Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2022/01164

 

 

 

Г.Ш-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2022/00590 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Ш-гийн хариуцагч Ш.С-д холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 9,405,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Г.Ш- нь 2021 оны 02 дугаар сард вайслинг фэйсбүүк хуудсаас мэдээлэл авч 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр фэйсбүүк группт нэгдэн орсон. 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Д.У-тай тохиролцо ж, Ш.Сэлэнгийн Хаан банк-ны дансанд 9,405,000 төгрөгийг нэг удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн байдаг. Гэтэл сайт ажиллахаа больсон учраас өгсөн мөнгөө Ш.С-эс авахаар нэхэмжлэл гаргасан. Ш.С- болон Г.Ш- нарын хооронд үүргийн харилцаа үүсээгүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу Ш.С- үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг нь гэрчийн мэдүүлэг, талуудын тайлбараар нотлогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Ш.С- нь Д.У-тай тохиролцон Wiseling.com сайтад нэгдэж мөнгө олох зорилгоор хувиасаа 105,000,000 төгрөгийг өгсөн байдаг. Хүүний ашиг авч байгаад 25,200,000 төгрөг авах үлдэгдэлтэй байсан. Хэргийн материалд авагдсан баримтаар Г.Ш- нь Ш.Сэлэнгийн данс руу 9,405,000 төгрөгийг шилжүүлсэн нь Д.У-ын Ш.С-д өгөх өр юм. Ш.С- болон Г.Ш- нарын хооронд үүрэг үүсээгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ Ш.С- авах ёсгүй мөнгийг авсан зүйл биш. Г.Ш-гийн шилжүүлсэн 9,405,000 төгрөг орсноор Д.У-аас Ш.С-д өгөх ёстой байсан 25,000,000 төгрөг нь хэтэрсэн учраас Ш.С- буцаагаад 3,700,000 гаруй төгрөгийг Д.У-т шилжүүлсэн. Тиймээс нэхэмжлэгч нь хариуцагчийг буруу тодорхойлсон байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу Ш.С- хариуцагч биш байна. Эрүүгийн хэрэгт талууд болон гэрч бүгд хохирогч учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.С-эс 9,405,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Ш-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 165,430 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөн дараах гомдлыг гаргаж байна.

4.а.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэргийн үйл баримт хангалтай тодорхой болоогүй байхад буюу шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Д.У- гэх хүний оролцоог тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэснээр хэрэг шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Тодруулбал, хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан эхлэхийн өмнө нэхэмжлэгч нь гэрчээр оролцох гэж буй Д.У- гэх хүний цагдаагийн байгууллагад өгсөн хэрэгт дурдагдаж буй вайслинг гэх сайт болон Г.Ш-, Ш.С- нартай ямар холбоотой болох тухай мэдүүлгүүдийг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангалгүй орхин хэргийг шийдвэрлэсэн. Гэрч болох Д.У- нь хариуцагч Ш.С-д вайслинг гэх сайтын тухай хэлж мөнгийг нь авч өөрийн дансаар арилжаа хийн тодорхой ашиг өгөхөөр тохиролцсон бөгөөд Ш.С-эс авсан мөнгөний хүү хэмээн хэд хэдэн удаа мөнгө шилжүүлсэн. Гэвч яваандаа анх өгсөн мөнгөний үндсэн дүнгээ л зөвхөн нөхөж өгөх боломжтой хэмээн хэлж, Г.Ш-гээр уг мөнгөнийхөө тодорхой хувийг буюу Ш.С-д өгөх ёстой 105,000,000 төгрөгөөс 9,405,000 төгрөгийг шилжүүлүүлсэн байдаг. Энэ тухайгаа Д.У- нь Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах тасгийн залилах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст мэдүүлэг өгөхдөө дурдсан боловч уг хэрэгт гэрчээр оролцон мэдүүлэг өгөхдөө Ш.С- нь хүнд мөнгө өгөх үүрэггүй байсан мэтээр худал мэдүүлэг өгсөн. Үүнээс сэрэмжлэх зорилгоор шүүх хуралдаан эхлэхийн өмнө дээрх мэдүүлгийг нолох баримтаар гаргуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангалгүй орхиж зөвхөн гэрч Д.У-ын цагдаагийн газарт өгснөөсөө зөрүүтэй буюу худал мэдүүлэгт үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн.

4.б.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хучин төгөлдөр бус болсон гэх зохицуулалт нь тухайн хоёр этгээдийн хооронд шууд болон гуравдагч этгээдээр дамжуулан дам байдлаар огт мөнгө шилжүүлэх, хүлээн авах тохиролцоо байхгүй, андуурч шилжүүлсэн, эсхүл тухайн тохироо нь дуусгавар болох, хүчин төгөлдөр бус байхад хамаарна. Гэвч уг хэргийн хувьд Ш.С- нь хэн нэгнээс мөнгө хүлээн авах эрхгүй байсан бус өөрийн авах ёстой мөнгийг Д.У-аас авах гэтэл Д.У- нь өөр хүнээр Ш.Сэлэнгийн данс руу шилжүүлүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл уг харилцаанаас ашиг олж буй /хөрөнгөжих буюу бусдад төлөх төлбөрөөс чөлөөлөгдөж буй/ этгээд нь Д.У- юм. Ийм байтал Ш.Сэлэнгийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж буй нь үндэслэлгүй. Үүнийг нотлох зорилгоор Д.У-ын дээрх нөхцөл байдлыг мэдүүлсэн мэдүүлгийг ЦЕГ-аас гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх Д.У-ын шүүх хуралдаанд өөр эх сурвалжаар нотлогдоогүй, нэг талыг барьсан худал мэдүүлгийг үндэслэн шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.7-т хамаарна. Иймд хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.Нэхэмжлэгч Г.Ш- нь хариуцагч Ш.С-д холбогдуулан 9,405,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Миний бие 2021 оны 02 сард мөнгөө өсгөх зорилгоор вайслинг фэйсбүүк групп-д нэгдэж, хариуцагч Ш.Сэлэнгийн Хаан банк-ны дансанд 9,405,000 төгрөг шилжүүлсэн, гэвч тус фэйсбүүк групп хаагдаж, би мөнгөө буцаан аваагүй гэсэн бол хариуцагч эс зөвшөөрч би Д.У-тай хамтран www.wiselling.com сайтад нэгдсэн, нэхэмжлэгч Г.Ш- нь Д.У-ын даалгаснаар надад 9,405,000 төгрөг шилжүүлсэн буюу Д.У-ын надад өгөх өрөнд тус мөнгийг өгсөн гэх үндэслэл заан нэхэмжлэлээс татгалзжээ. /хх-ийн 20-22-р тал/

 

3.Нэхэмжлэгч Г.Ш- нь хариуцагч Ш.С-д 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 9,405,000 төгрөг шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, Хаан банк-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 15-р тал/

3.а.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хариуцагч талын хүсэлтээр Д.У-аас гэрчийн мэдүүлэг авахад интернэтээр арилжаа хийж ашиг олдог вайслинг сайттай холбоотой эрүүгийн хэрэгт миний бие хохирогчоор тогтоогдсон, миний хувьд нэхэмжлэгч Г.Ш-г танихгүй, мөн хариуцагч Ш.С-д өр төлбөр байхгүй гэсэн агуулгатай мэдүүлэг өгсөн буюу хариуцагчийн татгалзлын үндэслэлийг няцааж мэдүүлжээ. /хх-ийн 29, 35-38, 139-р тал/. Хууль сануулж авсан дээрх гэрчийн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт зааснаар нотолгооны хэрэгсэлд тооцох боломжтой.

 

3.б.Хариуцагч Ш.С- нь бусдаас шилжүүлсэн хөрөнгийг хууль болон гэрээний үндсэн дээр хүлээн авсан гэдгээ нотлох үүрэгтэй. Хэдийгээр нэхэмжлэгч Г.Ш- нь 9,405,000 төгрөгийг шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр зориулалтыг нь тэмдэглээгүй байх боловч энэ нь хүлээн авагчийн хувьд бусдаас авсан зүйлийг буцаан төлөхгүй байх үндэслэл болохгүй.

 

3.в.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө шаардах эрхтэй талаар зохицуулсан. Хариуцагч Ш.С- нь хууль болон гэрээний үндсэн дээр дээрх 9,405,000 төгрөгийг авсан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул энэ хэмжээгээр түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ. Иймд хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүй, гэрч Д.У-ын оролцоог тодруулаагүй гэх хариуцагчийн итгэжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

4.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хариуцагч Ш.С-эс 9,405,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Ш-д олгуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасанд нийцсэн, хариуцагч Ш.С- нь хохирсон гэж үзвэл буруутай этгээдэд холбогдуулан шаардлага гаргах эрхийг энэ шийдвэр хөндөөгүй болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2022/00590 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,430 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Г.ДАВААДОРЖ