Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2026/ДШМ/333

 

Ц.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Нандинцэцэг,

шүүгдэгч Ц.Б-,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2026/ШЦТ/68 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Б-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2510000001706 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Ц-ын Б, 1989 онд Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...);

Шүүгдэгч Ц.Б- нь хуурч, гэрээгээр халхавчилж 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мишээл” худалдааны төв дэх “Х” ХХК-ийн салбараас “iPhone 16 Pro Max” болон “Dell” загварын зөөврийн компьютер зэрэг 7,737,925 төгрөгийн үнэтэй бараануудыг Санхүүгийн түрээсийн буюу лизингийн гэрээ байгуулж авахдаа урьдчилгаа болох 606,616 төгрөгийг төлсөн гэж Хаан банкны хуурамч гүйгээг зээлийн төвийн ажилтан Д.Б-д харуулж төөрөгдөлд оруулан, бусдын эд хөрөнгийг буцаан өгөх санаа зорилгогүйгээр залилан авч, тус компанид 7,737,925 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Хан-Уул дүүргийн прокурорын газраас түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ц.Б-ийг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

шүүгдэгч Ц.Б-эс 7,737,925 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-д олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Б- давж заалдах гомдолдоо: “...Би 2025 оны 08 дугаар сарын 25-ний өдөр “Х” ХХК-ийн салбараас гар утас, зөөврийн компьютер худалдан авсан бөгөөд урьдчилгаа төлбөрт 606,616 төгрөг тухайн компанийн эдийн засагчтай хамтран компанийн данс руу шилжүүлсэн. “Гүйлгээ амжилттай” төлөвт шилжсэн болохыг бид 2 харсан. Хууран мэхэлсэн зүйл огт байхгүй.

Тус компанийн данс руу мөнгө шилжээгүйг би гомдол гаргах үед мэдсэн ба уг мөнгийг төлөх боломжгүй нөхцөлд байсан бөгөөд гэм буруугаа ухааран урьдчилгаа төлбөрийг 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төлж барагдуулсан.

Миний бие эхнэр, 1 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд ажил эрхлэлтийн хувьд би ганцаараа тул анхан шатны шүүхээс оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг дээрх нөхцөлийг үндэслэн торгох ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэжээ.

Тэрээр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдолдоо “урьдчилгаа төлбөр болох 600,000 төгрөгийг төлсөн” гэж бичсэн боловч төлөөгүй. Гомдол гаргахдаа төлбөрөө төлөхөөр хохирогч компанийн дансыг асуутал өгөхгүй, төлбөрийг цувуулан авахгүйгээр бүтнээр нь авахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн. Хохирлыг буцаан төлнө. ...” гэв.

Прокурор О.Нандинцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Лизинг буюу санхүүгийн түрээсийн гэрээгээр эд зүйл авахад урьдчилгаа төлбөр зайлшгүй шаардлагатай байдаг. Хэрэв уг урьдчилгаа төлбөрийг төлөөгүй тохиолдолд тухайн байгууллага нь зээл хүсэгчид эд хөрөнгийг санхүүгийн түрээсийн гэрээгээр шилжүүлэх боломжгүй бөгөөд ийм нөхцөл, заалт гэрээнд тусгагдсан. Гэтэл урьдчилгаа төлбөрийг төлсөн мэтээр зориудаар зохиомол нөхцөл байдал бүрдүүлж, бодит байдлыг нуусан үйлдэл гаргасан. Үүний үр дүнд хохирогч байгууллагаас эд хөрөнгийг шүүгдэгчид шилжүүлэн өгсөн бөгөөд уг үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг агуулж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр бүрэн тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч нь ял шийтгэлийг биелүүлэх боломжтой байна. Харин торгуулийн ялаар сольж өгнө үү гэсэн гомдол гаргасан боловч эрхэлсэн тогтмол ажил орлогогүй нөхцөлд торгуулийн ялыг биелүүлэх боломжгүй. Хөнгөн төрлийн ял буюу хорихоос өөр төрлийн ял оногдуулсан гэж дүгнэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Ц.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-ийн: “...2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Ц.Б- гэх харилцагч “iPhone 16 Pro Max” болон “Dell” загварын зөөврийн компьютерыг зээлээр худалдан авахаар гэрээ байгуулсан бөгөөд урьдчилгаа 606,616 төгрөг шилжүүлэх ёстой байсан ч шилжүүлсэн гэсэн Хаан банкны хуурамч гүйлгээ харуулан барааг авч явсан. Би зээлийн урьдчилгаа ороогүй гэдгийг мэдээд түүний дугаар руу залгаж “таны урьдчилгаа ороогүй байна, танаас барааг буцаан авна” гэхэд “би барааг буцааж өгөхгүй, мөнгөө шилжээгүй байсныг анзааралгүй хүүхдийн хичээлийн хэрэгсэл аваад мөнгө дуусчихлаа, удахгүй найздаа зээлсэн мөнгөө аваад шууд шилжүүлнэ” гэхээр нь итгээд өдийг хүртэл хүлээсэн боловч урьдчилгаа болон зээлийн төлөлт аль алийг нь төлөөгүй. Би Ц.Б-ийн эхнэртэй нь ярьж хэлэхэд “та нар наад мөнгөө олж авч чадахгүй, өгөхгүй” гэх зэргээр уурлаж байсан...” гэсэн мэдүүлэг (хх 93-94, 97-98),

-“Ашидбилгүүн” хөрөнгийн үнэлгээний компанийн шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 525/914180 дугаар “...“Dell” загварын зөөврийн компьютерын зах зээлийн үнэлгээ 2,539,900 төгрөг, “iPhone 16 Pro Max” загварын үнэлгээ 5,198,025 төгрөг, нийт 7,737,925 төгрөгөөр тогтоосон...” дүгнэлт (хх 112-117),

-Ц.Б-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд (хх 21-75, 108-109),

-шүүгдэгч Ц.Б- нь зээлийн ажилтантай уулзаж байгаа талаарх камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх 99-102),

-“Х” ХХК-ийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол (хх 5) зэргийг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч Ц.Б- нь хуурч, гэрээгээр халхавчилж 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мишээл” худалдааны төв дэх “Х” ХХК-ийн салбараас “iPhone 16 Pro Max” болон “Dell” загварын зөөврийн компьютер зэрэг 7,737,925 төгрөгийн үнэ бүхий бараануудыг Санхүүгийн түрээсийн буюу лизингийн гэрээ байгуулж авахдаа урьдчилгаа 606,616 төгрөгийг төлсөн гэж Хаан банкны хуурамч гүйгээг зээлийн төвийн ажилтан Д.Б-д харуулж төөрөгдөлд оруулан, бусдын эд хөрөнгийг буцаан өгөх санаа зорилгогүйгээр залилан авсан гэмт хэргийн үйл баримт нотлогдон тогтоогдсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Ц.Б-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй, хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Б-ийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Ц.Б- нь урьдчилгаа төлбөрийг төлсөн мэтээр хуурамч гүйлгээний баримтыг компанийн ажилтанд харуулж, өөрөөр хэлбэл, төлбөр төлсөн гэх зохиомол, хуурамч байдлыг зориудаар бий болгосноор өөрийн хууль бус үйлдлийг ямар нэгэн зөрчилгүй мэтээр ажилтанд ойлгуулан гар утас, зөөврийн компьютерыг авч явснаар түүний гэмт үйлдэл төгссөн байна.

Тэрээр компанийн данс руу мөнгө шилжээгүйг дараа нь мэдсэн гэх боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон гэрчийн мэдүүлэг, бусад баримтуудаас үзэхэд, тухайн өдөртөө компанийн зүгээс урьдчилгаа төлбөр шилжиж ороогүй байгаа талаар шүүгдэгч Ц.Б-д хэлж мэдэгдсээр байхад тэр даруй нөхөн шилжүүлэх, эсхүл тухайн гар утас, зөөврийн компьютерыг буцааж өгөх зэрэг үйлдлийг хийгээгүй нь түүний шууд санаатай гэм буруугийн хэлбэрийг нотолжээ.

Иймээс түүний давж заалдах гомдолдоо “...“Гүйлгээ амжилттай” төлөвт шилжсэн болохыг компанийн ажилтан бид хоёр харсан, хууран мэхэлсэн зүйл огт байхгүй...” гэж дурдаж байгаа нь шүүгдэгч Ц.Б-ийн дээрх үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүйгээс гадна эдгээр нь хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудаар үгүйсгэгдэнэ.

Мөн тэрээр “ганцаараа ажил хийж эхнэр, хүүхдээ тэжээдэг” хэмээж оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солиулахыг хүсжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь “гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах”-аас гадна “хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх”-д оршдог.

Гэтэл шүүгдэгчийн хууль зөрчсөн үйлдлийн улмаас “Х” ХХК-д 7,737,925 төгрөгийн хохирол учирсан ба давж заалдах шатны шүүх хуралдаан болох хүртэл хугацаанд үүнээс огт барагдуулаагүй, төлөх талаар хичээл зүтгэл гаргаж, өөрийн зүгээс бодитой үйлдэл хийгээгүй тул хохирогч өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэж огт чадаагүй байна.

Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Б- нь биеийн байцаалтаа “эрхэлсэн тодорхой ажилгүй” гэж мэдүүлсэн төдийгүй, хэрэгт түүнийг ажил хөдөлмөр эрхэлдэг гэх баримт байхгүй тул торгуулийн ял биелэгдэх боломжгүй.

Түүнчлэн, нийтэд тустай ажил хийлгэх ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг шүүхээс тогтоосон нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг өдөрт 8 хүртэлх цагаар цалин хөлс олгохгүйгээр хийлгэх ялын төрөл бөгөөд энэ ял нь шүүгдэгч өөрийн үндсэн ажил хөдөлмөрийг эрхлэх эрхийг хөндөхгүй юм.

Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлж барагдуулаагүй, мөн түүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулсан нь шүүгдэгч Ц.Б- өөрийн хууль бус үйлдлийг ухамсарлан ойлгоогүй маргасаар байгаа байдал, мөн бусдын эрхийг зөрчсөн үйлдэл хийсэн хэрнээ түүнийгээ сэргээх талаар бодитой арга хэмжээ аваагүй болон тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, түүнээс үүсэх хор уршиг зэрэг бүхий л нөхцөл байдалд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна гэж үзлээ.

Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Ц.Б-д 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн “торгох ял оногдуулж өгөх” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2026/ШЦТ/68 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА

                        ШҮҮГЧ                                                           Л.ОДОНЧИМЭГ

                        ШҮҮГЧ                                                           Н.БАТСАЙХАН