Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 413

 

Л.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01  дүгээр сарын 17-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 465 дугаар магадлалтай, Л.Б-д холбогдох 1910000000256 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Очирвааний гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 1, 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 5 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тэнсэн суллагдсан, Л.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан “Хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдэх” гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Л.Б-г хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 18 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Л.Б-н цагдан хоригдсон 660 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-с 11,905,780 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Нансалмаад олгуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...660 хоног...” гэснийг “...297 хоног...” гэж өөрчилж, тогтоох хэсгийг бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч Д.Очирваань, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Адалбек нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Очирваань гаргасан гомдолдоо “Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдийг буруу тайлбарлаж, үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч оршуулгын зардлыг бүрэн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд хохирогчийн ар гэрээс чин сэтгэлээсээ уучлал гуйсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж түүнд оногдуулсан 18 жилийн хорих ялыг хөнгөрүүлсэн өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулж өгнө үү” гэсэн байна.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж хэлсэн саналдаа “Өмгөөлөгч Д.Очирвааний гаргасан гомдлыг дэмжиж байгаа” гэв.

 

Мөн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н хэлсэн саналдаа “Өмгөөлөгч Д.Очирваань гомдолдоо хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэж бичсэн байх боловч хохирлыг бүрэн төлөөгүй. Ийм байдлаар өмгөөлөгчийн ёс зүйгүйгээр худал зүйлийг гомдолдоо бичиж, улмаар дээд шүүхэд гомдлоо гаргаж байгаад гайхаж байна. Мөн хохирогчийн ар гэрээс уучлалт гуйсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа талаар дурджээ. Л.Б нь анхан шатны шүүх хуралдааны үед уучлалт гуйсан дүр эсгэсэн болохоос биш сайн дураараа уучлалт гуйгаагүйд гомдолтой хэвээр байгаа. Мөн шүүх Л.Б-с 11,905,780 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хурандаа ялыг багасгаж өгнө гэж авсан гэх яриа гарсан” гэв.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Прокуророос “шүүгдэгч Л.Б нь өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт архи ууж байсан, эрэгтэй, Ч.Б-тай маргалдан түүнийг олон удаа хутгалж, олон тооны шарх, хэвлий хөндий, чацархайн цус хуралт бүхий олон тооны гэмтлийг учруулж, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэргийг алсан” гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн  бөгөөд шүүх Эрүүгийн хуулийг тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 18 жил хорих ял шийтгэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Очирвааний гаргасан гомдлыг үндэслэн Л.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

Шүүгдэгч Л.Б нь 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 16 цаг 40 минутаас 22 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, “Буянт-Ухаа 2” хорооллын 1015 дугаар байрны 32 тоотод байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт архи ууж байсан, эрэгтэй, Ч.Б-тай маргалдан түүнийг олон удаа хутгалж, нүүр, цээж, хэвлий хөндий нэвтэрсэн шарх, дух, зүүн совхины гадна хэсэг, зүүн зулайд зулгаралт, тархины хоёр бөмбөлгийн аалзан хальс доорх цус харвалт, чацархайг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлий хөндий, чацархайн цус хуралт бүхий олон тооны гэмтлийг учруулж, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.Б-н гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Очирвааний зүгээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг төлж хор уршгийг арилгасан тул шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх агуулгатай гомдлыг гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэхдээ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна хохирол, хор уршгийг төлж арилгасан, эсвэл энэ талаар гаргасан саналыг тооцох учиртай тул гэмт хэргийн улмаас хүний амь нас онц хэрцгий байдлаар хохирсон болон гэм хор бүрэн арилах боломжгүйтэй холбоотойгоор дээрх зохицуулалтыг хэрэглэх боломж хязгаарлагдаж байна.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэгт заасан ялын дээд, эсхүл доод хэмжээний ял шийтгэхдээ үндэслэлээ зайлшгүй тайлбарлах шаардлагатай бөгөөд Л.Б-н үйлдсэн гэмт хэрэг нь арван хоёр жилээс хорин жил, эсхүл бүх насаар хорих хугацаатай тул шүүхээс түүнд оногдуулсан арван найман жилийн хорих ялыг буруутгах, тохироогүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Өөрөөр хэлбэл, Л.Б-д оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэрэгт тохирсон, энэ гэмт хэрэгт оногдуулахаар хуульд заасан хэмжээ, хязгаарт буй ял гэж үзнэ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Очирвааний гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

           1. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01  дүгээр сарын 17-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 465 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Очирвааний хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                       

                                             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                                             ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                  Б.БАТЦЭРЭН

                                                                                                                  Ч.ХОСБАЯР

                                                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН