Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 131

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дөлгөөнөөр хөтлүүлж

Улсын яллагч: Б.Мээпам 

Шүүгдэгч: Ц.Т нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн , Д овогт Ц Т-д холбогдох 1812001850123 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д овогт Ц Т /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Ц.Т нь 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нэкст” цахилгаан барааны дэлгүүр дотор байхдаа худалдагч П.Б-н эзэмшлийн Самсунг эс-5 маркийн гар утас, гэрний хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 305.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Мөрдөн байцаалтын үед:

 

Хохирогч П.Б-н өгсөн: ...Би 2018 оны 03-р сарын 28-ны өдөр Некст цахилгаан барааны дэлгүүр дээрээ ажиллаж байгаад хойд агуулах руугаа ороод гарч ирэх хооронд миний лангуун дээр байсан S-5 маркийн гар утас алдагдсан байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн юм. Би ажлынхаа газрын хяналтын камерыг шалгаж үзтэл 15:30 цагт гаднаас нэг эмэгтэй хүн орж ирээд миний гар утас тавьсан байсан лангуун дээр очоод авч байгаа дүрс бичигдсэн байсан. Тэр хүнийг би зүс таних юм байна лээ 4-р цэцэрлэгийн наана байх буузны цехэд ажилладаг эгч байсан. Би камерийн бичлэгт орсон эгчийг сэжиглэж байгаа миний утсыг авч байгаа нь харагдсан. Би гар утсаа шинээр нь худалдаж аваад 3 хонож байгаа 300.000 төгрөгөөр авсан. Энэ үнээр нь үнэлж байна. Миний алдсан гар утас Самсунг эс-5 маркийн бор хүрээтэй хар тагтай, гадуураа өнгөгүй хуванцар гэртэй утас байсан юм. Би гар утасныхаа гэрийг өөрийнхөө дэлгүүрээс  5000 төгрөгөөр худалдан авсан. Би утасныхаа гэрийг 5000 төгрөгөөр үнэлнэ. Би гар утсаа алдсан өдрөө Нэкст дэлгүүрийн захирал Сайнбилэгээр дэлгүүрийн камерыг шүүлгэж байгаад цагдаад мэдэгдэж байсан. Манай захирал хөдөөгүүр явж цахилгаан бараагаа зардаг юм. Одоо манай захирал хөдөө сумдаар явж байгаа юм. Би алдсан гар утсаа буцаагаад авчихсан. Надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14-17 хуу/

 

Гэрч А.С-н өгсөн: ...Манай дэлгүүрийн худалдагч Байгальмаа нь 2018 оны 03 дугаар сарын сүүлээр байх / сар өдрийг сайн санахгүй байна/ дэлгүүр дотроосоо гар утсаа алдчихлаа гэхээр нь камераа шүүж өгсөн юм. Манай дэлгүүрийн камерт тортой юм барьсан дунд эргэм насны эмэгтэй хүн орж ирээд эргэлдэж эргэлдэж байгаад худалдагчийг арын өрөөнд орсон хойгуур камерын доор байдаг тавиур дээрээс нэг юм аваад ийш тийшээ хүн харж байгаад өвөртөө хийгээд гараад явчихаж байгаа бичлэг бичигдсэн байсан. Би тэр эмэгтэйг манай худалдагчийн гар утсыг авсан байх гэж бодсон юм. Манай дэлгүүр 1 л камертай учраас яг юу авч байгаа нь бол харагдахгүй байсан. Манай худалдагч 2018 оны 03 дугаар сарын дундуур өөрийн ажилладаг буюу Нэкст цахилгаан барааны дэлгүүрээс 300.000 төгрөгийн үнэтэй Самсунг эс-5 маркийн гар утас худалдан авч байсан. Би тэр утсыг нь ямар өнгөтэй байсныг одоо санахгүй байна. Байгальмаагийн алдсан утас нь манай дэлгүүрээс авсан утас мөн байгаа юм. Өөрөө хэлэхдээ би дэлгүүрээсээ авсан утсаа хулгайд алдчихлаа гэж хэлж байсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/

 

Гэрч З.А-н өгсөн: ...Манай эхнэр эцэг эхээс дөрвөлүүлээ, ээж нь өнгөрчихсөн аав нь байдаг. Бага насаа Өндөр-Улаан суманд эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжсэн. Бид хоёр 1995 онд гэр бүл болсон. Одоо 2-20 насны 4 хүүхэдтэй. Манайх Өндөр-улаан суманд амьдарч байгаад 2013 онд Архангай аймгийн төвд шилжиж орж ирсэн. Манай эхнэр Баруун түрүү гээд буузны цехэд ажиллаж байгаад хүүхэд төрүүлээд ажлаасаа гарчихсан. Одоо 2 настай охиныгоо хараад гэртээ байдаг. Хүүхэд харахынхаа хажуугаар хааяа хоол хийгээд дэлгүүрүүдээр явж зардаг юм. Одоо бол манайх миний цалингаар л амьдарч байна. Зан байдлын хувьд бусадтай нийцтэй, гэр орон үр хүүхдээ харж хандаад байж байдаг юм. Архи дарс ууж хүн амьтантай нийлж гадуур яваад байдаггүй юм. Архангай аймагт найзалж нөхөрлөдөг хүн байхгүй гэрээс нэг их гараад байдаггүй. Цагдаагийн байгууллагад шалгагдаад хэрэг төвөгт орооцолдоод байдаггүй хүн байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/

Ц.Т-ын яллагдагчаар өгсөн: ...Би гэртээ хүүхэд харах завсараараа гэрээрээ хоол хийгээд дэлгүүрээр явж зардаг юм. 2018 оны 03 дугаар сарын 28-ны 15:00 цагийн үед Орос жимсний дэлгүүр гэсэн хаягтай дэлгүүр рүү ороод хоол авах уу? гэж асуухад авахгүй гэхээр нь урд талынх нь дэлгүүр рүү орсон. Тэр дэлгүүр Нэкст гээд цахилгаан бараа зардаг дэлгүүр байсан. Намайг яваад ороход бага насны эмэгтэй хүүхэд сууж байсан. Удаагүй ээж нь гаднаас орж ирээд шууд арынхаа өрөө рүү яваад орчихсон. Би тэр хавиар цахилгаан бараануудыг нь сонирхоод нэлээн харж зогссон. Тэгээд байж байтал нөгөө охин ээжээ би гарлаа гэж хэлээд гараад явчихсан. Тэгээд дэлгүүрийн урд зааланд хүн үлдээгүй. Би дэлгүүрийн арын ханаар нь өрчихсөн байсан зурагтнуудын хавиар явж байтал тавиур буюу лангуун дээр нь хар өнгийн Самсунг эс-5 маркийн гар утас харагдсан. Тэр үед дэлгүүр дотор нэг ч хүн байхгүй болохоор нь тэр утсыг авчихсан. Би тэндээс гараад Хасу худалдааны төвийн хүнсний захаас ногоо авчхаад гэрлүүгээ харьсан. Тэр өдрийн орой Баттогтох гээд цагдаагийн ажилтан ирээд миний хаагуур явсныг асуугаад Та өнөөдөр цахилгаан барааны дэлгүүрээс гар утас авсан байна гэсэн. Би тэгээд утсыг нь гаргаж өгсөн. Надад тийм ийм гэсэн зорилго байгаагүй. Тухайн үед дэлгүүр дотор хүн байхгүй утас нь ил байж байсан болохоор л авчихсан юм. Хулгай хийхдээ ганцаараа хийсэн. Хэн нэгэн хамтран оролцоогүй. Хулгай хийсэн талаар харсан үзсэн хүн байхгүй. Би энэ талаар нөхөртөө ч хэлээгүй. Би тэр өдрийнхөө орой нь цагдаагийн мөрдөгч Баттогтох гэх хүнд тэр гар утсыг өгсөн. Тэр хүн эзэнд нь хүлээлгэж өгнө гэж байсан. Би нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг.Том хүү маань 21 настай бага хүүхэд 2 ойтой. Манай нөхөр Соёмбо дэлгүүр сахиул хийдэг. Би өөрөө хүүхдээ хараад ажилгүй байгаа. Нөхрийн цалин бага, 2 хүүхдийн мөнгө, цалинтай ээжийн 50000 төгрөгөө амьдралаа залгуулдаг. Би өмнө нь ийм хэрэг хийж байгаагүй. Ийм хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Би тухайн үед хар өнгийн даавуун өмд, түрийтэй бор өнгийн гутал, хар өнгийн богинохон хавар намрын куртиктэй явсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 29-35 хуу/

 

Шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтээр Самсунг эс-5 маркийн гар утас, гар утасны гялгар өнгөтэй хамгаалалтын гэрний үнэлгээг 2018 оны 03 сарын байдлаар нийт 305.000 /гурван зуун таван мянга/ төгрөг болохыг тодорхойлов... гэх дүгнэлт /хх-ийн 23 хуу/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5, 9 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-8 хуу/ 

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 44-45 хуу/

Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусгаж хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 46-47 хуу/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон  хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Тд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч  Ц.Т нь 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн орчим Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Next” цахилгаан барааны дэлгүүр дотор байхдаа худалдагч П.Байгальмаагийн Samsung s-5 маркийн гар утсыг хамгаалалтын гэрний хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 305.000 /гурван зуун таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Ц.Т нь бусдын эд хөрөнгийг хулгайлан авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч П.Б, гэрч А.С нарын мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бусад нотлох баримтуудаар батлагдаж байна.

Шүүгдэгч Ц.Т нь  бусдын эд хөрөнгийг хулгайлан авсан үйлдлийн улмаас 305.000 / гурван зуун таван мянга/ төгрөгийн хохирол учирсан болох шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан бага хэмжээний / 300.000 төгрөг/ хохирлоос дээш байх тул түүний үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Тын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.Тд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогч нь мэдүүлэг өгөхдөө болон хэргийн материалтай танилцахдаа санал хүсэлт, гомдол байхгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг дурдаж,  эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 2 ширхэг СД-ийг эрүүгийн хэрэгт хадгалах нь зүйтэй байна. 

 

Иймд шүүгдэгч Ц.Тыг бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон   

                                            

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овогт Ц Т бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Ц.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6  /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй. 

 

3.  Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

 

4. Шүүгдэгч Ц.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 2 ширхэг СД-ийг эрүүгийн хэрэгт хадгалсугай.

 

5. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

6. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Тд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ОДХҮҮ