүнтэй муудалцаж зодолдож байсан асуудал гаргаж байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 15 хуу/

 

Гэрч Н.М-ын өгсөн: ... 2017 оны сүүлээр хэдэн сарын хэдэн байсныг сайн санахгүй байна. Би 23 цагийн үед хашаан дотроо түлээ оруулаад явж байтал хашааны гадна Н.М цус тогтоох юм байна уу гэж ёолж байсан. Би гараад очтол нүднээс нь цус гоожчихсон сууж байсан. Н.М түүний эхнэр Д, Г.А нар байсан. Би Г.А дээр очоод чи яаж байгаа юм бэ гэж асуухад юм дуугарахгүй яваад өгсөн. Тэгээд Н.М Д нар гэрлүүгээ яваад өгсөн... гэх мэдүүлэг. /хх-ийн 16 хуу/

 

Гэрч Т.Б-ийн өгсөн: ... Г.А бид хоёр 10 жилийн нэг ангийн найзууд. Г.А жаахан хэнэггүй талдаа, хүмүүстэй илүү дутуу зан байдаггүй тусч, даруухан зантай, хааяа архи уудаг, агсам зан байхгүй цайлган хүн шиг санагддаг. Г.А архи уусан үедээ хүнтэй муудалцаж зодолдож байсан асуудал гаргаж байгаагүй.  Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 17 хуу/

 

Г.Аын яллагдагчаар мэдүүлсэн: ... 2017 оны 12 дугаар сарын 27-ний орой 24 цагийн үед Д.Б гэх таньдаг ахтайгаа Архангай аймгийн Эрдэнэмандал сум Өлзийт баг Баянгол дэлгүүрийн үүдэнд жаахан пиво уучихсан явж байтал С.С-ай тааралдсан бөгөөд Д.Б С.С 2 хоорондоо жаахан маргалдсан бөгөөд тэр хооронд нь би жаахан урагшаа яваад айлын хашаа руу шээгээд зогсож байтал нэг хүн араас хөлөөрөө өшиглөхөөр нь эргэж хараад нүүрэн тус газар нь баруун гараараа 1 удаа хүчтэй цохитол нөгөө хүн арагшаа ойччихсон бөгөөд очоод хартал Н.М ах байсан, босож ирээд намайг яаж байгаа юм гээд 2-3 удаа шилэн хүзүү рүү цохисон. Тэгтэл Баянгол дэлгүүрээс Н.М ахын төрсөн дүү Б гэдэг хүн гарч ирээд чи манай ахыг яаж байгаа юм гээд нуруун тус газар нь 2-3 удаа цохисон. Тэгээд С.С, Д.Б 2 намайг аваад харьсан. Тухайн үед намайг араас өшиглөхөөр нь л хэн гэдгийг нь танилгүй шууд цохичихсон. Би нүүрэн тус газар нь баруун гараа атгаж байгаад ганцхан удаа цохисон. Өөр цохиж зодсон асуудал байхгүй. Би тухайн үед Д.Б ахтайгаа 2.5 литрийн 1 том пиво хувааж уусан байсан. Н.М анх намайг хөл рүү нэг удаа өшиглөсөн... Тухайн үед Болд ах, Д эгч, С.С, Д.Б нар байсан...гэх мэдүүлэг. /хх-ийн 40-41 хуу/

 

Хохирогч Н.М-ийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 72 дугаар дүгнэлт:

1. Иргэн Н.Мгийн биед зүүн нүдний эвэрлэгийн няцарсан шарх, торлог хууралт, зүүн нүдний хүнд зэргийн доргилт гэмтлүүд учирчээ.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 7.31.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүнд гэмтэлд хамаарна.

4. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65 хувь тогтонги байдлаар алдагдуулна.

5. Цаашид эмчилгээний үр дүн гарахгүй бол хараа сэргэхгүй байж болно...гэх дүгнэлт /хх-ийн 19 хуу/

 

Эд зүйл, баримт, бичгийг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 29 хуу/ 

Хохирогч Н.Мгийн эмчилгээ хийлгэсэн тухай баримтуудын хуулбар /хх-ийн 23-34 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 45-46 хуу/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43 хуу/ 

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 50-51 хуу/зэрэг нотлох баримтууд болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон  хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Ат холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.А нь 2017 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  “Баян гол” үйлчилгээний төвийн гадна иргэн Н.Мтой маргалдан зүүн нүдэн тус газар нь гараараа цохиж, зүүн нүдний эвэрлэгийн няцарсан шарх, торлог хууралт, зүүн нүдний хүнд зэргийн доргилт гэмтэл учруулж, зүүн нүдийг бүрэн хараагүй болгосон нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Г.А нь хохирогчийн зүүн нүдэн тус газар нь гараараа цохисон үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хувьд маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Н.М, гэрч Р.Долгормаа, Б.Болд, С.С, Н.Мөнхбаяр нарын мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 72 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед: “хохирогч Н.Мг үзсэн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн үзлэгт зөвлөх эмчийн үзлэгийн дараа хөдөлмөрийн чадварт алдалт тогтоолгох, мэдрэлийн эмчийн үзлэгт КТГ-т тархины эдэд  хурц цус хуралт болон эзэлхүүнт өөрчлөлтгүй гэсэн байх ба хөдөлмөрийн чадвар алдалтыг нарийн мэргэжлийн эмч тогтоогоогүй байхад шинжээч дүгнэлт гаргасан нь  эргэлзээтэй, хохирогч нь миний нүд сайжирч хараа орох магадлалтай байгаа гэсэн нь шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий  болсон байх тул шинжээч томилж дахин дүгнэлт гаргуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан.

 

Хохирогч Н.Мгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 72 дугаар дүгнэлтэнд хохирогч Н.Мгийн биед учирсан гэмтлийг “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 7.31.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүнд гэмтэлд хамаарна, ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65 хувь тогтонги байдлаар алдагдуулна гэжээ. 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батласан Гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 7.31.1-д нэг нүд бүрэн хараагүй болох нь хөдөлмөрийн чадварыг 65 хувь алдагдуулна гэж, уг журмын 2.2.4-д ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр /35-100 хувь/ тогтонги алдагдсан бол хүнд гэмтэлд хамаарахаар тус тус заажээ. 

Дээрх байдлаас үзэхэд хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэх үндэслэлгүй байх ба хохирогч нь зүүн нүдний эвэрлэгийн няцарсан шарх, торлог хууралт, зүүн нүдний хүнд зэргийн доргилт гэмтлийн улмаас нэг нүд бүрэн хараагүй болж хөдөлмөрийн чадвараа 65 хувь алдсан байх бөгөөд өмгөөлөгчийн хүсэлтэнд дурдагдсан “КТГ-т тархины эдэд  хурц цус хуралт болон эзэлхүүнт өөрчлөлтгүй” гэх нөхцөл байдал нь тухайн гэмтэлд хамааралгүй байна гэж үзлээ.

Мөн хохирогчийн нүдний хараа сэргэсэн талаар холбогдох нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд эмчилгээний үр дүнд хараа сэргэх тухай асуудал буюу аливаа гэмтэл нь эмчилгээний үр дүнд эдгэх нь шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “ хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй, шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тул нэмэлт шинжилгээ хийлгэх” тухай хүсэлтийг хангах үндэслэлгүй байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Г.А нь хохирогч Н.Мгийн зүүн нүдэн тус газар нь гараараа цохисон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Аймгийн прокурорын газраас Г.Аын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

 

Г.А нь урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

 

Хохирогч Н.М нь хавтаст хэргийн материалтай танилцах үедээ шүүгдэгч Г.Ааас нэхэмжлэх зүйлгүй, хохирлоо барагдуулж авсан, гомдолгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Г.Аыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь  заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,  гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч  шүүгдэгчид торгох ял оногдуулах талаар дүгнэлт гаргасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Н.Мгийн нэг нүд бүрэн хараагүй болсон тул  гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанарыг харгалзан шүүгдэгчид хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон   

                                           

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Г-ын Аыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Г.А-т  оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Г.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

6. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ОДХҮҮ