Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 26 өдөр

Дугаар  2026/ДШМ/349

 

 

  2026           03             26                                        2026/ДШМ/349

 

Б.М, Б.Д нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Агар,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Намнансүрэн, Х.Даваахүү,

шүүгдэгч Б.Дий өмгөөлөгч Д.Гомбо,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б, түүний өмгөөлөгч Х.Лхагвахүү,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2026/ШЦТ/14 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Дий өмгөөлөгч Д.Гомбо, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ын өмгөөлөгч Х.Лхагвахүү нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.М, Б.Д нарт холбогдох 2303003780443  дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б. М, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт сургалт хариуцсан мэргэжилтэн ажилтай, ам бүл 5, 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000000/;

2. Б.Д, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, 00 дугаар дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт 00 дүүргийн 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000000/;

Шүүгдэгч Б.М нь согтуугаар 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 00 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Дүнжингарав худалдааны төвийн зам Жанжин клуб рүү эргэдэг уулзвар дээр “Тоёота приус” загварын 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а заалт буюу “жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, 15.10 дугаар заалт буюу “жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөний улмаас “Тоёота Харриер” загварын 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас зорчигч Б.Н нас барж, зорчигч Б.Х-ын эрүүл мэндэд хүнд, жолооч Б.Д, зорчигч М.Э нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Д 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 00 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Дүнжингарав худалдааны төвийн зам Жанжин клуб рүү эргэдэг уулзвар дээр “Тоёота Харриер” загварын 00-00 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-р заалт буюу “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Тоёота Приус” загварын 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас зорчигч Б.Н нас барж, жолооч Б.М, зорчигч Б.Х-ын эрүүл мэндэд хүнд, М.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар, Б.Дөлгөөний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Д-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Д-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Б.М-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б, хохирогч Б.Х нар хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийн талаарх баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.М, Б.Д, иргэний хариуцагч Н.Б нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Д-ий өмгөөлөгч Д.Гомбо давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Б.Д-ийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн.

            Б.Д нь тухайн осол болох үед Тоёота Харриер маркийн машиныг жолоодож явсан бөгөөд осол болох мөчид 68 км/цагийн хурдтай явсан байна. Өөрөөр хэлбэл зөвшөөрөгдсөн хурдны дээд хязгаараас 8 км/цагаар хурд хэтрүүлсэн. Ингэхдээ согтууруулах ундаа хэрэглээгүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй. Харин яллагдагч Б.М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, чигээрээ явж буй тээврийн хэрэгсэлд саад учруулж, огцом зүүн гар тийш эргэх хөдөлгөөн хийж, миний үйлчлүүлэгчийн жолоодож явсан Харриер маркийн автомашины урдуур орж мөргөлдсөнөөр осол гарах гол шалтгаан болсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Механик тээврийн сургуулийн шинжээч нарын 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 06/04 дугаар дүгнэлтэд “Тоёота приус маркийн 07-07 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.М нь Замын хөдөлгөөниы дүрмийн 3.7 “а” заалт буюу “Жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.”, 15.10-р заалт буюу “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Тоёота хариэр маркийн 80-50УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Д нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-р заалт буюу “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагг 60 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Тоёота приус маркийн 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.М нь мөн дүрмийн 3.7 “а” болон 15.10-р заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байна. Тоёота хариэр маркийн 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Д нь мөн дүрмийн 12.4-р заалтыг зөрчсөн нь ослоос учирч болох хохирлын хэмжээг нэмэгдүүлсэн гэж үзэж байна.” гэсэн байна. Энэ талаар зам тээврийн ослын дүгнэлтэд туйлын тодорхой зааж өгсөн бөгөөд уг осол нь яллагдагч Мын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай үйлдлээс болж осол гарсан гэж тусгай мэдлэг бүхий шинжээч нар дүгнэсэн.

Харин Харриер маркын машин жолоодож явсан Д-ийг зөвшөөрөгдсөн хурдны дээд хязгаараас 8 км/цагаар хурд хэтрүүлсэн боловч дээрх зөрчил нь зам тээврийн осол гарах болсон шалтгаан биш байна гэж үзсэн. Мөн машины хурдыг хасаж, баруун гар тийш жолоодлогыг дарж, осол болохоос зайлсхийх арга хэмжээг авсан талаар тодорхой дүгнэсэн байдаг. Ингэсэн атал миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байх тул Б.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ын өмгөөлөгч Х.Лхагвахүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөгч, прокурор амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлыг тогтоогоогүй, түүнийг анхан шатны шүүхээс дүгнээгүй талаар

Амь хохирогчийн төрсөн эцэг, эх Т.Д, Д.Б /хохирогчийн хууль ёсны төлөөлөгч/ нарын зүгээс 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “Тээврийн прокурорт” амь хохирогчийн гэр бүлийн сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгох шинжээч томилуулах хүсэлтийг гаргаж хүсэлтийг хяналтын прокурор болон дээд шатны прокуророос хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх хуралдаанд дээрх асуудлаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б нь мөн байр сууриа илэрхийлдэг буюу охиноо алдаж өдөр бүр шаналал зовуурьтай байгаа бөгөөд түүнтэй холбоотойгоор сэтгэлийн шаналал гэм хорыг нөхөн төлүүлэхээр өөрийн нөхцөл байдлыг илэрхийлэн хүсэлтдээ амь хохирогчийн гэр бүлийн сэтгэцэд учирсан хохирлыг тогтоох шинжээч томилоогүй буюу мөрдөгч, прокурорын зүгээс холбогдох ажиллагааг хийгээгүй талаар дурдсаар байтал анхан шатны шүүхээс уг асуудлаар шүүхийн шийдвэрт дүгнээгүй.

Мөрдөгч, прокурорын зүгээс гомдлыг хангаагүй хууль зүйн үндэслэл нь Шүүх шинжилгээний тухай хуульд 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой нэмэлт өөрчлөлт орсон гэж тайлбарладаг.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40, 41 дүгээр зүйлд “сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг шинжээчийн дүгнэлтээр тогтооно" гэж заасан. “Шүүх шинжилгээний тухай” хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1-т заасан нөхцөлд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана гэж заасан хуу лийн зохицуулалтыг прокурор, мөрдөгч нь дагаж мөрдөөгүй байна. Өөрөөр хэлбэл шүүхийн шатанд шийдвэрлэх нөхцөл байдлыг прокурор урьдчилан таамаглаж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн бодит нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр сэтгэцийн хор уршигт шинжээч томилуулах хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Ийнхүү татгалзаж шийдвэрлэсэн нь Шүүх шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай тус тус хуульд заасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирол хор уршгийг тогтоох шинжээч ажиллагаа хийгдэх боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн талаар анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар дүгнээгүй.

Шүүхийн шийдвэрт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийн талаарх баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.М, Б.Д нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн хэдий ч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлыг тогтоогоогүй нь иргэний журмаар нэхэмжлэх ч боломжгүй нөхцөл байдлыг хязгаарлаж байна. Өөрөөр хэлбэл иргэний шүүх хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн шинжээч томилох ажиллагааг гүйцэтгэдэггүй болно.

2. Анхан шатны шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг шүүгдэгч нараас гаргуулах талаар дүгнээгүй тухайд

Зам тээврийн осол 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 00 цаг 50 минут үед гарч, зорчигч Б.Н нас барсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын зүгээс мөрдөн шалгах ажиллагаа, прокурор, шүүхийн шатанд сэтгэцийн хохирлыг гаргуулах хүсэлтэй байгаа талаар хүсэлт гомдол гаргаж, шүүх хуралдаанд хүсэлтээ илэрхийлдэг. Гэтэл анхан шатны шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлын гаргуулах боломжтой эсэх талаар шүүхийн шийдвэрт огт дурдаагүй, дүгнээгүй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлыг анхан шатны шүүхээс шүүгдэгч нараас гаргуулж шийдвэрлэх боломжтой талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Мөн хуулийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж тус тус хуульчилжээ.

“Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн 5 дугаар зүйлд “Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж хуульчилсан.

Тодруулбал “Шүүх шинжилгээний тухай” 81 дүгээр зүйлийн 81.1-т “Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж хуульчилсан.

Өөрөөр хэлбэл “Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуульд заасан

1 /508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсэг:

“508.5. Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй. "

2/511 дүгээр зүйлийн 511.3-511.5 дахь хэсэг:

 “511.3. Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.

511.5. Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн заалтууд нь Шүүх шинжилгээний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс дагаж мөрдөхөөр заасан байх тул амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын сэтгэцэд учирсан хохирлыг “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тооцож, шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэх боломжтой байгааг анхан шатны шүүхээс дүгнээгүй гэж үзэж байна. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний охин 1999 онд төрсөн. 2022-2023 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг бизнесийн ухаан, англи хэлний багш, орчуулагч хосолсон мэргэжлээр төгсөөд, цаашид Америк улсад суралцах хүсэл зорилготой, ирээдүйдээ тэмүүлсэн залуу хүн байсан. Гэвч 6 дугаар сард гарсан ослын улмаас амь насаа алдсан нь манай гэр бүлд нөхөж баршгүй гарз, хэзээ ч мартагдахгүй гүн шарх болж үлдсэн. Монгол Улсын нэг иргэн, боловсролтой боловсон хүчин ийм байдлаар амь насаа алдсан нь маш харамсалтай, шударга бус явдал гэж бид үзэж байна. Энэ хэргийг зөвхөн оршуулгын зардлаар хязгаарлан шийдвэрлэх гэж байгаа мэт хандлага нь бидний хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Охиноо алдсанаас үүдэлтэй сэтгэл санааны болон ар гэрт учирсан хохирол асар их байгаа тул энэхүү хохирлыг бодитойгоор үнэлж, нөхөн төлүүлж өгнө үү гэж хүсэж байна. Энэ талаар өмгөөлөгчөөрөө дамжуулан байр сууриа илэрхийлсэн бөгөөд гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.М би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 461 дүгээр хаалттай хорих ангиас шүүх хуралдаанд цахимаар оролцож байна. Миний бие болсон асуудалд гэм буруугаа ухамсарлаж, чин сэтгэлээсээ гэмшиж байна. Хохирогч нараас дахин уучлалт хүсэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. Өмгөөлөгч нарынхаа байр суурийг дэмжиж байна. Өөр нэмж хэлэх зүйлгүй. ...” гэв.

Шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Б.Намнансүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч Б.Д-ий өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолтой танилцсан. Миний хувьд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. Өмгөөлөгч Х.Лхагвахүү болон бусад гомдлуудыг үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн асуудлыг анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэйгээр шийдвэрлэсэн гэж дүгнэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Өөр тайлбарлах зүйлгүй. ...” гэв.

Шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Х.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шатны шүүхэд хоёр өмгөөлөгчөөс гомдол гаргасан байна. Нэгдүгээрт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч анхан шатны шүүхээс сэтгэцэд учирсан хохирлыг тогтоогоогүй гэж үзэж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр сэтгэл санааны хохирол гаргуулах үндэслэлтэй байсан гэж тайлбарлаж байна. Гэвч сэтгэцийн хохирлыг тодорхойлох зохицуулалт нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хуульчлагдсан тул уг гомдол нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт, ослын шалтгаан нөхцөлтэй холбоотойгоор өмгөөлөгчийн гаргасан гомдолд тайлбар хийх нь зүйтэй гэж үзэж байна. Хэргийн газрын үзлэгийн схем зураг, фото зураг зэрэг нотлох баримтуудаас харахад хоёр тээврийн хэрэгслийн мөргөлдөх үед Б.М нь зүүн гар тийш эргэх үйлдлээ бараг дуусган нэгдүгээр эгнээнд орсон байсан нь тогтоогддог. Мөн ослын дараах тээврийн хэрэгслийн байрлалаас харахад нөгөө тээврийн хэрэгсэл харьцангуй өндөр хурдтай ирж мөргөсөн нөхцөл байдал тогтоогддог. Өмгөөлөгчийн зүгээс 68 км/цагийн хурд нь зөвхөн хор уршгийг нэмэгдүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч хэрэв тухайн тээврийн хэрэгсэл зөвшөөрөгдөх хурд буюу 60 км/цаг-аас доогуур хурдтай явж байсан бол хүний амь нас хохирох, хүнд гэмтэл учрах зэрэг үр дагавар гарахгүй байх боломжтой байсан гэж үзэх үндэслэлтэй. Иймд замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон 60 км/цагийн хязгаарыг зөрчсөн нь өөрөө осол гарах нөхцөлд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн, гэрчийн мэдүүлэг болон шүүгдэгчийн өөрийн мэдүүлгээр хөдөлгөөний чиглэлээ өөрчлөн нэгдүгээр эгнээ рүү орж, зүүн гар тийш эргэх үйлдлээ гүйцэтгэсэн тээврийн хэрэгслийг мөргөсөн нь тогтоогдож байна. Ийм нөхцөлд жолооч нь хөдөлгөөний чиглэлээ өөрчлөхдөө бусдад аюул учруулахгүй байх үүрэгтэй. Мөн саад тохиолдсон бол баруун талаар нь тойрч гарах боломжтой байсан гэж үзэж байна. Иймд өмгөөлөгчийн зүгээс гаргасан гомдлууд нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурласан, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болсон гэж үзэж байна. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүх аль хэдийн зохих хэмжээнд үнэлсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. ...” гэв.

Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгч Д.Гомбын гаргасан гомдолд дараах тайлбарыг өгч байна. Тухайн зам тээврийн осол болох үед шүүгдэгч Б.Д нь 68 км/цагийн хурдтай явж байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримт болон мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Замын хөДий дүрмээр суурин газарт 60 км/цагаас хэтрүүлэхгүй байхыг журамласан байхад 68 км/цагийн хурдтай явсан нь өөрөө зөрчил бөгөөд үүнийг “60 дээр 8 км нэмэгдсэн” гэж ялган авч үзэх нь үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, зөвшөөрөгдөх дээд хязгаарыг давсан тохиолдолд тухайн хурд нь осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэх бүрэн үндэслэлтэй. Иймд шүүхээс 68 км/цагийн хурдтай явсныг осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэж, ял оногдуулсан нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байна. Мөн уг осол нь хоёр жолооч хоёулаа замын хөДий дүрэм зөрчсөний улмаас гарсан гэж тайлбарлаж байгаа боловч “ослыг зайлуулах” гэсэн ойлголт хуульд байхгүй. Харин саад учирсан нөхцөлд зогсоох арга хэмжээ авах үүрэгтэй гэж зохицуулсан байдаг. Энэ үүргээ биелүүлээгүй нь мөн осол гарахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй. Анхан шатны болон шат шатны шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Харин сэтгэцийн хохиролтой холбоотой өмгөөлөгч Х.Лхагвахүүгийн гаргасан гомдлын хувьд хуулийн үйлчлэлийн хугацаатай холбоотой асуудал шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн. Тухайн хууль үйлчилж эхэлсэн цаг хугацааг харгалзан үзэж, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ий өмгөөлөгч Д.Гомбо, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ын өмгөөлөгч Х.Лхагвахүү нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв..

1. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Б.М нь согтуугаар 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 00 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн зам Жанжин клуб рүү эргэдэг уулзвар дээр “Тоёота приус” загварын 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а заалт буюу “жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, 15.10 дугаар заалт буюу “жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөний улмаас “Тоёота Харриер” загварын 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас зорчигч Б.Н нас барж, зорчигч Б.Х-ын эрүүл мэндэд хүнд, жолооч Б.Д, зорчигч М.Э нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Д 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 00 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн зам Жанжин клуб рүү эргэдэг уулзвар дээр “Тоёота Харриер” загварын 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-р заалт буюу “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Тоёота Приус” загварын 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас зорчигч Б.Н нас барж, жолооч Б.М, зорчигч Б.Х-ын эрүүл мэндэд хүнд, М.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

Ослын газрын гэрэл зургийн үзүүлэлт /1хх 18-22/,

Иргэний нэхэмжлэгч Н.Б /шүүгдэгч Б.Дий ээж, Тоёота Харриер машины эзэмшигч/: “...Манай хүү жолооны үнэмлэх болсон 2022 оноос хойш заримдаа унаж байгаа. ..Тухайн өдөр манай хүү найзуудтайгаа юм үзнэ гээд миний машиныг унаад явсан. ...Машинд учирсан 20,191,500 төгрөгийн хохирлыг осол гаргасан буруутай этгээдээс нэхэмжлэнэ. ...” гэх мэдүүлэг /1хх 41-42/,

шүүгдэгч Б.Д: “...Миний санаж байгаагаар Тоёота Приус /шүүгдэгч Б.М жолоодож явсан/ загварын тээврийн хэрэгслийн жолооч зүүн гар тийшээ эргэх үйлдэл хийхдээ зүүн гар тийш эргэх гэрэл дохио өгөөгүй. ...Би ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш явахдаа 80-90 орчим км/ц-ийн хурдтай зорчиж явсан. ..Осол гарах үед тээврийн хэрэгслийн тоормосыг гишгэж жолооны хүрдийг баруун тийш дарахад км-ийн заалт 80 км/-цаас доош бууж байсан. ...яг мөргөлдөх үед хэдтэй явж байсныг мэдэхгүй байна. ...Би талийгаач болон хамт явсан эмэгтэйд “...та 2 хамгаалах бүсээ зүүгээд, аятайхан яваарай. ...жаахан ширүүхэн явж магадгүй. ..” гэж хэлсэн. ...Тоёота приус тээврийн хэрэгсэл нь зүүн гар тийш эргэх гэж байгаа бололтой замын голын үргэлжилсэн цагаан зураас давж орж ирээд зогсохоор нь гол замын тээврийн хэрэгсэл зам тавьж өгөх гэж байгаа юм байна гэж бодсон ба би тээврийн хэрэгслийнхээ хурдыг сааруулахаар тоормос дээрээ гишгэж 2 дугаар эгнээнээс 1 дүгээр эгнээ рүү шилжин ороод чигээрээ явж байтал гэнэт урдуур орж ирэхээр нь тоормос гишгэх гэсэн боловч гэнэт урд орж ирээд мөргөлдсөн. ...Тухайн жолооч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглчихээд тээврийн хэрэгсэл жолоодож урсгал сөрж, зүүн гар тийш эргэх үйлдэл хийж зам тээврийн осол гаргасан. ... “..Зайсан Хилл чиглэл рүү тухайн 2 эмэгтэй, найз Эрдэнэболд нартай хөдөлсөн. ...Бид 4 Улиастайн гүүрнээс Дүнжингарав руу орсон замаар ороод зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр ертөнцийн зүгээс зүүнээс баруун тийш чиглэлтэй барагцаагаар 80-90 км/ц-ийн хурдтай явж байтал Жанжин клуб рүү эргэдэг уулзвар дээр эсрэг урсгалын 2 дугаар эгнээгээр нэг машин хурд нь саараад зогсохоор нь би тухай машиныг зогсож байна гэж бодоод цааш явтал тухайн машин миний урдуур дарж орж ирэхээр нь би тухайн машинаас холдох гээд зорчих хэсгийн 1 дүгээр эгнээ рүү шилжээд тухайн Приус машинтай мөргөлдөөд машин онхолдсон ...Приус машин намайг өнгөрөөх гэж байгаа юм шиг зогссон. ...Тэгээд би жолооны дүрмээр надад зам тавьж өгөх ёстой болохоор  би зогсож байна гэж бодоод явж байтал зүүн эргээд урдуур ороод ирсэн. ..Тухайн машин эргэх дохио өгөөгүй. ..Би 100 орчим км/ц-ийн хурдтай явж байгаад машин эргэж орж ирэх үед тоормос гишгээд мөргөлдөхөөс өмнө харахад 80 км/ц-ийн хурдтай байсан. ...” гэх мэдүүлэг /1хх 45-46, 75/,

хохирогч Б.Х: “...Талийгаач Б.Н-ийн найзын маань таньдаг залуу Тэмүүжин залгаад “...Зайсангийн бааранд хүрээд ир, наана чинь манай 2 найз машинтай очсон байгаа. ...” гэж талийгаач найз маань надад хэлээд бид 2 танихгүй 2 залуутай машин руу хамт очиход Тоёота Харриер /шүүгдэгч Б.Д/-т суусан. ...Монгол Шилтгээнээс гараад гачууртын эргэдэг уулзвар хүртэл тухайн машины жолооч /шүүгдэгч Б.Д/ их хурдтай явж, машин гүйцэт түрүүлж, талийгаач бид 2-ыг сэгсчүүлээд байхаар нь “...ямар хурдтай явдаг юм бэ, аажуухан яваач. ...” гэж хэлсэн. ...Тэгээд тэрнээс хойш яаж явсныг мэдэхгүй, нэг мэдэхэд газар дээр хэвтэж, нүдээ нээх гэсэн боловч нээж чадахгүй, хөдөлж чадахгүй байсан. ...Ослоос өмнө нилээн хурдтай буюу ойролцоогоор 100-120 км/ц-ийн хурдтай явж байсныг тээврийн хэрэгслийн хянах самбар руу харсан. ...Тэрнээс бол яг осол гарах үед хэдтэй явж байсныг мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /1хх 55-57/,

гэрч М.Э: “...Зам тээврийн осол гарахаас өмнө миний сууж явсан Тоёота Харриер /шүүгдэгч Б.Д жолоодож явсан/ тээврийн хэрэгслийн жолооч нь 80-100 км/ц-ийн явсан байх гэж бодож байна. ...Миний хувьд өмнө нь зориулалтын тээврийн хэрэгсэлд сууж хурдтай зорчиж явж байсан бөгөөд тухайн үеийн тээврийн хэрэгслийн хурдыг баримжаагаар тийм байсан байх гэж бодож байна. ...Тэрнээс бол хянах самбарыг нь хараагүй. ...Тоёота Приус /шүүгдэгч Б.М/ тээврийн хэрэгслийн жолооч нь зүүн гар тийшээ эргэх үйлдэл хийхдээ зүүн гар тийш эргэх гэрэл дохио өгөөгүй. ... Учир нь би Тоёота Харриер машины урд сууж явсан бөгөөд машинуудыг харж байсан. ...Приусын жолооч эргэх газраас наана урсгал сөрж орж ирж зогсоод буцаад хөдөлсөн тул зам тээврийн осол гарсан. ...” гэх мэдүүлэг /1хх 60-61/,

гэрч Э.Х /шүүгдэгч Б.М-ын эхнэр/: “...2023 оны 06 дугаар сарын 16-ны өглөө “Цагдаа бэлтгэлжилт 2023” тэмцээнд оролцож байгаа албан хаагчдаа дэмжихээр ХУД-ийн цагдаагийн газрын 10 гаруй албан хаагчдыг хариуцан цагдаагийн “Сүүж” амралт руу явсан. ...Тэгээд өдөр 13 цагийн үед над руу Сүүж дээр ирчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд 23 цагийн үед манай нөхөр М фейсбүүкээр залгасан тэр үед “...22-н товчоон дээр орж ирж байна одоо эндээс хөдөллөө. ...” гээд ийм машинтай явж байна гээд хар Алфард машин харуулсан. ...Тэгээд дахиж холбогдоогүй байж байгаад 00 цаг 30 минутын үед над руу М дахиж видео калл хийж залгаад  “...ажлаасаа гарчихсан ганцаараа машинаа унаад гэр лүүгээ харьж байна. ...” гээд ярьсан. ...Тухайн үед утсаа гараараа бариагүй хөгжмийн дэлгэцний урд царай нь харагдахгүй байрлуулсан байсан. ..Тэгээд надаас “..хүүхдүүд унтсан уу, ямар хоол хийсэн, би дүнжингаравын замаар харьж байна. ...” зэрэг зүйлийг ярилцаж байтал гэнэт хүчтэй чимээ гарахаар нь би утасныхаа дэлгэцийг хартал утасных нь камер дээр машины цонх хагарсан байдалтай харагдахаар нь би утсаараа нэрийг нь дуудаад байна уу гээд нилээн хэд дуудтал хариу өгөхгүй байсан. ...Тэгэхээр нь би утсаа таслахгүй Дүнжингаравын зам руу яаралтай очсон. ...Намагй очир үед манай нөхөрийн хөл хугарсан, толгой нь хагарсан байдалтай ухаангүй байсан. ...” гэх мэдүүлэг /1хх 66/,

гэрч М.Э /шүүгдэгч Б.Д-ий машины урд талын суудалд сууж явсан/: “...Би 2023 оны 06 дугаар сарын 16-нд Монгол Шилтгээнд болсон тоглолт үзэхээр Д бид 2 явсан. ..Тэгээд Д бид 2 хот руу явахаар шийдсэн. ...Тэгтэл манай найз Т нь Д рүү залгаад “...та 2 гарах болж байгаа юм уу, манай ажлын 2 охиныг аваад хот руу дөхүүлээд өгөөч. ...” гэхээр нь бид 2 тухайн 2 охинтой уулзаад Д Тоёота Харриер 00-00 000 дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод, би жолоочийн хажуу урд суудалд суугаад, 2 охин арын суудалд суугаад хот руу явцгаасан. ..Тэгээд би Улиастайн гүүрнээс Дүнжингаравын зам руу ороод унтчихсан. ..Нэг сэрээд харахад зүүн талаас эсрэг урсгалаас нэг машин эргээд замын голд орж ирээд хөндөлсөөд зогсчихсон. ...Тэгээд манай найз Д тоормос гишгээд баруун тал руугаа дартал нөгөө машин жоохон урагшилж таараад 2 машин мөргөлдөөд онхолдсон. ..Приус машин зүүн тал руугаа эргэж байсан. ..Тэгээд эргэж байгаад зогсоод бид нарыг ойртох үед дахиж урагшаа хөдлөөд зам хаагаад хөндөлсөөд зогсчихсон. ..Тухайн Приус машин эргэх дохио өгөөгүй байсан. ...” гэх мэдүүлэг /1хх 72/,

гэрч О.Т: “...Осол гарсан газар очиж юу болсон талаар Э-оос асуухад “...эгнээгээрээ жаахан хурдтай буюу 100-120 орчим км/ц-ийн хурдтай явж байхад эсрэг урсгал, өөдөөс приус машин гарч ирээд мөргөлдсөн. ...” гэж хэлсэн. ...”гэх мэдүүлэг /1хх78-79/,

шүүгдэгч Б.М-ын биед хийсэн шинжээчийн: Зүүн шилбэний шаант, тахилзуур ясны ил хугарал, зулай шилбэнд ил шарх, 2 гарын сарвуу, баруун шагай, нуруу, цээж, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлт /1хх 104-105/,

шүүгдэгч Б.М-ын согтолтыг тодорхойлсон шинжээчийн: М гэж хаягласан цусанд 2,1 промилли спирт илрэв. Цусан дахь 2,1 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлт /1хх 107-108/,

хохирогч Б.Х-ын биед хийсэн шинжээчийн: Дух ясны цөмөрсөн хугарал, духны цөмөрхийгээс гавлын өмнөд хонхорын доод хана, баруун нүдний ухархайн дээд хана, этмойд хөндийн дээд ханын олон тооны хэлтэрхийт хугарал, уг хугарлаас суурь яс, суурийн хөндий дайрсан шугаман хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, духны дэлбэн дэх тархины эдийн няцрал, духанд шарх, 2 нүдний дээд, доод зовхи, хамар хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, цээжинд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Эдгээр гэмтлүүд нь авто ослын улмаас үүсэх боломжтой. ...” гэх дүгнэлт /1хх 125-127/,

Амь хохирогч Б.Н-ийн биед хийсэн шинжээчийн дүгнэлт /1хх 150-153/,

шүүгдэгч Б.М-ын жолоодож явсан Тоёота Приус загварын 00-00 000 дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн шинжээчийн: Автомашины 4 дугуйн хэмжээс, зориулалт нь стандартын шаардлага хангахгүй байна. 4 дугуйн хэмжээс, зориулалт нь тухайн осол болсон улиралд тохирохгүй байна. Ослын үед тормосны дөрөө, аппарат шингэн агуулах сав зэрэг эд ангиудад эвдрэл үүсэж, битүүмжлэл алдагдсан тул ажиллагааг шалгах боломжгүй. Зориулалтын багаж, лабораторигүй тул эвдрэлээр хурд тогтоох боломжгүй. ...” гэх дүгнэлт /1хх 166-172/

шүүгдэгч Б.Д-ий жолоодож явсан Тоёота Харриер 00-00 000 дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн шинжээчийн дүгнэлт: Ослын үед үүссэн эвдрэл гэмтлээс шалтгаалж ажиллагааг явуулах боломжгүй байна. .. Зориулалтын багаж, лабораторигүй тул эвдрэлээр хурд тогтоох боломжгүй. ...” гэх дүгнэлт /1хх 199-207/,

тээврийн хэрэгслүүдийн мөргөлдөхийн өмнөх болон мөргөлдөх үеийг тоймлон харуулсан зураг /1хх 234/,

Шинжлэн ухаан, технологийн их сургуулийн шинжээч И.Базаррагчаа, Ж.Хашбат, Н.Мөнхзул нарын гаргасан техникийн шинжээчийн дүгнэлт: “...Тоёота Приус загварын 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.М нь Монгол Улсын Замын хөДий дүрмийн 3.7 а заалт буюу “...жолоочид.. согтууруулах ундаа ....хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг ...хориглоно.”

15.10-р заалт буюу “Жолооч зүүн гар тийшээ эргэх буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Тоёота Харриер автомашины тухайн үеийн хурдыг тодорхойлох боломжгүй. Харин явсан байж болох хамгийн бага хурдыг тодорхойллоо. Хамгийн бага хурдыг тогтоохын тулд Тоёота Харриер машин нь анх мөргөлдсөн А цэгээс ослын дараах байрлал хүртэлх 26.8 метр зайнд өнхөрсөн, Тоёота Приус загварын автомашиныг 35.4 метр зайнд хөндлөн чиглэлд гулсуулсан гэж авагдсан хэрэгт авагдсан хэргийн материалд тулгуурлан тооцоо хийв. Хурдыг тодорхойлохдоо энерги хадгалах хуулийг ашиглав.

Дээрх тооцоонд анх мөргөлдсөн А цэгт Тоёота Приус автомашин зогсож байснаар тооцсон бөгөөд 2 автомашинд үүссэн эвдрэл гэмтэлд шингээгдэх энергийг тооцоогүй юм. Тиймээс автомашины жинхэнэ хурд 68.04 км/ц-аас илүү явсан гэж үзэж байна.  Тоёота Харриер загварын 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Д нь Монгол Улсын Замын хөДий дүрмийн 12.4-р заалт буюу Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-эээс хэтрүүлэхийг хориглоно. “гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

07-07 БУЛ улсын дугаартай Тоёота Приус автомашины хурдыг тогтоох боломжгүй байна.

Тоёота Приус загварын 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.М нь Монгол Улсын Замын хөДий дүрмийн 3.7 а, 15.10-р заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байна.

Тоёота Харриер загварын 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-р заалтыг зөрчсөн нь ослоос учирч болох хохирлын хэмжээг нэмэгдүүлсэн гэж үзэж байна. ...” гэх дүгнэлт /2хх 40-43/,

Шинжлэн ухаан, технологийн их сургуулийн шинжээч И.Базаррагчаа, Ж.Хашбат, Н.Мөнхзул нарын дахин гаргасан 2024.10.16-ны өдрийн 06/04-1 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт: “...Тоёота Харриер загварын 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-р заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болохгүй. Харин ослоос учирч болох хохирлын хэмжээг нэмэгдүүлнэ.

Ослоос учирч болох хохирлын хэмжээг нэмэгдүүлсэн гэдэг нь тухайн ослын үед мөргөлдсөн 2 автомашинд үүссэн эвдрэл, гэмтлийн хэмжээг ихэсгэх, анх мөргөлдсөн А цэгээс 2 автомашины ослын дараах байрлал хүртэлх зайг уртасгах, жолооч болон зорчигчдод үүсэх гэмтлийн зэрэг ихсэхэд нөлөөлсөн байх магадлалыг нэмэгдүүлсний хамрах ойлголт юм.

Гэм бурууг шүүх тогтооно. Харин Тоёота Харриер загварын 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-р заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болохгүй.

Зөвхөн зам дээр дугуйн тоормосны гулссан мөр гарсан тохиолдолд зогсоох арга хэмжээ авсан гэж үзэхгүй.

Зогсоох арга хэмжээнд машины хурдыг багасгах, автомашины чиглэлийг өөрчлөх, зорчих хэсгээс гарах, ямар нэгэн хөдөлгөөнгүй объектыг мөргөж зогсох, хөдөлгүүрэн тоормосыг ашиглах зэрэг хамаарна. Хэмжилтийн бүдүүвч зургаас үзэхэд жолооч Б.Д нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд 2 дугаар эгнээнээс 1 дүгээр эгнээ рүү шилжин, жолооны хүрдээр автомашины чиглэлийг өөрчилсөн байгаа тул зогсоох арга хэмжээ авсан гэж үзнэ.  ...” гэх дүгнэлт /3хх 144-145/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

2. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт авагдаж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг тогтоосон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй гэж үзэв.

3. Анхан шатны шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.М-ыг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.Д-ийг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байх бөгөөд шүүгдэгч нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарласан байх ба шүүгдэгч Б.М болон түүний өмгөөлөгч Б.Намнансүрэн, Х.Даваахүү нараас гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй болно.

4. Шүүгдэгч Б.Д-ий өмгөөлөгч Д.Гомбоос “...Б.Д нь тухайн осол болох үед Тоёота Харриер маркийн машиныг жолоодож явсан бөгөөд осол болох мөчид 68 км/цагийн хурдтай явсан. ... Өөрөөр хэлбэл зөвшөөрөгдсөн хурдны дээд хязгаараас 8 км/цагаар хурд хэтрүүлсэн боловч дээрх зөрчил нь зам тээврийн осол гарах болсон шалтгаан биш. ...Б.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтэд: “...Тоёота Харриер загварын 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-р заалт буюу Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-эээс хэтрүүлэхийг хориглоно. “гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Харин дээрх заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болохгүй. Харин ослоос учирч болох хохирлын хэмжээг нэмэгдүүлнэ. “ гэж дүгнэлтэд тусгагджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн үйл баримттай харьцуулан шалтгаант холбооны хувьд дүгнэлт хийхэд Б.М /согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон/, Б.Д /хамгийн багадаа 68 км/ц-ийн хурдтай явж байсан талаар шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан/ нарын хэн алины Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийн улмаас хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон А цэгт осол гарсан байна.

Түүнчлэн, шүүгдэгч Б.Д-ий жолоодож явсан тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн урд сууж явсан гэрч М.Э мэдүүлэхдээ“...Зам тээврийн осол гарахаас өмнө миний сууж явсан Тоёота Харриер тээврийн хэрэгслийн жолооч нь 80-100 км/ц-ийн явсан байх гэж бодож байна. ...Миний хувьд өмнө нь зориулалтын тээврийн хэрэгсэлд сууж хурдтай зорчиж явж байсан бөгөөд тухайн үеийн тээврийн хэрэгслийн хурдыг баримжаагаар тийм байсан байх гэж бодож байна. ...” гэж,

мөн шүүгдэгч Б.Д: “...Би ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш явахдаа 80-90 орчим км/ц-ийн хурдтай зорчиж явсан. ...Би 100 орчим км/ц-ийн хурдтай явж байгаад машин эргэж орж ирэх үед тоормос гишгээд мөргөлдөхөөс өмнө харахад 80 км/ц-ийн хурдтай байсан. ...” гэж,

хохирогч Б.Х: “...тухайн машины жолооч /шүүгдэгч Б.Д/ их хурдтай явж, машин гүйцэт түрүүлж, талийгаач бид 2-ыг сэгсчүүлээд байхаар нь “...ямар хурдтай явдаг юм бэ, аажуухан яваач. ...” гэж хэлсэн..Ослоос өмнө нилээн хурдтай буюу ойролцоогоор 100-120 км/ц-ийн хурдтай явж байсныг тээврийн хэрэгслийн хянах самбар руу харсан. ...” гэж тус тус мэдүүлжээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Д нь тухайн осол гарах үед 68,04 км/ц-ийн хурдаас ч илүү хурдтай явж байсан нь шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч нарын мэдүүлэгт тусгагдсан байна.

Шүүгдэгч нарын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн аль ч үйлдэл зам тээврийн осол гарах шалтгаан болох үндэстэй, тийм ч учраас уг үйлдлийг хориглож хууль, захиргааны хэм хэмжээ буюу дүрмээр тогтоосон байдаг.

Замын хөдөлгөөнд оролцож буй хэн нэгэн дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчөөгүй тохиолдолд осолд тухайн хүний үйлдлийн шалтгаант холбоо тасрах бөгөөд хэн аль нь дүрэм зөрчсөнөөс гарсан ослыг шалтгаант холбооны хувьд шууд эсхүл нөлөөлөх төдий гэж үзэх боломж тун хомс байдаг, харин тухайн жолоочоос үл хамаарах нөхцөл байдлыг үүнд хамааруулж болно.

Энэ хэргийн тухайд хэн нэгэн жолооч нь дүрэм зөрчөөгүй байгаа тохиолдолд уг осол гарахгүй буюу шалтгаант холбоо тэглэгдэх нөхцөл бүрдэхээр байсан, харин хэн аль нь дүрэм зөрчсөнөөс үүдэн тэрхүү А цэгт осол гарч, шүүгдэгч Б.Д-ий тээврийн хэрэгсэлд зорчин явсан Б.Н нас барж, шүүгдэгч Б.М-ын биед хүнд гэмтэл учирсан байна.

Учир нь, жолооч Б.М нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зорчин явахдаа эсрэг урсгалд хөдөлгөөнд оролцон, үргэлжилсэн цагаан шугам давж гэмт хэрэг гарах үндсэн нөхцөлийг бий болгосон гэм буруутай болох нь тогтоогдож байгаа хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж үзвэл жолооч Б.Д-ий хувьд зорчигч суулган явж, Б.М-ыг тээврийн хэрэгслээ жолоодон эсрэг урсгалын дунд хэсэгт орчихсон байхад тээврийн хэрэгслээ зогсоох буюу тоормос гишгэн хурдаа сааруулах, тойрон гарах хугацаа, орон зай байсаар байтал ямар нэг бодит арга хэмжээ аваагүйгээс гадна замын хөдөлгөөнд оролцоход шаардагдах ердийн, зохист анхаарал хандуулсан тохиолдолд ослын нөхцөлийг урьдчилан мэдэх боломжтой байхад үүнийг мэдэлгүйгээр, хөдөлгөөнөө үргэлжлүүлэн явж байсан тул самбаа гаргаж болох цаг хугацаа байсан гэж үзэх нөхцөл байдалд хэт хайхрамжгүй байдлаар хөдөлгөөнөө үргэлжлүүлж, тухайн зам тээврийн осол гарахад гэм буруутай үйлдэл гаргасан байх тул түүний үйлдэлд хор уршиг гэм буруугүйгээр учруулсан шинж чанар үгүйсгэгдэж байна.

Иймд, шүүгдэгч Б.Д-ий өмгөөлөгч Д.Гомбоос гаргасан “...Б.Д-ийг цагаатгаж өгнө үү. ...” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ын өмгөөлөгч Х.Лхагвахүүгээс “...Анхан шатны шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлын гаргуулах боломжтой эсэх талаар шүүхийн шийдвэрт огт дурдаагүй, дүгнээгүй, Иргэний хуулийн 511.5. Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн заалтууд нь Шүүх шинжилгээний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс дагаж мөрдөхөөр заасан байх тул амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын сэтгэцэд учирсан хохирлыг “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тооцож, шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэх боломжтой байгааг анхан шатны шүүхээс дүгнээгүй. ...” гэх гомдлын хувьд;

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.

Энэхүү үүрэг нь гагцхүү гэх хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байх шаардлагатай.

Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “бусдын амь насанд” учруулсан гэм хорд ямар хохирлыг тооцох, түүнийг хэрхэн арилгах талаар мөн хуулийн 508 дугаар зүйлд тусгайлан тодорхой зохицуулсан байна.

Энэ зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зардал болон гэм хор учруулсны төлбөрийг гэм буруутай этгээд нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд гэм хор учруулсны төлбөрт ямар зардал хамаарах, түүнийг тооцох журам, төлбөр гаргуулах хугацаа зэргийг мөн зүйлийн 508.2, 508.3, 508.4 дэх хэсгүүдэд дэлгэрэнгүй байдлаар хуульчлан тогтоожээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн хорин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно.

Харин хуульд мөрдөж эхлэх хугацааг тусгайлан зохицуулсан бол тэр хугацаанаас эхлэн хуулийг дагаж мөрддөг ба хууль цаг хугацааны хувьд хуулийн хүчин чадалтай болсон тэр үеэс хойш тэдгээрт заасан зохицуулалтыг хэрэглэж эхэлнэ.

Гэхдээ хуульд тусгайлан зохицуулсан бол хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн тухайн хуулийн хэм хэмжээг уг хууль хүчин төгөлдөр болохын өмнө үүссэн харилцаа, болж өнгөрсөн үйл баримтын хувьд буцаан хэрэглэдэг билээ.

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилсан. Уг хуулийн зохицуулалтын хүрээнд Иргэний хуулийн 508 дугаар зүйлд 508.5, 511 дүгээр зүйлд 511.3, 511.4, 511.5 дахь хэсгүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. 

Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тус хуулийн сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээ хийхтэй холбогдох хэсэг болон түүнийг дагалдаж батлагдсан бусад хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг тусгайлан заасан.

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан. Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өмнөх харилцаанд үйлчлэх талаар заагаагүй.

 Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх хугацааг Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт зааснаар буюу 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш болж өнгөрсөн үйл явдал буюу үүссэн харилцаанд хэрэглэнэ.

Иймд дээрх хуулийн нэмэлт, өөрчлөлт үйлчилж эхлээгүй цаг хугацаанд буюу 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг гаргуулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.

Нэгэнт хуульд буцаан хэрэглэх нөхцөлийг тусгайлан заагаагүй учраас Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд заасан зохицуулалт нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэргийн хор уршгийг шийдвэрлэхэд үйлчлэх эрх зүйн үндэслэлгүй тул анхан шатны шүүх амь хохирогч Б.Н-ийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирол төлбөр нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхисон нь хуульд нийцсэн байна.

Иймд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ын өмгөөлөгч Х.Лхагвахүүгийн гаргасан “...Анхан шатны шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлын гаргуулах боломжтой эсэх талаар шүүхийн шийдвэрт огт дурдаагүй. ...Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн заалтууд нь Шүүх шинжилгээний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс дагаж мөрдөхөөр заасан байх тул амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын сэтгэцэд учирсан хохирлыг “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тооцож, шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэх боломжтой байгааг анхан шатны шүүхээс дүгнээгүй. ...” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нөгөө талаар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ын хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.М, Б.Д, иргэний хариуцагч Н.Б нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

6. Түүнчлэн, анхан шатны шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эсэхийг өөрсдийн дотоод итгэлээр үнэлэх замаар хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг сэргээн тогтоож, шүүгдэгч Б.М-ыг “Тээврийн хэрэгслийн жолооч хөДий аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Б.Д-ийг “Тээврийн хэрэгслийн жолооч хөДий аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, оногдуулсан ял нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдал, шударга ёсны зарчимд тус тус тохирсон байна гэж дүгнэв.

Иймд дээрх үндэслэлүүдийн хүрээнд, шүүгдэгч Б.Д-ий өмгөөлөгч Д.Гомбо, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ын өмгөөлөгч Х.Лхагвахүү нараас гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2026/ШЦТ/14 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Б.М-ын 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 93 /ерэн гурав/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2026/ШЦТ/14 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Д-ий өмгөөлөгч Д.Гомбо, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ын өмгөөлөгч Х.Лхагвахүү нарын давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мын цагдан хоригдсон 93 /ерэн гурав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Б.ЗОРИГ

 

                       ШҮҮГЧ                                                                       Г.МӨНТУЛГА

 

                       ШҮҮГЧ                                                                       Д.МӨНХӨӨ