Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2017/0000435

 

Д.Нарантуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн 101/ШШ2016/06515 дугаар шийдвэр,           

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 26-ний өдрийн 289 дүгээр магадлалтай,

Д.Нарантуяагийн нэхэмжлэлтэй,

“Эм Ди Ви” ХХК-д холбогдох,

68.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Д.Нарантуяа, өмгөөлөгч Ц.Туяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Идэрмөнх нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч Д.Нарантуяа, Ц.Туяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Идэрмөнх, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2007 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагч “Эм Ди Ви” ХХК-тай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 47/2 дугаар байрны 2 өрөө орон сууцыг авто зогсоолын хамт 41.604 ам.доллар буюу 1 м.кв талбайг 630 ам.доллараар тооцож, авахаар тохирсон юм. Талуудыг гэрээ байгуулж байх үед барилгын гүйцэтгэл 80-90 хувьтай байсан ба гэрээнд хэдийгээр 21 тоот зогсоол гэж заасан ч бидний хооронд авто зогсоол авах талаар бодит тохиролцоо байгаагүй. Энэхүү гэрээний дагуу би 2007 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 900.000 төгрөг, 10 дугаар сарын 30-ны өдөр 5.000.000 төгрөгийг тус тус гүйцэтгэгч талд төлж, 2008 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Голомт банк ХХК-тай Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, сарын 1.3 хувийн хүүтэй, 10 жилийн хугацаатай 30.000.000 төгрөгийн зээл авч, ам.долларт шилжүүлж /1173 төгрөг/, 25.132 ам.доллар буюу 29.700.000 төгрөгийг “Эм Ди Ви” ХХК-ийн санхүүд 2008 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тушаасан. Мөн 2008 оны 09 др сарын 26-ны өдөр 1.2 тонн арматур төмрийн үнэ 1.500.000 төгрөгийг гүйцэтгэгч “Эм Ди Ви” ХХК-иас авах ёстой боловч үүнийг Орон сууцны төлбөрт шууд суутгаж төлснөөс гадна Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулж 4.500.000 төгрөг, гүйцэтгэх захирал А.Байгалмаад 1.000.000 төгрөг, нийт 42.600.000 төгрөг төлсөн юм. Ингээд манайх 2008 оны 01 дүгээр сараас эхэлж орон сууцандаа амьдарсан ба үлдэгдэл төлбөрийг төлж, орон сууцны гэрчилгээг гаргуулах гэхэд А.Байгалмаа манай данс хаагдсан, чи хүлээж бай, байрны гэрчилгээг удахгүй гаргаж өгнө гэх зэргээр удаа дараа хойш тавьж байсан. Хариуцагч “Эм Ди Ви” ХХК-тай 2007 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэрээ байгуулж байхад уг компанийг Анод банк ХХК- нд өртэй, барьсан байр зээлийн барьцаанд байсан гэдгийг мэдээгүй. Гэтэл Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 990 дугаар шийдвэрээр хариуцагч “Эм Ди Ви” ХХК-иас 441.791.097 төгрөгийг гаргуулж, Анод банк ХХК-ийн эрх хүлээн авагчид өгөхөөр шийдвэрлэхэд энэ талаар олж мэдсэн. Гэхдээ тус шийдвэрт миний худалдаж авсан болон бусад захиалагч нарын орон сууцыг өр төлбөрт тооцох талаар дурьдаагүй байхад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас орон сууцыг битүүмжлэх, оршин суугч нарт мэдэгдэл өгөх зэрэг ажиллагааг явуулж эхэлсэн. Би Голомт банканд зээлээ төлсөн хэвээрээ байна. Иймд хариуцагч “Эм Ди Ви” ХХК-иас орон сууцны төлбөрт төлсөн 42.600.000 төгрөгийг буцаан нэхэмжилж байна. Хариуцагч “Эм Ди Ви” ХХК-ийн Анод банк ХХК-д төлөх ёстой өрийг барагдуулахаар миний орон сууцыг хураасан 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс хойш бид бусдын өмчлөлийн орон сууцыг хөлсөлж, нийт 5 900 031 төгрөгийн төлбөр төлж хохирсон. Иймд хариуцагч “Эм Ди Ви” ХХК-иас орон сууцны хөлсөлсний төлбөрт 5.900.000 төгрөг, банкны зээлийн төлөлтийн зөрүүнд 19.500.000 төгрөг, Барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлсөн 42.600.000 төгрөг, нийт 68.000.000 гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд Баянзүрх дүүрэг, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 47/2 дугаар байрыг барьж гүйцэтгэхдээ Анод банк ХХК-иас 320.000.000 төгрөг, ах, дүү, найз нөхдөөсөө 100.000.000 гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт татаж, барьж гүйцэтгэсэн юм. Барилгын компаниуд захиалагч нарын төлбөрөөс гадна банк болон бусад этгээдийн зээл, санхүүжилтэд тулгуурлаж барилгыг барьж гүйцэтгэдэг ба маргааны зүйл болсон байрыг Анод банк ХХК-нд 320.000.000 төгрөгийн зээлд барьцаалуулсан юм. Гэвч нэхэмжлэгч Д.Нарантуяа болон бусад захиалагч нар хугацаандаа орон сууцны төлбөрийг төлөөгүй учраас манай компанийн зээл муудаж, Анод банк ХХК-нд төлөх санхүүгийн чадваргүй болж эхэлсэн. Бидний зүгээс Д.Нарантуяагаас орон сууцны төлбөрт 42.600.000 төгрөг хүлээж авсан талаар маргахгүй, харин орон сууц хөлсөлсөн төлбөр, банкны зээлийн зөрүүг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Нэхэмжлэгч Д.Нарантуяа Барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг төлөх талаар удаа дараа ярьж байсан боловч хугацаандаа төлөөгүй учраас хүү, алданги зэргийг түүнээс шаардаж байсан, гэтэл тэрээр үүнийг үндэслэлгүй гэж тайлбарлаж байна, гэрээнд энэ талаар тодорхой заасан байгаа учраас ийнхүү нэхэмжилж байсан нь үндэслэлтэй.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 990 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа барьцаа хөрөнгөөс төлбөрийг барагдуулахаар болсон ба тухайн үед Д.Нарантуяа орон сууцны төлбөрийг төлчихсөн бол ийм зүйл болохгүй байх байсан. Анод банк ХХК-нд төлөх ёстой өрийн үлдэгдэл өнөөдрийн байдлаар 90.000.000 төгрөг байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн 101/ШШ2016/06515 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 болон 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Эм Ди Ви” ХХК-иас 54.806.653 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Нарантуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13.193.347 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Нарантуяагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 497.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Эм Ди Ви” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 431.983 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Нарантуяад олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ний өдрийн 289 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/06515 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “...54 806 653...” гэснийг “...47 756 992...” гэж “...13 193 347...” гэснийг “...20 243 008...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...431 983...” гэснийг “...396 735...” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч төлөөлөгч А.Байгалмаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432.000 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Нарантуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 289 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтын “...54.806.653...” гэснийг “...47.756.992...” гэж “...13.193.347...” гэснийг “...20.243.008” гэж өөрчилж, анхан шатны шүүхийн шийдвэрээс 7.049.661 төгрөгийг үндэслэлгүйгээр хассаныг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.

Учир нь 2007 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “Эм Ди Ви” ХХК-тай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж Баянзүрх дүүрэг, 18-р хороо, 47/2 дугаар байрны 6 давхарт 21 тоотод 2 өрөө, 65.21 м.кв байрыг нэг метр кв-ыг нь 630 ам.доллар буюу 41.604.3 ам.доллараар худалдан авахаар тохирч 42.600.00 төгрөгийг орон сууцны төлбөрт цувуулж төлсөн, орон сууц авахын тулд Голомт банкнаас 2008 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр 120 сарын хугацаатай сарын 1.3 хувийн хүүтэй 30.000.000 төгрөгийн зээл авч 29.700.000 төгрөгийг 2008 оны 01 дүгээр сарын 30-нд “Эм Ди Ви” ХХК-д төлсөн. Энэ нь төлбөр 42.600.000 төгрөгт багтаж байгаа. Д.Нарантуяа 2008 оны 1-р сард захиалгат байрандаа орсон. Гэтэл энэ байранд орохоос өмнө тухайн байрыг “Эм Ди Ви” ХХК нь Анод банкинд зээлийн барьцаанд тавьсан байсан тул Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны өдрийн 990 дугаар шийдвэрээр Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэлийн алба 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр манайхыг байрнаас албадан гаргасан. Тухайн үед байрны үлдэгдэл төлбөр 6.000.000 төгрөг дутуу байсан бөгөөд “Эм Ди Ви” ХХК нь 117.000.000 төгрөгийн зээлийн төлбөрт бидний оршин сууж байсан байрыг хураагдсанаар 2015 оны 06 дугаар сарын 24-нөөс түрээсийн байранд амьдарч давхар давхар хохирч явна. Ийнхүү түрээсийн байранд амьдарсан хугацааны төлбөр 5.900.000 төгрөг нэхэмжлэснээс анхан шатны шүүх 2.800.000 төгрөгийг хангаж, 3.100.000 төгрөгийг хасч шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх орон сууцны хөлсөнд түрээсийн төлбөрт 4.000.000 төгрөг төлсөн болох нь нотлогдож байна гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийн 2015.06.24-ны өдөр орон сууцнаас нүүлгэн гаргаснаас хойших шүүхэд нэхэмжлэл гаргасан хүртэлх хугацаанд хариуцагчаас орон сууцны үнийг авч чадаагүйн улмаас зээлийн хүү 2.334.814 төгрөг, амь нас эд хөрөнгийн даатгалын хураамж 20.359 төгрөг, нийт 2.356.992 төгрөгийг илүү төлж хохирсон гэж үзээд 7.049.661 төгрөгийг хассан нь үндэслэлгүй бөгөөд ойлгомжгүй байна. Орон сууцны зээл авч, зээлийн төлбөр төлж байтал хариуцагч байгууллагын буруутайн улмаас байраа хариуцагчийн төлбөрт хураалгаж, орон сууцгүй болж, хий төлбөр төлж явж байгаа хугацааны төлбөрийг хэн хариуцах вэ. Давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт өгөөгүй. Хууль буруу хэрэглэж хохироож байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Идэрмөнх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний давж заалдах шатны шүүхийн 2017 оны 132 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

Гомдлын үндэслэл: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Нарантуяад нөлөөллийн мэдүүлгийг танилцуулж гарын үсэг зуруулаагүй, эрх, үүрэг тайлбарласан баримтыг танилцуулж гарын үсгийг мөн зуруулаагүй нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессын алдаа гаргасан байхад Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх ...”Шүүх нэхэмжлэгч Д.Нарантуяад нөлөөллийн мэдүүлэг, эрх үүрэг тайлбарласан баримтанд гарын үсэг зуруулаагүй нь буруу боловч энэ талаар нэхэмжлэгч нь гомдол гаргаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хэмжээний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэхгүй...” гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

ИХШХШТХ-ийн 25 зүйлд болон Монгол улсын дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хэргийн оролцогчдын эрх зүйн байдлын тухай” зөвлөмжинд зааснаар “Нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулсан” баримт, “Зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нарт эрх үүргийг тайлбарласан” баримт, “Хэргийн материалтай танилцуулсан тухай” баримт, “Шүүхийн шийдвэрийг цахим санд байршуулах тухай” баримтуудад гарын үсэг зуруулан хэрэгт авна. Мөн шүүхэд нөлөөлөх нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Нөлөөллийн мэдүүлэг”-ийг тайлбарлан өмч баримтанд гарын үсэг зуруулна. Шүүх нэхэмжлэгч талыг дуудан ирүүлж эдгээр ажиллагаа бас адилхан хийнэ гэж заасан байхад шүүх нэхэмжлэгч талыг эрх үүргийг танилцуулж, гарын үсэг зуруулаагүй нь мөн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзэхээр байна.

Иймд Нийслэлийн иргэний давж заалдах шатны шүүхийн 2017 оны 132 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба үндсэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Д.Нарантуяа нь орон сууцны үнэд төлсөн 42.600.000 төгрөг, хохиролд 25.400.000 төгрөг нийт 68.000.000 төгрөгийг “Эм Ди Ви” ХХК-иас гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй маргажээ.

Зохигчдын хооронд 2007 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-гээр “Эм Ди Ви” ХХК нь Баянзүрх дүүрэг, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 47-2 дугаар байрны 1 дүгээр орцны 6 давхрын 22 тоотын 65.21 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьж гүйцэтгэх, Д.Нарантуяа 1 м.кв талбайг 630 ам.доллараар тооцож төлөхөөр тохирсон ба 42.600.000 төгрөг төлсөн нь тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

Гэрээний 3.1, 3.12 дах заалтын агуулгаас үзвэл нэхэмжлэгч орон сууц захиалж мөнгө төлөх үүргийг, хариуцагч орон сууцыг заасан хугацаанд барьж дуусган хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээжээ. Өөрөөр хэлбэл, нэг тал нь гэрээнд заасан ажил гүйцэтгэх, нөгөө тал уг ажлын үр дүнг хүлээн авахаар талууд тохиролцсон байх тул ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Энэхүү гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул талууд гэрээнд заасан үүргээ биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаварыг шаардах эрхтэй.

Хариуцагч нь орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн боловч уг орон сууц доголдолтой буюу хариуцагчийн бусадтай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан байсан, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр “Эм Ди Ви” ХХК болон Анод банкны хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд уг орон сууцыг хураан авчээ.

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл доголдолтой болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч гэрээг цуцалж, учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээ, нэхэмжлэгч гэрээнээс татгалзах болсон үндэслэлийн талаар хуульд нийцсэн дүгнэлт хийж, орон сууцны үнэд шилжүүлсэн 42.600.000 төгрөг, байр хөлсөлсөн зардалд  2.800.000 төгрөг нийт 45.400.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан зөв боловч  нэхэмжлэлийн зарим шаардлагын талаар хийсэн дүгнэлт учир дутагдалтай болжээ.

Нэхэмжлэгч өөрт учирсан хохирлыг “...байр авах зорилгоор Голомт банкнаас 30.000.000 төгрөгийг 10 жилийн хугацаатай, сарын 1.3 хувийн хүүтэй зээлсэн, ...байр хураан авснаас хойш зээл, хүү, даатгалд төлсөн 19.500.000 төгрөг гаргуулах” гэж тодорхойлжээ.

Нэхэмжлэгч байрны үнийг төлөхдөө Голомт банкнаас зээл авсан, хариуцагчаас байрны үнэд төлсөн мөнгийг буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн, энэ тохиолдолд үндсэн зээлийг хохиролд тооцох боломжгүй юм.

Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т заасан.

Давж заалдах шатны шүүх орон сууцыг чөлөөлсөн өдрөөс хойш нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны зээлийн хүү 2.334.814 төгрөг, энэ хугацааны даатгалд төлсөн 20.359 төгрөг нийт 2.356.992 төгрөгийг хохиролд тооцон, нэхэмжлэлээс 47.756.992 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 20.243.008 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцжээ.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн “...шийдвэрийг хэвээр үлдээх” тухай, хариуцагчийн “...хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах” талаар гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ний өдрийн 289 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Нарантуяа, өмгөөлөгч Ц.Туяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Идэрмөнх нарын гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 431.983 төгрөг, хариуцагчаас төлсөн 398.000 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ